"Гялбаа" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт
хөрвүүлсэн материалаа орууллаа.
Стелла Маккартни - Загварын
ертөнцөөс мэдрэгдэх анхил үнэр
Стелла гэх нэрийг дуудмагц амжилт, алдар нэр
гэх үгс хамт сонсогдоно. Гэхдээ үүнээс урьтаад түүний хувьд мартаж болшгүй зүйл
бол хүүхдүүдийнх нь усанд орох цаг. Нэртэй загвар зохион бүтээгч, амжилттай
эмэгтэй, басхүү гэрийн сайн эзэгтэй тэгээд дээр нь Олимпийн багийнхныг
“хувцаслагч” хатагтайтай танилцъя.
Стелла
Маккартни маш их ядарчээ, бараг л туйлдаж. Уг нь өөрийнх нь хэлдгээр түүнд гал
цогтой гэрэлтэх нүд бий. Гэхдээ хоёр хүүхэд нь өвдсөнөөс болоод тэр хоногт
таван цаг л амарч байгаа аж. Өнгөрсөн шөнө тэр бяцхан Райлидаа ноосон бүтээлэг
оёсон гэв. “Үүнийг оёж байхдаа би хичнээн сайхан зүйл хийж байгаагаа л бодож
байлаа. Гэтэл өглөө сэрэхэд охин минь хүндэрчихэж! Хэлэх ч үг олдохгүй, “Өө Райли, оёхоос
минь өмнө ингэхгүй яав даа” л гэж бодсон шүү.”
Ноттин
Хиллд сэрүүхэн хэрнээ, нүд гялбам нар тусч дотор дулаацуулах шинэ өглөө.
Маккартни Парисын “Opera Garnier”-т 2012 оны хавар, зуны коллекцоо
танилцуулаад хоёр долоо хонож буй. Басхүү түүний аав Нэнси Шевелтэй гэрлээд 10
хонож байна. Бид тэндэхийн нэгэн кофе шопт суунгаа яриа өрнүүллээ. Энэ газар
түүнд их дурсгалтай. Учир нь, дөрвөн бяцхан хүүхдийнх нь аав, тавилгын бизнес
эрхлэгч Эласдхэйр Уиллистай гэрлэхдээ баярын бялуугаа энд хийлгэж байжээ.
Өнгөрсөн
долоо хоногт тэдний гэр бүлийнхэн, бас бяцхан Рэд хаваа дагуулан Вутершир дэх
эдлэнгээ зорьсон байна. Тэнд Мадонна, Том Форд, Лив Тайлер зэрэг нөхдөөс нь
хуримын бэлгэнд өгсөн зүрхэн хэлбэрт “хуримын мод” байдаг юм. Энэхүү байшингийн
ханыг Гэри Хьюм, Трейси Эмин нарын бүтээлээр чимэглэжээ. Мөн энэ нь Эласдхейрын
цэцэрлэгт хүрээлэнгийн загварт шимтэх, Стеллагийн морь унах, хоол хийх хүслээ
биелүүлэх нэгэн газар билээ. Стелла өөрийгөө амралтын өдрүүдэд өглөө, өдөр,
оройн хоол бэлдсээр өнгөрдөг эзэгтэй гэнэ. Түүнчлэн тэрбээр гэр бүлийн Prius ээ унаад, хүнсэнд
явдаг хэрнээ тааралдсан бүхнээ аваад хоол руугаа шидчихдэг хүн биш гэдгээ
дурьдаж байлаа.
Энэ
жил тэдний гэр бүлд тохиосон нэгэн онцгой үйл явдал нь Стеллагийн 40 насны баяр
байв. Мэдээж жинхэнэ “Маккартни ёс”-оор буюу гурваас доошгүй удаа хүндэтгэлийн
зоог барих нь зүйн хэрэг. Лондоны “Apsley House”-т түүний дотны найзууд Гвинет, Кейт Хадсон,
Кейт Мосс нар ирсэн. “Wolseley” дэх хүлээн авалтанд гайхалтай хатагтай
нар уригдаж, Уэльсийн рейрбитээр /хайлсан бяслагтай үндэсний зоог/ дайлуулан, Уэстбурн
дэх “Cow”-д ханатлаа бүжжээ.
Энэ тухайгаа “Ер нь бол би найзуудтайгаа паб-д суухыг л хүсч байсан юм” хэмээн
Стелла үнэнч өнгө, нутгийн аялга хослуулан хэллээ.
Стелла
Маккартнийн дотоод ертөнцөд басхүү амжилтын ертөнцөд зочилъё. Тэрбээр 40 нас
хүрч, “Gucci”-тэй хамтран
байгуулсан өөрийн нэрийн лейбл нь 10 жилийг амжилттайгаар үдэж буй. Сүүлийн
үеийн мэдээгээр хөрөнгийнх нь хэмжээ 34,4% хүртэл өссөн гэжээ. Дэлхий даяар
Стелла Маккартнийн 23 дэлгүүр байх бөгөөд энэ онд Brompton Cross дахь 3500 м2 худалдааны
төвтэй нийлээд 3 шинэ дэлгүүр үүдээ нээлээ. Үүнээс гадна тэрбээр сургууль
төгссөнөөсөө хойш анх удаа Лондоны загварын долоо хоногт дахин давтагдашгүй
үдшийн гоёлын загвараар оролцсон юм.
Стелла
ажилдаа аль хэдийнэ гаршсан. Хамгийн хатуу шүүмжлэгчид ч түүний 2012 оны хавар,
зуны коллекц дэх “Aertex”-тэй хамтарсан
торгомсог, уран хийцтэй торон эмжээртэй хувцаснууд нь спортлог басхүү секси
төрхийг загварын ертөнцөд авчирлаа гэж дүгнэв. Гэхдээ шинийг санаачлагч байх нь
Маккартнийн брэндийг бүрэн тодорхойлж чадахгүй. Түүний бүтээсэн намирсан цув,
усан цэнхэр өнгийн сонголт, полька цэгүүд гээд энэ бүхэн загварын хандлага
төдий биш өөрсдөө харин жинхэнэ илэрхийлэл болох юм.
Стелла
Маккартни Изабел Мэрант, Фоэби Фило, Сара Бартон зэрэг өөрийн үеийн эмэгтэй
загвар зохион бүтээгчдээс хэдэн алхмын өмнө яваа. Энэ тухайгаа тэрбээр мөрөө
хавчаад “Тэгэхээр... Би бол тэмцэгч эмэгтэй. Ийм байх нь үнэхээр сэтгэл
хөдөлгөм. Ер нь эмэгтэй хүн байхуй гэдэг сонирхолтой аялал л гэсэн үг. Би энэ
аялалд ганцаараа яваа нэгэн” гэлээ.
Тэгэхээр
түүний аялалд сонирхол татах зүйл олон бий. Энэ олон ажлын хажуугаар тэр
өнгөрсөн жилийн хугацаанд “Adidas”-тай хамтран хэзээд олны анхаарлыг
татаж байдаг Олимпийг зохион байгуулагч багийнхны хувцасыг урласан билээ. Энэ
ажлынхаа хүрээнд Стелла Маккартни 2012 оны Олимпийг зохион байгуулахад гар бие
оролцож буй хүн бүрийн өмсч, зүүх том, жижиг бүхий л хэрэглэлд анхаарсан буюу
нийт 650 орчим туялзуур сэлэм, гимнастикчдын тоглолтын төдийгүй Олимпийн
хотхонд өмсөх өдөр тутмын хувцасны загварыг дэглэжээ. Ингэснээр Олимп болон
Паралимпийн багийнхны бүх хэрэглэлийг хариуцан ажилласан анхны дизайнер болоод
байна. “Дизайны ийм шийдэлд бүх хүчээ дайчлан ажиллах болсондоо би маш их
баяртай байсан” гээд тэр үсээ оролдох аж. Цаашлаад “Гэхдээ хамгийн хөгжилтэй нь
юу гээч? Эрчүүдэд зориулсан загвар гаргах. Энэ чинь миний хийдэг зүйл биш шүү
дээ. Тэр үед “Би хаашаа хардаг бил ээ? Юу хийх вэ?” гэж маш их бодсон шүү”.
