Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
     Улс орон бүрийн дуу хөгжмийн эгшиг, хөг бүр нь өөрийн онцлогийг шингээсэн гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас, би янз бүрийн дуу сонсож тэдний соёлтой бага ч атугай танилцах дуртай. Харин найзууд минь намайг Непал дуу сонслоо гэж шоолоод, "Чи нэг л өдөр Афганистан дуу сонсч байна гэх вий, харамсалтай нь тэд дайн, байлдаан аа хийгээд юун дуулах" гэж цаашлуулсан удаатай. Гэтэл андууд минь үгүй байна аа. Афганистан залуус нэгдэж, урам зоригтойгоор "Kabul Dreams" гэсэн амьд хөгжмийн хамтлаг байгуулжээ. Бүр инди рок урсгалынх шүү. Их Британи, Америк биш Афганистанууд инди дуулж байна.
   Тэд BBC-д өгсөн ярилцлагадаа "Афганистанд олон төрлийн үндэстэн, харилцан адилгүй хэлээр харилцаж, өөр өөр соёлтойгоор аж төрдөг. Гэсэн ч бид нэг улс. Тиймээс дэлхий дахинд бид хамтдаа бүхнийг хийж чадна гэсэн санааг хүргэхийг зорьсон" гэв. "Кабул Дримс" хамтлагийн гишүүд ч узбек, пуштун, тажик гаралтай залуус юм байна. Тэд өөр, өөр хэлээр ярьдаг тул уран бүтээлээ англи хэлээр туурвихаар шийджээ. Мөн энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлээр дэлхий нийтэд өөрсдийгөө таниулах нэгэн алхам гэдгийг ч онцолж байв. Саяхан өмнөд азийн орнуудын хөгжмийн наадамд амжилттай оролцсон тэд улсынхаа анхны амьд хөгжмийн хамтлагаар түүхийн хуудсанд бичигдэх болсон аж.
    Ингээд "Кабул Дримс"-ийн уран бүтээл "Sound of Peace and Love". Тэдний анхны цомог удахгүй гарах юм билээ. Надад "Take me away" дуу нь илүү таалагдсан.

   Монголын телевизүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Алтан шонхор" наадам баярын өдрүүдэд суваг бүрээр гарав. Өмнөх жилүүдэд уг үйл ажиллагааг 12 дугаар сарын 31-нд бүх сувгаар зэрэг цацаж, үзэгчдийг хүчирхийлдэг байсан тэд энэ жил арай томоожиж оргил цагаас холуур тойрсонд баярлах нь зүйтэй байх.
   "Алтан шонхор" цом энэ удаад өнгө, зүсээ засч 17 шилдгүүдийн гарт хүрсэн юм. Шагнал хүртсэн хүмүүсийн өмнөөс баяртай байх ч, зарим нэгд нь эргэлзэх сэтгэгдэл төрж байв. Ер нь энэ шагналыг "эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйн" зарчмаар гишүүддээ хуваагаад өгчихдөг юм шиг санагдсан. Тухайлбал, ТВ8 телевизийн "Монстер" реалити шоу энэ төрөлд тэргүүлсэнд гайхаж байна. Уг нь "UBS" телевизийн "Universe Best Songs" нэвтрүүлэг яах аргагүй манайд явуулж буй хамгийн шилдэг реалити шоу шүү дээ. Харин тэд "Шилдэг хөгжмийн хөтөлбөр"-өөр шалгарсан байналээ. Миний бодлоор, дээрх төрөлд шилдэг хөгмийн мэдээллийн хөтөлбөрийг шалгаруулах нь зөв болов уу. Ийм хөтөлбөрийн хамгийн шилдгээр "M-Galaxy" студи бэлтгэн С1 телевизээр хүрдэг хөтлөгч Өөдөөгийн "Music9"-ийг нэрлэж болно. Тэд манай хөгжмийн ертөнцөд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэж, уран бүтээлчидтэй уулзуулдгаас гадна нэвтрүүлгийн хийц нь тун сонирхолтой байдаг.
 
  Хүйтэн өвлийн жавар хацар улайсган хайрахад би дургүй л дээ. Гэхдээ тэр нэг жилийн жавартай үдэш би хорвоод мэндэлсэн тул өвлийн улирлыг гуниг, баяр хослуулан хүлээдэг юм. Харин энэ жилийн хувьд өвлийг хүлээх бас нэг шалтгаан надад байлаа. "Щелкунчик" буюу "Цөмөөхэй" бүжгэн жүжиг жил бүрийн арванхоёрдугаар сард тоглодгийг үзэхээр хоног тоолсон минь тэр.
