Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах


"Гялбаа" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт 
хөрвүүлсэн материалаа орууллаа. 

Стелла Маккартни - Загварын ертөнцөөс мэдрэгдэх анхил үнэр

                Стелла гэх нэрийг дуудмагц амжилт, алдар нэр гэх үгс хамт сонсогдоно. Гэхдээ үүнээс урьтаад түүний хувьд мартаж болшгүй зүйл бол хүүхдүүдийнх нь усанд орох цаг. Нэртэй загвар зохион бүтээгч, амжилттай эмэгтэй, басхүү гэрийн сайн эзэгтэй тэгээд дээр нь Олимпийн багийнхныг “хувцаслагч” хатагтайтай танилцъя.  

                 Стелла Маккартни маш их ядарчээ, бараг л туйлдаж. Уг нь өөрийнх нь хэлдгээр түүнд гал цогтой гэрэлтэх нүд бий. Гэхдээ хоёр хүүхэд нь өвдсөнөөс болоод тэр хоногт таван цаг л амарч байгаа аж. Өнгөрсөн шөнө тэр бяцхан Райлидаа ноосон бүтээлэг оёсон гэв. “Үүнийг оёж байхдаа би хичнээн сайхан зүйл хийж байгаагаа л бодож байлаа. Гэтэл өглөө сэрэхэд охин минь хүндэрчихэж! Хэлэх ч үг олдохгүй, “Өө Райли, оёхоос минь өмнө ингэхгүй яав даа” л гэж бодсон шүү.”
                Ноттин Хиллд сэрүүхэн хэрнээ, нүд гялбам нар тусч дотор дулаацуулах шинэ өглөө. Маккартни Парисын “Opera Garnier”-т 2012 оны хавар, зуны коллекцоо танилцуулаад хоёр долоо хонож буй. Басхүү түүний аав Нэнси Шевелтэй гэрлээд 10 хонож байна. Бид тэндэхийн нэгэн кофе шопт суунгаа яриа өрнүүллээ. Энэ газар түүнд их дурсгалтай. Учир нь, дөрвөн бяцхан хүүхдийнх нь аав, тавилгын бизнес эрхлэгч Эласдхэйр Уиллистай гэрлэхдээ баярын бялуугаа энд хийлгэж байжээ.
                Өнгөрсөн долоо хоногт тэдний гэр бүлийнхэн, бас бяцхан Рэд хаваа дагуулан Вутершир дэх эдлэнгээ зорьсон байна. Тэнд Мадонна, Том Форд, Лив Тайлер зэрэг нөхдөөс нь хуримын бэлгэнд өгсөн зүрхэн хэлбэрт “хуримын мод” байдаг юм. Энэхүү байшингийн ханыг Гэри Хьюм, Трейси Эмин нарын бүтээлээр чимэглэжээ. Мөн энэ нь Эласдхейрын цэцэрлэгт хүрээлэнгийн загварт шимтэх, Стеллагийн морь унах, хоол хийх хүслээ биелүүлэх нэгэн газар билээ. Стелла өөрийгөө амралтын өдрүүдэд өглөө, өдөр, оройн хоол бэлдсээр өнгөрдөг эзэгтэй гэнэ. Түүнчлэн тэрбээр гэр бүлийн Prius ээ унаад, хүнсэнд явдаг хэрнээ тааралдсан бүхнээ аваад хоол руугаа шидчихдэг хүн биш гэдгээ дурьдаж байлаа.