Бариу
жинсэн өмдийг нөхөр Эласдхейрийнхээ дуртай сул цамцны хамт яаж тогтдог бол
гэмээр өндөр өсгийттэй хослуулж, үл мэдэгдэм нүүр будалт хийсэн нь Стеллагийн
ихэмсэг төрхийг улам тодотгох мэт. Үзэсгэлэнт бүсгүй, дэгжин залуу эр гээд тэд
үнэхээр гайхалтай хосууд санагдана. Гэхдээ Стелла “Нөхөр минь тун мэдрэмжтэй
хувцасладаг ч, энэ нь миний хувьд түүнд татагдах, түүнийг магтах тийм ч том
шалтгаан биш” гэж байв.
Тэд
анх “Browns Hotel”-д ажил хэргийн
шугамаар уулзжээ. Стелла “Chloe”-г
орхиж өөрийн нэрийн лейблээ эхлүүлж байсан бол Эласдхейр Уиллис түүнд “Wink Media” гэх шинэхэн
компанийнхээ үйлчилгээг санал болгож байлаа. “Яг үнэндээ тэр өдрөөс хойш бид
хоёр холдоогүй гэхэд болно” хэмээн
Уиллис чин сэтгэлээсээ өгүүлсэн юм. Тэд 2003 онд Бьютын аралд католик заншлаар
гэр бүл болсон. Бүх зүйл тодорхой, эргэлзсэж тээнэглэзэх зүйлгүй байсан бөгөөд
Стелла шийдсэн л бол эргэж буцах зүйлгүй хүн аж. “Би хүүхэдтэй болохыг хүссэн л
бол “Тиймээ, цаг нь болсон” гэж өөртөө хэлдэг. Харин үгүй бол “За, зүгээр дээ”
л гээд орхино” гэв.
Стелла
ээж Линдагийнхаа адилаар тийм ч сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн биш. Аливааг
хүндээр хүлээж авна ч гэж үгүй. Ядаж л тэр үсээ хэзээ ч буддаггүй. “Нэг зүйлийг
насаараа хийх нь уйтгартай шүү дээ. Яахав, давуу тал нь гэвэл...” гээд хэсэг
бодолхийлснээ тэр ямартай ч үсээ будахгүй гэдгээ хэлээд дуусгалаа. Үүнийг нь
батлах мэт, түүний гоо сайхны цүнхэнд хэдэн пагдгар хар хараандаанаас өөр зүйл
алга. “Харандаан дээрх бичиг нь бүр арилчихаж. Ээж минь нүүрээ будах бүү хэл
нүдний харандаа ч барагтаа хэрэглэдэггүй байсан юм. Нас нэмэх тоолонгоор би
түүнтэй улам л адил болоод байгаа” гэв.
Стеллагийн
дотны найз Сэм Тейлор-Вуд ч бас түүнийг тийм ч эмэгтэйлэг биш гэдгийг зөвшөөрч
байна. “Өчигдөр бид нэгэн үдэшлэгт очиход, Стелла бүх охид түүний бэлэглэсэн
цүнхний талаар шивнэлдээд байгааг гайхаад л таарсан. Бас нэг удаа Стеллагийн
төрсөн өдрөөр би хэдэн цайвар өнгийн хумсны будаг бэлэглэсэн юм. Хэд хоногийн
дараа тэр над руу залгаад “Эд нар уг нь их гоё юм. Гэхдээ би эднийг хэрэглэх
хүн мөн гэж үү?” гэсэн дээ.
Маккартни
хүүхэд төрүүлэхээс өмнө ямар байсан түүнээсээ ч гуалиг харагдах юм. Үүнийг би
Гвинетийн нөлөө гэж түүнд хэлэхийг хүсч байв. Учир нь тэд хоёул дасгалжуулагч
Трейси Андерсоны “шавь” нар билээ. Гэсэн ч тийм биш аж. “Жингийн асуудал их
хэцүү шүү. Ялангуяа стресстэй үед. Гэхдээ би дугуй унаж, бас бүжиглэх дуртай.
Өчигдөр би гүйхээр парк орсон юм. Бас хүүхдүүдтэйгээ хөлбөмбөг тоглохдоо тийм ч
их амьсгааддаггүй” гэж байлаа.
Гэрлэлт,
ээж болох, 40 настай золгох бас хосгүй амжилт. Тэр үнэхээр гайхалтай. Ухаалаг,
бие даасан, эрхэмсэг. Өсвөр насны гэнэн охин байсан дүртэй нь харьцуулахын
аргагүй. Гэхдээ тэр цаг үеэс одоо гарцаагүй үлдсэн нэг зүйл нь хувийн амьдрал
руу нь хэт халдсан асуулт тавихад өөдөөс ширтэх цэнхэр нүд.
Удам
дамжсан алдар нэр гэдэг хоёр иртэй сэлэм гэдгийг тэр хэн хүнээс илүү мэднэ.
1995 онд “Central St Marins”-ын
төгсөлтийн шоуны үеэр Кейт Мосс, Наоми Кэмпбэлл нарыг алхуулсны дараа Маккартни
овог, нэрээ дуудуулна гэхээс бие нь чичирч байв. “Ийм зүйлийн учрыг олох
амаргүй. Энэ бүхэн шинэ хаалга нээх мэт боловч, түүгээр алхан ороход бодлыг
минь хязгаарладаг” гэлээ.
Пол
Маккартни Стеллагийн ээжийг Lily буюу
Линда, би чамд хайртай /Linda, I Love You/ гэсэн нэрээр дууддаг бөгөөд гэр бүлийн
модонд ийнхүү бичигдэн үлджээ. Тиймдээ ч Стеллагийн хуримын цэцгийн сонголт “Lily” буюу хөндийн сараана
цэцэг байсан юм. Тэр Сассекс дэх хөдөөгийн байшиндаа маш их дуртай. Мэри,
Жеймс, Хитер гээд халуун бүлээрээ ердөө хоёр унтлагын өрөө, нэг угаалгын
өрөөтэй тэр байшинд тоглож өссөн нь сайхан санагддаг аж. Бас галын өрөөнийх нь
гадна ч, дотор ч хэсүүчлэх ямаануудыг тод гэгч санадаг. Гэхдээ түүний өссөн
орчин эгэл биш шүү дээ. Девид Баови, Аллен Гинсберг, Стиви Уондэр нарын
алдартнууд дурсамжийнх нь хэсэг болохын зэрэгцээ “Tommy Nutter”-ын хослол “Chloe”-гийн даашинз өмсөөд
“Universal”-ийн студи руу явдаг
үе. Мөн хамаатнуудындаа зочлохоор “East Hampton”-ий эдлэнд очдог байсан нь одоо ч
хэвээр.
Тэр
хийхийг хүссэн зүйлдээ эргэлзэж байсан удаагүй. Түүнтэй адил дөрвөн хүүхдийн
ээж, 42 настай Мэри “Стелла багаасаа л сэтгүүл эргүүлж, загвар зохион бүтээгч
болох тухайгаа төсөөлдөг байсан. Тэр 10 нас хүрээд л энэ мөрөөдлийнхөө төлөө
бүхнийг хийж эхэлсэн. Шийдэмгий байсан шүү” хэмээн өгүүлсэн. Түүнчлэн Пол болон
Линдагийн гэр бүлийн дотны найз Куинси Жонс Стеллаг 11 настайд уулзаж байснаа
дурслаа. “Тэр яг л одоогийнх шигээ байсан гэхэд болно. Дур булаам “цоохор” нүүр
нь ч хэвээр, бас маш чанга, хатуу төрхтэйн дээр ямар ухаалаг үгтэй байсан гээч.
