Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"The New York Times" сонинд Reuters агентлагийн Social Media Editor Энтони ДеРозагийн олон нийтийн сүлжээ хуудсуудын талаар товчхон ярилцлага гарсныг хөрвүүллээ. 

-Сошиаль медиа хувь хүний болон мэргэжилтний хувьд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Юун түрүүнд, төсөөлж ч байгаагүй хүмүүстэйгээ харилцаа үүсгэхэд тус болсон. Мөн даяар иргэн болж, дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл авах боломж олгодог. Мэргэжлийн хувьд, өнөөдөр хийж буй ажилд минь хөтөлсөн шүү дээ.
-Энэ хэрэглүүр бий болсноор эдийн засгийн хувьд ажлын байр шинээр бий болсон гэж үзэж байна уу?
-Тийм ээ, томоохон компаниудад сошиаль медиаг ухаалгаар ашиглах хэрэгцээ тулгарч байна. Ихэнх нь энэ талаар хангалттай ойлголтгүйн дээр, хэн нэгэн хүн гарч ирээд компанид нь тусална гэж бодох юм. Миний бодлоор ганц хүн, эсвэл баг байлаа ч нэмэргүй юм шиг. Харин компанийн хүн бүрийг татан оролцуулж, тэднийг идэвхжүүлэх хэрэгтэй.
-Олон нийтийн сүлжээ хуудсуудаас таны анхаарлыг хамгийн их татаж буй нь юу вэ?
-Ираны ногоон хувьсгалын үеэр Twitter нүдийг минь нээх шиг л болсон шүү. Түүнээс хойш мэдээлэл авах, түгээх гол хэрэгсэл минь  болсон. Гэхдээ сэтгүүл зүйн үйл ажиллагааны хувьд авч буй мэдээллээ үнэн эсэхийг шалгаж мэдэх чадвартай байх нь зайлшгүй. Зарим тохиолдолд, цаг хугацааны явцад итгэлтэй эх сурвалж болсон хүмүүс бий. Мөн Tumblr-ийг 2007 оноос хойш блог бичих гол талбараа болгосон. Цаашлаад Facebook байна. Хамгийн олон хүлээн авагч, хэдэн сая хэрэглэгчийг ойшоохгүй байж яавч таарахгүй.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ бүхэн бидэнд хэрхэн нөлөөлсөн бол.
-Хүмүүсийн энгийн хэрэглээнд хүртлээ шилжсэн байна. Авга, нагац, аав, ээж, бүр найзын минь эмээ, өвөө ч Facebook ашигладаг. Технологитой ойр хүмүүст л хамаатай юм шиг энэ ойлголт, одоо тийм ч сонин биш. Яг л гар утас шиг, бидний харилцааны нэгэн хэрэгсэл болсон.
-Тэгвэл таны нэг өдрийн хэрэглээг сонирхож болох уу?
-Өдрийн турш ажил дээрээ сүлжээ хуудсууд дахь мэдээллийн урсгалыг харна даа. Twitter Lists-ийг ашиглаж тодорхой сэдвүүдээ онцолдог юм. Мөн Storyful-ын тусламжтайгаар анхаарал татсан мэдээллийг баталгаажуулахын зэрэгцээ зураг, видеог нь ч шалгадаг. Twitter, Facebook, Tumblr аа шинэчлэх, томоохон блог нийтлэл бичих бол ScribbleLive хэрэглэх гэхчлэн үргэлжилнэ дээ. 
      Alpha.mn -ий найзууддаа тусалж загвар өмсөгч Д.Оюунномин буюу Nora Dagva-тай ярилцсан юм. Сэтгэлээсээ хийгээд ухаалаг ярих Норатай уулзсаны дараа түүнээс ирэх эрчимд автах шиг болж бидэнд ямар ч саад, бэрхшээл тохиолдсон даваад гарах чадвар дотор минь бий гэж итгэх болов. Тэр тийм л эрч хүчээр барууны өрсөлдөөнт, тулаант ертөнцийг цойлж "Chanel", "Hermes"-ийн гээд бүхий л алдартай шоуны тайзнаа алхжээ. Гэхдээ түүний амжилтыг алдартны урласан хувцасыг өмсч, олны урдуур алхсанаар биш тэр бүгдээс олж авсан туршлагаас эрэх нь зүйтэй болов уу. 

