Гараараа "хэл" хийсэн өдрүүд
Аяллын хоёр дахь өдөр Туркийн Авша арлыг зорих боллоо. Усан онгоцны буудал хүртэл цаг гаруй автобусаар явах байв. Харин "Emos" зочид буудлын эзэд сайхан сэтгэл гарган, Эмушийн ах Мустафа усан онгоцны буудал хүргэж өглөө. Бас Авша аралд хүрэхэд туслуулахаар нутгийн өвөөтэй ч "найзлаад" авав.
Мөн л амралтын өдөр тул Стамбул хот амгалан, налайж байв. Хурдтай давхих машины цонхоор хотын үзэмж жирэлзэнэ. Дэлхийн бусад том хотуудтай адил ногоон байгууламж, цэгцтэй зохион байгуулалт нь сайхан санагдаж байв. Ер нь байгаль эхээрээ буюу мод, зүлэг, цэцэгс дүүрэн газар хаа ч байсан үзэсгэлэнтэй харагддаг. Бидний үргэлжид адалдаг Эрээн хотын төв талбайд ч бут, сөөг олныг тарьсан нь үзэмж нэмдэг шүү дээ.
Далайн эрэгт ирэхэд сэрүүн салхи угтав. Онгоц хөдлөхөд цаг гаруйн зай байсан тул орчинтой танилцаж хэсэг алхав. Мөн хүрэх газар хол тул бие засахаа ч мартсангүй. Сонирхолтой нь, мусульман шашинтнууд бие засаад угаал үйлддэг тул бие засах газарт нь цаас бус нэмэлт цорго, бас нэг савтай байх аж.
![]() |
Ингээд машинтай нь машинтайгаа, явган нь чемодантайгаа онгоцондоо суулаа. Таван цаг Мармарагийн далайгаар аялав. Хүмүүс далайн давалгааг сонсоход ядаргаа арилдаг гэлцдэг. Тэгтлээ ядраагүй ч тэр чимээ таатай хийгээд үзэхэд нүд амраад сайхан аж. Мөн алсад харагдах уулс нь ч нар жаргахтай зэрэгцэн үзэсгэлэнтэй сүндэрлэнэ.
![]() |
Сонирхогчийн камераар авсан тул сайн гарсангүй. |
Манай ганц дүүргийн хэмжээнд ч хүрэхгүй жижигхэн энэ арал ганцхан төв гудамжтай аж. Тэнд байхгүй зүйл үгүй. Зочид буудал, дэлгүүр, хоолны газар, цэнгээний газар, тоглоомын талбай, интернэт гээд далайн эрэг дагуу алхахад уйдахгүй.
Энэ үдшийн зугаалга шөнийн 2 цаг хүртэл үргэлжлэв. Хүмүүс өглөөнөөс орой хүртэл дуулж, бүжиглээд амралт ямар байдгийг үзүүлэх шиг болов. Буудалдаа ороод унтах гэтэл хөгжим хангинаад хэцүү байсан ч 3 цаг гэхэд хуулийн дагуу бүгд хөгжмөө унтраах ёстой аж. Хууль зөрчвөл манайх шиг торгуулиар эхлэх биш шууд ямар хугацаатай хорихоос эхэлдэг гэсэн. Халуун цуст 70 сая гаруй хүнийг Жандарма буюу цагдаа нар нь харин ч нэг дэглэдэг юм билээ.
Үргэлжлэл бий...
ene bichlegiig heden tsagiin uyed hiisiin?huuhduud ni niileed l zugaalj bdg yumuu?goy yen.kkkk
ReplyDelete