Түүний Парисаас улаан өнгийн бэхээр бичсэн захидлыг нь санаж байна. Тэр Том
Фордтой хамтран бизнес эхлүүлж байгаагаа хэлээд “Юу гээч, Куинси, би одоо
11-тэй бяцхан охин биш!”
гэсэн байсан. Тэр цагаас хойш бид холбоотой байж, Стелла яг л миний охиноос
ялгаагүй санагдах болсон.” Мөн Лаура Бейлигийн хэлсэнчлэн “Түүнийг яаж ийм
байдгийг нь мэдэхгүй юм. Тэр хамгийн чанга, бас гайхалтай ээж. Юу ч болж байсан
“барьц алддаггүй” чанар нь бурхны илгээсэн бэлэг гэлтэй.”
Харин
Тейлор Вуд түүнийг бага зэрэг зожиг гэдгийг мэддэг аж. “Тэр угаалгын өрөөндөө
онгоцонд тухалж эсвэл орондоо орсон л бол утсаа авна гэж үгүй. Гэхдээ зочилж
ирэхдээ хэзээд ялдам бөгөөд эелдэг байж чаддаг. Нөгөөтэйгүүр их чанга эмэгтэй.
Тийм байдлыг нь хараад угаас хэнд ч
түүнийг үймүүлэх хүсэл төрөхгүй л болов уу.” Тэгвэл “PPR” группын гүйцэтгэх
захирал Франсуа Хэнри Пино гэргий Салма Хаейкийн хамт хавар зуны коллекц
танилцуулах шоуны эхний эгнээнд сууж байхдаа над руу и-мейл илгээлээ. “Би
түүнийг үргэлж л орчин үеийн эмэгтэй гэж хардаг. Загвар зохион бүтээнэ, гэр
бүлээ авч явна, бас ажил хэргээ амжилттай амжуулна. Миний бодлоор, энэ брэндийн
гол ноён нуруу нь Стеллагийн хосгүй зан чанар л байх. Тэр шинэлэг, чамин, ёс
суртахуунлаг гээд бүхий л шинж чанарыг нэгэн нэрийн дор хослуулж чаджээ. Үүнээс
гадна, бидэнд байгаа бас нэг ижил тал бол бид хоёул алдартай эцгээр овоглож,
өөр өөрийн замаар амьдарч буй нь билээ.”
Тийм
ээ, алдар нэр. Шоуны үеэр ноён Пол камерын өөдөөс баяртайгаар харахад Алекса
Чун, Твигги болон Криссигийн урдуур папарацциуд дайран Пол болон түүний
ирээдүйн гэргийн зургийг авахыг юу гэлтэй вэ. Стелла Нэнситэй холбоотой
асуудлуудад хичнээн дүргүйлхэвч, би түүнээс шаргуу асуулаа. Гэвч тэр энэ талаар
юу ч ярихыг хүсэхгүй байгаагаа хэлээд шинэ хойд ээжийнх нь нэрийг хэлэхэд л илт
дургүйцэх юм. Тэгснээ гэнэт, “Сонсооч, алдартнуудтай холбоотой зүйлс надад
утгагүй санагдаад байдаг юм. Уг нь миний амьдралыг хүрээлж байдаг зүйл л дээ.
Би ойлгоно, хүмүүсийг ч хэвлэлийнхэн “бүтээчихдэгийг” мэднэ. Гэхдээ л үнэхээр
юу гэж хэлэх учраа олдоггүй юм. Яг үнэндээ миний ажилдаа шингээхийг хүсдэг нэг
зүйл бол урласан хувцасыг минь авсан эмэгтэй өөрийгөө “од” гэж мэдрээсэй гэх
бодол. Яагаад гэвэл олны танил хүмүүсийг “од” гэвэл бусад нь ч бас “од” мөн.
Ерөөс хүн төрөлхтөн бүгд л ялгаагүй шүү дээ. Бүгдээрээ л “од!” Бас нэг зүйл нь
тэдгээр алдартнууд бусдыг татах энергигүй байсан бол өдий зэрэгт хүрч чадахгүй.
Гэхдээ миний бодлоор, хүн бүрт тийм энерги бий шүү. Гол нь түүнийгээ мэдэрч,
гаргаж чаддаггүй байх.”
Стелла
ажилдаа өөрийгөө шингээдэг гэхэд хилсдэхгүй. Түүний хувцасыг өмсвөл танд ч бас
тэр мэдрэгдэх болно. Түүний найз Лив Тайлерийн өмссөнөөр олны харааг булаах
болсон ид шидийн гэмээр Октавиа даашинз, Кейт Уинслетын полька цэгүүдтэй
загвар, Рианнагийн “Met Ball”-ийн хувцас гээд бүгдийг тэр өөрийнхөө
дотоодоос урлажээ. Яг л үнэр шиг. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүний бүтээсэн
хувцасыг улаан хивсэн дээгүүр итгэлтэйгээр өмсөн алхдаг ч, зарим тохиолдолд
алдаа байсан гэгдэх нь бий. Кейт Хадсон “Оскар”-ын шагналд нэр дэвших үедээ
Стеллагийн даашинзыг өмссөн ч маргааш нь хамгийн зохимжгүй хувцасласан зочноор
шалгарсан байжээ. Гэхдээ тэр өөртөө маш сэтгэл хангалуун байсан гэв. Учир нь
тэдний нөхөрлөлийн үнэ цэнэ нь ирэх шүүмжлэл, аливаа дутагдлаа хүлээж аваад
инээгээд л өнгөрөх сэтгэлд орших аж. Тэрчлэн Кейт “Энэ үгсийг минь тэмдэглээд
аваарай. Намайг дахиад харахад чинь би яг хэвээрээ, гэхдээ инээмсэглэл дүүрэн
алхаж байх болно” гэлээ.
Хоёр
долоо хоногийн дараа Стелла бид хоёр анх уулзсан кофе шопдоо дахин болзов.
Өнгөрсөн өдрүүдэд тэр нөхөртэйгээ Нью-Йоркийг зорьж, аавынхаа гэрлэлтийн бас
нэгэн ёсолд оролцоод иржээ. Энэ тухай дэлгэрэнгүй яриагүй бөгөөд, хүүхдүүдээ
авч яваагүй гэдгээ л хэлэв.
Буцах
замд Стелла гар утаснаасаа хувиараа шалгаж, өдрийн үлдсэн хагасыг хэрхэн
өнгөрүүлэхээ харав. Уулзалт, бас дэлгүүрийн төлөвлөлтийн хурал, дотуур хувцасны
загварын уулзалт, Нэтали Водиановагийн тоглох дараачийн сурталчилгааны кампанит
ажлын тухай гэрэл зурагчидтай ярилцах, тэгээд завсарлагагүйгээр шууд 2012 оны
намар, өвлийн коллекцоо гаргахаар студи руу явна. Тэгээд маргааш өглөө
гүйчихээд, Британийн Олимпийн Хорооны тэргүүлэгчдэд сүүлийн үеийн ажлуудаа
танилцуулна. Өнөө орой тэр гадуур хооллох аж. Уг нь орой хооллодоггүй ч, хааяа
нэг ийм тохиолдол байдаг гэнэ. “Заримдаа, хэн нэгэн текила ууж суухыг санал
болгоно. Хэсэг суугаад цаг харахад 11 болчихсон байдаг. Тэгээд л маргааш
хүүхдүүдээ хүргэж өгөхийн тулд эрт босно гэдгээ санана. Төвөгтэй юм шиг
санагдаж, хааяа ч атугай бага зэрэг тэнэг байхыг хүсдэг л дээ. Гэхдээ 50 хүрээд
дураараа амьдарч эхлэхэд болохгүй гэх зүйлгүй...”