-Дөнгөж оролцоод ирсэн зураг авалтынхаа тухай сонирхуулаач?
-Хөвсгөл аймагт очиж, хадан дээр, усан дотор гээд мэргэжлийн ур чадвар их шаардсан зураг авалтуудад оролцлоо.
-Урьд нь байгалийн  зураг авалтад оролцож байсан уу?
-Тийм ээ, гэхдээ эх орондоо, монгол нутагтаа бол авахуулж байсангүй. Гадаадад бол бүх зүйл бэлэн, машин тэрэг нь тоноглогдчихсон байдаг. Харин энд бол маш том сорилт байлаа гэхэд ч болно. Энэ нь зураг авалтын багийнханд ч, миний хувьд ч гээд аль аль талдаа сургамжтай, туршлагатай зүйл боллоо.
-Зураг авалтын хажуугаар мэдээж байгалийн сайханд аялсан байх.
-Тэгэлгүй яахав. (Дуу алдав) Хөвсгөл далай ямар гоё цэнгэг, агаар нь хүртэл амьсгалахад хичнээн сайхан гээч. Далайд зураг авахуулахад бага зэрэг салхитай, хүйтэн байсан. Гэхдээ энэ аялал үнэхэр гайхалтай байлаа.
-Монголд энэ зураг авалтанд оролцохоор ирсэн үү? Өөр ажил байв уу?
-Миний ирсэн гол зорилго бол Хөвсгөл явах л байлаа. Яг одоогийн байдлаар нэгэн шинэ каталогийн зураг авалтад орох гээд бэлдээд сууж байна. Долдугаар сарын 10-нд эх орондоо ирсэн, 10 гаруй хоноод л буцаж байна даа.
-Энэ сард таныг Хонг Конгийн загварын шоунд оролцно гэж сонссон юм байна.
-Би тавдугаар сард Миланаас Сингапурт ирсэн юм. Тэнд нэг шоунд оролцоод ирсэн. Дараа нь Хонг Конг дахь “Elle” сэтгүүлийн зураг авалтанд орсон. Мөн “Vidal” салоны загварын шоунд оролцсон. Сонирхолтой нь, энэ үеэр урт үсээ тайруулж богиносгосон. Миний үс ширхэг нь нарийн учраас янзлахад тохиромжтой гээд надад санал тавьсан юм. Гэхдээ үнийн тал дээр нэлээд зөрөлдсөний эцэст, тохиролцоод тайруулсан даа. Хүн үсээ засуулах гэж үсчинд мөнгө төлдөг бол, би мөнгө авч үсээ тайруулсан. (инээв)
-Нууц биш бол тохиролцоо хэд байв?
-Таван мянган доллар байсан.
-Үсээ гэнэт өөрчлөөд ямар санагдаж байна?
-Зохихгүй байгаа юм шиг эвгүй байсан шүү. Мөн үсний засалтаа дагаад хүний хувцаслах хэв маяг өөрчлөгдөнө. Эхэндээ яах учраа олохгүй байсан, одоо бол тоохоо ч болилоо.
-Монголд загвар өмсч байсан тухайгаа яриач.
-Би Дархан хотод анх “Үнсгэлжин” наадамд оролцож байсан юм. Мөн сүүлд “Гоёл” наадамд оролцох болсон. Гэхдээ яг модель болоод байнга загвар өмсч байгаагүй. Жилдээ нэг “Гоёл” наадамд оролцоод явдаг байсан.
-Тэгэхээр олон жилийн дараа эргээд энэ ертөнцөд ирэхэд ямар санагдаж байна?
-Намайг явах үед буюу 2004 оны үед олон агентлаг байгаагүй, зураг авалт өнөөдрийнх шиг хөгжөөгүй байсан. Харин одоо бол шинэ зүйл хийх гэсэн, хүсэл тэмүүлэлтэй залуус маш их байна. Сая Хөвсгөл явахад бүр их мэдэрлээ. Дизайнерууд гоё хувцас хийсэн, зурагчид нь ажлаа сайн мэддэг. Мөн сүүлийн үед олон сэтгүүлүүд гардаг болсноор, ковер зурганд ач холбогдол өгдөг, моделиудаа үнэлдэг болсон санагдлаа. Ер нь энэ жил арваннэгдүгээр сар хүртэл Монголдоо ирэн, очин байхаар төлөвлөсөн.
-Тэр хугацаанд юу хийх вэ?
-Удахгүй “Алтай Кашмер” компанийн шоу болно. Түүний зохион байгуулалтын талд ажиллана байх. Итали загвар зохион бүтээгч, гадаад загвар өмсөгчид оролцсон манайдаа шинэлэг шоу хийхээр зорьж байгаа.
-Ер нь гадаад, монгол загвар өмсөгчдийн ялгаа хэр байдаг вэ? Мэдээж өөр, өөрийн төрөлх шинж чанараар ялгагдах нь гарцаагүй. Үүнээс гадна ур чадвар гэхчлэн тодорхой зүйлсээр давуу болон сул талууд бий байх.
-Тийм ээ. Жишээ нь, манайд гудамжаар явж байхад ямар нэг агентлагийн хүн ирээд өөрийг тань модель болгоё гээд санал тавих, сарын дараа Парист ч юм уу өөр улст загвар өмсүүлэх гэхчлэн боломж байхгүй шүү дээ. Бид үнэхээр өөрсдөө дуртай даа, өөрөөр хэлбэл “бор зүрхээрээ” гэдэгчлэн ажилладаг. Тэгвэл гаднын орнуудад залуу охидыг маш их сонирхож, шинээр нээж илрүүлдэг. Учир нь, загвар өмсөгч гэдэг ойлголт тэнд утгаараа, өндөр хэмжээнд хөгжсөн. Бидний хувьд ч ур чадвараа дээшлүүлэх бололцоо ихтэй. Шинээр гарч ирээд л туршлагатай моделиудтай өрсөлдөж эхэлдэг. Залуу тусмаа шинэ дүр төрх гээд хүчтэй, үнэ цэнэтэй байдаг. Харин манайд энэ байдал эсрэгээрээ шүү дээ. Заавал нэг туршлагатай, “гуншин”-тай болсноор өрсөлдөөнд ордог.
-Модель хүний ур чадвар гэж яг юу вэ?
-Модель, түүний ур чадвар гэдэг бол мэдрэмж шүү дээ. Хүний хүссэнийг өгнө гэдэг хэцүү. Дизайнер хүн хувцасаараа юу илэрхийлэхийг зорьсон, түүнийг гаргана гэдэг мэдрэмжийн асуудал. Мөн моделийн амьдрал үргэлж өрсөлдөөн дунд байдаг. Эндээс хүн маш их зүйлд суралцна. Ямар нэг шоуны шалгаруулалт болоход 50 модель ирээд хоёр нь шалгардаг. Нүүрэн дээр жижиг өө бий болох, багахан таргалсны төлөө хасах гэхчлэн хэцүү. Хүн эндээс нэг удаа, хоёр удаа хасагдлаа ч, гурав дахь удаагаа хасагдахгүй хүсэхгүй.
-Таны хувьд ямар чиглэлээр загвар өмсдөг вэ?
-Моделиудын type буюу төрөл гэж бий. Би өндөр, туранхай учраас high fashion талдаа тохиромжтой гэгддэг. Мөн бэлэн хувцас түлхүү өмсдөг, учир нь би жишээ нь, бикини модель биш шүү дээ.
-Монголд загвар өмсөөд амьдрахад хэр гэж бодож байна?
-Манайд үнэлэмж бага учраас хэцүү. Өөрийнхөө хувьд бол, зөвхөн загвар өмсөөд амьдарна гэж бодож ёстой чадахгүй. Харин үүний зэрэгцээ стилист хийх сонирхолтой. Мөн гадаадад мэргэжлийн шоунд оролцож олон жил ажилласан, энэ хугацаанд багагүй зүйлийг анзаарч, сурч авсан. Тийм болохоор шоуны зохион байгуулалт, мэргэжлийн талаас нь санаа, оноо гаргах талаар ажиллах бодол байна.
-Монголд ирээд гудамжаар явахад залуусын хувцаслалтын талаар ажиглав уу?
-Тийм ээ. Манайхан үнэхээр мэдрэмжтэй хувцасладаг санагддаг шүү. Гаднын ямар ч хүмүүсээс илүү зохицуулаад, өөрийн гэсэн илэрхийлэлтэй сонгодог юм шиг. Бас манайд том брэндүүдийн дэлгүүр, тансаг плаза байхгүй ч, залуус заримдаа хаанаас авдаг юм болоо гэмээр гоё хувцасыг, донжтой гэгч өмссөн байдаг. Тэгэхээр ерөөсөө сайхан хувцаслана гэдэг үнэтэй, чамин хувцас өмсөхөд биш юуг, юутай хэрхэн тохируулж өмсөх вэ гэдгийг л хэлээд байгаа юм.