   Хүсэл минь биелж, өчигдөр ДБЭТ-т жүжиг эхлэх цагтай уралдан очив. Танхим дүүрэн багачуул, тэднийгээ баярлуулах гэсэн эцэг, эхчүүл энд, тэндгүй харагдана. Удалгүй гэрэл бүдгэрч, жүжиг эхлэв. Хофманы үлгэрт гардагчлан ордонд сүлд модны наадам эхэлж, зочид ирнэ. Хэдэн хормын дараа хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээ авчирж баяр дээр баяр нэмлээ. Энэ үед тайз ер бусын гоёмсог хийгээд, чимэглэн зассан гацуур модоо тойрон бүжих жүжигчид ч гайхалтай харагдаж байв. Миний хувьд, ингэхэд л шинэ жилийн баяр сэтгэлийг минь догдлуулах шиг санагдав. Зул сарын үдэшлэгийн бяцхан зочдын нүд нь гэрэлтэх шиг, тэдний жүжиглэлт урамтай байлаа. Тэд ДБЭТ-ийн дэргэдэх балетын сургуулийн сурагчид аж. Ирээдүйд ханхүү, гүнжийн дүрийг амилуулж уран гоёор бүжих аг, эгч нар шигээ болох оргилуун хүсэл нь энэ тайзанд биеллээ олох мэт.
    Одоогоос 28 жилийн тэртээх Шинэ жилийн баяраар манай театрт тэдгээр ах, эгч нар "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг толилуулж байжээ. Харин хамгийн анх П.И.Чайковскийн эл бүтээлийг 1892 онд Петербургийн Мариинскийн театрт тогложээ. Түүнээс хойш орос төдийгүй европ, америкт Зул сар, Шинэ жилийн баяраар Маша, Цөмөөхэй хоёрын үлгэрт шимтэх багачуул олширсон гэдэг.
    Харин манай багачуул Хофманы үлгэр, хүүхэлдэйн киног үзэхээс театрт тоглох бүжгэн жүжигт автах нь бага мэт. Танхимд хоорондоо чанга дуугаар ярилцаж, нааш цааш гүйлдэх тэдний байдлаас үүнийг анзаарч болно. Зохион байгуулагчид хэдий чимээгүй байхыг хүсэвч өөр, зуураа хөөрөлдөх эцэг, эхчүүд ч үүнийг үл тоох нь харамсалтай. Тэд хүүхдээ багаас нь их урлагтай танилцуулж буй ч, өөрсдөө түүнийг хэрхэн хүлээн авахад нь үлгэрлэж чадахгүй байгаа нь тоогүй. Жүжиг эхлэхээс дуусах хүртэл танхим нам гүм болсон удаагүйг бодохоор удтал хүлээсэн хүсэл минь биелсэн ч нэг л сэтгэл дундуур. Урьд нь ч "Хунт нуур"-ын тоглолтыг иймэрхүү тухгүй байдалтай үзсэн. Гэхдээ энэ өдөр арай гайгүй болов уу гэтэл яг хэвээр.
   Тэгвэл ирэх сард "Хунт нуур" дахин тоглогдох юм билээ. Мөн "Жизель". Тэгээд бас гуравдугаар сард "Нойрссон гүнж"-ийн сэрэхийг хүлээх үлдлээ. Тэр өдрүүдэд бяцхан үзэгчид минь томоожиж, өмнөх ажил минь сийрэг байгаасай гэж хүсье дээ.

            Энэ долоо хоногоос эхлэн өнгөрсөн зун, намрын турш үзэгч, залуусыг хүлээлгэсэн “Mondolia’s Best Dance Crew” уралдаант нэвтрүүлэг МҮОНТ-ээр цацагдаж эхэллээ. “Street Dance” буюу чөлөөт, гудамжны гэгдэх бүжгийн төрлийг олон нийтэд таниулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, хүүхэд залуусын урлаг соёлын мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой энэ нэвтрүүлэг нийт 36 дугаар гарах аж.