Төсөөл
дөө, 50 настай Стелла. Түүний хаана байхыг, хэр их шинэ загвар бүтээхийг, эсвэл
хэдэн Олимпийнхныг хувцасласан байхыг, хичнээн бүсгүйгээс тэр анхилахыг хэн ч
мэдэхгүй. Харин нэг зүйлд итгэлтэй байна. Сургуулийн гүйлтээс буцаж явахад нь
уулзсан, сүлжмэл алчууртай, толгой өндийх зуургүй, бусад ээжүүдийн адил завгүй
ажиллах эмэгтэй хэвээр байна гэдэгт.
"The New York Times" сонинд Reuters агентлагийн Social Media Editor Энтони ДеРозагийн олон нийтийн сүлжээ хуудсуудын талаар товчхон ярилцлага гарсныг хөрвүүллээ.
-Юун түрүүнд, төсөөлж ч байгаагүй хүмүүстэйгээ харилцаа
үүсгэхэд тус болсон. Мөн даяар иргэн болж, дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл
авах боломж олгодог. Мэргэжлийн хувьд, өнөөдөр хийж буй ажилд минь хөтөлсөн шүү
дээ.
-Энэ хэрэглүүр бий болсноор эдийн засгийн хувьд ажлын
байр шинээр бий болсон гэж үзэж байна уу?
-Тийм ээ, томоохон компаниудад сошиаль медиаг ухаалгаар
ашиглах хэрэгцээ тулгарч байна. Ихэнх нь энэ талаар хангалттай ойлголтгүйн
дээр, хэн нэгэн хүн гарч ирээд компанид нь тусална гэж бодох юм. Миний бодлоор
ганц хүн, эсвэл баг байлаа ч нэмэргүй юм шиг. Харин компанийн хүн бүрийг татан
оролцуулж, тэднийг идэвхжүүлэх хэрэгтэй.
-Олон нийтийн сүлжээ хуудсуудаас таны анхаарлыг хамгийн
их татаж буй нь юу вэ?
-Ираны ногоон хувьсгалын үеэр Twitter нүдийг минь нээх
шиг л болсон шүү. Түүнээс хойш мэдээлэл авах, түгээх гол хэрэгсэл минь болсон. Гэхдээ сэтгүүл зүйн үйл ажиллагааны
хувьд авч буй мэдээллээ үнэн эсэхийг шалгаж мэдэх чадвартай байх нь зайлшгүй.
Зарим тохиолдолд, цаг хугацааны явцад итгэлтэй эх сурвалж болсон хүмүүс бий.
Мөн Tumblr-ийг 2007 оноос
хойш блог бичих гол талбараа болгосон. Цаашлаад Facebook байна. Хамгийн
олон хүлээн авагч, хэдэн сая хэрэглэгчийг ойшоохгүй байж яавч таарахгүй.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ бүхэн бидэнд хэрхэн
нөлөөлсөн бол.
-Хүмүүсийн энгийн хэрэглээнд хүртлээ шилжсэн байна. Авга,
нагац, аав, ээж, бүр найзын минь эмээ, өвөө ч Facebook ашигладаг.
Технологитой ойр хүмүүст л хамаатай юм шиг энэ ойлголт, одоо тийм ч сонин биш. Яг
л гар утас шиг, бидний харилцааны нэгэн хэрэгсэл болсон.
-Тэгвэл таны нэг өдрийн хэрэглээг сонирхож болох уу?
-Өдрийн турш ажил дээрээ сүлжээ хуудсууд дахь мэдээллийн
урсгалыг харна даа. Twitter
Lists-ийг ашиглаж тодорхой сэдвүүдээ онцолдог юм. Мөн Storyful-ын
тусламжтайгаар анхаарал татсан мэдээллийг баталгаажуулахын зэрэгцээ зураг,
видеог нь ч шалгадаг. Twitter,
Facebook, Tumblr аа шинэчлэх, томоохон блог нийтлэл бичих бол ScribbleLive хэрэглэх гэхчлэн
үргэлжилнэ дээ.
Alpha.mn -ий найзууддаа тусалж загвар өмсөгч Д.Оюунномин буюу Nora Dagva-тай ярилцсан юм. Сэтгэлээсээ хийгээд ухаалаг ярих Норатай уулзсаны дараа түүнээс ирэх эрчимд автах шиг болж бидэнд ямар ч саад, бэрхшээл тохиолдсон даваад гарах чадвар дотор минь бий гэж итгэх болов. Тэр тийм л эрч хүчээр барууны өрсөлдөөнт, тулаант ертөнцийг цойлж "Chanel", "Hermes"-ийн гээд бүхий л алдартай шоуны тайзнаа алхжээ. Гэхдээ түүний амжилтыг алдартны урласан хувцасыг өмсч, олны урдуур алхсанаар биш тэр бүгдээс олж авсан туршлагаас эрэх нь зүйтэй болов уу.
-Дөнгөж оролцоод ирсэн зураг авалтынхаа тухай
сонирхуулаач?
-Хөвсгөл аймагт
очиж, хадан дээр, усан дотор гээд мэргэжлийн ур чадвар их шаардсан зураг
авалтуудад оролцлоо.
-Урьд нь байгалийн
зураг авалтад оролцож байсан уу?
-Тийм ээ, гэхдээ эх
орондоо, монгол нутагтаа бол авахуулж байсангүй. Гадаадад бол бүх зүйл бэлэн,
машин тэрэг нь тоноглогдчихсон байдаг. Харин энд бол маш том сорилт байлаа
гэхэд ч болно. Энэ нь зураг авалтын багийнханд ч, миний хувьд ч гээд аль аль
талдаа сургамжтай, туршлагатай зүйл боллоо.
-Зураг авалтын хажуугаар мэдээж байгалийн сайханд аялсан
байх.
-Тэгэлгүй яахав. (Дуу алдав) Хөвсгөл далай ямар гоё цэнгэг, агаар нь хүртэл
амьсгалахад хичнээн сайхан гээч. Далайд зураг авахуулахад бага зэрэг салхитай,
хүйтэн байсан. Гэхдээ энэ аялал үнэхэр гайхалтай байлаа.
-Монголд энэ зураг авалтанд оролцохоор ирсэн үү? Өөр ажил
байв уу?
-Миний ирсэн гол
зорилго бол Хөвсгөл явах л байлаа. Яг одоогийн байдлаар нэгэн шинэ каталогийн
зураг авалтад орох гээд бэлдээд сууж байна. Долдугаар сарын 10-нд эх орондоо
ирсэн, 10 гаруй хоноод л буцаж байна даа.
-Энэ сард таныг Хонг Конгийн загварын шоунд оролцно гэж
сонссон юм байна.
-Би тавдугаар сард
Миланаас Сингапурт ирсэн юм. Тэнд нэг шоунд оролцоод ирсэн. Дараа нь Хонг Конг
дахь “Elle” сэтгүүлийн зураг авалтанд орсон. Мөн “Vidal” салоны загварын шоунд оролцсон. Сонирхолтой нь, энэ үеэр
урт үсээ тайруулж богиносгосон. Миний үс ширхэг нь нарийн учраас янзлахад
тохиромжтой гээд надад санал тавьсан юм. Гэхдээ үнийн тал дээр нэлээд
зөрөлдсөний эцэст, тохиролцоод тайруулсан даа. Хүн үсээ засуулах гэж үсчинд
мөнгө төлдөг бол, би мөнгө авч үсээ тайруулсан. (инээв)
-Нууц биш бол тохиролцоо хэд байв?
-Таван мянган
доллар байсан.
-Үсээ гэнэт өөрчлөөд ямар санагдаж байна?
-Зохихгүй байгаа юм
шиг эвгүй байсан шүү. Мөн үсний засалтаа дагаад хүний хувцаслах хэв маяг
өөрчлөгдөнө. Эхэндээ яах учраа олохгүй байсан, одоо бол тоохоо ч болилоо.