Д.Оюунномин

Өндөр: 180 см
Үсний өнгө: Бор
Байгалийн үзэсгэлэнг юунаас мэдэрдэг вэ? –Сайхан үнэрээс. Уул, ус, агаарын сайханд гараад амьсгалахад гайхалтай
Дэлхийн орнуудаар явахад юуг нь заавал үзэх юмсан гэж боддог вэ? –Энгийн амьдралын орчин хамгийн сонирхолтой гэж боддог. Хүмүүс хойч үедээ юм үлдээх гэж л амьдардаг юм уу даа. Сая Грект очлоо, 4000 жилийн түүхтэй эд зүйлс, соёл байна. Өнөө, маргаашийн гоёл зүүсгэлээс илүү нэр, утга, соёл үлдсэн нь бахдам. 
Хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач. – Бага байхад гэр бүлээрээ үргэлж хамт, ширээгээ тойрч суугаад гурилтай шөлөө идээд суух үеэ дурсдаг. Одоо эгч нар маань бүгд өөр, өөрийн ажилтай халуун ам бүлээрээ цуглах нь ховор болж дээ.
Хамгийн их шүүмжлүүлдэг зүйл юу вэ? –Нуруун дээрээ их том шивээстэй. Сингапурт эгчийгээ хийлгэхэд сэтгэл хөдлөөд, ямар нэг зүйл заавал шивүүлмээр санагдсан юм. Одоо түүнээсээ болж дизайнеруудаас шүүмж сонсох нь их шүү.
Үргэлж боддог сайхан үг юу вэ? – Олон хүн янз бүрийн л зүйл хэлнэ. Тэр бүрээс ээжийн минь үгс дотно санагдана, надаар бахархаж байдаг нь сайхан. Мөн Фейсбүкээр хүмүүс их гоё зүйлс бичдэг. Байнга ийш, тийшээ явах үед ганцаардана, монголоор удаан ярихгүй эвгүй. Хэдийгээр бүгдэд нь хариулж чадахгүй ч, тийм урмын үгс уншаад сэргэх шиг болдог. 


/Зурагтай нэмэлт хэсгийг Alpha.mn-ээс үзэж болно./
        Манай улсын уул уурхай, эдийн засгийн салбар дэлхий дахины анхаарлыг татахын хэрээр бидний улс төрийн амьдрал, ахуйн соёл гээд бүхий л зүйлс гаднынхны сонирхлыг нааш чиглүүлж буй. Энэ ч үүднээс энэ зун Reuters, Associated Press, BBC, L'Agence France гэхчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс төлөөлөгчид ирж сонгуулийн үйл явц, цаашлаад монгол наадмын тухай сурвалжлахаар ирсэн билээ. Миний хувьд тэдгээр сэтгүүлчтэй нүүр тулж, цөөн хоног ч гэлээ хамтран ажиллах боломж олдсон нь багагүй зүйлийг сурч, мэдэх завшаан болсон юм. Энэ ч үүднээс олж авсан багахан зүйлсээ хуваалцахаар шинэ бичлэг эхлүүллээ. 

       Юун түрүүнд, урьд нь бичиж байсан мультмедиа сэтгүүлчийн талаарх ойлголтоо баталгаажууллаа гэхэд болно. Учир нь, манайд өнөөдөр сэтгүүлч өөрөө сурвалжилж, дүрсээ бичиж, эвлүүлж, эхээ бэлдэнэ гэвэл бүтэшгүй мэт санагдах биз. Би ч мөн хавар энэ тухай хичээл заахдаа зөвхөн "тухай"-н төдий буюу төсөөллөөрөө шахам ярьж байв.
       Тэгвэл дээр дурдсан хэвлэлээс монголд ердөө ганц сэтгүүлч ирсэн байлаа. Том камер, хөл, микрофон, лэптоп оо үүрээд бүх зүйлийг өөрөө хийх нь мультмедиа сэтгүүлч гэдгийг илтгэнэ. Гэхдээ тэдний хувьд албан ёсны нэр нь "Video Journalist" буюу Видео сэтгүүлч гэх аж. Манайд бол зураглаачтай андуурч мэдэхээр.


