Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
Долдугаар сарын сүүлч, зуны нарлаг өдөр боловч бид сэтгэл эмзэглүүлэм тоон мэдээллийг сонсоод сурвалжлага бэлтгэхээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын байрыг зорив. Хаалгаар ороход цэвэрхэн, тохилог бөгөөд хохирогч хүлээн авдаг гэх өрөөнд ормогц өнгө алагласан зурагтай шал, тоглоом наадгай болсон хана, чимэглэл угтахад дулаан хэдий ч гайхах сэтгэгдэл эрхгүй төрсөн юм. Танайд хандсан хүчирхийллийн хохирогч хамгийн багадаа хэдэн настай байсан бэ гэхэд “Таван настай хүүхэд ирж зөвлөгөө авч байсан удаатай” гэж тус байгууллагын зохицуулагч Б.Оюундарь хэлсэн юм.
Бидний энэ уулзалтаас хойш гурван сарын дараа буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд “Таван настай охин хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй” гэх мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарьсныг уншигч Та дуулсан байх. Хойд аавтайгаа амьдарч байсан бяцхан охин алхаж чадахгүй болтлоо гэмтээд Шүүх эмнэлэгт хүргэгдэхэд Төлбөрийн журам гэх дөрөвхөн заалттай цаас харуулаад үйлчлэхээс татгалзсан “төрийн төмөр нүүр”-ийг бид таньж авлаа.
Та санаж байна уу? Сурагчид нь бэлгийн дарамтад өртдөгөө хэлснийг үл харгалзан ажилдаа эргэн томилогдсон 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас үндэслэлгүй халж, захирамжилсан шалтгаанаар Монгол улс түүнд 2,5 сая гаруй төгрөгийг нөхөн олговорт өгөхөөр болсон. Захиргааны ерөнхий хуулийн дагуу энэ мөнгийг төр түрүүлж олгоод түүнийг алдаа гаргасан албан тушаалтан буюу Нийслэлийн засаг дарга С.Батболд төрд эргүүлэн төлөх ёстой.
Гэвч ерөнхий тоон мэдээлэл харвал энэ зардал эргэн төлөгдөх нь ховор бөгөөд дээрх шалтгаанаар Монгол улс жилд нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулдаг аж. Гэтэл Шүүхийн шинжилгээний хүрээлэнд очсон хэн ч бай Төлбөрийн журмын дагуу төлбөрөө урьдчильж хийх ёстой. Төлбөрөөс хөнгөлөх нэг л тохиолдол нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготойг харьяа дүүргийн нотлох баримтаар хангасан үед гэж байгаа. Гэтэл хүчирхийлэлд өртсөн, гэмтэж бэртсэн хүмүүс дэлгүүр орж байгаа мэт хэтэвч, мөнгөө бэлтгээд гарах болов уу? Ялангуяа Шүүх эмнэлэгт хандсан 0–15 насны хүүхдээс авах хураамжаас уг байгууллага жилд 5 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг аж. Нэг тэрбум гаруй төгрөгийг хариуцлага алдсан албан тушаалтнаас нэхдэггүй манай төр эрүүл мэндээрээ хохирсон иргэнээсээ 5 сая төгрөгийг нэг нүүр цаасаар хаацайлан шаарддаг нь харамсалтай.
Хүчирхийлэл зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай юу?
Бага насны охинтой холбоотой мэдээлэл түгэхтэй зэрэгцээд шийдвэр гаргагчид, тэр дундаа УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандсан асуулт, хүлээлт олны дунд хүчтэй байсан. Тэдний зарим нь буюу УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар үйл явдал өрнөснөөс хэд хоногийн дараа мэдээлэл хийж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Гэвч тэдний мэдэгдэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр царай нь төв, дуу нь чанга болохоос өнгөрсөн хугацаанд хуульд анхаарал хандуулсан эсэх, тулгарч байгаа бодит саад, бэрхшээл юу байгааг тодорхой мэдэж байгаа нь эргэлзээтэй байв.
Энэ парламент дахь эмэгтэй гишүүдийн хувьд хамтын ажиллагаа өмнөхтэй харьцуулахад сул байгааг сэтгүүлч би гэлтгүй олон хүн цахим орчинд илэрхийлж байгааг хүлээн авч нийгмийн бүхий л асуудлаар биш юм гэхэд ядаж олны хүлээлтийг тээгээд хүчирхийллийн эсрэг аливаа үйл ажиллагаанд Та бүхэн нэгдэж оролцоосой. Нэг цэгийн үйлчилгээний төв гэх байгууллагад нийгмийн ажилтан нэгээрээ ажиллаж байгаа бодит байдалтай нүүр тулж, хамтарсан багийг ахлах учиртай баг, хорооны Засаг дарга хуулиа мэдэхгүй хүүхэлдэйн кино хийлгэхдээ тулж, хохирогчтой ажиллуулахаар бэлдсэн мэргэжилтнийг улс төрийн шалтгаанаар ажлаас шилжүүлж байгаад хяналт тавиад өгөөч.
Цаашлаад энэ бүхнийг зөвхөн эмэгтэйчүүд ярих биш төр түшилцэж байгаа эрэгтэйчүүд бас ярих учиртай. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай, эмэгтэйчүүд ярих ёстой сэдэв биш. Хүчирхийллийн хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн олонх нь эрэгтэйчүүд байхын зэрэгцээ эрэгтэйчүүд ч бас хүчирхийлэлд өртөж байгааг (15%) олон судалгаа харуулж байгаа юм. Бид ч ярьж бичихдээ “охид хүчирхийлэлд өртөв”, “эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” гэсээр хүчирхийлэл гэх үг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай, тэдэнд л тохиолддог зүйл мэт ойлгоод дадчихаж. Гэвч үүнийг үйлдэгч, хохирогч аль алинд нь эрэгтэй хүний оролцоо бий гэдгийг санаж байхгүй бол болохгүй.
Тиймээс хөвгүүдэд бага наснаас нь өөрийгөө зөвөөр илэрхийлэх, аливаа маргааныг хүчээр бус ярилцаж зохицуулах, тэдний боловсролд анхаарах нь эрх тэгш, эрүүл нийгэм бүтээхийн үндэс суурь гэдгийг “Гүнж” төвийн Гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг онцолж байгаа юм.
Боловсрол чухал уу?
Эндээс ургаад бид иргэддээ нөхөн үржихүйн болон нийгмийн харилцаатай холбоотой боловсролыг ямар түвшинд олгож байгааг эргэн харах зайлшгүй шаардлагатай болжээ. Эрүүл мэнд гэх бие даасан хичээлийг хавсран орох нэрийдлээр хөтөлбөрөөс хассан нь хүүхдэд олгодог өргөн мэдлэгийг хумьж орхив. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлуулах, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын медиа корпораци “Хаалганы цаана” аяныг дэмжин оролцож үр дүнд хүрснээс хойш жил болж байна. Энэ хугацаанд бид энэ сэдвээрх мэдээ, сурвалжлагаа үргэлжлүүлэн бэлтгэж байсан бөгөөд бэлгийн замын халдварт өвчин дэлгэрэх, гэр бүл төлөвлөлт тааруу байх, архидалт газар авах, хүчирхийлэл хүрээгээ тэлэх гээд нийгмийн олон асуудлын уг үндэс нь нийгэмд энэ талаарх ойлголт, мэдлэг бага байгаатай холбоотой юм.
Бид бүх хүүхдээ тоондоо сайн, физиктээ мундаг, гадаад хэлтэй өндөр боловсролтой болгож өсгөсөн ч бие махбодь төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндийн ойлголт, үнэт зүйлтэй хүн болгож төлөвшүүлэх нь эн тэнцүү чухал гэдгийг анхаарч үзэхээс аргагүй.
Багаасаа бусдыг хүндэтгэж сураагүй хүнд насанд хүрсэн хойно нь ийм дадал заах уу? Гэр бүл төлөвлөлтийн мэдлэггүй залуус бие биедээ сэтгэлээсээ дурлаж бус “хүүхэдтэй болчихлоо” гэсэн шалтгаанаар гэрлээд тогтвортой амьдарч чадах уу? Тиймээс нөхөн үржихүй, нээлттэй зөв харилцааны төлөвшлийг иргэддээ багаас нь, сургуульд байхаас нь олгох шаардлагатай энэ чиглэлээр судалгаа хийж, үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд дуу нэгтэй зөвшөөрч байна. Ялангуяа, өдөр тутмын амьдрал, үйл явдалд түүртээд аав, ээжүүд хүүхдээ хайхрах, тэднийг анхааралтай сонсох нь багассан болохыг та анзаараад үзээрэй. “Ээжээ та өнөөдөр ажилдаа битгий яв л даа”, “Ааваа, ах надтай өдрийн турш сонин тоглоом тоглосон” гэх зэргээр хүүхэд гэр бүлийн орчинд таагүй байгаагаа илэрхийлж байдаг аж. Үүнийг нь үл тоосны улмаас хүүхдүүдээ насан туршид нь бие махбодь, сэтгэлийн шархтай үлдээх, ойр дотны, ураг төрлийн хүнээ “хэрэгтэн” болсон хойно нь таних болдгийг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь санууллаа.
Мөн дээр дурьдсанчлан хоёр жилийн өмнө Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасч Биологи, Биеийн тамирын хичээлтэй нэгтгэх болоход багш нар хүчтэй эсэргүүцэж байв. Хэдийгээр дээрх хоёр хичээлд биеийн эрүүл мэндтэй холбоотой агуулгууд бий ч, бие даасан хичээлийг дагаад сэтгэл зүй, харилцааны агуулгууд нэмэгддэг байна. Энэ тухайд Нийслэлийн Тавдугаар сургуулийн багш Ж.Цэцэгээ “Улс үндэстэн оршин тогтнож байгаагийн ганц үндэс нь газар нутаг, тал хязгаартаа биш хүндээ байдаг. Эрүүл мэндийн хичээл дээр эрүүл харилцаа буюу гэр бүлийн харилцаа орж ирнэ. Гэр бүлийн үнэт зүйл гэж юу юм бэ. Айл бүрт үнэт зүйл байдаг. Үнэт зүйл, эрхэм чанар хоёр ойролцоо утгатай юм гэдгийг одоогийн хүүхдүүд дөнгөж ойлгож эхэлж байна” (2015–02–04, gogo.mn) гэсэн нь онож хэлсэн мэт.
Тиймээс аливаа бодлогыг хэрэгжүүлэхдээ тууштай байж, эсвэл өөрчлөх цаг нь ирэхэд бодлоготойгоор хөдлөхгүй бол бид хүүхдүүдээрээ энэ мэтчилэн тоглох нь ирээдүйгээрээ наадаж байна гэсэн үг юм. Нийтлэлийн эхэнд дурьдсан “төрийн төмөр нүүр” гэх үг угтаа төрийн бодлого хатуу, чандыг илтгэдгийг уншигч та мэдэх биз. Харин бид бодлого, дүрмээ тогтохдоо хөнгөн, хуумгай хандсан хэрнээ хүүхдүүд, хохихрогчдод л үүнээ үзүүлдгийн тод жишээ нь эл хэрэг боллоо.

Өнгөрсөн жилийн сонгуулиар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн бичлэг задарсан нь манай нийгэмд бид ямар эринд ирснийг хурцаар сануулсан хэрэг болсон болов уу. Түүнээс хойш олны танил хүмүүс, улс төрчидтэй холбоотой аудио, видео элдэв бичлэг, зураг тарах нь элбэгшээд байна.

Бид үнэндээ энэ зууныг Мэдээллийн нийгэм гэж бахдаж ярих бүртээ түүний авчирч буй давуу талыг ч тэр, эрсдлийг ч тэр үл хайхран гоё үгэнд л автаад байх шиг. Орон зай, цаг хугацааг үл хамааран мэдээллийн нээлттэй урсгалыг бий болгосон цахим хэрэглээ өнөөдөр олон нийтийн дунд харилцааны хэрэгсэл төдийхнөөр хязгаарлагдаж, мэдээлэл харилцааны дэвшилтэт технологи нь даяар ертөнцтэй биднийг холбож өдөр тутмын амьдралыг минь тэр бүр хөнгөвчилж байна уу гэвэл эргэлзээтэй. Гоё чиптэй цахим үнэмлэхтэй болсон ч, “ид шид” нь бүрэн бус, НӨАТ-ын баримтаа кодоор уншуулдаг болсон ч хэвлэмэл цаасыг нь хадгалахгүй бол сугалаанд хожиж болдоггүй, ТҮЦ машинтай хэрнээ авсан лавлагааг нь банкинд хүлээн зөвшөөрдөггүй “мэдээллийн нийгэм” манайд бий.


Үр шимийг нь үл ялиг мэдрэхтэй зэрэгцээд нээлттэй энэ урсгал дунд бид хувь хүнийхээ асар их мэдээллийг тавиад туучихаж байгаа. Үгүй ядаж л, банкны картын нууц үгийг минь жишим ч үгүй асуудаг үйлчлэгчид байна. Орцонд байрлуулсан камер намайг хамгаалах гээд байгаа юм шиг хэрнээ хөршийн хүн СӨХ-д хандахад надад хэлэлгүйгээр миний орж, гарахыг шүүчихдэг. Чухамдаа гар утасны компанид ажилладаг найздаа хэлээд хүний текст мессеж уншсан тохиолдлыг ч сонсч л байлаа.

Энэ бүхнийг Мэдээллийн нийгмийг цогцлоох явцдаа гадны орнуудад “Surveillance Society” буюу Цагдан хяналт дахь нийгэм бий боллоо гэж халаглаж, халширч байжээ.

Гудамжны хяналтын камер, цахим хэрэглээ гээд бидний үйл хөдлөл бүр ямар нэг төхөөрөмжид хадгалагдаж, цуглуулсан датагаар нийгмийг яаж ч “хөдөлгөж” болох нь үнэндээ аюул болоод байгаа хэрэг. Эндээс л “Uncle Sam биднийг харж байгаа” гэх хэлц үүсч, иргэд олон нийт өөрийг нь “хамгаалах” гэсэн Засгийн Газраасаа нууцлал, итгэлтэй байдлыг шаардах болсон. Үүнд нь итгээгүй Эдуард Сноудэн, Брэдли Мэннинг зэрэг “нууцад халдагч”-ид хүртэл бий болж тэмцэлдэж байна.

Харин Монголд энэ талаарх ойлголт нийтийн дунд түгээмэл биш байна. Бид цахим мэдээлэл бүү хэл, уламжлалт мэдээлэлтэй харьцахдаа ч тааруу байгаагийн илрэл нь мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлд нягтлал, шүүн тунгаалтгүйгээр автан, итгэж байгаагаас харагдана. Өнөөг хүртэл монгол хэлэнд “Media literacy” буюу мэдээллийн хэрэгсэлд бичиг үсэг тайлагдах гэж дүйцүүлэн тайлбарлахуйц үгийг нэршиж дадаагүй байна. Гэтэл мэдээлэл гэх ойлголт өргөжиж Digital literacy, Information literacy гэхчлэн бидний тайлагдах ёстой мэдлэг асар их болжээ.

Тэгтэл энгийн иргэн бүү хэл улс орныг удирдахын төлөө өрсч буй бүлгүүд энэ тал дээр ямар сул, дорой байгааг бид сүүлийн хоёр сонгуулиар харж байна. Тэд азгүйдээ, эсвэл биднээс дор болоод тийм үйлдэл гаргадаггүй байх. Гагцхүү мэдээлэл, нууцын аюулгүй байдал ямар байна вэ? Биднээс өөр улсад Засгийн Газар нь олон нийтээ хамгаалах нэрийдлээр цагдлаа гэж асуудал үүсдэг атал манайд улс орныг жолоодох хүмүүс нь үл, ялиг үйлдэл дундаа энэ мэтчилэн мэдээллээ алдчихдаг.

Угтаа Засгийн Газар энэ талаар бодлого боловсруулж, ядаж миний дүүд Information literacy-гийн талаар ойлголт өгөх болов уу гэж би итгэдэг юм. Хүн төрөлхтөн 2000 оноос хойш мэндэлсэн хүүхдүүдийг “Digital Nation” буюу төрөхөөсөө л цахим хэрэглээнд дадаж, дижитал нийгэмд торниж буй гэж тодорхойлоод тэдэнд зориулсан нийгмийн харилцаа, орчин нөхцөлийг бүрдүүлж буй. Гэтэл бодлогын төлөөх өрсөлдөөний явцаас л тэр цаг хол байгааг харлаа.

Миний энэ мэт сийрүүлж суугааг манай Засгийн Газар — хэрэгжүүлэгч агентлаг нь I.P хаягаар хөөгөөд хаанаас товшиж вэ гээд мэдчих байх. Гэхдээ, уучлаарай, миний мэдээллийг хэрхэн олж авч, датаг нь хэрхэн хадгалж, бас намайг яаж хамгаалдаг юм болоо?

Би дөнгөж өнөө орой, хэдхэн цагийн өмнө Их Британийн Соёл урлаг, Медиа, Спортын яам чиг үүрэгтээ Дижитал орчны харилцаанд анхаарах үйл ажиллагааг нэмж яамны нэрээ Дижитал, Соёл, Медиа, Спортын Яам болгосон тухай уншиж байлаа. Үндэслэл, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сайтдаа нэн дэлгэрэнгүй тайлбарлажээ. Нэгэнт бид даяар ертөнцөд урагш тэмүүлж л байгаа бол энэ мэт алсыг харсан бодлоготой байхгүй бол хотынхоо булан бүрийг интернэт холболттой болгоод асуудал шийдэгдэхгүй гэдгийг л харж авлаа.

Даяаршил бидэнд олон сайхан боломж авчрахын зэрэгцээ үндэстэн хоорондын ондоошлыг үгүй хийж байна гэж сүүлийн үед халаглах болсон. Ингээд улс үндэстэн бүр ялгарах онцлог, давтагдашгүй шинжээ хадгалахын тулд “үүдээ барих” бодлого баримтлахаа зарлаж эхлээд байна. Гэвч даяаршил болоод технологийн хөгжлийн нөлөөгөөр буюу энэ цаг үед зэр зэвсэг, эд хөрөнгтэйн дээр Мэдээлэлтэй хүн хамгийн хүчтэйд тооцогдох болоод байна. Тиймдээ ч энэ эринийг Мэдээллийн зуун, мэдээллийн нийгэм гэж нэрлэсэн биз. Энэ мэдээлэл дэлхийг хэдийнэ хэрэн нэгтгэсэн тул энэ зангилаанаас гарч, дангаар оршин тогтнох гарцгүй гэдгийг The Guardian-д нийтэлсэн дараах зурвас харуулж байх шиг.

Панамын баримтууд дээр голлон ажилласан Германы Sьddeutsche Zeitung сонины эрэн сурвалжлагчид дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг Доналд Трампын эсрэг нэгдэн ажиллахыг санал болгосныг энд хөрвүүлэх гэж үзлээ.

“Доналд Трамп одоо Ерөнхийлөгч болсон. Энэ үйл явдал бидний олонхид сорилт болж байгаа нь хэвлэл, мэдээллийн салбарыг ч тойрсонгүй. Доналд Трамп сонгуульд ялсныхаа дөнгөж дараахан, анхны хэвлэлийн хурлаа хийх үеэр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн CNN-ий сурвалжлагчийг онцгойлон цохож, басамжилсан нь сэтгүүлчдийг цочроосон хэрэг болсон. Харамсалтай нь, тухайн үед хурлын танхимд байсан нэг ч сэтгүүлч мэргэжил нэгтнээ өмөөрч боссонгүй.
Хэвлэл, мэдээлэл рүү давшилсан түүний дээрх тохиолдол эхнийх нь биш, сүүлчийнх нь ч бас биш биз. Өнгөрөгч бямба гаригт Цагаан Ордонд болсон хэвлэлийн мэдээлэл ч доромжлол, заналхийлэл, баримтгүй мэдэгдэлтэй өнгөрсөн. Тиймээс л дөрөв дэх засаглалын бидэнд нэгдмэл байдал, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгаа юм…

Панама пейперс бидэнд хамтын ажиллагаа ямар чухлыг харуулсан гэж болно. Хоорондоо ямагт өрсөлддөг хэдий ч, дэлхий даяарх 400 гаруй сэтгүүлчтэй бүх баримт, сэлтээ хуваалцсанаар бид маш олон эрэн сурвалжлагчидтай нэгдэж чадсан юм. Манай сонин буюу Германы Suddeutsche Zeitung гэхэд өрсөлдөгчтэйгээ мэдээллээ хуваалцсан нь энэ бүхэн ганцаараа хийхэд хэтэрхий том, хэт чухал байсан учраас билээ.

Энэ удаад ч бас бид дангаараа хийхэд ач холбогдол нь үлэмж их, хамрах хүрээ нь дэндүү өргөн нэгэн сурвалжлага байна. Энэ бол Америкийн нэгдсэн улсын ардчилал дахь Доналд Трампын нөлөөлөл юм…

Бидний санал болгох эхний алхам бол чинхүү нэгдмэл байдлаа харуулах. Хэрэв Доналд Трамп дахин хэн нэг сурвалжлагчийг онцгойлон давшлах, асуултад хариулалгүй орхивол микрофон атгасан дараачийн сэтгүүлч нь асуултыг давтах. Трамп дахиад тэр сэтгүүлчийг зогсоовол, дараачийнх нь асуултаа давтах. Энэ магадгүй шинэ бөгөөд танил биш арга байх. Гэхдээ медиа дахиад тийм “аймшигтай” хэвлэлийн хуралд оролцмооргүй байгаа л бол, зоригтой тууштай байх хэрэгтэй байна.

Нэгдмэл чанар, хамтын ажиллагааны дараачийн түвшин нь илүү хүч сорьсон хэрэг байж мэднэ. Жишээ нь, Washington Post-ийн сурвалжлагч танд батлахад хэцүү мэдээлэл байгаа бол түүнээ хамтран ажиллаж байсан, эсвэл өрсөлдөгч өөр хэвлэлдээ ч хамаагүй өгчих. New York Times, CNN, ProPublica, Fox News, ер нь тус болох хэн ч байсан хамаагүй. Тэдэнд “эвлүүлдэг тоглоом”-ын нэг л хэсэг дутаад, эсвэл маш чухал хоёрдогч эх сурвалж олдохгүй байсан байж мэднэ. Тийм болохоор яагаад хамтарч болохгүй гэж?

Дараа нь, хамгийн чухал нь хамтарсан төсөл төлөвлөж ажиллах. Юун түрүүнд Трампын олон улс дамнасан бизнес сүлжээг илрүүлэх, тэрбумтнуудаас бүрдсэн танхимыг нь судлах, тэдний бүх ашиг, сонирхлыг илчлэх.


Доналд Трамп ганцаараа хэдэн зуун компанитай холбоотой. Тийм учраас үүнийг ганц хэвлэл, мэдээллийн байгууллага эрэн сурвалжлахад төвөгтэй. Гэхдээ хамтын эрэн сурвалжлага хийвэл болохгүй зүйлгүй.

Мөн ОХУ-тай ямар холбоотой, өнгөрсөн хугацаанд хэрхэн харилцаж ирсэн зэргийг нь сурвалжилж болно. Түүний үл мэдэгдэх ашиг сонирхол нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд үлэмж заналхийлж байж мэднэ.

Мөн бидний хамтын ажиллагаа зөвхөн медиа хооронд төдийгүй олон улсын редакц хооронд байж болно. Трампын зөвхөн Америкт төвтэй бизнесээс гадна өөр олон зүйлийг мэдэх гадаадын сэтгүүлчид байхыг үгүйсгэхгүй. Бид энэ туршлагыг Панамын баримтууд дээр Исланд, Орос, Пакистан, Аргентина, Их Британийн сэтгүүлчидтэй ажиллахдаа олж авсан юм.

Трамп одоо АНУ-ын Ерөнхийлөгч. Тэр бол Засгийн Газар гэсэн үг. Засгийн газрын хүчийг, хүчний төвийг сурвалжлах нь сэтгүүлчдийн журамт үйл хэрэг гэхэд хилсдэхгүй. Ялангуяа, олон улсын авилга, хээл хахуультай холбоотой асуудлыг эрэн сурвалжилдаг, түүнд холбогддог олигархуудтай ижил аягладаг Ерөнхийлөгчтэй болсон үед энэ нь маш чухал.

Тэр өрсөлдөгчөө “тор”-оор сүрдүүлж, хэн ч биелүүлж чадамгүй амлалтууд өгч, гэр бүл, Засгийн ажлаа хольж, бизнес, улс төрийг хутгаж байна. Тэр хуулийн хэрэгжилтэд саад болж, тэр хэвлэлийн эрх чөлөөтэй тэмцэлдэж байна.
Түүний Засгийн газар дайсагнасан замыг сонгожээ. Тэгвэл одоо бид ч бас арга замаа солих шаардлагатай боллоо. Шударга байхын тулд төдийгүй үнэхээр ийм зайлшгүй шаардлагатай нүүр тулсан учраас.”