            Уг нэвтрүүлэг нэрнээсээ эхлээд америкийн “
America’s Best Dance Crew” уралдааны монгол хувилбар болох нь тодорхой. Гэхдээ нэг гэрт хэрэлдэж, маргах үр бүтээлгүй залуус, гадаад гоо сайхныг дөвийлгөн, сурталчлах мисс охидын реалити шоунаас илүүтэй хүүхэд, залуусын авьяас, чадварыг сорьж, эвсэг, хөдөлмөрч байдалд нэгтгэн уриалах нь монголын телевизийн шоу нэвтрүүлгүүдэд нэгэн шинэ хандлагыг гаргаж байна. Түүнчлэн сүүлийн үед телевиз бүр өөрийн нэрийн хуудас болсон шилдэг дуучдыг шалгаруулах “Universe Best Songs”, шилдэг хөгжимчин, уран бүтээлчдийг тодоруулах “Coke’n Beat”, амьд хөгжмийн “Monsters” гээд олон төрлийн нэвтрүүлэг хийх болсон. Тэгвэл МҮОНТ ч энэ өрсөлдөөнөөс хоцролгүй, үзэгчдийн анхаарлыг татахаар шинийг эрэлхийлсэн нь сайн хэрэг.
       Өнгөрсөн сарын эхээр кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон "Life as we know it" (Бидний мэдэх амьдрал) киног сонирхлоо. Цөөнгүй кино зохиол бичсэн ч, олны танил хараахан болоогүй найруулагч Грег Берлантийн уг бүтээлд "Трансформерс" киногоороо үзэгчдийн хайрыг татах болсон, Холливудын сайхан залуусын нэг Жош Дюамель тогложээ. Тэрбээр хэдий энэ төрлийн киногоор олонд танигдсан ч, "The Romantics", "When In Rome" зэрэг "хөнгөн" кинонд хөнгөмсөг залуугийн дүрд ч тоглосон удаатай. Тэгвэл энэ удаад ч "Бидний мэдэх амьдрал"-ын гол дүр, спорт нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Мессерийн дүрд тогложээ. Харин түүнтэй хамтран тоглож, Холли Беренсоныг дэлгэцэнд амилуулсан хүн нь жүжигчин Кэтрин Хейгл. Алдарт "Grey's Anatomy" телевизийн цувралд тоглосноор амжилтын гараагаа эхэлсэн тэрбээр "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшиж, амеркийн телевизийн нэр хүндтэй шагнал "Эмми"-г хүртэж байсан билээ.   

    Одоогоос 10 гаруй жилийн өмнө цахим ертөнцөд нэгэн шинэ ойлголт бий болсон нь өдгөө миний бас бидний дурлаад буй блог билээ. Энд хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлж, сэтгүүлчид бүтээлээ нийтлэн, залуус үзэл бодол, мэдлэг мэдээллээ хуваалцах гээд олон хэлбэрээр ашиглаж буй. Чухамдаа, хүмүүс блогоор дамжуулан олон нийттэй санаа бодлоо хуваалцаж, эргэн ярилцах нь хамгийн гол зүйл болов уу. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд идэвхтэй блог хөтлөгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа.
   Манай залуус ч мөн энэ шинэ ололтоос хоцролгүй кино, урлаг, техник, технологи тэр ч бүү хэл шинжлэх ухааны сэдэвт блог хөтлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Цахим орчинд олон нийтийн сүлжээ хуудсууд болох блог төдийгүй facebook, twitter /микроблог/-ээр дамжин бидний кибер ертөнц өргөжин, тэлж мэдээлэл хүлээн авах, түгээх үйл явц ч түргэсэж байгаа нь хурд, мэдээлэл шаардсан орчин үеийн нийгэмд зайлшгүй чухал зүйл юм.
  Энэ байдлыг анзаарч, блогийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, шилдэг блогчдыг шалгаруулах зорилгоор The New Media Marketing Agency-гаас зохион байгуулж буй "Монгол Блогчид 2010" үйл ажиллагаа тун зүйтэй санагдлаа. Энэ нь хувь хүмүүст ашиг тустайгаас гадна иргэний сэтгүүл зүйн шинэлэг, хүчтэй хэлбэр болохын хувьд мэдээллийн технологийн салбарт ч тустай алхам билээ. Дэлхийн хэмжээнд олны анхаарлыг татсан Ираны сонгуулийн явцад тус улсын зүгээс гадаад ертөнцтэй харилцах холбоогоо тасалсан. Харин энэ үед микроблог хэрэглэгчид болж буй үйл явдлыг түргэн шуурхай мэдээлж байсан нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болсон. Түүнчлэн бизнесийн салбарт ч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ блогийг анзаарч ажиллах нь чухал байдаг. Тухайлбал, блог хөтлөгчдийн 34% нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал, сэтгэгдлээ нийтэлдэг гэсэн судалгааны дүн бий.