      Дараачийн зүйл бол шуурхай байдал. Яалт ч үгүй, сэтгүүл зүйн гол шалгуур. Өдөр тутмын сонинд оройн сурвалжлагад яваад, буцах замдаа машинд бичээд, редакцид ирээд операторт өгч нүүр тавиулахаа их л шуурхай ажилласан мэтээр бодож явдаг байв. Тэгвэл тэдний хувьд гудамжинд хүнээс яриа авлаа, дор нь эвлүүлж бэлдээд, тусгай програмын тусламжтайгаар төв рүүгээ дамжуулна. Хэдэн минутын дараа хяналт хийгдэж, мэдээ вэб сайтад гарсан бай аж. Өнөөгийн завгүй, хурдтай нийгэмд шуурхай байдал гэдэг хүртэл ингэтлээ харьцангуй болжээ.


     Товч бөгөөд тодорхой. Энэ ч мөн сэтгүүл зүйн үндсэн шаардлага гэдгийг бид мэднэ. Гэлээ ч энэ байдал манайхаас тэс өөр шалгууртай нь бас л суралцмаар. Телевизийн мэдээ харж байхад олны санал сэтгэгдэл, эсвэл хэн нэгний яриа урт, богино, зөв, буруу хамаагүй буюу тодорхой шүүлтүүргүй мэт санагдах нь бий. Харин тухайлбал, Reuters-ийн стандарт гэхэд нэг хүний яриа 24 секундээс хэтэрч болохгүй гэх аж. Энэ нь мэдээж ярианаас хамгийн гол хэсгийг онцлох маш няхуур ажил шаардана. Түүнчлэн нэг анзаарсан зүйл нь монголчууд бид маш ерөнхий, утгачилж ярьдаг санагдлаа. Хүмүүсийн яриаг орчуулахад "ер нь тийм, тэр хавьцаа, за даа бараг" гэхчлэн үг бүрт утга агуулахаас илүү өгүүлбэрээр багцаа утга гаргадаг аж. Хэдий утга нь ойлгомжтой ч, хадмал орчуулга хийх, цаашид агентлагаас өөр улс мэдээллийг аваад ашиглахад хүмүүсийн ярианаас тодорхой үг, санааг онцлох нь хэцүү ажлын нэг байсан юм.


     Баталгаатай байх. Онолын хувьд буюу номонд бичиж, сургуульд үзсэнээр бол сэтгүүлч хүн аливаа мэдээллээ 3 эх сурвалжаас баталгаажуулсан байх ёстой гэдэг. Бодит амьдрал дээр, сэтгүүл зүйн орчинд үүн шиг "үлгэр" байхгүй. Нэг талаас сэтгүүлч олсон мэдээлэл бүртээ гурван эх сурвалж хайгаад явна гэдэг төвөгтэй биз. Тэгвэл сонгуулийн үеэр СЕХ мэдээлэл хийж, тойргийн нэр дэвшигчдийн авсан саналыг хувийг танилцуулсан билээ. Энэ үед хурд гүйцэлгүй, тэмдэглэсэн зарим тоондоо дараа нь эргэлзэж байв. Нийтлэл бичих үедээ вэб сайтаас баталгаажуулаад харъя гэхэд "Танай хэвлэлүүд бүгд ямар нэг харьяалалтай. Би итгэж чадахгүй. Албан ёсны эх сурвалжаас авах боломжгүй бол ядаж гурван өөр харьяалалтай сайтаас хараарай" гэх аж. 


     Тэнцвэртэй байх. Мөн л онолын зарчим. СЕХ-ийн эхний мэдэгдлээс Ардчилсан нам олонх болж чадаагүйг мэдээд тэд Монгол Улс дахин Эвслийн Засгийн Газар байгуулахаар боллоо гэж ярилцаж, нийтлэл нэвтрүүлгийг ч тэр чиглэлээр бэлдэх даалгавар ирэв. Гадуур явж ард, иргэдээс яриа авлаа. Хөгжилтэй нь, Ардчилсан нам эвсвэл МАН, МАХН алинтай эвсэх хэрэгтэй вэ? гэсэн асуулт хүмүүсээс асуухад "Ер нь эвсэхгүй байсан нь дээр" гэх аж. Хууль, дүрэм нь ийм шүү дээ, эвсэхээр аргагүй ээ гэвэл "Эвсээд хэрэггүй л дээ" гээд хариулт өгөхгүй. Ингэж явсаар МАН-тай эвсэх хэрэгтэй гэсэн хүнтэй таарч яриа авлаа. Уулзсан хэд, хэдэн хүмүүс ийм саналтай байв. Орой ч болж, хүмүүс ч сонгуулийн дөнгөж маргааш энэ талаар яриа өгөхөөс зайлсхийсэн, залхсан аястай. Би ч хэдэн хүнээс яриа авах гэж хэдэн цаг болсондоо жаахан дурамжхан. Тэгэхэд бид одоо МАХН эсвэл ИЗНН-тай эвснэ гэсэн хүн зайлшгүй олох ёстой. Нэг л талаас нь мэдээлээд өнгөрч болохгүй гээд л "гүрийнэ". Бүх л талыг тэнцүү мэдээлэх ёстой гэсэн зарчим энд л жинхэнэ шалгуур болж байлаа.