                Энэ жил тэдний гэр бүлд тохиосон нэгэн онцгой үйл явдал нь Стеллагийн 40 насны баяр байв. Мэдээж жинхэнэ “Маккартни ёс”-оор буюу гурваас доошгүй удаа хүндэтгэлийн зоог барих нь зүйн хэрэг. Лондоны “Apsley House”-т түүний дотны найзууд Гвинет, Кейт Хадсон, Кейт Мосс нар ирсэн. “Wolseley” дэх хүлээн авалтанд гайхалтай хатагтай нар уригдаж, Уэльсийн рейрбитээр /хайлсан бяслагтай үндэсний зоог/ дайлуулан, Уэстбурн дэх “Cow”-д ханатлаа бүжжээ. Энэ тухайгаа “Ер нь бол би найзуудтайгаа паб-д суухыг л хүсч байсан юм” хэмээн Стелла үнэнч өнгө, нутгийн аялга хослуулан хэллээ.
                Стелла Маккартнийн дотоод ертөнцөд басхүү амжилтын ертөнцөд зочилъё. Тэрбээр 40 нас хүрч, “Gucci”-тэй хамтран байгуулсан өөрийн нэрийн лейбл нь 10 жилийг амжилттайгаар үдэж буй. Сүүлийн үеийн мэдээгээр хөрөнгийнх нь хэмжээ 34,4% хүртэл өссөн гэжээ. Дэлхий даяар Стелла Маккартнийн 23 дэлгүүр байх бөгөөд энэ онд Brompton Cross дахь 3500 м2 худалдааны төвтэй нийлээд 3 шинэ дэлгүүр үүдээ нээлээ. Үүнээс гадна тэрбээр сургууль төгссөнөөсөө хойш анх удаа Лондоны загварын долоо хоногт дахин давтагдашгүй үдшийн гоёлын загвараар оролцсон юм.
                Стелла ажилдаа аль хэдийнэ гаршсан. Хамгийн хатуу шүүмжлэгчид ч түүний 2012 оны хавар, зуны коллекц дэх “Aertex”-тэй хамтарсан торгомсог, уран хийцтэй торон эмжээртэй хувцаснууд нь спортлог басхүү секси төрхийг загварын ертөнцөд авчирлаа гэж дүгнэв. Гэхдээ шинийг санаачлагч байх нь Маккартнийн брэндийг бүрэн тодорхойлж чадахгүй. Түүний бүтээсэн намирсан цув, усан цэнхэр өнгийн сонголт, полька цэгүүд гээд энэ бүхэн загварын хандлага төдий биш өөрсдөө харин жинхэнэ илэрхийлэл болох юм.
                Стелла Маккартни Изабел Мэрант, Фоэби Фило, Сара Бартон зэрэг өөрийн үеийн эмэгтэй загвар зохион бүтээгчдээс хэдэн алхмын өмнө яваа. Энэ тухайгаа тэрбээр мөрөө хавчаад “Тэгэхээр... Би бол тэмцэгч эмэгтэй. Ийм байх нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Ер нь эмэгтэй хүн байхуй гэдэг сонирхолтой аялал л гэсэн үг. Би энэ аялалд ганцаараа яваа нэгэн” гэлээ.
                Тэгэхээр түүний аялалд сонирхол татах зүйл олон бий. Энэ олон ажлын хажуугаар тэр өнгөрсөн жилийн хугацаанд “Adidas”-тай хамтран хэзээд олны анхаарлыг татаж байдаг Олимпийг зохион байгуулагч багийнхны хувцасыг урласан билээ. Энэ ажлынхаа хүрээнд Стелла Маккартни 2012 оны Олимпийг зохион байгуулахад гар бие оролцож буй хүн бүрийн өмсч, зүүх том, жижиг бүхий л хэрэглэлд анхаарсан буюу нийт 650 орчим туялзуур сэлэм, гимнастикчдын тоглолтын төдийгүй Олимпийн хотхонд өмсөх өдөр тутмын хувцасны загварыг дэглэжээ. Ингэснээр Олимп болон Паралимпийн багийнхны бүх хэрэглэлийг хариуцан ажилласан анхны дизайнер болоод байна. “Дизайны ийм шийдэлд бүх хүчээ дайчлан ажиллах болсондоо би маш их баяртай байсан” гээд тэр үсээ оролдох аж. Цаашлаад “Гэхдээ хамгийн хөгжилтэй нь юу гээч? Эрчүүдэд зориулсан загвар гаргах. Энэ чинь миний хийдэг зүйл биш шүү дээ. Тэр үед “Би хаашаа хардаг бил ээ? Юу хийх вэ?” гэж маш их бодсон шүү”.
