Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах





Үүнийг бичигч би яг нэг жилийн өмнө Лондонд сургуулиа дүүргэж, гэртээ ирэх зардлаа хуримтлуулахаар япон хоолны газарт цагаар ажиллаж байв. Тухайн үед долоо хоногтоо оюутан гэхэд боломжийн цалин авах ч, цаасан дээр бичсэн мөнгөний багагүйг нь татварт өгөх нь хайран байдагсан. Харин хэдхэн хоногийн өмнө  Их Британийн Татварын албанаас надад хаягласан хоёр захидал ирсэн бөгөөд татварын буцаан олголтыг чекээр илгээсэн байв. Миний хувьд Лондонд ажиллах хугацаандаа энэ талаар сонссоноос хэтрэхгүй бөгөөд дараа нь татвараа авна гэж бодоод ямар нэг бүртгэл хийлгэж, материал бүрдүүлсэн удаа нэгээхэн ч үгүй нь бахархах зүйл даанч биш л дээ. 


Тэгвэл манайд их, дээд сургуулийн төлбөр бэлнээр төлсөн, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, татвараа мэдүүлсэн тохиолдолд жил бүрийн эхний хоёр сард буцаан олголтоо авах боломжтой. Гэхдээ үүний тулд 12 төрлийн материал бүрдүүлэх ба иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, гэрээний хуулбар, хорооны бичиг, цалингийн тодорхойлолт зэргийг бэлдэх нь ямар ярвигтайг уншигч та андахгүй биз ээ. 


Харин өдгөө хурдацтай хөгжлөөрөө гайхагдаж “Балтийн барс” гэгдэх болсон Эстонын иргэдийн хувьд 5-7 минутанд татварын тайлангаа цахимаар мэдүүлж, буцаан олголтоо тав хоногт авчихдаг гэж “Цахим Эстон” жишиг танхимын мэргэжилтэн  Карли Сувисилд хэлсэн нь төрийн үйлчилгээ иргэддээ хэр ойр, хүртээмжтэйг илэрхийлж байлаа. Тэдний туршлагаас Японоос эхлээд Их Британи хүртэл суралцаж байгаагийн бодит үр дүнг биеэр мэдрээд байсан надад Эстонид очиж энэ бүхэн хэрхэн ажилладгийг үзэх боломж тохиолоо. 


Эстон ба Монгол


Мэдээлэл, харилцааны түүхийг бичигч зарим эрдэмтэн шуудангийн анхны хэлбэрийг Монголчууд бий болгосон гэх нь бий. Учир нь 13-р зууны үед Өгөдэй хаан морин өртөөнүүд бий болгож, тэдгээрийн хооронд улаачид мэдээлэл дамжуулдаг байсан нь мэдээллийг үр ашигтай солилцоход нэгэн хуудас нээсэн гэдэг. Харин орчин цагт мэдээлэл харилцааны технологийг нийгмийн хөгжилд тустай ашиглахын тод жишээ нь Балтийн эрэг дагуу орших Эстони улс болно. Монголчуудын хувьд 2005 оноос “Цахим Монгол” хөтөлбөрийг БНСУ, Сингапур зэрэг Азийн орнуудаас үлгэр авч хэд, хэдэн үе шаттай хэрэгжүүлсэн ч, нэгэн цагт ЗХУ-ын нөлөөнд байж 1990-ээд оны өөрчлөлтийн “салхинд” ардчилалтай золгосон гэдгээрээ Эстон улстай олон талаараа дүйнэ. Тэндхийн нэрт улс төрч Леннарт Мэри “Бидний яс үндэс дорно зүгийнх ч, бие махбодь минь баруунд оршиж байна. Заримдаа энэ хоёр тал нь биднийг өөрсдийгөө танихад төвөгтэй байдалд оруулдаг” (1976) гэж бичсэн нь дорно зүгт урбан амьдралын хэв маягийг нүүдэлчний соёлтой хоршуулан аж төрөх бидний сэтгэхүйтэй төстэй мэт. Улаанбаатарт уламжлалт гэр хороолол, “соц” үеийн барилгууд, орчин үеийн өндөр шилэн цамхагууд ээлжлэн үзэгдэх бол Эстонийн нийслэл Таллины төвд дундад зууны үеийн “Хуучин хот”-ыг тойрон өрнийн хэв загвартай барилгууд эрийж, хотын захаар манай 40 мянгат, Сансар хороолол орчмыг санагдуулам хуучны таван давхарууд зонхилно. 

 Харин биднийг метрополитан хот болохоор хог хаягдал, нийтийн тээвэртэйгээ зууралдах хооронд Таллин хот аль хэдийнэ дэлхийн топ 10-н дижитал хотын нэг болжээ. Зөвхөн нийслэл хот гэлтгүй сая гаруйхан хүн амтай Эстон улсыг өнөөдөр “Skype”-ийг нээсэн “E-Estonia буюу “Цахим Эстон” гэдгээр нь дэлхий нийт нэрлэх боллоо. Өнгөрсөн зууны төгсгөлд Финланд улс цахим засаглалын сууриа тавихыг харсан Эстончууд загварыг нь тэр дор нь туршиж, засч сайжруулсаар одоо энэ чиглэлээр тэргүүлэгч орон болсныг мэдээлэл технологиор Европдоо тэргүүлэх “Nortal” компанийн удирдлага Олег Шайковский “Бид аливаад маш сүйхээтэй ханддаг хүмүүс. Шийдвэр гаргах гэж олон дахин хэлэлцэхийн оронд түргэн хугацаанд туршиж үзээд, алдаагаа засаад явахыг илүүд үздэг” гэв.  


Цахимаар засаглахын учир 


Дэлхий даяараа тэмүүлэх болоод буй энэ хэлбэр нь энгийндээ Засгийн газрын цахим хуудаст зочилсон хэн ч и-мейл харилцаанаас гадна аливаа мэдээлэл, илтгэл, тайланд чөлөөтэй хандаж иргэд, бизнес эрхлэгчид, ажилтнуудын дунд мэдээллийн нээлттэй урсгал бий болгохыг хэлж байгаа юм. Цаашлаад технологийн хөгжил нь төрийн үйлчилгээг аль болох хүртээмжтэй, үр дүнтэй байлгахад чиглэнэ гэсэн үг. Өдгөө энэ үзүүлэлтээр тэргүүлэгч Эстон улс 1996 оноос “Tiigrihüpe” /Барын харайлт/ хөтөлбөр зарлан мэдээллийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж эхэлжээ. Үүний дүнд нийслэл Таллин хотын гудамжинд интернэтгүй булан нэгээхэн ч үгүй бөгөөд “Эстонд ойн гүнд ч та интернэтэд холбогдох боломжтой” гэж мэргэжилтэн Сувисилд хэлсэн нь ч үнэн байв.
 Тэр дундаа Засгийн газрын үйлчилгээний байгууллагууд ба сургуулиуд интернэтэд 100% холбогдсон бөгөөд энэ жилээс “цахим цэцэрлэг” системийг нэвтрүүлж байгаа аж. Хүүхэд тань хичээлдээ очсон эсэхийг дор нь мэдээлэн, авсан дүнг нь багш, сурагч, эцэг эхэд нээлттэй байдлаар хоёр цагийн дотор нийтлэх боломжтой дунд сургуулийн системээс ялгаатай нь та хүүхдийнхээ биеийн байдал, идэж байгаа хоол, тоглох тоглоомыг ч мэдэх боломжтой юм байна. Мөн цахим үнэмлэхэнд таны бүхий л мэдээллийг хадгалдаг бөгөөд түүнийг ямар байгууллагаас, хэдэн удаа шалгасныг та хянах боломжтой нь мэдээллийн удирдлагыг иргэнд өгч буйн хэлбэр юм. Цаашлаад мэдээллээ иргэд өөрөө шинэчлэн залруулах боломжтой тул төрийн байгууллага нэг оруулсан мэдээллийг тань дахин, дахин асуух эрхгүй гэж байв. Харин бидний хувьд цахим үнэмлэхээрээ ТҮЦ машинаас авсан тодорхойлолтыг минь банк хүлээн зөвшөөрөхгүй, заавал Хорооны даргын гарын үсэг нэхэх нь сахил хүртэх гээд шал дордсонтой агаар нэг мэт. 