    Наадмын сурвалжлагын өнцөг надад их сонирхолтой байсан. Тэд биднийг гадна талаас нь хараад, хөндлөнгөөс анзаарсан нь дохио мэт. Учир нь, монголчууд баяр, наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг ч хөдөөгөөс хотыг зорих нүүдэл, түүнийг дагасан соёлын огцом өөрчлөлт зэрэг нь "Монгол Наадам"-ыг өөрчилж байна уу, энэ үнэхээр соёлын өв, уламжлалаа хадгалах, сурталчлах гол үйл мөн үү гэх асуултууд хөврөх. Сурвалжлага бэлдэх явцдаа би мэдээж манай наадам сайхнаараа, манай уламжлал алга болохгүй гээд л багагүй маргав.
   Эхний өдөр Төв аймгийн наадамд явлаа. Хөдөөгийн залуус морио хатируулан ирж, цэнгэлдэхийн ногоон талбайд бөхчүүд хүчийг үзэн барилдана. Сурын талбайд хүүхдийн харваа болж байхыг мөн үзэв. Байдаг дүр зураг. 
    Маргааш нь улсын наадам. Гадаад сурвалжлагчийн хэлсэнчлэн "Кока Кола", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг гадаад, дотоодын компаниудын сурталчилгаагаар дүүрэн цэнгэлдэх хүрээлэн, түүний тайз. Үндэсний хувцастай сүрлэг ёсолгооны араас "Universe Best Songs" гадаад хэлээр дуулах уралдааны ялагчдын поп дууны мэндчилгээ. Наадам ийн эхэлнэ. 
     Үүний дараа, манай бүх л хэвлэлийнхэн Ерөнхийлөгч болон төрийн "томчуул" сур, шагайн талбайд очих бүрийг даган сурвалжилна. Харин манай "хүн", монгол соёл судалдаг эрдэмтэн хүн хэрэгтэй байна гэв. МУИС-ийн профессор С.Дулам багшаас Наадмын тухай, ёс заншлынхаа тухай маш сайхан яриа, сурвалжлага бэлдэж авлаа. Мэдээж цэнгэлдэхээ тойроод наадах М
Монголчуудаасаа ч сэтгэгдлийг нь асууж, сонслоо. 
     Энэ мэтчилэн нэг ёсны соёлын арга хэмжээг үнэхээр л тэр талаас нь бэлдэн үзүүлэх аж. Манай хэвлэл харин энгийн бидэнтэйгээ төөрөөд, юу үзүүлэх, яахаа ч мэдэлгүй, осолдолгүй бөх, морио шууд дамжуулж харагдсан. Цаашид ч энэ мэт үйл явдлын үеэр юу хүргэж, юуг таниулах вэ гэдгээ бодох цаг ирснийг энэ сурвалжлага сануулсан юм. 


Бэлдсэн мэдээллийн зарим нь онлайнаар хүрсний холбоосыг орууллаа. 


http://www.bbc.co.uk/news/world-asia-18792209
http://www.reuters.com/article/2012/07/12/us-mongolia-festival-idUSBRE86B08M20120712

Дуулсан, мэдсэн нь багахан хэдий ч хуваалцахыг хүслээ. Хэн нэгэнд хэрэг болж юун магад.


      Бямба гаригийн үдэш Азербайжаны нийслэл Баку хотноо болсон "Евровидиние"-2012 наадамд Шведийн дуучин Лорин "Euphoria" 372 оноогоор тэргүүлсэн тухай хэвлэлийн хуудас бүрээс үзэж болно. 
     Харин үүнээс илүү сонирхол татсан уран бүтээлч нь тус наадмын дэд байрт шалгарсан ОХУ-ын "Бурановские Бабушки" хамтлаг байлаа. Өдгөө 70 гарсан зургаан эмэгтэй, мөн 50 нас шүргэж буй хоёр арай "залуу" гишүүнтэй тус хамтлаг ОХУ-ын бүрэлдэхүүн Удмуртия улсаас гаралтай аж. Хэдэн жилийн өмнөөс алдарт "Yesterday", "Let It Be", "Hotel California" зэрэг бүтээлийг удмурт хэлээрээ дуулснаар олонд танигдаж эхэлжээ. Түүнчлэн 2010 онд "Евровидиние"-д ОХУ-ыг төлөөлж оролцохоор эх орондоо өрсөлдсөн ч III байр эзэлсэн амжилттайгаар тайзаа орхисон байна. Харин энэ онд тэмцээнд дахин оролцож Дима Билан, Юлия Волкова /"Тату" хамтлагийн гишүүн/ нарыг ардаа орхин Европын 42 орны уран бүтээлчтэй өрсөлдөх эрхээ авчээ.
    Эл шагналаа гардсан мөчөөс эхлэн "тосгоны эмээ" нарын амьдралын хэмнэл тэс өөр болжээ. "Евровидиние"-гийн тайзнаа үзүүлэх тэдний номерт орос орон даяар санаа тавьж, Москвагийн урлагийн сургуулийн багш нар өдөр бүр 2 цагийн дууны хичээл зааж эхлэв. Мөн тайзан дээр биеэ хэрхэн авч явах, бүжиглэх эвслийг нь нэмэгдүүлэх гээд олон ажил ундарчээ. Түүнчлэн Европын наадмын тайзнаа зөвхөн дуулж, хуурдаад зогсохгүй Оросын уламжлалт, соёлыг таниулах нь тэдний гол зорилго байв. 

    Хэдий том алхахаар зэхэж буй ч тэд тэд Буруновын эмэгтэйчүүд хэвээр байсан юм. Бэлтгэлээ тараад фермдээ ажиллаж, басхүү гэрийн эзэгтэй нар болно. "Бид тосгоны эмэгтэйчүүд гэхэд ер бусын хүмүүс шүү. Уран бүтээл туурвина. Бас ямаа хариулж, өндөг хураана" хэмээн хамтлагийн гишүүн Галина Конев бахархалтайгаар өгүүлж байв. 
   Тэдний хамгийн үнэнч шүтэн бишрэгчид нь мэдээж тосгоны ахан дүүс нь. Бакуг зориод  ялалтын "туг"-тай ирнэ гэдэгт нь эргэлзэлгүй хүлээж байжээ. Харамсалтай нь, "Буруновские Бабушки" нар тэргүүн байрын цом гардаж чадсангүй. Гэхдээ дэд байр эзэлж, дэлхий дахины анхаарлыг нэгэн өвөрмөц өнгө төрхөөр татаж чадлаа. Түүнчлэн цаашид уран бүтээлээс олох аливаа орлогоо төрөлх суурин Бурановодоо шинэ сүм байгуулахад хуримтлуулна гэдгээ мэдэгдсэн нь тэдний төлөөх уухайд улам илүү хүч нэмсэн юм. 


