Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
Хувьтай хүн хур борооноор

     Сүмийн мөргөлчидийн дуунаар шинэ өглөөг угтлаа. Өрөө бүр нь галын өрөөтэй зочид буудалд орсон тул өглөөнийхөө цайг өөрсдөө бэлдэх байв. Иймд хүнсээ цуглуулахаар дэлгүүр орлоо. Энд гадны бүтээгдэхүүн огт байсангүй. Чихэр, амттаны тасагт "Ulker" гэсэн нэр танил харагдсан нь манайд энэ үйлдвэрийн чихэр, печень их байдгийнх болов уу. Мөн жимс, ногоог арлын нөгөө хэсгийн тосгонд тарьж, ургуулдаг аж. Ялангуяа, Турк орныг чидун жимсний эх орон гэлцэнэ. Түүнчлэн Авша арлын иргэд амтат дарс үйлдвэрлэдгээрээ алдартай. Дарс нь дэлгүүртээ багтахгүй, гудамжинд хүртэл гоёж, чимэглэн өржээ.
     Цайгаа уухаар суухад найз өвөө шинэ талх, шинэ нарийн боов гэсээр халуунаар нь бариад ороод ирлээ. "Өдөр бүр шинэ" гэсэн аль нэг компаний уриа байдагтай адил эдний хувьд өглөө бүрийг шинэ хүнсээр угтах аж. Мөн Туркчуудын нарийн боов, гурилан бүтээгдэхүүний цэс нь дуусашгүй. Зөгийн бал, самраар амталсан "Баклава" нь манай ул боовтой адил үндэснийх гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл дэлхийн олон хэлний толь бичигт баклава гэж байх бөгөөд, энэ нэрийг Монгол гаралтай үг гэж байв. Түүнчлэн "Бүрэк" гэх бяслагтай боовоор ширээ чимсэн нь Түрэгийн үеэс үүдэлтэй аж.
Баклава. Зургийг интернэтээс авав.
   Үдийн наранд далайн эрэгт очлоо. Хүмүүс наранд биеэ шаран хэвтэж, багачуул ус, элсээр наадан цагийг өнгөрүүлнэ. Энэ үеэр гэнэт нэг эр чанга дуугаар орилон чихэр зарж байв. Түүнийг сонссон хүмүүс инээлдэн, аав, ээж нь хүүхэддээ чихэр авч өгнө. Өвөөгөөс юу гэснийг асуувал "Хүүхдүүд ээ уйлаарай. Ээж нь чамд чихэр авч өгнө шүү. Хүүхдүүд ээ уйлаад бай, уйлаад бай. Чихэр авч өгтөл нь уйлаарай" гэх аж. Наймаачид үнэхээр зальжин юм.
   Харин хажууханд өдрийн халуунд биеэ битүү багласан эмээ сууж байлаа. Мэдээж мусульман шашны ёсоор үс, мөр, хөлөө халхалсан нь тэр аж. Тэрхүү битүү хувцастайгаа далайд сэлж, наранд хална.
Эмээгийн усны хувцас
   Усанд сэлэхээр далайн эрэгт дөхлөө. Хүүхэд, хөгшид ялгаагүй шумбаад л, үсрээд л орж байв. Хэдийгээр олон жил усанд сэлэлтээр хичээллэсэн ч "Далайг бүү янд" гэж болгоомжлон аядуухан орлоо. Ерөнхийдөө дажгүй шүү. Юу дутахав гээд шумбаад гарч иртэл амнаас давс амтагдаж, нүүрэнд замаг наалдав. Далайн усны шорвогийг өөрийн биеэр амталж үзэх нь энэ.
   Тэгтэл бас л гэнэтийн зүйл тохиосон нь дохио хангинуулан наашлах усан онгоц байлаа. Цагаан хоолойгоор орилохыг нь сонсвол ямар нэг юм зарж байгаа бололтой. Тийм ээ, арлаас түүсэн усан үзмээ шууд авчиран зардаг аж. Гурван лир төлөөд уут дүүрэн усан үзэмтэй боллоо.

