Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
     Бүсгүй нүдээ нээлээ. Түүний харц ер бусын тайван хэрнээ гунигтай. Эдлэн газар хийгээд эртний дүр зураг. Огторгуйд эх дэлхий амгалан орших авч, алсаас бас нэгэн аугаа эрхэс ойртон, дөхсөөр. Хүүгээ тэврэн юунаас ч юм зугтан туйлдаж буй эх...
    Рихард Вагнерын гайхалтай хөгжмөөр дэвсгэрлэн "Меланколиа" киноны эхлэл энэ мэт дүрслэлээр цааш үргэлжилнэ. Хоёр хэсэг уг бүтээлийн эхний хэсгийг "Жастин" гэх бөгөөд гол дүрийн бүсгүйн нэр аж. Дөнгөж хуримлаж буй Майкл, Жастин нар өөрсдийн баяртаа хожимдож ирлээ. Бүгд дотогш яарах зуурт Жастин тэртээд нэгэн одыг анзаарсан нь "Антарес" гэх од байв. Баяр хөгжилтэй, жаргалтай үргэлжлэх ч, сүйт бүсгүйн үл мэдэг, итгэлгүй байдал улмаар тэдний гэрлэлтийг төгсгөжээ. Үүний зэрэгцээ "Антарес" ч үл харагдах аж. Учир нь, Меланколиа гариг тэр одыг хиртүүлсэн бөгөөд эх дэлхийн зүг сүйрэл дагуулан айсуй. Огторгуйн тойрог зам дахь түүний "аяллын" хэсгийг "Үхлийн бүжиг" гэнэ.
   Киноны эхний хэсэгт Жастины сэтгэл зүй тогтворгүй, учиг нь үйл ойлгогдох мэт үйл явдлуудаар дүүрэн. Ганцаар угаалгын өрөөнд онгоцонд хэвтэнэ, эдлэнгийн эзгүй талд ганцаар бодолхийлэх зэргээр гэнэт алга болж, энэ бүхэнд эгдүүцсэн эгч Клейр нь "Би чамайг заримдаа үзэн ядах юм" хэмээн үгээ барна.
   Хурим дуусч бүгд явлаа. Удалгүй Жастин өвдсөн байх бөгөөд эгч Клейр дээрээ ирж түүний нөхөр Жон болон хүү Леотой нь хамт амьдрах болов. Энэ зуур одон орон судлаач Жон хүүтэйгээ хамт сонирхолтой судалгаа явуулах ч тэд нэг л өдөр Меланколиа манай гаригтай мөргөлдөх нь тодорхойг мэднэ. Клейр ч үүнээс хоцорсонгүй. Ингээд киноны хоёрдугаар хэсэг "Клейр" эхэлнэ.
   Гагцхүү энэ цэгт л гол санаа гарах мэт. Бүгд нэгэн цагт, нэгэн орчинд үхэлтэй нүүр тулах ч үүнийг хүн бүр өөрийнхөөр хүлээн авна. Жон ирэх үнэнийг зөвшөөрч чадалгүй амиа хорлож, сандарч мэгдсэн Клейр хүүгээ элгэндээ тэврээд хаачихаа мэдэхгүй цөхөрнө. Энэ үед Жастин л дэндүү тайван байх аж. Нэгэнт ирэх үнэн, байгаль дэлхийн хуулийн эсрэг яагаад ч нэмэргүйг тэр магад ойлгосон ч байж мэдэх.
  Үхэл амьдралыг утга учиртай болгодог гэх санааг цөөнгүй хүнээс сонсч байв. Харин энд нэгэнт ирэх үхэл бүгдийг утгагүй болгочихов. Эх дэлхийдээ хорогдон уйлан, дуулаад ч нэмэргүй. Эргэн тойронд байх хэн бүхнийгээ ханатал хайрлаад ч ялгаагүй. Учир нь, энэ нөхцөлд хэн ч үлдэхгүй, бүгд л үхнэ, мөхнө.
   Дэндүү гунигт басхүү гутранги төгсгөл.
Найруулагч Ларс Вон Триерийн бас нэгэн учир битүүлэг хэрнээ сонирхолтой бүтээл. Хоёр жилийн өмнө тэрбээр "Антихрист"-д "дэлхийг чөтгөр бүтээснийг" тунхаглан шуугиан тарьж байв. Харин энэ удаад Меланколиагийн хүчинд дэлхийг автууллаа. "Хүн аалз"-ын цувралаас шалиагүй гэхэд хилсдэхгүй Кристэн Данст энд гол дүрийн бүсгүй Жастины дүрд тоглож "Канн"-ын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан юм. "Холливуд"-ын эрх охин "Меланколиа"-д үнэхээр ур чадвараа гаргаж чадсаныг олон хүн найруулагчийн тус гэж байв. Энэ тухайд Данст "Ларсыг надтай анх холбогдоход гайхалтай санагдсан. Ямар хүн бол, ярилцахад хэр байх бол гээд олон зүйл бодсон. Харин уулзаад үзэхэд тэр найруулагч төдийгүй хувь хүнийхээ хувьд ч тун энгийн, харилцагчаа гайхалтай ойлгодог нэгэн болох нь мэдрэгдсэн" гэжээ. Түүнчлэн шөнийн сарны гэрэлд нүцгэлдэг хэсэг ямар байсныг асуухад "Миний хувьд энэ хэсэг сайн болсон. Би ийм зүйлийг кино бүрт, найруулагч бүрт хийхгүй нь тодорхой. Ларс бол итгэж болох, гайхалтай уран бүтээлч байсан учраас би энэ хэсгийг зөвшөөрсөн" хэмээсэн юм.
   Тэгвэл өмнөх бүтээл "Антихрист"-ийн гол дүрд тоглож "Канн"-ын кино наадмын мөн л шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан Шарлотте Гейнсбур "Меланколиа"-д эгч Клейрийн дүрийг амилуулжээ.Сайн ээж, сайн эзэгтэй, сайн хань гээд эгэл бүсгүйн энгийн амьдрал нэг л өдөр үгүй болж, хорвоо ертөнц сөнөхийг мэдсэн тэр яах ч учраа олохгүй гэнэтийн цохилтонд оржээ. Ийм нэгэн сэтгэл зүйн тогтворгүй, эмзэг байдлыг тэр хоёр дахь удаагаа дэлгэцэнд бүтээв.
   Сонирхолтой нь, дараачийн удаад найруулагч Шарлотте, Кристен хоёртой дахин хамтрах ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд порнограф байхыг ч үгүйсгээгүй тухай яриа гарчээ. Үүнд өгсөн Шарлоттийн хариулт нь "Тийм ээ. Тэр надад зохиолын эх хувилбар илгээсэн. Гэхдээ яг ямар кино байх тухай эцсийн шийдвэр гараагүй л байгаа. Миний мэдэж байгаа зүйл бол Ларстай хамтран ажиллахдаа би хэзээд баяртай байх болно. Бидний бүтээл илүү сайн болохыг таашгүй ч, нэгэнт хүндэлсэн хүнтэйгээ хамтран ажиллах нь л сайхан шүү дээ" гэжээ.
    Ларс Вон Триер, Кристен Данст, Шарлотте Гейнсбур. Хоёр цаг гаруй хугацаанд тэд "Үхлийн бүжиг"-т оролцно. Бүжгийн хөдөлгөөнийг /кино зургийг/ тогвторгүй, тэнцвэргүй байдлаар авах нь найруулагчийн санаа аж. Энэ нь үзэгчийг үйл явдлын гүнд яах аргагүй хөтөлнө. Түүнчлэн бүжгийн хөгжмийг Рихард Вагнерын "Тристан ба Изольда" дууриас авсан нь зураглалтай нарийн зохицжээ.
    Одоо таны "бүжих" ээлж. Та хэрхэн хүлээн авах вэ?
      Энэ удаад "Мөрөөдөгчдийн өдөр"-т оролцож найруулагч С.Бямбын "Хүсэл, шунал" киног үзсэн сэтгэгдлээ хуваалцахаар шинэ бичлэг эхлүүлж байна. Найруулагч С.Бямбын хувьд урьд нь "Өнөөдөр" сониноос "Бусдын амьдрал руу камер чиглүүлнэ гэдэг буу шагайхтай адилхан байж мэднэ" гэсэн ярилцлагаар "танилцаж" байсан юм. Тухайн үед энэ ярилцлагаас надад хамгийн тод үлдсэн хэсэг нь "Урлаг гэдэг толгойн биш сэтгэл зүрхний ажил" гэсэн үг билээ. Тэгвэл энэ удаад түүний уран бүтээлийг сонирхоод гол санааг нь өөрийнхөө хэмжээнд мөнөөх л үгтэй холбож тайллаа.
     "Хүсэл, шунал"-д манай нэрт найруулагч Д.Жигжид, түүний хүү найруулагч Биндэрийн амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэхийн зэрэгцээ Ж.Биндэртэй хамт аялах С.Бямбын монологи хөвөрнө. Киноны эхний хэсэг Д.Жигжид найруулагчийн тухай мэт боловч энэ нь нөгөө талаар социализмын үеийн монгол орны кино урлагийн тухай харуулна. Өдгөө бидний бахархан ярих дуртай "хуучны сайхан" кинонуудыг хэрхэн бүтээж байсан, тэдгээр нь нам, засгийн шалгуурыг хэрхэн давж дэлгэцнээ "амилдаг" байсан тухай юм. Зарим хүн хуучны кинонууд дандаа өөдрөг өнгө аястай дээр намын суртал ухуулгын нэг хэрэгсэл төдийн байсан. Тийм ч учраас тэр кинонуудыг бүтээхэд улсаас хангалттай хөрөнгө гарган өгч байсан тул одоогийн зарим киноноос чанартай байгаа юм гэх нь бий. Гэвч тэр үед манай найруулагчид илүү гүн ухаанч, зүгээр өнгөн дээрх өөдрөг үзлээс илүү уран бүтээл туурвидаг байжээ. Гагцхүү тэдгээр нь тухайн үеийн үзэл, суртал гээчид харшилж дэлгэцнээ гарах боломжгүй болдог байв. Үүний жишээ нь, Д.Жигжидийн "Хүний мөр" ажээ. Мөн Ж.Биндэрийн хэлснээр тэр үед улсаас хангалттай мөнгө өгдөг байсан ч хэр баргийн хүн зөвхөн мөнгөөр сайн кино хийдэггүй юм гэсэн нь өнгөрснийг үгүйсгэгчдэд бас нэгэн хариулт болов уу.
     Харин одоо үе. Дэлгэцэнд хаяг нь л үлдэж, нурах дөхсөн "Монгол кино" үйлдвэрийн дүрс үзэгдэнэ. Жилдээ 6-7 уран сайхны кино, 40 гаруй баримтат кино туурвидаг байсан эл үйлдвэр зах зээлийн шуурганд өртөн "амь тавьжээ".
     Зах зээл. Бизнес. Мөнгө. Урлагийг үүгээр хэмжих болсон үе. Урлагийн утгыг философийн салбар ухаан гоо зүйгээр судалдаг гэж онолын номд бичсэн нь бий. Харин өнөөдөр бол шоубизнесийн цонхоор л харж байна. Ж.Биндэр "Хүний наймаа" киногоо гаргахаар хөдөө, орон нутгаар аялна. Гэвч аймгийн төвүүдэд киногоо гаргахад үзэгчид нь зал дүүргэж эс чадна. Өнөөдөр бид хийж байгаа кинондоо шалдан хүүхэн, гоё машин гаргахгүй бол хүн үзэхгүй байна. Үзэгчид тийм л зүйл хүсдэг болчихож. /Ж.Биндэр/ Ийм нөхцөлд түүнд тааруулж уран бүтээл туурвих уу, үгүй бол өөрийнхөөрөө бүхнийг хийх үү? Гэвч уран бүтээлч хүн бусдад зориулж л хийдэг. Ерөөс хүн хэзээ ч зөвхөн өөртөө, зөвхөн өөрийнхөө төлөө юм хийнэ гэж үгүй. /С.Бямба/ Энд л зөрчил үүснэ. Нээрэн л кино театрын зарлалаас харвал хээнцэр, тансаг зураглал задгай хувцасласан охид, хүүхнүүд, чинээлэг залуугийн дүр л бууна. Гагцхүү түүнээс үзэгч юу олж авах нь чухал биш. Мэдээж чөлөөт цагаа өнгөрүүлэх төдий хөнгөн бүтээл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр олон дунд ядаж нэг сайн кино байгаасай. 
    Урлаг биднийг түүчээлдэг гэдэг. Тэгвэл кино ч бас урлагийн нэгэн төрлийн хувьд биднийг сэрээж, дуудаж байх нь зүйн хэрэг. Харин одоогийн кинонууд үзэгчийг юу руу дуудаж, хааш чиглүүлж байна вэ? Цаашид энэ бүхэн хэрхэх бол?
    Өмнөх үед үзэл суртлын шалгуурыг давсныг уран бүтээл гэж байв. Харин одоо бол зэх зээлд борлогдохыг нь уран бүтээл гэнэ. Тэгвэл хойч үе минь үүнийг хэрхэн ойлгох бол? /С.Бямба/ 
    Төгсгөл хэсэгт С.Бямба, Ж.Биндэр нар үзвэрийн танхимаас гарахдаа ярилцаж байв. Энэ танхимаас ирээдүйн сод найруулагч, уран бүтээлчид төрөхийг үгүйсгэхгүй. Монгол хүүхдүүд адтай, юмыг хурдан сурдаг шүү дээ. Тэд чадна. Тэд хийнэ шүү. Энэ үгс магад өөрсдийгөө тайвшруулах арга мэт сонсогдовч нөгөө талаас хойч үедээ итгэх басхүү захих зүйлс мэт санагдав.
    Хүн бүрт хүсэл бий. Хүсэл хэтрэхээ шунал болж тэр нь зовлон болдог гэдэг. Уран бүтээлчдэд ч сайн юм хийх хүсэл бий. Гагцхүү хүсэл, шуналын зааг хаана оршдог юм болдоо. /С.Бямба/
           Сүүлийн үед тогтмол хэвлэл, телевиз гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийгмийн сайн сайхан, амьдралын зөв хэв маягт уриалсан сурталчилгаа цөөнгүй гарах боллоо. Тэднийг захиалагч нь манай улсын томоохон компаниуд бөгөөд зөвхөн ашиг, орлогоо нэмэгдүүлэхийг зориод зогсохгүй зөв, зүйтэй зүйлд үзэгч, уншигчдийг уриалж байгаа нь сайн хэрэг.
            Гэвч нөгөө талаас тэд үүнийгээ нийгмийн реклам гэж нэрийдэх нь оновчгүй байгаа юм. Энэ нь өнгөрсөн зууны эхээр АНУ, Их Британи зэрэг оронд үүсч өдгөө  “public service announcement” гэсэн нэрээр нэгэнт өөрийн хэв шинжийг тогтоон, бий болгосон ойлголт билээ. Харин манай орны хувьд шинэ, соргог зүйл бөгөөд мэдлэг, мэдээлэл тун бага байна.
            Бизнесийн байгууллага сурталчилгаа бүтээхэд ямар ч арга барилыг ашигласан хамаагүй түүндээ нийгмийн сайн сайханд хандсан багахан агуулга багтаахад л нийгмийн реклам болно гэвэл өрөөсгөл. Ер нь бизнесийн байгууллагууд тэр бүр нийгмийн реклам бүтээдэггүй бөгөөд гол төлөв Засгийн Газар, олон нийтийн, ашгийн бус байгууллагууд нийгмийн тулгамдаад буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, нийгэмд шинэ, зөв үнэлэмж тогтоож, ард иргэдийн зан байдалд нөлөөлөхийг зорьдог.
            Харин бизнесийн байгууллага нийгмийн реклам бүтээх тохиолдолд гаднын орнуудад л гэхэд нарийвчлан, бүр хуульчлан заасан байдаг. Тухайлбал,  ОХУ-ын “Зар сурталчилгааны тухай” хуульд энэ талаар заахдаа, бүтээж буй нийгмийн рекламд тухайн бизнесийн байгууллагын нэр, лого, бусад арилжааны рекламд нь гардаг дүр,  бүтээгдэхүүн, үйлчилгээ болон сурталчилгаа бүтээх арга барил төдийгүй бусад таних тэмдгүүдийг ашиглахыг хориглосон байдаг. Мөн нийгмийн реклам нь үнэгүй цацагддаг байх ёстой. Ийм агуулга бүхий заалт АНУ, ХБНГУ, Их Британи гээд олон улсын хуульд бий.
            Дээрх заалтаас үзвэл бизнесийн байгууллага нийгмийн реклам цацсанаар нэр хүндээ өсгөх, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэхчлэн ямар ч бизнесийн эрх ашигт төвлөрөх биш гагцхүү нийгмийн сайн сайханд л бүрэн анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Ингэж чадвал тухайн байгууллага нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй хэлбэр болох бөгөөд нэг удаагийн арга хэмжээг ивээн тэтгээд өнгөрөх, ард олонд өглөг тараах гэхчлэн PR, маркетингийн үйл ажиллагаанаас ялгарах боломжтой юм.
            Гэхдээ бизнес хийж буй хэн ч бай ашиг, орлогоо олохоо нэн тэргүүнд тавьж нийгэм, олон нийтийг хойш тавих нь түгээмэл. Гэвч “Доройтсон нийгэмд бизнес хийх нь ямар ч ашиггүй” гэх үгийг бас санах хэрэгтэй. Тиймээс НИЙГЭМ болоод түүнийг бүрдүүлэгч ХҮНийг үнэлж, тэдний төлөө бизнесээ чиглүүлэхэд анхаарвал зохино.
            Цаашлаад нийгмийн реклам цацах нь огт ашиггүй зүйл бас биш ээ. Мөн л гадаад орны туршлагаас харвал, нийгмийн реклам цацсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх гэхчлэн давуу тал бий. Түүнчлэн гадаах самбар, тээврийн хэрэгслийн реклам гээд олон үйл ажиллагаанд таныг “харж үзэх” арга, хэлбэрүүд тогтсон байдаг.
            Тэгвэл бүтээсэн рекламаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацах нь хамгийн өртөг өндөртэй төдийгүй хялбар биш ажил билээ. Үүнийг шийдэх арга нь өмнө дурдсан хуульд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу телевиз, радио жилийн нэвтрүүлгийн цагийн 5-аас дээш хувийг, сонин, сэтгүүл зай талбайн 5-аас дээш хувийг нийгмийн рекламд зориулна” гэсэн байдаг.  Энэ хуулийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бизнесийн байгууллагууд хамтарч ажиллаж чадвал нийгмийн сайн, сайхны төлөө хийж буй томоохон алхам болох юм. Түүнчлэн эндээс нийгмийн реклам үнэгүй цацагдах ёстой гэсэн мөн чанар урган гарч, биеллээ олж байна.
            Манай улсын хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нийгмийн реклам түгээхэд хэрхэн оролцох талаар ямар нэг зохицуулалт үгүй. Гэхдээ жишээ нь, МҮОНТ-ийн хувьд хуулийн дагуу арилжааны шинжтэй зар сурталчилгааг хязгаарласан бөгөөд хэн нэгний бизнесийн эрх ашиг тусаагүй нийгмийн рекламыг үнэ төлбөргүй цацах нь татгалзах асуудал биш гэж үзэж байна. Мөн бусад арилжааны телевизүүд ч нэгэнт бизнесийн байгууллага тул нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн реклам цацах боломжтой билээ.
            Эдгээрээс үзвэл манай томоохон компаниуд үнэхээр нийгмийн реклам бүтээхийг зорьж байгаа бол нэр хүнд, ашиг орлогоо түр хойш тавьж гагцхүү сайн сайхан, зөв зүйтэй зүйлд олон нийтийг үнэн сэтгэлээсээ уриалан дуудаарай.
           Хаврын тэр өдөр интернэтээр хэсүүчилж яваад нэгэн авъяаслаг монгол охин KPuffyCheeks нэрээр Jessie J-ийн “Price Tag дууг тун чадварлаг коверлосон байхыг үзлээ. Цааш түүний Youtube, Facebook хуудсаар зочилж өөр олон ковер бүтээлийг сонсоод ярилцах хүсэл төрсөн юм. Гэвч нэг л завдахгүй явсаар намартай золгож, өчигдөрхөн түүнтэй интернэтээр холбогдлоо.
            Тэр авъяаслаг охиныг Б.Хулан гэдэг. Германд төрж, өссөн тэрбээр 14 настай бөгөөд ахлах сургуулийн аравдугаар ангид сурдаг аж.

KPuffyCheeks
 K үсэг миний нэрийг төлөөлдөг юм. (Khulan) Харин puffycheeks гэдэг нь bigcheeks буюу булцгар хацар гэдгийг илэрхийлдэг. Энэ нэрээр интернэт хуудсуудад өөрийн сувгаа нээсэн. 

Хөгжим намайг хөглөдөг
            “Хүн бүрт өөрийг нь хөглөж, хурцалдаг ямар нэг зүйл байдагт би итгэдэг. Миний хувьд, тэр нь хөгжим байх. Яагаад гэдгийг би өөрөө ч хэлж мэдэхгүй нь, гэхдээ хөгжимдөө автаад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь надад гайхамшигтай санагддаг.
            Хүмүүс урлаггүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэдэг. Гэхдээ хүний амьдрал хойно үргэлжлэх л байх. Гагцхүү яг одоогийнх шигээ буюу дуулж байгаа шигээ жаргалтай байж чадахгүй болов уу”.

  
Үгээр илэрхийлэшгүй бүхнээ дуугаар гаргахыг хүсдэг
  “Дуулж буй дуунаас шалтгаалж хөгжмөөс авах мэдрэмж минь өөрчлөгдөж байдаг. Гэхдээ хүмүүст дотоод сэтгэлээ үгээр илэрхийлж чадахааргүй үе бий. Тэгвэл дуу, хөгжим л үүнийг хамгийн сайн илэрхийлнэ гэж боддог.
            Тиймдээ ч би цаашид үзэл, бодлоо дуугаар дамжуулан дэлхий дахинд хүргэх юмсан гэж мөрөөддөг. Багадаа олонд танигдаж, алдартай одууд шиг болохыг л хүсдэг байсан минь одоо ийнхүү өөрчлөгдсөн”. 

Би R&B урсгалд дуртай
            “Энэ бол миний дуртай хөгжим. Мөн поп, хип хоп дуу сонсч, даган дуулах дуртай. Үлгэр дуурайл авдаг дуучин гэвэл Бруно Марс, Кэти Перри”. 

Намайг дэмждэг хүн бүрт баярлалаа
            “Youtube, Facebook, Twitter гээд олон нийтийн сүлжээ хуудаст миний гэсэн бяцхан орон зайд надад урам хайрладаг, намайг дэмждэг хүмүүс байгаад маш их баярладаг. Хэдий гайхуулам том амжилт биш ч энэ нь надад өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрүүлдэг. Би ирээдүйд дуучин, эсвэл өөр хэн ч болсон бусдад сайн үлгэр дуурайл болж, зорилгодоо хүрэхийг эрмэлздэг”.

Уудам тал нутгийн сайхныг юутай ч зүйрлэшгүй
            “Би монголд хамгийн сүүлд таван жилийн өмнө очсон. Хамгийн их таалагдсан зүйл бол хөдөө нутаг байсан. Уудам тал, агаарын сайхныг өөр юутай ч харьцуулж, зүйрлэшгүй санагдсан шүү. Харин Улаанбаатар хот бага зэрэг бохир байна уу гэж бодсон”.

