Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
 
  Хүйтэн өвлийн жавар хацар улайсган хайрахад би дургүй л дээ. Гэхдээ тэр нэг жилийн жавартай үдэш би хорвоод мэндэлсэн тул өвлийн улирлыг гуниг, баяр хослуулан хүлээдэг юм. Харин энэ жилийн хувьд өвлийг хүлээх бас нэг шалтгаан надад байлаа. "Щелкунчик" буюу "Цөмөөхэй" бүжгэн жүжиг жил бүрийн арванхоёрдугаар сард тоглодгийг үзэхээр хоног тоолсон минь тэр.
   Хүсэл минь биелж, өчигдөр ДБЭТ-т жүжиг эхлэх цагтай уралдан очив. Танхим дүүрэн багачуул, тэднийгээ баярлуулах гэсэн эцэг, эхчүүл энд, тэндгүй харагдана. Удалгүй гэрэл бүдгэрч, жүжиг эхлэв. Хофманы үлгэрт гардагчлан ордонд сүлд модны наадам эхэлж, зочид ирнэ. Хэдэн хормын дараа хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээ авчирж баяр дээр баяр нэмлээ. Энэ үед тайз ер бусын гоёмсог хийгээд, чимэглэн зассан гацуур модоо тойрон бүжих жүжигчид ч гайхалтай харагдаж байв. Миний хувьд, ингэхэд л шинэ жилийн баяр сэтгэлийг минь догдлуулах шиг санагдав. Зул сарын үдэшлэгийн бяцхан зочдын нүд нь гэрэлтэх шиг, тэдний жүжиглэлт урамтай байлаа. Тэд ДБЭТ-ийн дэргэдэх балетын сургуулийн сурагчид аж. Ирээдүйд ханхүү, гүнжийн дүрийг амилуулж уран гоёор бүжих аг, эгч нар шигээ болох оргилуун хүсэл нь энэ тайзанд биеллээ олох мэт.
    Одоогоос 28 жилийн тэртээх Шинэ жилийн баяраар манай театрт тэдгээр ах, эгч нар "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг толилуулж байжээ. Харин хамгийн анх П.И.Чайковскийн эл бүтээлийг 1892 онд Петербургийн Мариинскийн театрт тогложээ. Түүнээс хойш орос төдийгүй европ, америкт Зул сар, Шинэ жилийн баяраар Маша, Цөмөөхэй хоёрын үлгэрт шимтэх багачуул олширсон гэдэг.
    Харин манай багачуул Хофманы үлгэр, хүүхэлдэйн киног үзэхээс театрт тоглох бүжгэн жүжигт автах нь бага мэт. Танхимд хоорондоо чанга дуугаар ярилцаж, нааш цааш гүйлдэх тэдний байдлаас үүнийг анзаарч болно. Зохион байгуулагчид хэдий чимээгүй байхыг хүсэвч өөр, зуураа хөөрөлдөх эцэг, эхчүүд ч үүнийг үл тоох нь харамсалтай. Тэд хүүхдээ багаас нь их урлагтай танилцуулж буй ч, өөрсдөө түүнийг хэрхэн хүлээн авахад нь үлгэрлэж чадахгүй байгаа нь тоогүй. Жүжиг эхлэхээс дуусах хүртэл танхим нам гүм болсон удаагүйг бодохоор удтал хүлээсэн хүсэл минь биелсэн ч нэг л сэтгэл дундуур. Урьд нь ч "Хунт нуур"-ын тоглолтыг иймэрхүү тухгүй байдалтай үзсэн. Гэхдээ энэ өдөр арай гайгүй болов уу гэтэл яг хэвээр.
   Тэгвэл ирэх сард "Хунт нуур" дахин тоглогдох юм билээ. Мөн "Жизель". Тэгээд бас гуравдугаар сард "Нойрссон гүнж"-ийн сэрэхийг хүлээх үлдлээ. Тэр өдрүүдэд бяцхан үзэгчид минь томоожиж, өмнөх ажил минь сийрэг байгаасай гэж хүсье дээ.

            Энэ долоо хоногоос эхлэн өнгөрсөн зун, намрын турш үзэгч, залуусыг хүлээлгэсэн “Mondolia’s Best Dance Crew уралдаант нэвтрүүлэг МҮОНТ-ээр цацагдаж эхэллээ. “Street Dance буюу чөлөөт, гудамжны гэгдэх бүжгийн төрлийг олон нийтэд таниулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, хүүхэд залуусын урлаг соёлын мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой энэ нэвтрүүлэг нийт 36 дугаар гарах аж.
            Уг нэвтрүүлэг нэрнээсээ эхлээд америкийн “
America’s Best Dance Crew уралдааны монгол хувилбар болох нь тодорхой. Гэхдээ нэг гэрт хэрэлдэж, маргах үр бүтээлгүй залуус, гадаад гоо сайхныг дөвийлгөн, сурталчлах мисс охидын реалити шоунаас илүүтэй хүүхэд, залуусын авьяас, чадварыг сорьж, эвсэг, хөдөлмөрч байдалд нэгтгэн уриалах нь монголын телевизийн шоу нэвтрүүлгүүдэд нэгэн шинэ хандлагыг гаргаж байна. Түүнчлэн сүүлийн үед телевиз бүр өөрийн нэрийн хуудас болсон шилдэг дуучдыг шалгаруулах “Universe Best Songs”, шилдэг хөгжимчин, уран бүтээлчдийг тодоруулах “Coke’n Beat”, амьд хөгжмийн “Monsters гээд олон төрлийн нэвтрүүлэг хийх болсон. Тэгвэл МҮОНТ ч энэ өрсөлдөөнөөс хоцролгүй, үзэгчдийн анхаарлыг татахаар шинийг эрэлхийлсэн нь сайн хэрэг.
       Өнгөрсөн сарын эхээр кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон "Life as we know it" (Бидний мэдэх амьдрал) киног сонирхлоо. Цөөнгүй кино зохиол бичсэн ч, олны танил хараахан болоогүй найруулагч Грег Берлантийн уг бүтээлд "Трансформерс" киногоороо үзэгчдийн хайрыг татах болсон, Холливудын сайхан залуусын нэг Жош Дюамель тогложээ. Тэрбээр хэдий энэ төрлийн киногоор олонд танигдсан ч, "The Romantics", "When In Rome" зэрэг "хөнгөн" кинонд хөнгөмсөг залуугийн дүрд ч тоглосон удаатай. Тэгвэл энэ удаад ч "Бидний мэдэх амьдрал"-ын гол дүр, спорт нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Мессерийн дүрд тогложээ. Харин түүнтэй хамтран тоглож, Холли Беренсоныг дэлгэцэнд амилуулсан хүн нь жүжигчин Кэтрин Хейгл. Алдарт "Grey's Anatomy" телевизийн цувралд тоглосноор амжилтын гараагаа эхэлсэн тэрбээр "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшиж, амеркийн телевизийн нэр хүндтэй шагнал "Эмми"-г хүртэж байсан билээ.   

    Одоогоос 10 гаруй жилийн өмнө цахим ертөнцөд нэгэн шинэ ойлголт бий болсон нь өдгөө миний бас бидний дурлаад буй блог билээ. Энд хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлж, сэтгүүлчид бүтээлээ нийтлэн, залуус үзэл бодол, мэдлэг мэдээллээ хуваалцах гээд олон хэлбэрээр ашиглаж буй. Чухамдаа, хүмүүс блогоор дамжуулан олон нийттэй санаа бодлоо хуваалцаж, эргэн ярилцах нь хамгийн гол зүйл болов уу. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд идэвхтэй блог хөтлөгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа.
   Манай залуус ч мөн энэ шинэ ололтоос хоцролгүй кино, урлаг, техник, технологи тэр ч бүү хэл шинжлэх ухааны сэдэвт блог хөтлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Цахим орчинд олон нийтийн сүлжээ хуудсууд болох блог төдийгүй facebook, twitter /микроблог/-ээр дамжин бидний кибер ертөнц өргөжин, тэлж мэдээлэл хүлээн авах, түгээх үйл явц ч түргэсэж байгаа нь хурд, мэдээлэл шаардсан орчин үеийн нийгэмд зайлшгүй чухал зүйл юм.
  Энэ байдлыг анзаарч, блогийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, шилдэг блогчдыг шалгаруулах зорилгоор The New Media Marketing Agency-гаас зохион байгуулж буй "Монгол Блогчид 2010" үйл ажиллагаа тун зүйтэй санагдлаа. Энэ нь хувь хүмүүст ашиг тустайгаас гадна иргэний сэтгүүл зүйн шинэлэг, хүчтэй хэлбэр болохын хувьд мэдээллийн технологийн салбарт ч тустай алхам билээ. Дэлхийн хэмжээнд олны анхаарлыг татсан Ираны сонгуулийн явцад тус улсын зүгээс гадаад ертөнцтэй харилцах холбоогоо тасалсан. Харин энэ үед микроблог хэрэглэгчид болж буй үйл явдлыг түргэн шуурхай мэдээлж байсан нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болсон. Түүнчлэн бизнесийн салбарт ч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ блогийг анзаарч ажиллах нь чухал байдаг. Тухайлбал, блог хөтлөгчдийн 34% нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал, сэтгэгдлээ нийтэлдэг гэсэн судалгааны дүн бий.
   Харин блогийн ач холбогдолд сөрөг байрнаас хандагчид блогчдыг эх хэлээ үгүй хийж байна гэж зэмлэн, буруутгах нь их. Миний бодлоор, ихэвчлэн өдрийн тэмдэглэл эсвэл чөлөөт хэлбэрээр хувийн блог хөтлөгчид "ярианы" хэлээр бичдэг нь ийм ойлголт төрүүлдэг байх. Харин мэргэжлийн, олон нийтэд хандсан блогчид зөв бичгийн дүрмээ баримталж, бичгийн хэлээр гайхалтай сайн бичдэгт нь бахархдаг. Нөгөө талаас бусад хэлэнд ч бичгийн энгийн буюу албан бус харилцаанд үг товчлох, ярианы хэлбэрээр бичих зэрэг нь байдгийг санууштай.
   Түүнчлэн блогчид интернэтийн соёлтой хэрэглээнд хамгаас илүү үлгэр дууриал болдог мэт. Учир нь цахим хуудсууд дахь мэдээллэлд үлдээсэн сэтгэгдлийг уншвал хэн нэгнийг доромжлон, гутаасан өнгө аястай сөрөг сэтгэгдэл дийлэнх хувийг эзэлдэг. Харин блогчид үзэл, бодлоо чөлөөтэй солилцож, санал сэтгэгдлээ боловсон илэрхийлж, анд нөхөд бололцдог нь таатай.
   Иймд би байгаагаа мэдэрч бодож, сэтгэх бүртээ компьютерийн товчлуураа товшин, дэлгэцээ ширтдэг болсон минь дурлалаас өөр юу байх билээ. Надтай адил блогт дурласан зуу, зуун андууддаа хэлэхэд мэдлэг, мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоороо шинэ санаа, урам зориг хайрладагт тань баярлалаа.

