Түүхийн хүрдийг биеэр эргүүлэв
Нэг үе үдэш бүр цэнхэр дэлгэцээр "25 дугаар суваг"-тай хамт дэлхий ертөнцөөр аялдаг байлаа. Тэр цагаас хойш дэлхийн улс орноор яг тэдэн шиг үүргэвч үүрээд, гараараа "хэл" хийж гадаад ертөнцтэй танилцах хүсэлтэй болсон доо. Уг нь миний хувьд, өрнөдөд төрж, хойд, урд хөршдөө хөл тавьсан ч, тэр үед хараахан "ухаан орж", чухам юуг ажиглаж, юуг олж авахаа мэддэггүй байсан бололтой. Тэгээд ч эдгээр нь улс орноорх аялал гэхээс илүүтэй гэр бүлийн хүрээний "айлчлал" байсан бололтой.
Харин энэ удаад жинхэнэ утгаар үүргэвчтэй аялал хийхээр шийдэж Турк орныг зорихоор боллоо. Мэдээж монголчууд бид Бээжин, Сөүл, Москван аль нэгээр дамжин хөрстийн нөгөө хэсэгт хүрдэг тул би Москвагаар дамжин Стамбул орно. Нар мандах үүрийн гэгээнд, эх нутгийн зөөлөн салхиар үдүүлэн 6 цагийн турш нисч "орос ах"-ынд хүрсэн ч, тэнд Стамбулын онгоц нисэхийг 15 цаг хүлээх байлаа. Энд Набоковын "Лолита" бүсгүйтэй хэдий "хөөрөлдөвч" цагийн зүү нэг л урагшлахгүй, өдрийн урт өнгөрч өгсөнгүй. Хагас цаг болмогц буурь сэлгэн, өөр газар очиж сууна. Ийнхүү өчигдөр өөд болсон хүнд хичнээн хүсэвч дахин ирэхгүй нэг өдрийг би дэмий сэлгүүцэн өнгөрөөлөө.
/Хэдэн жилийн өмнө дан төмөр байсан Шерметевийн сандал одоо нэг юм зөөлөвчтэй болсон байна лээ. :-) / |
Арай гэж онгоцонд суух цаг болсон ч "Аэрофлот" сурсан зангаа гарган цаг гаруй хоцорч дахиад л намайг төдийгүй зорчигчдийг хүлээлгэв. Цааш 2 цаг гаруй нисээд зорьсон газарт хүрлээ. Турк улсын урьдны нийслэл, Визант, Константинополийн түүхийг хадгалагч Стамбул хотод газардлаа. Ингээд ирлээ гэж бодтол Паспортын хэсэгт шалгагч паспорт руу минь заагаад "Виза" хэмээн ширүүн харц шидлэв. Заримдаа монголчуудаас ингэж асуух тохиолдол байдаг гэдгийг сонсч байсан тул "Би Монголын иргэн. Танай Элчин Сайд хэлэхдээ Монголчууд танай улсад 30 хоногийн дотор чөлөөтэй зорчиж болно гэсэн. Би Туркт 13 хоног аялаад буцна" гээд тасалбараа гаргаж үзүүлтэл, нүдээ эргэлдүүлэн харж байснаа "come" гэв.
Очих газарт хүртэл 20 гаруй цаг "аялсны" эцэст халуун, чийгтэй Стамбул хотод хөл тавьлаа. Шөнийн 2 цаг болж байсан тул шууд зочид буудлын зүг явав. Бид "Лалэли" гэх эл хотод төдийгүй, Европт алдартай арилжааны гудамжинд байрлана. Амралтын өдөр тул нам гүм байх ч, ажлын өдөр бол үүр цайхаас эхлээд үдэш хэдий хүртэл бужигнадагийг нь ч мэдэх хүнгүй.
Маргааш нь өглөө эртлэн бослоо. Зочид буудлын өглөөний хоол бидний ярьдгаар "швед" маягийн буюу өөрөө өөртөө үйлчлэх зохион байгуулалттай юм. Энэ үед нэгэн бүсгүйтэй танилцсан минь уг буудлын эзэн Эминэ байсан юм. Нэрийг нь сайн сонсож чадалгүй дахиж асуутал "Эминемийг бүх хүн мэднэ дээ. Миний нэр түүний нэрнээс "м" үсгийг нь хасчихсантай л адил Э-М-И-Н-Э" гэв. Хүн бүртэй эелдэг, найрсаг харилцаж төрөл бүрийн сэдвээр ярилцаж чаддаг түүнтэй сүүлдээ орой бүр хөөрөлдөх болж Эмуш хэмээн бусдын адил дотночлон дуудах болсон.
