Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
            Хүмүүсийг хошин шог их үзлээ, киног муу зохиолоор хийлээ, Шүүдэрцэцэгийг уншлаа хэмээн зэмлэх, сэхээрүүлэхийн зэрэгцээх “Эсрэг цаг” нэвтрүүлгийг үзэв. Хэзээнээс нийгэмд байсаар ирсэн, нэгэнт харьцуулахад арай л боломгүй соёлын ялгаатай илрэлүүдийг тийнхүү эсрэгцүүлж, басхүү түүнийг бүтээхэд хамгийн их нөлөө үзүүлдэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл атал “Эх орон” телевизээр ийнхүү гарах нь үнэхээр “Эсрэг цаг” байж чаджээ.
            Гэхдээ энд нэвтрүүлгийн тухай ярих гэсэнгүй, харин сүүлийн үед урлагийг бүтээгчид, эсвэл урлагийн мэдрэмжтэй хүмүүс олон нийтийг хошин шог үздэг, нийтийн дуу сонсдог гэхчлэн сонирхлынх нь дагуу бүлэглэн, ялгах цаашлаад доромжлох, ёжлохын хооронд хэлэхийг олонтаа сонсох болсноор яагаадыг эрж хэсэг бодсон юм. Үүндээ хариулт олох өнцөг минь Popular culture гэж дэлхий дахинаа хэдийнэ нэршсэн түгээмэл соёлын талаарх үзэл, баримтлалууд байлаа.
            Юун түрүүнд соёл гэдгийг тодорхойлох хэрэгтэй ч, энэ нь culture гэх үгийн хувьд л гэхэд англи хэлнээ хамгийн өргөн утгатай хэмээн Уэльсийн нэрт эрдэмтэн Реймонд Виллиамс бичжээ. Гэлээ ч тэрбээр гурван хүрээнд тайлбарлахыг зорьсон ба нэгдүгээрт, оюун санааны үйл явц болоод гоо зүйн хөгжил, /Жишээ нь, баруун Европын соёлын хөгжлийн тухай ярих бол агуу философчид, уран бүтээлчид, яруу найрагчдын тухайд/ хоёрдугаарт, амьдралын тодорхой хэв маяг, эсвэл хүмүүс, бүлэг олон нийт, цаашлаад тухайн цаг үеийн аж амьдралын хүрээнд /Ж: амралт, спорт, шашин, баяр наадам/ гэсэн бол гуравдугаарт, оюун санааны тэр дундаа уран бүтээлийн үйл явц ба туршлага гэжээ. Түгээмэл соёлын тухай ярихад ихэвчлэн дээрх хүрээнээс хоёр ба гуравдугаар тайлбарыг авч үздэг байна.
            Тэгвэл түгээмэл соёл гэх ойлголтыг ч мөн зургаан янзаар тодотгодог бөгөөд товчхондоо (а) өргөн тархаж олонхийн таашаалд нийцсэн, (б) дээд зэргийн соёлын үнэт зүйлээс үлдэж хоцорсон, арилжааны хөнгөн хуумгай, (в) олон нийтийн, (г) хүмүүсийн бүтээсэн тэдний амьдралаас бий болсон гэх ба сүүлийн хоёр нь илүү өргөн утгаар Италийн эрдэмтэн Антонио Грамшийн хэжмони санааны хүрээнд, нөгөө нь пост-модернизмын маргааны хүрээнд тайлбарлагддаг.
            Эндээс миний ярихыг хүссэн зүйл нь түгээмэл соёл ба түүнийг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд. Гэхдээ бас бидэнд олон таардаг “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олонхийн үзэл санааг бий болгодог уу, эсвэл эсрэгээрээ юү?” гэсэн асуултын санахад илүүдэхгүй. Үүнд хамгийн төгс хариулт нь “хоёул” гэдгийг “Соёлын онол ба Түгээмэл соёл” номд дурьдсан ба юу гаргавал үзэгчид таалагдах бол гэж үргэлжийн эрэл, хайгуул хийж, рейтинг судлах хэвлэл мэдээллийнхэн ба “Хоо, телевизээр гардаг ах” хэмээн танимхайран, үнэлэх үзэгч бидний ухамсаргүй сэтгэлгээнээс энэ бүхэн харагдана.