     “Гэрэл зураг түүх өгүүлнэ” гэдэг. Тэгвэл дуу дурсамж сэдрээдэг гэмээр. Баяртай, гунигтай эсвэл эгэл өдрүүдэд сонсч өнгөрүүлсэн дуунууд эргээд бодоход тэр цаг хугацааг нүдэнд харуулж, бодолд ургуулдаг. Басхүү өнгөрсөн, мартсан сайхан цаг хугацаагаар дахиад аялуулна. Хүүхэд насанд хүргэдэг галт тэрэг адил дурсамжид хөтөлдөг аялгуу надад олон бий. Улам ч олон болно байх. Тухайн дууны утга ямар ч байсан, түүнийг сонссон мөчид сэтгэл хэрхэн хөдөлсөн нь л дуу болон сэтгэлд үлддэг юм уу.

“Наран жаргалаа
Наран жаргах нь мандах шигээ зуурхан ч сэтгэлд үлдэх нь алт элэгдэх шиг удаан” 
Д.Урианхай

The Connells – 74’ 75

Минийх. Зөвхөн минийх.
     Надад баяр баясал болон сайхан мэдрэмжүүд төрүүлдэг бүхэн. Би сонсоод, үзээд, дуулаад, уншаад, хөгжимдөөд, алхаад, баясдаг байсан бүх зүйлс. Нэг л өдөр минийх гэх бүхнийг хэн нэгэн хамтдаа хуваалцах. Бүр ч сайхан. Хамтдаа. Бүгдийг. Тийм сайхан. Гэхдээ нэг л өдөр минийх гэх бүхэн эргээд байрандаа орж, миний гэх тэр ертөнцийн үүдийг гаднаас нь хэн нэгэн хаах. Урьдын адил бүх сайхан яг хэвээр үлдэв. Гэхдээ дээрх шиг тийм сайхан байж чадахгүй. Сонсоод, үзээд, дуулаад, хөгжимдөөд, алхаад л... Бодолд эргэлдэнэ. Дурсамж хөвөрнө.

Duffy – Too Hurt to Dance

      Мартах хэрэгтэй юу? гэж хааяа бодовч, тархин дахь тийм тод зураасыг яахан баллуурдаж болох билээ. Зүгээр л, бидний амьдрал олон янзын зурагтай, зузаан гэгч зургийн дэвтэр юм уу даа. Эхний хуудас, дараачийн хуудас... Зураад л, зураад л... Тэр хуудас дуусахад шинэ хуудас эхэлсэн. Энэ хуудас дууслаа, дахиад л шинээр эхэлнэ. Замбараагүй, хамаа намаагүй зураад л бид хуудсаа дүүргээд дуусгачихдаг юм шиг. Харин чин сэтгэлээсээ зурахад нэг цэг ч илүү харагдаад, хичнээн нямбай, хэдий гамтай зурах бол. Тийм итгэлээр дахиад нэг хуудас эхлүүлнэ. Өмнөх хуудсууд дэвтэртээ үлдэх нь мэдээж. Урж, тасдаад хэрэггүй. Гэхдээ бас эргүүлж харах шаардлагагүй.

Florence and the Machine – Never Let Me Go

      Бусдад үнэн сэтгэлээсээ хандаж чадахгүй бол, бусдаас ч тийм дулаан илч хүлээгээд хэрэггүй мэт. Гэхдээ бас урьтаад өөрийнхөө үнэнд итгэх. Дотор орших зүрх, гадна орших тархи нэгэн сэтгэлийг мэдрэхэд түүнд үнэмшиж, чөлөөлөгдөх. 
Торон доторх зүрхэнд хүрэхэд хэцүүтэй адил, түүнээс гарч бусдад хүрэхэд ч амаргүй...

Lana Del Rey – Dark Paradise

“Цаг хугацаа бүгдийн тайлал”
      Хүмүүс урсах цагийн хурдныг гайхан “харвасан сум”-тай зүйрлэх нь бий. Гэвч өнгөрсөн бүгдийг бид ийн чамлаж болохгүй мэт. Тэр мөчүүд одоо бодоход хурдан санагдавч, миний түүх, миний баялаг, миний дурсамж. Өнгөрсөн бүхэнд л “би” оршиж, “би” бий болсон. Түүнийгээ үнэлэлгүй, тавьсан сумтай адилтгах нь даанч харамсалтай. Цаг хугацааны үнэ цэнийг улирч одох хурдын хэмжээсээс биш, үлдэж хоцорсон өөрөөсөө эрэх.

Sia – My Love

      Эцсийн цэгийн тухай. Хол байгаа ч найзын минь бичсэн зүйлс түүнд тайтгарал хэрэгтэйг харуулах мэт. Тэр эцсийн цэгт аз жаргал байгаад итгэж далайгаар аялан яваа, харамсалтай нь сэлүүрээ алдсан санагдах болж гэнэ. 
Гэвч эцсийн цэгт аз жаргал байдаг юм гэж үү? Мэдэхгүй. Харин түүнийг эрж хайж явах хором, мөчүүдэд л оршдог биш үү? Бидний ихэд тэмүүлэх, шуналт эмзэг сэтгэл түүнийг мэдэрч чаддаггүй юм болов уу? Ургаад цааш ер нь бидний хайгаад байгаа аз жаргал гэж юу юм бэ? 
Бичих явцдаа дөнгөж сая өөрөөсөө асуулаа. Дүүрэн сэтгэл гэсэн үг бууж байна. Хэнээр ч, юугаар ч үл дутах... Баяр, гуниг бүгд л хослог. Гэгээн, дүүрэн сэтгэл.

      The Lemons – Шөнө дунд цас орж байна


    Шөнө цас орох гоё. Цонхны дор, гудамжны гэрэлд цас хаялахыг харах нь өвлийн хамгийн үзэсгэлэнт мөч. Гэхдээ намрыг үдэж, бороон дусал тийн будрах нь бүр ч илүү. Гялалзаад л... 