    Үдээс хойш буудалдаа ирж хоолоо бэлдэв. Энэ зуур асар хүчтэй бороо цутгаж, том том мөндөр шаагиж эхлэв. Дандаа ингэж ордог уу гэж асуутал, өвөө "Үгүй ээ. Чи л аваад ирлээ" гээд бага зэрэг дургүйлхэн хариуллаа. Харин миний хувьд "Хувьтай хүн хур борооноор" гээд дотроо бэлгэшээн зогссон юм.
   Энэ оройн зоогийг өвөө бэлдэхээр боллоо. Төрөл бүрийн ногоогоор хачир бэлдэж, хурганы мах амтлав. Ер нь Туркчууд хурганы махыг өргөн хэрэглэдэг. Зөөлөн болоод халуун ногоогоор амталсан нь шүлс асгарам байсан юм. Үүний дараа мэдээж Турк цай ууж, хууч хөөрнө. Мөргөл, хоолны дараа цай ууж, ярилцах нь энд бараг л ёс. Цайг "чай /cay/" гэх бөгөөд зориулалтын аяганд энгийн, алимтай, сарнайн гээд олон төрлөөс ууж болно. Олон нийтийн газарт төдийгүй хэн нэгэн танийг цайгаар дайлах нь найрсаг, зочломтгой байдлыг илэрхийлдэг гэсэн.

Үргэлжлэл бий...
Гараараа "хэл" хийсэн өдрүүд 

   Аяллын хоёр дахь өдөр Туркийн Авша арлыг зорих боллоо. Усан онгоцны буудал хүртэл цаг гаруй автобусаар явах байв. Харин "Emos" зочид буудлын эзэд сайхан сэтгэл гарган, Эмушийн ах Мустафа усан онгоцны буудал хүргэж өглөө. Бас Авша аралд хүрэхэд туслуулахаар нутгийн өвөөтэй ч "найзлаад" авав.
    Мөн л амралтын өдөр тул Стамбул хот амгалан, налайж байв. Хурдтай давхих машины цонхоор хотын үзэмж жирэлзэнэ. Дэлхийн бусад том хотуудтай адил ногоон байгууламж, цэгцтэй зохион байгуулалт нь сайхан санагдаж байв. Ер нь байгаль эхээрээ буюу мод, зүлэг, цэцэгс дүүрэн газар хаа ч байсан үзэсгэлэнтэй харагддаг. Бидний үргэлжид адалдаг Эрээн хотын төв талбайд ч бут, сөөг олныг тарьсан нь үзэмж нэмдэг шүү дээ.
   Далайн эрэгт ирэхэд сэрүүн салхи угтав. Онгоц хөдлөхөд цаг гаруйн зай байсан тул орчинтой танилцаж хэсэг алхав. Мөн хүрэх газар хол тул бие засахаа ч мартсангүй. Сонирхолтой нь, мусульман шашинтнууд бие засаад угаал үйлддэг тул бие засах газарт нь цаас бус нэмэлт цорго, бас нэг савтай байх аж.


   Ингээд машинтай нь машинтайгаа, явган нь чемодантайгаа онгоцондоо суулаа. Таван цаг Мармарагийн далайгаар аялав. Хүмүүс далайн давалгааг сонсоход ядаргаа арилдаг гэлцдэг. Тэгтлээ ядраагүй ч тэр чимээ таатай хийгээд үзэхэд нүд амраад сайхан аж. Мөн алсад харагдах уулс нь ч нар жаргахтай зэрэгцэн үзэсгэлэнтэй сүндэрлэнэ.
Сонирхогчийн камераар авсан тул сайн гарсангүй.
    Үдшийн бүрийд Авша аралд ирлээ. Энэ арал ердөө 2000 гаруй оршин суугчтай ч зуны цагт дотоодын жуулчин ихтэй бөгөөд 40,000 гаруй хүн ирж амралтаа өнгөрүүлдэг гэнэ. Тиймдээ ч гадаад хүн үгүй тул гайхан харцгааж эхний оройдоо музейн үзмэр мэт байлаа. Бүгд эргэж харна, инээмсэглэнэ, найрсгаар мэндэлнэ. Харамсалтай нь энд англиар ярих хүн байсангүй. Ингээд л ёстой гараа чилтэл ярина гэгч боллоо. Дэлгүүрт ороод авах зүйлээ бариад "how much" гэхэд өөдөөс туркээр үнээ хэлнэ. Сүүлдээ шууд гараараа дохьдог боллоо. Тэд ч сурамгай гэгч нь хуруугаараа үнээ "хэлдэг" болов.
   Манай ганц дүүргийн хэмжээнд ч хүрэхгүй жижигхэн энэ арал ганцхан төв гудамжтай аж. Тэнд байхгүй зүйл үгүй. Зочид буудал, дэлгүүр, хоолны газар, цэнгээний газар, тоглоомын талбай, интернэт гээд далайн эрэг дагуу алхахад уйдахгүй.


