Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
Долдугаар сарын сүүлч, зуны нарлаг өдөр боловч бид сэтгэл эмзэглүүлэм тоон мэдээллийг сонсоод сурвалжлага бэлтгэхээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын байрыг зорив. Хаалгаар ороход цэвэрхэн, тохилог бөгөөд хохирогч хүлээн авдаг гэх өрөөнд ормогц өнгө алагласан зурагтай шал, тоглоом наадгай болсон хана, чимэглэл угтахад дулаан хэдий ч гайхах сэтгэгдэл эрхгүй төрсөн юм. Танайд хандсан хүчирхийллийн хохирогч хамгийн багадаа хэдэн настай байсан бэ гэхэд “Таван настай хүүхэд ирж зөвлөгөө авч байсан удаатай” гэж тус байгууллагын зохицуулагч Б.Оюундарь хэлсэн юм.
Бидний энэ уулзалтаас хойш гурван сарын дараа буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд “Таван настай охин хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй” гэх мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарьсныг уншигч Та дуулсан байх. Хойд аавтайгаа амьдарч байсан бяцхан охин алхаж чадахгүй болтлоо гэмтээд Шүүх эмнэлэгт хүргэгдэхэд Төлбөрийн журам гэх дөрөвхөн заалттай цаас харуулаад үйлчлэхээс татгалзсан “төрийн төмөр нүүр”-ийг бид таньж авлаа.
Та санаж байна уу? Сурагчид нь бэлгийн дарамтад өртдөгөө хэлснийг үл харгалзан ажилдаа эргэн томилогдсон 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас үндэслэлгүй халж, захирамжилсан шалтгаанаар Монгол улс түүнд 2,5 сая гаруй төгрөгийг нөхөн олговорт өгөхөөр болсон. Захиргааны ерөнхий хуулийн дагуу энэ мөнгийг төр түрүүлж олгоод түүнийг алдаа гаргасан албан тушаалтан буюу Нийслэлийн засаг дарга С.Батболд төрд эргүүлэн төлөх ёстой.
Гэвч ерөнхий тоон мэдээлэл харвал энэ зардал эргэн төлөгдөх нь ховор бөгөөд дээрх шалтгаанаар Монгол улс жилд нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулдаг аж. Гэтэл Шүүхийн шинжилгээний хүрээлэнд очсон хэн ч бай Төлбөрийн журмын дагуу төлбөрөө урьдчильж хийх ёстой. Төлбөрөөс хөнгөлөх нэг л тохиолдол нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготойг харьяа дүүргийн нотлох баримтаар хангасан үед гэж байгаа. Гэтэл хүчирхийлэлд өртсөн, гэмтэж бэртсэн хүмүүс дэлгүүр орж байгаа мэт хэтэвч, мөнгөө бэлтгээд гарах болов уу? Ялангуяа Шүүх эмнэлэгт хандсан 0–15 насны хүүхдээс авах хураамжаас уг байгууллага жилд 5 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг аж. Нэг тэрбум гаруй төгрөгийг хариуцлага алдсан албан тушаалтнаас нэхдэггүй манай төр эрүүл мэндээрээ хохирсон иргэнээсээ 5 сая төгрөгийг нэг нүүр цаасаар хаацайлан шаарддаг нь харамсалтай.
Хүчирхийлэл зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай юу?
Бага насны охинтой холбоотой мэдээлэл түгэхтэй зэрэгцээд шийдвэр гаргагчид, тэр дундаа УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандсан асуулт, хүлээлт олны дунд хүчтэй байсан. Тэдний зарим нь буюу УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар үйл явдал өрнөснөөс хэд хоногийн дараа мэдээлэл хийж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Гэвч тэдний мэдэгдэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр царай нь төв, дуу нь чанга болохоос өнгөрсөн хугацаанд хуульд анхаарал хандуулсан эсэх, тулгарч байгаа бодит саад, бэрхшээл юу байгааг тодорхой мэдэж байгаа нь эргэлзээтэй байв.
Энэ парламент дахь эмэгтэй гишүүдийн хувьд хамтын ажиллагаа өмнөхтэй харьцуулахад сул байгааг сэтгүүлч би гэлтгүй олон хүн цахим орчинд илэрхийлж байгааг хүлээн авч нийгмийн бүхий л асуудлаар биш юм гэхэд ядаж олны хүлээлтийг тээгээд хүчирхийллийн эсрэг аливаа үйл ажиллагаанд Та бүхэн нэгдэж оролцоосой. Нэг цэгийн үйлчилгээний төв гэх байгууллагад нийгмийн ажилтан нэгээрээ ажиллаж байгаа бодит байдалтай нүүр тулж, хамтарсан багийг ахлах учиртай баг, хорооны Засаг дарга хуулиа мэдэхгүй хүүхэлдэйн кино хийлгэхдээ тулж, хохирогчтой ажиллуулахаар бэлдсэн мэргэжилтнийг улс төрийн шалтгаанаар ажлаас шилжүүлж байгаад хяналт тавиад өгөөч.
Цаашлаад энэ бүхнийг зөвхөн эмэгтэйчүүд ярих биш төр түшилцэж байгаа эрэгтэйчүүд бас ярих учиртай. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай, эмэгтэйчүүд ярих ёстой сэдэв биш. Хүчирхийллийн хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн олонх нь эрэгтэйчүүд байхын зэрэгцээ эрэгтэйчүүд ч бас хүчирхийлэлд өртөж байгааг (15%) олон судалгаа харуулж байгаа юм. Бид ч ярьж бичихдээ “охид хүчирхийлэлд өртөв”, “эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” гэсээр хүчирхийлэл гэх үг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай, тэдэнд л тохиолддог зүйл мэт ойлгоод дадчихаж. Гэвч үүнийг үйлдэгч, хохирогч аль алинд нь эрэгтэй хүний оролцоо бий гэдгийг санаж байхгүй бол болохгүй.
Тиймээс хөвгүүдэд бага наснаас нь өөрийгөө зөвөөр илэрхийлэх, аливаа маргааныг хүчээр бус ярилцаж зохицуулах, тэдний боловсролд анхаарах нь эрх тэгш, эрүүл нийгэм бүтээхийн үндэс суурь гэдгийг “Гүнж” төвийн Гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг онцолж байгаа юм.
Боловсрол чухал уу?
Эндээс ургаад бид иргэддээ нөхөн үржихүйн болон нийгмийн харилцаатай холбоотой боловсролыг ямар түвшинд олгож байгааг эргэн харах зайлшгүй шаардлагатай болжээ. Эрүүл мэнд гэх бие даасан хичээлийг хавсран орох нэрийдлээр хөтөлбөрөөс хассан нь хүүхдэд олгодог өргөн мэдлэгийг хумьж орхив. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлуулах, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын медиа корпораци “Хаалганы цаана” аяныг дэмжин оролцож үр дүнд хүрснээс хойш жил болж байна. Энэ хугацаанд бид энэ сэдвээрх мэдээ, сурвалжлагаа үргэлжлүүлэн бэлтгэж байсан бөгөөд бэлгийн замын халдварт өвчин дэлгэрэх, гэр бүл төлөвлөлт тааруу байх, архидалт газар авах, хүчирхийлэл хүрээгээ тэлэх гээд нийгмийн олон асуудлын уг үндэс нь нийгэмд энэ талаарх ойлголт, мэдлэг бага байгаатай холбоотой юм.
Бид бүх хүүхдээ тоондоо сайн, физиктээ мундаг, гадаад хэлтэй өндөр боловсролтой болгож өсгөсөн ч бие махбодь төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндийн ойлголт, үнэт зүйлтэй хүн болгож төлөвшүүлэх нь эн тэнцүү чухал гэдгийг анхаарч үзэхээс аргагүй.
Багаасаа бусдыг хүндэтгэж сураагүй хүнд насанд хүрсэн хойно нь ийм дадал заах уу? Гэр бүл төлөвлөлтийн мэдлэггүй залуус бие биедээ сэтгэлээсээ дурлаж бус “хүүхэдтэй болчихлоо” гэсэн шалтгаанаар гэрлээд тогтвортой амьдарч чадах уу? Тиймээс нөхөн үржихүй, нээлттэй зөв харилцааны төлөвшлийг иргэддээ багаас нь, сургуульд байхаас нь олгох шаардлагатай энэ чиглэлээр судалгаа хийж, үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд дуу нэгтэй зөвшөөрч байна. Ялангуяа, өдөр тутмын амьдрал, үйл явдалд түүртээд аав, ээжүүд хүүхдээ хайхрах, тэднийг анхааралтай сонсох нь багассан болохыг та анзаараад үзээрэй. “Ээжээ та өнөөдөр ажилдаа битгий яв л даа”, “Ааваа, ах надтай өдрийн турш сонин тоглоом тоглосон” гэх зэргээр хүүхэд гэр бүлийн орчинд таагүй байгаагаа илэрхийлж байдаг аж. Үүнийг нь үл тоосны улмаас хүүхдүүдээ насан туршид нь бие махбодь, сэтгэлийн шархтай үлдээх, ойр дотны, ураг төрлийн хүнээ “хэрэгтэн” болсон хойно нь таних болдгийг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь санууллаа.
Мөн дээр дурьдсанчлан хоёр жилийн өмнө Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасч Биологи, Биеийн тамирын хичээлтэй нэгтгэх болоход багш нар хүчтэй эсэргүүцэж байв. Хэдийгээр дээрх хоёр хичээлд биеийн эрүүл мэндтэй холбоотой агуулгууд бий ч, бие даасан хичээлийг дагаад сэтгэл зүй, харилцааны агуулгууд нэмэгддэг байна. Энэ тухайд Нийслэлийн Тавдугаар сургуулийн багш Ж.Цэцэгээ “Улс үндэстэн оршин тогтнож байгаагийн ганц үндэс нь газар нутаг, тал хязгаартаа биш хүндээ байдаг. Эрүүл мэндийн хичээл дээр эрүүл харилцаа буюу гэр бүлийн харилцаа орж ирнэ. Гэр бүлийн үнэт зүйл гэж юу юм бэ. Айл бүрт үнэт зүйл байдаг. Үнэт зүйл, эрхэм чанар хоёр ойролцоо утгатай юм гэдгийг одоогийн хүүхдүүд дөнгөж ойлгож эхэлж байна” (2015–02–04, gogo.mn) гэсэн нь онож хэлсэн мэт.
Тиймээс аливаа бодлогыг хэрэгжүүлэхдээ тууштай байж, эсвэл өөрчлөх цаг нь ирэхэд бодлоготойгоор хөдлөхгүй бол бид хүүхдүүдээрээ энэ мэтчилэн тоглох нь ирээдүйгээрээ наадаж байна гэсэн үг юм. Нийтлэлийн эхэнд дурьдсан “төрийн төмөр нүүр” гэх үг угтаа төрийн бодлого хатуу, чандыг илтгэдгийг уншигч та мэдэх биз. Харин бид бодлого, дүрмээ тогтохдоо хөнгөн, хуумгай хандсан хэрнээ хүүхдүүд, хохихрогчдод л үүнээ үзүүлдгийн тод жишээ нь эл хэрэг боллоо.