Оршин суухын шинэ утга буюу цахим иргэншил


Эстонийн Засгийн Газар хуралдаанаа 2000 оноос “E-Cabinet” хэлбэрээр зохион байгуулах болж цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ шийдвэр гаргалтын үйл явцыг хэд дахин хурдан болгосон гэж байв. Бүх үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр кабинетийн гишүүд хэлэлцэх асуудалтай танилцаж, санал сэтгэгдэл,  түүнийг дэмжих эсэхээ интернэт сүлжээтэй л бол хаанаас ч урьдчилан мэдэгдэх боломжтой. Ингээд танхимд ирж өдөржин хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан Сайд нарын хурал одоо дундажаар хагас цаг үргэлжлэх болжээ. 


Түүнчлэн Эстонд хэн нэг даргын шийдвэрийг баталж, үүдийг нь сахин гарын үсэг авах шаардлага огт үгүй болоод 10 жил өнгөрч байна. Зөвхөн дарга нар гэлтгүй, цахим үнэмлэхтэй хэн бүхэн нууц кодоо оруулаад л баримт, бичгийг баталгаажуулах нь цаг, зав хэмнэх хийгээд эдийн засгийн тооцоо хийж үзвэл “зурж” байгаа гарын үсэг бүр нь ойролцоогоор 20 евро хэмнэж байгааг тогтоожээ. Манайхаас хүн амын тоогоороо хоёр дахин бага Эстонд өдгөө энэ хэлбэр улам боловсронгуй болж, дижитал гарын үсэг гэх ойлголт нь мобайл гарын үсэг болж шилжиж байна. Нэг ёсондоо ухаалаг гар утастай байхад цахим үнэмлэх гэлтгүй гарын үсгээ “зурж” болох бөгөөд үүнийг Эстонийн Парламентын Ерөнхийлөгч ноён Эики Нестор бидэнд тэр дор нь үзүүлж, сонирхуулав. 


Мөн өнгөрсөн онд дэлхий дахинд анхны “цахим оршин суугчийг” бүртгэсэн Эстон улс “оршин суух” гэсэн үгийн утгыг эрс өөрчлөв. Энэ нь хэдийгээр хууль ёсны иргэний эрх үүсгэж, аяллын бичиг баримт болохгүй ч, та тус улсад сурч, бизнес эрхэлж, төрийн үйлчилгээ авахыг хүсч байвал цахим үнэмлэх, цахим гарын үсгээ баталгаажуулан “Цахим Эстон”-ы иргэн болоход нээлттэй юм. Сонирхуулахад, анхны цахим оршин суугчаар Их Британийн иргэн “The Economist сэтгүүлийн нийтлэлч Эдвард Льюкас бүртгүүлсэн бөгөөд 1990 онд Литва улс тусгаар тогтнолоо зарлахад тэрбээр хамгийн анх зорчиж тус улсын “0001” дугаартай визийг тамгалуулж байжээ. 


“Эрх чөлөөт нийгмийг бий болгоё гэвэл эхлээд интернэтийг чөлөөл”


Энэ бол “Арабын хавар”-ын үеэр Египтийн хувьсгалыг цахим орчинд удирдаж байсан мэдээлэл технологийн мэргэжилтэн Ваэл Гонимын хэлсэн үг. Цахим засаглалын гол давуу тал нь мэдээллийн урсгалыг нээлттэй байлгаснаар ардчиллын тулгуур зарчим чөлөөт, ил тод байдлыг дэмждэг бөгөөд одоо Эстончууд авлигын үзүүлэлтийг бууруулсан туршлагаараа мөн л тэргүүлнэ. Улсын төсвийг хаанаас бүрдүүлж, хэрхэн зарцуулж байгааг Meieraha хуудсаар ороод харж болох бөгөөд сонгуулийн амлалтын хэрэгжилтийг хянах, орон нутгийн удирдлагуудын зарцуулалтыг сонирхох дэд хуудсууд нь хэн бүхэнд нээлттэй.

Мэдээллийг ил тод байлгаснаар авлигыг бууруулаад зогсохгүй хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ямар тустайг тэд эртнээс тооцжээ. Ядаж л цаг агаар, замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүртээмжтэй байснаар тээвэр, зуучлалын үйлчилгээ эрхлэгчид оновчтой тооцоолол хийж, үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжтой юм. Цаашлаад хотын төвд кафе нээхээс эхлээд ямар ч төрлийн ажил эрхлэхээр компань байгуулж, бүртгүүлэхэд интернэтээр 18 минут л зарцуулах нь гайхалтай. 


Түүнчлэн манайд хэдийгээр сонгогчдын саналыг электрон машинаар тоолдог ч түүнийг “будлиантуулдаг” талаарх хардалт тасардаггүй. Тэгвэл Эстонийн цахим санал хураалт хэр найдвартай болохыг асуутал Засгийн Газрын Хэвлэлийн төлөөлөгч Авэ Тамперэ энэ нь электрон төхөөрөмжид төдийгүй интернэтэд суурилдгийг надад дахин сануулав. “Иргэдийн цахим үнэмлэх хоёр давхар нууцлалтай бөгөөд эхний кодыг оруулахад өөрөө мөн эсэхийг тодруулж, хоёр дахиар нь гарын үсэг баталгаажна. Хэрэв асуудал үүсвэл хаанаас, хэзээ хандсаныг тодруулах боломжтой тул давхардуулах зэрэгт санаа зовох хэрэггүй” гэв. Мөн сонгогч бусдын шахалтад орох талтайг тооцон сонгуулийн өдөр хэдэн ч удаа саналаа өгч болохоор шийджээ. Гагцхүү хамгийн сүүлийн саналыг л тооцох бөгөөд, шийдвэрээ өөрчлөөд сүүлд нь танхимд биеэр ирж өгвөл түүнийг нь хүчинтэйд тооцдог аж. Биднийг Парламентын ордонтой танилцуулсан хөтөч “Би өглөөний цай уух зууртаа л саналаа өгчихдөг” гэхэд нь хоёр жилийн өмнө өглөө эртлэн босч, дээл хувцасаа гоёж, сайн морио унаад сонгуулийг хороог зорих монгол малчныг сурвалжилсан минь санаанд оров. Харин эстоничууд найман жилийн өмнөөс цахимаар сонгох эрхээ эдлэх болж, өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентийн сонгуульд оролцогсдын гуравны нэг нь интернэтээр саналаа өгчээ. 


