Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Нийгмийн реклам хийх гэж байгаа бол бизнесийн эрх ашгаа март



By  Khulan Jugder     10:49 PM    Labels:,, 
           Сүүлийн үед тогтмол хэвлэл, телевиз гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийгмийн сайн сайхан, амьдралын зөв хэв маягт уриалсан сурталчилгаа цөөнгүй гарах боллоо. Тэднийг захиалагч нь манай улсын томоохон компаниуд бөгөөд зөвхөн ашиг, орлогоо нэмэгдүүлэхийг зориод зогсохгүй зөв, зүйтэй зүйлд үзэгч, уншигчдийг уриалж байгаа нь сайн хэрэг.
            Гэвч нөгөө талаас тэд үүнийгээ нийгмийн реклам гэж нэрийдэх нь оновчгүй байгаа юм. Энэ нь өнгөрсөн зууны эхээр АНУ, Их Британи зэрэг оронд үүсч өдгөө  “public service announcement” гэсэн нэрээр нэгэнт өөрийн хэв шинжийг тогтоон, бий болгосон ойлголт билээ. Харин манай орны хувьд шинэ, соргог зүйл бөгөөд мэдлэг, мэдээлэл тун бага байна.
            Бизнесийн байгууллага сурталчилгаа бүтээхэд ямар ч арга барилыг ашигласан хамаагүй түүндээ нийгмийн сайн сайханд хандсан багахан агуулга багтаахад л нийгмийн реклам болно гэвэл өрөөсгөл. Ер нь бизнесийн байгууллагууд тэр бүр нийгмийн реклам бүтээдэггүй бөгөөд гол төлөв Засгийн Газар, олон нийтийн, ашгийн бус байгууллагууд нийгмийн тулгамдаад буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, нийгэмд шинэ, зөв үнэлэмж тогтоож, ард иргэдийн зан байдалд нөлөөлөхийг зорьдог.
            Харин бизнесийн байгууллага нийгмийн реклам бүтээх тохиолдолд гаднын орнуудад л гэхэд нарийвчлан, бүр хуульчлан заасан байдаг. Тухайлбал,  ОХУ-ын “Зар сурталчилгааны тухай” хуульд энэ талаар заахдаа, бүтээж буй нийгмийн рекламд тухайн бизнесийн байгууллагын нэр, лого, бусад арилжааны рекламд нь гардаг дүр,  бүтээгдэхүүн, үйлчилгээ болон сурталчилгаа бүтээх арга барил төдийгүй бусад таних тэмдгүүдийг ашиглахыг хориглосон байдаг. Мөн нийгмийн реклам нь үнэгүй цацагддаг байх ёстой. Ийм агуулга бүхий заалт АНУ, ХБНГУ, Их Британи гээд олон улсын хуульд бий.
            Дээрх заалтаас үзвэл бизнесийн байгууллага нийгмийн реклам цацсанаар нэр хүндээ өсгөх, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэхчлэн ямар ч бизнесийн эрх ашигт төвлөрөх биш гагцхүү нийгмийн сайн сайханд л бүрэн анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Ингэж чадвал тухайн байгууллага нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй хэлбэр болох бөгөөд нэг удаагийн арга хэмжээг ивээн тэтгээд өнгөрөх, ард олонд өглөг тараах гэхчлэн PR, маркетингийн үйл ажиллагаанаас ялгарах боломжтой юм.
            Гэхдээ бизнес хийж буй хэн ч бай ашиг, орлогоо олохоо нэн тэргүүнд тавьж нийгэм, олон нийтийг хойш тавих нь түгээмэл. Гэвч “Доройтсон нийгэмд бизнес хийх нь ямар ч ашиггүй” гэх үгийг бас санах хэрэгтэй. Тиймээс НИЙГЭМ болоод түүнийг бүрдүүлэгч ХҮНийг үнэлж, тэдний төлөө бизнесээ чиглүүлэхэд анхаарвал зохино.
            Цаашлаад нийгмийн реклам цацах нь огт ашиггүй зүйл бас биш ээ. Мөн л гадаад орны туршлагаас харвал, нийгмийн реклам цацсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх гэхчлэн давуу тал бий. Түүнчлэн гадаах самбар, тээврийн хэрэгслийн реклам гээд олон үйл ажиллагаанд таныг “харж үзэх” арга, хэлбэрүүд тогтсон байдаг.
            Тэгвэл бүтээсэн рекламаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацах нь хамгийн өртөг өндөртэй төдийгүй хялбар биш ажил билээ. Үүнийг шийдэх арга нь өмнө дурдсан хуульд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу телевиз, радио жилийн нэвтрүүлгийн цагийн 5-аас дээш хувийг, сонин, сэтгүүл зай талбайн 5-аас дээш хувийг нийгмийн рекламд зориулна” гэсэн байдаг.  Энэ хуулийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бизнесийн байгууллагууд хамтарч ажиллаж чадвал нийгмийн сайн, сайхны төлөө хийж буй томоохон алхам болох юм. Түүнчлэн эндээс нийгмийн реклам үнэгүй цацагдах ёстой гэсэн мөн чанар урган гарч, биеллээ олж байна.
            Манай улсын хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нийгмийн реклам түгээхэд хэрхэн оролцох талаар ямар нэг зохицуулалт үгүй. Гэхдээ жишээ нь, МҮОНТ-ийн хувьд хуулийн дагуу арилжааны шинжтэй зар сурталчилгааг хязгаарласан бөгөөд хэн нэгний бизнесийн эрх ашиг тусаагүй нийгмийн рекламыг үнэ төлбөргүй цацах нь татгалзах асуудал биш гэж үзэж байна. Мөн бусад арилжааны телевизүүд ч нэгэнт бизнесийн байгууллага тул нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн реклам цацах боломжтой билээ.
            Эдгээрээс үзвэл манай томоохон компаниуд үнэхээр нийгмийн реклам бүтээхийг зорьж байгаа бол нэр хүнд, ашиг орлогоо түр хойш тавьж гагцхүү сайн сайхан, зөв зүйтэй зүйлд олон нийтийг үнэн сэтгэлээсээ уриалан дуудаарай.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

4 comments:

  1. хөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөх

    ReplyDelete
  2. *Доройтсон нийгэмд бизнес хийх нь ямар ч ашиггүй* энэ сүрхий үгийг ерөөсөө ойсонгүй ээ

    ReplyDelete
  3. Тодорхой юм бичхийн... Нийгмийн рекламаар дамжигдаад тухайн компанийн нэр олны чихэнд хүрнэ, олны чихэнд хүрсэн компанийн бүтээгдэхүүн тэдэнд ойр санагдана...
    бизнесийн ашиг харалгүй нийгмийн реклам нь тухайн компанийн Corporate Image bolno, CI honogshson hun tuhain companiig unelne ntr... yawj yawj 1 l zuil dr unana, shal dmii yum unshchlaa

    ReplyDelete
  4. @Enkhbat Нийгмийн байдал тогтворгүй, хөгжил нь доройтож буурсан нөхцөлд бизнес хийх нь ашиггүй юм гэж ойлгож байгаа. Таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авах хүнгүй гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, 90-ээд онд хүмүүсийн ярьдгаар картын барааны үед бизнес хийлээ ч, иргэд бүх нийтээрээ өнөө, маргаашийн хоолоо л бодохоос илүүд шунах чадалгүй байсан гэдэг.
    @Dulgoon Дэмий зүйл бичиж цаг, завийг тань үрсэнд уучлаарай.

    ReplyDelete