   Энэ үдшийн зугаалга шөнийн 2 цаг хүртэл үргэлжлэв. Хүмүүс өглөөнөөс орой хүртэл дуулж, бүжиглээд амралт ямар байдгийг үзүүлэх шиг болов. Буудалдаа ороод унтах гэтэл хөгжим хангинаад хэцүү байсан ч 3 цаг гэхэд хуулийн дагуу бүгд хөгжмөө унтраах ёстой аж. Хууль зөрчвөл манайх шиг торгуулиар эхлэх биш шууд ямар хугацаатай хорихоос эхэлдэг гэсэн. Халуун цуст 70 сая гаруй хүнийг Жандарма буюу цагдаа нар нь харин ч нэг дэглэдэг юм билээ.

Үргэлжлэл бий...
      Түүхийн хүрдийг биеэр эргүүлэв

    Нэг үе үдэш бүр цэнхэр дэлгэцээр "25 дугаар суваг"-тай хамт дэлхий ертөнцөөр аялдаг байлаа. Тэр цагаас хойш дэлхийн улс орноор яг тэдэн шиг үүргэвч үүрээд, гараараа "хэл" хийж гадаад ертөнцтэй танилцах хүсэлтэй болсон доо. Уг нь миний хувьд, өрнөдөд төрж, хойд, урд хөршдөө хөл тавьсан ч, тэр үед хараахан "ухаан орж", чухам юуг ажиглаж, юуг олж авахаа мэддэггүй байсан бололтой. Тэгээд ч эдгээр нь улс орноорх аялал гэхээс илүүтэй гэр бүлийн хүрээний "айлчлал" байсан бололтой.
     Харин энэ удаад жинхэнэ утгаар үүргэвчтэй аялал хийхээр шийдэж Турк орныг зорихоор боллоо. Мэдээж монголчууд бид Бээжин, Сөүл, Москван аль нэгээр дамжин хөрстийн нөгөө хэсэгт хүрдэг тул би Москвагаар дамжин Стамбул орно. Нар мандах үүрийн гэгээнд, эх нутгийн зөөлөн салхиар үдүүлэн 6 цагийн турш нисч "орос ах"-ынд хүрсэн ч, тэнд Стамбулын онгоц нисэхийг 15 цаг хүлээх байлаа. Энд Набоковын "Лолита" бүсгүйтэй хэдий "хөөрөлдөвч" цагийн зүү нэг л урагшлахгүй, өдрийн урт өнгөрч өгсөнгүй. Хагас цаг болмогц буурь сэлгэн, өөр газар очиж сууна. Ийнхүү өчигдөр өөд болсон хүнд хичнээн хүсэвч дахин ирэхгүй нэг өдрийг би дэмий сэлгүүцэн өнгөрөөлөө.
/Хэдэн жилийн өмнө дан төмөр байсан Шерметевийн сандал одоо нэг юм зөөлөвчтэй болсон байна лээ. :-) /

