Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
 
         Уг нь би Истанбулд цас орохыг үзэх гэж зорьсон юм. Хэдэн жилийн өмнө Нуригийн (Nure Bilge Ceylan) кинонуудыг үзээд, түүний бүтээлд л цас орох ингэж гоё харагддаг юм уу, эсвэл Истанбулд цас орох ийм үзэсгэлэнтэй юм уу гээд найзтайгаа ярьдаг байж билээ. Дараахан нь Памукийн “Цас” романыг уншив. Шашны уламжлалтайгаа нарийн холбоотой Туркийн соёл орчин цагийн даяар ертөнцтэй хэрхэн зөрчилдөхийг эл зохиолд үзүүлэх зууртаа Кагийн нүдээр цас орохыг дүрслэх нь бүр ч уянгатай санагдаж билээ. 

Энэ мэт бодол, төсөөлөлдөө хөтлөгдөөд арванхоёрдугаар сарын дунд үед Мармара далайн зөөлөн амьсгалд газардав. Агаарын хэм арав дөнгөж шүргээд, оройдоо бороо шиврэх нь “цас, цас” гэх хүслийг минь шуудхан унтраасанд гонсойвч цэнхэртэн алсрах Истанбулын үзэмж сэтгэл дүүргэж байлаа. 

Константинополийн үүх, түүхийг сонирхохоор, эсвэл өнөө цагийн Туркийн хөгжлийн хэмнэлийг сонордохоор, эсвээс “Европын Хятадууд” болтлоо алдаршсан тэдний үйлдвэрлэлээс арилжаа эрэхээр зорьсон бол үгүй дээ, агаарын бөмбөлөгөөр зорчиж, арлын эрэгт амрахаар гээд ямар ч зорилгоор Туркт очсон хүний эхний зогсоол нь өөд, өөдөөсөө сүндэрлэх Аяа Софяа ба Султан Ахмэд мачет болно. Нэг нь католик сүмийн суурийг исламын өнгө, аясаар нэмэн урласан музей байх бол Султан Ахмэдэд одоог хүртэл мусульманчууд мөргөл үйлддэг хэвээр. Гутлаа тайлж, биеийн ил хэсгүүдээ нөмрөгөөр хучин, толгойгоо ч бүтээгээд дотогш орвол нэлэнхүй улаан хивс угтах агаад үй олон гэрлийн бүрхүүлийн завсраар Коран судрын бадгуудыг каллиграфаар бичсэн нь дурайна. Мачетийн хана, таазан дахь дүрслэлүүд, болоод гоёмсог чимэглэл бүхий гэгээвч гээд ур хийцийг сайтар ажвал уужим энэ танхимд хэр удаан саатахыг мэдэхгүй. Гадна талбай нь ч үзэсгэлэнтэй бөгөөд мөргөлийн цагийн дараахан нь жижигхэн аягатай үндэсний “чай”-гаа оочинг яриа дэлгэх Туркчуудыг эндээс харж болно. Ялангуяа, үдшээр бүрэнхий нөмөрсөн гудамжинд навчисаа гөвсөн моддын мөчир сараалжлан цэнхэр далайн өнгө хотыг тэр чигт нь хучсан мэт санагдахад алхаад л баймаар. 
 Ингэж явсаар төдөлгүй Оттоманы үеийн султанууд амьдарч асан Топкапи ордонд хүрнэ. “Эзэнт гүрний үүд”-ээр алхахад л өргөө, харшууд нээлттэй бөгөөд тэнд зэр зэвсэг, хувцас чимэглэл, соёлын дурсгал зэрэг султаны хэрэглээнд байсан бүхнийг дэлгэсэн нь Истанбулын түүхэн бүст тооцогддогийн дээр ЮНЕСКО-гоос Дэлхийн өвд “Оттоманы эриний үндсэн дурсгал” гэсэн тайлбартайгаар бүртгэсэн байна. Энд би амьдралдаа хамгийн том очир эрдэнийг үзсэндээ итгэлтэй байна. Хэзээний, хэн гэгч султан байсныг мэдэхгүй ч гарын атганд багтамгүй тэр эрдэнийн тодоос тод хурцаар гялтганахыг тойрч зогссон хүмүүс шагшиж байсан юм. Би ч бүр нэг харчихаад цааш тэсэлгүй эргэж хараад хэсэг зогссон шүү.
Өвлийн Истанбулыг хамгийн сайхнаар тольдоход энэхүү Топкапийн цэцэрлэг нэн тохиромжтой. Эрэг дагуух өндөрлөг хэсэгт нь кафе байгуулсан бөгөөд аяга цайнд гудамжинд төлдгөөс гурав дахин илүү мөнгө төлөх ч, эндээс харах үзэмж нь тэр бүр тохиохгүй. Тиймээс энд зургаа татуулж амжвал хожим зургийн цомгийн гоёмсог хэсэг болно байх.