                Бариу жинсэн өмдийг нөхөр Эласдхейрийнхээ дуртай сул цамцны хамт яаж тогтдог бол гэмээр өндөр өсгийттэй хослуулж, үл мэдэгдэм нүүр будалт хийсэн нь Стеллагийн ихэмсэг төрхийг улам тодотгох мэт. Үзэсгэлэнт бүсгүй, дэгжин залуу эр гээд тэд үнэхээр гайхалтай хосууд санагдана. Гэхдээ Стелла “Нөхөр минь тун мэдрэмжтэй хувцасладаг ч, энэ нь миний хувьд түүнд татагдах, түүнийг магтах тийм ч том шалтгаан биш” гэж байв.
                Тэд анх “Browns Hotel”-д ажил хэргийн шугамаар уулзжээ. Стелла “Chloe”-г орхиж өөрийн нэрийн лейблээ эхлүүлж байсан бол Эласдхейр Уиллис түүнд “Wink Media гэх шинэхэн компанийнхээ үйлчилгээг санал болгож байлаа. “Яг үнэндээ тэр өдрөөс хойш бид хоёр холдоогүй  гэхэд болно” хэмээн Уиллис чин сэтгэлээсээ өгүүлсэн юм. Тэд 2003 онд Бьютын аралд католик заншлаар гэр бүл болсон. Бүх зүйл тодорхой, эргэлзсэж тээнэглэзэх зүйлгүй байсан бөгөөд Стелла шийдсэн л бол эргэж буцах зүйлгүй хүн аж. “Би хүүхэдтэй болохыг хүссэн л бол “Тиймээ, цаг нь болсон” гэж өөртөө хэлдэг. Харин үгүй бол “За, зүгээр дээ” л гээд орхино” гэв.
                Стелла ээж Линдагийнхаа адилаар тийм ч сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн биш. Аливааг хүндээр хүлээж авна ч гэж үгүй. Ядаж л тэр үсээ хэзээ ч буддаггүй. “Нэг зүйлийг насаараа хийх нь уйтгартай шүү дээ. Яахав, давуу тал нь гэвэл...” гээд хэсэг бодолхийлснээ тэр ямартай ч үсээ будахгүй гэдгээ хэлээд дуусгалаа. Үүнийг нь батлах мэт, түүний гоо сайхны цүнхэнд хэдэн пагдгар хар хараандаанаас өөр зүйл алга. “Харандаан дээрх бичиг нь бүр арилчихаж. Ээж минь нүүрээ будах бүү хэл нүдний харандаа ч барагтаа хэрэглэдэггүй байсан юм. Нас нэмэх тоолонгоор би түүнтэй улам л адил болоод байгаа” гэв.
                Стеллагийн дотны найз Сэм Тейлор-Вуд ч бас түүнийг тийм ч эмэгтэйлэг биш гэдгийг зөвшөөрч байна. “Өчигдөр бид нэгэн үдэшлэгт очиход, Стелла бүх охид түүний бэлэглэсэн цүнхний талаар шивнэлдээд байгааг гайхаад л таарсан. Бас нэг удаа Стеллагийн төрсөн өдрөөр би хэдэн цайвар өнгийн хумсны будаг бэлэглэсэн юм. Хэд хоногийн дараа тэр над руу залгаад “Эд нар уг нь их гоё юм. Гэхдээ би эднийг хэрэглэх хүн мөн гэж үү?” гэсэн дээ.