            Цаашлаад телевизүүдийн хүүхдийн нэвтрүүлэг бүтээгчид ямар нэгэн дүр эрж хайхаас илүү, томоохон компань, спонсор хайж түүний бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дүр бүтээдэг болоод удсан. Харин үзэгч багачуул Маша муу хүүхэд гэдгийг ойлгохоосоо түрүүнд байнга телевизээр гарах түгээмэл төрөхөөс нь болж зурагтай цамцаар гангаран, тоглоомыг нь хөтлөхөөр тэмүүлдэг. Энд нэг нь түгээмэл соёлыг бүтээж, нөгөө нь түүнийг жинхэнэ утгаар нь “түгээж” буй үйл явц харагдахын зэрэгцээ аль нэг нь үгүй бол popular culture бий болох нөхцөл бүрдэхгүй нь ойлгомжтой.
            Ер нь “word of mouth” буюу ам дамжсан яриагаар өртөөлөн тархдаг байсан түгээмэл соёл хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийн ачаар улам өргөжсөн бөгөөд интернэтийн нөлөөгөөр бүр ч хүчирхэгжиж өдгөө яригдах болсон “world of mouth” хэлцийг үүсгэжээ. Мөн ам дамжсан ярианы нөлөө их гэдэг нь өнөөдөр хамгийн түгээмэл соёлын арга хэмжээ болоод буй Соёлын төв өргөөний танхимыг дүүргэх болсон хошин шогийн тоглолтоос харагдана. Бидний өдөр тутамдаа маазардаг, өөр хоорондоо хэлэлцдэг зүйлийг тайзан дээр тоглож урлаг болголоо гэх хүмүүс байх бөгөөд түүнийг нэг хэсэг нэвтрүүлгийн цагаа дүүргэх гэсэндээ эрээгүй цацсан телевизийн сувгуудын ачаар үзэгчид телевизээр гардаг сайн зүйл, сайхан зүйл гэдэгт ухамсаргүйгээр автах болсон. Нийтийн дууны хувьд ч “Намайг төрүүлсэн ижий”, “Хангай шиг түшигтэй аав минь”, “Нутгаа би санана” гэхийг найман настай хүүхэд ч, наян настай буурал ч ойлгоод уярах бол “Харанхуйн цасны гэгээнд” гээд дуулахаар бага зэрэг эргэцүүлэл хэрэгтэй болоод байгаа юм. Тийм болохоор л нийтээрээ ойлгож, нийтээрээ сонсч түгээмэл соёлын хэсэг болгожээ.
            Энэ мэт агуулгууд хэзээнээс байж, 19-р зууны үеээс popular culture гэсэн нэр томъёог хэрэглэж, өнгөрсөн зууны үед мандаж байсан түгээмэл соёл өнөө ч хүчтэй оршин тогтнож байна. Америкаас үүдэлтэй, тийм ч болоод “америк соёл” гэж заримдаа адлуулах түгээмэл соёлын илрэл “Twilight цуврал, эсвэл MTV-гээр мандаж байсан поп эринийг энд дурьдаж болно. Цаашлаад Facebook share-ийн багагүй хувийг эзлэх болсон 9GAG дахь дүрслэлүүд, интернэтээр нэг үзэгдэх болсон меме гээд улам баяжиж байгаа нь аргагүй үнэн. Харин тэдгээрийг хүрээнд нь харахаас, файн арттай зэрэгцүүлж жиших нь электро дижейг тоглуулснаа чи хөгжмөө амьдаар тоглосонгүй гэхээс хол зөрүүгүй мэт санагдана.