"Монголын Блогчид 2010" дээр уулзацгаая

       Ажил ундарсан 7 хоног ард хоцорч, амралтын өдрийн өглөө эртлэн босч "Өргөө" кино театрыг зорьлоо. Театрт ирсэн гаднын кино бүрийг хамгийн түрүүнд үздэг ММF клубын гишүүд энэ удаад өөрийн орны уран бүтээлчдийн шинэ бүтээл "Помогите нам-2" киног театрын хуваарьт тавигдаагүй байхад буюу "хуваарьгүй үзвэр"-ээр сонирхсон юм.  Монгол киног олон нийтэд хүрэхээс өмнө үзэж уран бүтээлчидтэй санал, сэтгэгдэл солилцон, алдаа мадаг, ололт амжилтыг ярилцдаг болох нь MMF-ийн цаашдын үйл ажиллагааны нэгэн хэсэг билээ. Тэгвэл энэ ажил биеллээ олж, анхны скрининг хийх боломж олгосон клуын тэргүүн Болдоо, "Өргөө" кино театр болон "Помогите нам" киноны уран бүтээлчдэд баярлалаа.
     Киног "эхлүүлж" L-Guards хамтлагийн сонсголонтой дуу эгшиглэсэнтэй адил эл бяцхан бичлэгээ киноны хөгжмийн тухайгаар эхэлье. Ая зохиогч Аранзаа "Помогите нам" кинонд ажилласан нь тун сайн болсон төдийгүй киноны эхлэл хэсгийн ая маш их таалагдсан. Мөн киноны тодорхой хэсгүүдэд харуулах гэсэн санаануудыг хөгжим нь улам тодруулан, баяжуулж байв.
    Харин киноны үндсэн санаа нь хэт ерөнхий байлаа. Дэлгэрүүлбэл, жүжигчин Амбийгийн хэлснээр киноны эхний ангид 90-ээд оны ганзагын наймаачдын хэцүү, бэрхийг хэрхэн туулж байсан тухай харуулахыг зорьсон бол хоёрдугаар ангидаа тэд өнөөдөр хэн болсон, өнөөгийн нийгэмд хэрхэн аж төрж буйг үзүүлэхийг хичээсэн гэлээ. Тэгвэл киноны эхэнд "галт тэрэг салгадаг" нөхөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, "галт тэрэг дээрэмддэг" нөхөр "чинээлэг, босс" болсон байв. Тэд олон жилийн дараа онгоцонд тааралдсан ч, сэтгэлээр унасан ахмад нисгэгч, "төөрсөн" шонхорын гайгаар "Мөнгөн хөлөг" нь осолдож элсэн цөлд гээгдэв. Эндээс киноны гол үйл явдал хөгжилтэйгээр өрнөж эхэлнэ. Гэхдээ киног бүтээгчдийн үзүүлэхийг зорьсон гэх нийгмийн байдал, гол дүрүүд өдгөө хэрхэн аж төрж буй нь элсэн цөл дэх адал явдлаас мэдээж харагдсангүй. Сайнаар харвал, алтанд хорхойсон өөдгүй зан гаргах тэдний авираас одоо цагийн олонхийн шунаг сэтгэлийг ажиж болох юм. Миний бодлоор, кино зохиолд зорилгоо зөв тодорхойлсон ч, бичихдээ түүнээсээ гажжээ. Ер нь киноны эхэнд жүжигчин Амбийгийн хэлснийг сонсоогүй бол "Помогите нам 2"-ын гол санааг тодорхой ойлгох байсан гэдэгтээ эргэлзэж байна.
   Иймд киног амилуулсан зүйл бол яах аргагүй мэргэжлийн жүжигчдийн баг. Бидний сайн мэдэх "Хэцүү анги" киноны найруулагчаар ажиллаж, дэлгэцийн олон бүтээлд чадварлаг тоглосон жүжигчин Б.Навчаа болон Д.Батсүх, Ц.Батхуяг /Амбий/, Ш.Доржсүрэн /Доёо/, С.Лхагвасүрэн нарын хошин урлагийн жүжигчид инээдмийн төрлийн кинонд гаргууд байх нь гарцаагүй. Мөн сүүлийн үед манай уран бүтээлчид олны танил ноёд, хатагтай нарын "царайгаар" маркетинг хийх нь олширсон. "Помогите нам 2" ч загвар өмсөгч Э.Сэлэнгэ, Ч.Туяацэцэг нарын "дүрийг" кинондоо ашигласан ч, киногоо сурталчлахдаа үүгээрээ олны анхаарлыг татаж чадсангүй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр уйтгартай, ижил гарчигтай мэдээ төдийхөн "хөвөрч" байгаагаас өөрөөр маркетинг хийхгүй байгаа нь харамсалтай.
  Киноны хийцийн хувьд тун дажгүй байлаа. "Мөнгөн хөлөг"-ийг сайн тохижуулсан нь үзэгчдэд үнэхээр онгоцонд зураг авсан мэт сэтгэгдэл төрүүлж чадах байх. Түүнчлэн шонхортой мөргөлдөх, онгоц дэлбэрэх, элс сорох гээд олон хэсгийг компьютер график ашигласан нь бага зэрэг хиймэл ч, урьдны бүтээлүүдээс илүү дэвшилтэт, сайн болсныг дурьдах нь зүйтэй. Мөн сайн, мууг хэлж мэдэхгүй ч зураг авалтанд "bokeh" буюу дэвсгэрийг бүрэлзүүлэн, гол объектийг тодруулах аргыг их ашигласан нь анзаарагдсан.
   Төгсгөлд нь хэлэхэд "Помогите нам 2"-д ч кино реклам байсан. Санавал юу ч үгүй элсэн цөлд гэнэт хэд хэдэн саваар гарч ирдэг цэвэр ус бий. Уг нь үзэгчдийг залхаахыг хүсээгүй байх л даа, гэхдээ нэгэнт product placement хийсэн бол тэр нь ямар нэг аргаар үзэгчид сэтгэгдэл үлдээсэн байх ёстой. Харин миний хувьд гэхэд л би нэрийг нь санахгүй байна. Тэгэхээр цэвэр усаа сурталчилсан компанийн мөнгө дэмий урсчихаагүй байгаа? Мөн онгоцонд хүмүүс нэг сэтгүүлийг "жигтэйхэн" унших нь харагдсан. Тухайн үед "Гоодаль" уу гэж бодтол, кино дуусахад "Хамтран ажилласан: Uptown" гэж гарналээ.
   "Хуваарьгүй үзвэр"-ийн төгсгөлд бидний хэдэн фанатууд кинонд үнэлгээ өгсөн юм. Миний зүгээс 7/10 гэв.

P.S: "Halloween" угтаж инээдмийн кино үзэх сонирхолтой байлаа.
    Өчигдөрхөн UK CHART сонирхож шилдэг 40 дууг сонслоо. Уг нь би амьд хөгжим, альтернатив, трипхоп.... гээд рок хөгжимд шимтдэг ч, олон урсгал, олон орны дууг харьцуулан сонсох дуртай. Мөн хааяа масстай хамт арилжааны чиглэлийн дуу сонсох нь ч бий. UK CHART-ын 40 сүүлийн үед сонссон бүтээлүүд байсан ч бүгдийг нь тоглуулагчдаа хийж байгаад дарааллаар нь сонсоход өөр л юм. :-) 
   Жагсаалтыг Bruno Mars-ийн Just The Way You Are тэргүүлжээ. Хөгжмийн продьюсерээр гараагаа эхэлж Flo Rida-гийн "Right Round" K'Naan-ы Wavin' Flag дууг хамтран бичилцсэн буржгар үст залуу энэ жилээс B.o.B, Travie McCoy нартай хамтарч дуулах болсноор энэ сард  "Doo-Wops & Hooligans" цомгоо "өлгийджээ". Түүний тухай "The New York Times" сонинд "Ямар ч урсгалд хөрвөх боломжтой Universal Donor" хоолойтой хэмээн бичжээ. Bruno Mars дуулалтын хувьд Майкл Жексон, Элвис Пресли төдийгүй 2Pac-аас ч үлгэр авдагаа дурьдаж байсан удаатай. 
    Британичуудыг байлдан дагуулж буй 40 дууны хоёрдугаарт The Wanted хамтлагийн Heart Vacancy гэх дуу оржээ. Энэ дуу надад ч бас маш их таалагдсан. Английн шинэ залуу boy-band The Wanted хэдхэн хоногийн өмнө анхны цомгоо гаргасан бөгөөд эхний сингль нь Англи төдийгүй Шотланд, Ирланд гээд Британийн арлыг "уяраажээ". 