Tracy Chapman - Let It Rain 

"...Нүдэн доторх тэнгэрээс чинь гэнэт бороо хаялж
Нүүрээр чинь дүүрэн хавар тодрох шиг болсон 
Даанч тэгэхэд намар болж байсан
Дагаад шивэрмээр тэр бороо чиний нулимс байсан..."
Л.Өлзийтөгс 

Yoshida Brothers - My Heart Holds 

"Урссан лаа шиг бөхгөр сар 
Уулын хэцэд зүүрмэглэжээ, Аморэ!
Үгийн дарс цээж дүүрлээ 
Үүдээ тайлаад шүлэг сонс оо
Үнсээд үхэхэд л жаргах, Аморэ!" 
Д.Урианхай 


      Өнөөдөр "Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд" гэсэн үгтэй мессежээр өглөөг угтлаа. Цааш олон хүн мэнд хүргэснээр, энэ тухай бодол толгойд хэсэг эргэлдэв. "Эрх чөлөө" гэх сүржин үг эгэл надад чухам хэрхэн нөлөөлж байгаа бол гээд л. Тэгээд хэвлэлийн эрх чөлөө хаанаас эхэлдэг вэ? гэдэгт хариулт олох гэж жаал бэдэрснээ сэтгэгдэл төдий хуваалцаж байна. 

  Миний хувьд, сэтгүүлч Лунтангийн Болормаагийн "Эрх чөлөө гэдэг нь мэдээллийн хязгааргүй орон зайд чөлөөтэй ажиллаж чадах сэтгүүлчийн өндөр чадамж юм" гэсэн үг их зөв санагддаг. Өөрсдөө чадваргүй, мэдээлэл олж аваад түүнийгээ боловсруулж, зөв задлан шинжилж чадалгүй алдаа гаргах тохиолдол байдаг нь саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн адил мэт. Мэдээллийн технологийн хөгжил асар хурдтай болсон энэ үед сэтгүүлч зөвхөн үзэг цаас, микрофоноор “зэвсэглэхийн” зэрэгцээ олон талын чадвартай, өөрийгөө хөгжүүлж байхыг шаардаж байна. Ялангуяа, иргэний сэтгүүл зүй эрчээ авч хүн бүр хүссэн газраа, боломжит бүх хэлбэрээр мэдээлэл түгээх боломжтой болсон тул мэргэжлийн сэтгүүлчийн бүтээл илүү өгөөжтэй, чанартай байх хэрэгтэй болжээ. Олон нийт Твиттер, Фейсбүүк зэргийг ашиглан мэдээллийг шуурхай түгээж буйгаа сэтгүүлчийн үйл ажиллагаа ирээдүйд хэрэггүй болно гэхчлэн ярих болсон. Тэгвэл сэтгүүлч бидний мэдээлэл үйл явдал “боллоо” төдий биш 5W, 1H-ийн дагуу буюу юу, хэзээ, хаана, хэн гэдгээс гадна хэрхэн, яаж гэсэн асуултуудад хариулт өгсөн байдгаараа онцлог билээ. Энэ нь сэтгүүлчийн мэдээлэл энгийн иргэдийнхээс боловсруулсан байдлаараа ялгаатай байхыг хэлж байгаа юм. Цаашлаад түүнийгээ хурдан, ойлгомжтой хүргэхэд суралцах нь өнөөгийн нийгмийн гол шаардлага болоод буй.
       Мөн сэтгүүлчдийн ёс зүйн талаар ярьсаар ирсэн, энэ өдөр болдог олон хурал, цуглааны чухал сэдвийн нэг байсаар буй. Мэдээлэл олж авах үйл ажиллагааг харилцаагүйгээр төсөөлөх аргагүй. Эрх чөлөө шаардахаас өмнө бид харилцааны явцад бусдын эрхэнд бас халдаж байгаагаа мэддэггүй нь харамсалтай. Ёс зүй, хэм хэмжээ нийгмийн харилцааны гол түлхүүр нь байх. Саяхан “Гоодаль” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ц.Амгалантай уулзахад “Манай сэтгүүлчид өөрсдийгөө нийгмийг эрүүлжүүлэгч, идээ бээрийг нь шахагч гэдэг. Гэтэл идээг нь шахсан бол түүнийг эдгээхийн тулд цаашид ч анхаарч эмчлэх хэрэгтэй байдаг бол сэтгүүлчид шахаж орхичихоод яваад өгдөг. Энэ нь эрүүлжүүлэх биш, улам өвчлүүлчихдэг” гэсэнтэй санал нэг байна. Нэг ёсондоо өнөөгийн хэвлэл, мэдээлэлд ихээхэн дутагддаг аливаа асуудлыг хөндөөд эргэн сурвалжлахыг хэлж буй. Хэн нэгний бузар, булхайг гайхан дэлгэчихээд цааш хэрхэхийг хэнд үлдээж орхидог нь үл мэдэг. Хэдийгээр түүнийг шийдэх нь бидний үүрэг биш ч, сэтгүүл зүйн сайн нийтлэл аливаа асуудлыг ул суурьтайгаар авч үзэн, учир шалтгааныг тайлж, гарах арга замыг заах юм гэж сургасаар ирсэн. Ийм байдал  өнөөгийн нөхцөлд хамгийн их үгүйлэгдэж байна.
     Нөгөө талаас эмч хүн өвчтөнөө аль болох бага өвтгөхийг хичээдэг байлгүй. Харин сэтгүүлч бид илчлэн, шүүмжилж байна гээд эрээ, цээргүй асууж, хэм хэмжээгүй гутаан, доромжилчихдог тал бий. Гаднын сэтгүүл зүйн түүхэнд хууль зөрчин байж эрэн сурвалжлага хийгээд амжилт олсон тохиолдол бий. Гэхдээ тийм “агуу үйл”-ийг өдөр тутмын үйл ажиллагааныхаа мөрдлөг болгоод дуртай хүнээ дайрч давшлаад, хувь хүний нууцыг ярилцлага нэрээр ухаад байх нь зохисгүй санагддаг юм.
      Ямартай ч, хэвлэлийн эрх чөлөө гэж бусдаас нэхэхээс урьтаад бид өөрсдөө сэтгүүлч гэдэг нэрээ баталгаажуулж, мэргэжлийнхээ үнэ цэнийг хамгаалахгүй бол бидний эрхийн төлөө санаа зовних олон нийтийн хандлага улам бүр буураад байх шиг. Тийм болохоор хамгийн түрүүнд өөрийгөө хөгжүүлэх, хувь хүний хувьд боловсрохоос эхлэн, цаашлаад сэтгүүлчийн, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай ярих нь зүйтэй байх.