-Монголд загвар өмсч байсан тухайгаа яриач.
-Би Дархан хотод
анх “Үнсгэлжин” наадамд оролцож байсан юм. Мөн сүүлд “Гоёл” наадамд оролцох
болсон. Гэхдээ яг модель болоод байнга загвар өмсч байгаагүй. Жилдээ нэг “Гоёл”
наадамд оролцоод явдаг байсан.
-Тэгэхээр олон жилийн дараа эргээд энэ ертөнцөд ирэхэд
ямар санагдаж байна?
-Намайг явах үед
буюу 2004 оны үед олон агентлаг байгаагүй, зураг авалт өнөөдрийнх шиг хөгжөөгүй
байсан. Харин одоо бол шинэ зүйл хийх гэсэн, хүсэл тэмүүлэлтэй залуус маш их
байна. Сая Хөвсгөл явахад бүр их мэдэрлээ. Дизайнерууд гоё хувцас хийсэн,
зурагчид нь ажлаа сайн мэддэг. Мөн сүүлийн үед олон сэтгүүлүүд гардаг болсноор,
ковер зурганд ач холбогдол өгдөг, моделиудаа үнэлдэг болсон санагдлаа. Ер нь
энэ жил арваннэгдүгээр сар хүртэл Монголдоо ирэн, очин байхаар төлөвлөсөн.
-Тэр хугацаанд юу хийх вэ?
-Удахгүй “Алтай
Кашмер” компанийн шоу болно. Түүний зохион байгуулалтын талд ажиллана байх.
Итали загвар зохион бүтээгч, гадаад загвар өмсөгчид оролцсон манайдаа шинэлэг
шоу хийхээр зорьж байгаа.
-Ер нь гадаад, монгол загвар өмсөгчдийн ялгаа хэр байдаг
вэ? Мэдээж өөр, өөрийн төрөлх шинж чанараар ялгагдах нь гарцаагүй. Үүнээс гадна
ур чадвар гэхчлэн тодорхой зүйлсээр давуу болон сул талууд бий байх.
-Тийм ээ. Жишээ нь,
манайд гудамжаар явж байхад ямар нэг агентлагийн хүн ирээд өөрийг тань модель
болгоё гээд санал тавих, сарын дараа Парист ч юм уу өөр улст загвар өмсүүлэх
гэхчлэн боломж байхгүй шүү дээ. Бид үнэхээр өөрсдөө дуртай даа, өөрөөр хэлбэл
“бор зүрхээрээ” гэдэгчлэн ажилладаг. Тэгвэл гаднын орнуудад залуу охидыг маш их
сонирхож, шинээр нээж илрүүлдэг. Учир нь, загвар өмсөгч гэдэг ойлголт тэнд
утгаараа, өндөр хэмжээнд хөгжсөн. Бидний хувьд ч ур чадвараа дээшлүүлэх
бололцоо ихтэй. Шинээр гарч ирээд л туршлагатай моделиудтай өрсөлдөж эхэлдэг.
Залуу тусмаа шинэ дүр төрх гээд хүчтэй, үнэ цэнэтэй байдаг. Харин манайд энэ
байдал эсрэгээрээ шүү дээ. Заавал нэг туршлагатай, “гуншин”-тай болсноор
өрсөлдөөнд ордог.
-Модель хүний ур чадвар гэж яг юу вэ?
-Модель, түүний ур
чадвар гэдэг бол мэдрэмж шүү дээ. Хүний хүссэнийг өгнө гэдэг хэцүү. Дизайнер
хүн хувцасаараа юу илэрхийлэхийг зорьсон, түүнийг гаргана гэдэг мэдрэмжийн
асуудал. Мөн моделийн амьдрал үргэлж өрсөлдөөн дунд байдаг. Эндээс хүн маш их
зүйлд суралцна. Ямар нэг шоуны шалгаруулалт болоход 50 модель ирээд хоёр нь
шалгардаг. Нүүрэн дээр жижиг өө бий болох, багахан таргалсны төлөө хасах
гэхчлэн хэцүү. Хүн эндээс нэг удаа, хоёр удаа хасагдлаа ч, гурав дахь удаагаа
хасагдахгүй хүсэхгүй.
-Таны хувьд ямар чиглэлээр загвар өмсдөг вэ?
-Моделиудын type
буюу төрөл гэж бий. Би өндөр, туранхай учраас high
fashion талдаа тохиромжтой
гэгддэг. Мөн бэлэн хувцас түлхүү өмсдөг, учир нь би жишээ нь, бикини модель биш
шүү дээ.
-Монголд загвар өмсөөд амьдрахад хэр гэж бодож байна?
-Манайд үнэлэмж
бага учраас хэцүү. Өөрийнхөө хувьд бол, зөвхөн загвар өмсөөд амьдарна гэж бодож
ёстой чадахгүй. Харин үүний зэрэгцээ стилист хийх сонирхолтой. Мөн гадаадад
мэргэжлийн шоунд оролцож олон жил ажилласан, энэ хугацаанд багагүй зүйлийг
анзаарч, сурч авсан. Тийм болохоор шоуны зохион байгуулалт, мэргэжлийн талаас
нь санаа, оноо гаргах талаар ажиллах бодол байна.
-Монголд ирээд гудамжаар явахад залуусын хувцаслалтын
талаар ажиглав уу?
-Тийм ээ. Манайхан
үнэхээр мэдрэмжтэй хувцасладаг санагддаг шүү. Гаднын ямар ч хүмүүсээс илүү зохицуулаад,
өөрийн гэсэн илэрхийлэлтэй сонгодог юм шиг. Бас манайд том брэндүүдийн дэлгүүр,
тансаг плаза байхгүй ч, залуус заримдаа хаанаас авдаг юм болоо гэмээр гоё
хувцасыг, донжтой гэгч өмссөн байдаг. Тэгэхээр ерөөсөө сайхан хувцаслана гэдэг
үнэтэй, чамин хувцас өмсөхөд биш юуг, юутай хэрхэн тохируулж өмсөх вэ гэдгийг л
хэлээд байгаа юм.
Д.Оюунномин
Өндөр:
180 см
Үсний өнгө:
Бор
Байгалийн үзэсгэлэнг юунаас
мэдэрдэг вэ? –Сайхан үнэрээс. Уул, ус, агаарын сайханд гараад
амьсгалахад гайхалтай
Дэлхийн орнуудаар явахад юуг нь
заавал үзэх юмсан гэж боддог вэ? –Энгийн амьдралын орчин
хамгийн сонирхолтой гэж боддог. Хүмүүс хойч үедээ юм үлдээх гэж л амьдардаг юм
уу даа. Сая Грект очлоо, 4000 жилийн түүхтэй эд зүйлс, соёл байна. Өнөө,
маргаашийн гоёл зүүсгэлээс илүү нэр, утга, соёл үлдсэн нь бахдам.
Хамгийн сайхан дурсамжаасаа
хуваалцаач. – Бага байхад гэр бүлээрээ үргэлж хамт, ширээгээ тойрч
суугаад гурилтай шөлөө идээд суух үеэ дурсдаг. Одоо эгч нар маань бүгд өөр,
өөрийн ажилтай халуун ам бүлээрээ цуглах нь ховор болж дээ.
Хамгийн их шүүмжлүүлдэг зүйл юу
вэ? –Нуруун дээрээ их том шивээстэй. Сингапурт эгчийгээ
хийлгэхэд сэтгэл хөдлөөд, ямар нэг зүйл заавал шивүүлмээр санагдсан юм. Одоо
түүнээсээ болж дизайнеруудаас шүүмж сонсох нь их шүү.
Үргэлж боддог сайхан үг юу вэ? –
Олон хүн янз бүрийн л зүйл хэлнэ. Тэр бүрээс ээжийн минь үгс дотно санагдана,
надаар бахархаж байдаг нь сайхан. Мөн Фейсбүкээр хүмүүс их гоё зүйлс бичдэг.