   Харин блогийн ач холбогдолд сөрөг байрнаас хандагчид блогчдыг эх хэлээ үгүй хийж байна гэж зэмлэн, буруутгах нь их. Миний бодлоор, ихэвчлэн өдрийн тэмдэглэл эсвэл чөлөөт хэлбэрээр хувийн блог хөтлөгчид "ярианы" хэлээр бичдэг нь ийм ойлголт төрүүлдэг байх. Харин мэргэжлийн, олон нийтэд хандсан блогчид зөв бичгийн дүрмээ баримталж, бичгийн хэлээр гайхалтай сайн бичдэгт нь бахархдаг. Нөгөө талаас бусад хэлэнд ч бичгийн энгийн буюу албан бус харилцаанд үг товчлох, ярианы хэлбэрээр бичих зэрэг нь байдгийг санууштай.
   Түүнчлэн блогчид интернэтийн соёлтой хэрэглээнд хамгаас илүү үлгэр дууриал болдог мэт. Учир нь цахим хуудсууд дахь мэдээллэлд үлдээсэн сэтгэгдлийг уншвал хэн нэгнийг доромжлон, гутаасан өнгө аястай сөрөг сэтгэгдэл дийлэнх хувийг эзэлдэг. Харин блогчид үзэл, бодлоо чөлөөтэй солилцож, санал сэтгэгдлээ боловсон илэрхийлж, анд нөхөд бололцдог нь таатай.
   Иймд би байгаагаа мэдэрч бодож, сэтгэх бүртээ компьютерийн товчлуураа товшин, дэлгэцээ ширтдэг болсон минь дурлалаас өөр юу байх билээ. Надтай адил блогт дурласан зуу, зуун андууддаа хэлэхэд мэдлэг, мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоороо шинэ санаа, урам зориг хайрладагт тань баярлалаа.

"Монголын Блогчид 2010" дээр уулзацгаая

       Ажил ундарсан 7 хоног ард хоцорч, амралтын өдрийн өглөө эртлэн босч "Өргөө" кино театрыг зорьлоо. Театрт ирсэн гаднын кино бүрийг хамгийн түрүүнд үздэг ММF клубын гишүүд энэ удаад өөрийн орны уран бүтээлчдийн шинэ бүтээл "Помогите нам-2" киног театрын хуваарьт тавигдаагүй байхад буюу "хуваарьгүй үзвэр"-ээр сонирхсон юм.  Монгол киног олон нийтэд хүрэхээс өмнө үзэж уран бүтээлчидтэй санал, сэтгэгдэл солилцон, алдаа мадаг, ололт амжилтыг ярилцдаг болох нь MMF-ийн цаашдын үйл ажиллагааны нэгэн хэсэг билээ. Тэгвэл энэ ажил биеллээ олж, анхны скрининг хийх боломж олгосон клуын тэргүүн Болдоо, "Өргөө" кино театр болон "Помогите нам" киноны уран бүтээлчдэд баярлалаа.
     Киног "эхлүүлж" L-Guards хамтлагийн сонсголонтой дуу эгшиглэсэнтэй адил эл бяцхан бичлэгээ киноны хөгжмийн тухайгаар эхэлье. Ая зохиогч Аранзаа "Помогите нам" кинонд ажилласан нь тун сайн болсон төдийгүй киноны эхлэл хэсгийн ая маш их таалагдсан. Мөн киноны тодорхой хэсгүүдэд харуулах гэсэн санаануудыг хөгжим нь улам тодруулан, баяжуулж байв.
