Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
    Одоогоос хэдэн сарын өмнө блогтоо Нийгмийн рекламны тухай бичлэг оруулж байсан. Энэ сэдэв сонирхлыг минь татдаг бөгөөд дипломын ажлын минь сэдэв л дээ. Тиймээс энэ талаар мэдээлэл цуглуулж, олон бүтээл үзэж, харахыг хичээдэг юм. Харин энэ сард Монголын реклам бүтээгчдийн холбооноос "Бидэнд ойрхон ирээдүй" нийгмийн сэдэвт рекламны фестивалийг хоёр дахь удаагаа зохион байгуулахад нь оролцож үзэхээр шийдсэн юм. Ангийнхаа найзуудтай ярилцаад  бид хүүхэдтэй холбоотой, тэдэнд тулгамддаг асуудалд олны анхаарлыг хандуулах видео хийхээр боллоо.
   Ингээд миний бодолд хамгийн түрүүнд санаа нь, тэгээд бүр шууд уриа үг маань орж ирсэн. "Сэтгэх эрх чөлөөг түүнд үлдээ" гэж. Бид нийгмийн гишүүдээ бүр багаас нь, хүүхэд байхаас нь "нэг хэвэнд цутгах" гэж хичээдэг юм шиг надад санагддаг юм. Уг нь хүн бүр өөрийн үзэл бодолтой, аливааг харахдаа өөр өөрийн өнцгөөс дүгнэн боддог. Тэр дундаа хүүхдийн сэтгэхүй гэнэн цагаан, бас хамгийн үнэн. Тиймээс тэдний сэтгэлгээнд ямар нэг хориг хязгаар, хүлээс үгүй байдаг. Тэд бодохдоо нар шар өнгөтэй, заримдаа улаан болж харагддаг, тэнгэр уудам цэнхэр ч, заримдаа яагаад хаяа нь улаан байдаг юм бол? гээд олон, олон яагаадыг биднээс асууж заримдаа "Нээрэн юу билээ?" гээд дүүтэйгээ хамт бодох үе надад байдаг. Харин заримдаа томчууд, тэд бүгдийн цагаан "цаасыг" нэг өнгөөр будаад, өөр өнгийн цаастай нэгнийг гадуурхаж, бусдаас онцгойлохчихдог. Тиймээс энэ байдлыг үгүйсгэж, бяцхан хүүхдэд чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг олгооч гэсэн үүднээс энэ видеог хийлээ.
  Гэхдээ маш богино хэмжээний энэ дүрс бичлэгийг хийхэд цаг зав, хөдөлмөр хэр их зарцуулдгыг зарим хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Бид 60 орчим минутын дүрс авч, түүнийгээ эхлээд монтажилахад 1 мин 50 секунд болж байв. Харин уралдааны шаардлагын дагуу 30 секундэд багтаах гэж хичнээн хичээсэн ч, арай л бололгүй 50 секунд болчихлоо. Мөн найруулга, зураг авалт, эвлүүлэг гэхчлэн олон зүйлийг хийхэд мэргэжлийн хүмүүс шаардлагатай байсан ч, сэтгүүл зүйн ангийн оюутнууд бид хэрэндээ л хичээсэн юм.
   Бидний зорилго дээрх уралдаанаас ямар нэг шагнал хүлээх байсангүй. Угаас энд ихэвчлэн мэргэжлийн студи, продакшнууд олонд хүрч байсан бүтээлээрээ өрсөлддөг. Харин бид ямар ч гэсэн рекламны сонгоны ангийн оюутнууд, тэр дундаа миний хувьд энэ чиглэлээр дипломын ажил хийж байгаа тул гараас гарсан бүтээлтэй байхыг хүссэн юм. Юутай ч энэ зорилгодоо хүрсэндээ сэтгэл хангалуун байна.
    Найзууддаа баярлалаа. Оюу, Сувдаа, Сүнжээ, Бүрнээ, Нарка, Хулан.Д, Хашаа.
    Бас мэдээж багш нартаа болон дүүдээ. :-)  

