Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
"Үндэстний Тойм" сэтгүүл.  

“Гэрэл зураг авахад тухайн мөчийг тааруулж дарна гэдэг хэцүү. Аав, ээжийн зургийн цомгийг үзэхэд нүдээ аньсан зураг ер нь харагддаггүй. Одоо бол маш олон зураг аваад л байдаг, тэгсэн хэрнээ л нааш цааш харсан, нүдээ аньсан гээд олон “өөтэй” зураг байсаар л байна. Бид дахиад авчих юм чинь гэж найдаад тухайн агшинг алдчихдаг, залхуу хүмүүс болоод байх шиг” хэмээн гэрэл зурагчин найз минь ярив. Нээрэн л дижитал камер, харьцангуй өндөр нягтаршил бүхий чадвартай гар утасны камер гээд технологийн ачаар хүн бүр дурсамжийн хэсгээ мөнхлөх боломжтой болсныг дэлхий даяарх 2,6 сая гаруй тэрбум гар утасны камер, Фейсбүкт сар бүр нийтлэгдэх 6 тэрбум зургаар баталж болно. Энэ бүхнээс үзвэл өнөө цагийг гэрэл зургийн түүхэнд “алтан үе” гээд тэмдэглэж болмоор. Тэгтэл энэ “гайхалтай” үед та хамгийн сүүлд тогтож сууж зураг үзсэн, эсвэл гэрэл зургийн үзэсгэлэнг зорьсноо санаж байна уу? Мэдээж Инстаграм, Фейсбүкээс өдөр бүр зураг үзэж байгаа ч хэн нэгний өөрийгөө дарсан зураг, идсэн хоол, өмссөн хувцас гээд хязгаарлагдаж байгаа нь үнэн.
  Тэгвэл гүн ухаантан Аристотель жижиг нүхээр тусах гэрэлд хананд нь дүрс буухыг үзсэнээс хойш гэрэл зураг хөгжсөөр урлаг басхүү шинжлэх ухаан болоод буй. Энд урлаг гэхийн утгыг та гял, цал өнгөөр “зодсон” сайхан зохиомжит зурагтай андууруузай. Харин бидний дотоодод сэрэл, мэдрэмжийг төрүүлэх уран бүтээл байх учиртайг тодотгож буй хэрэг. Бүтээлч буюу “creative” зураг авах энэ оролдлого манайд бийг интернэтээс харж болох ч, мэргэжлийн зурагчдын бүтээлтэй хэрхэн танилцах нь таавар мэт гэхэд хилсдэхгүй. Сүүлийн жилүүдэд байнгын ажиллагаатай уран зургийн галлерей олон болсон ч, гэрэл зургийн үзэсгэлэн тогтмол гаргах зай талбай улам л хомс болоод байна. Нөгөө талаас гэрэл зураг тодорхой агуулгыг эрэлхийлж, бидний мэдээгүй ертөнцийн өнгийг таниулж өгдөг. Баримтат гэх энэ зургийн тухайд гэрэл зурагчин Д.Давааням “Дэлхий даяар гэрэл зургийн хандлага нь бидний нэрлэж дадсанаар цуврал зураг болсон. Нэг асуудлаар, тодорхой сэдвээр дагнан фото нийтлэл байдлаар зураг авах хэлбэр олон улсад төлөвшөөд байна. Мөн гэрэл зургийн мультимедиаг дурдахгүй байж болохгүй” гэв. Энэ яриатай уялдаад Хонг Конгийн Түүхийн музейд гэхэд гэрэл зургийн үзмэрийг слайдшоу байдлаар хүргэхийн хажуугаар медиа элементүүд ашиглан үзэгчдийг зураг дотор “оруулж” байсан нь санаанд буух аж. Мэдээж энэ тухай ярихад нөгөө л мөнгө, санхүүгийн асуудал тулгардаг нь тодорхой. Тэр дундаа гэрэл зургийн жижиг хэрэгслээс эхлээд шаардлагатай бүхий л хэрэглүүрүүд нь харьцангуй үнэтэйн дээр уран бүтээл бэлэн болгоход цаг хугацаа, хөдөлмөр багагүй зарцуулдгийг бид мэднэ. Харин сүүлийн жилүүдэд олон улсад зурагчид ямар нэг сэдэв сонгоод гэрэл зураг бэлтгэх төсөл бичээд явуулахад түүнийг дэмжих хөтөлбөр, тэтгэлэг, байгууллага харьцангуй олшроод байгаа гэнэ. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд “Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Баримтат гэрэл зураг төсөл”-д манай улсаас “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж шалгарсныг тэд сайтдаа зарласнаар тэрбээр хагас жилийн хугацаанд гэрэл зургийн сургалт, дадлага ажил зэрэг хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байгаа юм.
  Нэг гэрэл зургаар 1000 үгийг илэрхийлж болно гэдэгчлэн тэр нэгэн агшин хүний сэтгэлд уйлах, баярлах, эсвэл ор хоосон мэдрэмжийг төрүүлж ч болох. Тэгвэл олон нийтийн сүлжээн дэх амьдралын хэв маягийн “сурталчилгаа” болсон фото нь хүмүүсийн мэдрэмжийг хөглөхөөс илүүтэй бусдаас өөрийгөө дутууд тооцох сэтгэл гутралд автуулж байна гэх саяхны судалгааг та санаж байгаа байх. Харин гэрэл зургийн дотоод ангиллыг сонирхогчдын, уран бүтээлийн, шинжлэх ухааны, болон арилжааны гэхчлэн ерөнхийлдөг юм билээ. Манайд өнөөдөр түгээмэл болоод буй арилжааны зургийн талаар зах зээлд хамгийн эрэлттэй төрөл нь эвент буюу үйл ажиллагааны зураг гэдгийг “Студи-3”-ын гэрэл зурагчин Э.Ууган-Эрдэнэ онцолж байсан юм. Томоохон байгууллагын ёслолын үйл ажиллагаа, шоу, партины зураг авалтаас гадна бүтээгдэхүүн, зурагт хуудсын захиалга ч багагүй байдаг гэв. Харин уран бүтээлийн фотогийн тухайд зурагчид ингэж тайлбарлаж байна.  