    Таалагдсан дараачийн дуу бол наймдугаарт жагссан мөн л Британийн уран бүтээлч, реппэр Tinie Tempah-ийн Written in the Stars. Дууны ая, цохилт болон дуучны үглэлт, rhyme нь өвөрмөц, гоё хэмнэлтэй дуу байналээ. Сонирхуулахад, реппэр Tinie-гийн Swedish House Mafia-тай хамтран дуулсан Miami 2 Ibiza дуу долдугаарт жагсчээ.
    Британийн шилдэг 40-ийн есдүгээрт Jay Sean, Nicki Minaj нарын хамтарсан бүтээл 2012 оржээ. Энэ дууг сонсоод хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол эрэгтэй нь үглэж, эмэгтэй нь дахилт дуулдаг хэвшмэл хэлбэрийг эвджээ гэсэн бодол. Орчин цагийн хөгжмийн ертөнцөд эмэгтэй хип хоп дуучны орон зай эзгүйрч байсан ч үүнийг нөхөхөөр гарч ирсэн хүн бол Nicki Minaj хэмээн олон шүүмжлэгчийн бичсэнийг уншсан юм байна. Ер нь Missy Elliot-оос хойш гарч ирсэн дэлхийн хамгийн амжилттай, алдартай эмэгтэй хип хоп дуучин хэмээн түүнийг үнэлж буй юм билээ. Ямартай ч Jay Sean-ий зөөлөн хоолойд эрч хүч оруулан үглэхийг нь сонсох сайхан юм. 

Nicki Minaj
   Жагсаалтын 14-рт байсан Radioactive дуу таалагдахгүй байна гэж үгүй. Учир нь Kings of Leon-ий "ах нар"-ын минь энэ онд сонсогчиддоо барьсан бэлгийнх нь эхний сингль шүү дээ. Америкийн Биллбоард жагсаалтын альтернатив төрөлд тэргүүлж, рок төрөлд 3-рт багтсан байналээ. Сонсоод "доргиод" байхаас өөр яалтай билээ. 
   Нээрэн 26-д Enrique Iglesias Heartbeat дуугаараа оржээ. Сүүлийн үед хөгжмийн урсгал хоорондоо сүлэлдэх болж, тэр дундаа аливаа төрөл чиглал электротой хорших нь их болсон. Энэ
жишгээр Julio Iglesias-ийн удам залгасан дуучин "жаал" электро поп дуулаад шинэ цомгоороо муугүй амжилт үзүүлж байна.
    Төгсгөлд нь сонирхуулахад, 38-рт Flo Rida, David Guetta нарын Club Can't Handle Me багтсан байналээ. Step Up 3 киног үзэж ирээд энэ цоглог хэмнэлтэй дууг оройжин хайж билээ. Тэр үедээ бичлэгийн сайн чанартайгаар олдохгүй байсан юм. Харин одоо бол вуферээ тултал чангалаад, өрөөндөө унатлаа бүжсэн ч болно. =D 

Юмыг яаж мэдэхэв, танд дээрх дуунаас хэрэгтэй бол сэтгэгдэл бичээд үлдээгээрэй. Дуртайяа хуваалцана. :-)

  
     Английн зохиолч Уаррэн Эллис, Америкийн комик зохиолч Калли Хамнер нарын "RED" комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн "RED: Retired Extremely Dangerous" адал явдалт-инээдмийн уран сайхны киног үзэв. Мэдээж кино урлагийг олуулаа, хамгаас түрүүнд үздэг заншил ёсоор Монголын кино сонирхогчдын клубын 300 орчим гишүүнтэй энэ үдшийг хамтдаа өнгөрүүллээ. "G-Tree" гитар клубынхэн бараг л өөрсдийн сүлд дуу болсон "Когда твоя девушка больна"-гаар үйл ажиллагааг эхлүүлж, "Өргөө" кино театрт ирсэн зочдыг "Шөнийн галт тэрэг"-ээр аялуулан "Үлэг гүрвэл"-тэй "уулзуулсан". Түүнчлэн үзэгч, гишүүдээ уйдаахгүйн тулд хөгжилтэй уралдаан зарлаж, кино мэдлэгийг нь ч шалгаад амжсан. Гэхдээ мэдлэг шалгахаас илүүтэй цаг тулсан нөхцөлд хэн сандралгүй, хурдан сэтгэж чадах вэ гэх авхаалж, самбааг нь сорив уу гэлтэй. Харин энэ үдшийн нэг сонирхолтой зүйл нь ирсэн зочдод Монголын кино сонирхогчдын клубын үйл ажиллагааны талаарх фото эвлүүлгийг тольлуулсан нь байлаа. Анхны "Twilight:Eclipse" киноны нээлтээс эхлээд үргэлжилсэн кино үдэшлэгүүд, гишүүдийн анхдугаар уулзалт, жүжигчин Жэки Чаныг угтах үйл ажиллагаа гээд олон дурсамжууд гэрэл зураг болон үлджээ. "Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдюү" гэдэг л энэ бололтой. Ингээд индэрт үргэлжилсэн албан ёсны үйл ажиллагааг мөн л "G-Tree"-гийнхэн хааж, "We Are the World" дуугаараа MMF-ийн гишүүдийг нэгтгэсэн. Улаахан өнгөт амтат коктейлээр дайлуулсан зочид кино эхэлтэл элдвийг хөөрөлдсөөр үзэгчдийн танхимыг зорьлоо.
      Сүүлийн үед Box Office-т амжилт олох болсон олон киноны эхлэлд үзэгддэг "Summit Entertainment"-ийн логогоор "RED" эхлэв. Дашрамд дурьдахад, "Summit Entertainment" нь бидний мэдэх "Twilight" цуврал төдийгүй "Оскар"-ын шагналт "The Hurt Locker" киног бүтээсэн юм билээ.
     Тэтгэвэрт гарсан CSI-ийн ажилтан Фрэнк Мозэс (Брюс Уиллис)-ийн энгийн өглөөгөөр "хөшиг нээгдэж" үйл явдал өрнөв. Жүжигчин Брюс Уиллисын хувьд сүүлийн үед энэ төрлийн кинонд хэд хэд тоглочих шиг боллоо. Саяхан л гэхэд "Cop Out" кинонд мөн л хөгжилтэй цагдаагийн дүр бүтээснийг та санаж байгаа байх. Харин "Хатуу самар" маань ирэх онд хоёр ч драм киногоор бидэнтэй уулзаж, 2012 онд "Die Hard 5"-аар эргэн ирэх юм билээ.
      "RED" комеди буюу инээдмийн төрлийн кино тул ямар нэг бодох зүйл, ухаарал "хайрлах" санаа хомс ч үзэгчдийг хэдэн хором "улаа бутартал" инээлгэж чадахуйц бүтээл болжээ. Хошин, хөгжилтэй харилцан яриа үйл явдлын чимэг болж, буудаад байхад онодоггүй Америк киноны жишгийг бага зэрэг зөрчин гол дүрүүд хоёр ч удаа суманд өртсөн ч "цоо эрүүл" болж байв. Харин дурьдахгүй өнгөрч болохгүй зүйл бол мэдээж киноны хийц. Буудалцаан, дэлбэрэлт зэрэг адал явдлын багагүй хэсгийг компьютер графикаар хийсний заримыг энгийн нүдээр харахад жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
    Киног үзээд дуусахад "Татар ажиллагаа" кино санаанд буух нь тэр. Хоёул адал явдалт-инээдмийн кино тул буудалцаан төдийгүй хөгжилтэй хэсэг олонтой. Хийцийн хувьд холын Холливудын бүтээлийг Монголынхтой харьцуулах нь өрөөсгөл боловч, тэр цаг ойрхон мэт санагдаж санаанд багтсаныг нуух юун. Харин та юу гэж бодох бол? Сонирхож үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. ;-)
"Улаахан үдшийг бүү алд" :D