                Маккартни хүүхэд төрүүлэхээс өмнө ямар байсан түүнээсээ ч гуалиг харагдах юм. Үүнийг би Гвинетийн нөлөө гэж түүнд хэлэхийг хүсч байв. Учир нь тэд хоёул дасгалжуулагч Трейси Андерсоны “шавь” нар билээ. Гэсэн ч тийм биш аж. “Жингийн асуудал их хэцүү шүү. Ялангуяа стресстэй үед. Гэхдээ би дугуй унаж, бас бүжиглэх дуртай. Өчигдөр би гүйхээр парк орсон юм. Бас хүүхдүүдтэйгээ хөлбөмбөг тоглохдоо тийм ч их амьсгааддаггүй” гэж байлаа.
                Гэрлэлт, ээж болох, 40 настай золгох бас хосгүй амжилт. Тэр үнэхээр гайхалтай. Ухаалаг, бие даасан, эрхэмсэг. Өсвөр насны гэнэн охин байсан дүртэй нь харьцуулахын аргагүй. Гэхдээ тэр цаг үеэс одоо гарцаагүй үлдсэн нэг зүйл нь хувийн амьдрал руу нь хэт халдсан асуулт тавихад өөдөөс ширтэх цэнхэр нүд.
                Удам дамжсан алдар нэр гэдэг хоёр иртэй сэлэм гэдгийг тэр хэн хүнээс илүү мэднэ. 1995 онд “Central St Marins”-ын төгсөлтийн шоуны үеэр Кейт Мосс, Наоми Кэмпбэлл нарыг алхуулсны дараа Маккартни овог, нэрээ дуудуулна гэхээс бие нь чичирч байв. “Ийм зүйлийн учрыг олох амаргүй. Энэ бүхэн шинэ хаалга нээх мэт боловч, түүгээр алхан ороход бодлыг минь хязгаарладаг” гэлээ. 
                 Пол Маккартни Стеллагийн ээжийг Lily буюу Линда, би чамд хайртай /Linda, I Love You/ гэсэн нэрээр дууддаг бөгөөд гэр бүлийн модонд ийнхүү бичигдэн үлджээ. Тиймдээ ч Стеллагийн хуримын цэцгийн сонголт “Lily буюу хөндийн сараана цэцэг байсан юм. Тэр Сассекс дэх хөдөөгийн байшиндаа маш их дуртай. Мэри, Жеймс, Хитер гээд халуун бүлээрээ ердөө хоёр унтлагын өрөө, нэг угаалгын өрөөтэй тэр байшинд тоглож өссөн нь сайхан санагддаг аж. Бас галын өрөөнийх нь гадна ч, дотор ч хэсүүчлэх ямаануудыг тод гэгч санадаг. Гэхдээ түүний өссөн орчин эгэл биш шүү дээ. Девид Баови, Аллен Гинсберг, Стиви Уондэр нарын алдартнууд дурсамжийнх нь хэсэг болохын зэрэгцээ “Tommy Nutter”-ын хослол “Chloe”-гийн даашинз өмсөөд “Universal”-ийн студи руу явдаг үе. Мөн хамаатнуудындаа зочлохоор “East Hampton”-ий эдлэнд очдог байсан нь одоо ч хэвээр.
                Тэр хийхийг хүссэн зүйлдээ эргэлзэж байсан удаагүй. Түүнтэй адил дөрвөн хүүхдийн ээж, 42 настай Мэри “Стелла багаасаа л сэтгүүл эргүүлж, загвар зохион бүтээгч болох тухайгаа төсөөлдөг байсан. Тэр 10 нас хүрээд л энэ мөрөөдлийнхөө төлөө бүхнийг хийж эхэлсэн. Шийдэмгий байсан шүү” хэмээн өгүүлсэн. Түүнчлэн Пол болон Линдагийн гэр бүлийн дотны найз Куинси Жонс Стеллаг 11 настайд уулзаж байснаа дурслаа. “Тэр яг л одоогийнх шигээ байсан гэхэд болно. Дур булаам “цоохор” нүүр нь ч хэвээр, бас маш чанга, хатуу төрхтэйн дээр ямар ухаалаг үгтэй байсан гээч. Түүний Парисаас улаан өнгийн бэхээр бичсэн захидлыг нь санаж байна. Тэр Том Фордтой хамтран бизнес эхлүүлж байгаагаа хэлээд “Юу гээч, Куинси, би одоо 11-тэй бяцхан охин биш!” гэсэн байсан. Тэр цагаас хойш бид холбоотой байж, Стелла яг л миний охиноос ялгаагүй санагдах болсон.” Мөн Лаура Бейлигийн хэлсэнчлэн “Түүнийг яаж ийм байдгийг нь мэдэхгүй юм. Тэр хамгийн чанга, бас гайхалтай ээж. Юу ч болж байсан “барьц алддаггүй” чанар нь бурхны илгээсэн бэлэг гэлтэй.”