Цахим нийгэмд цаас хэрэггүй


Цахимаар гарын үсгээ зураад, хүүхдүүд нь хичээлийн танхимдаа ipad хэрэглэж дадсан Эстонид үзэг, балны наймаа ашиггүй бололтой гэж хошигноход минь Таллины их сургуулийн багш эмэгтэй “Яалаа гэж дээ, гэсэн ч бид тэмдэглэл хөтлөх дуртай шүү” гэж хариулав. Сүүлийн 10 жилд дижиталаар баталгаажуулсан бүх бичиг, баримтаа цаасан хэлбэрт шилжүүлбэл телевизийн цамхагаас 14 дахин өндөр болно гэдэг тооцоог тэд гаргажээ. Тэнд ннтернэт банкны үйлчилгээг 1,8 сая хүн (хүн амын тооноос олон) ашиглан нийт гүйлгээний 99,6%-ийг цахимаар хийж байна. Хэдийгээр газар нутгийнх нь талаас илүүг ой мод эзлэх ч энэ бүхэн нь зөвхөн цаас хэмнээд зогсохгүй эрчим хүчийг оновчтой зарцуулах, агаарын бохирдол, гэрлийн бохирдол зэргээс хүрээлэн буй орчноо хамгаалах зорилготойг тодорхойлжээ. Тиймээс аливаа бизнес эрхлэгчдийг байгальд ээлтэй байхыг уриалж жил бүр энэ төрлийн санаачилгыг урамшуулан дэмждэг байна. Үүний илрэл гэлтэй бидний уулзсан “Nortal компанийн удирдлагуудын нэрийн хуудасны ард мэдээлэл дамжуулах QR code хэвлэсэн бөгөөд “Кодыг уншуулаад цаасыг дахин боловсруулна уу. Цахим нийгэмд цаас хэрэггүй” гэж бичжээ. 


Эстончууд ЗХУ-ын харьяанд байхдаа анхны тооцоолон бодох машинаас эхлээд 1960, 1970-аад оны барууны технологийн хөгжлөөс хоцорсон байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч 1991 онд тусгаар тогтнолоо зарлаж, Засгийн Газрыг 30 нас шүргэсэн залуу сайдууд бүрдүүлэх болов. Хөгшин Европын “бүүдгэр” орон болохгүйн тулд тэд оюун санаандаа үргэлж шинийг санаачлагч сэтгэлгээг бий болгож гарааны бизнесийг дэмжих старт-ап улс болоход анхаарлаа хандуулжээ. Ингэснээр тэд шинэ бүхэнд зогсолтгүй урагшилж, түүний суурь болсон урьдчилсан тооцоог маш сайн гаргаж байв. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог цахимжуулахдаа системчлэл, нууцлал, гүйлгээний болон хуулийн орчин гээд бүгдийг шийдсэнээр үндсэн ажил эхэлж байв. Энэ утгаараа нэг л өдөр цахим засаглалын бүрэн шийдэлтэй болох гэсэн улсуудад Эстоны загвар бүх замыг нь бэлдэж өгсөн, гайхамшигт жишээ болж байгаа нь гарцаагүй.

Түүнчлэн тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-2 хувьтай тэнцэх дүнг мэдээлэл, технологийн хөгжилд хуримтлуулж ирсэн бөгөөд төрийн эрх баригчид солигдсон ч тухайн бодлогыг өөрчлөлгүй хадгалсан нь өнөөдрийн амжилтын эх болсныг бизнес эрхлэгчид чөлөөт ярилцлагын үеэр дурьдаж байв. Нэг ёсондоо урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тогтвортой бодлого маш чухлыг сануулж буй хэрэг. Засгийн Газар, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд дундажаар 4-5 жил болдгийг зарим бизнес эрхлэгч хэлсэн ба биднийг Монгол Улсын иргэний цахим үнэмлэхээ үзүүлэхэд “Та бүхэн ажлынхаа талыг хийсэн байна. Одоо дижитал орон болоход хоёр жил л шаардлагатай” гэсэн энгийн тооцоог санал болгож байсан юм. Ялангуяа, өрхийн компьютерийн хэрэглээ хангалттай биш ч, гар утасны хэрэглээгээр өндөрт тооцогдох манай орны хувьд “цахим үнэмлэх, гарын үсэг”-ийг алгасч мобайл ирээдүйд тэмүүлэх хэрэгтэйг тэд нөхөрсөгөөр зөвлөж байсан юм.




Эстонийн иргэдийн авдаг зарим цахим үйлчилгээнээс: 


Олон нийтийн үйлчилгээг интернэт суурилснаар нь “е”, ухаалаг гар утсанд суурилснаар нь “м” гэж ангилах болжээ


E-PoliceЦагдаагийн машинууд электрон төхөөрөмж, интернэт холболттой бөгөөд автомашин зогсоож, жолооны үнэмлэх шалгалгүйгээр автомашины дугаараар бүх мэдээллийг нь шалгах боломжтой. 

E-KoolЭцэг эх, багш, сурагчийг холбосон энэ системд хүүхдийн тань ирц, дүнгийн мэдээлэл, даалгавар, сургуультай холбоотой бусад мэдээлэл бий. Эстони даяар дунд сургуулиудын 80% нь энэ системд холбогдсон бөгөөд сүүлийн жилүүдэд төрийн байгууллагад шалгалт өгвөл дүнг нь мессежээр илгээдэг болжээ.

iPatsientИргэдийн эрүүүл мэндийн түүхийг энд хадгалж, шинэчилж байдаг. Эмчид үзүүлж, шинэчлэл хийсний дараа эмийн санд цахим үнэмлэхээ уншуулаад жорын дагуу үйлчлүүлж болно.

ID piletЭстоны иргэд энэ эппликейшнд хандаж бүх төрлийн тасалбараа захиалан худалдан авдаг аж. Цаасан тасалбар авалгүй, эндээ бүртгэл, дугаараа хадгалаад нэвтэрнэ.

M parkingУг системийн тусламжтайгаар автомашины зогсоол байгаа эсэхийг гар утсаараа шалгаж, хаана байгааг ч заалгаад авч болно. Төлбөрийн нэхэмжлэх нь мөн цахимаар ирдэг.
 Өнгөрсөн зун “Jet” англи хэлний сургалтын төвд гадаадад суралцахыг хүсэгч оюутнуудтай жижигхэн уулзалт хийж, тэтгэлгээр гадаадад суралцсан тухайгаа ярилцсан юм. Эхлээд энэ тухай заавар, зөвлөмж интернэтээр нэг байгаа тул миний яриа сонин биш байх болов уу гээд хэд хэд хойшлуулав. Харин зориглоод очтол ирсэн хүмүүс маш олон зүйл асууж, бид нээлттэй сайхан ярилцаж хэдэн цагийг өнгөрүүлсэн юм. Бас оюутнууд маань ч энэ тухай асуух нь их байдаг тул блогтоо өөрийнхөө багахан туршлагаас орууллаа.

