Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
      "Грэмми". Жил бүр хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулан эгшигт хайрцаг гардуулах уг арга хэмжээг 1959 онд анх зохиож байв. Түүнээс хойш 8000 гаруй цом уран бүтээлчдээ урам зориг хайрлахын зэрэгцээ итгэл, нэр хүнд бэлэглэсэн биз ээ.
      Цөөнгүй хамтлаг, дуучид "Грэмми"-ийн шагналыг утгагүй гээд, ялангуяа хөгжмийг сайн, муугаар шүүн тунгаах нь зохисгүй хэрэг гэж үздэгээ илэрхийлж байв. Түүнчлэн уран бүтээлийг бизнестэй хутгасан "бохир" наадам ч гэсэн удаатай.
     Гэлээ ч 54 дэх удаагийн "Грэмми"-ийн шагнал гардуулах ёслол хөтлөгч, реппэр LL Cool J-ийн "Энэ үдэш хөгжмийн хүч биднийг нэгэн дээвэр дор авч иржээ. Бид жил бүрийн энэ л өдөр зүрх сэтгэлээ хөг эгшигээр цэнэглэж, баярлан хөөрч, басхүү дурсан санадаг" гэсэн үгээр эхлэв.
     "Дурсан санадаг". Энэ үг хүн бүрийн чихэнд илүү тод сонсогдсон болов уу. Ёслолын арга хэмжээний эхэнд хэдхэн цагийн өмнө хорвоог орхисон "поп дива" Уитни Хьюстоны төлөө залбирал үйлдэн хүндэтгэл илэрхийлсэн юм.

    Бруно Марсын "сэргээш"

     "Грэмми"-ийн үдшийн хамгийн үзүүштэй тоглолтуудын нэг нь Бруно Марсын "Runaway Baby" байлаа. Эмгэнэл илэрхийлэн гашуудсан олны сэтгэлийг хөгжилтэй, цоглог хэмнэлээр тэр сэргээсэн юм. Дууны үеэрх тайз засал, хөгжмийн найруулга нь ч зохицсон бөгөөд бүжгийн дэглэлтийг гайхалтай хийжээ.
    Сонирхуулахад, энэ үдэш Бруногийн уран бүтээл зургаан төрөлд нэр дэвшсэн хэдий ч эгшигт хайрцгаас атгах аз тохиосонгүй. Харин өнгөрсөн жил тэрбээр "Just the Way You Are" дуугаараа шилдэг эрэгтэй дуучнаар шалгарсан билээ.

   Крис Браун эргэн ирэв 

     16 настайгаасаа урлагийн ертөнцөд нэрээ цуурайтуулж чадсан цөөн уран бүтээлчийн нэг нь Крис Браун. Тэр дундаа 2007 онд гаргасан "Exclusive" цомог нь гайхалтай амжилт үзүүлж, дэлхий даяар түүнийг шүтэн бишрэгчдийн тоо сая, саяар тоологдох болсон. Харин амжилтын энэ оргил үедээ дуучин Рианнатай үерхэж байсан тэрбээр найз бүсгүйдээ бүдүүлгээр халдсаныг та бүхэн санаж байгаа биз ээ. Түүнээс хойш Крис Брауны нэр хүнд, уран бүтээлчийн амжилт ч төдийлөн өмнөх шигээ байсангүй. Тэгвэл энэ жилийн "Грэмми"-ийн тайзнаа тэрбээр уран бүтээлээ толилуулаад зогсохгүй "F.A.M.E" цомог нь Шилдэг R&B цомгоор шалгарч, анхны эгшигт хайрцгаа хүртлээ.


