Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
"Үндэстний Тойм" сэтгүүл №13 (216)

   Өнгөрсөн сард Шотландын сонинд монгол эмэгтэй дауны хам шинжийг “монгол” гэж нэрлэх нь олон улсад хэвээр байгааг онцлоод, энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй тухай дэлгэрэнгүй ярьсныг харсан юм. Энэ талаарх мэдээлэл аажим “дөтөлсөөр” өнгөрөгч долоо хоногт дээрх ярилцлагын эзэн, зохиогч П.Ууганбаяр Лондон хотод “Монгол” номоо олонд танилцууллаа.

(Нээлтийн ажиллагаанаас хийсэн богино видео сурвалжлага)
    
            Мягмар гаригийн өглөө. Шүхрээ бариад бэлдсэн асуултаа нягтлан бодсоор товлосон газартаа ирлээ. Хэдэн хормын дараа улаан хүрэмтэй, жижиг биетэй, шаламгай байрын эмэгтэй орж ирэн ийш, тийш нүдээ эргэлдүүлэн харж байна. “Анх Лондонд ирэхдээ л би нүд нь эргэлдэж ярьдаг охин байлаа” хэмээн арав гаруй жилийн өмнөх дурсамжаа хуучлан яриагаа эхлэв. “Тэр үед хамт сурч байсан оюутнууд “Чи монгол гэхэд ямар ухаантай юм бэ?” гэж асуухад нь “Өө би юу ч биш, надаас ухаантай монгол хүн олон бий” гэж хариулж билээ. Түүнээс бүр хойно тэд намайг Монгол хүн биш, харин дауны хам шинжтэй хүн гэдгээр “монгол” гэж хэлснийг ойлгосон юм.”
            Үүнийг мэдэхдээ Ууганаа дөнгөж мэндэлсэн хүүгээ тэврээд эмчээс “Чиний хүүхэд монгол юм байна” гэсэн үг сонсч байжээ. Дауны хам шинжтэй төрсөн хүүгийнх нь байдлыг үндэс, угсаатай нь холбон тайлбарлахад тэрбээр гайхсан ч, тухайн үедээ хүүгээ бодоод сөхөө байгаагүй аж. Харамсалтай нь, гурван сарын дараа улбар үст Билли хүүгээ алдсан Ууганаа дурсгалыг нь мөнхжүүлэхээр блог бичиж эхэлсэн нь дауны хам шинжтэй хүмүүс, тэдний асран хамгаалагчид гээд цөөнгүй хүнд хүрч эхэлсэн байна. Тиймээс хүүдээ ном бичээд зогсохгүй “монгол” гэдэг үгийг дауны шинжтэй зэрэгцүүлэн ойлгодгийг өөрчлөхөөр шийдсэн аж.
            “Монгол гэж бахархаж, монголоороо гоёж явснаас биш гадаад ертөнцөд ирмэгцээ эмгэгтэй хүнтэй андуурагдах нь санаанд багтамгүй хэрэг” гэх түүнд номоороо монгол хүнийг хэрхэн харуулсан түүний хувьд Монгол гэж хэн бэ гэсэн асуулт тавьсан минь ихэд сүржин байсныг хариулт сонссон хойноо л ойлгов. “Номыг минь монголчууд уншвал өөрийгөө л харах мэт санагдана байх. Би өглөө эртлэн саалиндаа гардаг хөдөөний охин байгаад оюутан болж Улаанбаатарт ирж байлаа. Бүх зүйл шинэ, сонин санагдаж байхад социалист нийгэм ардчилсан хувьсгалтай золгож дахин нэг үед орсон ба орчин цагийн амьдралын төрх гээд өнөөдрийг хүртэлх тохиолдсон бүхнээ номондоо бичсэн” гэх нь түүхээс улбаатай монгол баатрын дүр, эсвэл хорвоод хосгүй ямар нэг чадвартай монгол гэхээс илүү эгэл монгол хүний төрхийг Ууганаа өөрөөрөө төлөөлүүлэн дүрсэлж гэлтэй.