    Харин киноны үндсэн санаа нь хэт ерөнхий байлаа. Дэлгэрүүлбэл, жүжигчин Амбийгийн хэлснээр киноны эхний ангид 90-ээд оны ганзагын наймаачдын хэцүү, бэрхийг хэрхэн туулж байсан тухай харуулахыг зорьсон бол хоёрдугаар ангидаа тэд өнөөдөр хэн болсон, өнөөгийн нийгэмд хэрхэн аж төрж буйг үзүүлэхийг хичээсэн гэлээ. Тэгвэл киноны эхэнд "галт тэрэг салгадаг" нөхөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, "галт тэрэг дээрэмддэг" нөхөр "чинээлэг, босс" болсон байв. Тэд олон жилийн дараа онгоцонд тааралдсан ч, сэтгэлээр унасан ахмад нисгэгч, "төөрсөн" шонхорын гайгаар "Мөнгөн хөлөг" нь осолдож элсэн цөлд гээгдэв. Эндээс киноны гол үйл явдал хөгжилтэйгээр өрнөж эхэлнэ. Гэхдээ киног бүтээгчдийн үзүүлэхийг зорьсон гэх нийгмийн байдал, гол дүрүүд өдгөө хэрхэн аж төрж буй нь элсэн цөл дэх адал явдлаас мэдээж харагдсангүй. Сайнаар харвал, алтанд хорхойсон өөдгүй зан гаргах тэдний авираас одоо цагийн олонхийн шунаг сэтгэлийг ажиж болох юм. Миний бодлоор, кино зохиолд зорилгоо зөв тодорхойлсон ч, бичихдээ түүнээсээ гажжээ. Ер нь киноны эхэнд жүжигчин Амбийгийн хэлснийг сонсоогүй бол "Помогите нам 2"-ын гол санааг тодорхой ойлгох байсан гэдэгтээ эргэлзэж байна.
   Иймд киног амилуулсан зүйл бол яах аргагүй мэргэжлийн жүжигчдийн баг. Бидний сайн мэдэх "Хэцүү анги" киноны найруулагчаар ажиллаж, дэлгэцийн олон бүтээлд чадварлаг тоглосон жүжигчин Б.Навчаа болон Д.Батсүх, Ц.Батхуяг /Амбий/, Ш.Доржсүрэн /Доёо/, С.Лхагвасүрэн нарын хошин урлагийн жүжигчид инээдмийн төрлийн кинонд гаргууд байх нь гарцаагүй. Мөн сүүлийн үед манай уран бүтээлчид олны танил ноёд, хатагтай нарын "царайгаар" маркетинг хийх нь олширсон. "Помогите нам 2" ч загвар өмсөгч Э.Сэлэнгэ, Ч.Туяацэцэг нарын "дүрийг" кинондоо ашигласан ч, киногоо сурталчлахдаа үүгээрээ олны анхаарлыг татаж чадсангүй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр уйтгартай, ижил гарчигтай мэдээ төдийхөн "хөвөрч" байгаагаас өөрөөр маркетинг хийхгүй байгаа нь харамсалтай.
  Киноны хийцийн хувьд тун дажгүй байлаа. "Мөнгөн хөлөг"-ийг сайн тохижуулсан нь үзэгчдэд үнэхээр онгоцонд зураг авсан мэт сэтгэгдэл төрүүлж чадах байх. Түүнчлэн шонхортой мөргөлдөх, онгоц дэлбэрэх, элс сорох гээд олон хэсгийг компьютер график ашигласан нь бага зэрэг хиймэл ч, урьдны бүтээлүүдээс илүү дэвшилтэт, сайн болсныг дурьдах нь зүйтэй. Мөн сайн, мууг хэлж мэдэхгүй ч зураг авалтанд "bokeh" буюу дэвсгэрийг бүрэлзүүлэн, гол объектийг тодруулах аргыг их ашигласан нь анзаарагдсан.
   Төгсгөлд нь хэлэхэд "Помогите нам 2"-д ч кино реклам байсан. Санавал юу ч үгүй элсэн цөлд гэнэт хэд хэдэн саваар гарч ирдэг цэвэр ус бий. Уг нь үзэгчдийг залхаахыг хүсээгүй байх л даа, гэхдээ нэгэнт product placement хийсэн бол тэр нь ямар нэг аргаар үзэгчид сэтгэгдэл үлдээсэн байх ёстой. Харин миний хувьд гэхэд л би нэрийг нь санахгүй байна. Тэгэхээр цэвэр усаа сурталчилсан компанийн мөнгө дэмий урсчихаагүй байгаа? Мөн онгоцонд хүмүүс нэг сэтгүүлийг "жигтэйхэн" унших нь харагдсан. Тухайн үед "Гоодаль" уу гэж бодтол, кино дуусахад "Хамтран ажилласан: Uptown" гэж гарналээ.
   "Хуваарьгүй үзвэр"-ийн төгсгөлд бидний хэдэн фанатууд кинонд үнэлгээ өгсөн юм. Миний зүгээс 7/10 гэв.

P.S: "Halloween" угтаж инээдмийн кино үзэх сонирхолтой байлаа.