    Энэ бол Америкийн телевизээр цацдаг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгмийн реклам. Энд 1980-аад Сурталчилгааны зөвлөл гэх байгууллагын захиалгаар телевизүүд нийгмийн рекламыг үнэ, төлбөргүй цацаж эхэлжээ. Мөн аливаа телевизийн үйл ажиллагааны дүрэмд ингэж олон нийтэд нийгмийн реклам түгээхийг шаарджээ. Америкийн нийгэмд тулгамдсан асуудал нь аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудал тул нийгмийн рекламны зонхилох хувийг энэ төрлийн сурталчилгаа эзэлдэг аж. Тиймдээ ч, “Найзыгаа согтуугаар машин барихыг бүү зөвшөөр” гэсэн бичиг бар, клубын үүдэнд олон бий. 
            Энэ төрлийн рекламыг энгийн үзэгч олонд хүргэхийн тулд, тэдний анхаарлыг татахын тулд тухайн цаг үеийн хамгийн алдартай хүмүүсийг нийгмийн рекламанд тоглуулдаг. Өнгөрсөн онд л гэхэд Холливудын халуухан бүсгүйчүүлийн нэг Меган Фокс, Анжелина Жоли нар хүүхдийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэв. Ингэснээр ард нийгмийн гишүүдийн оюун санаанд нөлөөлөх төдийгүй, тухайн жүжигчний нэр хүнд ч өсдөг давуу талтай. Харин манай оронд нийгмийн рекламд олны танил бүү хэл, мэргэжлийн жүжигчин эсвэл олон нийтэд сэтгэгдэл төрүүлэхүйц жүжиглэлттэй хүн харагдах нь ховор. Ядаж олон нийтийн телевизээр нийгмийн реклам цацаж, түүнд нь тус телевизийн уран бүтээлчид тоглож байвал зүгээр сэн. Нарийн судалвал, манай улсын хуульд зааснаар ОНТ-ийн хөтлөгч, уран бүтээлчид сурталчилгаанд тоглож болохгүй. Харин нийгмийн шинж чанартай сурталчилгаанд тоглож болно гэж заасан байдаг юм билээ. Гэтэл Ичинхорлоо, Чимгээ, Г.Бадамсамбуу, Ёолк гээд МҮОНТ-ийн урдаа барьдаг сайчуул бизнесийн байгууллагын рекламд тоглосон нь орой бүр цэнхэр дэлгэцээр хөвөрнө. Тэд миний, таны мөнгөөр цалинждаг хэрнээ бидний найз, үр хүүхдийн сайн сайхны төлөө “дүрээ харуулахаас” татгалзаж, чамин, сайхан үгээр бараа, бүтээгдэхүүн сурталчилдагт нь итгэж болох эсэхийг хэлж мэдэхгүй нь. МҮОНТ-ийн телевизээр нийгмийн реклам харагдах нь цөөн. Харин хуулиар хориглосон нөгөөх л ашиг, хонжоо харсан рекламыг ил, далд хэлбэрээр ичиж, зоволгүй цацчихдаг. Гэтэл Австрали, Англи, Германы олон нийтийн телевизэд эфирийн цагийн тодорхой хувийг нийгмийн оюун санааг хөгжүүлэх, сэтгэлгээг өөрчлөх рекламд зарцуулна гэж заажээ. Тэд ч энэ үүргээ ухамсарлан, биелүүлдгээрээ толгой цохино.
            Хэдхэн хоногийн өмнө “Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё” гэсэн реклам хараад сайшаан, магтахын зуургүй араас нь “Бенц” машины лого харагдав. Миний бодлоор, энэ нийгмийн реклам биш тухайн компанийн нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх хэлбэр гэж бодож байна. Учир нь энэ сурталчилгааны эцсийн зорилго нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаар эерэг сэтгэгдэл төрүүлэх, мэдээж ашиг, орлогоо нэмэгдүүлэх. Харин нийгмийн рекламны зорилго нь аливаа бизнес, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахгүй, ашиг хонжоо харалгүй олон нийтийн оюун санаанд нөлөөлөх байдаг аж. Иймд “Алсын хараатай амьдарцгаая” гэсэн “нөхөрсөг” сурталчилгаа бүр нийгмийн реклам болохгүй.
            Тэгвэл Улаанбаатар хотын гудамжинд автомашины зам дагуу “Хүүхдээ арын суудалд суулгаарай” гэсэн сурталчилгааны самбар харагдах болоод удлаа. ЗЦГ-аас эл рекламыг байрлуулсан нь сайшаалтай. Монголчууд бид машины урд талын суудалд бага насны хүүхэдтэйгээ хамт сууснаар, аюул осолд өртөх нь их. Ядаж л өвөр дээр суусан хүүхэд толь халхлан, жолоочид хүндрэл учруулдаг. Энэ байдлыг өөрчлөхөөр дээрх самбарыг хийжээ. Дэлхийн бусад оронд ч зам дагуу энэ төрлийн самбар элбэг таарна. Жолоо барихдаа зүүрмэглэхгүй, утсаар ярихгүй байхыг сануулсан байдгийг та санаж байгаа байх.
            Зохиомжийн хувьд манайд бараа, бүтээгдэхүүний болон нийгмийн сурталчилгаа аль аль нь тааруу гэхэд хилсдэхгүй. Телевизийн, сэтгүүлийн, гаднах сурталчилгаа бүгд “ядруу” өнгө, аястай. Наанадаж тамхины эсрэг сурталчилгаанд харахаас эвгүйцэм элдэв төрлийн зураг байдаг. Гэхдээ тамхичин хүн үүнийг үүл тоон, утаа баагиулсаар л байдаг. Учир нь, түүний таньж мэдэх, ойр дотнын хэн нь ч тамхи татсанаар ийм байдалд хүрсэн удаагүй. Хэзээ ч билээ. Харин барууны оронд тамхины хайрцган дээр хүүхдийн хоосон тэрэг түрсэн эмэгтэй, олон зоосон мөнгө нийлээд илүү хэмжээний цаасан дэвсгэрт болсон зураг бий. Энэ нь хэт хол хөндий үр дүнгээс илүү, хүний өдөр тутмын амьдралд ойр тул ухамсарт нь илүү нөлөөлдөг. Дашрамд дурдахад, дөрвөн жилийн өмнө Европын холбооны орнуудад тамхины эсрэг хайрцган дээрх сурталчилгаа тухайн хайрцагны 40%-иас багагүй зайд байрлах ёстойг хуульчилжээ.


      /Нийгмийн рекламны тухай олсон мэдээллээ ашиглан бичлээ. Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, өөр санал байвал сэтгэгдэл үлдээж хуваалцаарай. 
Баярлалаа. /
    Хорвоог харанхуйн тэнгэр хучиж, одод тэнд гялалзахад гэрийнхэн зүүдний ертөнцөөр аялж, би ном, сэтгүүлийн далайд хөвнө. Тайван, аниргүй энэ мөчид үдэш бүр "Гоодаль"-ийнхаа хэдэн хуудсыг эргүүлэх би дуртай. Хэт их "Би" үнэртсэн бичлэгүүдийг нь уншихад сэтгүүлчтэй нь ярилцаад суугаа мэт. Бас мэддэг хэрнээ мэддэггүй танилуудыг минь өөр нүдээр харчихаад, өөр өнцгөөс танилцуулдаг нь "гоё". "Одод"-ын амьдралын тухай гялав, цалав нийтлэлээс илүү хийсэн, бүтээсэн зүйлтэй хэрнээ олны нүднээс далд эрхмүүдийг "олзолж" чаддагаараа "Гоодаль" онцлог. Нийтлэлүүд нь хэлэх гэснээ шууд бус тойруулаад ч байгаа юм шиг. Ахин, дахин уншиж дараа нь бодоод өөрийнхөөрөө ойлгоход болох мэт сэтгэх эрх чөлөөг надад олгодог.
   Тийм болохоор олон сарын өмнөөс би "урвачихсан". Бусад олон сэтгүүлийг амтархан уншдаг байснаа одоо сонирхон харах болж, "Гоодаль"-ийг бол шимтэн уншдаг болчихсон. Үнэндээ урваагүй юм байна. Зүгээр л урьд нь энэ сэтгүүлийг "мэдээгүй" явж. :P

    (Гэхдээ энэ сарын дугаарын нүүрний зургийн модель таалагдсангүй. Анорексиа тусчихсан юм шиг хэт туранхай :D)

     2010 оны аравдугаар сарын 10-ны үдэш. "Өргөө" кино театрын гадаа талбай хөл ихтэй бужигнах нь "Hero" энтертайнментийн шинэ бүтээл "Татар ажиллагаа" киноны нээлтийг сонирхохоор ирсэн зочид байв. Нээлтийн ёслол 20.00 цагаас эхэлнэ гэсэн ч цагаасаа бага зэрэг хожимдсон нь, хаалгаа барьсан театрын гадна, хүйтэнд ам ангайх бүртээ уур савсуулан хүлээх олонд таатай санагдаагүй нь лавтай. Удалгүй "Өргөө" кино театр "өндөр" үүдээ нээж, манай тайз дэлгэц, эстрад урлагийн олны танил эрхмүүд болон нээлтийн ажиллагаанд уригдсан зочдыг заллаа. Театрын нэгдүгээр давхрын танхимд бага тайз засчээ. Зочид өөр хоорондоо элдвийг хөөрөлдөх зуураа, киноны ивээн тэтгэгч "Nomads"-ийн зууш, Bio жүүс, "Хараа"-гийн шот, "Киндзмараули"-ийн дарсаар дайлуулав.
    Хүсэн хүлээсэн мөч ирж, хүндэтгэлийн тайзнаа энэ үдшийн хөтлөгч, жүжигчин Ууганбаяр гарч ирлээ. Цугласан олныг хөгжөөн, 2010-10-10 гэсэн давтагдашгүй үдшийн төлөө үзэгчдийг гарыг халтал алга ташуулав. Мөн киноны саундтракийг дуулсан "Нэгүн", залуу охидын "Sound of Kiss" хамтлагийнхан ая дуугаа өргөлөө. "Бид гурвуулаа" хэмээн дөрвүүлээ гарч ирсэн хамтлаг бол "3 охин". "Татар ажиллагаа" кинонд гол дүрийн баатрын охины дүрд тоглосон Б.Хулан МХО-ы бүжгийн дугуйланд суралцдаг тул эгч нартайгаа хамт тайз доргиохоор гарч ирсэн нь тэр. Түүнчлэн энэ үдэш "3 охин" ам барилгүй, амьдаар уран бүтээлээ тольлуулсан нь нэн таатай байлаа.
      Сэтгэл хөдөлгөм хөгжим эгшиглэж, хүндэтгэлийн аяз эхлэхэд кино багийн бүтээлчид тайзнаа саатав. Найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү, дуучин Д.Батсүх, кикбоксчин Ц.Амарбаясгалан тэргүүтэй хамт олныг үзэгч олон халуун алга ташилтаар угтан авсан. Түүнчлэн энэ үдэш олны талархлыг хүлээсэн эрхэм хүн нь тэр өдөр Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан жүжигчин Ч.Ундрал байсан юм.
     Найруулагч Б.Баатар Монголын кино урлагийг нэг шат ахиулахуйц бүтээл хийхийг хүссэнээ хэлээд, хэр хэмжээнд болсныг үзэгч олон дүгнэх бизээ хэмээснээр тэр үдшийн зочид кино танхимд суудлаа эзлэв.


