Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
     
      Миний доторх бяцхан охин 16 нас хүрсэн тэр мөчөөс эхлэн би 30 насны төрсөн өдрөө хуруу даран хүлээх болов. Гэхдээ тийм ч сайхнаар биш л дээ. Харин нас нэмэх бүрт загварын ертөнц надаас холдож, тэр сэдэв надаас улам бүр дайжина гэж бодох л урамгүй санагддаг байсан юм. Тэгсэн нэг өдөр 80 настай Молли ягаан өнгийн хослолыг дэгжин өмсч, 78 настай Линн хар, цагааныг хослуулан гоёмсог зүүлтээр гангарсныг хараад мэл гайхаж билээ. Тэд цогтой, өнгөлөг харагдахын зэрэгцээ “ахмад” гэх хуучин үгийг нэн загварлаг болгосон байсан. Дэлхий ертөнцөд, тэр дундаа загварын ертөнцөд энэ “шинэ” үеийг тунхаглагч нь 30 настай загвар зохион бүтээгч Ари Коэн ба түүний “Advanced Style” блог юм. Тавин нас хэдийнэ ард хоцорсон ч загварлаг харагдах боломжтой төдийгүй нүд унагам гайхалтай байж болохыг тэр харуулахыг хичээж буй. Загвар өмсөгчид 30 нас хүрээд л “тэтгэвэрт гардаг” энэ ертөнц хийгээд ерөөс нас-загвар гэх өвөрмөц харилцааг тэр чинээнд нь хүртэл “найрсгаар” зохицуулдаг гэжээ.
            Загварыг хүлээн авах бидний байдал нас болоод хэмжээний хооронд үеийн үед төөрөлдсөөр ирсэн. Нас биед хүрсэн нь илэрхий буюу боловсорсон жимс мэт гэгдэх бүсгүйчүүлийн дүр 60-аад оны үед ид мандаж, загвар өмсөгч залуухан охид хэдэн нас “нэмэхээс” огт татгалздаггүй байв. Харин үүний дараа хүүхэд шиг царайтай, нарийхан биетэй моделууд үнэлэгдэх болж өнгөрсөн 20 жилийн дотор л гэхэд тайзны моделийн өмсгөлийн хэмжээ 6-8 байснаа 0-2 хүртэл огцом буурчээ. Ер нь бүх л салбарт энэ үзэгдэл бий болж загварын агентлагууд хэт туранхай охидыг нүүр, царайгаа болгосоор байна. Тиймдээ ч энэ нь эгэл амьдралаас хол тасархай, хуурамч ертөнцийг бүтээж байгаа нь харамсалтай. Тиймээс бидэнд хэрэгтэй шинэлэг, сүүлийн үеийн хандлага нь насны бүлгийн хувьд ахимаг үе юм гэж Ари Коэн үзсэн байна.
            Түүнчлэн “Baby Boomer /1946-1964/ үед төрөгсөд хувцас, загварын салбарын хамгийн идэвхтэй худалдан авагчид буюу тэд жилд 47 тэрбум долларыг гоёл, сэлтэд зарцуулдаг байна. Нэг ёсондоо “Бид хамгийн чинээлэг, томоохон бас идэвхтэй хуалдан авагчид шүү” гэдгийг 59 настай модель Синди Жозеф хэлсэн билээ.
            Коэн блогтоо “ахимаг стиль” гэгч нь олон нийт төдийгүй мэргэжлийн салбарт ч дэлгэрч, нас-загвар гэдэг нь зүгээр нь худалдааны харилцаа бус харилцан, зохицож буй тухай бичжээ. Тэрбээр эмээтэйгээ дотны найзууд бөгөөд түүний насныхныг хараад хүмүүс хөгшрөх тусмаа эерэг, сайхныг олж харах, хичээх нь багасч буйг ажигласан аж. Тиймдээ ч блогоо “Хөгшрөлтийг шинэ өнцгөөс, гэрэлтэйгээр харах урам өгнө” хэмээн тодотгон “Настай хамт олон гайхалтай зүйл ирдэг” гэв. Түүнчлэн шинэ загвар, өнгө төрхийг бий болгох нь бие даасан, хувь хүний үзэл бодол байдгийг ч тэр мэдрэн зорилтот хүлээн авагчиддаа номоо хэвлүүлж, тэр ч бүү хэл баримтат кино бэлтгэжээ.

