
Гэхдээ
энд нэвтрүүлгийн тухай ярих гэсэнгүй, харин сүүлийн үед урлагийг бүтээгчид, эсвэл урлагийн мэдрэмжтэй хүмүүс олон нийтийг хошин шог үздэг, нийтийн дуу
сонсдог гэхчлэн сонирхлынх нь дагуу бүлэглэн, ялгах цаашлаад доромжлох, ёжлохын
хооронд хэлэхийг олонтаа сонсох болсноор яагаадыг эрж хэсэг бодсон юм. Үүндээ
хариулт олох өнцөг минь Popular culture гэж дэлхий дахинаа хэдийнэ нэршсэн түгээмэл соёлын
талаарх үзэл, баримтлалууд байлаа.
Юун
түрүүнд соёл гэдгийг тодорхойлох хэрэгтэй ч, энэ нь culture
гэх үгийн хувьд л гэхэд англи хэлнээ хамгийн өргөн
утгатай хэмээн Уэльсийн нэрт эрдэмтэн Реймонд Виллиамс бичжээ. Гэлээ ч тэрбээр
гурван хүрээнд тайлбарлахыг зорьсон ба нэгдүгээрт, оюун санааны үйл явц болоод
гоо зүйн хөгжил, /Жишээ нь, баруун Европын соёлын хөгжлийн тухай ярих бол агуу философчид,
уран бүтээлчид, яруу найрагчдын тухайд/ хоёрдугаарт, амьдралын тодорхой хэв маяг, эсвэл хүмүүс,
бүлэг олон нийт, цаашлаад тухайн цаг үеийн аж амьдралын хүрээнд
/Ж: амралт, спорт, шашин, баяр
наадам/ гэсэн бол гуравдугаарт, оюун санааны тэр дундаа уран
бүтээлийн үйл явц ба туршлага гэжээ. Түгээмэл соёлын тухай ярихад ихэвчлэн
дээрх хүрээнээс хоёр ба гуравдугаар тайлбарыг авч үздэг байна.
Тэгвэл
түгээмэл соёл гэх ойлголтыг ч мөн зургаан янзаар тодотгодог бөгөөд товчхондоо (а) өргөн тархаж олонхийн таашаалд нийцсэн, (б) дээд зэргийн соёлын үнэт зүйлээс үлдэж хоцорсон, арилжааны хөнгөн хуумгай,
(в) олон нийтийн, (г) хүмүүсийн бүтээсэн тэдний амьдралаас бий болсон гэх ба
сүүлийн хоёр нь илүү өргөн утгаар Италийн эрдэмтэн Антонио Грамшийн хэжмони
санааны хүрээнд, нөгөө нь пост-модернизмын маргааны хүрээнд тайлбарлагддаг.
Эндээс
миний ярихыг хүссэн зүйл нь түгээмэл соёл ба түүнийг бүтээхэд гол үүрэг
гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд. Гэхдээ бас бидэнд олон таардаг
“Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олонхийн үзэл санааг бий болгодог уу, эсвэл эсрэгээрээ
юү?” гэсэн асуултын санахад илүүдэхгүй. Үүнд хамгийн төгс хариулт нь “хоёул”
гэдгийг “Соёлын онол ба Түгээмэл соёл” номд дурьдсан ба юу гаргавал үзэгчид таалагдах
бол гэж үргэлжийн эрэл, хайгуул хийж, рейтинг судлах хэвлэл мэдээллийнхэн ба
“Хоо, телевизээр гардаг ах” хэмээн танимхайран, үнэлэх үзэгч бидний ухамсаргүй
сэтгэлгээнээс энэ бүхэн харагдана.
Цаашлаад телевизүүдийн хүүхдийн
нэвтрүүлэг бүтээгчид ямар нэгэн дүр эрж хайхаас илүү, томоохон компань, спонсор
хайж түүний бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дүр бүтээдэг болоод удсан. Харин үзэгч
багачуул Маша муу хүүхэд гэдгийг ойлгохоосоо түрүүнд байнга телевизээр гарах
түгээмэл төрөхөөс нь болж зурагтай цамцаар гангаран, тоглоомыг нь хөтлөхөөр
тэмүүлдэг. Энд нэг нь түгээмэл соёлыг бүтээж, нөгөө нь түүнийг жинхэнэ утгаар
нь “түгээж” буй үйл явц харагдахын зэрэгцээ аль нэг нь үгүй бол popular
culture бий болох нөхцөл
бүрдэхгүй нь ойлгомжтой.
Ер
нь “word
of mouth” буюу ам дамжсан
яриагаар өртөөлөн тархдаг байсан түгээмэл соёл хэвлэл мэдээллийн хэрэгслийн
хөгжлийн ачаар улам өргөжсөн бөгөөд интернэтийн нөлөөгөөр бүр ч хүчирхэгжиж
өдгөө яригдах болсон “world of mouth” хэлцийг үүсгэжээ. Мөн ам дамжсан ярианы нөлөө их гэдэг нь
өнөөдөр хамгийн түгээмэл соёлын арга хэмжээ болоод буй Соёлын төв өргөөний
танхимыг дүүргэх болсон хошин шогийн тоглолтоос харагдана. Бидний өдөр тутамдаа
маазардаг, өөр хоорондоо хэлэлцдэг зүйлийг тайзан дээр тоглож урлаг болголоо
гэх хүмүүс байх бөгөөд түүнийг нэг хэсэг нэвтрүүлгийн цагаа дүүргэх гэсэндээ
эрээгүй цацсан телевизийн сувгуудын ачаар үзэгчид телевизээр гардаг сайн зүйл,
сайхан зүйл гэдэгт ухамсаргүйгээр автах болсон. Нийтийн дууны хувьд ч “Намайг
төрүүлсэн ижий”, “Хангай шиг түшигтэй аав минь”, “Нутгаа би санана” гэхийг
найман настай хүүхэд ч, наян настай буурал ч ойлгоод уярах бол “Харанхуйн цасны
гэгээнд” гээд дуулахаар бага зэрэг эргэцүүлэл хэрэгтэй болоод байгаа юм. Тийм
болохоор л нийтээрээ ойлгож, нийтээрээ сонсч түгээмэл соёлын хэсэг болгожээ.
Энэ мэт агуулгууд хэзээнээс байж, 19-р зууны үеээс popular
culture гэсэн нэр томъёог
хэрэглэж, өнгөрсөн зууны үед мандаж байсан түгээмэл соёл өнөө ч хүчтэй оршин
тогтнож байна. Америкаас үүдэлтэй, тийм ч болоод “америк соёл” гэж заримдаа
адлуулах түгээмэл соёлын илрэл “Twilight” цуврал, эсвэл MTV-гээр мандаж байсан поп эринийг энд дурьдаж болно. Цаашлаад
Facebook
share-ийн багагүй хувийг эзлэх болсон
9GAG
дахь дүрслэлүүд, интернэтээр нэг үзэгдэх болсон меме гээд
улам баяжиж байгаа нь аргагүй үнэн. Харин тэдгээрийг хүрээнд нь харахаас, файн
арттай зэрэгцүүлж жиших нь электро дижейг тоглуулснаа чи хөгжмөө амьдаар
тоглосонгүй гэхээс хол зөрүүгүй мэт санагдана.

No comments:
Post a Comment