Түлхүүрийн оосор, номын хавчуурга, ил захидлаас эхлээд Истанбулын бэлгэдэл болсон дээрх дурсгалт газраас гадна түгээмэл нэгэн зураг үргэлж таардаг нь хормой дэрвүүлэн эргэх эрчүүлийн дүр билээ. Олонтаа харсан ч, хэрэг гарган судалж байсан удаа надад лав үгүй. Тэгээд сайтар сонирхвол энэ нь “The Mevlevi Sema Ceremony нэрээр мөн л ЮНЕСКО-д бүртгэгдсэн Туркийн уламжлалт соёлын нэгэн хэсэг юм. Тэртээ 13-р зуунаас үе дамжин ирэхдээ эгэл хүмүүний төгөлдөршилд хүрэх оюун санааны аяллыг бэлгэдсэн бөгөөд персийн шүлэгч Руми гэнэтийн баясалд хүрэхдээ гараа дэлгэн эргэлдэн бүжсэнээс ёслолын үйл бий болсон гэх. Исламын үүднээс, бурхадаас “амь” авч, газарт “түгээх” тэрхүү “бадарчид” турк ардын чавхдаст хөгжим, хэнгэрэг, бишгүүр хийгээд шашны дуулалт шүлгийн хэмнэлд эргэн, эргэх аж. Хэдийгээр энэ нь исламын шашны суфист урсгалын л хэсэг боловч, өдгөө Туркийн аялал жуулчлалд чухал байр эзлэх болжээ. Тиймдээ ч ёслолыг үзэх бол эртнээс захиалах хэрэгтэй ба Топкапи ордноос холгүйхэн “Хожапаша” театрийн 550 жилийн настай түүхэн танхим эл соёлын гайхамшгийг мэдрэхэд хамгийн тохиромжтой болов уу. 
Түүхийн арвин ундаргаас гадна Истанбул хотын дүр төрхийг орчин цагийн хөгжлөөс ангид төсөөлөх аргагүй болоод буй. Эгнэн гялтганах өндөр шилэн барилгууд, барууны шошгоор дүүрэн их дэлгүүр, хотын төвөөрх гивлүүргүй, дэгжин бүсгүйчүүлтэй таарахын зэрэгцээ “Istanbul Modern гэх үлэмж байгууламжаас Туркийн урлагийн одоо цагийг Та мэдрэх боломжтой. Өмнөх үеийн уламжлал, заншилаа онцгойлон харуулсан бүтээлийн цуглуулга ба өнөө үеийн интерактив бүтээлүүд болох богино дүрс, дуу бичлэг, төрөл бүрийн инсталляци зэргээр өнгөрсөн, ирээдүйн үнэт зүйлийн ялгааг тэд үзүүлэхийг зорьсноо танилцуулгадаа тэмдэглэжээ. 
Хэрэв та Туркийн энэ үеийн уран зохиолд шимтдэг бол дараачийн зогсоол тань Орхан Памукийн “The Museum of Innocence байх нь зайлшгүй. Өнгөрсөн онд Европын тэргүүн музей гэсэн шагналаас хүртсэнээс илүүтэй Памукийн ижил нэрт романы зохиомол дүрүүдийн “үзэж, харж, эдэлж хэрэглэсэн” бүхнийг энд бодитоор толилуулсан нь, чухам уншигч миний төсөөлөлтэй хэрхэн нийцэж, эсвэл эсрэгцэж буйг үзэх нь юу юунаас илүү сонирхолтой. 
Истанбулын ахуй, соёлтой танилцахдаа энэ газруудаар заавал орохыг зөвлөхөөс гадна жуулчдын төвөөр биш хотын суурин бүсээрх жижиг буудлыг эрж очихыг захих байна. Өглөө бүр эзгүй гудамжаар уруудаж, задгай захаас шинэхэн чидун жимс, халуун талх, өрөм, зөгийн бал наймаалцаж алимны цай бэлтгэн ундаалахад мөргөлийн цагийн дуулал гэнэт сонстож эхэлбэл сая Туркт ирснийг тань мэдрүүлнэ. Мөн өргөн замын голоор эрч аван хурдлах мэтробусаар зорчиж хотын амьдралтай танилцвал төөрч, будилах нь хүртэл хожим хөгжилтэй дурсамж болж мэднэ. Гэхдээ гадаад бүсгүйчүүдийн дэргэдүүр харц чулуудалгүй өнгөрөх Турк эр ховор тул тэр бүрт найрсаг мэндчилээд өнгөрөөрэй. Харин “Grand Bazaar захаар айлчлахдаа эргэн тойрноос жинхэнэ кэбаб амтлангаа Турк, Сири, Леван хэн ч бай яриа дэлгэхэд нь “Моголистан” (Монголчуудыг тэд ийн авгайлдаг) гэдгээ хэлбэл тэд баярлан мэндчилнэ.