            Шотландын Saraband хэвлэлийн газраас эрхэлсэн түүний номын нэг хувь дэг ёсоор Британийн номын санд  хадгалагдах юм байна. Тийм ч учраас номоо “Mongolian” биш “Mongol гэж нэрлэсэн буюу дауны шинжийн тухай “монгол” гэсэн түлхүүр үгээр хайсан тохиолдолд эрүүл, саруул Монгол хүний түүх гарч ирэх нь. “Биднийг ингэж дуудахаа зогсоо гээд гэнэт тэмцээд эхлэх нь тийм ч үр дүнтэй биш байх. Учир нь, бусдад бурууг нь шууд хэлэхэд хүн өөрийгөө хамгаалж эсэргүүцдэг зантай. Тиймээс баяр, гунигтай өдрүүдийнхээ түүхийг ном болгож, би хаанаас ирсэн, бид хэн болохоо олон нийтэд тайлбарлахыг илүүд үзсэн.”
            Одоогоор Ууганаа Их Британийн сонин, хэвлэлд ярилцлага өгч, “BBC радиод ч уригдан нэвтрүүлэгт оролцоод байна. “Саяхан Английн шог жүжигчин Рики Жервайз Твиттертээ нүдээ долийлгож, нүүрээ элдвээр хувиргаад Good morning гэхийн оронд Good Monging гэхчлэн алиалж олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Би ч тэр үед чамд монгол гэж хэн байдгийг хэлээд өгье гэж бодсон” гэх нь дайчин сонстов. Энэ зорилгынх нь үр дүн гэлтэй тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Монгол” бүтээлээрээ Шотландын тэргүүн дэд сайдаас “Scottish Asian Women Awards шагнал гардсан юм. Гэхдээ үүнийг хэнд олгодог, ямар учиртайг асуувал “За бараг л, хувь тавиланг өөрчилсөн баатарлаг эмэгтэйд өгнө гэсэн тайлбартай юм аа” гээд Ууганаа тачигнатал инээв. Ном нь шагнал авахын хэрээр олны анхааралд өртөж, тэр хэрээр монгол хүний тухай хүмүүс илүү унших нь л түүнд чухал гэдгийг тэр нэмж хэллээ.
            Хүүгээ алдсан гунигт дурсамжаа илэн, далангүй ярихаас эмээлгүй олонхын хандлагыг өөрчлөхөөр зориглосон алхмыг нь зарим хүн буруушааж, таагүй хандах хүнтэй тэр цөөнгүй таарчээ. Гэсэн ч саяхан “BBC-4” радиогоос баримтат нэвтрүүлэг хийх санал хүлээж авсандаа урамшаад дараачийн ажлаа л бодож байна гэв. “Аль 1960-аад онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад нэгэн төлөөлөгчийн санал болгосноор дауны хам шинжийг “монгол” гэж тодотгохоос татгалзсан гэдэг.” Тэрбээр нэвтрүүлгийнхээ хүрээнд энэ баримтаас эхлэн “шүүрдэж” есдүгээр сарыг хүртэл бэлдэх юм байна. Цаашлаад баримтат кино, дэлгэцийн бүтээл хийх бодол байгаа бөгөөд тэдгээр эрхээ Saraband-д өгөлгүй өөртөө хадгалжээ.
            Үүнээс өмнө, Шотландын Эдинбург, Эр, Гласгоу хотоос эхэлсэн номын нээлтээ Британь даяар, цаашлаад англи хэлтэн орнуудад хүргэхээр төлөвлөсөн аж. Ярилцлагын дараа бид Лондон дахь нээлтийн ёслол руу явлаа. Танхимд монгол, англи уншигчид цуглаж, төд удалгүй улаан дээлээр гоёсон Ууганаа орж ирж гарын үсэг зурах ажиллагаа эхлэв. Мөн “Авъяаслаг Британьчууд” шоунд оролцож буй хөөмийч Н.Бат-Эрдэнэ бүтээлээсээ хүргэж, ирсэн зочид зохиогчтой ярилцан, номын хэсгээс нь сонсон хамт гуньж бас баярлаж Кенсингтон дүүргийн номын дэлгүүрт “Монгол”-оор “амьсгалсан” нэгэн оройг үдлээ.