            Түүнчлэн ямар хөгжим сонсдог, юу үздэгээрээ хүн өөрийгөө тодорхойлох, үнэлэмжээ илэрхийлэх хандлагатай байдаг нь үнэн. Тэгвэл түгээмэл соёлыг дорд иргэдээс гаралтай гэж тайлбарлах өнцөг харьцангуй ихээс болж хүмүүс түүнээс зориуд татгалзах, хэн нэгнийг тийнхүү тодорхойлох нь бий. Гэлээ ч зөрчил зөвхөн хүмүүс хооронд төдийгүй онолын хүрээнд ч байдаг. Жишээ нь, 1991 онд Лучиана Паворотти Лондонгийн хамгийн том “Хайд парк” цэцэрлэгт хүрээлэнд тоглолтоо хийхэд өндөр түвшний дуурийн тоглолтыг хэдэн зуун мянган хүн үзсэнээр “нийтийн”, “түгээмэл” болгож орхисныг одоог хүртэл ямар өнцгөөс тайлбарлах нь маргаантай. Тухайн үед сонинууд дуурийн урлагийг олон нийтэд хүргэлээ хэмээн тав, арван нүүр бичвэр бэлдэж байсан бол, урлагийн сэтгүүлүүд яг л энэ шалтгааны улмаас халаглаж байв. Мөн Шекспирын сонгодог түвшний зохиол, бүтээлийг энэ цагт мэдэхгүй хүн үгүйг түүний үнэ цэнэтэй харьцуулах боломжгүй билээ. Тиймээс түгээмэл бүхнийг дордод тооцож, түүгээр имидж бүрдүүлж, нэгнээ шүүхээс урьтаад соёлын талаарх ойлголтоо өргөжүүлэх нь чухал болжээ. 
      Лондонгийн гэрэл зурагчдын галлерейд /The Photographer's Gallery/ Энди Вархол, Девид Линч, Виллиам Берроузын үзэсгэлэн гарах тухай сониноос уншаад хэдэн өдөр догдлов оо. Хотын төвд, хөл ихтэй Оксфорд Сиркус гудамжаас хэсэгхэн алхаад нарийн гудамжаар явахад галлерейн гадна очино. Үүдээр ороход л нэгдүгээр давхрын кафегаас кофены үнэр хамар цоргиулах нь хичнээн тааламжтай гээч. Бас тэгээд даваа гариг бүрт үзвэр үнэгүй гэсэн бичиг бүр ч сайхан харагдах юм билээ.
     Таван давхар энэ байшингийн давхар бүрт жижиг танхимууд байх ба эхлээд Энди Вархолын бүтээлүүдтэй танилцахаар ороход хамгийн олон хүнтэй байв. Арга ч үгүй, биз. Гэхдээ миний хувьд түүнийг "агуу", "гайхалтай" гэж дам сонсч бишрэхээс нэг зургийг нь тогтоод харсан нь үгүй. Тийм ч болоод үзэсгэлэнд явна гэхээс, бүтээлийг нь үзнэ гэхээр нэг их том үйл хийх гэж байгаа хүн шиг баяр төрөөд байсан юм. Ерөнхийдөө 1950-аад сүүлч үед Их Британи, Америкт "поп арт" урсгал хүч түрэх болж, түүний гол төлөөлөл нь Энди Вархол гэдэг. Түгээмэл соёл буюу popular culture /pop art/ гэдэг утгаараа олон нийтэд хэдийнэ танигдсан, түгээмэл зүйлсийг шинээр харж, өөр өнцгөөс дүрсэлсэн нь файн артыг л урлагт тооцдог тухайн үед цоо шинэ зүйл байсан нь дамжиггүй. Түүнчлэн Вархолын "People in the street" зэрэг цуврал бүтээлүүдийг нь харах нь ээ, хот, урбан стиль, орчин үе зэрэг үгийг түүний нэрээс салгах боломжгүй юм гэж бодож байлаа. Үүнтэй холбоотой дүр дүрслэл, утга санааг жинхэнэ урлагийн тавцанд гаргаж ирсэн нь түүнд мэхийх шалтгаан ажээ. 