     Банкны ажилтан Тайвнаа (Б.Амархүү) гэнэт ажлаасаа халагдсанаар кино эхлэв. Охиныхоо хүнд өвчнийг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа ч, гэнэт ажлаасаа халагдсан Тайвнаа яах учраа олохгүй эхнэрээсээ нууна. Мөн багын найз Тулгаатайгаа (Г.Эрдэнэбилэг) уулзан, монгол эрийн жишгээр нэг шил мултлав. Сархадын амтанд хөлчүүрхсэн залуус, Тайвнаагийн ажиллаж байсан "Өрнө Дорно" банкийг дээрэмдэхээр шийдсэнээр үйл явдал өрнөнө.
     "Татар ажиллагаа"-ны гол дүрд тоглосон дуучин Б.Амархүү мэргэжлийн жүжигчин биш ч, дүрийн сэтгэл хөдлөлийг нүүрний хувирлаар боломжийн гаргасан санагдсан. Ялангуяа, "Татар ажиллагаа" эхлэхийн өмнөх өдөр эмнэлэгт охинтойгоо уулзахдаа эмээсэн, охиноо хайрласан сэтгэлийн илрэлийг сайн гаргаж байв. Харин кинонд түүний дууг өөр хүн оруулсан нь угаас түүний дууг мэдэх бидэнд таатай санагдсангүй. Гэхдээ нөгөө талаас Б.Амархүү монгол хэлэнд тааруу бөгөөд хоолойны өнгө нь энэ дүрд тохирохгүй ч юм шиг санагдсан. Ийм шалтгаанаас гаднын цөөнгүй киноны амжилт буурсныг бид мэднэ. Тухайлбал, өнгөрсөн зун нээлтээ хийсэн Prince of Persia киноны баатрын дүрд тоглосон жүжигчин Jake Gyllenhaal-ын хоолой кинонд огт зохицоогүйг судлаач, шүүмжлэгчид олонтаа дурьдсан. Гэхдээ "Татар ажиллагаа" киноны уран бүтээлчид хэлэхдээ Б.Амархүү киноны дуу оруулах үеэр Москвад ажилтай байсан тул ирж амжаагүй хэмээн тайлбарлаж байв.
      Киноны бас нэг чухал хүн бол Тулгаа. Жүжигчин Г.Эрдэнэбилэг энэ дүрд тун чадварлаг тогложээ. Голдуу мэргэжлийн бус жүжигчидтэй кино багт түүний чадвар улам илүү тод харагдаж байв. Найруулагч дүрийн сонголтоо зөв хийж, нүүр хувиргалт, гадна төрхийг сайн бүрдүүлсэн нь илт. Бадируун бие, эрс шулуун зантай Тулгаа зарим үед "Би чамд хайртай-2" киноны Хангайг санагдуулж байв.
     Дуучин Д.Батсүхийн тоглосон програмист Гялбаагийн дүр киног чимж байлаа. Муу санаатай хэрнээ, түүндээ ороогдож, хөглөх нь хөгжилтэй. Машиндаа бензин хийхээр мөнгө асуухад "Надад лав юу ч байхгүй шүү" гэж байсан Гялбааг цагдаа нэгжихдээ 30 мянган төгрөг гаргаж ирсэнд найзууд нь мэдээж уурлав. Энэ үед гэмших нь бүү хэл "Шинэ програмны мөнгө шдээ" гээд гүрийдэг нь амьдралд тохиолддог зүйл. Ер нь Гялбаагийн дүрд Д.Батсүхээс өөр хүн тоглосон бол ямар байх бол гэж бодохоор угаас түүний төрх, дуу хоолой энэ дүрд яг тохирсон нь улам мэдрэгдэнэ.


       Кино бүтээлийн чанарын хувьд үнэхээр шат ахисан уран бүтээл болжээ. Зураг авалтын орчин, ашиглсан эффект зэрэг нь манай зарим "ядруухан" кино бүтээгчдийг ичээсэн биз. Мөн кино зургийг "Red One" камераар авсан гэж байв. Энэ тухай нарийн мэдэхгүй ч, миний олсон мэдээллээр энэ нь илүү өндөр нягтралтай сайн чанарын камер бөгөөд NBA-ийн 2007 оны тоглолтыг үүгээр дүрсэлж байжээ. Мөн өнгөрсөн онд "Оскар"-ын шагналд нэр дэвшсэн "District 9" болон энэ оны шинэ бүтээл "Social Network" зэрэг олон кинонд эл камерыг ашигласан аж.
     Энэ бүтээлээс найруулагчийн ур чадвар өндөр гэдэг нь мэдрэгдэж байлаа. Манайд сүүлийн жилүүдэд "Үлгэрийн хайр", "Намрын синдром" зэрэг хошин шогийн тавилттай, үйл явдлын утга, авцалдаа муутай кино олноор "мэндлэх" болсон. Харин энэ кино тавилтын хувьд дажгүй санагдсан. Түүнчлэн кинонд сурталчилгаа байршуулах явдал, манай кино урлагт хараахан хэлбэрээ олоогүй тул үзэгчдийг залхаадаг нь нууц биш. "Татар ажиллагаа" ч бараг кадр бүрт ивээн тэтгэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчилж байлаа. Гэхдээ арай цэгцтэй, энгийн үзэгч тэр бүр анзаарч "Аа энэ реклам байна" гэж бодохоор хийгээгүй нь сайшаалтай. Тэгвэл "Скайтел", "Киндзмараули" дарсных илт, ундууцмаар байсан.
       Харин кинонд шүүмжлэлтэй хандах нэг зүйл бол мөнөөх л киноны утга, санаа. "Татар ажиллагаа"-г үзээд дуусахад "Энэ кино юу өгүүлэв?", "Ямар санаа гаргав?" гэх асуулт хариултгүй үлдэх шиг боллоо. Магадгүй АЗын тухай юу? Киноны төгсгөлд Тайвнаа "Өвөө минь зөв шударгаар явахад, аз чам дээр өөрөө ирнэ" гэсэн утгатай үг хэлдэг. Тэгэхээр энэ гол санаа байсан уу? Гэтэл кинонд банк дээрэмдэхээр зорьсон залуус бүтэлгүйтэж, сохор азаар амжилт олсон тухай гардаг шүү дээ. Тэгэхээр энэ лав "ариун явдал" биш байлтай. Киноны тулгуур багана зохиолыг 5 жилийн өмнө рок Мөнхсайхан бичиж, зураг авалт аль хэдийнэ эхэлсэн байсан гэж байв. Гэвч гүйцээж чадаагүй эл бүтээлийг тухайн үед зургийн багт ажиллаж байсан найруулагч Б.Баатар барьж авч, гүйцээсэн нь сайшаалтай ч утга, санаа дульмаг байгаа нь харамсалтай. Түүний бүтээсэн хоёр дахь кино нь мөн л урьдын адил хэт арилжааны шинжтэй болсон нь жинхэнэ уран бүтээл хүлээсэн үзэгчдийн сэтгэлд төдийлөн хүрсэнгүй. Ер нь орчин цагт Монголын кино урлаг сэргэсэн гэж байгаа ч, арилжааны буюу commercial чиглэлийн "хөнгөн" кино дэлгэц дүүргэх болжээ. Олон нийт ч чөлөөт цагаа өнгөрүүлэхээр театр зорихдоо энэ төрлийн бүтээлд хошууран мөнгөө "цацах" нь уран бүтээлчдэд "сайн кино хийе" биш "их мөнгө олъё" гэсэн бодол төрүүлээд байх шиг.
Өнгөрсөн хавар нэг илтгэлд зориулж хийж байсан юм. Цахим ертөнц дэх мэдээллийн хурд, түүний өөрчлөлтийг гүйцэхэд ч бэрх болсон үед хаврын мэдээлэл өдгөө аль хэдийнэ хоцрогдсон байж болох. Гэхдээ ямартай ч эндээс ойлголт авч болох болов уу гэж бодож орууллаа. :-) 