Арай гэж онгоцонд суух цаг болсон ч "Аэрофлот" сурсан зангаа гарган цаг гаруй хоцорч дахиад л намайг төдийгүй зорчигчдийг хүлээлгэв. Цааш 2 цаг гаруй нисээд зорьсон газарт хүрлээ. Турк улсын урьдны нийслэл, Визант, Константинополийн түүхийг хадгалагч Стамбул хотод газардлаа. Ингээд ирлээ гэж бодтол Паспортын хэсэгт шалгагч паспорт руу минь заагаад "Виза" хэмээн ширүүн харц шидлэв. Заримдаа монголчуудаас ингэж асуух тохиолдол байдаг гэдгийг сонсч байсан тул "Би Монголын иргэн. Танай Элчин Сайд хэлэхдээ Монголчууд танай улсад 30 хоногийн дотор чөлөөтэй зорчиж болно гэсэн. Би Туркт 13 хоног аялаад буцна" гээд тасалбараа гаргаж үзүүлтэл, нүдээ эргэлдүүлэн харж байснаа "come" гэв.
     Очих газарт хүртэл 20 гаруй цаг "аялсны" эцэст халуун, чийгтэй Стамбул хотод хөл тавьлаа. Шөнийн 2 цаг болж байсан тул шууд зочид буудлын зүг явав. Бид "Лалэли" гэх эл хотод төдийгүй, Европт алдартай арилжааны гудамжинд байрлана. Амралтын өдөр тул нам гүм байх ч, ажлын өдөр бол үүр цайхаас эхлээд үдэш хэдий хүртэл бужигнадагийг нь ч мэдэх хүнгүй.
     Маргааш нь өглөө эртлэн бослоо. Зочид буудлын өглөөний хоол бидний ярьдгаар "швед" маягийн буюу өөрөө өөртөө үйлчлэх зохион байгуулалттай юм. Энэ үед нэгэн бүсгүйтэй танилцсан минь уг буудлын эзэн Эминэ байсан юм. Нэрийг нь сайн сонсож чадалгүй дахиж асуутал "Эминемийг бүх хүн мэднэ дээ. Миний нэр түүний нэрнээс "м" үсгийг нь хасчихсантай л адил Э-М-И-Н-Э" гэв. Хүн бүртэй эелдэг, найрсаг харилцаж төрөл бүрийн сэдвээр ярилцаж чаддаг түүнтэй сүүлдээ орой бүр хөөрөлдөх болж Эмуш хэмээн бусдын адил дотночлон дуудах болсон.
"EMOS" зочид буудал. Эмушийн хамт.
Ингээд нар эгц дээрээс төөнөх цагаар Стамбул хотын түүхэн, дурсгалт газруудтай танилцахаар гарлаа. Замдаа Стамбулын Их Сургуулийн хажуугаар өнгөрөв. Өмнөх талбайд нь манай Гандантай адил тагтаа олон бөгөөд хүмүүс тэднийг хооллож харагдав. Нэг өвгөн хүрч ирж гарт будаа атгуулаад "two lira" /лира-Туркийн мөнгөн тэмдэгт/ гэсэн нь бүр ч адил санагдсан.
Стамбулын Их Сургуулийн өмнө
    Цааш мөн л Стамбулд ирсэн хүн оролгүй гарвал "алдас болох" Grand Bazaar захаар орлоо. Мусульман шашинтнууд гэмт халдлага гаргаж, үймээн шуугиан гаргах нь их гэсэн тогтсон ойлголт бидэнд бий. Үүн дээр нэмээд Туркуудыг ер нь халуун цустай ард түмэн гэх юм билээ. Иймд олон нийтийн газраар орж гарахад цагдаа шалгах нь их. Захын үүдэнд цүнх, биеэ шалгуулаад орлоо. Хатуу дэг, жаягтай шашинтай хүмүүс хаачваа гэлтэй эрэгтэй хүмүүсийн харцны аальгүй дэндүү. Хэдий юмаа зарах гэсэн заль боловч алхам тутамд "where are you from? what's your name?" гэж шалгаах нь нэг бодлын төвөгтэй. Гэхдээ Улаанбатартаа амаа жимийгээд, үрчийж суудаг худалдагчдыг биш, найрсаг нь дэндсэн тэдэнтэй худалдаа хийхэд урамтай байсан нь сайхан.
    Дараагийн өртөө дэлхий нийтэд "Blue Mosque" /Sultanahmet Camii - Туркээр/ хэмээн алдаршсан Султан Ахмэтийн сүм.
    Шашны дагуу эмэгтэй хүмүүс сүмд орохын тулд мөр, хөлөө халхалсан байх хэрэгтэй гээд үүдэнд нөмрөг өгч байв. Жуулчид, мөргөлчид тусдаа хаалгаар орох бөгөөд жуулчид шашны мөргөлийг тусгаарласан хэсгээс харах аж. Дөрвөн зуун жилийн настай уг сүм өдгөөг хүртэл "Blue Mosque" хэмээн алдаршсан нь сүмийн дотоод заслыг цэнхэр өнгөөр голчлон хийснийх хэмээн тайлбарлах хүн бий. Түүнчлэн тэртээх өдрүүдэд энэ агуу том байгууламжийн эд, хэсэг бүрийг гар аргаар бүтээж байсан нь гайхалтайд тооцогдоно. Мөн алсаас харвал Мармарагийн далайн наана цэнхэрлэн харагдах нь үзэсгэлэнтэй санагдсан.
      Султан Ахмэтийн өөдөөс Гэгээн Софигийн сүм үүдээ дэлгэжээ. Византын үед баригдаж Испанийн Севилийн дуган "босох" хүртэл мянган жилийн турш дэлхийн хамгийн том сүмд тооцогдож байв. Уран барилгын түүхийг өөрчилсөн хэмээн барилгын хийцийг магтах бөгөөд одоо эртний эд зүйлсийг хадгалах музейн зориулалтаар ашиглагддаг аж.

   Гэгээн Софийн хажууханд Османы үеийн Султанууд амьдран суудаг байсан /:-)/ Топкапи ордон сүндэрлэнэ. Том гэж тоймгүй энэ ордонд хэдэн цаг болсноо ч мэдсэнгүй. Хаанд өргөмжлөх өргөө, номын сан, музей гээд олон хэсэгтэй. Мөн зарим өргөөнд эртний Султануудын эдэлж, хэрэглэж байсан зүйлсээс дэлгэсэн нь анхаарал татаж байлаа. Алтан хөлтэй ор, алтан аяга, мөнгөн сэлэм, алтан хуяг дуулга гээд эртний Султанууд арай л алттай хоол зооглодоггүй байсан бололтой. Түүнчлэн очир эрдэнийн шигтгээтэй нэрийн хуудасны гэр байхыг хараад гайхлаа. Хэдэн он билээ, юу билээ гэж бодоод тайлбарыг унштал эртний Султануудад зориулан жижиглэсэн коран хадгалах гэр аж.
Топкапи

   Ордны цэцэрлэг ч үзэсгэлэнтэй бөгөөд тухтай. Мармарагийн далай намуухан цэнхэрлэж, өрнө дорныг холбосон Босфорын гүүр сунайна.
Мармара далай. Топкапи ордноос
  Ийнхүү түүхийн хүрдийг биеэр эргүүлсээр эхний өдөр өнгөрлөө. Оройн хоол мэдээж дөнэр байсан. Хонь, үхэр, тахианы махаар хийсэн Дөнэрийг хотын хаанаас ч амталж болно. Зэрэгцсэн олон газрын үүдээр явахад л "урин чангаах" бөгөөд хооллоод дуусахад тэр хавийн бүх газрын хүмүүс үднэ. Дөнэрээ зарсан нь "Сайн яваарай. Дараа дахиж ирээрэй" гэх бол хажуугийн газрын хүн "Сайн яваарай. Дараа манай дөнэрийг идээрэй" гэх нь зальжин хэрнээ хөгжилтэй.

Үргэлжлэл бий...
За хөл бөмбөгийн дараахнаас л Twilight:Eclipse-ээр "амьсгалчихсан" чинь...
Киноны саундтракуудыг сонсч байхад хамгийн таалагдсан нь энэ уран бүтээл байлаа. "My Love by Sia"
Сонирхуулахад Sia Furler нь Австралийн жазз, поп урсгалаар уран бүтээл туурвидаг дуучин бүсгүй юм байна.

Америкийн зохиолч Стефани Майерын бүтээл Twilight буюу "Харуй бүрий" зохиол 2005 оноос дэлхий нийтийг шуугиулж, залуусын унших дуртай номын нэг болсон билээ. Үүнээс хойш номын 3 цуврал хэвлэгдсэн бөгөөд 2008 онд эхний цувралыг дэлгэцийн бүтээл болгосон нь кино сонирхогчдын хувьд гайхалтай үйл явдал байсан юм. Түүнчлэн "Харуй бүрий:Шинэ сар" гэх киноны хоёрдугаар анги 2009 онд нээлтээ хийж, харин гуравдугаар анги "Хиртэлт"-ийн монгол дахь албан ёсны нээлт өнөөдөр болж буй.
Гэхдээ олон нийтийн сүлжээ сайт "Фейсбүк"-ийн ачаар цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгчид, тэдний дундаас "Монголын кино сонирхогчид" бүлгийн зохион байгуулагчдын ачаар 300 гаруй гишүүд өчигдөр буюу, киноны нээлтээс нэг хоногийн өмнө "Хиртэлт"-ийн анхны үзэгчид болсон юм. Энэ бол гайхалтай, зохион байгуулагчдад талархсанаа илэрхийлье.
"Өргөө" кино театрт 20,00 цагаас эхлэх нээлтэнд 19,00 цагаас л олны хөлийн чимээ сонсогдож эхэлсэн. "Харуй бүрий" киноны анхны үзэгч болохоор яарсан, тэсэн ядсан сэтгэлийн хөдлөл зочдод байсан нь лавтай. Биечлэн уулзаж байгаагүй ч, цахим ертөнцөд аль хэдий нь танил болсон олон залуус гар барин мэндэлж, сонирхолтой яриа дэлгэж цагийг өнгөрүүлж байсан юм. Удалгүй "Монголын кино сонирхогчид" бүлгийнхэнд зориулсан нээлтийн ажиллагаа эхлэв. Гишүүд нэрээ шүүлгэж, хөнгөлөлттэй үнээр тасалбараа аван амтат коктейлээр дайлууллаа. Энэ үед "Өргөө" кино театрын менежер Аюур /уучлаарай, нэрийг нь сайн санахгүй байна./ зочдод нэгэн баярт мэдээг дуулгасан нь манай бүлгийн гишүүд хойшид "Өргөө" кино театрт шинээр гарах дэлхийн шилдэг киноны байнгын АНХНЫ ҮЗЭГЧИД байх болно гэсэн гайхалтай санаа байсан юм.
Ингээд зарласан ёсоор "Харуй бүрий" киноны фанатуудын дунд асуулт, хариултын уралдаан явуулж 6 оролцогчдоос киноны тухай мэдлэгээрээ илүүрхсэн нэгэн охин "Харуй бүрий" номын монгол хувилбараар шагнуулсан. Түүнчлэн "Twilight" цувралыг бүрэн эхээр нь болон уг зохиолын тэмдэгтэй дурсгалын аягаа авчирсан бас нэгэн бяцхан охин цуглуулгандаа монгол эхийг нь ч нэмж хийхээр болов.
Цагийн зүү 21,15 болоход үзэгчид танхимд суудлаа эзлэн, 21,30-аас удаан хүлээсэн киногоо үзэх мөч тохиов. "Харуй бүрий"-н эхлэлийг үзэгчид алга ташилтаар угтан, 2 цагийн турш баярлаж, гуньж, тулалдаж, өрөвдөн, хайрлах гээд бүхий л сэтгэл хөдлөлийг амссан нь лавтай.
Жинхэнэ кино сонирхогчид, "Twilight"-ийн фанатуудтай энэ хормыг өнгөрүүлэх гайхалтай байлаа. Цаашид ч энэ төрлийн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад, гараа өргөөд, гүйгээд очих хүн олон бий гэдэгт итгэлтэй байна.
Харин киноны тухай дэлгэрэнгүйг "Өргөө" кино театрт үзэж, тэр бүх сэтгэл хөдлөлийг өөрийн биеэр мэдрээрэй. Бүр тэсэхгүй бол Ууганаа блогтоо бичсэн байгаа, театр явахын өмнө уншаад үзээрэй.
Домогт Битлзийн гайхалтай аялгууг залуус бидэнд таниулж, ах эгчийг минь гэгээн дуртгалаар нь аялуулдаг Ганхүү ахад /ахаа гэж дуудахаар харилцаагүй ч, ахмад, бас хүндэлдэг хүнээ ах гэж авгайхалаахаас өөрөөр яах билээ... :o) / би баярладаг. Түүний эрч хүчтэй хоолой, цоглог хэмнэлтэй хөгжмийн аялгуутай гайхалтай зохицож хурсан олны сэтгэлийг хөөргөдөг нь юу юунаас сайхан...
Хэрвээ тэр УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол, Irish-т, The Lemons-ийн тоглолтонд гэхчлэн бидний дунд дуулаад явахаа больдоггүй юм аа гэхэд, ямар ч гэсэн ховордох байсан байх. Тийм болохоор түүний төлөө сонгуульд саналаа өгөөгүй хүмүүст би энэ удаа талархая.
Цаашид дуугаа дуулаад, залуус биднийг олон сайхан зүйлд хөглөн, уриалаарай. УИХ-ын гишүүн болоогүй дээ харамсах хэрэггүй ээ.. Тэртээ, тэргүй хэдэн жилийн дараа монгол метротой болох байх. ;-)
"Оскар"-ын шагналд энэ жил 10 кино шилдэгийн төлөө өрсөлдсөнөөрөө онцлог болсон. Тэдний нэг "An Education" киног үзлээ. 1960-аад оны Англид киноны үйл явдал өрнөнө. Гол дүрийн охин Жэнни Меллор сургуулийнхаа хамгийн онц сурлагатан бөгөөд цаашлаад "Оксфорд"-ын Их Сургуульд элсэн суралцах зорилготой байв. Түүнийг мөрөөдөлдөө хүрнэ гэдэгт анд найзууд, багш нар нь итгэлтэй төдийгүй аав нь ч үүнийг нь "тулган шаардах" мэт дэмждэг байв. Гэхдээ үнэндээ тэр нь дэмжлэг биш жинхэнэ тулган шаардалт байжээ. Учир нь Жэнни нэгэн өдөр Девид гэх өөрөөсөө ахимаг залуутай танилцсанаар тэр амьдралыг өөрөөр харах болно. Үнэтэй, тансаг зоогийн газарт хооллож, сонгодог тоглолт үзэж, клубт эгшиглэх жазз хөгжим түүний амьдралын хэмнэлийг нэгэнт өөрчилжээ. Улмаар охин үргэлж хийдэг байсан хичээлээ орхиж, сурлагын дүн нь ч тааруухан болж эхэлнэ. Энэ үед түүний багш Жэннид алдааг нь ойлгуулахыг хичээсэн ч үл тоомсорлов. Түүнчлэн сургуулийн захирал хатагтай ч түүнтэй уулзав. Захирал "...Сургуульд сурах хүнд, уйтгартай ч" гэхэд Жэнни "Тийм ээ. Маш хүнд бас уйтгартай" гээд эмэгтэй хүн яагаад заавал сургуульд сурч эрдмийн зэрэг хүртэх ёстой гэж хэмээн тайлбарлав. Энэ үед тэр аль хэдийнэ сургуулиа орхихоор шийдсэн байлаа. Тэр Девидтэй гэрлэж, хэн ч ярьдаггүй латин хэлний хичээлд дахиж суухгүй гэхээс баярлаж байсан юм. Харамсалтай нь тэр удалгүй ирээдүйн нөхөр нь гэр бүлтэй, тэр ч бүү хэл хүүхэдтэйг мэднэ. Бүх зүйл иймдээ тулсан үед л тэр алдаагаа ухаарав. Эргээд сургуульдаа сурахыг хүссэн ч захирал нь татгалзав. Харин тэр багшийнхаа тусламжтай хичээлээ үргэлжлүүлж, "Оксфорд"-ын Их Сургуулиас Жэнни Меллор таныг хүлээж авахад бид бэлэн байна гэсэн захидлыг хүлээж авна.
Нуршуу ч гэмээр эсвэл асар олон хүний хөдөлмөр, бүтээллийг баллачихав уу ч гэмээр биччихлээ. Уучлаарай.
Ингээд үндсэн санаандаа оръё. Жэнни охин сургуулийн хамгийн шилдэг нь байсан. Тэр бүх л хичээлд "А" авдаг, гайхалтай сурагч байсан. Гэхдээ тэр гайхалтай том алдаа гаргасан. Яагаад? Сургууль түүнд бүхнийг зааж, тэр бүхнийг сурсан шүү дээ. Гэхдээ юуг үлдээчихэж вэ?
Хүмүүс "Амьдралын их сургууль" гэж ярьдаг. Харин Жэнни түүнд сурч чадаагүй байж. Тэр бодит амьдралаас, нийгмээс ангид амьдарч гэртээ, өрөөндөө франц дууны үгээр амьдралыг төсөөлж байжээ. "Оксфорд"-од сурах зорилгоо ч ухамсарлаагүй байж. Хүн сайхан амьдрахын тулд зорилго тавьж түүнийхээ төлөө аливаа үйлийг хийдэг байх. Харин тэр аавынхаа өөрт нь босгосон зорилгын төлөө амьдралаа үрж байж. Энэ л түүний алдаа. Үүнтэй адил залуусын дунд тэвэртэй багтахгүй номноосоо илүүг харж чадахгүй хүмүүс олширчихжээ. Дунд сургуулиа төгсөөд яагаадыг мэдэхгүй бусдын л адил их сургуульд орно гэж бодох, орсон хойноо яагаад сурж байгаагаа ч мэдэхгүй яваад байдаг хүмүүс олон. Тэгвэл нэг удаа ч болов гудамжинд гараад ирээдүйд яаж амьдрах тухайгаа бодоод үзээсэй. Тэгээд түүний төлөө юу хийвэл зохилтойг тунгаавал дээрсэн. Учир нь үүнийг бидэнд сургууль заадаггүй юм.