Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
  
Эдинбург цайзаас хотын үзэмж
    Газрын зургаас харвал өргөрөгийн хувьд Улаанбаатараас хол зөрүүгүй орших Эдинбургт эртний уртай гудамжуудыг манан нөмөрч, уулсын орой дахь цайз, дурсгалууд будан дундаас улам ч сүртэй харагдана. Түүх эхэлсэн цаг үе ч, биднийхээс эрт, оройгүй хийгээд Үндэсний дурсгал бүхий Калтон нуруунаас тэнгэрийн цэнхэрийг үзэж зогсохдоо эгээ л монголдоо байна уу гэж бодоод амжив. Харин хамт явсан уугуул найз минь “Үүлгүй, бороогүй,  нартай өдрөөр чи Эдинбургт байдаг ёстой азтай юм аа” хэмээн үнэн голоосоо баярлаж байна. Өглөөдөө нар ургах нь үзэсгэлэнтэй ч, өдөр тийш бороо зүсэрч, оройдоо манан татаад өдрийн турш салхилах нь ерөөс Шотланд даяарх цаг агаарын тогтмол дүр зураг. Тиймээс гудамжаар зөрөх хүмүүс богино цамц, задгай углааштай ч байх, зузаан хүрэм, үстэй малгатай ч нь бий.

Бүхий л үеийн турш дайтаж, тэмцэж ирсний гэрч болсон дайчдын дурсгал, тулааны хүндэтгэл бишгүй байх бөгөөд тэднийг өнөөг хүртэл хэвээр хадгалсан нь гайхам. Тиймдээ ч, Эдинбургийн үндсэн хэсэг Хуучин суурин, Шинэ суурин дүүргийг бүхэлд нь ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэжээ. Түүнчлэн Эдинбургийн цайз, Шотландын Сүм, нэрт сэтгэгч Уолтер Скоттын дурсгал гээд готик маягийн хийцтэй бүтээлүүд нь хотыг тэр аяар нь музей мэт санагдуулна. Орчин цагийн жавхаа болсон шилэн байшин, өнгө алаглах үзэмж энэ хотод нэгээхэн ч үгүйн дээр эртнээсээ элсний чулуу ашиглан барьсан гэх үй олон барилга нь “саарал хот” гэсэн нэрийг авчээ. Гэхдээ зүгээр ч үгүй “Умрын саарал Афин” гэж алдаршсан нь 18-р зууны үеийг Шотландын соён гэгээрлийн үе гэж нэрлэхэд хүргэсэн юм. Нэрт эдийн засагч Адам Смит, логарифмийг хэрэглээнд оруулсан Жон Непер, телефон утсыг зохион бүтээгч Александр Белл, судлаач Чарльз Дарвин гээд Эдинбургийн алдартнуудыг жагсаавал дуусахгүй. Үүнийг дагаад жил бүр дуу хөгжим, соёл заншил, ном бичгийн тэмдэглэлт фестивалиуд тасрахгүй зохиогдоно. Тэр бүртэй таардаггүй юм гэхэд Дэлхийн уран зохиолын төвөөр нэрлэгдсэн энэ хотод үзэх, харах түүхэн дуртгал мундахгүй.
Шотландын Орчин үеийн урлагийн галлерей
Эдгээрээс Шотландын онгон, зэлүүд байгалийн үзэсгэлэн нь он удаан жилийн түүхэн хүүрнэлтэй цогцолж аялал, жуулчлалынх нь нэрийн хуудас болжээ. Хүний гар хүрээгүй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад болон “лок” хэмээн алдаршсан нуурууд нь эзлэх хэмжээгээрээ Европ тивдээ хамгийн том юм байна. Шотландад хэдийгээр албан ёсоор англи хэлээр ярих ч, нутгийн уугуул аялга, кельт хэлээрх хэлц, үгсээ өргөн ашигладаг нь заримдаа ойлгомжгүй. Гэхдээ хөдөөгүүр явахад “бен” гэх нь уул гэсэн утга бол, “лок” гэдэг нь нуурыг хэлж буйг төдөлгүй тогтооно. Замын турш аяллын хөтөч харагдах бүхний түүхийг ярих нь, нүдэнд өртсөн чулууны зургийг ч дарж үлдмээр санагдана. Ер нь Шотландад аялахаар бол интернэтээс хайх төдийд том, жижиг автобусны өдөр, хоногоор ангилсан маш олон хөтөлбөр гарч ирнэ. Яг үнэндээ, үнийн хувьд харьцангуй боломжийн байсан нь аялалдаа гарах хүртэл надад эргэлзээ төрүүлж байв.

Харин автобусанд суумагц жолооч эмэгтэй микрофоноо зүүгээд нэн эртний түүхээс өнөөгийн нөхцөл байдлыг хүртэл нарийн тайлбарлана. Хэсэг яриад амсхийж хөгжим тоглуулахдаа өмнөх яриатай нь уялдах дуу сонсгодог нь суралцмаар “тактик” санагдсан. Шотландын өмнөд хэсгээр нам дор газар тул түүнийгээ “lowland гээд, хойд хэсгээр нутгаа “highlands” гэж хуваана. Эртнээс уул, хадаар явж хонь, малаа хариулдаг байснаараа нүүдэлчин бидэнтэй төстэй мэт. Та бидний сайн мэдэх “килт” л гэхэд  гүйж, харайхад төвөггүй учраас үндэсний хувцас болон үеэс үе дамжин иржээ. Анхандаа даашинз мэт залгаа мэт байсан нь дээлтэй төстэй харагданалээ. Хоньны ноосоор хийдэг энэ хувцас нь хожим Британийн армид нэгдсэн дайчдад тулалдахад төвөгтэй, задарч унаад байж. Тиймээс Британьчууд килтийг хувааж, бүстэй болгосноор өнөөгийн бидний мэдэх юбка, цамц мэт хослол төрхөө олжээ.
Хоолны төрөл, маягаар Европын бусад орныг бодвол маруухан гэдгээ тэд хээвнэг хэллээ. Мал аж ахуй эрхэлдэг байсны хувьд өдрийн өл даах хоол л хамгийн чухал байж. Тиймээс манайхантай адил мах их иднэ, хачиранд чанасан төмс гэсэн сонголт л бий. Гэхдээ Шотландад л идэж болох үндэсний хоол нь “Хаггис” гэж хоньны ходоонд чихэж амталсан дотор мах. Орчин үед зайдасны хэлбэрт оруулан бэлтгэх болсон “хаггис”-ыг шар манжин, төмсний нухшаар хачирлаж, мэдээж вискигээр даруулдаг байна. Энэ зуурт сонирхуулахад, Эдинбургт хоёр цагийн турш үргэлжлэх вискиний аялал гэж бий. Нутгийн аль хэсгээс гаралтайгаас шалтгаалж цитрус, анхил, жимсний, модны гэх дөрвөн төрлийн үнэр, амт шингэсэн байдгаа амсуулна. Мөн амуу, үр тарианаас хэрхэн нэрдэг зэргээ торхны хэлбэртэй бүхээгт суулгаад маш сонирхолтой тайлбарладаг нь ямар ч хүний сэдлийг хөдөлгөнө. Харин миний хувьд, манай архи үйлдвэрлэл муугүй ч, нарийн зохион байгуулсан сурталчилгаа, брэнд бүтээх арга хэлбэрээ олчихвол дутах юу байхав гэж бодсоор гарч ирэв.
Лок Несс
Эзлэх талбайн хэмжээгээр Лок Ломондоос арай бага ч, усны эзлэхүүнээр Шотланддаа хамгийн том гэх Лок Нессийн аялал энд түгээмэл юм. Усан онгоцоор цаг гаруй аялахад хаа нэг хад, цохио л таарах ба бусдаар бол дөрвөн зүг тийш цайрсан манан л харагдана. Эх газарт дөхөхөд уулсынх нь оройгоор будан хөшиглөөд, багахан хэрмийн дээр Шотландын туг намирах нь цаанаа сүртэй. Эдинбургт ч ялгаагүй, өөд уруу сүлжих гудамжуудын булан бүрт цагаан, цэнхэр хэрээс салхинд дэрвэх нь хагас сая хүрэхгүй хүнтэй энэ хот Улсын үндэсний галлерей, музей, номын сан, улс төр, эдийн засгийн төв болдгийг илтгэнэ.


Жорж хааны үеийн сүрлэг, чулуун байшингуудыг сүлжин алхах хэдэн өдөрт Харри Поттер кинонд орсон мэт үлгэрийн санагдах ч, ханан дахь бичгийг хараад хоёр зууны өмнө ч яг энэ замаар Жеймс Максвелл, Адам Фергусон нар хүн төрөлхтөнд хүргэх гайхамшигт санаагаа тунгааж явсан, эсвээс халамцсан шотланд эр шүлэг дуудаж, цуур хөгжмөө үлээж байсан болов уу гэж төсөөлөх нь “амттай”. Нэгдсэн улсын хэмжээнд Лондонгийн дараа орох жуулчдын төв, хүн амын тоогоор долоодугаарт орох том хот гэх ч Эдинбургийн хэмнэлд эрчлэх хурд үгүй. Угаас төв галлерейд дүрсэлсэн цасанд хучигдаж, гэрэл бүүдийх гудамж, үүл нөмөрч бороо зүсрэх зэврүүн энэ өдрүүдийн алинд ч тийм дэврүүн хэмнэлийг мэдрэх аргагүй. Тэгээд л тэд Альбионы арлын умардад соёл иргэншлийн ирэх хойчийг сэтгэн бодлогоширч суудаг биз дээ.  

ГЭРЭГ сэтгүүл