      Мөн Вархол нэгэнтээ "Би машин болмоор байна" гэсэнчлэн тэрбээр 1976 онд 35мм-ын "Minox" камер авснаасаа хойш өдөрт 30 гаруй зураг дарж амьдралынхаа үнэ цэнэтэй хором, мөчүүдийг үлдээжээ. Тэгвэл энэ үзэсгэлэнд бидний хэдийнэ мэдэх Эльвис, эсвэл шөлний лаазны зургаас илүү тэдгээр өдөр тутмын амьдралынхаа өнгийг буулгасан 50 гаруй зургийг нь оруулснаар Энди Вархолыг танихад илүү дөхөм болсон байна. Нөгөө талаар баримтат гэрэл зурагт илүү сонирхолтой миний хувьд 60, 70-аад оны нийгмийн амьдрал, диско эрин, гей парад гээд цаг үеийн гэрч болсон зургууд нь сонирхолтой байсан. 
Европоор өртөөлөх энэ төсөл Лондонгоос нээлтээ хийсэн нь үзэсгэлэнгийн дийлэнх зураг Лондон, мөн Швейцарь, Нью-Йоркийг харуулсантай холбоотой болов уу гэж таав. 


      Дараачийн танхимд Виллиам Берроузын зургуудыг дэлгэжээ. Бичгийн хүн гэдгээрээ алдаршсан түүний гэрэл зургууд миний хувьд танил биш ч гэлээ, мөн л үзүүштэй. Түүнийг бит шүлэгчдийн адил үргэлжилсэн үгийн зохиол, бүтээлийг нь ч бит хэлбэрийн буюу beat novelist гэж тодорхойлсон байхыг уншсан. Тиймдээ ч найз нөхөд, амрагуудынхаа төдийгүй өөрийнхөө ч зургийг олонтаа буулгаснаас нь тухайн үед Америкт алдаршиж байсан бит уран бүтээлчдийн амьдралын хэв маягийг харж болно. Нөгөөтэйгүүр, тагтан дээрээсээ авсан гудамжны дүрслэл, автомашины ослын цуврал зэргээс нь Берроузын оюун санаа хаана хэрэн явж, юуг "эрж, хайж" вэ гэдгийг мэдэрч болмоор. Түүнчлэн "Towers Open Fire" зохиолоор нь хийсэн богино хэмжээний киног үзэж тухлаад, түүний талаарх ном, сэтгүүлийг уншиж суух боломжтой. :) 

    Берроузын зургийн онцлог нь тэрбээр cut up буюу зургийг тасдаад эргэж зохион байгуулах байдлаар зохиомжилдог байсан юм билээ. 

"Миний бодлоор сонин унших хамгийн сайн арга бол мөр хоорондыг унших. Сониноо тасдаад эх бичвэрүүдийг эргэн нийлүүлж, зохиомжил. Тэндээс л чи жинхэнэ утгыг танина. 
Чи хэн нэгнийг, юмс үзэгдлийг хараад таньж, ойлгох чадвартай ч яг тийм гэдэгт итгэлтэй байна уу? Энэ асуултыг өөртөө тавьж бай. Юу гэж хариулахаа бодож эхлэхэд л шинэ, сэргэг байдлыг мэдрэх болно. Бидэнд энэ л хэрэгтэй шүү дээ." - Виллиам Берроуз
Үзэсгэлэн дэх цорын ганц өнгөт зураг; TIME сэтгүүлд Берроузын "Naked Lunch" бүтээлийн талаар хэвлэгдсэн нь түүнийг ингэж хадгалахад хүргэжээ.  
     "The Elephant Man", "Blue Velvet" эсвэл олон тооны богино хэмжээний кино гээд Девид Линчийн аль нэг бүтээлийг та мэдэх бол  тавдугаар давхрын энэ танхимд ороход тэр нууцлаг гэмээр уур амьсгал "дотноор" угтана. Герман, Польшоор болон Лондон, Нью-Йоркоор явахдаа авсан зөвхөн үйлдвэрийн орчмын гэрэл зургуудыг энд түүний бүтээсэн басс ихтэй дуу, хөгжимтэй сүлэн байрлуулсан. Гэрэл, сүүдрийн харьцааг нарийн мэдэрч, контраст ихтэй дарсан зургууд нь готик стилийн санагдаж ч мэднэ. 