"EMOS" зочид буудал. Эмушийн хамт. |
Стамбулын Их Сургуулийн өмнө |
Дараагийн өртөө дэлхий нийтэд "Blue Mosque" /Sultanahmet Camii - Туркээр/ хэмээн алдаршсан Султан Ахмэтийн сүм.
Шашны дагуу эмэгтэй хүмүүс сүмд орохын тулд мөр, хөлөө халхалсан байх хэрэгтэй гээд үүдэнд нөмрөг өгч байв. Жуулчид, мөргөлчид тусдаа хаалгаар орох бөгөөд жуулчид шашны мөргөлийг тусгаарласан хэсгээс харах аж. Дөрвөн зуун жилийн настай уг сүм өдгөөг хүртэл "Blue Mosque" хэмээн алдаршсан нь сүмийн дотоод заслыг цэнхэр өнгөөр голчлон хийснийх хэмээн тайлбарлах хүн бий. Түүнчлэн тэртээх өдрүүдэд энэ агуу том байгууламжийн эд, хэсэг бүрийг гар аргаар бүтээж байсан нь гайхалтайд тооцогдоно. Мөн алсаас харвал Мармарагийн далайн наана цэнхэрлэн харагдах нь үзэсгэлэнтэй санагдсан.
Султан Ахмэтийн өөдөөс Гэгээн Софигийн сүм үүдээ дэлгэжээ. Византын үед баригдаж Испанийн Севилийн дуган "босох" хүртэл мянган жилийн турш дэлхийн хамгийн том сүмд тооцогдож байв. Уран барилгын түүхийг өөрчилсөн хэмээн барилгын хийцийг магтах бөгөөд одоо эртний эд зүйлсийг хадгалах музейн зориулалтаар ашиглагддаг аж.
Гэгээн Софийн хажууханд Османы үеийн Султанууд амьдран суудаг байсан /:-)/ Топкапи ордон сүндэрлэнэ. Том гэж тоймгүй энэ ордонд хэдэн цаг болсноо ч мэдсэнгүй. Хаанд өргөмжлөх өргөө, номын сан, музей гээд олон хэсэгтэй. Мөн зарим өргөөнд эртний Султануудын эдэлж, хэрэглэж байсан зүйлсээс дэлгэсэн нь анхаарал татаж байлаа. Алтан хөлтэй ор, алтан аяга, мөнгөн сэлэм, алтан хуяг дуулга гээд эртний Султанууд арай л алттай хоол зооглодоггүй байсан бололтой. Түүнчлэн очир эрдэнийн шигтгээтэй нэрийн хуудасны гэр байхыг хараад гайхлаа. Хэдэн он билээ, юу билээ гэж бодоод тайлбарыг унштал эртний Султануудад зориулан жижиглэсэн коран хадгалах гэр аж.
Топкапи |
Ордны цэцэрлэг ч үзэсгэлэнтэй бөгөөд тухтай. Мармарагийн далай намуухан цэнхэрлэж, өрнө дорныг холбосон Босфорын гүүр сунайна.
Мармара далай. Топкапи ордноос |
Үргэлжлэл бий...
Goe temdeglel boljee. Amjilt :-)
ReplyDeleteСонирхолтой юм аа.
ReplyDeletema nz goy zugaalsan bnaa.mergejliin ug helleguud heregleed yag l setguulch hun bichsen yum shig l bna.amjilt
ReplyDelete:D
ReplyDeletewaa!
yanzin bnshd. goe bichih ymaa
Туркээр аялсан бичлэгүүдийг тань уншаад гэртээ очсон мэт болов. Би Туркэд 6 жил сурсан юм. 2012 онд 14 хоног Туркийг бүтэн тойрсон аялал хийсэн. Таны блогоос кино, аялал гээд надтай сонирхол нэг санагдав. Гоё блог байна.
ReplyDeleteСайн уу? Миний блогоор зочилсонд баярлалаа.
DeleteБи бас сая зөрүүлж орж баахан уншаад follow хийчихлээ, орж гарч байя аа. хэхэ.