Интернэт хэрэглээ өргөн, хөгжихийн хэрээр аж үйлдвэржилтийн дараах гэгдэж байсан нийгмийн түүхэн үечлэл өдгөө “мэдээллийн” гэх тодотголыг аваад буй. Үүнийг дагаад сэтгүүл зүйд телевиз, радио, тогтмол хэвлэл гэх уламжлалт мэдээллийн хэрэгслийн зэрэгцээ интернэт буюу дэвшилтэт мэдээллийн хэрэгслийн үр нөлөө өсч байна. Тэгвэл энэ орчинд ажиллах чадвар, дадал бүхий сэтгүүлч ямар байх тухай энгийн зөвлөмжийг Миссурийн их сургуулиас гаргажээ. 

1.Аль болох олон дадал, чадвар эзэмш.
Мультмедиа орчинд ажиллах тохиолдолд сэтгүүлчээс олон төрлийн чадвар шаардагдах нь зайлшгүй. Мэдээж сайн тэмдэглэх, бичихээс эхлээд гэрэл зураг дарах, ярилцлагын аудиотой харилцах, видео бичлэг хийх, эвлүүлэх чадвар зэргийг дурдаж болно.

/Жишээ нь, юунд түрүүнд гэрэл зурагт анхан шатны өөрчлөлт оруулах, дүрсээ эвлүүлэх, аудио-г хурааж, янзлах гээд олон шаардлага гарч болно. Өөрийн зүгээс зөвлөхөд, сэтгүүлчид Adobe Photoshop, Lightroom, Premiere, InDesign, Cool Edit зэрэг програм дээр ажилладаг байвал хэрэгтэй болно./

2. Хүлээн авагчдад сонголтыг олго.
Эхлээд вэб хуудсын санал болгох хэлбэрээр мэдээллээ хүргэж болох ч өөр боломжит хэлбэрүүдийг хавсаргах нь чухал. Тухайлбал, ярилцлага нийтлэх гэж байгаа бол түүний аудио, бичлэг, гэрэл зураг болон ярилцах явцыг цуврал зургаар илэрхийлэх юм бол илүү сонирхолтой байх нь гарцаагүй.
Мөн албан ёсны мэдээллийг график, хүснэгт ашиглан хүргэвэл тохиромжтой.

3.  Давтах хэрэггүй. 
Хэдийгээр олон хувилбараар мэдээллээ хүргэх нь сайн ч, хэлбэр бүр агуулгын хувьд ялгаатай байх нь дээр. Зурган дээрх харагдах байдлыг дахин үгээр тайлбарлаж, бичлэгээр яривал хүлээн авагч залхаж мэднэ.

4. Төлөвлө. 
Мультмедиа чиглэлээр ажиллах сэтгүүлч мэдээж үйл явдлыг урьдчилан таамаглаж, төлөвлөж чаддаг байх хэрэгтэй. Сурвалжлагын явцад ямар мэдээллийг, хэрхэн хүргэхээ бодохоос эхлээд тухайн үед төлөвлөсний дагуухаас өөр нөхцөл байдал үүсэхэд шийдвэрлэх бэлтгэлтэй байх нь зүйтэй.

5. Тоног төхөөрөмжөө шалга. 
Мэдээж камер, дуу хураагчийн баттерей байгаа эсэх төдийгүй бүрэн, бүтэн байдлыг нь шалгаарай.

/Энэ их чухал. Хичнээн шалгасан ч, эвдрэл, гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Нэг удаа ярилцлага аваад, дараа нь буулгах гэтэл дуу хураагчинд ямар ч бичлэг байсангүй. Яг ямар эвдрэл гарсныг үнэхээр олж чадаагүй. Тэр үед дэвтэртээ давхар тэмдэглэл хөтөлсөн тулдаа аврагдаж байсан юм байна./

6. Хийснээ бусдад түгээ. 
Нэгэнт мультмедиа чиглэлээр ажиллаж байгаа бол олон нийтийн сүлжээ хуудсуудыг идэвхтэй ашиглаж, мэдээллээ түгээхэд ашиглахад болно. Ялангуяа блог хөтөлж давуу талаа бий болгох хэрэгтэй.

/Энд блогийн тухай дахин ярих нь илүүц биз ээ. Хувийн, төрөлжсөн блог хөтөлж мэдлэг, мэдээллээ хуваалцахын зэрэгцээ өөрийн сонирхол, чадвараа бусдад таниулж түүнийгээ харилцан хөгжүүлэх, цаашлаад хамтран ажиллах боломжтой./

7. Багийн зохион байгуулалтыг туршаад үз. 
Хэн нэгэн нь ярилцлага авах үед, нөгөө нь дүрс, гэрэл зураг авч байх, мөн шаардлагатай мэдээллийг тэмдэглэх зэргээр ажиллаж болно.

8. Ухаалаг утсанд найдаад хэрэггүй. 
Сүүлийн үеийн ухаалаг утас гэрэл зураг дарж, аудио хурааж болох ч тэдгээр нь чанарын шаардлага хангахгүй тохиолдол олон. Түүнчлэн эдгээр нь түр зуур хадгалах л төхөөрөмж тул бүрэн найдвартай биш гэдгийг санаарай.