     Энэ бүх зургуудаас зөвхөн үйлдвэрийн орчныг биш хүн төрөлхтөнийг харж болно гэж Линч тайлбарлажээ. Тэдгээр нь хүмүүс бидний бүтээл бөгөөд харуй бүрий, өргөн өнцөг, яндангаас уугих утаа, тоосго, шил, модон шал... Энэ зуурт үйлдвэрлэл өрнөж, тэнд нэг буланд гэмт хэрэг үүрлэж, ханан дахь хэн нэгний гар бичвэр болгоомжтой байхыг сануулна... 
     Линчийн гэрэл зургууд ихэвчлэн эмэгтэй хүний нүцгэн гоо үзэсгэлэнг харуулсан байдгаас  тэр үү, энэ үйлдвэрүүдийн зураг "харь", хол мэт санагдах ба кино дэлгэцийн цаанаас ч Линчийн ийм бүтээлийг харах аргагүй. Гэхдээ ерөнхий уур, амьсгалыг ажваас Девид Линч энд байгааг эрхгүй мэдэрнэ. 

Девид Линчийн зургуудыг үзэхэд танхимын цонхоор ийм дүр харагдаж байналээ.
     Таних гэдэг угтаа юмыг таньж мэдэх, олж харах гэж Я.Цэвэлийн тольд тайлбарласан нь бий. Тэгвэл хэдийнэ таньсан гэж бодсоноо ч эргэн харж, шинээр таних хамгийн чухал юм гэж бодсоор галлерейгээс гарч ирэв ээ. Тийм ч болохоор гуравдугаар сард үзэсгэлэн хаахаас өмнө дахиад нэг очино оо.
           “Далайг хараад гуниг төрөхгүй бол чамд найдвар алга даа” гэсэн үгийг санаж, дотроо далайн тухай бодол төсөөллөө эргэцүүлсээр галт тэргэнд суув. Нар гарах нь ховор Лондонд хэдэн өдөр цэлмэж, тун ч сайхан байсан боловч энэ өглөө л тэнгэр муухайраад бороо шивэрч эхлэх. Замын туршид ч бүрхэг үүлс нөмрөн бороо аажмаар ширүүсэх агаад цонхоор харвал бүүдгэр манантайд алс ногоон тал, эсвээс уудам эдлэн газрын дүр зураг ээлжлэн эрийнэ. Түм түжигнэж, зэрэгцээ жирийсэн олон намхан байшинтай нийслэлээс гараад энэ бүхнийг харахад цаанаа л тайван.
            Ингээд цаг гаруйхан яваад Брайтоны галт тэрэгний буудалд ирчихэв. Энэ хотын тухай огтхон ч төсөөлөлгүй би өмнөх өдөр нь “Лондоноос Брайтон хүртэл” гэх адал явдалт, триллер кино үзсэн юм. Гэхдээ мэдээж энд эсрэгээр ер бусын намуухан, налгар байдал угтах агаад бодол сарниулах зүйл гэвэл өнөөх л бороо. Гэсэн ч цаг эртийг хэлэх үү, нэгэнтээ л шинэ өглөө гэдэг эрчимлэг санагдах аж. Зам дагаад алхвал гудамжны цаах нь л далайн эрэг харагдах тул шууд л тийш чиглэхэд ойртох тусам салхи ширүүсч, шүхэргүй алхаж явсан би гар дахиа арай ядан дэлгэтэл тэр дороо л эвдэрчихэв. Хэврэг ч эд байж.