  “Nude Art” гэрэл зургийн тухайд (Dark side of the Moon блог)
-Энэ төрлийн зураг авах санааг яг үнэндээ өөрийгөө толинд харахад төрсөн гэж болно. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний нүцгэн биеийн үзэсгэлэн гэдэг гайхалтай шүү дээ. Тийм ч учраас гэрэл зургаар дамжуулж түүнийг илэрхийлэх биш бүр мэдрэмж төрүүлэхийг хүсдэг. Харамсалтай нь, манайд одоогоор хүний биеийн аль нэг хэсэг ил гарсан л бол “nude art” зургийг эротик зурагтай холих тохиолдол бий. Энэ бол маш том эндүүрэл. Уг нь зургийг харахад л аль нь гэдэг илэрхий байдаг юм. Гэхдээ би цаашид энэ төрлийн зургаа дарна аа, камераа даахгүй болтлоо авна. 

  “Art” зургийн тухайд (“Гоодаль” сэтгүүлийн гэрэл зурагчин Саарал)
-Би улиг болсон зүйлсээс аль болох зугтаж, өөр төрөл, өөр хэлбэрийг илэрхийлэх дуртай. “Art” зургийн онцлог нь сонин содон, өвөрмөц, эгэл биш, эсвэл бүр эсрэгээрээ уйтартай байж болно. Ер нь тухайн үед төрсөн мэдрэмжээрээ зураг авдаг, харин тэр бүтээлийг хүн бүр өөрийнхөөрөө тайлаад тус тусынхаа бодолтой үлдэнэ байхдаа. Миний зургийн нийтлэг тал нь ихэвчлэн хар, цагаан өнгөтэй минимал аястай байдаг. Өөрийнхөө ертөнцийг нэг өнгөөр илэрхийлбэл өнгөгүй, бүүдгэр саарал гэнэ, учир нь хар цагааны завсарт бүхий л зүйл байгаа мэт санагддаг. 

  Баримтат зургийн тухайд (“Батзориг” сангийн гүйцэтгэх захирал, гэрэл зурагчин Д.Давааням)

-Манайд сүүлийн үед гэрэл зураг эрчимтэй хөгжиж, төрөлжиж байгаа ч баримтат гэрэл зургийн түвшин хангалтгүй байна. Энэ төрлийг ерөнхийд нь мэдээний буюу үйл явдлын болон ахуй амьдралын гэх байдлаар ангилж, миний ихэвчлэн хувьд хоёр дахь хэлбэрээр нь зураг авч нийгмийн тодорхой асуудлыг хөндөж, гаргахыг зорьдог. Мөн авсан зургаа уншиж сурах их чухал, аль талаас нь яаж авч, гол санаагаа хэрхэн илэрхийлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Ялангуяа, хүмүүс гэрэл зурагт маш их сонирхолтой болж, нийтийг хамарч байгаа ч дарсан бүхэн зураг биш шүү дээ. 

  Монголын тухайд гадаад зурагчны нүдээр (“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Мараекэ Гунше)
Гандангийн хуучин эд зүйлс, судар бүтээлийг сэргээн засварлах үеэр.
-Монголд хүний эрхийн тухай асуудлаар зураг авахаар анх ирж байсан юм. Түүнээс хойш гэр бүлийн хүчирхийлэл, гэр хорооллын ахуй амьдрал, эмэгтэйчүүд, ижил хүйстнүүдийн эрхийн талаар гээд олон зураг авсаар байна. Миний бодлоор монголд арилжааны болон улс төрийн сэдэвт зураг сайн хөгжиж байгаа ч тодорхой өгүүлэмжтэй, фото нийтлэл дутмаг санагддаг. Гадны байгууллагууд ч надад нүүдэл, уул уурхай, эдийн засгийн байдалтай холбоотой зураг захиалдаг. Харин би монголын тухай цорын ганц зураг ав гэвэл тэр нь хүмүүс байх болно. Барууны тогтсон, уйтгарт нийгэмтэй харьцуулахад монгол орон өөрчлөгдөж байна, хүмүүс өөрчлөгдөж, хөгжиж байна. Тиймээс одоогоор гэрэл зурагчны хувьд ажиллахад хамгийн тохиромжтой газар бол Монгол.

Төрөл, жанрын хувьд ийнхүү өнгө, төрхөө олохоор эрэлхийлж буй гэрэл зургийн тухайд тэд ийнхүү тайлбарлалаа. Харин түүхийн хуудаснаа “Фотографи” гэх үгийн үүслээс хөөвөл эртний грекийн “Гэрлээр зурах” гэсэн утгаас үүдэлтэй юм билээ. Орчлонгийн бүхий л юмс гэрлийн нөлөөгөөр та бидний нүдэнд “амилдаг” болохоор тэр биз.  Тэгвэл үзэгч, гэрэл зурагд шимтэгчид мэргэжлийн уран бүтээлчдийн зургийг харж, мэдэрч, дотооддоо “амилуулах” тэр цаг хэзээ вэ?

(Нийтлэлд оруулсан дээрх зургууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул шаардлагатай тохиолдолд холбогдож гэрэл зурагчдаас зөвшөөрөл авахыг сануулж байна.)