            Коэн энэ алхмаараа “цахиур хагалж” байх зуурт бусад нь ч бас зүгээр суусангүй. Залуу, цоглог моделиудаараа алдартай, хипстер брэнд болох “American Apparel гэнэтийн өөрчлөлт хийж “Advanced Basics кампанит ажил өрнүүлэн багагүй шүүмжлэлтэй тулгарсан. Гэвч үүнийг үл харгалзан 61 настай моделийн өндөр түвшний бас чөлөөт гээд олон хэв маягийн зурагт хуудас гаргажээ. Тэдний зорилго нь хэний ч төсөөлөөгүй шинэ зах зээлд гарах, аль эсвэл анхаарал татах, аль нь ч бай хөгшрөлтийн үр, ач хувцас, загварын ертөнцөд бий гэдгийг харуулсан юм.
            Өндөр зэрэглэлийн брэндүүд ч энэ зах зээлд шууд тэмүүлээгүй ч, ядаж оролдлого хийснийг харж болно. Marc Jacobs гэхэд өнгөрсөн оны коллекцдоо Глорио Вандербиль, Синди Шерман зэрэг бэлгэ тэмдэг болсон моделиудтайгаа хамт Коэны блогийн “загвар өмсөгч”-ийг алхуулсан билээ. Үүний үр дүн хэрхэн гарсныг мэдэхгүй ч, Marc Jacobs энэ шоунаас болж шуугиан дэгдээсэн нь “хөгшчүүлээс” болж биш харин 16-аас доош насны охидод загвараа өмсүүлсэн нь байсан юм. Үүнийгээ тэрбээр “Би шоугаа хэн нэгний хэлснээр биш өөрийнхөө бодсоноор хийдэг” хэмээн тайлбарласан удаатай.

            Ямартай ч, Коэны энэ мэт оролдлогууд цөөнгүй хүнийг алга ташихад хүргэж буй. Хар, цагаан гоёлоор дэгжирхсэн Линн “Би бүхнийг хийж чадна, би хүссэнээрээ хувцаслаж, хэзээ ч, хаана ч өөрийнхөөрөө байх болно” хэмээж байлаа. Тэгвэл Коэн өөрийнхөө ирээдүйн тухайд “Лос Анжелес Таймс”-д өгсөн ярилцлагадаа “Бид бүгд л хөгширч байна. Ингэж хэлэх нь би үүнийг тэсч ядан хүлээж буй хэрэг биш, зүгээр л би үүнтэй эвлэрч чадна гэсэн үг юм” гэв. Түүний моделиудыг харсны дараа би ч бас тэгж бодох болсон. Линний хэлсэнчлэн “Бид нас ахих тусам, илүү дээр болдог” ч юм бил үү. 
"Гоодаль" сэтгүүл. VII, VIII сарын дугаар. 

            “Толь минь, толь минь, хорвоо ертөнцөд хэн хамгийн үзэсгэлэнтэйг хэлээч?” Ирээдүйд энэ асуултад хариулт хүлээх, өөр нэгэнтэй үзэмж, гоогоор уралдах шаардлага нэгэнт үгүй болох нь ээ. Даруй 10 жилийн өмнө нүдэнд давхраа хийх, хамар өндөрсгөх зэрэг нь зөвхөн оддод зориулсан үйлчилгээ байсан бол өдгөө эдгээр мэс ажилбар өдөр ирэх бүр түгээмэл болж, тэр хэрээр үнэ, хөлс нь ч хямдарч байна. Гоо сайхны мэс заслын “өлгий” гэгдэх БНСУ-д л гэхэд давхраатай, алаг нүдгүй хүн үгүй болж барууны маягийн өндөр хамар мода биш, хэдийнэ ердийн л төрх болсон нь илэрхий. Бид ч ялгаагүй нялх үрээ “Ээжийнхээ зузаан уруулыг дуурайхгүй яав даа” хэмээн халаглах, харамсахын дундуур хэлдэг байснаа больж, том болохоор нь “мэс засал” хийлгэчих нь гээд додигор суудаг болсон. Ингээд бодохоор хожим, хойдын гэх ч, ердөө 20 жилийн дараа л гэхэд хорвоо, ертөнцийн бүх хүн хөөрхөн “төрөх” албатай болох нь гарцаагүй.