                Харин Тейлор Вуд түүнийг бага зэрэг зожиг гэдгийг мэддэг аж. “Тэр угаалгын өрөөндөө онгоцонд тухалж эсвэл орондоо орсон л бол утсаа авна гэж үгүй. Гэхдээ зочилж ирэхдээ хэзээд ялдам бөгөөд эелдэг байж чаддаг. Нөгөөтэйгүүр их чанга эмэгтэй. Тийм байдлыг нь хараад угаас  хэнд ч түүнийг үймүүлэх хүсэл төрөхгүй л болов уу.” Тэгвэл “PPR группын гүйцэтгэх захирал Франсуа Хэнри Пино гэргий Салма Хаейкийн хамт хавар зуны коллекц танилцуулах шоуны эхний эгнээнд сууж байхдаа над руу и-мейл илгээлээ. “Би түүнийг үргэлж л орчин үеийн эмэгтэй гэж хардаг. Загвар зохион бүтээнэ, гэр бүлээ авч явна, бас ажил хэргээ амжилттай амжуулна. Миний бодлоор, энэ брэндийн гол ноён нуруу нь Стеллагийн хосгүй зан чанар л байх. Тэр шинэлэг, чамин, ёс суртахуунлаг гээд бүхий л шинж чанарыг нэгэн нэрийн дор хослуулж чаджээ. Үүнээс гадна, бидэнд байгаа бас нэг ижил тал бол бид хоёул алдартай эцгээр овоглож, өөр өөрийн замаар амьдарч буй нь билээ.”
                Тийм ээ, алдар нэр. Шоуны үеэр ноён Пол камерын өөдөөс баяртайгаар харахад Алекса Чун, Твигги болон Криссигийн урдуур папарацциуд дайран Пол болон түүний ирээдүйн гэргийн зургийг авахыг юу гэлтэй вэ. Стелла Нэнситэй холбоотой асуудлуудад хичнээн дүргүйлхэвч, би түүнээс шаргуу асуулаа. Гэвч тэр энэ талаар юу ч ярихыг хүсэхгүй байгаагаа хэлээд шинэ хойд ээжийнх нь нэрийг хэлэхэд л илт дургүйцэх юм. Тэгснээ гэнэт, “Сонсооч, алдартнуудтай холбоотой зүйлс надад утгагүй санагдаад байдаг юм. Уг нь миний амьдралыг хүрээлж байдаг зүйл л дээ. Би ойлгоно, хүмүүсийг ч хэвлэлийнхэн “бүтээчихдэгийг” мэднэ. Гэхдээ л үнэхээр юу гэж хэлэх учраа олдоггүй юм. Яг үнэндээ миний ажилдаа шингээхийг хүсдэг нэг зүйл бол урласан хувцасыг минь авсан эмэгтэй өөрийгөө “од” гэж мэдрээсэй гэх бодол. Яагаад гэвэл олны танил хүмүүсийг “од” гэвэл бусад нь ч бас “од” мөн. Ерөөс хүн төрөлхтөн бүгд л ялгаагүй шүү дээ. Бүгдээрээ л “од!” Бас нэг зүйл нь тэдгээр алдартнууд бусдыг татах энергигүй байсан бол өдий зэрэгт хүрч чадахгүй. Гэхдээ миний бодлоор, хүн бүрт тийм энерги бий шүү. Гол нь түүнийгээ мэдэрч, гаргаж чаддаггүй байх.”