Хулан Жүгдэр

    Амралтын өдөр интернэтээр хэсч яваад найруулагч Б.Чингүүний "Гэрэл" богино хэмжээний киног үзлээ. Түүний өмнөх бүтээлүүд  "Анхны болзоо", "Соло"-г үзэгчид ихэнхдээ сэтгэлгээний гэдэг ч, энэ удаагийн бүтээл энэ тодорхойлолтонд урьдынхаас илүү дөхөх болов уу. Киноны гол дүрд зураач Ж.Гэрэл тоглож, түүний бүтээлээр санаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Ж.Гэрэлийн үзэл бодол ч харагдах шиг болов. Учир нь саяхан "Гоодаль" сэтгүүлийн хуудаснаас түүнтэй "танилцахад" математикийн томъёог бүтээлдээ түлхүү ашигладаг бөгөөд амьдрал яг л бодлого шиг гэсэн нь санаанд буув. Киноны зураглалын хэсгүүдэд Ж.Гэрэлийн бүтээл дэхь тэрхүү томъёонууд цөөнгүй харагдаж байсан юм.
  "Гэрэл"-ийн эмэгтэй гол дүрд жүжигчин А.Хулан тогложээ. Харамсалтай нь, түүний гаргасан сэтгүүлч бүсгүйн дүр төдий л сайн байсангүй. Гэхдээ энэ нь жүжигчний алдаанаас биш, харин зохиолч, найруулагчаас болов уу гэж бодож байна. Ийн бодохын учир нь, сэтгүүлчийн хэлдэг текстүүд Гэрэлийнхээс хэтэрхий сул бөгөөд ерөөс тэр дүр кинонд гардагчлан зураач, сэтгүүлч 2 нэг ертөнцийнх гэдгийг илэрхийлж чадахгүй байсан. Ядаж л түүний биеэ авч яваа байдал, ярианы өнгө төрх хийгээд үйлдэл нь яавч нэг ертөнцийнх байж чадсангүй. Үгүй ядаж эхлэл хэсэгт Гэрэлийн өгдөг архийг уусан ч болох л байсан шүү дээ.
  Харин киноны хөгжим маш их таалагдсан. Тэр дундаа "Хүн яг өөрийнхөөрөө, бас өөрийн ертөнцдөө сэтгэл хангалуун амьдрах ёстой" гэсэн текстийг Herman Brood-ийн "My Way" дуутай хамтатгасан нь гайхалтай. Цаашлаад "Бидний байтугай чи бид хоёрын ертөнц ч ондоо" гэсэн үгнээс ургуулан олон зүйлийг бодож болно.
  Гэхдээ энэ бүх үгс чихэнд хүрэхдээ танил бус төрхөөс гарах, хэзээний танил хоолойн өнгөөр дамжив. Өөрөөр хэлбэл Ж.Гэрэлийн оронд бидний сайн мэдэх уран бүтээлч А.Миеогомбо дуу оруулсан нь хэтэрхий хиймэл байлаа.
  Ерөнхийд нь үзвэл бүтээлийн хийц, санаа нь тун ч их таалагдсан. Энэ мэтчилэн сэтгэлгээний гэж тодотгохуйц бүтээлүүдийг цувралаар хийснээр найруулагчаас дараа, дараачийн илүү сайхан, илүү гоё киног хүсэх хүлээлтийг үүсгэж байна. Миний хувьд, киноны хамгийн таалагдсан хэсэг нь сонин дээрх "Өнгөгүй ертөнцийн сүүдэр" гэх гарчиг, мөн төгсгөлийн "Хайр сэтгэлд өнгө чухал гэж үү?" гэсэн хэсэг байлаа. Үг бүрээс нь нэгэн шинэ санаа, бодол эргэцүүлэл олж авахуйц "Гэрэл"-ийг олон ч удаа үзэж, тунгаасаар байна. Угаас киноны төгсгөл нээлттэй байгаа нь утга санааг хүн бүр өөрийнхөөрөө хүлээн авч, өөрийн ертөнцдөө бясалгах эрх чөлөөг үлдээсэн ч байж болох.

   Эмэгтэйчүүдийн баяр дөхжээ. Уур амьсгал хэдийнэ ороод, зарим хүмүүс бүр тэмдэглээд эхэлчихэж. Харин баасан гаригийн үдэш, энэ баярыг угтаж зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэгийн "Миний ертөнц" нийтлэлийн, "Хайр" сонсдог хос номын нээлт боллоо. "Хайр" цомогт "Сүүлчийн өртөө", "Цасан нулимс" зэрэг зохиолчийн өгүүллэгүүдийг жүжигчин Т.Алтантуяа уншжээ. Түүнийг үзэгчид "Тусгай салаа" олон ангит киноны Сүлдийн ээжийн дүрээр таних билээ. Харин "Миний ертөнц" номд Б.Шүүдэрцэцэг зохиолчийн өөрийн амьдралын дуртгалууд болон "Эмч нар Мария үзэж байв уу?", "Сүүдэр дайрсан бага нас" гээд сэтгүүлзүйн нийтлэлүүд багтжээ.


  Нээлтийн ажиллагааны үеэр зөвхөн номоо таниулаад өнгөрөх биш, зохиолч төдийгүй ирсэн зочид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэгш эрхийн талаар үзэл, бодлоо илэрхийлж байсан юм. Б.Шүүдэрцэцэг "Эмэгтэйчүүдийн баяр гэдэг бид эрчүүдээс бэлэг горьдох өдөр биш. Өөрсдийн эрхийн төлөө тэмцэх өдөр юм шүү" гэдгийг онцолж байв.


Мөн хатагтай Ц.Оюунгэрэлийн хувьд "Хотол цагаан" гэх жүжгийн зохиол бичсэнээ дуулгалаа. Энэ түүхэн хатан гоо үзэсгэлэн төгс бөгөөд улсыг удирдаж явсан эмэгтэй билээ. Түүнчлэн эрийн гурван наадамд "зодоглож" байсан бөгөөд түүнээс хойш монгол бөхийн зодог шуудаг өнөөгийн хэлбэрийг олсон гэдэг. Жүжигт түүний удирдлагын явцад учирч буй улс, төрийн бэрхшээлийн талаар, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгааг харуулжээ. Тайзанд тавих хэмжээнд арай хүрээгүй байгаа ч, "Монфемнэт" байгууллагатай хамтран радио жүжиг болгож, тун удахгүй олны хүртээл болгох гэнэ.