   Цагийн зүү 6-гийн тоог чиглэх үест "Өргөө" кино театрын гадна цугласан олны шуугих чимээ дотор сонсогдож, тэдний уухайн түрлэг сэтгэл хөдөлгөх нь тэр. Удалгүй хүндэтгэлийн хөгжим эгшиглэж, улаан хивсэн дээгүүр тулаант, инээдмийн киноны баатар, жүжигчин Жеки Чан гар далласаар орж ирлээ. Түүнийг харсан бяцхан жаалууд төдийгүй цугласан олон "Жеки Чан, Жеки Чан" хэмээн түүний нэрийг давтан, орилсоор байлаа. Тэдний дунд манай клубын (Монголын кино сонирхогчид) залуус ч "Mongolian Movie Fanatics" логогоо барин зогссон. Алдарт жүжигчнийг кино театрт орж ирмэгц, үзвэрийн танхимд "Каратэ кид" киног үзэхээр тухалсан хагас болон бүтэн өнчин 500 хүүхэдтэй уулзсан юм. Хатуу, чанга хамгаалалтын улмаас бид танхимын гадна гарч ирэхийг нь хүлээв.
   Багагүй хугацааны дараа Жеки Чан болон Монгол улсын гавъяат жүжигчин Н.Сувд, Монголын кино академийн тэргүүлэгч гишүүдийг хүндэтгэлийн индэрт залсан. Нэрт жүжигчинд Монголын кино академийн хүндэт гишүүн өргөмжлөлийг гардуулж, түүний гарын хээ болон гарын үсгийг авч академийн төдийгүй "Өргөө" кино театрын хойморт байрлуулахаар болсон юм. Ингээд хүсэн хүлээсэн мөч ирж, нэрт жүжигчний сэтгэгдлийг сонсов. Тэрбээр "What a big honour" буюу "Ямар их хүндэтгэл вэ" хэмээн үгээ эхэлж, бяцхан жаалуудаас "Каратэ кид" кино таалагдсан эсэхийг асуугаад эсрэг талын дүрийн хүүхдийг дуурайн бүдүүлэг, түрэмгий загнаж болохгүйг захьсан. Түүнчлэн кино урлагт хөл тавьснаас хойш шүтэн бишрэгч, олон нийтээс маш их зүйлийг авсан. Харин одоо тэдний төлөө хийж, бүтээх цаг ирсэн тул хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж манай оронд ирснээ дуулгасан юм.
     Мөн 
таэквондогийн "Арслан" клубын тамирчдад хүндэлж явдаг жүжигчиндээ авьяас, чадвараа харуулах ховорхон боломж тохиосон. Тэдний үзүүлбэрийг хүн бүр сонирхон үзсэн бол "Universe Best Songs" уралдааны шилдэг 25 оролцогчийн нэг Н.Өнөдэлгэр цээл хоолойгоо гайхуулан дуулсан. Үйл ажиллагааны төгсгөлд үндэсний хөгжмийн "Жонон" хамтлаг өөрийн уран бүтээлээ орчин үеийн амьд хөгжимтэй хоршуулан толилуулсан нь тун ч сонирхолтой байлаа.
    Жеки Чан цугласан олонтой дурсгалын зураг татуулснаар түүний "Өргөө" кино театрт саатах хугацаа дууссан юм. Дэлхийн сая сая хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Жеки Чантай өнгөрүүлсэн цөөн хором тэнд цугласан хүн бүрийн сэтгэлд хамгийн нандин дурсамжийнх нь нэг болох биз ээ.

"Би бол брэнд. Учир нь та Жеки Чан гэдэг нэрийг сонсмогц тулааны урлаг, инээдмийн жанр хосолсон кино бодолд тань бууна."