Англид суралцах нь миний багаасаа л бодож, тэмүүлж ирсэн зүйл байсан юм. Яг хэзээ, яагаад ийм санаа төрснийг мэдэхгүй ч, оюутан болохдоо л Монголд бакалаврын зэрэгт суралцаад дараа нь Англи явна гэсэн холын бодол тээчихсэн байв. Харин их сургууль төгсөх үед сургуульдаа үлдэж ажиллах завшаан тохиосон нь сэтгүүл зүйн салбараа залуу судлаачийн үүднээс шинжлэх ухаанчаар харж, ойлгохын зэрэгцээ амралт, чөлөөгөөрөө сэтгүүлчийн ажлаа хийж бага ч атугай туршлага нэмэх боломж олгосон хоёр жил байсан юм. Энэ хооронд угаас сонирхолтой байсан онлайн сэтгүүл зүйн чиглэлээр уншиж, судлаад Монгол дахь гадны сэтгүүлчид болон олон улсын агентлагийн мультимедиа сурвалжлагчидтай ажиллаж хүмүүсийн хэлдгээр онол, дадлагыг хэрэндээ л хийсэн нь магистрт суралцах маш том бэлтгэл болсон. 
Хэлний шалгалт
Ингээд 2012 оны есдүгээр сараас ерөнхийдөө бэлдэж эхэлсэн гэж болно. Монгол Улсын Засгийн Газраас дэлхийн шилдэг 300 их сургуулийн нэгд тэнцсэн тохиолдолд тэтгэлэг олгодгийг мэдээд тухайн жагсаалтаас эхлээд зөвхөн Их Британид байдаг сургуулиудыг шүүж, дараа нь Лондонд байдгийг нь харж судалсан юм. Шаардлага нь хэлний мэдлэг, судалгааны ажлын байдал, туршлага гэхчлэн ерөнхийдөө ижил. Эндээс хамгийн түрүүнд IELTS шалгалт өгөх шаардлагатайг хараад, дунд сургуульд сурсан мэдлэгтээ итгэн арванхоёрдугаар сард шуудхан шийдээд өгтөл унших, сонсох, ярих хэсэгтээ 7.0 авсан ч бичих хэсэгтээ олигтой авсангүй. Гэхдээ дундаж нь нэгэнт 6.5 гэсэн Английн их сургуульд магистрт суралцах босгыг давахуйц байсан тул өргөдлөө бэлдэж эхлэв. 
Тодорхойлох захидал
Үүнийг багш, ажлын газраасаа авдгийг хүн бүр мэднэ байх. Магистрын зэрэг горилоход мэдээж судалгааны ажил хийх шаардлагатай байдаг тул тухайн чадвараа илтгэсэн тодорхойлолт багшаасаа авах хэрэгтэй байдаг. Монголд бол багш нар дийлэнхдээ өөрөө бичээд ир, харж байгаад гарын үсэг зураад өгье гэдэг тул өөрөө өөрийгөө тодорхойлох болдог. Хүмүүсийг харахад өөрийгөө яаж магтахав дээ, яанаа гэдэг ч, энэ бол магтаалын хуудас биш харин давуу талаа л харуулах, бодит тодорхойлолт гэдгийг маш сайн анхаараасай гэж боддог юм. Өөрийгөө мундаг, “лаг” гэхдээ биш яагаад мундаг юм, яагаад судалгаа хийж чадна гэж, урьд нь энэ чиглэлийг сонирхож байсан эсэх зэргээ хэлээд аан, энэ хүн чадах юм байна гэж бодтол нь бэлдэх хэрэгтэй. Ажлын газрын тодорхойлолтод бол хариуцлагатай, олон нийтийн ажилд идэвх, зүтгэлтэй, хэр удаан, юу хийсэн зэргээр өмнөх нөгөө тодорхойлолтод нэмэлт мэдээлэл өгөхүйц, давтагдаагүй талуудаа харуулах нь зүйтэй юм билээ. Ерөнхийдөө тодорхойлолт бичихдээ хоосон тэмдэг нэрээс зайлсхийж, аль болох бодит үр дүнтэй зүйлс хэлэх нь гол болов уу. 
Зорилго тодорхойлсон эсээ
Миний хувьд энэ эсээг анх бичихдээ тааруу байснаас эхний сургуулиасаа тэнцэхгүй хариу авсан юм. Сэтгүүл зүй дотроо “Global Media” гэсэн хөтөлбөр сонгож бичихдээ өөрийнхөө туршлага, мультимедиа сэтгүүлчээр ажиллах сонирхол зэргээ голчлон бичсэн байтал сургуулиас “Энэ анги нь онолын сургалт давамгайлсан тул, чам шиг практик сэтгүүл зүйд сонирхолтой хүнд тохиромжгүй” гэсэн хариу ирэв. Эндээс би сонгосон хөтөлбөрөө маш сайн судлах шаардлагатайг ойлгосон юм. Гадны их сургуулиудад Communication and Media гэсэн ерөнхий чиглэлтэй дотроо Communication, Global Media, Business Journalism, Digital Journalism гээд үй олон хөтөлбөр санал болгодог ба вэб хуудсаар нь ороход л ямар, ямар хичээл үзэх, тухайн хөтөлбөрийг судалснаар ямар ажил хийх боломжтой гээд бүх мэдээллийг нь харж болдог. Тиймээс миний хувьд яг Journalism эсвэл Digital Journalism гэсэн хөтөлбөрүүд өмнөх судалгаа, дадлагад минь ойр байсан тул тэр хөтөлбөрт суралцах чадвараа тодруулж, сонирхол, мөрөөдлөө дэлгэрэнгүй илэрхийлж бичсэн юм. 
Хариу ирэх
Дээрх үндсэн бэлтгэлээ хангаад бусад бэлэн бичиг баримтаа эмхэтгэж гуравдугаар сараас  University of Warwick, University of Westminster, Birkbeck, Goldsmiths, University of London гэхчлэн дэлхийд тэргүүлэгч Оксфорд, Кэмбрижтэй дүйхгүй ч тэдний араас эрэмбэлэгдэх хэдэн сургууль руу материалаа илгээв. Анхнаасаа л баялаг түүх, өнө эртний нэр хүндээс илүү орчин цагийн имижтэй, арай “ойр” гэхдээ бас дэлхийн шилдгүүдийн жагсаалтад багтчихдаг сургууль сонгохыг хичээсэн минь энэ. Английн сургуулиудын бүртгэл харьцангуй урт бараг дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг тул эхний шатны хариу ирэх нь тэр хэрээр удаан, миний хувьд ч санаа, сэтгэл тогтворгүй хэдэн сарыг үдсэн дээ. Ингээд дээр дурьдсанчлан хөтөлбөрөө буруу сонгосноос Warwick-д элсэх боломжгүй болж бусдаас нь ярилцлагад орох хуваарь илгээсэн байв. 
Ярилцлага
Сургуулиудын зарим нь утсаар, зарим нь Skype-аар гэхчлэн холбогдов. Эхлээд Goldsmiths, University of London-оос настай профессор гэртээ суучихсан Skype-даж мультимедиа сэтгүүлчээр ажиллах гэсэн сонирхлыг минь дэлгэрэнгүй асууснаас гадна монгол дахь хэвлэл, мэдээллийн орчны тухай маш их яриулж билээ. Дундуур нь гэрт нь шууданч ирж, манай профессор захиагаа шалгасан шигээ бид хоёр хагас цаг илүүтэй ярилцсан нь дурсамжтай. Харин Westminster, Birkbeck-ээс утсаар холбогдож яагаад Англид суралцахыг хүссэн, тэндэхийн медиагаас юу сурмаар байгаа, ямар хэвлэл уншдаг гээд олон зүйлийг шуудхан асууж байв. Азаар ч тэрүү, миний сонсох дуртай, киног нь үзэх дуртай уран бүтээлчид англи гаралтай байсан нь соёлыг нь танихад нөлөөлсөн бөгөөд The Guardian, BBC гээд гадаад мэдээлэл авдаг сувгууд маань мөн л тэндэхийнх байсан тул дээрх асуултуудад би хамаг үнэнээрээ, чадлаараа хариулж дөнгөв. 
Эцсийн хариу
Ингээд тавдугаар сарын сүүлч гэхэд би дээрх сургуулиудад тэнцсэн ч, Conditional Offer буюу тодорхой нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд элсэх урилга авсан байв. Тэр нь нөгөө аль арванхоёрдугаар сард авсан IELTS-ийн онооны бичгийн дүнгээс болж хичээл эхлэхийн өмнөх 3 долоо хоног хэлний сургалтанд суух шаардлага байв. Хууль, сэтгүүл зүйн ангид элсэх төрөлх ангил хэлгүй хүмүүсээс IELTS-ийн бичгийн 7.0 оноо шаарддаг нь тэр. Харин би тэр зун Засгийн Газрын тэтгэлэгт материалаа өгөх төлөвлөгөөтэй байсан тул хариу авсандаа баярлахтай зэрэгцэн багагүй айдас төрж байв. Ингээд сургууль руугаа яаралтай и-мейл бичиж IELTS дахин өгч, бичгийн оноогоо дээшлүүлье гэхэд тэд уриалгахан зөвшөөрч долдугаар сарын 1-н гэхэд бэлэн болгохыг “үүрэгдсэний” дагуу би тухайн нөхцөлийг биелүүлсэн удаатай. 
Тэтгэлэг авах
Ингээд сургуулиасаа тэнцсэн урилга авсны дараа Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлэг зарлагдахад урилга болон бусад материалаа бүртгүүлж эхний шатанд тэнцсэнээр дараачийн шатны ярилцлагад орох болов. Тэр үед би энэтхэг найзтайгаа хамт ТВ нэвтрүүлэг хийж таарсан бөгөөд өдөр зурганд явж байтал хэдхэн цагийн дараа ярилцлагатай тухай утасдаж хэлэхэд нь пүүзтэй гүйж явсан би камер, микрофон битгий хэл нэвтрүүлгийн зочноо хүртэл үлдээгээд хамаг байдгаараа яарч хувцасаа солиод очиж билээ. Тэнд бол би Монгол Улсад ямар хэрэгтэй хүн болохоо хамаг чадлаараа л илэрхийлэх ёстой байв, хэхэ. Сургуульд илгээх тодорхойлтдоо ерөнхийдөө өөрийнхөө давуу талыг нэгэнт биччихсэн тул, түүнийгээ дэлгэрэнгүй бас эх хэлээрээ харилцагчдаа ярих нь магадгүй арай дээр байсан ч байж болох. Ингээд 2, 3 хоногийн дараа МУИС-ийн төв байрны хананд ярилцлаганд орсон хүмүүсийг оноогоор нь жагсаасан байснаас би нэрээ дундаас нь дээш уншиж хайтал нэг л олддоггүй, дотроо айгаад дахин дээш гүйлгэсээр байтал 4. Ж.Хулан гэхэд нь өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодроод, хэсэгтээ л арилахгүй, хагартлаа баярлаж билээ. 