Байнга ийш, тийшээ явах үед ганцаардана, монголоор удаан ярихгүй эвгүй.
Хэдийгээр бүгдэд нь хариулж чадахгүй ч, тийм урмын үгс уншаад сэргэх шиг
болдог.
/Зурагтай нэмэлт хэсгийг Alpha.mn-ээс үзэж болно./
Манай улсын уул уурхай, эдийн засгийн салбар дэлхий дахины анхаарлыг татахын хэрээр бидний улс төрийн амьдрал, ахуйн соёл гээд бүхий л зүйлс гаднынхны сонирхлыг нааш чиглүүлж буй. Энэ ч үүднээс энэ зун Reuters, Associated Press, BBC, L'Agence France гэхчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс төлөөлөгчид ирж сонгуулийн үйл явц, цаашлаад монгол наадмын тухай сурвалжлахаар ирсэн билээ. Миний хувьд тэдгээр сэтгүүлчтэй нүүр тулж, цөөн хоног ч гэлээ хамтран ажиллах боломж олдсон нь багагүй зүйлийг сурч, мэдэх завшаан болсон юм. Энэ ч үүднээс олж авсан багахан зүйлсээ хуваалцахаар шинэ бичлэг эхлүүллээ.
Юун түрүүнд, урьд нь бичиж байсан мультмедиа сэтгүүлчийн талаарх ойлголтоо баталгаажууллаа гэхэд болно. Учир нь, манайд өнөөдөр сэтгүүлч өөрөө сурвалжилж, дүрсээ бичиж, эвлүүлж, эхээ бэлдэнэ гэвэл бүтэшгүй мэт санагдах биз. Би ч мөн хавар энэ тухай хичээл заахдаа зөвхөн "тухай"-н төдий буюу төсөөллөөрөө шахам ярьж байв.
Тэгвэл дээр дурдсан хэвлэлээс монголд ердөө ганц сэтгүүлч ирсэн байлаа. Том камер, хөл, микрофон, лэптоп оо үүрээд бүх зүйлийг өөрөө хийх нь мультмедиа сэтгүүлч гэдгийг илтгэнэ. Гэхдээ тэдний хувьд албан ёсны нэр нь "Video Journalist" буюу Видео сэтгүүлч гэх аж. Манайд бол зураглаачтай андуурч мэдэхээр.
Дараачийн зүйл бол шуурхай байдал. Яалт ч үгүй, сэтгүүл зүйн гол шалгуур. Өдөр тутмын сонинд оройн сурвалжлагад яваад, буцах замдаа машинд бичээд, редакцид ирээд операторт өгч нүүр тавиулахаа их л шуурхай ажилласан мэтээр бодож явдаг байв. Тэгвэл тэдний хувьд гудамжинд хүнээс яриа авлаа, дор нь эвлүүлж бэлдээд, тусгай програмын тусламжтайгаар төв рүүгээ дамжуулна. Хэдэн минутын дараа хяналт хийгдэж, мэдээ вэб сайтад гарсан бай аж. Өнөөгийн завгүй, хурдтай нийгэмд шуурхай байдал гэдэг хүртэл ингэтлээ харьцангуй болжээ.
Товч бөгөөд тодорхой. Энэ ч мөн сэтгүүл зүйн үндсэн шаардлага гэдгийг бид мэднэ. Гэлээ ч энэ байдал манайхаас тэс өөр шалгууртай нь бас л суралцмаар. Телевизийн мэдээ харж байхад олны санал сэтгэгдэл, эсвэл хэн нэгний яриа урт, богино, зөв, буруу хамаагүй буюу тодорхой шүүлтүүргүй мэт санагдах нь бий. Харин тухайлбал, Reuters-ийн стандарт гэхэд нэг хүний яриа 24 секундээс хэтэрч болохгүй гэх аж. Энэ нь мэдээж ярианаас хамгийн гол хэсгийг онцлох маш няхуур ажил шаардана. Түүнчлэн нэг анзаарсан зүйл нь монголчууд бид маш ерөнхий, утгачилж ярьдаг санагдлаа. Хүмүүсийн яриаг орчуулахад "ер нь тийм, тэр хавьцаа, за даа бараг" гэхчлэн үг бүрт утга агуулахаас илүү өгүүлбэрээр багцаа утга гаргадаг аж. Хэдий утга нь ойлгомжтой ч, хадмал орчуулга хийх, цаашид агентлагаас өөр улс мэдээллийг аваад ашиглахад хүмүүсийн ярианаас тодорхой үг, санааг онцлох нь хэцүү ажлын нэг байсан юм.
Баталгаатай байх. Онолын хувьд буюу номонд бичиж, сургуульд үзсэнээр бол сэтгүүлч хүн аливаа мэдээллээ 3 эх сурвалжаас баталгаажуулсан байх ёстой гэдэг. Бодит амьдрал дээр, сэтгүүл зүйн орчинд үүн шиг "үлгэр" байхгүй. Нэг талаас сэтгүүлч олсон мэдээлэл бүртээ гурван эх сурвалж хайгаад явна гэдэг төвөгтэй биз. Тэгвэл сонгуулийн үеэр СЕХ мэдээлэл хийж, тойргийн нэр дэвшигчдийн авсан саналыг хувийг танилцуулсан билээ. Энэ үед хурд гүйцэлгүй, тэмдэглэсэн зарим тоондоо дараа нь эргэлзэж байв. Нийтлэл бичих үедээ вэб сайтаас баталгаажуулаад харъя гэхэд "Танай хэвлэлүүд бүгд ямар нэг харьяалалтай. Би итгэж чадахгүй. Албан ёсны эх сурвалжаас авах боломжгүй бол ядаж гурван өөр харьяалалтай сайтаас хараарай" гэх аж.
Тэнцвэртэй байх. Мөн л онолын зарчим. СЕХ-ийн эхний мэдэгдлээс Ардчилсан нам олонх болж чадаагүйг мэдээд тэд Монгол Улс дахин Эвслийн Засгийн Газар байгуулахаар боллоо гэж ярилцаж, нийтлэл нэвтрүүлгийг ч тэр чиглэлээр бэлдэх даалгавар ирэв. Гадуур явж ард, иргэдээс яриа авлаа. Хөгжилтэй нь, Ардчилсан нам эвсвэл МАН, МАХН алинтай эвсэх хэрэгтэй вэ? гэсэн асуулт хүмүүсээс асуухад "Ер нь эвсэхгүй байсан нь дээр" гэх аж. Хууль, дүрэм нь ийм шүү дээ, эвсэхээр аргагүй ээ гэвэл "Эвсээд хэрэггүй л дээ" гээд хариулт өгөхгүй. Ингэж явсаар МАН-тай эвсэх хэрэгтэй гэсэн хүнтэй таарч яриа авлаа. Уулзсан хэд, хэдэн хүмүүс ийм саналтай байв. Орой ч болж, хүмүүс ч сонгуулийн дөнгөж маргааш энэ талаар яриа өгөхөөс зайлсхийсэн, залхсан аястай. Би ч хэдэн хүнээс яриа авах гэж хэдэн цаг болсондоо жаахан дурамжхан. Тэгэхэд бид одоо МАХН эсвэл ИЗНН-тай эвснэ гэсэн хүн зайлшгүй олох ёстой. Нэг л талаас нь мэдээлээд өнгөрч болохгүй гээд л "гүрийнэ". Бүх л талыг тэнцүү мэдээлэх ёстой гэсэн зарчим энд л жинхэнэ шалгуур болж байлаа.