                Стелла ажилдаа өөрийгөө шингээдэг гэхэд хилсдэхгүй. Түүний хувцасыг өмсвөл танд ч бас тэр мэдрэгдэх болно. Түүний найз Лив Тайлерийн өмссөнөөр олны харааг булаах болсон ид шидийн гэмээр Октавиа даашинз, Кейт Уинслетын полька цэгүүдтэй загвар, Рианнагийн “Met Ball”-ийн хувцас гээд бүгдийг тэр өөрийнхөө дотоодоос урлажээ. Яг л үнэр шиг. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүний бүтээсэн хувцасыг улаан хивсэн дээгүүр итгэлтэйгээр өмсөн алхдаг ч, зарим тохиолдолд алдаа байсан гэгдэх нь бий. Кейт Хадсон “Оскар”-ын шагналд нэр дэвших үедээ Стеллагийн даашинзыг өмссөн ч маргааш нь хамгийн зохимжгүй хувцасласан зочноор шалгарсан байжээ. Гэхдээ тэр өөртөө маш сэтгэл хангалуун байсан гэв. Учир нь тэдний нөхөрлөлийн үнэ цэнэ нь ирэх шүүмжлэл, аливаа дутагдлаа хүлээж аваад инээгээд л өнгөрөх сэтгэлд орших аж. Тэрчлэн Кейт “Энэ үгсийг минь тэмдэглээд аваарай. Намайг дахиад харахад чинь би яг хэвээрээ, гэхдээ инээмсэглэл дүүрэн алхаж байх болно” гэлээ. 
                 Хоёр долоо хоногийн дараа Стелла бид хоёр анх уулзсан кофе шопдоо дахин болзов. Өнгөрсөн өдрүүдэд тэр нөхөртэйгээ Нью-Йоркийг зорьж, аавынхаа гэрлэлтийн бас нэгэн ёсолд оролцоод иржээ. Энэ тухай дэлгэрэнгүй яриагүй бөгөөд, хүүхдүүдээ авч яваагүй гэдгээ л хэлэв.
                Буцах замд Стелла гар утаснаасаа хувиараа шалгаж, өдрийн үлдсэн хагасыг хэрхэн өнгөрүүлэхээ харав. Уулзалт, бас дэлгүүрийн төлөвлөлтийн хурал, дотуур хувцасны загварын уулзалт, Нэтали Водиановагийн тоглох дараачийн сурталчилгааны кампанит ажлын тухай гэрэл зурагчидтай ярилцах, тэгээд завсарлагагүйгээр шууд 2012 оны намар, өвлийн коллекцоо гаргахаар студи руу явна. Тэгээд маргааш өглөө гүйчихээд, Британийн Олимпийн Хорооны тэргүүлэгчдэд сүүлийн үеийн ажлуудаа танилцуулна. Өнөө орой тэр гадуур хооллох аж. Уг нь орой хооллодоггүй ч, хааяа нэг ийм тохиолдол байдаг гэнэ. “Заримдаа, хэн нэгэн текила ууж суухыг санал болгоно. Хэсэг суугаад цаг харахад 11 болчихсон байдаг. Тэгээд л маргааш хүүхдүүдээ хүргэж өгөхийн тулд эрт босно гэдгээ санана. Төвөгтэй юм шиг санагдаж, хааяа ч атугай бага зэрэг тэнэг байхыг хүсдэг л дээ. Гэхдээ 50 хүрээд дураараа амьдарч эхлэхэд болохгүй гэх зүйлгүй...”