   
  Зуны урт удаан амралт дуусч, ажил, хичээлийн шинэ жилийн эхлэл болдог есдүгээр сар өнгөрөн одож байна. Олон зүйл амжуулж, шинэ санаагаар, шинэ үйл хэрэгт шинэ нөхөдтэй хамтран ажиллахаар болж байгаа даа таатай байна. Мөн нэгэн шинэ сэтгэл хөдлөл зүрхийг минь эзэмдэх боллоо. Энэ сарын 17-нд Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгох "Балдорж" шагнал гардуулах ёслолд оролцсоноор сэтгүүлчийн ажилд амтшаад байсан сэтгэлд минь тэнд цугласан шонхорууд гал асаах шиг боллоо. Тэдний хэлсэн үг бүрээс урам авч, хийсэн бүтээснийг нь хараад тэдэн шиг болох эрмэлзэл өөрийн эрхгүй төрсөн юм.
   Сэтгүүлч Б.Ганчимэгтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонсоход ярихдаа хүртэл бичлэг шигээ яруу, тансаг болохыг нь мэдэрч байлаа. Түүнчлэн мэргэжил нэгт нөхөддөө "Шонхорууд нисдэг орон зайд хамтдаа өрсөлдье" гэж уриалсан нь энэ ертөнцөд хөл тавьж буй бялзуухай надад ирээдүйд тэдний дунд дүүлэх хүсэл бадраасан юм.
   Гэхдээ энэ бол миний одоогийн гэнэн хүсэл. Шонхор болон дүүлэх цагт хэн бүхний захидгаар эхлээд хүн болон төлөвшиж, далавчаа дэлгэн дэвэхдээ мэдлэгийн шимийг хүртсэн байх нь зүйн хэрэг. Явж ирсэн зам минь өргөсч, алхам минь томорч байна. Сайхан бичдэг, сайн сэтгүүлч болохын тулд алхаад л байя даа... Жигүүрээ дэлгэх мөч ойрхон...
...Хэд хоногийн өмнө моддын навч шарлаад, хөлд минь хөглөрөхийг анзаарч намар ирснийг сэхээрэв. Өглөөний их хотын замын түгжрэлтэй уралдан, үдэш шөнийн оддоос урьтаж харих гэж явсаар цагийн аяс, намрын салхийг анзаараагүй явж. Харин өнөөдөр сэрүүхэн бас тэгээд бүрхэг... Миний дуртай бүүдгэр төрх, намрын улирал аль хэдийнэ ирсэн байна. Хэтэрхий гэмээр хүйтэн байсан нь намар бололгүй өвөл болох вий гэсэн айдас ч төрүүлэх шиг. Ийм л өдрөөр ороолтоо зүүгээд, цүнхээ үүрэн, дуртай дуугаа сонсоод алхах хамгийн сайхан.
Намар болчихож... :-)
      Монголын кино сонирхогчдын клуб энэ зун байгуулагдсан ч хэдхэн сарын дотор 1000 гаруй гишүүнийг цахим ертөнцөд нэгтгэж, бодит үйл ажиллагаанд дөрвөн удаа бүх гишүүдээ урьсан. Харин энэ удаад албан ёсны танилцах, санал сэтгэгдэл солилцох анхдугаар уулзалт амжилттай болж өнгөрлөө.
      Бямба гаригийн өглөө 9 цагаас болсон уулзалтанд ойролцоогоор 50 гаруй гишүүн болон "Өргөө" кино театрын маркетингийн ажилтан Э.Аюурзана ороцлсон юм. Уулзалтын эхэнд урьдчилан зарласан ёсоор 15 киноны трейлэр үзүүлж, гишүүдийн саналаар аль киног гаргахаа шийднэ гэсэн. Ингээд Saw, Monster, Buried, Heartbreaker, Narnia гээд олон киноны трейлэрийг кино театрт сонирхов. Гишүүдэд тараасан хуудсанд үзсэн трейлэрүүдээсээ үүдэн кинонуудад 1-5 хүртэлх оноогоор үнэлгээ өглөө.
      Клубын үйл ажиллагааны талаар санал солилцох явц "халуухан" болсон. Юун түрүүнд сард 2-3 удаа гишүүдийн уулзалт зохион байгуулж, идэвхтэй үйл ажиллагаатай байхаар болсон. Мөн клубын дэргэд кино тойм, шүүмж бичих баг байгуулж байгааг дуулгасан. Мэдээж энэ багийн гишүүд шууд мундаг бичиж эхлэхгүй ч, олны санал, туршлага, судалгааны үндсэн дээр яваандаа чанартай, уншсан үзэгч, уран бүтээлч юм бодохуйц бичдэг болох байх гэдэгт багийн гишүүний хувьд итгэж байна.
Үүнээс үүдэн гишүүд монгол киноны талаар ярилцсан. Учир нь тойм, шүүмж бичих багийнхныг монгол уран бүтээлчдийнхээ кинонд үнэлэлт, дүгнэх өгөхөд чиглүүлнэ гэв. Харин гишүүдийн саналд манай уран бүтээлчид хэт худалдааны чиглэлийн кино хийж байгааг дурьдсан төдийгүй монголын киног үнэлэхдээ өмнөх үе, одоо үе, орчин цагийн барууны кино гээд аль өнцгөөс харах вэ гэдэг дээр олон гишүүн үзэл бодлоо илэрхийлсэн.
      Нэг шинэ мэдээ дуулгахад дараачийн уулзалтанд ямар нэг шинэ киноны багийн уран бүтээлчид эсвэл манайдаа кино урлагийн хэн нэг төлөөлөгчтэй уулзахаар болсон. Миний зүгээс удахгүй шинэ киногоо гаргах "Hero" энтертайнментийн захирал Баатарыг санал болгосон. Миний бодлоор энэ хүн манайдаа сайн видео хийдэг төдийгүй "Би чамд хайртай" киногоор (хэдийгээр хэтэрхий худалдааны чиглэлтэй гэмээр болсон ч), хошин шогийн тавилттай монгол кинонуудаас ялгарч чадсан. Түүнчлэн шинэ кино гаргаж байгаа нь бидэнд кино хэрхэн бүтдэгээс эхлээд хийсэн хүн үзэгч бидэнд нөгөө талын мэдээлэл хүргэж чадах болов уу гэж итгэсэн юм.
    Бас нэг мэдээ нь ирэх баасан гариг буюу есдүгээр сарын 17-нд "Resident Evil" киноны нээлт болно. Гэхдээ нэг хоногийн наана, цаана болохыг үгүйсгэхгүй. Бид урьд нь "Step Up" киноны нээлтэнд Soul in Beatz, TeckBros бүжгийн хамтлагтай хамт нэгэн үдшийг өнгөрүүлсэн нь онцлог болсон. Тэгвэл энэ удаагийн нээлтийг Dress Code-той эсвэл маскарад хэлбэрээр зохион байгуулах талаар ярилцсан. Тухайлбал, өвөрмөц сонин будалт хийж, хувцаслалтандаа ч анхаарч болно. Гэхдээ гишүүд гудамжаар тэр хувцастайгаа явах нь хэцүү гэж байсан тул "Өргөө" кино театрын зүгээс мэргэжлийн нүүр будагчдыг тухайн өдөр урьж, гишүүд цагаасаа өмнө ирээд хүссэн дүрдээ хувирах боломжтой гэсэн. Мөн "RE" нээлтийн тасалбарыг нэг хоногийн өмнө тараана гэсэн шүү.
    Аа тийм, уулзалтын үед гишүүд монгол кинонд брэнд бүтээгдэхүүнийг хэт их сурталчилдаг гэж байсан. Би өмнөх бичлэгтээ "Product Placement" буюу "Кино реклам"-ны тухай дурьдсан. Энэ бол бусад ямар ч орны кинонд байдаг зүйл. Манайхан одооноос ашиглаж байгаа учраас хэлбэрээ хараахан олоогүй, үзэгчдийг залхааж байгаа нь үнэн. Олон хийгээд ирэхээр үзэгчдийн саналыг ч болов харгалзаад энэ байдал цэгцрэх байх. "Кино реклам"-ны талаар дэлгэрэнгүй тайлбарыг, түүхэнд хамгийн сайн болсон рекламнуудын хамт удахгүй оруулна аа.
Сүүлийн үед "Facebook"-т "Comedy Evening" гэсэн Event зарлал харагдах болоод удсан. Миний мэдэхийн 3 удаа болсон энэ үйл ажиллагааны дөрөв дэх удаагийнхад очлоо. Урьд уран бүтээлчидтэй уулзаж, ярилцаж байсан тул мэдээж төсөөлөл байсан. Харин өөрийн биеэр "Хошин оройлог"-т очсон минь дурсамжтай, зугаатай үдэш боллоо.
Эхлээд "Intuition" лаунжийг ололгүй бяцхан төөрөлдсөний эцэст ёолкны гэрлээр гоёсон модоор багцаалан орсон юм. :-) Оройлог хараахан эхлээгүй байсанд хүмүүстэй мэнд мэдэж, ярьж хөөрөх зуур "Comedy Evening"-ийн "бие халаалт" хошин видео үзүүлж эхлэв. Хөгжилтэй, инээдэмтэй тэр бичлэгүүдийг үзээд ид дундаа орж явтал XXI зууны их хотод ток тасарч, лааны гэрэлд хэсэг хормыг өнгөрүүлэх болов. Гэхдээ энэ хугацаанд уйдаагүй, Хайдав гуай хэсэг зуур хөгжилтэй яриа дэлгэж, СУИС-аас шуудай ток захиснаар бид гэрэлд гарсан юм.
Үдшийн эхний үзүүлбэр, Бокигийн Өвөрмонголын телевизийн хөтөлбөрөөр эхэлсэн. Мэдээллийн хөтөлбөр, Англи хэлний хичээл хамгийн хөгжилтэй байсан.
Түүнчлэн Астро, Боки нар бидний сайн мэдэх Vanilla Ice, Britney Spears, 50 Cent-ийн дууны монгол орчуулгыг толилуулсан нь гайхалтай. Астро дуулмагц, Боки орчуулж цугласан хүмүүс нүүрээ үрчийж, нүдээ зураас болтол инээв. =D
Дөрөв дэх удаагийн хошин оройлгийн бас нэгэн сонирхолтой үзүүлбэр нь Universe Best Songs уралдааны шилдэг оролцогч Оргил, Ганзаяа нарын дуу байлаа. Оргил Ne-Yo-гийн So Sick дууг дуулах нь үнэхээр гайхалтай. Мөн Ганзаяа I'm Yours дуулахдаа  ч үгээ мартдаг имижээ гээсэнгүй. Гэхдээ бид хамтдаа дуулж, хамтдаа хөгжилдсөн.
Дараа нь тэр үдэш цугласан "ХАС" банк, UBS Music, Asuult.com болон бусад үзэгчдийн дунд авьяасаа үзүүлэх тэмцээн зарласанд "ХАС" банкны Оюунаа гэж эгчийн ярьсан онигоо шууд л түрүүлэхэд хүргэсэн. Учир нь нөгөө хоёр оролцогч нь шууд бууж өгсөн юм :P
Оройлгийн сүүлчийн үзүүлбэрийг Туяа эгч, Боки 2 "Унагалдайн мухлаг"-"Мондины мухлаг" нэртэйгээр толилуулав. Энэ үдэш Унагалдай их сахилгагүй, томоогүй байдал гаргасан. Магадгүй тэр их бухимдалтай байсан бололтой. :P
Үүнээс цааш энэ үдшийн бүх зүйлийг бичнэ гэвэл урт өгүүллэг болох байх аа. Ямартай ч миний бодлоор энэ үдэш Stand up comedy үзүүлбэр сонирхож, уран бүтээлчдийн хэлснээр элгээ эвхэртэл инээсэн. Баасан ахын төрсөн өдрийг цөөнгүй хүмүүс үргэлж клабт эсвэл аль нэг паб-д өнгөрүүлдэг. Шууд түүнийгээ орхи гэхгүй ч Хошин оройлогт ирвэл өөр өнцгөөс өөр зүйлсийг харж, нэгэн оройг өвөрмөц, зугаатай хэлбэрээр өнгөрүүлэх юм билээ.
       Кино урлагийн түүхийг сөхвөл 1895 онд Люмерийн ах дүүс Парисын нэгэн кафед “Уурхайчдын ажил тарлаа” гэсэн цуврал зураг бүхий дүрс үзүүлж байв. Энэ цагаас кино урлагийн цагаан толгойг эхлүүлж, хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд хоногшиж, оюун санааг хөглөх олон гайхалтай дэлгэцийн бүтээл бий болжээ. Миний бодлоор киноны үйл явдал ижил төсөөтэй, эгэлгүй ганц гээд янз бүр байх ч түүнээс үзэгчид хандан өгч буй санаа нь хамгийн чухал. Нэг удаа үзээд ойлгох кино байхад, үзэх бүрийд амьдралын өөр, өөр дүр зураг, үнэн мөнийг өгүүлэх бүтээл ч бий.

            Тэгвэл энэ бүхэнд шимтэгч, кино урлагт дурлагч зуу, зуун залуутай хамт үзсэн “
Step Up 3D киноны тухай өөрийн бодлыг бичихийг хүслээ. Найруулагч Жон Чугийн эл бүтээл imdb-гээс өндөр үнэлгээ аваагүй ч, нээлтээ хийсэн даруй үзэгчдийг кино театрт урин дуудсан. 


            Киноны үйл явдал бүжгийн тулаан, хайр сэтгэл, сонирхол, хэвшмэл амьдралын аль нь вэ гэх сонголт, найз нөхөд дурлалт хосын харилцаанд үүсэх үл ойлголцол гээд бусад энэ төрлийн кинотой адил.

            Харин киногоор бидэнд өгөх гэсэн гол санаа Люкийн хэлсэн “
Born To Dance гэсэн үгээр илэрч байна гэж бодлоо. Тэрбээр Мүүст “Зарим хүн амьдралын явцад бүжиглэж сурдаг бол, чи бүжиглэхийн төлөө төрсөн” гэж хэлдэг. Үүгээр хүн авъяас, сонирхлоо хөгжүүлж чадвал тэр чиний амьдралын зорилго болно, түүнээс хэзээ ч бүүр ухар гэсэн санааг гаргажээ. Мөн энэ киног үзсэн ямар ч залуу хүн үлбэгэр, дорой байдлаас зайлсхийж, дуртай зүйлдээ цаг гарган, түүнээсээ эрч хүч авч, эргэн тойрондоо түүнээ түгээх хүсэл дүүрэн болно гэдэгт итгэлтэй байна.

            Бүжигтэй кинонд сэтгэл хөдлөлөө хөгжмийн хэмнэлд уран сайхнаар дүрслэн үзүүлэх нь нэн чухал. “
Step Up 3D”-гийн бүжиг дэглэлт нь тун ч сонирхолтой. Тэр дундаа робот хөдөлгөөнтэй хэсэг, Самурай, Далайн дээрэмчдийн тулаантай хэсэг нь гайхалтай. Мөн кино театрт, хөгжмийн чихэнд наалдацтай дуугаралтыг мэдэрсэн хэн бүхэн тохитой, томоотой сууж тэсэхээргүй юм билээ.

            Жүжигчдийн хувьд гол дүр Мүүсийн дүрийг бүтээсэн Адам Севанийн аав нь мэргэжлийн бүжиг дэглээч бөгөөд Адам багаасаа бүжигчин байжээ. Уилл Смит, Ти-Пейн гээд олон алдартай дуучдын клипэнд бүжиглэж байсан тэрбээр “
Step Up 2 кинонд тоглосноор дэлгэцийн бүтээлд хүч үзэх болж. Рик Маламбри буюу Люк загвар өмсөгч, “Abercombie and Fitch брэндийн нүүр царай байжээ. Харин кино урлагт хөл тавиад удаагүй байгаа нэгэн. Наталигийн дүрд тоглосон Австралийн жүжигчин Шарни Винсон телевизийн цувралд тоглож байгаад “Step Up кинонд тоглосноор уран сайхны кинонд тоглож эхэлж байгаа.