Наадмын сурвалжлагын өнцөг надад их сонирхолтой байсан. Тэд биднийг гадна талаас нь хараад, хөндлөнгөөс анзаарсан нь дохио мэт. Учир нь, монголчууд баяр, наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг ч хөдөөгөөс хотыг зорих нүүдэл, түүнийг дагасан соёлын огцом өөрчлөлт зэрэг нь "Монгол Наадам"-ыг өөрчилж байна уу, энэ үнэхээр соёлын өв, уламжлалаа хадгалах, сурталчлах гол үйл мөн үү гэх асуултууд хөврөх. Сурвалжлага бэлдэх явцдаа би мэдээж манай наадам сайхнаараа, манай уламжлал алга болохгүй гээд л багагүй маргав.
Эхний өдөр Төв аймгийн наадамд явлаа. Хөдөөгийн залуус морио хатируулан ирж, цэнгэлдэхийн ногоон талбайд бөхчүүд хүчийг үзэн барилдана. Сурын талбайд хүүхдийн харваа болж байхыг мөн үзэв. Байдаг дүр зураг.
Маргааш нь улсын наадам. Гадаад сурвалжлагчийн хэлсэнчлэн "Кока Кола", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг гадаад, дотоодын компаниудын сурталчилгаагаар дүүрэн цэнгэлдэх хүрээлэн, түүний тайз. Үндэсний хувцастай сүрлэг ёсолгооны араас "Universe Best Songs" гадаад хэлээр дуулах уралдааны ялагчдын поп дууны мэндчилгээ. Наадам ийн эхэлнэ.
Үүний дараа, манай бүх л хэвлэлийнхэн Ерөнхийлөгч болон төрийн "томчуул" сур, шагайн талбайд очих бүрийг даган сурвалжилна. Харин манай "хүн", монгол соёл судалдаг эрдэмтэн хүн хэрэгтэй байна гэв. МУИС-ийн профессор С.Дулам багшаас Наадмын тухай, ёс заншлынхаа тухай маш сайхан яриа, сурвалжлага бэлдэж авлаа. Мэдээж цэнгэлдэхээ тойроод наадах М
Монголчуудаасаа ч сэтгэгдлийг нь асууж, сонслоо.
Энэ мэтчилэн нэг ёсны соёлын арга хэмжээг үнэхээр л тэр талаас нь бэлдэн үзүүлэх аж. Манай хэвлэл харин энгийн бидэнтэйгээ төөрөөд, юу үзүүлэх, яахаа ч мэдэлгүй, осолдолгүй бөх, морио шууд дамжуулж харагдсан. Цаашид ч энэ мэт үйл явдлын үеэр юу хүргэж, юуг таниулах вэ гэдгээ бодох цаг ирснийг энэ сурвалжлага сануулсан юм.
Бэлдсэн мэдээллийн зарим нь онлайнаар хүрсний холбоосыг орууллаа.
http://www.bbc.co.uk/news/world-asia-18792209
http://www.reuters.com/article/2012/07/12/us-mongolia-festival-idUSBRE86B08M20120712
Дуулсан, мэдсэн нь багахан хэдий ч хуваалцахыг хүслээ. Хэн нэгэнд хэрэг болж юун магад.
Юун түрүүнд, урьд нь бичиж байсан мультмедиа сэтгүүлчийн талаарх ойлголтоо баталгаажууллаа гэхэд болно. Учир нь, манайд өнөөдөр сэтгүүлч өөрөө сурвалжилж, дүрсээ бичиж, эвлүүлж, эхээ бэлдэнэ гэвэл бүтэшгүй мэт санагдах биз. Би ч мөн хавар энэ тухай хичээл заахдаа зөвхөн "тухай"-н төдий буюу төсөөллөөрөө шахам ярьж байв.
Тэгвэл дээр дурдсан хэвлэлээс монголд ердөө ганц сэтгүүлч ирсэн байлаа. Том камер, хөл, микрофон, лэптоп оо үүрээд бүх зүйлийг өөрөө хийх нь мультмедиа сэтгүүлч гэдгийг илтгэнэ. Гэхдээ тэдний хувьд албан ёсны нэр нь "Video Journalist" буюу Видео сэтгүүлч гэх аж. Манайд бол зураглаачтай андуурч мэдэхээр.
Дараачийн зүйл бол шуурхай байдал. Яалт ч үгүй, сэтгүүл зүйн гол шалгуур. Өдөр тутмын сонинд оройн сурвалжлагад яваад, буцах замдаа машинд бичээд, редакцид ирээд операторт өгч нүүр тавиулахаа их л шуурхай ажилласан мэтээр бодож явдаг байв. Тэгвэл тэдний хувьд гудамжинд хүнээс яриа авлаа, дор нь эвлүүлж бэлдээд, тусгай програмын тусламжтайгаар төв рүүгээ дамжуулна. Хэдэн минутын дараа хяналт хийгдэж, мэдээ вэб сайтад гарсан бай аж. Өнөөгийн завгүй, хурдтай нийгэмд шуурхай байдал гэдэг хүртэл ингэтлээ харьцангуй болжээ.
Товч бөгөөд тодорхой. Энэ ч мөн сэтгүүл зүйн үндсэн шаардлага гэдгийг бид мэднэ. Гэлээ ч энэ байдал манайхаас тэс өөр шалгууртай нь бас л суралцмаар. Телевизийн мэдээ харж байхад олны санал сэтгэгдэл, эсвэл хэн нэгний яриа урт, богино, зөв, буруу хамаагүй буюу тодорхой шүүлтүүргүй мэт санагдах нь бий. Харин тухайлбал, Reuters-ийн стандарт гэхэд нэг хүний яриа 24 секундээс хэтэрч болохгүй гэх аж. Энэ нь мэдээж ярианаас хамгийн гол хэсгийг онцлох маш няхуур ажил шаардана. Түүнчлэн нэг анзаарсан зүйл нь монголчууд бид маш ерөнхий, утгачилж ярьдаг санагдлаа. Хүмүүсийн яриаг орчуулахад "ер нь тийм, тэр хавьцаа, за даа бараг" гэхчлэн үг бүрт утга агуулахаас илүү өгүүлбэрээр багцаа утга гаргадаг аж. Хэдий утга нь ойлгомжтой ч, хадмал орчуулга хийх, цаашид агентлагаас өөр улс мэдээллийг аваад ашиглахад хүмүүсийн ярианаас тодорхой үг, санааг онцлох нь хэцүү ажлын нэг байсан юм.
Баталгаатай байх. Онолын хувьд буюу номонд бичиж, сургуульд үзсэнээр бол сэтгүүлч хүн аливаа мэдээллээ 3 эх сурвалжаас баталгаажуулсан байх ёстой гэдэг. Бодит амьдрал дээр, сэтгүүл зүйн орчинд үүн шиг "үлгэр" байхгүй. Нэг талаас сэтгүүлч олсон мэдээлэл бүртээ гурван эх сурвалж хайгаад явна гэдэг төвөгтэй биз. Тэгвэл сонгуулийн үеэр СЕХ мэдээлэл хийж, тойргийн нэр дэвшигчдийн авсан саналыг хувийг танилцуулсан билээ. Энэ үед хурд гүйцэлгүй, тэмдэглэсэн зарим тоондоо дараа нь эргэлзэж байв. Нийтлэл бичих үедээ вэб сайтаас баталгаажуулаад харъя гэхэд "Танай хэвлэлүүд бүгд ямар нэг харьяалалтай. Би итгэж чадахгүй. Албан ёсны эх сурвалжаас авах боломжгүй бол ядаж гурван өөр харьяалалтай сайтаас хараарай" гэх аж.