            Гэвч хөөрхөн сайхны энэ үнэлэмжийг хэн, хаанаас тогтоосон юм бол оо? Онигор нүд, өргөн нүүр муухай гэж хэн үзээд, цайвар царай, дүрлэгэр алаг нүдийг сайхан гэж хэн хэлчихэв? Өнгөрсөн цаг үеийг эргэн харвал энэ бүхэн эрт үеэс л хэн хүчирхэг, түүнийг дагадаг байсантай холбоотой болох нь. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн философичдийн түүхийг л гэхэд Фалесаас эхлүүлж, бүх л шинжлэх ухааны үндсийг латинаар тэмдэглэж, одоо цагт ч загвар, урлагийн төв нь Европт ноёлж, хүмүүс бид барууны бүтээсэн ертөнцөд хөлөө олох гэж хичээж буй. Тиймдээ ч, тэдний бүтээсэн, тэдэнд байгаа зүйлсийг сайханд тооцон биширч, царай төрхөө ч тэдэнтэй ижилсүүлэх гэж чармайж байгаа мэт. Тэр дундаа азийн олон оронд солонгосоос үүдэлтэй сайхны төлөөх тэмүүлэл япон, хятадаар өртөөлөн давамгайлж байна. Ажилд ороход мэдлэг, чадвараас илүүтэй гадаа төрх “оноо” болж бидний хэлдгээр “царай харах” болсныг хаа сайгүй бичиж байна. БНСУ-д Сөүлийн үндэсний их сургуулийг ижил голчтой төгссөн хоёр залуугийн нуруулаг бөгөөд өөгүй царайтай нь сайн ажилд орох магадлал хавьгүй өндөр гэдгийг “Men’s Health” сэтгүүлд бичжээ. Тэдний судалгаагаар 25-37 насны солонгос залуусын 86% нь царайлаг болоод өв тэгш бие галбиртай бол сайхан ирээдүй хүлээж байгаад итгэдэг гэсэн байна. Цаашлаад гоо сайхны мэс ажилбар хийлгэх хүмүүсийн багагүй хэсгийг эрчүүд эзлэх болсон төдийгүй энэ тоо, хэмжээ бага багаар нэмэгдсээр байгаа нь сонирхолтой. Зарим эмнэлэгт бүр үйлчлүүлэгчдийн гуравны нэг нь эрэгтэйчүүд болсон гэнэ. Тэдний түгээмэл хийлгэдэг хагалгаа нь бүсгүйчүүдийн адил давхраа болон хамар өндөрсгөх аж. Өөрөөр хэлбэл гоо сайхан гэх үг бараг л зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай мэт ойлгогдох үе өнгөрч, сайхны талаарх үнэлэмж нь эрэгтэй, эмэгтэй хүнд ижилхэн болоод байна. Сүүлийн хорин жилд “Miss Universe”-т оролцогчид улам л барууны төрхтэй болж хэн нь ази, африк, европоос ирснийг ялгахад хэцүү болсныг зохион байгуулагчид дурьдаж байв. Мөн косметик хагалгааны нөлөөгөөр царай, зүсээ хэт европжуулах болсон солонгос оддын нөлөөгөөр азиудын дунд гоо сайхны стандарт нь барууны төрх гэдгийг тунхаглаад буй юм.
            Энэ мэтчилэн бодвол ойрын ирээдүйд ертөнц даяарх хүмүүс ижил төрхөд автаж мэдэхээр байна. Тэгээд бүгд адилхан, бүгд ижил царайтай болохоор гоо сайхны үнэлэмж юу болох вэ? 
            Энд нэг сонирхолтой хариулт бийг судлаач Чарли Хо “Барууны нийгэм дэх гоо сайхны тухай” эсээндээ бичжээ. Тэр бол хүн төрөлхтний хэзээнээс ярьсаар ирсэн дотоод гоо сайхан. Хүний сайхан сэтгэлд нь, дотоодод нь байдаг гэж бүхий л шашин хийгээд суутнууд сургаж, хэлж ирсэн ч бид нэгнийгээ “хувцсаар нь угтсаар” байсан. Харин төд удалгүй хүмүүсийн гадаад төрхөд ялгаа үгүй болсноор, бие биедээ татагдах, шохоорхох явц нь өнгө, үзэмжид биш бодлын чанад дахь сэтгэлийн хэлхээгээр дамжих болно. Нэрт найрагч Халиль Жебран “Хүний сайхан царай төрхөд биш, зүрхэн дэх гэрэлд буй” гэснээр мөдхөн “гоо сайхан”-ы гэрлийг бид гадаадаас бус дотоодоос эрэх аялалд гарах аж.