Сургуульдаа явах
Хэдийгээр Лондонгийн их сургуулийн Goldsmiths коллежид Сэтгүүл зүй, Компьютерийн тэнхмийн хамтарсан Digital Journalism-ийн ангид тэнцэж явахаар шийдээд байсан ч Засгийн Газрын тэтгэлгийн хэмжээ тухайн хөтөлбөрийн сургалтын төлбөрийн 70%-д л хүрэхүйц байсан тул Лондонгийн их сургуулийн Birkbeck коллежийн Сэтгүүл зүйн ангид 2013 оны есдүгээр сард данстай болов. Нэг ёсондоо Лондонд эхний хичээлдээ суух хүртэл анх шийдэж, “хөдөлж эхэлснээс” хойш яг нэг жилийг зарцуулсан байв. Ямар ч гэсэн хүн бодсон зүйлдээ үнэн голоосоо хичээвэл болдог юм байна гэдгийг тэгэхэд би мэдэрч “тэмүүлэх” гэдэг үгэнд их дуртай болж билээ. Хүн аливааг хүсэх нь ямар нэг үйлдэл хийлгүй хий хүсээд байхын нэр мэт, харин оюун санаа ямар нэг зүйлд тэмүүлсэн л бол өөрийн мэдэлгүй хийж буй алхам бүр түүнд чиглэдэг шиг санагдсан нь тэр. Тийм болохоор хүний мөрөөдөл, хүсэл хязгааргүй хойно одоо би юуг хүсэх, юунд тэмүүлэх вэ гэдгээ зааглаж ялгах дуртай болсон.  
Лондонд суралцсан өдрүүд
Азаар Лондонд миний дотны хоёр найз хэдэн сарын өмнө сургуульдаа оччихсон тул би онгоцноос буухдаа л нийтийн тээврийн карттай, оройдоо гар утасны дугаартай болсон байв. Үүрээр ер бусын бүүдгэр орчин, зогсолтгүй орох намрын бороотой өдрүүд угтаж тэр завсраар мөрөөдөж ирсэн хоттойгоо танилцах аялал маань эргэж ирэн иртэл үргэлжилсэн дээ. Цахимаар л уншдаг байсан The Guardian сониноо сургууль дээрээ гарчиглаж, BBC-д ажилладаг ангийнхаа оюутны видео даалгаварт туслангаа оффисоор нь хэдэнтээ аялж, зурагтаар л хардаг байсан BBC-гийн төв байранд нүдээ эргэлдүүлэн алхаж явсан нь дурсамжтай. Мөн ангидаа англи төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн медиа компаниудын үйл ажиллагаа, жишгийг хэлэлцэж, Al Jazeera-гийн “Listening Post нэвтрүүлгийн сэтгүүлч, “Buzzfeed”-ийн эрхлэгчийн лекцэнд суун, судалгааны ажлаа глобаль түвшинд хийдэг эрдэмтдээс үгийг нь сонсох нь асуудлыг өргөн хүрээнд хардаг болох замыг нээсэнд баярладаг. Ер нь Лондон мэтийн том хотод сурч, амьдрах нь маш “diverse буюу олон талын соёлт орчин бүрдүүлдгийг нь одоо үгүйлдэг юм. Өдөр бүр, алхам тутамдаа өөр орны хэн нэгэнтэй таарч, аз таарвал элдвийг хөөрөлдөж, түүхийг нь сонсох надад хамгийн сайхан санагддаг байлаа. Багаасаа элдэв бусын дуу хуур, соёл заншилд дуртай байсныг хэлэх үү бразил найзаасаа юунд ч дарагддаггүй өөдрөг занг нь биширч, италь нөхдөөсөө сэтгэл хөдлөм халуун сэтгэлийг нь харж, хамт ажилладаг ливан охиноос дундад азийн хоолтой танилцаад франц найзуудаасаа хэл, соёлд нь дурлаж амжилт олоогүй ч бүр сурах оролдлого хүртэл хийж үзэв. Ингээд бодохоор гадаадад сурна гэдэг зөвхөн толгойдоо эрдэм хийхээс гадна бие хүний хувьд цоо шинэ харах өнцгийг нээж, өнгөрүүлж байгаа өдөр хоногуудаа улам баялаг болгохын нэр юм уу даа. 
Хэрхэн сурснаас илүү, сурахаар явах хүртэл ямар зам туулсныг хүмүүс их асуудаг тул болохоороо л дэлгэрэнгүй бичлээ. Харин очсоноос хойшхи өдрүүдийн тэмдэглэлүүд энэ блогт минь цөөн ч гэсэн бий. 
Сэтгүүлчдийг хэвлэн нийтэлсний төлөө заналхийлэх, айлган сүрдүүлэх зэрэг олон янзаар дарамтлах нь түгээмэл. Хэдэн жилийн өмнө Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс явуулсан судалгаагаар энэ төрлийн дарамт нь эмэгтэй сэтгүүлчдэд илүүтэй тохиолддог ба, тэр дундаа тэдний гэр бүл, ойр дотнын хүмүүстэй холбоотой дарамт үзүүлэхэд хөндөж байсан сэдэв, асуудлаасаа хөндийрөх нь бий гэсэн дүгнэлт гарч байв.
Харин өнгөрсөн сард Twitter-т онлайн орчинд эмэгтэй сэтгүүлчдэд учирдаг дарамт, сүрдүүлгийн тухай хэлэлцүүлэг явагдсан бол өнөөдөр энэ тухай мэдээлэл The Guardian сонинд нийтлэгджээ.
Эмэгтэй сэтгүүлч, блогчдыг сүүлийн үед цахимаар дарамтлах, амь насанд нь халдана гэж сүрдүүлэх, хүчирхийлэх байдал түгээмэл болсныг хэлэлцүүлгийн удирдагч, “Organisation for Security and Co-operation in Europe”-ийн тэргүүн Dunja Mijatović бичжээ.
Хэдийгээр эрэгтэй сэтгүүлчдийг ч ялгаагүй үг хэлээр доромжилж, цахимаар сүрдүүлдэг боловч эмэгтэйчүүд рүү хүйсээр хамаатуулан илүүтэй “дайрдаг” болох нь тогтоогджээ.
Mijatović-ийн дэвшүүлсэнчлэн хүн тэсвэрлэхэд бэрх хичнээн сэтгэгдэл, шүүмжлэл, заналхийлэл хүлээн авснаар энэ нь хэвийн хэмжээнээс ихэд тооцогдох вэ?
Тухайлбал, эмэгтэй сэтгүүлчдийн утасны дугаарыг секс вэб хуудсанд байршуулах, и-мейл болон бусад хэрэглээний хуудсуудыг нь хакдах төдийгүй Skype-аар амь насанд нь халдана гэсэн сүрдүүлэг ч ирдэг байна. Цаашлаад өөрт нь төдийгүй гэр бүлд нь хандсан байдал илт байгааг дурьджээ.
Гэхдээ энэ бол ердөө цөөн жишээ бөгөөд UNESCO-гийн захирал Ирина Бокова үүнийг “давхар цохилт” буюу сэтгүүлч бас эмэгтэй байсныхаа төлөө ингэж доромжлуулж байна гэж тодорхойлсон байна.
Dunja Mijatović-ийн хэлснээр энэ мэт зүйлс нь эмэгтэй сэтгүүлчид сурвалжлах, хөндөх сэдвийнхээ тухай дахин нэг бодоход хүргэдэг гэжээ. Өргөн утгаараа энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдал ба нийгмийн эрүүл оршихуйд аюул авчирч байгаа юм.Тиймээс Засгийн Газрууд хүйсэд суурилсан энэ мэт хандлагаас сэтгүүлчдийг хамгаалах тухайд анхаарахыг санал болгожээ. “Хууль, эрх зүйн байгууллагууд энэ асуудалд нухацтай хандаж цахим заналхийлэл, халдлагын эрэн сурвалжлах, илрүүлэх ажлыг үр дүнтэй болгох шаардлагатай” гэв.
Есдүгээр сарын 17-нд “Organisation for Security and Co-operation in Europe” нь “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тулгарч буй шинэ сорилт: Эмэгтэй сэтгүүлчдийг цахимаар доромжлохын эсрэг” хурал зохион байгуулах юм байна.
Үйл ажиллагааг osce.org. хуудсаар шууд үзэж болно.
Өдгөө Лондонгийн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхмийн судлаач болсон Патрик Иссинтон эрдмийн замд хэрхэн орсноо хуваалцсаныг хөрвүүллээ. 
Жил бүр оюутнуудын сурлагын дүн гарах, эсвэл элсэлтийн үе ирэхэд эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийн зээлийг үр дүнтэй эсэхэд эргэлзэх бодол төрдөг байх. Мэдээж энэ бол зайлшгүй бодох ёстой зүйл л дээ. Харин миний хувьд их сургуулийн төлбөрийн ач холбогдлын талаарх хэлэлцүүлэг өөрийн туршлагаараа жишээлж оролцохыг хүсч байна.

Гэхдээ миний түүх “А” үнэлгээнээс хол тэртээд, их сургуульд элсэх тухай бодол ой ухаанаас минь ангид тэр мөчөөс эхэлнэ л дээ. Сургуулиа төгсөхөд нөхцөл байдал ийм л байсан тул би “өөртөө тохирох” олон ажил хийж үзэв. Удалгүй, арваннэгдүгээр сарын нэгэн өглөө Портобэлло гудамж дахь худалдааны мухлагаа янзалж зогсохдоо энэ үнэхээр миний урт хугацааны, насан туршийн ажил мөн үү гэдгийг өөрөөсөө асуусан юм. Тэр чигээрээ байвал ирээдүйд би хэн болох тухай төсөөлөл ч авч чадахгүй, ердөө нэг худалдагч эр байсаар дуусах гунигт зам харагдах шиг болсон тул их сургуульд орох боломж эрье гэж шийдэв. Ингээд сэтгэл судлалын чиглэлд сонирхолтой байсан тул байж болох бүх л газарт бүртгүүлж эхлэв. Нэг мэдэхэд Лондон даяарх Сэтгэл судлалын бүх тэнхимд материалаа явуулжээ. Яахав, 29 настай, амьдралын туршлагатай эр дөнгөж төгссөн бөөн “А” цуглуулсан залуусаас арай сонирхолтой байх болов уу гээд өөртөө урам өгч байв. Ингээд бурхан намайг ивээж зөвхөн Вэстминстэрийн их сургууль нэмэлт элсэлтээр намайг авах болсон юм. Магадгүй би өөрөө ч мэдээгүй байсан, миний доторх ямар нэг чадварыг тэд түрүүлж харсан байх.

Өнөө цагт их сургуулиуд хөтөлбөрийн “хувьсах” сургалт гэж их ярих болсон нь, миний хувьд жинхэнэ утгаараа биелсэн гэж болно. Асар хурдтай мэдээллийн энэ нийгэмд би гайхалтай заах арга, өргөн хүрээний судалгааны орчинд суралцсан юм. Ер нь дунд сургуулиа олигтой дүүргэлгүй, сургуулиа хаясан над шиг нөхдүүдэд их сургуулиуд энэ мэт боломж өгөх нь маш их тустай юм л даа. Би хичээлдээ явахдаа метронд суугаад “Орой энэ замаар буцахдаа одоо төсөөлж чадамгүй, тийм их зүйлийн тухай дуулж, сонсоод ирнэ дээ” гэж бахархан боддог байснаа санадаг юм.

