Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Бид яагаад их сургуульд сурах хэрэгтэй гэж? - Патрик Иссинтон



By  Khulan Jugder     1:15 AM    Labels:,,,,, 
Өдгөө Лондонгийн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхмийн судлаач болсон Патрик Иссинтон эрдмийн замд хэрхэн орсноо хуваалцсаныг хөрвүүллээ. 
Жил бүр оюутнуудын сурлагын дүн гарах, эсвэл элсэлтийн үе ирэхэд эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийн зээлийг үр дүнтэй эсэхэд эргэлзэх бодол төрдөг байх. Мэдээж энэ бол зайлшгүй бодох ёстой зүйл л дээ. Харин миний хувьд их сургуулийн төлбөрийн ач холбогдлын талаарх хэлэлцүүлэг өөрийн туршлагаараа жишээлж оролцохыг хүсч байна.

Гэхдээ миний түүх “А” үнэлгээнээс хол тэртээд, их сургуульд элсэх тухай бодол ой ухаанаас минь ангид тэр мөчөөс эхэлнэ л дээ. Сургуулиа төгсөхөд нөхцөл байдал ийм л байсан тул би “өөртөө тохирох” олон ажил хийж үзэв. Удалгүй, арваннэгдүгээр сарын нэгэн өглөө Портобэлло гудамж дахь худалдааны мухлагаа янзалж зогсохдоо энэ үнэхээр миний урт хугацааны, насан туршийн ажил мөн үү гэдгийг өөрөөсөө асуусан юм. Тэр чигээрээ байвал ирээдүйд би хэн болох тухай төсөөлөл ч авч чадахгүй, ердөө нэг худалдагч эр байсаар дуусах гунигт зам харагдах шиг болсон тул их сургуульд орох боломж эрье гэж шийдэв. Ингээд сэтгэл судлалын чиглэлд сонирхолтой байсан тул байж болох бүх л газарт бүртгүүлж эхлэв. Нэг мэдэхэд Лондон даяарх Сэтгэл судлалын бүх тэнхимд материалаа явуулжээ. Яахав, 29 настай, амьдралын туршлагатай эр дөнгөж төгссөн бөөн “А” цуглуулсан залуусаас арай сонирхолтой байх болов уу гээд өөртөө урам өгч байв. Ингээд бурхан намайг ивээж зөвхөн Вэстминстэрийн их сургууль нэмэлт элсэлтээр намайг авах болсон юм. Магадгүй би өөрөө ч мэдээгүй байсан, миний доторх ямар нэг чадварыг тэд түрүүлж харсан байх.

Өнөө цагт их сургуулиуд хөтөлбөрийн “хувьсах” сургалт гэж их ярих болсон нь, миний хувьд жинхэнэ утгаараа биелсэн гэж болно. Асар хурдтай мэдээллийн энэ нийгэмд би гайхалтай заах арга, өргөн хүрээний судалгааны орчинд суралцсан юм. Ер нь дунд сургуулиа олигтой дүүргэлгүй, сургуулиа хаясан над шиг нөхдүүдэд их сургуулиуд энэ мэт боломж өгөх нь маш их тустай юм л даа. Би хичээлдээ явахдаа метронд суугаад “Орой энэ замаар буцахдаа одоо төсөөлж чадамгүй, тийм их зүйлийн тухай дуулж, сонсоод ирнэ дээ” гэж бахархан боддог байснаа санадаг юм.

Би тэр үед мундаг судлаачдаас бид хүмүүсийн царай төрхийг хэрхэн унших, стресстсэн үед бие, физиологид ямар өөрчлөлт гардаг, хөгжим сонсоод яагаад бидний хүзүүний үс босох шиг болдог вэ гэхчлэн гайхалтай асуултуудын хариултуудыг авч байв. Энэ мэт “нээлтүүд” надад өдрөөс өдөрт тохиолдож байлаа. Гайхалтай гэдэг үг магадгүй хэтэрхий улиг болсон санагдах ч, Вэстминстэрт олж авсан зүйлсээ үүнээс өөрөөр юу гэж нэрлэхээ мэдэхгүй нь. Би эргэн тойрны хүмүүс, тэдний санал санаачилгыг гайхан бахадсаар таарч байв.

Гэхдээ бас заримдаа юу уншаад, судлаад байгаагаа ойлгохгүй, ер нь яахаараа би ингэж тархиа зовоох ёстой вэ гэх бодол орж ирэх үе байсаан. Харин анзаарвал бага, багаар аливааг бодох, эргэцүүлэх хэлбэр маань өөрчлөгдөж байгааг мэдэрсэн юм. Би аливаа мэдлэг, мэдээллээс ул сууртай үндэслэл, санааны гол хэсэг зэргийг эрж хайх болж хүний тархины бүтцийн талаар, хүмүүс нийгэмд хэрхэн аж төрдөг зэрэг олон зүйлийн тухай их сургуулиас сурсан. Бас лабораторид өөрийн биеэр ажиллаж, архи уусан үед хүний биед ямар өөрчлөлт гардаг тухай бяцхан судалгаа хийсэн нь сайхан дурсамж болжээ. Үүгээр зогсохгүй ичих зүйлгүйгээр сургуулийн сонинд жижигхэн нийтлэл бичсэнээр сонирхолтой хүмүүстэй уулзаж ярилцахаас гадна энд, тэнд тоглолт үзэхээр үнэгүй орчихдог байв.

Амьдралдаа анх удаа, би хичээл, сургуульдаа хариуцлагатай хандаж бүх шалгалтаа амжилттай дуусгалаа. Ингээд 1995 оны нарлаг өдөр Лондонгийн нэгэн байшингийн шатаар дүнгээ сонсохоор өгссөн юм. Тэр мөч үнэхээр сайхан байсан, би эрдэм сураад бас дэлхийн хаана ч надад мэддэг зүйл бий гэдгээ батлан харуулах жижигхэн цаас өвөртлөв. Их сургуульд суралцсан үе минь надад BBC-д ажиллах эсвэл Британийн Антарктид Судлалын Төвд ажиллах боломж бийг харуулсан ч, би их сургуулийн орчинд үлдэхээр шийдэв. Мэдээж эрдмийн зэрэгтэй болсноор CV минь баяжсан ч, их сургуульд нүдийг минь нээж, тархийг минь хөгжүүлсэн тул би маш их баяртай байсан юм.

Тэгэхээр хэрэв та их сургуулийн тухай бодож байвал би үүнийг л хэлэх байна. Аль ч утгаараа энэ тийм ч амар даваа биш. Гэхдээ хичээх л юм бол, үр дүн нь хэзээд чиний төсөөлж чадахаас ч илүү гэдгийг санах хэрэгтэй. Бас гайхамшигтай. 

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment