Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
Хотын соёлын тухай асуудал өдгөө бидний ярианы гол сэдвүүдийн нэг болжээ. Хүн бүхэн л хөдөөгийнхэн хот руу тэмүүлж их хотын өнгөнд сэв суулгаж байна гэх. Цаашлаад үүний учир, шалтгааныг тайлан, тайлбарлах хүмүүс болон тэдний элдэв дүгнэлтүүд мундахгүй. Тэр дундаа хөдөөг хөгжүүлэх юм бол нийслэлийг зүглэх их нүүдэл багасна гэж цөөнгүй хүн ярихыг сонссон юм. Миний санахаар уг нь бид хот, хөдөөг ижилхэн хөгжүүлж байжээ.  
  Миний хувьд л гэхэд би багадаа Эрдэнэт хотын хүүхэд байсан. Би өөрийгөө хотын хүүхэд гэж боддог, Улаанбаатарт ирэхээрээ “манай Эрдэнэт бол хот” гээд хүүхдүүдтэй маргадаг бяцхан охин байсан. Манай хотод нийслэлийг бодвол хавьгүй олон цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур байдаг байлаа. Бас гудамж нь цэвэрхэн, иргэд нь цэмцгэр. Үйлдвэр дагасан олон оросууд ажиллаж, амьдарч Эрдэнэтээр овоглосон хэн бүхэн орос хэлтэй, орос соёлтой байсныг ах, эгч нар ярьдаг. Энэ нь хотын имиж болохын зэрэгцээ иргэдийн олонх нь залуучууд тул “Залуусын хот” ч гэгддэг байж. 
  Харин бага ангийн сурагч охин би цонхоор харсан нэг өдрөө тод санадаг юм. Гэнэт байрны машинуудын “ЭТХ” гэсэн дугаарлалт “ОРА” болчихсон байв. Гайхаад асуувал Эрдэнэт хот маань Орхон аймаг болж, би Баян-Өндөр сумын, өөрөөр хэлбэл хөдөөний хүүхэд болчихсон. Зөвхөн би төдийгүй Дархан, Чойбалсан, Хэнтий гээд олон хотынхон хөдөөгийн харьяат болсон биз ээ. 
  Үүний цаад шалтгаан нь, Үндсэн Хуульд “Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэсэн заалт юм. Энэ нь нэг ёсондоо манайд нийслэл Улаанбаатараас өөр хот байхгүй гэсэн үг. Өнөөдөр хүмүүсээ хөдөөгийнх гэж адаглан, соёлгүй бүдүүлгийг нь гайхах алхмаа бид өөрсдөө хийжээ. 
  Гэтэл олон улсын жишгээр, тухайлбал Австралид 10 мянга, Канадад 5000 мянга, БНСУ-д 150 мянгаас дээш оршин суугчтай нутаг дэвсгэрийг хот гэж үздэг аж. Мэдээж үүнээс гадна ажил эрхлэх байдал, нийтийн тээврийн зохицуулалт, өөрийн гэсэн түүх дурсгалын газартай байх гээд цөөнгүй шалгуур бий. Энэ бүхэнд нийцэж, хотын статус хүртэх эрхтэй ч сумын төв гэж даруухан загнах эсвэл бүр доромжлуулж буй гэлтэй газар манайд олон байна. 
  Бид өөрсдөө хөдөө гэж үзээд, хөдөөгөөр нь дуудаад, хөдөөнийх гэж хараад байвал “санаа дагаад” гэдэгчлэн тийм л байдал бий болно шүү дээ. Харин тэдгээр сумын төвүүдээ хот болгоод, тэнд хотын хөгжлийг ойртуулж, хотын соёлыг түгээвэл байдал арай өөр. Уг нь хөгжлийг тийш хүргэх алхам хийхгүй биш хийж байгаа. Тухайлбал, аймгуудаа бүсчилж хуваагаад бүсийн тулгуур төв гэж аль нэг аймгийг нэрлэн хөгжүүлж буй тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярих болсон. Гэвч энэ нь бас л хөдөөг “өөд нь татах” л агуулгатай. 
  Гаднын орнуудыг харахад жижиг хотуудаа онцлог, имижийг нь тодруулан хөгжүүлэх хандлага байдаг юм билээ. Жишээ нь, Туркт гэхэд өмнөх нийслэл Истанбулаас гадна Бурса хотод их, дээд сургуулиудаа төвлөрүүлсэн тул соёл, боловсролын хот гэдгээрээ алдартай. Түүнчлэн Измир хотын бүсгүйчүүдийн сайхныг өөрсдөө магтахын сацуу энд жил бүрийн намар олон тооны урлагийн наадмууд болдгоороо онцлог. Мөн БНСУ-ын Инчеон хот үйлдвэрлэлийн төв бөгөөд тус улсын эдийн засгийн төв гэгддэг. Тэгвэл “Гэрэлт хот” Гуанжуг солонгос үндэсний зоогийг хамгийн амттай бэлддэг хэмээн магтдаг. 
  Энэ жишгээр бид хотуудаа хөгжүүлэхэд болохгүй гэх газаргүй. Хэнтийд Чингис хааны гэрэлт хааны хөшөөнөөс эхлээд их хаантай холбоотой олон дурсгалт газрууд бий. Түүгээр нь имиж бүрдүүлэхэд л болно, жуулчдыг ч татна шүү дээ. Баян-Өлгийн Өлгий хотын тухайд ойлгомжтой. Тэнд буй өөр, өвөрмөц соёлыг таниулан сурталчилж бас нэгэн онцлогийг гаргаж болно. Сайншандаас хэдхэн км давхиад очих “Хамрын хийд” болон сүүлд дэлхийн энергийн төв хэмээн алдарших болсон газруудаараа энэ нутгийнхан хэрэндээ брэнд бүтээж амжиргаагаа залгуулж байна. 
  Ингээд харвал манай аймаг, сум бүрт гайхуулах зүйл бий. Энэ нь магадгүй зөвхөн жуулчин татах зорилготой юм шиг санагдаж байж мэдэх. Гэвч сүүлийн жилүүдэд хотыг засаг захиргааны нэгж, хууль дүрмийн хүрээнд тодорхойлох биш соёл, иргэншлийн хувьд авч үзэх болжээ. Өнөөдөр хөдөөд өсч, торниж буй жаалуудаа “Чи хотын иргэн” гэж итгүүлж, бас төлөвшүүлж чадах юм бол хэдэн жилийн дараа хот, хөдөөгийн ялгаа багасах биз. Харин ингэж итгүүлэхэд сум нь ядаж хот нэртэй, гудамж нь цэгцтэй байхаас эхлэх хэрэгтэй. 

    Өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-нд "Хөх мэдрэхүй" бүлгэмээс зохион байгуулсан "Найргийн үдэш" уншлагад очлоо. Яг үнэндээ тэнд шүлэг бүрийг анхааран сонсч чадсангүй. Ерөөс шүлгийг сонсох биш уншсан нь, тэгээд цааш өөрийнхөөрөө ургуулан тунгаах нь амттай юм гэж бодлоо.
   Мөн заримдаа хэн нэгний шүлгийг сонсоод "Би ч ингээд бичих юм байна" гэх бодол цөөнгүй хүнд төрдөг биз ээ. Түүний учрыг өөрийнхөөрөө тайлахыг оролдлоо. Миний бодлоор хэн ч шүлэглэж болно. Гагцхүү мэдрэмж, түүний илэрхийлэл хүн бүрт өөр, өөр байна. Ийнхүү илэрхийлэл нь шүлэг болох юм болов уу. Тиймээс шүлгийг шүүх нь утгагүй хэрэг байх. Энэ нь нэг ёсондоо хэн нэгэнд төрсөн мэдрэмжийг сайн, муу гэж дүгнэхтэй ижил хэрэг болох байлгүй.   /Утга зохиолын талаас судлан, шүүмжлэх тухай эндээс тусад нь авч үзнэ байх/
   "Найргийн үдэш"-ийг цаашид тодорхой давтамжтай зохион байгуулна гэсэн. Хэрэв дахин очих бол илүү анхааралтай сонсогч байхыг хичээнэ ээ.

"Хөх мэдрэхүй"-н номыг зун авч байсан юм. Хамгийн их таалагдсан шүлгээсээ хуваалцъя.

Инээмсэглэлтэй чинь хамт
Эрхлүүлэхдээ аялдаг дуутай чинь хамт
Ийм сайхан нүдтэй чинь хамт
Энэ орчлонд байгаад л баймаар
Гунигтай чинь, нулимстай чинь хамт
Гурван уулын цаадах амьдралыг үзмээр
Цээжинд чинь юу багтдагийг
Чихээ тавин сонсоод
Чиний юм бүхэнд уусч нэгэн цул болоод
Чив чимээгүйн тэндэх
Тийм гүн ертөнцөөр чинь
Чих амар аялмаар, алхалмаар

***

Ганцаар, гүн харанхуй тэнгэрийн дор
Гадаа, хуучин савлуурын дээр
Ганхан ганхан сууна

Жихүүн гэгч зөөлөн аяст салхи
Жил саруудын үнэрийг чичирхийлэн зөөж
Зүрхэнд минь хэн нэгний гуниг ийм лавтай шургасныг
Зүгээр л сэвлэгээр минь оролдонгоо тэр шивнэж байна

Энд удаан сууж цаг хугацааны үнэрээр амьсгалвал
Эд эс бүхэнд минь хэн нэгний гуниг нэвчээд
Гэгэлзэн дэвэлзэн суусаар би цэв цэнхэр болчихлоо
Гэртээ орвол ижий уйлна, эндээ хоноё

Гадаа хуучин савлуур дээр
Ганхан ганхан суулаа