      "Дурсамж бүсгүй". Миний дуртай дуу. "Маднесс"-т дуртай болгосон дуу. Дэндүү уянгалаг.
Яг л энэ уянга, эгшигийг мэдрэхээр Сайхнаагийн тоглолтыг зорьсон юм. Цагаасаа эрт очиход минь тэр үдшийн гол дүр найзуудынхаа дунд инээмсэглэн сууж харагдав. Саравчтай малгайгаар нүүрээ үргэлж халхлах түүнийг яагаад ч ихэмсэг нэгнээр бодож байсан юм. Харин тэр урдаас инээмсэглэн ирж, уриалгахнаар ширээнд суулгаад "Би юм ярих уу?" гэлээ. Харин бид тоглолтын дундуур түүний сэтгэл хэрхэн хөдлөхийг хуваалцахыг илүүд үзсэн.
   Бараг бүтэн цаг "River Sounds"-т "Маднесс"-ийн дууны бичлэгийг сонсч суув. Тоглолт хурдан эхлээсэй гэж тэсч ядна. Энэ хооронд "Nisvanis", "The Lemons", "A-Sound", "Fire" гээд түүний уран бүтээлийн андууд бас дүү нар нь ирж мэндчиллээ. Үзэгчдийн суудал дунд орчим насныхнаар хүрээгээ тэлсээр. Гэхдээ мэдээж олон хүн цуглаагүй. Тэр цомгийнхоо баярыг ойр, дотнын хүмүүстэйгээ цомхон хүрээнд хуваалцахаар шийдсэн аж.
  Ингээд тоглолт эхэлсэн. Танил биш аялгуугаар. Шинэ цомгийн шинэ дуу бололтой. Гэхдээ урьдынх шиг уянга урсаад л, урсаад л... Сайхан.
   "...Хүлээнэ, би чамайгаа хүлээнэ
   Сэтгэл зовнин байж хүлээнэ
   Би чамайгаа хүлээнэ 
   Өдөржин бодож хүлээнэ..." энэ бол Сайхнаагийн шүтээн гэгдэх дуучин Сараагийн дуртай аялгуу. Тэрбээр өөрийн "Аргагүй амраг" цомгоо бэлэглээд  "Нэг өдөр" дууг сонсохыг хүссэн юм. Бид ч бас.
Дараа нь "Шүтээн". Гэнэт алга болсон "Маднесс" энэ дуугаар гарч ирээд эргээд алга болсон. Мартагдахгүй гэсэн дээ ч юм уу,
"...Дурласан хосуудын төлөө
Үүрдийн хайрын төлөө
Энэ дуугаа би дуулъя..." гэсэн үгсээ чихэнд хоногшуулчихаад одсон.
    Би үнэндээ "Маднесс"-ийн мандаж байх үеийг тийм ч сайн мэдэхгүй. Тэр үед үүргэвчтэй цүнхээ дааж ядсан бага ангийн сурагч байсан биз. Арай том болоод л "Хотын гудамж"-ийг сонсоод танилцсан юм. "Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд хотын гудамжаар Сайхнааг зүгээр явуулахгүй юм" гээд найз нь элэглэл уншихад тэр цаг хугацаа санаанд буув. Удалгүй дуу нь эхлэхэд үзэгчид бүгдээр дандаа аз жаргалтай алхлах "Хотын гудамж"-аа даган дуулсан.
   Тэгээд мэдээж "Дурсамж бүсгүй". Анх удаа, тайзан дээр эмэгтэй хүнээс цэцэг авсандаа ичингүйрэх шиг Сайхнаа малгайгаа бүр доош дарав. Тэгээд тэр бүсгүйд зориулан дуугаа эхлүүлсэн. Биеэ барьсан үзэгчид арай чөлөөтэй болж тайз руу дөхөж эхлэв. Хоёрдугаар бадгийн үгээ сольж "пакт"-алсан түүнийг үзэгчид хөтлөөд дуулчих шиг болсон.
  Тоглолт эхэлсэн цагаас л "Дараачийн дуу юу вэ?" гэх бүрт хаа нэгтээгээс "Зочин" гэх нь сонсогдож байсан. Тэгвэл энэ үдшийн зочин, "Маднесс"-ийн гишүүн Ганг, Гэрэлээ нарын гитарын хоршилоор "Зочин" амилсан. Хамтлагийн гишүүд ч, тэдний дуу ч гялалзаад өнгөрөх шигтгээ мэт. Дэндүү намуухан хэмнэлд бүгд чих тавьж, "Үзэсгэлэнт сайхан намар ирсэн"-д баярласан бас дотроо хөнгөөн гунисан байх.
  "Маднесс"-аас, Сайхнаагаас ирэх аялгуу энэ үдэш, ингээд л дуусчихаагүй. Бидэнтэй үргэлж хамт байхаар тэр цомгоо гаргасан. Зүрх, сэтгэлд "хадаатай" дуунууд нь ийнхүү чихэнд үргэлж эгшиглэх болж буй.
  Дөнгөж сая "Монгол Блогчид" үйл ажиллагаанд нэгдэж блогоо бүртгүүлчихлээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй эл ажиллагааг би хувьдаа дэмждэг. Өөрийн блогоо бүртгүүлээд сойж, уралдахаас гадна цахим орчинд мэдээ мэдээлэл, санал бодлоо хуваалцдаг бид "Монгол Блогчид"-оор дамжин нэгдэж чаддаг онцлогтой. Өнгөрсөн жилийн уралдаан ёслолоос сар гаруйн өмнө /нарийн санахгүй байна, уучлаарай/ эхэлж байсан бол энэ удаад блогчид бүтэн жилийн турш хараа, бараандаа хамтдаа урагшлах боломжтой аж. Тиймээс блог хөтлөгч Та бүхнийг уриалж байна, блогоо бүртгүүлээрэй!

/Блогийн талаарх сэтгэгдлээ анхны наадмын үеэр хуваалцаж байсан юм. Тэр бичлэгээ энд хавсаргалаа./ 

"Би блогт дурлачихжээ" 

    Одоогоос 10 гаруй жилийн өмнө цахим ертөнцөд нэгэн шинэ ойлголт бий болсон нь өдгөө миний бас бидний дурлаад буй блог билээ. Энд хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлж, сэтгүүлчид бүтээлээ нийтлэн, залуус үзэл бодол, мэдлэг мэдээллээ хуваалцах гээд олон хэлбэрээр ашиглаж буй. Чухамдаа, хүмүүс блогоор дамжуулан олон нийттэй санаа бодлоо хуваалцаж, эргэн ярилцах нь хамгийн гол зүйл болов уу. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд идэвхтэй блог хөтлөгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа.
   Манай залуус ч мөн энэ шинэ ололтоос хоцролгүй кино, урлаг, техник, технологи тэр ч бүү хэл шинжлэх ухааны сэдэвт блог хөтлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Цахим орчинд олон нийтийн сүлжээ хуудсууд болох блог төдийгүй facebook, twitter /микроблог/-ээр дамжин бидний кибер ертөнц өргөжин, тэлж мэдээлэл хүлээн авах, түгээх үйл явц ч түргэсэж байгаа нь хурд, мэдээлэл шаардсан орчин үеийн нийгэмд зайлшгүй чухал зүйл юм.
  Энэ байдлыг анзаарч, блогийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, шилдэг блогчдыг шалгаруулах зорилгоор The New Media Marketing Agency-гаас зохион байгуулж буй "Монгол Блогчид 2010" үйл ажиллагаа тун зүйтэй санагдлаа. Энэ нь хувь хүмүүст ашиг тустайгаас гадна иргэний сэтгүүл зүйн шинэлэг, хүчтэй хэлбэр болохын хувьд мэдээллийн технологийн салбарт ч тустай алхам билээ. Дэлхийн хэмжээнд олны анхаарлыг татсан Ираны сонгуулийн явцад тус улсын зүгээс гадаад ертөнцтэй харилцах холбоогоо тасалсан. Харин энэ үед микроблог хэрэглэгчид болж буй үйл явдлыг түргэн шуурхай мэдээлж байсан нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болсон. Түүнчлэн бизнесийн салбарт ч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ блогийг анзаарч ажиллах нь чухал байдаг. Тухайлбал, блог хөтлөгчдийн 34% нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал, сэтгэгдлээ нийтэлдэг гэсэн судалгааны дүн бий.
   Харин блогийн ач холбогдолд сөрөг байрнаас хандагчид блогчдыг эх хэлээ үгүй хийж байна гэж зэмлэн, буруутгах нь их. Миний бодлоор, ихэвчлэн өдрийн тэмдэглэл эсвэл чөлөөт хэлбэрээр хувийн блог хөтлөгчид "ярианы" хэлээр бичдэг нь ийм ойлголт төрүүлдэг байх. Харин мэргэжлийн, олон нийтэд хандсан блогчид зөв бичгийн дүрмээ баримталж, бичгийн хэлээр гайхалтай сайн бичдэгт нь бахархдаг. Нөгөө талаас бусад хэлэнд ч бичгийн энгийн буюу албан бус харилцаанд үг товчлох, ярианы хэлбэрээр бичих зэрэг нь байдгийг санууштай.
   Түүнчлэн блогчид интернэтийн соёлтой хэрэглээнд хамгаас илүү үлгэр дууриал болдог мэт. Учир нь цахим хуудсууд дахь мэдээллэлд үлдээсэн сэтгэгдлийг уншвал хэн нэгнийг доромжлон, гутаасан өнгө аястай сөрөг сэтгэгдэл дийлэнх хувийг эзэлдэг. Харин блогчид үзэл, бодлоо чөлөөтэй солилцож, санал сэтгэгдлээ боловсон илэрхийлж, анд нөхөд бололцдог нь таатай.
   Иймд би байгаагаа мэдэрч бодож, сэтгэх бүртээ компьютерийн товчлуураа товшин, дэлгэцээ ширтдэг болсон минь дурлалаас өөр юу байх билээ. Надтай адил блогт дурласан зуу, зуун андууддаа хэлэхэд мэдлэг, мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоороо шинэ санаа, урам зориг хайрладагт тань баярлалаа.
   Дэлхийд хамгийн нэр хүндтэй бөгөөд хувцас, загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг "Vogue" сэтгүүл 2007 оны есдүгээр сарын дугаараа 840 хуудас гаргаж дээд амжилт тогтоосон билээ. Ямар ч сэтгүүлийг хичнээн ч олон хуудастайгаар хэвлэж болох ч 3 кг жинтэй энэ дугаар асар олон хүний хичээл, зүтгэл төдийгүй мэдрэмж, ур ухааны дүнд бий болсныг 2009 онд дэлгэцнээ гарсан "The September Issue" баримтат киногоор харуулжээ. Тэр дундаа 1988 оноос хойш уг сэтгүүлийг эрхлэн гаргах болсон "төмөр хатагтай" Анна Винтурыг баримтат киноноос "бодитойгоор" харах нь хэн бүхэнд чухал байв. Учир нь 2003 онд хэвлэгдсэн "The Devil wears Prada" ном, түүнээс сэдэвлэн бүтээсэн кино нь Винтурын төрхийг хэтэрхий уран сайхны хэлбэрээр харуулсан юм.
  Киног үзээд зөвхөн есдүгээр сарын дугаарын талаар биш ерөөсөө төрөлжсөн сэтгүүл (магадгүй хэвлэл, мэдээллийн ямар ч хэрэгсэл) гаргахад тухайн салбарын талаар маш их мэдлэгтэй, мэргэжилтэн байх ёстой нь харагдана. Жишээ нь, "Vogue" сэтгүүлийн байрыг нэг харахад редакци хэдий ч, нөгөө талаас яг л загварын агентлагаас ялгаагүй. Мөн хүн бүр нь загварын (fashion) мэдлэгтэй бөгөөд тэнд загвар зохион бүтээгчид, түүнийг амилуулагч моделууд, стилистүүд, уран сайхны буюу art director, уран бүтээлийн (creative) багийнхан, гэрэл зурагчид гээд олон хүн хагас жилийн турш хамтран ажиллаж уншигчдын гарт дугаараа хүргэдэг. Гэхдээ хамтын ажиллагаа үргэлжид сайн, сайхнаар өрнөдөггүй. Киноны гол цөм болсон хэнд ч дийлдэшгүй, хүчирхэг Винтурын эсрэг зогсч чаддаг ганц хүн нь Грейс юм. Тэрбээр "Бид 20 жил хамт ажиллаж байна. Тиймээс ойлголцоход хялбар байдаг. Би түүний зөрүүдийг, тэр миний зөрүүдийг мэднэ. Би хэзээ буулт хийхээ мэддэг, харин тэр үүнийг мэддэгүй юм" гэсэн. Үргэлжид Винтурын зөв байдгаас "төмөр хатагтайн" тэвчишгүй зангийн золиос нь Грейс байдаг юм шиг санагдана. Гэвч энэ зөрчил нь тэднийг улам хурцалж, илүү сайн бүтээл гарахад нөлөөлдөг бөгөөд эцэст нь дугаар хэвлэгэдэхэд тэд хамтдаа баяраа хуваалцах нь сайхан.

"Always keep your eyes open"

   Грейсийн хэлсэн энэ үг надад их таалагдсан. Тэр автомашины осолд орохоос өмнө гайхамшигтай модел байсан тухай кинонд харуулдаг. Тухайн үед түүний гэрэл зурагчин машинд явахдаа унтахгүй, нүдээ анихгүй байхыг үргэлж захидаг байж. Үргэлж нүдээ нээлттэй байлга, эргэн тойрон хаана ч, юу ч бай чиний харсан бүхэн чамайг хөглөх болно гэжээ. Хорвоод утга учиргүй юм гэж байдаггүй бөгөөд олж харж чадах л юм бол хамгийн эгэл, жижиг зүйлээс ч уран санааг бий болгож болно гэсэн бодлоо би энэ үгээр дахин баталгаажуулсан юм.

"Fashion is not about looking back. It's always about looking forward."

   Энэ үгийг хатагтай Винтур хэлдэг.  Хэдийгээр би хувцас, загварт төдийлөн ач холбогдол өгч, сонирхдоггүй ч загварыг шальдар булдир хөнгөмсөг ертөнц гэж тодорхойлдог зарим нэгнийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол яруу найраг, уран зурагтай адил урлаг. Торгон мэдрэмж, ур ухаан шаардана түүнийг ойлгоход ч мөн тодорхой хэмжээний бэлтгэл хэрэгтэй. Тиймээс ч жинхэнэ урлаг өнгөрсөн, одоо цагт биш урагш, ирээдүйг харж биднийг түүчээлдэг жамтай. Тэр дээрх үгээр үүнийг л хэлсэн гэж бодон тэмдэглэсэн юм.

"Сонины уншигчид зөвхөн эрхлэгчийн шилний өнгөөр ертөнцийг хардаг."

  Харин энэ үгийг зүгээр л урьд нь хаа нэгтээгээс сонсч байсан юм. "Vogue"-ийг бүтээх явцыг хараад энэ үг толгойд орж ирсэн. Учир нь сэтгүүлд гарах, хэвлэгдэх бүхнийг эцэслэн шийддэг хүн нь мөнөөх хатагтай Винтур. "Bob" буюу богино үсний засалт, гадаа ч дотор ч хар шилээ зүүсээр байдаг энэ эмэгтэйн таалсан, мэдэрсэн бүхнийг сая, сая хүмүүс "Vogue"-оор дамжуулан талархан хүлээн авдаг. Энэ бодлоо би киноны постер буюу зурагт хуудсаас баталгаажуулчихлаа. Та хардаа, есдүгээр сарын дугаар. Дээр нь Анна Винтурын нүдний шил.
   Би хөгжимд дуртай. Дуу сонсоод оройжин суучихаж чаддаг хүн. "Маамуу нааш ир"-ийг дуулж анх чихээ онгойлгосон байх. Харин дуу хөгжимд хорхойсох болсон минь гуравдугаар ангид байхдаа "MTV"-г үзэж эхэлсэн үе. Тэр үед Mariah Carey, Backstreet Boys, Westlife гээд тухайн цагт мандаж явсан хамтлаг, дуучдыг сонсдог байв. Клип нь гарвал дагаж дуулна, бүжиглэнэ, цаашлаад хувцаслах хэв маяг төдийгүй гадаад төрх байдлыг нь анзаарч, хааяа даган дуурайна. Ахынхаа нөлөөгөөр "Хар сарнай"-д автсан байсан бяцхан охин тэр үеэс гадаад хөгжимд татагдсан юм.
  Өнөөдөр ингэж бодох болсон нь 30 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 1981 оны наймдугаар сарын нэгэнд хөгжим, мэдээллийн MTV суваг анхны дүрс бичлэгээ цацаж байсантай холбоотой. Тухайн үед олон улсыг байлдан дагуулж байсан английн "The Buggles" хамтлагийн хит "Video Killed the Radio Star" уг сувгийг нээж байжээ. Үүний дараа "Грэмми"-ийн шагналт дуучин Пэт Бэнатарын "You Better Run" гарсан бөгөөд нэг дуунаас дараачийн дуу шилжих хооронд дэлгэц харанхуйлж үзэгчдийг хүлээлгэдэг байв. Мэдээж энэ хооронд ВиЖей буюу дүрс тоглуулагч хуурцгаа солино. MTV-гийн анхны цацалтыг хэрхэн явуулж байсан тухай энэ түүхэн бичлэгийг 2009 онд YouTube хуудаст байрлуулсан юм.
  MTV суваг эхэн үедээ рок урсгалын уран бүтээлчдийн бичлэгийг түлхүү толилууж байв. Ерөөсөө 1980-аад онд амьд хөгжим хүчээ авч байсан бөгөөд Bon Jovi, The Police, Rolling Stones-ийн дуунууд телевизээр цацагдаж байлаа. Үзэгчдэд ямар дуу хүргэх нь ВиЖей нарын сонголтоос хамаардаг ч, зарим тохиолдолд сонирхолтой болгох үүднээс урлагийн оддыг зочин ВиЖейгээр урьдаг байв. Эдди Мерфи, Тина Тернер, Эдам Энт нар өөрсдийн дуртай дуугаа хуваалцахаар хэсэг хугацаанд "нэвтрүүлэгч" хийсэн удаатай.
  Арьс өнгөний үзэл буюу ялгаварлан гадуурхалт хөгжмийн сувгийг ч тойрсонгүй. Эхний жилүүдэд хар арьст уран бүтээлчдийн дууг MTV-гээр нэвтрүүлдэггүй байжээ. Анхных нь английн "The Specials" хамтлагийн "Rat Race". Энэ нь тус сувгаар цацсан 58 дахь дуу боловч, цаашид хар арьстнуудыг гадуурхсаар л байсан юм. Харин домогт Майкл Жэксоны "Billie Jean" дуу MTV-гээр гарснаар энэ байдал саарсан гэдэг. Цаашлаад Жэксоны амжилт түүний дүрс бичлэгийг цацахаас өөр аргагүйд хүргэсэн ч гэж зарим судлаачид тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн түүний дүү Жэнэт Жэксоны хэмнэлдээ зохицсон гайхалтай бүжиг бүхий бичлэгүүд нь зөвхөн рок хөгжимд анхаарлаа хандуулж байсан MTV-гийн хүрээг тэлж, R&B-д хөтөлсөн ч гэдэг.
  1985 онд хөжгмийн сувгаар анхы шууд тоглолтыг дамжуулав. Лондон, Филадельфиад болсон Этиопийн өлсгөлөнд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх тоглолтыг 16 цагийн турш үзэгчдэд хүргэжээ. Тэр үед "ABC" телевиз гэхэд л тоглолтын онцлог хэсгүүдийг л дамжуулж байсан гэхээр MTV ямар амжилттай ажилласан нь тодорхой харагдаж байна.
  Рок хөгжим, амьд хөгжмийг онцолж байсан MTV 1997 оноос электроник дуугаралтад "чих тавих" болжээ. The Prodigy, Aphex Twin, Smashing Pumpkins гээд нэрлэж болно. Мөн Backstreet Boys, 'NSync зэрэг "boyband"-ууд "мэндэлж", Бритни Спирс, Кристина Агулера гээд поп гүнж нар дэлхийг байлдан дагуулах болов. Тиймээс нэвтрүүлгийн цагийн ихэнх хэсгийг поп дуу эзэлж эхэлжээ. Харин төд удалгүй P.Diddy, DMX, Jay-Z зэрэг реппэрүүдийн уран бүтээл эрчээ авснаар поп гүнж нарын цагаас хуваалцах болсон юм.
  Өдгөө бидний харж дадсан MTV-гийн логог "Манхэттэн дизайн" студи бүтээжээ. М үсгийг хар зургийн хэлбэрээр, ТV гэсэн товчлолыг шүршдэг будгаар зурсан гэдэг. Брэндүүд логог тэр бүр өөрчлөөд байдаггүй ч, MTV-гийн хувьд хэв, загвараа алдалгүй байнга шинэчлэл хийхийн зэрэгцээ, үргэлж сонирхолтой хэлбэрээр өнгө, будгаа тохируулж байдаг. Тэдний уриа үг /слоган/ "I want my MTV!"-г олон нийтэд таниулах кампанит ажил 1982 онд эхэлж урлагийн алдартнууд үүнд нь оролцсон. 

  Сүүлийн үед интернэтийн нөлөөгөөр үзэгчид телевиз үзэхээ больж, MTV ч хуучрах хандлагатай гэж байв. Гэсэн ч 1993 оноос тус сувгийн албан ёсны сайт ажиллаж эхэлсэн бөгөөд mtv.com сайтаар онлайн мэдээллийн хөтөлбөр, подкастууд болон уран бүтээлчдийн ярилцлагыг хүлээн авах боломжтой юм. Түүнчлэн MTV Music төслийн хүрээнд интернэтээр дүрс бичлэг хуваалцах /video sharing/ хэсэгтэй болсноор хэрэглэгчид 1981 оноос хойшхи 16 мянга гаруй бичлэгийн сангаар аялах болжээ. 2008 онд Alexa-гаас гаргасан мэдээгээр тус сайт ажиллаж эхэлсэн эхний 2 өдөрт л гэхэд 75 мянган хандалттай байв. 
  
   Ингээд намайг дэлгэцийн өмнө уяж, чихэвчтэй дотно нөхөрлүүлэх болсон MTV-д "Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!" 
MTV-гийн анхны нэвтрүүлэг. 
      Төрийн тэргүүнээс кино, дэлгэцийн одод, рок дуучдаас эхлээд нэрт загвар зохион бүтээгчид, алдартай моделууд гээд соёлт нийгмийн түүхэнд "Ray Ban" нарны шилийг мэдэхгүй, түүнийг авахыг хүсдэггүй хүн гэж үгүй гэхэд хилсдэхгүй. Өдгөө Холливудын алдартнуудын гангараа, гадаад үзэмжийг тодорхойлогч болсон эл брэндийн эхлэл эгэл бөгөөд даруу байжээ.
Bausch & Lomb компани 1937 онд Америкийн нисэх хүчнийхэнд зориулж нисгэгчдийг нарны хорт туяанаас хамгаалахын зэрэгцээ тэднийг дэгжин харагдуулах "Ray Ban" нарны шилийг үйлдвэрлэсэн аж. Улмаар тухайн жилийн тавдугаар сарын 7-нд “Ray Ban Aviator” шилний загварт зохиогчийн эрхийг албан ёсоор авчээ. Брэндийн нэрний хувьд зорилгынхоо дагуу “Ray Banner” буюу махчилан орчуулбал “цацрагийг хориглогч” гэсэн утгатай аж.
Дуглас Макартур

     Америкийн армийнхан “Ray Ban”-ийг тун тааламжтайгаар хүлээн авч тэр дороо л зүүж эхлэв. Түүнчлэн өдгөө тус брэндийн нүүр царай болсон “Ray Ban Aviator (анг. нисгэгч гэсэн үг)” загвар тэр үед ийнхүү нэрлэгдэж эхэлсэн түүхтэй. Энэ загварыг хилийн чанадад таниулсан хүн нь генерал Дуглас Макартур юм. Тэрбээр Дэлхийн II дайны үед Филиппинид очихдоо уг шилийг зүүсэн байсан нь гэрэл зурагчдын дуранд өртөөд зогсохгүй энгийн олны харааг булаажээ.
1952 онд “Ray Ban” үйлдвэрлэгчид нарны шилний уламжлалт төмөр хүрээнээсээ татгалзаж хуванцар, өргөн хүрээ бүхий Wayfarer-ийг танилцуулснаар загварын ертөнцөд нэгэн шинэ өнгө, төрхийг бий болгов. Үүнийг өдгөө нүдний шилний загварт гарсан хувьсгал гэж үзэх болсон бөгөөд тухайн үед хувцас загварын ямар ч урсгал, хэлбэртэй зохицож байснаараа гайхалтайд тооцогддог. Энд нэгэн нууцыг задлахад, эл загварыг анх эрчүүдэд зориулан гаргасан гэдэг. Харин чамин, хээнцэрт дурлагч бүсгүйчүүлд нүүрний ямар ч хэлбэртэй хүнд гайхалтай зохих Wayfarer хэтэрхий таалагджээ. Ингээд уг загварыг Ерөнхийлөгч, урлагийн алдартнууд төдийгүй энгийн иргэд ч зүүж эхэлжээ. Мөн бүх цаг үеийн хамгийн алдратай жүжигчин Одри Хепбёрн “Breakfast at Tiffany’s” кинонд Wayfarer-ийн шилээр л ертөнцийн өнгийг тольддог билээ.
     Түүнчлэн 50, 60-аад онд Боб Дилан, Энди Варол, Жеймс Дин, Мэрилин Монро, Жон Леннон гээд олон алдартнууд Ray Ban-ээр гоёж, өсвөр насны залуусын мөрөөдөл нь зөвхөн энэ шил болоод байв.
     Гэвч 1970-аад онд “Dior”, “Yves St. Laurent” нар загварын ертөнцөд хүчтэй түрэн орсноор “Ray Ban”-ий амжилтыг сааруулжээ. Ялангуяа энэ үед диско хөгжим эрчээ авч тухайн үедээ л модерн загвар олны анхаарлыг татах болов.
     Харин 1982 онд “Ray Ban” эргэн ирэв. “The Blues Brothers”-ийн нэрт жүжигчин Жон Белуши, Дэн Эйкрод нар Ray Ban-ийг үргэлж зүүж ердөө нэг л удаа олны өмнө шилээ авсан гэдэг.Энэ маркетинг гайхалтай үр дүнд хүрч тухайн жилийн орлого гайхалтай өсөв. 


     Мөн 1982 онд кино болон телевизийн шоунд “Ray Ban”-ийг ашиглах зөвшөөрлийг 50 мянган доллараар арилжсанаас гадна 1982-1987 онд 60 гаруй дэлгэцийн бүтээлд уг шилийг ашиглажээ.
    Түүнчлэн “Ray Ban”-ий алдар хүндийн орон зай нь зөвхөн Холливудаар хязгаарлагдсангүй. Наяад онд Мадонна, Майкл Жексон, Элвис Костелло, Рамонис, U2-ийн гишүүд болон Жэк Николсон “Vogue”-ийн эрхлэгч Анна Винтур нарын сонголт Ray Ban л байв.
     Гэвч 1990-ээд оноос тэдний хувьд уналтын үе эргэн тохиов. Түүнээс хойш цөөнгүй удаа сэргэх оролдлого хийсэн ч харамсалтай нь бүтэлгүйтсэн хэвээр байсан юм. Ингээд тун саяхан буюу 2007 онд “Wayfarer” эргэн ирсэн билээ. Гэхдээ урьдын улигт хэв маяг биш, олон өнгийн сонголт нь энэ удаагийн тэсрэлтийг улам хүчирхэгжүүлэв. Дэлхийд алдартай загварын сэтгүүлийг нээх бүрт хуудас бүхэнд “Ray Ban” заларч эхэлжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд загварын ертөнцөөс мартагдах шахсан уг шилний Aviator загвар ердөө цэрэг, цагдаагийнхний гоёл байхаас илүүтэй алдартнуудын гангараа, залуусын гоёо болсныг өдгөө Та бид харж байна.

   Алдарт хийлч Ванесса Маэ "Бетховэн ба Битлзт би хайртай" хэмээн дуу алдаж байв.

  Тийм ээ, Ливерпулын дөрвөл домог болж, тэдний зохиосон аялгуу бүр хүн бүхний чихэнд мөнхөд эгшиглэх учиртай аж. 1957 онд 16 настай Жон Леннон, Пол Маккартни гэх 15 настай хүүтэй уулзсанаар гайхамшигт түүхийн эхний хуудас нээгдсэн билээ. Түүнээс хойш юу болсныг энд тоочих нь илүүц хийгээд, бичвээс дуусашгүй биз ээ.
   Юутай ч 20 гаруй жилийн тэртээд 40 мянгатын хөвгүүдийн шохоорхож асан "Битлз"-ийн дуунууд өдгөө монгол хэлээр эгшиглэж байна. Эхлээд "Наран мандлаа" /Here comes the sun/ хэмээн "Ocean's 11"-ий дуучин Буянаа "түүх сөхөв". Уг дууг Харрисон хаврын нэгэн өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байхдаа бичсэн гэдэг. "Хонгор чи минь, инээмсэглэл нүүрэнд чинь туяарч Хоног өдрүүд чи биднийг хайраар ивээж" гэхчлэн хөгжүүнээр эхлэх нь цомгийг тоглуулмагц сайхан сэтгэгдэл төрүүлэв.
  Цомгийн дөрөв дэх бүтээл "Гитарын минь уйлах дуу"-г "A-Sound" хамтлаг аль хэдийнэ хит болгоод амжжээ. Энэ дуу "Rolling Stones" сэтгүүлээс шалгаруулсан бүх цаг үеийн шилдэг 500 дууны жагсаалтын #7 дугаарт жагсдаг билээ.
   Дараачийн дуу бол "Өчигдөр" буюу "Yesterday". Сонирхолтой нь, энэ дууг эх хэлээрээ дуулснаар Монголчууд бид "Гиннес"-ийн амжилтаас хуваалцаж байгаа юм шүү. Учир нь, эл уран бүтээлийг дэлхий даяар 1600 гаруй төрлөөр дахин дуулсан байдаг гэнэ. Тэдний нэг нь дуучин Оюундарь боллоо. :)
  "Огторгуйн зүг" буюу "Across the Universe" дууг "The Lemons" хамтлагийн Одноогийн дуулснаар сонсох гайхалтай байлаа. Түүний "Шөнө дунд цас орж байна" дуунд уярдаг байсан бол одоо үдэш бүр огторгуйн зүг аялдаг болоод байна. Дууны үгийг Жон Леннон бичсэн бөгөөд 1970 онд "Rolling Stones" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр "Энэ дууны үг миний бичсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Үнэндээ, хамгийн сайн нь байх. Тийм ээ, хэн, юу ч гэсэн энэ бол үнэхээр шилдэг нь" гэж байв. Дашрамд дурдахад, дууны дахилтад "Jai guru deva om" гэсэн тарни уншдгийг та мэдэх байх. Энэ нь санскрит үг бөгөөд олон янзын орчуулга байдгаас нэгийг  хуваалцвал "Харанхуйг арилгагч гэрэлт цацраг" гэсэн утгатай юм байна. 
  Цомгийн хамгийн сүүлчийн дуу нь "Төсөөлөл". Магадгүй хүн төрөлхтөний энх тайвны тунхаг болсон энэ дуу Ленноны 3 соло бүтээлийн нэг билээ. Домогт "Битлз"-т хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ сонсогч, худалдан авагчдад хүндэтгэл үзүүлэн бонус оруулсан нь энэ юм байна. 
    Гайхамшигт аялгуу хэзээ ч хуучирдаггүйн илрэл гэлтэй "Битлз"-ийн сонгомол дуунуудыг манай уран бүтээлчид дахин найруулж, дахин дуулсан нь сайхан хэрэг. Тэднийг мэдэж, тэднийг сонсч, тэгээд ойлгоно гэдэг чухал бөгөөд энэ цомог нэгэн төрлийн "соёлын үр" болно гэж бодож байна. :)

"Бидний дууны олонх нь хайр энэрэл, амар амгалангийн тухай байдагт би талархдаг"
 Пол Маккартни 
    "Хавар, зун, намар, өвөл... дахиад хавар". 

Дорно. Урьд нь миний эс ойшоож, танилцахыг үл хүсдэг байсан зүг. 
 Дорно. Одоо миний хамгаас илүү таашааж, хачин ихээр тэмүүлэх болсон зүг. 
  Өнөөдөр найзууддаа Азербайжан дуу сонсгож ээлжит "онигоонд" орлоо. Угаас Афганистан, Непаль, Итали... гээд элдвийн дуу сонирхож явдаг болохоор намайг дараа хаанахын дуу сонсгох бол гэж бодож байсан бололтой. Гэхдээ өнөөдөр зөвхөн Хулангийн сонголтоор биш, дэлхийн олон сая сонсогч, тэр дундаа Өрнийнхний хамгийн их таашаасан дууг сонсгосон хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн шөнө "Евровишн" наадмын шилдгээр Азербайжаны уран бүтээлч Эльдар Касимов, Нигяр Жамал нар "Running Scared" дуугаараа шалгарсан юм.

  Энэ жил "Евровишн" наадам 56 дахь удаагаа боллоо. 1956 онд Швейцарьт анхны уралдааныг зохион байгуулж долоон улс оролцож байв. Түүнээс хойш оролцогчдын тоо өссөөр энэ жил л гэхэд 43 орны уран бүтээлчид өрсөлдлөө. Наадмын хамгийн нэр хүндтэй оролцогдын тоонд 1974 оны ялагч "ABBA" хамтлаг /Швед/, 1988 оны тэргүүн байрын эзэн, дуучин Селин Дион /Швейцарь/ нар ордог. Европ төдийгүй дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулсан уг шоу хамгийн удаан хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд хамгийн олон үзэгчтэй спортын бус нэвтрүүлэг гэдгээрээ дээд амжилт тогтоожээ.
  Уралдааны онцлог нь оролцогчид заавал амьдаар дуулдаг бөгөөд "дэвсгэр хоолой" /backvocal/ ч ашиглахыг хориглодог. Шууд нэвтрүүлгийн үеэр ийнхүү дуулахаас гадна үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, дуугаа амьдруулах нь мэдээж чухал. Ингэж чадсан оролцогч үзэгч, шүүгчдийн саналаар Европын шилдэг уран бүтээлч алдрыг хүртдэг билээ. Наадамд хамгийн олон буюу 7 удаа тэргүүлснээр Ирланд улс дээд амжилт тогтоожээ. Тэдний араас Франц, Луксембург, Их Британичууд удаалдаг.
  Наадмыг зохион байгуулах эрхийг тухайн жилийн ялагчид олгодог. Тухайлбал, өнгөрсөн онд Германийн уран бүтээлчид тэргүүлсэн тул энэ жил Дюссельдорф хотод Европын шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдлөө.

  Ялагч хосуудын нэг Азербайжаны дуучин Эльдар Касимов 1989 онд мэндэлсэн бөгөөд ард түмний хайртай жүжигчин Аббас-Мирза Шарифзадегийн ач хүү аж. Багаасаа дуулж өссөн тэрбээр улсдаа төдийгүй ОХУ-д нэр хүндтэй. Түүнтэй хослон дуулсан Нигяр Жамал гэх үзэсгэлэнтэй бүсгүй өдгөө Их Британид амьдардаг бөгөөд Азербайжаны дуучдын уралдаанд тэргүүлснээр "Евровишн"-д оролцох эрхтэй болжээ.
       Бичлэгээ эхлүүлэхийн өмна танаас нэг зүйл асууя. Таныг кино үзэж байхад тухайн кинонд ямар нэг бараа, үйлчилгээг сурталчлах тохиолдол байдаг уу? Миний хувьд дөнгөж сая найруулагч Б.Чингүүний "Сүүлчийн хором" /The Last Moment/ киног үзтэл Pepsi ундаа ширээн дээр харагдаж, гол дүрийн залуу цонхоо нээх гэхэд "Pepsi-Cola" гэсэн тухайн компанийн эртний лого гэрэлтэж байна. 
"Форрест Гамп Dr.Peppers-ээр цангаа тайлж буй нь"
      Сүүлийн үед манайд уналтанд орсон байсан кино урлаг сэргэж монголчуудын бүтээсэн олон кино дэлгэцнээ гарах болсон. Мэдээж уран бүтээл хийх гэдэг амаргүй бөгөөд хөрөнгө мөнгө шаардсан ажил. Тиймээс ивээн тэтгэгч олох нь чухал. Тэгвэл дээрх байгууллагууд бидэнд хөрөнгө оруулалт хийсэн шүү гэдгийг зарлаад өнгөрөх хангалтгүй байдаг. Харин үүнийг илүү ашигтай шийдэх арга нь кинон дээр тухайн компанийн бараа, үйлчилгээг үзүүлэх, логог байршуулах гэхчлэнгээр сурталчлах билээ. Тэр дундаа киноны дүрүүдийн хэрэглээ, очих дуртай газар, өмссөн хувцас зэргийг үзэгчид илүү анзаарч, дагаж дууриаж байдаг. Үүнийг манайд "кино реклам" гэдэг ч англиар "product placement" буюу шууд орчуулбал "бүтээгдэхүүн байршуулах" гэжээ. Учир нь, энэ ойлголт нь бараа, үйлчилгээг зөвхөн кинонд бус телевизийн шоу нэвтрүүлэг, видео клип, компьютер тоглоом, тэр ч бүү хэл ном, зохиолд ч дурдан сурталчлахыг хэлдэг аж. Тиймээс миний бодлоор, цаашид "Бүтээгдэхүүн байршуулах сурталчилгаа" гэвэл нэршлийн хувьд оновчтой санагдлаа. 
     Түүх сөхвөл хамгийн анх буюу 1800-гаад оны үед зохиолч Жуль Верн "Дэлхийг тойрсон 80 хоног" зохиолдоо бүтээгдэхүүн байршуулж байжээ. Тухайн үед уг зохиол цуврал хэлбэрээр гарч байсан бөгөөд тэр бүртээ усан онгоцны нэгэн компанийг дурддаг байж. Гэхдээ Жуль Верн үнэхээр сурталчилгаа хийж, тухайн компаниас ямар нэг төлбөр авсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй юм. Тэгвэл киноны хувьд, 1927 онд "Оскар"-ын шагнал хүртэж байсан "Жигүүр" кинонд "Hershey's"-ийн шоколадыг сурталчилж байв. Үүнээс хойш энэ хэлбэр илүү түгээмэл болсон аж. Сонирхуулахад, өдгөө бидний "савангийн дуурь" гэж нэрлэдэг кино цуврал энэхүү бүтээгдэхүүн байршуулах сурталчилгаанаас үүдэлтэй. Учир нь, 1930-аад оны үед компаниуд цуврал бүтээгчдийг ивээн тэтгэж, захиалга өгдөг байв. Тэр дундаа ахуйн хэрэглээний "Procter & Gamble", "Palmolive"  компани радио цувралуудыг ивээн тэтгэдэг байсан тул цувралыг тэдний бүтээгдэхүүнээр "савангийн дуурь" гэх болжээ. 
   Харин орчин цагт бүтээгдэхүүн байршуулалтыг амжилттай болгох эхлэлийг "E.T. the Extra-Terrestrial" кинонд "Reece's Pieces" шоколадыг ашигласнаар хийсэн гэдэг. Киноны гол дүрийн хүү Эллиот харийн "E.T"-г "Reece's Pieces" үрлэн чихрээр дагуулдаг билээ. Тухайн үед, кино багийнхан бидний сайн мэдэх "M&M's"-д тэдний чихрийг ашиглах санал тавьсан ч компани "E.T"-г хэтэрхий царай муутай гэж үзэн татгалзсан байна. Гэтэл уг сурталчилгаа ийм амжилттай болно гэдгийг тэд төсөөлөө ч үгүй нь харамсалтай. Кино гарснаас хойш "Reece's Pieces"-ийн чихрийн борлуулалт эрс өссөн нь түүхэн амжилт юм. 
Харийн E.T ба "Reece's Piece"-ийн үрлэн чихэр 

   Мөн бүтээгдэхүүн байршуулах сурталчилгааг, тэр дундаа кинонд байршуулах нь хэр үр дүнтэй эсэхийг олон туршилтаар судалсан байдаг. Нэгэн кинонд Coca Cola ундааг зориуд олон давтамжтайгаар үзүүлэхэд, театраас гарч ирсэн үзэгчдийн ам нь ихэд цангаж, тавиурт байсан ундаа руу "шуурч" байсан гэдэг.
   Гэхдээ та эндээс ундааг харуулахдаа бичгийг нь тодруулж, савыг нь план дүүрэн гаргасан гэж эндүүрэв ээ. Манайд хийж буй кинонд бараа, үйлчилгээг сурталчлахдаа хэт болхи хэлбэрээр үзэгчийг залхаах байдалтай харуулдаг. Санавал, "Би чамд хайртай-2" кинонд Unitel, Nomads-ийн сүлжээг, "Татар ажиллагаа" кинонд "Skytel", "Киндзмараули" дарс, "Гоёлын даашинз"-д "Боргио" шар айраг, "Помогите Нам-2"-т "Uptown" сэтгүүл, "Хэцүү анги" олон ангит кинонд "Амар" үйлчилгээг дэндүү ил, хэн ч харсан танихаар үзүүлдэг. Гэтэл бүтээгдэхүүн байршуулахын гол учир нь далд хэлбэрээр, үзэгчийн ухамсарт нөлөөлөхөд оршдог билээ. Гол үйл явдал үзэгчийн оюун санааг хөтөлж, сурталчилгааг үзэгчийн санаанд оромгүй байдлаар илэрхийлэх ёстой. Харин манайд эсрэгээр гол дүрийн баатрууд ямар ч шалтгаангүйгээр, үйл явдалтай бараг л авцалдаагүйгээр тухайн бараа, үйлчилгээг ашиглана. Эсвэл брэндийн нэрийг зориуд чанга, тодоор дуудна. Гэхдээ энэ нь манайд бүтээгдэхүүн байршуулах сурталчилгаа нэвтрээд удаагүй байгаатай холбоотой болов уу. Тиймээс цаашид энэ байдал цэгцэрч, боловсронгуй болно гэж найдаж байна. 
   Гаднын телевизийн шоу, цувралд энэ хэлбэр мөн түгээмэл. Бараа, үйлчилгээг хамгийн их буюу "NBC" телевизийн "The Biggest Loser" шоунд 6248, "American Idol"-д 4636, "One Tree Hill" цуврал, "America's Next Top Model", "Hell's Kitchen"-д тус бүр 2000 удаа сурталчилгаа байршуулжээ. Мөн ном, зохиолд сурталчилгаа цөөнгүй байдгаас бидний хамгийн сайн мэдэх "Twilight" цувралд л гэхэд гол дүр Эдуард "Volvo" машинаа хөлөглөж буйг зохиогч олонтаа дурдсан байдаг. 
   Энэ төрлийн сурталчилгаанд хамгийн ашиглагддаг бүтээгдэхүүнийг автомашин тэргүүлдэг. James Bond-ийн цувралд BMW, "I am Legend" кинонд "Ford", "I, Robot"-ийн баатар "Audi" унаж явдаг. Үүний дараа электрон бараа, тэр дундаа гар утсыг хамгийн түгээмэл ашигладаг байна. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, тамхи, дарс гээд үргэлжилдэг. 
"Хатуу самар" кино Nokia гар утас
"I, Robot" кинонд - "Audi" машин

  Харин киногоо сурталчилгаа болгохоос татгалзаж найруулагч, зохиолчид бүтээгдэхүүн "зохиох" тохиолдол бий. Нэрт найруулагч Квентин Тарантино, Роберт Родригес, Спайк Ли нар болон  "Pixar" энимейшн студи "хуурамч" компани, брэнд бүтээгдэхүүнийг кинондоо ашигладаг. 
  Бүтээгдэхүүн байршуулах сурталчилгааны талаар өөрийн хэмжээнд мэдээллээ хуваалцвал ийм байна. Сүүлийн үед кино үзээд хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцвал реклам ихтэй болсон байна гэж ундууцдаг. Уг нь энэ нь байдаг зүйл бөгөөд зөв хэлбэрээр соёлтой хийж чадвал байгууллага, компанийн хувьд үр дүнтэй арга билээ. Харин манайд муу хөгжсөн байгаа учраас одоогоор үзэгчдэд бүтээгдэхүүн сурталчлах биш, бүр ч залхаах, магадгүй бүтээгдэхүүнээс татгалзах хүртэл харуулаад байгаа. Тиймээс уран бүтээлчид энэ тал дээр анхаарч, хийцээ сайжруулах биз ээ.  




Цагийн хүрд эргэн эргэсээр дөрвөн жилийн түүхийн хуудсыг тамгалжээ. Оюутан нас минь дуртгал болон үлдэж, дэврүүн сэтгэлийг өнгөрөх өдрүүдийн салхи сэвшин үлээж одох нь харуусал мэт хөндүүртэй. Гэсэн хэдий ч далавч нь ургаж гүйцсэн шувуухайнууд үүрнээс нисэн одох цаг тул хүсэл, мөрөөдөл цээжинд багтаж ядна.
Намар намрын мөнөөх дүр зураг бидний дурсамжид ч бий. Сэтгүүл зүйн ангид тохой залган суух андуудтайгаа тэр л өдөр учирч нэгэн их “айл”-д бүл нэмэн нэгдсэнсэн. Түүнээс хойшхи жаргалтай өдрүүдийн тухай энд тэрлэх аваас ямар ч бэх үл хүрэх биз ээ.
“Танай ангиас сэтгүүлч болохыг хүсч байгаа нь гараа өргөнө үү?” гэх багшийн асуулт нэгдүгээр ангийн оюутан намайг мэргэжлийнхээ тухай дахин нэг бодоход хүргэж билээ. Ган үзгийн хошууны уранд хууртав уу, дэлгэцээр гарах ах, эгч нарын сайханд дурлав уу, эсвэл энэ мэргэжилд үнэхээр татагдав уу? Эргээд харахад бидний олонхийн хариулт хийсвэр мөрөөдөл биш, бодож гаргасан шийдвэр байжээ. Тийм ч учраас төгсөх өдрөөсөө урьтан мэргэжлийнхээ сайхныг мэдэрч яваа авъяаслаг найзууд минь олон. Сэтгүүлч Б.Ганчимэгийн хэлсэнчлэн сэтгүүл зүй гэх шонхоруудын ертөнцөд балчир гэлээ ч бид хөл тавих мөч улам бүр ойртсоор аж.  
      Бид нэгдүгээр ангид байхдаа үзэгчийн суудлаас үгийн урантай танилцсан нь “Уйдах завгүй оюутан нас” яруу найргийн наадам байсан юм. Тэд манай тэнхмийн IV ангийн ах, эгч нар энэ наадмыг жил бүр уламжлал болгон явуулдаг байж. Харин сургууль төгсөх жилдээ бидэнд итгэл хүлээлгэж энэ наадмыг зохион байгуулахыг захисан юм. Түүнээс хойшхи хоёр хаварт яруу найргийн онгодоор хөглөгдсөн оюутан, залуус биднийг зорьж, бүтээлээ сойж байв. Мөн сургуулийнхаа 30 жилийн ойн үеэр бид наадмаа өргөжүүлж гэрэл зургийн уралдаан, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргасан билээ. Энэ жилээс мэргэжил нэгт оюутан, залуусынхаа дунд “Алтан үзэг” улсын уралдаан зохион байгуулж эхэлсэн нь нэг ололт юм. Телевиз, радио, нийтлэлийн төрлөөр болсон анхдугаар наадамд манай сургуулийнхан ч амжилттай оролцож, өөрийн “морьд” гурван шагналын эзэн болсонд багш нар маань ч баяртай байсан.
Яг одоо таны гарт буй “Хүмүүн Ухаан” сонинтой бид хоёрдугаар ангид байхдаа танилцсан юм. Сэтгүүл зүйн бичлэг, мэдээ, нийтлэл, ярилцлага, орчуулга хийх гээд бид хэрэндээ л бужигнаж байв. Анх удаа сонин гаргах гэж байгаа тул будилах зүйл мундахгүй. Нэг мэдээ бичих гэж долоо хонох нь холгүй. Тэгээд болоогүй ирэхдээ нэг хүний овгийн үсгийг орхичихно. Түүнийгээ олох гэж дахиад долоо хоног явна гээд улирлын турш гүйсний эцэст өөрсдийн нэрээ баярлан харж, шинэ сонины үнэрт автсан юм. Үүний дараа сургуулийн 30 жилийн ойн дугаарыг гаргахад арай л дөртэй болж, сонины хэмжээ томорсон ч будлиан багатай өнгөрч байв.
  Өнгөрсөн намар бид өөрсдөө камер барин нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон билээ. “Өнөөдөр” сонины эрхлэгч С.Батбаатарыг урин тэнхмийнхээ оюутнуудтай уулзуулж, өөрсдөө ток-шоу нэвтрүүлэг бэлтгэсэн нь тэр. Нарка, Сувдаа хоёр зураглаач хийж, Учрал хөтлөгч, Үүрээ найруулагчийн үүрэг гүйцэтгэж бусад нь арын албанд зүтгэв. Хоёр цаг гаруйн бичлэг хийгээд, ингээд боллоо гэж бодтол жинхэнэ ажил тэгэхэд л эхэлж билээ. Авсан дүрсээ эвлүүлэх, сонирхолтой дараалалд оруулах гэдэг хамгийн чухал гэдгийг тэгэхэд ойлгосон юм. Олон өдөр, шөнө ээлжлэн сууж нэвтрүүлгээ хэд дахин үзсэний эцэст эвлүүлгээ хийв. Мөн анхных гэж өөрсдийгөө өмгөөлөх “бүтэлгүйтэл” биднийг тойрсонгүй. Хоёр микрофонтой байсны нэг нь гэмтээд ажиллаагүй тул, дуу, дүрсээ тохируулна гэдэг ярвигтай ажил байсан. Эцэст нь бичлэгийн чанар, өнгөө янзлаад сарын дараа анхны бүтээлээ  өлгийдсөн.
      Бидэнд энэ бүхэнд сургасан хүмүүс нь тэнхмийн гурван багш маань. Сургуульд элссэн эхний өдөр настай багш орж ирээд “Та нар “Өвгөн, тэнгис хоёр”-ыг уншсан уу?, “Зуун жилийн ганцаардал”-ыг унших хэрэгтэй шүү” гээд л номоор “бөмбөгдөнө”. Басхүү ярьсан бүхнээ дүрсэлж үзүүлэн, самбарын өмнө нааш, цааш холхих Д.Цэмбэл багш бидэнтэй өөрийн мэргэжлийн сонирхолтой түүхийг хуваалцахын зэрэгцээ, тэр бүрээрээ ямар нэг сургамж өгүүлдэг байлаа. Харин гуравдугаар ангид хамгийн олон цаг хичээл заасан хүн нь Л.Ариун багш. Бараг өдөр бүр уулзаж, дунд сургуулиар бол ангийн багш шиг санагдаж байв. Тэгээд бүр орсон хичээл бүр дээр нь сонины нэг, хоёр сарын дугаарыг шүүж, цөөнгүй судалгаа хийнэ. Бид мэдээж сурсан зангаараа цагийг нь тулгаж хийх бөгөөд шөнөжин бэлдсэний маргааш нойрмоглон суухад Дагий багш орж ирэн бүгдийг нь сэргээнэ дээ. Угаасаа багшийн хичээл дээр идэвхигүй байх аргагүй. Салхи татуулан орж ирээд, хичээлээ эхлүүлнэ дээ. Бид ч бодсоноо хэлэх гэж уралдаад, маргах нь холгүй. Дараачийн хичээл англи хэл. Хоцрохгүйн тулд өмнөх ангиас гарч хурд хийх шаардлагатай. Миний, чиний цаг сургуулийн, тэр тусмаа багшийн цагтай таарч байгаа эсэхийг үргэлж шалгахгүй бол горьгүй. Учир нь бид Оюунаа багшийн хичээл дээр нэг хормын үнэ цэнийг хамгаас илүү мэдэрдэг юм. Бас хийсэн бүхнээ хийгүй үйлдэхийн тулд гэрийн даалгавартаа нэг цэг дутуу орхиогүй байгаа гэж дахин, дахин нягтална. Хэдийгээр бид нэг тэнхим биш ч, багш маань дөрвөн жил англи хэл, соёлыг зааж, сургасан юм.
Тэгвэл одоо бидний сэтгэлд сүүлчийн хаврын аялгуу дотно хийгээд сэтгэл гэгэлзүүлэм эгшиглэнэ. Эртэч шувуухайнууд өглөө бүр мэнд мэдэн цуглаж, хичээлээс яльгүй хожимдон Цэцээ амьсгаадан орж ирнэ. Магад хичээл тарахаас арай урьтан Учрал “морилж”, түүнтэй зэрэгцэн өнгө алаглуулсаар Сансаа гэгээ нэмэн хаалга нээнэ. Шинэ өдөр бүр энэ хэмнэлээр эхэлж цааш Зоригт, Лхагваагийн үгсийн уранд хөтлөгдөж инээд цалгисан мөчүүд үргэлжилнэ. Дөрвөн жил ийм л гэгээн, тийм л яруу өнгөрсөн. Ирэх цагийн уртад энэ бүхэн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн танхимд дурсамж болон үлдэнэ. Арав эсвэл хорин жилийн дараа эргэн ирэхэд ширээ бүрийн ард ангийнхнаа харан, коридорын шатаар хичээлдээ, хайртдаа яаран гүйх оюутан насны хэмнэлэийг үгүйлж, таяг тулсан хөгшин болсон ч бодолд нь ангийн охины даруухан инээмсэглэл тодрох биз ээ.
      Ирэх намрын есдүгээр сарын нэгнийг төсөөлдөө. Нар ээсэн шинэ өглөө дүү нар хичээлдээ яарахад дагаад гүймээр санагдаж, сургуулийн өмнө ирээд санасан сэтгэл дүүрэн дахин нэг уулзахыг хүсэх  болов уу. Хэдий энэ хүсэл биелэхгүй ч, тэр үед бид өөр, өөрийн талбарт нэгэн шинэ үеийг эхлүүлэхээр мөн л сэтгэл дүүрэн алхаж байх биз. Шонхоруудын ертөнцөд шилдэг нь байхаар дор бүрнээ хичээх нь гарцаагүй. Гэхдээ бид 30-уулаа, 30 өөр ертөнцийн төлөөлөл. 30 өөр өнгийн, 30 давтагдашгүй сэтгэлгээ биднийг илтгэдэг. Хаалга бүрийн цаана өөр өнгийн бодол ноёлж, өөр өнцгийн үзэмж бусадтай сүлэлдэн нэгддэг. Тийм болохоор бүгд мундаг, сайн байхад тэмүүлэхдээ өөрийн гэсэн бүхнээ гээхгүй юм шүү.
       Гадаа яг одоо өвс өндийн, модод нахиалж, цэцэгс цоморлигоо нээх гэж байна. Ирж яваа цаг биш гэж үү. Би, бид, бидний үеийнхэн ч тэр цагийг угтан үүрээ орхин нисэхээр бэлдэж байна. Камер, микрофон барьсан эсвэл үзэг, дэвтэр тэгээд бас томоо цүнх үүрсэн сэтгүүлчид нийгмийн амьдралын үйл явдал бүхнийг сурвалжилж, эгэл иргэнээс онцгой баатартай хүртэл ярилцна. Хурд, овсгоо шаардсан зогсолтгүй үргэлжлэх тэр хэмнэл бидний талбар. Тэнд дороос нь эхлээд оргилд нь хүртэл магадгүй дэндүү романтик сонсогдох тийм нэг мөрөөдөл тээн нисцгээе. Яадаг юм, бид чинь дэврүүн хүсэл, оргилсон эрч хүчээр дүүрэн залуус шүү дээ. Тийм болохоор айх хэрэггүй ээ, жигүүрээ дэлгээд дүүл, андууд минь!
    Түүний тухай бичихийн тулд дөрвөн цомгийг нь дахин сонслоо. Жазз аядуу хэмнэл, блюз зөөлөн аялгуу, тослог намуухан хоолой. Сонсох тусам тайван, гэгээлэг мэдрэмж төрөхийг зүйрлэж хэлэхэд хэцүү юм. Энэ бүхэн хаанаас ундарна вэ?

Кейти Мэлуа. Гүржид төрсөн бяцхан охины гэр бүл түүнийг найман настайд Ирландын хойд хэсэг рүү, 10 настайд нь Англи руу дүрвэжээ. Эх нутагт нь өрнөсөн дайны уршгаар тэр ийнхүү нүүдэллэсэн хэрэг. Тбилисид үдсэн бага насандаа хувин дүүрэн усыг таван давхар байшин руу зөөдөг байсан нь түүний сэтгэлд хамгаас тод үлдсэн гэдэг. Тиймдээ ч Их Британийн уран бүтээлчдийн жагсаалтад хөрөнгийн хэмжээгээрээ долдугаарт жагсдаг тэрбээр ганган, дэгжин байдал хээнцэр, тансагт дурладаггүй. Үнэтэй зочид буудлын тохилог өрөөнд ормогц, бага насны дурсамж нь Кейтийн сэтгэлд хөндүүрлэдэг гэнэ.
     Тэрбээр 15 настайдаа Британийн
“ITV” олон нийтийн телевизийн уралдаант, хүүхдийн хөтөлбөрт оролцжээ. Улмаар Уэльсийн алдарт “Badfinger хамтлагийн “Without you-г дуулан тэргүүлж, 350 паундын шагналын мөнгөөрөө аавдаа сандал авч өгсөн гэдэг.
     Удалгүй Кейти продьюссер Майк Бэттийн хараанд өртөв. Рок хамтлаг, базз гитарчин болон жазз, блюзийг сонирхолтой байдлаар илэрхийлж чадах нэгнийг хайж байсан Бэттийн хүсэл биелэх нь тэр. Ингээд 18 настай Кейти Мэлуа “
Dramatico студитэй гэрээ байгуулж, гурван ч цомог гаргасан билээ. Эхний цомог “Call of the Search нь Их Британийн шилдэг цомгуудын тоонд багтаж, Норвеги, Герман, Дани, Өмнөд Африк, Австрали гээд дэлхий даяар нийт 10 гаруй сая хувь борлогджээ. Түүний дараачийн цомог “Piece by Piece хоёр жилийн дараа гарсан. “Nine Million Bicycles, “I Cried For You” зэрэг сингль болон “Just Like Heaven киноны саундтрак нь олон улсын хөжгмийн жагсаалтыг тэргүүлсэн билээ. Түүнээс хойш тэр цөөнгүй киноны дууг амилуулсан бөгөөд хамгийн сүүлд л гэхэд Жони Депп, Анжелина Жоли нарын хамтран тоглосон “Аялагч” кинонд хөг нэмсэн юм. Кейтийн дараачийн цомог “Pictures урьдынхаас арай өөр хэмнэл, аялгуутай байв. Түүний анхны рэгги дуу болох “Ghost Town энэ цомогт буй. Түүнчлэн дотны найз Молли Маккүйн нь хамтран ажилласнаар шинэ уур амьсгалыг бий болгосон байх.
     Кейтийн хувийн амьдралд бага зэрэг өнгийвөл тэр Британийн “
The Kooks хамтлагийн гоцлол дуучин Люк Причардтай болздог байсан. Хосууд харилцааныхаа талаар төдийлөн ярьдаггүй ч, олны “хошуу” тэднийг Кейтийн давуу амжилтаас үүдэн хөндийрсөн гэдэг. Удалгүй түүнийг “The Daily Mirror, “The Sun” сэтгүүлийн хуудсанд зураг нь нийтлэгддэг, хальс “амилуулагч” Лара Блүмтэй үерхдэг гэж цуурхах болов. Харин Мэлуа өнгөрсөн онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би ганц бие эмэгтэй. Энэ нь хэдийгээр бахархах зүйл биш ч, үнэн гэвэл энэ байна” гэжээ.
      Кейтийн зургийн цомгоор аялахад даруу, дотно инээмсэглэсэн бүсгүй. Тэгвэл тэр дотоод сэтгэлдээ ямар “галзуу” болохыг түүний экстрим спортод дурладаг зангаас харж болно. Паркын галзуу хулганаас эхлээд толгой эргэм тоглоомууд түүний зугаа. Бас өндрөөс унах, шүхэртэй үсрэх дуртай. Кейти долоон жилийн өмнө Шинэ Зеландад 200 метр өндөр барилгаас 80 км/цаг хурдтай “дүүлж” байсан удаатай. Энэ талаар түүний менежер “Тийм ээ, тэр адалд явдалд дуртай. Гэхдээ бодит байдалд Кейти сэтгэл хөдлөлөө үргэлж хянаж байдаг” гэв.
     Кейти одоо Гүрж, ОХУ, Их Британийн пасспорт өвөрлөдөг. Их Британийн иргэн болохдоо “Манай гэр бүлийн хувьд энэ улсаас аз жаргалтай амьдралын хэв маягаа олсон азтай хүмүүс. Бид Их Британийн иргэн болсноороо бахархаж байна. Гэхдээ бас Гүрж орноо умартаж үл болно. Учир нь бидний гарал угсаа тэр нутгаас эхтэй. Би дотнын хүмүүсээ эргэхээр жил бүр төрсөн нутагтаа очиж байх болно” гэжээ.
     2006 онд Кейти Мэлуа “Гиннес”-ийн номонд нэрээ мөнхөлсөн билээ. Цэнгэг далайн гүнд уран бүтээлээ эгшиглүүлсэн нь түүний хувьд амьдралдаа хийсэн хамгийн хачин, жигтэй үйлдэл байв. Үүнээс нэг жилийн дараа түүний “Далайн гүн дэх тоглолт”
DVD худалдаанд гарсан юм. Мөн Кейти хүмүүнлэгийн үйл ажиллагаанд маш их цаг зарцуулдаг. Хүүхдийг ивээх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр, иргэний дайн, байгалийн гамшигт өртөгсдөд тэр тусламжийн гараа харамгүй сунгадаг. Түүнчлэн бага наснаасаа шүтэн бишрэх болсон алдарт “The Queen хамтлагийн Брайн Мейтэй хамтран “Too Much Love Will Kill You
дууг бичүүлж байжээ.
     Мартах шахаж. Түүний жинхэнэ нэрийг Кэтэван Мэлуа гэдэг. Харин гэр бүлийнхэн нь Кейти гэж дуудсаар хожим уран бүтээлийн нэр нь Кейти Мэлуа болжээ. Испани гаралтай Катерина, Кейти гэх эл нэр Англи хэлэнд цэвэр, тунгалаг гэсэн утгатай юм.
     Кейти Мэлуа гэх урлагийн ертөнцийн нэгэн тод од... Үгүй ээ, ингэж нэрлэж болохгүй юм байна. Учир нь алдартай сэтгүүлийн нүүрэнд гарах, үнэтэй сурталчилгаанд тоглохоос тэр үргэлж татгалздаг. Хариулт нь “Би дуучин болохоос од биш”. Ийм нэгэн алдартны түүх магад уулын өөд бартаа үгүй өгссөн мэт харагдаж болох. Гэвч Кэтэван Мэлуагийн амьдралын түүх хүнд, хэцүү цаг үеэс үүдсэн энэрэнгүй, нинжин сэтгэлийн үйл болон дотно, зөөлөн хэмнэлээр баялаг.   
                      Тунгалаг сэтгэлээс ундрах аялгуу хэзээ ч үл зогсох мэт үргэлжилсээр.
     Энэ асуулт нэлээдгүй хугацаанд толгойд минь эргэлдэж байна. Учир нь олон хүн хэн нэгэн, эсвэл аливаа үйл явдлын талаар эрээ, цээргүй магадгүй зохисгүй яриа өрнүүлснийхээ дараа "үнэн юм чинь яадаг юм", "үнэн л биз дээ?" гэх зэргээр өөрийгөө хаацайлахтай таарсан. Эндээс бодохоор үнэн үргэлж, тэгээд бүгд ил байх ёстой юм уу? гэсэн асуулт ургасан хэрэг.
  
     Гитлерийн мөрөө хавчиж ярьдаг үнэнийг саяхныг хүртэл бидний олонх мэдээгүй байсан, Афганистаны дайны талаарх мэдээллүүдийг Викиликс задлахаас өмнө бүгд "нууц" л байж. Тэр ч бүү хэл нэгэн цаг үед хүн төрөлхтөн оршин буй цэнхэр гаригаа хавтгай хэмээн төсөөлж байв. Гэтэл нэг л өдөр үнэн ил болж, батлагдсан. Галилей үнэнийг мэдэж байсан ч, үнэний төлөө тэмцэхээс айж, Бруно галд шатаагдан амиа алдсан. Америкийн Төрийн департментийн "нууц"-ыг задалсны улмаас Жуллиан Ассанж баривчлагдсан.
    Гэхдээ нөгөө талаас хожмын өдөр буюу өнөө цагт бид Бруног гайхалтай сэтгэгч байсныг шагшиж "Намайг шатаалаа гээд үзэл бодлыг минь өөрчлөхгүй" гэх үгсийнх нь цуурайг улам илүү тодотгож буй. Мөнхүү Жулиан Ассанжид Сиднейн Их Сургууль хүний эрхийн төлөө тэмцсэнийг нь үнэлж Сиднейн энх тайвны шагналыг олгочихлоо.
   Ингээд бодохоор үнэн ил байх нь аюултай бас тэгээд гайхамшигтай. Гэхдээ л бид үнэнийг ариун явдалд тооцож, түүний төлөө тэмцэж, түүнийг бусдаас дээгүүрт тавьдаг. Харин үнэн өөрөө ариун байлаа ч, ариун сайхан үр дүнг дагуулдаггүй байх нь. Тэгэхээр хэрхэх бол? Аристотелийн сургаснаар алтан дундажийг баримтлах уу? Тэр "Дундаж бай" гэсэн шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ? Өөр нэгний тодорхойлсноор алтан дундажийн түлхүүр нь дуугүй байх...

Сонин юм шүү. Удаан бодож байна. Гаргалгаанд хүрч чадахгүй л явсаар.
Та юу гэж бодож байна?
  “Бусдыг мэдэх нь ухаарсных, өөрийгөө мэдэх нь гэгээрснийх...” гэж эртний Хятадын гүн ухаантан Лао Зэ хэлж байв. Угаас хүн өөрийнхөө тухай, “би”-гийн тухай эргэцүүлж эхлэх нь оюун санааны хүрээний дэвшил, магадгүй оргил нь ч байж болох. Тиймдээ ч Декартын “Би бодож байна, тиймээс би байна” (“Cogito, ergo sum”) гэх үг хүн төрөлхтний оршиж буйн шинжээ мэдрэхийн илэрхийлэл болсон биз ээ.
  Тэгвэл өдгөө Монголчууд бид хэн бэ?
Юун түрүүнд, гаднын оронд очиход энгийн иргэдээс нь “Танайд байшин байдаг уу?”, “Чи хичээлдээ мориор явдаг уу?” зэрэг асуултууд хөвөрнө. Гадаад орчинд Монгол гэдэг таван хошуу малтайгаа, тал сайхан нутагтаа налайх өнө эртний зураглал хэвээр байгаагийн илрэл энэ гэлтэй. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ ойлголт өөрчлөгдөж, Монголчуудыг газар дороо өчнөөн баялагтай, их ирээдүйн өмнө зогсох ард түмэн гэх болсон ч үүнийг гаднын судлаач, эсвэл эдийн засагчид л хэлж байгаа. Тэрнээс биш зургаан тэрбумын талаас илүү нь биднийг танихгүй, мэдэхгүй, сонсоо ч үгүй. Яг л би найзтайгаа Тогогийн хөлбөмбөгийн багийн талаар яриа өрнүүлэхэд “Того гэж юу бил ээ?” гэж асуухтай адил.
  Монгол гэж хэн бил ээ?
“Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвүүнийг төрүүлжээ.” Бид өвөг дээдсийнхээ тухай эндээс эхлүүлж, Их Монголын өнгөрсөн түүхээр өдгөө хүртэл бахархаж, саймширсаар байгаа. Гэхдээ бас нэгэн үед тэр бүхнийг үгүйсгэн, нулимж ч байсан удаатай. Орос “ах” нартай дотносож, Ленин багшийн агуу төрх, “поза”-аар итгэл үнэмшлээ бүрдүүлж байсан цаг өнгөрсөнд минь бий. Харин 20 жилийн өмнө бид ардчилалтай золгосон билээ. Хэдийгээр Генрик Гесс “Нийгмийн байгуулал солигдох болон хоёр иргэншил мөргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг” гэсэн ч, ардчиллын ач, буянаар бид тоолж үзээгүй мөнгөө тоолж, хувийн өмч эзэмших болсон. Түүнчлэн онцгойлон дурдах нэг зүйл нь бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх буюу мэдээллийн эрх чөлөөг олж авсан билээ.
  Тэр жил НҮБ “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлаад яг 34 жил болж байж. Тунхагийн 19-р зүйлд заасан “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй...” гэх заалт түүхийн тэр агшинаас л Монголд жинхэнэ утгаараа хэргэжих боломжтой болсон юм. Би тэр жил мэндэлсэн. Энэ өгүүлбэр магадгүй хийрхэл мэт сонсогдож байж болох ч, “би”-гээр төлөөлүүлж өнөө үеийн Монгол залуусын тухай бичих гэсэн юм.
  Тэгэхээр “би” хэн бэ? буюу дахиад асуувал Бид хэн бэ?
Би 1990 онд Унгар улсын нийслэл Будапешт хотод төрсөн. Гэхдээ удалгүй Монголдоо ирж өөрийн үеийнхэнтэйгээ нэгдэн, тэдэнтэй хамт нийгэмшиж, өсч торнисон. Би удахгүй 21 нас хүрнэ. Нийгмийг бүрдүүлэгч гишүүний хувьд би залуу үеийн төлөөлөл, тэгээд бас оюутан. Харин Америкийн судлаач Штраус болон Хоу нар намайг “У-үе”-ийн төлөөлөл гэдэг. Тэд үе, удмын талаарх “Generations” бүтээлдээ хүн төрөлхтөнийг 25 үед хуваан, 1980-1990-ээд онд төрөгсдийг дээрх “У-үе” (Gen Y) гэж ангилсан юм. Энэ үеийг өөрөөр “Net Generation” ч гэдэг. Харилцаа холбоо, дижитал технологийн хөгжил биднийг тодорхойлдог. Арга ч үгүй биз. Судлаач Томас Фрийдман хүн төрөлхтөн түүхийн явцад даяаршлын давалгаанд гурвантаа өртсөн бөгөөд үүний гурав дахь үе-Даяаршил 3.0-ын нөлөөгөөр буюу цахим орчны хөгжлийн ачаар дэлхий ертөнц хавтгайрч буйг дурдсан байдаг. Даяаршлын энэ үе эхэлсэн 2000-аад оны үед буюу 21-р зуунд төлөвшиж буй иргэд, бидний хувьд өсвөр, залуу наснаасаа цахим ном, сонин уншиж, захидлаар бус и-мейлээр харилцаж дадаад буй. Бид мэдээллийн эрин зуунд, түүний хүчинд шүтэж амьдардаг.
  Зөвхөн би, миний эргэн тойронд буй бид ч биш дэлхий ертөнц ерөөс ийм болж буй. Энэ цаг үед бид, монголчууд хэн байх нь нэн чухал. Энэ зууныг зөвхөн “Мэдээлэл”-ийн бус, нөгөө талаас нэрт сэтгэгч А.Смитийн тодорхойлсноор “Өрсөлдөөн”-ий эрин гэдгийг санах хэрэгтэй.
  Сүүлийн үед “Оюутолгой”, “Тавантолгой”-гоос илүү Монгол толгой биднийг хөгжүүлнэ гэж хүн бүр ярих болсон. Гэхдээ тэр талаар, тэгээд бүр хэрхэн гэдгийг хэн ч ярихгүй хэрнээ, газар дор байгаа нөгөө “гоё” зүйлийг бусдын хүчээр гаргуулаад, өөрсдөө зүгээр сууж байгаад ашгаас нь жоохон хүртэе гэсэн Монгол толгой л хамгийн сайнаар ажиллаж байна. Нарийндаа ашигт малтмал гэдэг нь бүтээлч чадваргүй түмний мөнгө олох ядруухан арга гэдэг. Тиймдээ ч баялгаасаа болж баларсан орнуудын жишээ бөмбөрцөг дэлхийн түүхэнд олон бий.
  Гэхдээ машин техник хийхээсээ аль хэдийнэ хоцорчээ гэж бодоход мэдээллийн технологи, програм хангамжийн салбарт биднийг бага ч гэсэн гэрэл гэгээтэй орчин хүлээж байгаа. Одоогоор монгол залуу “Apple” корпорацид програмчлал бүтээж, өөр нэг нь “Майкрософт”-од ажиллаж байгааг бид мэднэ. Тэр ч бүү хэл, хэрэв та АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дараачийн сонгуулийн кампанит ажлын вэб хуудас, сурталчилгааны загварыг харсан бол түүнийг нөгөө л монгол залуу хийсэн юм шүү дээ. Бид чадаж байгаа биз?
  Холын Америк дахь залуусын бүтээл магадгүй бодол, сэтгэхүйгээс алсуур сонсогдож байж болох. Тэгвэл арай энгийн жишээ дурдая. Нэг найз минь Японы их сургуульд суралцдаг юм. Тэнд сурдаг олон оюутны адил тэр хөдөлмөрлөж, амьдралаа өөрөө болгоод л байдаг. Гэхдээ тэр ямар нэг хар ажил, эсвэл шахуу цагийн хуваариар ажилладаггүй. Харин гэртээ суугаад интернэтээр материал хүлээн авч орчуулдаг. Ингээд түүний картанд аль улсын, хэн гэдэг үйлчлүүлэгчээс вэ гэдэг нь мэдэгдэхгүй ч, чамлахааргүй цалин нь хормын дотор шилждэг.
  Үүнийг аутсоурсинг (Outsourcing) гэх бөгөөд бизнесийн, мэдлэгийн үйл ажиллагааны, дуудлагын төвийн, мэдээллийн технологийн, үйлдвэрлэлийн гэхчлэн ангилдаг. Гээд цааш яривал сэдвээс хазайх тул бидэнд байгаа боломжид төвлөрье. Энэ хэлбэрээр хамгийн их ажилладаг улс нь өдгөө Энэтхэгчүүд болоод байгаа. Тэд хямд зардлаар Америкчуудын ажлыг хийж өгч буй нь, эрх чөлөөний орны иргэдэд ажлын байр олдохгүй байх нэг шалтгаан нь болжээ. Ингээд бодохоор мэдээллийн технологийн хөгжлийн ачаар та хаана байх нь хамаагүй, ажилтай, мөнгөтэй болж болох нь. Ганц та ч биш бид мэдээллийн технологийг үр дүнтэйгээр ашиглаж чадвал дэлхий ертөнц биднийг өөрөөр хардаг болно.
  Бичлэгийнхээ эхэнд би гадаадууд биднээс юу гэж асуудаг талаар дурдсан. Надад ч бас тийм явдал тохиолдож байсан. Гадаад найз минь надаас “Компьютер мэдэх үү?” гэж асууж байв. Харин зуны амралтаа дуусаад би хамтдаа авахуулсан зургуудаараа эвлүүлэг хийж, дэвсгэр аяар чимэглэн түүнд бэлэглэсэн юм. Түүнд бараг хэлэх ч үг олдохгүй байх шиг санагдаж билээ. Одоо цагт үүнийг компьютерийн хамгийн энгийн програм дээр хийж болох бөгөөд 5-р ангийн дүү минь бараг бүх найзууддаа ийм бэлэг барьж байна. Тэгэхээр дэлхий ертөнцөд бид морь унасан хуучин Монгол хүүг биш, мэдээллийн хүчийг гартаа атгасан, өрсөлдөх чадамж бүхий хүчирхэг толгойг таниулах хэрэгтэй байх нь. Энэ бол бид. Бид ийм л байх ёстой. Ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэлээ хөгжүүлээд бидний олох ашиг мэдээллийн технологийн салбарын амьд домог Билл Гейтсийн нийт хөрөнгийн талд нь ч хүрэхгүй гэсэн тооцоо гарсныг санаж байна. Тэгэхээр бидэнд байгаа боломж нь зэр зэвсэг, эдийн засгийн хүчээс илүүтэй мэдээллийн хүчээр өөрсдийн хүчирхэг байр суурийг бий болгох. Өөрөөр хэлбэл олон улсын харилцаанд нэр хүндтэй тоглогч болох боломжийг мэдээллийн хүчээр дамжуулан олж авах юм.
  Би өөрийгөө, өөрийн үеэ хэн бэ гэдгийг ингэж таньж байна. Оршин байх зөв замаа ийнхүү сэтгэж байна. Миний эргэн тойронд, найз нөхөд минь ч бас ингэж ярьдаг. Энэ талаар хэлэлцэж, дэлхийн иргэн болох холын хүслээ хуваалцдаг. Мөн нийгмийн тэргүүн шугаманд алхаж буй олон хүн энэ тухай ярихыг сонссон. Тэгэхээр Лао Зэгийн хэлснээр бид аль хэдийнэ өөрийгөө мэдэхүйд нэвтэржээ. Бас бодож, тунгаан байхуйгаа ч тодорхойлж. Одоо хэрхэх вэ? Мэдээллийн эрин зуунд, чадварлаг өрсөлдөгч байж, тэгээд хэний ч мэдэхгүй, танихгүй, бөмбөрцгийн нэг хэсэг биш хавтгайрсан ертөнцийн сод манлай байхсан.
  Лао Зэгийн үгийн үргэлжлэлээр бичлэгээ төгсгөе гэж бодлоо. Уншаад дүгнэн бодохыг танд үлдээе.
“Бусдыг удирдахад хүч хэрэгтэй, өөрийгөө удирдахад тэнхээ хэрэгтэй.”