            Урьд нь далайд амрахаар, зугаалахаар үдийн наранд, зуны халуунд очиж байсан бол энэ удаад өвлийн хүйтэн, арванхоёрдугаар сарын дунд үед ингээд ирлээ. Эрэг дагуу алхангаа алс, хязгаар нь үл мэдэгдэх зүгт хараа чилээхэд, давалгаалах их усан өлмийд тулан ирэх аж. Чимээ нь ч ер бусын сүрлэг агаад, огтоос гуниг биш харин хүч, эрчим л мэдрэгдэх шиг. Нэгэнтээ энэ их сүр, хүчийн дэргэд хүмүүн бид ямархан өчүүхэн юм дээ гэсэн бодол төрөөд давалгаан дунд завьтай гарлаа гэхэд хэрхэн дайвалзаж, ганхах бол гэж эрхгүй төсөөлөв. Ингээд бодохоор байгаль, дэлхийн омог, сүртэй харьцуулахад хүмүүн бид өөрсдийн бүтээсэн нийгэм гэх бөөгнөрлөөсөө утга учрыг эрэн, тэмцэлддэг нь юутай жижигхэн хийгээд хэврэгхэн юм дээ гээд цааш алхлаа.
            Эрэг дагуу жижигхэн байшингууд уртаас урт гудамж хэлхэн байх нь нэг хэсэгтээ элдвийн кафе, бар аж. Бороонд явсаар хэдийнэ хамаг хувцас норсон тул далай тийш цонхтой нэгэн кафед орсон юм. Модон шал, ширээ, сандлаар тохижуулаад шинэ жилийн мэт өнгийн гэрэл алаглуулсан нь дотно, дулаан санагдав. Үүдээр ормогц алимны дарс санал болгох ч, даарсан би эхлээд халуун кофе барин хоёр давхарт гарлаа. Гэрээс гарахдаа яаран ямар ном цүнхэлснээ ч анзаараагүй тул гаргаад хартал Памукын “Цас”-ыг авчээ. Цасны тухай, цасны аниргүй сайхны тухайгаар өртөөлөх энэ номыг бариад бороотой, далайн хүчирхэг чимээтэй Брайтонд суух. Догь биш гэж үү? Уур амьсгалыг улам чимэглэх нь мөнөөх л инди рок буюу Британи хөгжим. Хааяа нэг Capital Cities, Kings of Convenience явахыг мэдэхээс бусдыг нь хэзээ ч сонсоогүй хэрнээ инди хөгжмийн танил хэмнэл эгшиглэнэ. Нэг их оргилсон хэсэг, эсвэл юу ч үгүй намуухан зүйл үгүй атлаа нэг л хэмнэлээр гитар, бөмбөрийн дуун вокалтай хоршин яваад л байдаг энэ хөгжим нэг л таатай. Ер нь The Kooks-ээс эхлээд Брайтоноос олон хамтлаг төрөн гарсан гэх юм билээ. Басхүү жил бүрийн тавдугаар сард амьд хөгжмийн наадам зохион байгуулдаг нь Эдинбургийн дараа орох Английн хамгийн том фестиваль гэдэг.
            Хэсэг сууж дулаацаад гарч гудамжны нөгөө хэсэгт ирэхэд жижигхэн хаалга бүрийн цаана галлерей ба урлагийн дэлгүүр байх аж. Том биш цөөн хэдэн бүтээл дэлгэсэн бөгөөд зарим нь хэсэг найзууд багын мөрөөдөлдөө хөтлөгдөн галлерей нээснээ бичжээ. Уран бүтээлчид нь нэр алдартай, эсвэл олонд тэгтэл танигдсан нь үгүй хэрнээ энд байгаа зургууд овоо үнэтэй байсныг анзаарсан юм. Энэхэн хооронд манайд л бүтээл тийм хямдаас биш угтаа энэ байгаа үнэ бол ердийн л болохыг харьцуулж үзээд санав. Мөн энд багахан урлангууд хааяа залган оршино. Туурвих хүсэл л байвал урланд ирээд бусадтайгаа хамтраад эсвэл ерөөс тийм нэг бүтээлч орчинд ажиллахад тэр хаалгууд нээлттэй гэжээ.