Би тэр үед мундаг судлаачдаас бид хүмүүсийн царай төрхийг хэрхэн унших, стресстсэн үед бие, физиологид ямар өөрчлөлт гардаг, хөгжим сонсоод яагаад бидний хүзүүний үс босох шиг болдог вэ гэхчлэн гайхалтай асуултуудын хариултуудыг авч байв. Энэ мэт “нээлтүүд” надад өдрөөс өдөрт тохиолдож байлаа. Гайхалтай гэдэг үг магадгүй хэтэрхий улиг болсон санагдах ч, Вэстминстэрт олж авсан зүйлсээ үүнээс өөрөөр юу гэж нэрлэхээ мэдэхгүй нь. Би эргэн тойрны хүмүүс, тэдний санал санаачилгыг гайхан бахадсаар таарч байв.

Гэхдээ бас заримдаа юу уншаад, судлаад байгаагаа ойлгохгүй, ер нь яахаараа би ингэж тархиа зовоох ёстой вэ гэх бодол орж ирэх үе байсаан. Харин анзаарвал бага, багаар аливааг бодох, эргэцүүлэх хэлбэр маань өөрчлөгдөж байгааг мэдэрсэн юм. Би аливаа мэдлэг, мэдээллээс ул сууртай үндэслэл, санааны гол хэсэг зэргийг эрж хайх болж хүний тархины бүтцийн талаар, хүмүүс нийгэмд хэрхэн аж төрдөг зэрэг олон зүйлийн тухай их сургуулиас сурсан. Бас лабораторид өөрийн биеэр ажиллаж, архи уусан үед хүний биед ямар өөрчлөлт гардаг тухай бяцхан судалгаа хийсэн нь сайхан дурсамж болжээ. Үүгээр зогсохгүй ичих зүйлгүйгээр сургуулийн сонинд жижигхэн нийтлэл бичсэнээр сонирхолтой хүмүүстэй уулзаж ярилцахаас гадна энд, тэнд тоглолт үзэхээр үнэгүй орчихдог байв.

Амьдралдаа анх удаа, би хичээл, сургуульдаа хариуцлагатай хандаж бүх шалгалтаа амжилттай дуусгалаа. Ингээд 1995 оны нарлаг өдөр Лондонгийн нэгэн байшингийн шатаар дүнгээ сонсохоор өгссөн юм. Тэр мөч үнэхээр сайхан байсан, би эрдэм сураад бас дэлхийн хаана ч надад мэддэг зүйл бий гэдгээ батлан харуулах жижигхэн цаас өвөртлөв. Их сургуульд суралцсан үе минь надад BBC-д ажиллах эсвэл Британийн Антарктид Судлалын Төвд ажиллах боломж бийг харуулсан ч, би их сургуулийн орчинд үлдэхээр шийдэв. Мэдээж эрдмийн зэрэгтэй болсноор CV минь баяжсан ч, их сургуульд нүдийг минь нээж, тархийг минь хөгжүүлсэн тул би маш их баяртай байсан юм.

Тэгэхээр хэрэв та их сургуулийн тухай бодож байвал би үүнийг л хэлэх байна. Аль ч утгаараа энэ тийм ч амар даваа биш. Гэхдээ хичээх л юм бол, үр дүн нь хэзээд чиний төсөөлж чадахаас ч илүү гэдгийг санах хэрэгтэй. Бас гайхамшигтай. 
Орой бүрийн мэдээгээр Ойрхи Дорнодтой холбоотой үймээний тухай үзэж, сонссоор Дундад Азийн талаарх бодит мэдээлэл биднээс холджээ. Харин сүүлийн жилүүдэд Итали, Франц, Их Британи гээд барууны орнуудад Дундад Азийн уран бүтээлчид харьцангуй танигдан нэрд гарч улс орноо төлөөлөх болоод буй. Түүнчлэн үндэсний урлагийн уламжлалаа толилуулахын хажуугаар улс орныхоо зөрчилтэй асуудлууд, эрх тэгш байдлын тухай дуулах тэднийг дэлхий дахин чих тавин сонирхож байна.

“Mashrou’ Leila” хамтлаг
Дундад Азийн Парис гэгддэг Ливаны нийслэл Бейрут хотоос гаралтай энэ хамтлаг эх орондоо хамгийн их маргаан дагуулдаг ч, олон улсад хамгийн их танигдаад байна. Арабын ертөнцөд үл тэвчим гэдгийг огт тоолгүй ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарлах гоцлол дуучин нь Ливаны нийгэм, улс төрийн талаар шүүмжилсэн дуунууд зохиож Араб-попын уламжлалт ойлголтыг эрс өөрчилж буй. Тухайлбал, “Shim El Yasmine (“Жасминыг үнэрлэхүй”) дуундаа ижил хүйстнүүдийн харилцааны тухай өгүүлэх бол “Lil Watan (“Эх нутаг”) дуундаа улс төрийн амьдралын талаар зоригтойгоор дуулжээ. Гэхдээ энэ нь бусдын анхаарлыг татах гэсэн оролдлого ерөөс биш бөгөөд гагцхүү тэдний үеийнхэнд ямар асуудал тулгарч байна, түүнийг л дуулдаг хэмээн гоцлол дуучин Хамед Синно тайлбарласан байна.
Долоон жилийн өмнө Бейрут хотод болдог үдэшлэгийн үеэр танилцаж нэгдсэн залуус хамтлагтаа нэг хоногийн төсөл гэсэн утгатай “Mashrou’ Leila гэсэн нэр өгсөн аж. Амьд хөгжмийг, хийлийн уянгаар “чимэглэсэн” тэдний бүтээлийг инди-рок урсгалд хамаатуулж болох хийгээд заримдаа “Arctic Monkeys, “the Strokes”, “Radiohead” хамтлагийг санагдуулна. Тэд хамгийн сүүлийн “Raasuk” цомгоо Монреал дахь студид бичүүлсэн бөгөөд тэнд урьд нь “Arcade Fire хамтлаг бичлэгт ордог байжээ. Бейрут хотын хэмнэл тийнхүү барууны амьд хөгжимтэй уусахын зэрэгцээ Хаиг Папазианы хийлийн тоглолт онцгойрон сонсогдох нь “Mashrou’ Leila”-г шуудхан танихад хөтөлнө.
Эргэн санахад хамтлагийн эхэн үеийн дуунуудад Хамед Синногийн хоолой чанга яригчтай мэт сонсогддог ба энэ нь тухайн үед Арабын орнуудад өрнөж байсан бослого, цуглааныг илэрхийлсэн аж. Энэ хэвээр туурвиж байсан хурц, шүүмжлэлт бүтээлээсээ болоод хамтлагийнхан сүүлийн цомогтоо ивээн тэтгэгч олж чадаагүй ба Дундад Азийн студиудын тодорхой цензурын улмаас “Mashrou’ Leila гадаадад дуугаа бичүүлэх болсон билээ. Тиймээс олон нийтийг хамарсан хөрөнгө босгох аян өрнүүлснээр “Raasuk цомог сонсогчдын гарт хүрсэн гэдэг.