   Foo Fighters - "Төгс байх нь онц биш. Зүрх юу мэдэрч, тархи юу гэж байгаа нь хамгийн чухал" 
      "Foo Fighters" хамтлаг 54 дэх "Грэмми"-ийн шагнал гардуулах ёслолоос 5 шагналтай буцсан. Тэд хамгийн эхэнд Шилдэг рок дуу төрөлд "Walk" уран бүтээлээрээ тэргүүлэв. Энэ тухай хамтлагийн дуучин Дейв Грол "Энэ шагнал бидэнд маш онцгой юм. Учир нь хамгийн сайн студид дуугаа бичүүлэх, Холливудын гудамжаар алхах, өндөр хүчин чадалтай компьютер ашиглах нь чухал байж болох ч энэ дууг бид граждаа л бүтээсэн юм" гэлээ. Түүнчлэн "Компьютер дээр юу гарахыг битгий тоо. Дуул, хөгжмөө тогло. Төгс байх, зөв дуугарах нь онц биш. Харин зүрх юу мэдэрч, тархи юу гэж байгаа нь л хамгийн чухал" гэсэн нь олны алга ташилтаар мялаалгасан.

     "Beach Boys" 50 нас хүрэв 

     "Rolling Stone" сэтгүүлээс гаргасан Бүх цаг үеийн шилдэг 100 рок хамтлагийн нэг, дэлхий даяар 100 сая гаруй цомог борлуулсан гээд "Beach Boys"-ийн түүхийг бичиглэвээс дуусах нь үгүй биз ээ. Аавыгаа сэрээхээс эмээж унтлагын өрөөндөө бэлтгэл хийдэг байсан хөвгүүд төд удалгүй төгөлдөр хуур, гитар тоглож сурснаар хамтлагийн уран бүтээлч жилүүд эхэлсэн түүхтэй гэдэг. Өнөөдөр тэд аль хэдийнэ 70 настай золгож, хамтдаа бүтээсэн хөгжим нь 50 жилийн турш сонсогчдынхоо зүрх сэтгэлийг хөглөж байна. Үүнээс хойш ч хэдий хугацаанд биднийг уяраахыг хэлж мэдэшгүй.
     Ямартай ч, энэ үдэш тэдэнд хүндэтгэл үзүүлж "Maroon 5" болон "Foster the People" хамтлагийнхан хүүхэд насныхаа шүтээн "Beach Boys"-той нэгэн тайзнаа дуулав.

      Адель - "Энэ бүхэн ердөө л бүтэлгүй дурлалаас үүдэлтэй шүү дээ" 

     Тийм ээ, 54 дэх удаагийн "Грэмми"-ийн шагнал гардуулах ёслолын хатан хаан нь Адель байв. Нэг жилд зургаан төрөлд нэр дэвшиж, бүгдэд нь тэргүүлсэн амжилт түүнийх. Зургаа дахь эгшигт хайрцгаа гардахдаа тэр нүдэндээ нулимстай байлаа. Мэдээж "21" цомгоо гаргахад тусалсан хүн бүхэнд талархал илэрхийлмэгцээ "Энэ цомог, энэ амжилт ердөө бүтэлгүй хайр дурлалын харилцаанаас үүдэлтэй шүү дээ" гэв. Адель найз залуугаасаа салсан ч, түүндээ хайртай хэвээр байсаар "Someone like you", "Rolling in the Deep" гээд олон дуу зохиосон билээ. Гэхдээ бүтэлгүй дурлал бүхэн сайн дуу бүтээх сэдэл болдоггүй болов уу. Гагцхүү тэр бүсгүйн сэтгэл зүрхнээс ундарч, өөрийнх нь гайхалтай хоолойгоор дамжин бидэнд хүрснээрээ илүү үнэ цэнэтэй байх.
     Ёслолын арга хэмжээний тайзнаа тэрбээр "Rolling in the Deep" дуугаа толилуулсан. Дахин дуулахгүй ч байж мэднэ гэсэн таагүй мэдээ хэдийнэ ард хоцорсон ч, хүмүүс түүний хоолой бүрэн эдгэсэнд эргэлзэж байв. Харин энэ л үдэш Адель тэр бүх бодлыг няцааж, эрч хүчтэй, бардам төрхтэйгээр дууллаа. Төгсгөлд нь Рианна, Пол Маккартни гээд бүгд л түүнд баяр хүргэж, алга ташилтын уухай маш удаан үргэлжилсэн билээ.