            Брайтоны эргээс аажмаар алсарсаар бага ч гэлээ энэ хотын төв хэсэгт хэдийнэ ирэв. Томхон цэцэрлэгт театр, сүм, танхим музей гээд бүгд бий. Эндээс хоёр зууны түүхтэй Брайтоны музей ба Уран зургийн галлерей нь хэд, хэдэн танхимтай. Эхлээд ормогц Бирм, Тайландын булан угтаж тэдний талаарх баримтат кино гарч, хувцас хэрэглэлийг өмсөөд үз гэхэд нь Их Британий түүх л үзэх болов уу гэсэн төсөөллийг минь эргүүлэв. Цаашлаад Америк, Европын орнуудын түүхийг өгүүлэх шил, үнэт эдлэлийн үзмэрүүд болоод хүн төрөлхтөний хөсөг, дугуйн, индэр тавцан, тавилгын гээд олон сонирхолтой үзмэр цуглуулжээ. Шалнаас тааз хүртэл, өрөө дагуу олон багана өрж тавьсан гүцийг харвал цайны эх орон гэдгийг нь эрхгүй сануулах агаад хувцас, загварын түүхэн танхимаас поп, рок хөгжмийн нөлөөлөл ба Британи маягийн дэгжирхлийг илхэн харж болно.

            Музейн бэлэг дурсгалын дэлгүүрээс чамин аяга, даавуун цүнх зэргийг сонирхоод гарвал мөсөн гулгуурын талбай угтна. Гэрэлт чимэглэл бүхий моддын цаах нь том, бага гэлтгүй олны шуугиан сонсогдох нь хөгжилтэй. 
            Бөмбөрцгийн нөгөөтэйд өвлийн улиралд өдөр арай л богино, ялангуяа, Англид үргэлжид бүрхэг байдагт ч тэр үү, юу юугүй л гэнэт харуй нөмөрчихдөг нь харамсалтай. Үдээс хойш дөрвөн цаг гэхэд хэдийнэ тас харанхуйд ахин далай тийш чиглэж эрэг дээрх усан онгоцны зогсоолыг зорьсон юм. Мэдээж арванхоёрдугаар сар хэдийнэ гарсан тул “Brighton Pier” үүдэндээ гацуур модоо засаад гэрэлтэнэ. Зогсоол дээрх том талбайг төрөл бүрийн автомат тоглоомын төв эзэлж, гэрэл гэгээ, дуу чимээ болох нь ялахад нэн бэрх тоглоом руу яаж ийгээд татах аж. Харин эндээс холдоод цааш хэсэг явахад шөнийн Брайтоны наах нь алсыг харагч эргэлдэх нь үзэсгэлэнтэй. Тэндээс нэг тал руу хотыг тэр аяар тольдвол сонирхолтой, сэтгэл татам бол нөгөө талд хязгааргүй далай эрчлэн үзэгдэх бөгөөд шөнийн уудамд чимээ нь улам хүчтэй сонсогдох юм билээ.
            Далайг зорьсон өдрийн аялал маань эндээс аяга кофе барин галт тэрэгний буудал зүглэснээр дуусах болов. Амралтын өдөр, оройн цагаар Лондон явах галт тэрэг хүн багатай зорчсоор харь санагдах хотдоо зуурхан хүрээд ирсэн санагдана. Газар газраас ирсэн хэдэн сая хүн үнэндээ хэний ч бууц, хэний ч гэр биш энэхэн орон зайд инээмсэглэл тодруулан алхдаг ч хөндий, хиймэл царайнх нь цаана ямар сэтгэл, ямархан бодрол оршдгийг тааж ядан дунд нь алхсаар. Далай хараад гуниг төрөх биш ер бусын хүчийг мэдэрч, дотроо хэрэндээ баясан өөрийгөө “цэнэглэхийг” хичээн зогссон бол эргээд Лондонд ирэхэд урьдынхаас илүү уйтай санагдаж, маргааш ч үргэлжлэн орох бороотой тэнгэр дор гэр рүүгээ явлаа.