El Morabba3” хамтлаг
Иорданы уламжлалт үндэсний хөгжим баялаг түүхийг агуулахын зэрэгцээ орчин үед олон услад алдартай ДиЖей, поп одод эндээс “төрөх” болоод байна. Үүнээс гадна, сүүлийн хэдэн жилд альтернатив, амьд хөгжим эрчээ авч олон улсын наадмуудад өндрөөр үнэлэгдэх болсноос “El Morabba3” хамтлаг пост-рок урсгалын гол төлөөлөгчөөр нэрлэгдэнэ. Үеэл ах, дүүс гишүүдтэй тэд нийслэл Амман хотоос гаралтай бөгөөд Араб хэлээр дуулдаг, Иорданы уламжлалт хөгжмийг рок урсгалаар тоглодог хамтлаг гэж өөрсдийгөө тодотгох дуртай. “Учир нь бид барууны хөгжим, аялгуунд араб үгс хэлхсэн дуу хиймээргүй байна” гэж дуучин Мохаммед ярьжээ. Харин Арабчууд бөмбөр, гитар, цохивор хөгжмийг өөрсдийнхөөрөө хэрхэн тоглож болохыг харуулах нь гол зорилго нь гэв.
Түүнчлэн хамтлагийнхан араасаа төрч буй уран бүтээлчдийг ихээхэн дэмжиж, бусдын хэлбэрийг хуулахгүй байхад нь зааж тусалдаг байна. “Бид өдөр тутмын амьдралын хэмнэлээсээ л санаа авахуйц сонирхолтой орчинд аж төрдөг. Гудамжны хөл хөдөлгөөн, хөрш зэргэлдээ орнуудын төрх, хүмүүс, тэдний мөрөөдөл гээд хөгжмийг минь онцгой хөглөх үй олон зүйл бий” хэмээн тэд тайлбарлажээ.
Иорданы нийслэл Амман хот олон талаараа Дундад Азийн сонирхолтой цэг болно. Газар зүйн хувьд энд Палестин, Ливан, Сири, Египтчүүд гээд олон үндэстэн цугладаг Арабын орнуудын уулзвар билээ. Энэ утгаараа Амман нь Иордан төдийгүй Арабын орнууд дундаа шинэ, соргог бүхний илэрхийлэл болдог онцлогтой. Түүнчлэн арилжааны чиглэлийн уран бүтээлчид багатай тул альтернатив, рок хамтлагууд олон хүнд уран бүтээлээ хүргэхийг хүсвэл Амманыг зорьдог байна. Тиймдээ ч “El Morabba3 хамтлагийнхан “Бид та нарт  Дундад Азийн уугуул соёлыг таниулна” гэж бардам хэлдэг болов уу.
Харин уран бүтээлийн эрх чөлөөний тухай ярихад цензурын тухай дурьдахаас аргагүй. Гэсэн ч өөрсдийн анхны цомгоор дамжуулан Амман хотын оюун санааны шинэчлэлтэд түлхэц өгсөндөө тэд итгэлтэй байдаг. “Хэрэв энэ тивд өөрчлөлт хийх гарцаагүй тохиол ирвэл бид илүү хүчтэй байх болно” гэсэн нь тэднийг ямар идэвхтэй уран бүтээлчид болохыг харуулна.
Дараачийн цомогтоо тэд хөгжмийн найруулгын хувьд ч, дууны үгийн талаас ч аль болох үндэсний аястай, жинхэнэ Араб бүтээл хийхийг зорьжээ. Зарим дуунд ашигласан цахилгааан гитарын хэмнэл нь гадаад сонсогчдод сонирхолтой байх бол эх хэлээрх дуу нь төрөлх тивийнхий сэтгэлд хүрнэ гэдэгт тэд итгэсэн аж. “Гэхдээ хүмүүс дууны яг юунд нь дурласнаа хэлж мэддэггүй, харин ямархан нэг мэдрэмждээ хөтлөгдөөд сонсдог. Тиймээс хэн нэгэнд таалагдах гэж хичээхээс илүү дотроо мэдэрсэн бүхнээ ойлгомжтой хүргэхийг л чухалчилж байна” гэж “El Morabba3” тодотгожээ.



Лена Чамамяан
Домогт “Битлз”-ийн түүхээр бидний сайн мэдэх Ливерпул хотод 2002 оноос хойш Араб урлагийн наадам жил бүр болж байгаа нь өдгөө олон улсад Дундад Азийн орнуудын талаар таниулах, мэдлэг олгох хамгийн том арга хэмжээний нэг юм. Өнгөрсөн оны наадмын нээлтэнд Ливийн Соёлын Сайд “Дэлхий дахины харилцаанд урлагийн хэл хамгийн их хэрэгтэй байна. Бид тойрч суугаад ярилцаж болохуйц, хүн төрөлхтөний бүтээсэн агуу ололт нь яах аргагүй урлаг юм” гэсэн нь энд ярих дуучны тухай шуудхан хэлсэн гэлтэй.
Тэр жил Ливерпулын наадамд Сирид төрсөн Парист амьдардаг эмэгтэй тайзнаа гарахад Арабчууд чих тавин сонсох бол, Лийдс хотоос жижигхэн автобус хөлсөлж очсон Англи охид сонирхон харж, дэргэд нь Армен хосууд түүнийг даган дуулж байв. Сирийн Дамаск хотод өссөн Лена Чамамяан тэр өдөр хоёр цагийн тоглолт хийж, Армен үндэсний дуунаас ч бас толилуулсан нь үзэгчдийг татаж байсан юм.
Олон жилийн турш үргэлжилж байгаа Сирийн тогтворгүй байдлаас үүдэн тэрбээр Арменийг зорьсон бөгөөд уран бүтээлчийн хувьд ч тэнд боловсорсон гэдэг. Гэсэн ч Ленагийн хувьд Араб хэл, яруу найраг гээж боломгүй төрөлх соёл нь тул түүнийг Армен хөгжимтэй сүлснээрээ онцлогтой. Ялангуяа, ардын хөгжмийг жазз хөгжмийн хөнгөн хэмнэлтэй хоршуулахыг оролдсон нь Лена Чамамяаныг баруунд ч, Дундад Азид ч нэгэн зэрэг таниулжээ.
Тэрбээр төрөлх соёлоо тээж хадгалаад зогсохгүй Сирийн ард түмэнд зовнисон, энх амгаланг хүссэн дуунуудаа хаа ч явсан толилуулдаг. “Хэдийгээр Сирийн хүн амын тоо 20 саяд хүрэх ч, удаан хугацааны үймээнт байдлаас болоод бид эх нутгийнхаа ойролцоо, эсвэл алсын алст амьдрахад хүрээд байна. Тиймээс Сиричүүд одоо яах вэ гэсэн асуулт үргэлж миний толгойд эргэлддэг. Харин иргэний дайны аймшигт өдрүүдийг давж гарсан Ливанчуудыг хараад надад бага зэрэг итгэл төрдөг юм. Бас Арменчуудын түүх ч тийм амгалан байгаагүйг мэднэ. Гэлээ ч Арменчууд төрөлх чанараа хадгалж авч үлдсэн гайхамшигтай ард түмэн. Хүүхэддээ багаас нь Армен бүжиг зааж, Армен хоолны соёлд сургаж, Армен хүний амьдралын ухаан төлөвшүүлдэг. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд зовниод суухаас илүүтэй, төрөлх соёл, урлагийнхаа үнэ цэнийг хадгалах нь миний хамгийн гол зорилго юм” хэмээн Лена нэгэн ярилцлагадаа дурьдсан нь түүний уран бүтээл хөг аялгуунаас ч илүүг агуулдаг нь илхэн харагдах биз ээ.