                Төсөөл дөө, 50 настай Стелла. Түүний хаана байхыг, хэр их шинэ загвар бүтээхийг, эсвэл хэдэн Олимпийнхныг хувцасласан байхыг, хичнээн бүсгүйгээс тэр анхилахыг хэн ч мэдэхгүй. Харин нэг зүйлд итгэлтэй байна. Сургуулийн гүйлтээс буцаж явахад нь уулзсан, сүлжмэл алчууртай, толгой өндийх зуургүй, бусад ээжүүдийн адил завгүй ажиллах эмэгтэй хэвээр байна гэдэгт.

"The New York Times" сонинд Reuters агентлагийн Social Media Editor Энтони ДеРозагийн олон нийтийн сүлжээ хуудсуудын талаар товчхон ярилцлага гарсныг хөрвүүллээ. 

-Сошиаль медиа хувь хүний болон мэргэжилтний хувьд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Юун түрүүнд, төсөөлж ч байгаагүй хүмүүстэйгээ харилцаа үүсгэхэд тус болсон. Мөн даяар иргэн болж, дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл авах боломж олгодог. Мэргэжлийн хувьд, өнөөдөр хийж буй ажилд минь хөтөлсөн шүү дээ.
-Энэ хэрэглүүр бий болсноор эдийн засгийн хувьд ажлын байр шинээр бий болсон гэж үзэж байна уу?
-Тийм ээ, томоохон компаниудад сошиаль медиаг ухаалгаар ашиглах хэрэгцээ тулгарч байна. Ихэнх нь энэ талаар хангалттай ойлголтгүйн дээр, хэн нэгэн хүн гарч ирээд компанид нь тусална гэж бодох юм. Миний бодлоор ганц хүн, эсвэл баг байлаа ч нэмэргүй юм шиг. Харин компанийн хүн бүрийг татан оролцуулж, тэднийг идэвхжүүлэх хэрэгтэй.
-Олон нийтийн сүлжээ хуудсуудаас таны анхаарлыг хамгийн их татаж буй нь юу вэ?
-Ираны ногоон хувьсгалын үеэр Twitter нүдийг минь нээх шиг л болсон шүү. Түүнээс хойш мэдээлэл авах, түгээх гол хэрэгсэл минь  болсон. Гэхдээ сэтгүүл зүйн үйл ажиллагааны хувьд авч буй мэдээллээ үнэн эсэхийг шалгаж мэдэх чадвартай байх нь зайлшгүй. Зарим тохиолдолд, цаг хугацааны явцад итгэлтэй эх сурвалж болсон хүмүүс бий. Мөн Tumblr-ийг 2007 оноос хойш блог бичих гол талбараа болгосон. Цаашлаад Facebook байна. Хамгийн олон хүлээн авагч, хэдэн сая хэрэглэгчийг ойшоохгүй байж яавч таарахгүй.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ бүхэн бидэнд хэрхэн нөлөөлсөн бол.
-Хүмүүсийн энгийн хэрэглээнд хүртлээ шилжсэн байна. Авга, нагац, аав, ээж, бүр найзын минь эмээ, өвөө ч Facebook ашигладаг. Технологитой ойр хүмүүст л хамаатай юм шиг энэ ойлголт, одоо тийм ч сонин биш. Яг л гар утас шиг, бидний харилцааны нэгэн хэрэгсэл болсон.
-Тэгвэл таны нэг өдрийн хэрэглээг сонирхож болох уу?
-Өдрийн турш ажил дээрээ сүлжээ хуудсууд дахь мэдээллийн урсгалыг харна даа. Twitter Lists-ийг ашиглаж тодорхой сэдвүүдээ онцолдог юм. Мөн Storyful-ын тусламжтайгаар анхаарал татсан мэдээллийг баталгаажуулахын зэрэгцээ зураг, видеог нь ч шалгадаг. Twitter, Facebook, Tumblr аа шинэчлэх, томоохон блог нийтлэл бичих бол ScribbleLive хэрэглэх гэхчлэн үргэлжилнэ дээ.