Тэнцвэртэй байх. Мөн л онолын зарчим. СЕХ-ийн эхний мэдэгдлээс Ардчилсан нам олонх болж чадаагүйг мэдээд тэд Монгол Улс дахин Эвслийн Засгийн Газар байгуулахаар боллоо гэж ярилцаж, нийтлэл нэвтрүүлгийг ч тэр чиглэлээр бэлдэх даалгавар ирэв. Гадуур явж ард, иргэдээс яриа авлаа. Хөгжилтэй нь, Ардчилсан нам эвсвэл МАН, МАХН алинтай эвсэх хэрэгтэй вэ? гэсэн асуулт хүмүүсээс асуухад "Ер нь эвсэхгүй байсан нь дээр" гэх аж. Хууль, дүрэм нь ийм шүү дээ, эвсэхээр аргагүй ээ гэвэл "Эвсээд хэрэггүй л дээ" гээд хариулт өгөхгүй. Ингэж явсаар МАН-тай эвсэх хэрэгтэй гэсэн хүнтэй таарч яриа авлаа. Уулзсан хэд, хэдэн хүмүүс ийм саналтай байв. Орой ч болж, хүмүүс ч сонгуулийн дөнгөж маргааш энэ талаар яриа өгөхөөс зайлсхийсэн, залхсан аястай. Би ч хэдэн хүнээс яриа авах гэж хэдэн цаг болсондоо жаахан дурамжхан. Тэгэхэд бид одоо МАХН эсвэл ИЗНН-тай эвснэ гэсэн хүн зайлшгүй олох ёстой. Нэг л талаас нь мэдээлээд өнгөрч болохгүй гээд л "гүрийнэ". Бүх л талыг тэнцүү мэдээлэх ёстой гэсэн зарчим энд л жинхэнэ шалгуур болж байлаа.
Наадмын сурвалжлагын өнцөг надад их сонирхолтой байсан. Тэд биднийг гадна талаас нь хараад, хөндлөнгөөс анзаарсан нь дохио мэт. Учир нь, монголчууд баяр, наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг ч хөдөөгөөс хотыг зорих нүүдэл, түүнийг дагасан соёлын огцом өөрчлөлт зэрэг нь "Монгол Наадам"-ыг өөрчилж байна уу, энэ үнэхээр соёлын өв, уламжлалаа хадгалах, сурталчлах гол үйл мөн үү гэх асуултууд хөврөх. Сурвалжлага бэлдэх явцдаа би мэдээж манай наадам сайхнаараа, манай уламжлал алга болохгүй гээд л багагүй маргав.
Эхний өдөр Төв аймгийн наадамд явлаа. Хөдөөгийн залуус морио хатируулан ирж, цэнгэлдэхийн ногоон талбайд бөхчүүд хүчийг үзэн барилдана. Сурын талбайд хүүхдийн харваа болж байхыг мөн үзэв. Байдаг дүр зураг.
Маргааш нь улсын наадам. Гадаад сурвалжлагчийн хэлсэнчлэн "Кока Кола", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг гадаад, дотоодын компаниудын сурталчилгаагаар дүүрэн цэнгэлдэх хүрээлэн, түүний тайз. Үндэсний хувцастай сүрлэг ёсолгооны араас "Universe Best Songs" гадаад хэлээр дуулах уралдааны ялагчдын поп дууны мэндчилгээ. Наадам ийн эхэлнэ.
Үүний дараа, манай бүх л хэвлэлийнхэн Ерөнхийлөгч болон төрийн "томчуул" сур, шагайн талбайд очих бүрийг даган сурвалжилна. Харин манай "хүн", монгол соёл судалдаг эрдэмтэн хүн хэрэгтэй байна гэв. МУИС-ийн профессор С.Дулам багшаас Наадмын тухай, ёс заншлынхаа тухай маш сайхан яриа, сурвалжлага бэлдэж авлаа. Мэдээж цэнгэлдэхээ тойроод наадах М
Монголчуудаасаа ч сэтгэгдлийг нь асууж, сонслоо.
Энэ мэтчилэн нэг ёсны соёлын арга хэмжээг үнэхээр л тэр талаас нь бэлдэн үзүүлэх аж. Манай хэвлэл харин энгийн бидэнтэйгээ төөрөөд, юу үзүүлэх, яахаа ч мэдэлгүй, осолдолгүй бөх, морио шууд дамжуулж харагдсан. Цаашид ч энэ мэт үйл явдлын үеэр юу хүргэж, юуг таниулах вэ гэдгээ бодох цаг ирснийг энэ сурвалжлага сануулсан юм.
http://www.bbc.co.uk/news/world-asia-18792209
http://www.reuters.com/article/2012/07/12/us-mongolia-festival-idUSBRE86B08M20120712
Дуулсан, мэдсэн нь багахан хэдий ч хуваалцахыг хүслээ. Хэн нэгэнд хэрэг болж юун магад.
Бямба гаригийн үдэш Азербайжаны нийслэл Баку хотноо болсон "Евровидиние"-2012 наадамд Шведийн дуучин Лорин "Euphoria" 372 оноогоор тэргүүлсэн тухай хэвлэлийн хуудас бүрээс үзэж болно.
Харин үүнээс илүү сонирхол татсан уран бүтээлч нь тус наадмын дэд байрт шалгарсан ОХУ-ын "Бурановские Бабушки" хамтлаг байлаа. Өдгөө 70 гарсан зургаан эмэгтэй, мөн 50 нас шүргэж буй хоёр арай "залуу" гишүүнтэй тус хамтлаг ОХУ-ын бүрэлдэхүүн Удмуртия улсаас гаралтай аж. Хэдэн жилийн өмнөөс алдарт "Yesterday", "Let It Be", "Hotel California" зэрэг бүтээлийг удмурт хэлээрээ дуулснаар олонд танигдаж эхэлжээ. Түүнчлэн 2010 онд "Евровидиние"-д ОХУ-ыг төлөөлж оролцохоор эх орондоо өрсөлдсөн ч III байр эзэлсэн амжилттайгаар тайзаа орхисон байна. Харин энэ онд тэмцээнд дахин оролцож Дима Билан, Юлия Волкова /"Тату" хамтлагийн гишүүн/ нарыг ардаа орхин Европын 42 орны уран бүтээлчтэй өрсөлдөх эрхээ авчээ.
Эл шагналаа гардсан мөчөөс эхлэн "тосгоны эмээ" нарын амьдралын хэмнэл тэс өөр болжээ. "Евровидиние"-гийн тайзнаа үзүүлэх тэдний номерт орос орон даяар санаа тавьж, Москвагийн урлагийн сургуулийн багш нар өдөр бүр 2 цагийн дууны хичээл зааж эхлэв. Мөн тайзан дээр биеэ хэрхэн авч явах, бүжиглэх эвслийг нь нэмэгдүүлэх гээд олон ажил ундарчээ. Түүнчлэн Европын наадмын тайзнаа зөвхөн дуулж, хуурдаад зогсохгүй Оросын уламжлалт, соёлыг таниулах нь тэдний гол зорилго байв.
Хэдий том алхахаар зэхэж буй ч тэд тэд Буруновын эмэгтэйчүүд хэвээр байсан юм. Бэлтгэлээ тараад фермдээ ажиллаж, басхүү гэрийн эзэгтэй нар болно. "Бид тосгоны эмэгтэйчүүд гэхэд ер бусын хүмүүс шүү. Уран бүтээл туурвина. Бас ямаа хариулж, өндөг хураана" хэмээн хамтлагийн гишүүн Галина Конев бахархалтайгаар өгүүлж байв.
Тэдний хамгийн үнэнч шүтэн бишрэгчид нь мэдээж тосгоны ахан дүүс нь. Бакуг зориод ялалтын "туг"-тай ирнэ гэдэгт нь эргэлзэлгүй хүлээж байжээ. Харамсалтай нь, "Буруновские Бабушки" нар тэргүүн байрын цом гардаж чадсангүй. Гэхдээ дэд байр эзэлж, дэлхий дахины анхаарлыг нэгэн өвөрмөц өнгө төрхөөр татаж чадлаа. Түүнчлэн цаашид уран бүтээлээс олох аливаа орлогоо төрөлх
суурин Бурановодоо шинэ сүм байгуулахад хуримтлуулна гэдгээ мэдэгдсэн нь тэдний төлөөх уухайд улам илүү хүч нэмсэн юм.