            Кино эхлэхэд Мүүс, Люкийн
Nike Dunks пүүзийг хараад дагаж явснаар үйл явдал өрнөдөг. Миний бодлоор Nike брэнд киноны багтай хамтран ажилласнаар “Product Placement буюу мэргэжлийн хэллэгээр бол “Кино реклам” байршуулсан нь амжилттай болсон байх. Одоо бүжиглэх дуртай, бүжиг сонирхдог хэн бүхний имижийг Nike Dunks бүрдүүлж чадна. Сонирхуулахад, кино рекламыг туршиж үзэх эхний оролдлогоор нэг цагийн гучин минутын кинонд Кока Кола ундааг тодорхой давтамжтайгаар гаргаж байжээ. Кино дуусмагц үзэгчид танхимаас гарч ирээд тавиурт байсан Коларуу “дайрч” байсан гэдэг.

            Төгсгөлд нь хэлэхэд бид юуны төлөө төрсөн бэ? Байгаль эх бидэнд ямар авъяас хайрлаж вэ? гэдгийг олж, өөрийгөө таних нь хамгаас чухал. Чаддаг, дуртай зүйлээ хийвэл амьдрал бидэнд уйдах зав олгохгүй нь лавтай.
    Хил давж аялсан өдрүүд мартагдаж, ажил гэж мунгинасан өдрүүд эрээлжлэн өнгөрч байлаа. Энэ үед найзуудын хамт амралтын өдрөө өнгөрүүлэхээр Цонжин болдог дахь Чингис хааны хөшөө болон Тэрэлжийн Аръяабалын бясалгалын сүмийг зорьсон юм.
    Үүлтэй тэнгэр бүрхэж, сэрүүн салхи үлээсэн өдөр их үдийн алдад хотоос гарлаа. Замд бороо шаагиж байсан нь аялал, зугаалга хийхэд таатай байгаагүй ч нэгэнт төлөвлөсөн тул бид хурдаа нэмэн гишгэв. Машинд миний сонсох дуртай My Chemical Romance, Muse, The Kooks... эгшиглэж, андууд минь дотроо цухалдаж, өөр дуу сонсохыг хүсэвч тоглуулагчинд минь байсангүй. Цаг гаруй ярихдаа хөгжим даван орилж ч үзсэн, хөгжимд дарагдан дүмбийж ч үзсэн.
    Эзэн Чингисийн хөшөө буюу Цонжин болдог дахь "Чинис хааны хөшөөт цогцолбор"-т ирэхэд үүлэн завсраар наран гялтайсанд бидний сэтгэл мөн гэгээ тусав. Түүхэнд өгүүлснээр Цонжин болдог хэмээх энэ газраас Чингис хаан ташуур олж байжээ. Угаас Монгол хүн ташуур олохыг ихэд бэлгэшээдэг тул, хөшөөт цогцолборын хойморт алтан ташуур залжээ. Мөн хажууд нь эх орныхоо нэрийг "Гиннес"-ийн номонд мөнхөлсөн, дэлхийн хамгийн том монгол гутлыг байрлуулсан нь бахархал сэтгэл төрүүлж байв.



  Цогцолборын нэгдүгээр давхарын гол хэсэг цэлгэр бөгөөд сэлүүхэн аж. Харин шатаар буумагц Хүрэл зэвсгийн үеийн музей бий. Монголчуудын эдэлж, хэрэглэж байсан хүрэл аяга, бас, хутга, мэс, тэмдэг гээд олон төрлийн үзмэрийг дэлгэн тавьсан нь сонирхолтой. Мөн амралтын өрөөнүүд нь тохилог бөгөөд ханандаа монгол угсааны хаадын хөргийг залсан нь алжаал тайлангаа, амрах, эргэцүүлэх боломж олгов.


    Музейд зочилоод эргэж дээш гарч ирвэл монгол ноолуур, арьс ширээр хийсэн хувцас, хэрэглэлийн дэлгүүр бий. Мөн эртний баатрын өмсгөлтэйгээр дурсгалын зураг татуулж ч болно. Цогцолборын хоёрдугаар давхарт зоогийн газар байрлана. Энэ удаад хоолны талаар сонирхолгүй, цахилгаан шатанд сууж дээш гарсан юм. Нэгэн жижиг танхимд телевизээр цогцолборын танилцуулга дүрс бичлэгийг үзүүлдэг аж. Хэсэг сонирхоод, дахиад дээш гарахад эзэн Чингисийн хөшөөний оройд ирнэ. Гайхалтай нарийн хийц нь олныг алмайруулж байв. Чингис хааны эх бие, дээлийн нугалаа бүү хэл эмжээрний хээг ч нямбай гаргажээ. Эргээд харвал Цонжин болдогийн тал харагдаж, цээж дүүрэн амьсгалахад агаарын сайхан нь нэн таатай.
    Цогцолборт зайлшгүй үзэх, хийх ёстой зүйлс гэвэл энэ. Мэдээж хамт олон, найз нөхөдтэйгээ яваа бол өмнө талбайд налайх гээд хийх зүйл юу мундахав. Гадаа зоогийн газарт хооллож, шонхор шувуутай "хийморлиг"-оор зургаа авахуулах гээд юу ч хийсэн болно.


   Цогцолборын сүрлэг хаалгаар гаран дараачийн зогсоол руу хурдаллаа. Тэрэлж Үндэсний Соёл амралтын хүрээлэн дэхь хамгийн эхний зогсоол нь домогт мянган ламын агуй. Ам дамжсан яриагаар бол хэлмэгдүүлэлтийн үед энэ агуйд олон тооны лам нар хорогдож, амь гарсан аж. Тиймийн учир Мянган ламын агуй гэж нэрлэжээ. Одоо бодоход энэ хадан хавцалд мянган хүн бүү хэл 10 хүн багтахад хэцүү. Агуйн дэргэд хөлсөөр морь унуулах хүмүүс бий. Нэг мордоод ойрхон явахад 5000 төгрөг гэнэ. Гэхдээ сайн "ярьвал" хэдээр унахаа таны авьяас мэднэ.



   Эндээс хөдлөөд өртөөлсөн дараагийн газар бол мөн домогт Мэлхий хад. Алсаас хармагц яст мэлхийн дүрстэй энэ хадны өвөрмөц тогтоц дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг татдаг. Хаданд авирах нь нэг төрлийн дасгал болоод сайхан байсан. Түүнчлэн тэмээн дээрээс нар хэр ойрыг эндээс мэдэж болно.


    Мэлхий хадыг үзэхэд нэг их удахгүй тул цааш Аръяабалын бясалгалын сүм рүү явлаа. Шороон замаар сүмийн үүд хүрэхэд зам нь тийм ч таатай биш. Гэхдээ ариун дагшин газарт сайныг бодоод явахад хүрэх замд саад үгүй байлгүй дээ. Яг бясалгалын сүмд очиход машинаа доор үлдээгээд дээш ууланд авирна. Хадан дунд моддын дунд алхаж, дүүжин гүүрээр зорчоод сүмийн хаяанд ирэв. Бурханы оронд хүрэхийн тулд 108 шатаар өгсөх хэрэгтэй ба үүний урьд өөрийн амьдарч буй орчлонгийн 8 харанхуйгаас гэтлэх хэрэгтэй. Энэ бүгдийг бэлгэдэн 116 шат хийжээ. Мөн эдгээр нь доороосоо нарийн байгаад дээшлэх тутамд өргөснө. Сүмийн дээр гарч урагш хараад байгалийн үзэсгэлэнг бахдан зогслоо. Бид хотоосоо гадагш 50-иадхан км яваад ингэж амарч чадна гэхээр сайхан санагдаж байв.
     Аръяабалын сүм нь монголд хоёр байдаг бясалгалын сүмийн нэг юм. /Нөгөө нь Төвхөний хийд/ Эл сүмийг байгуулаад удаагүй ч, өдгөө олны хөлийн газар болж, хүсэл, зоригоо даатгадаг нэгэн төв болсон гэлтэй. Ер нь бурхан, номын газар байгуулахад газар нь догшин байх хэрэгтэйн учир хадан хөндийдөө 99 шовх үзүүртэй эл нутгийг сонгожээ. Түүнчлэн хадан дээр маанийн зургаан үсгийг сийлэн хийсэн нь ур ухаан, хөдөлмөр шингэсэн бүтээл болсон нь харагдана.

    Ийнхүү явсаар үдшийн бүрийд хотын бараа харсан юм. Урьд нь энэ чиглэлээр олон явсан ч жуулчдын хөтөч хийснээс, өөрөө жуулчин болж явсан удаагүй. Хааяа ч гэсэн орчноо сольж, идэвхитэй амрах нь сайхан санагдсан тул үүнийг уншигч Та ч бас ингэж аялаарай. =D
   Наймдугаар сарын 27-ны баасан гаригийн үдэш Монголын кино сонирхогчидын клубын дөрөв дэхь үйл ажиллагаа "Step Up 3" киноны нээлт боллоо. Цахим зар дээр оролцоно гэж бүртгүүлсэн олноос харьцангуй цөөн хүн цугласан байсан ч "Өргөө" кино театр  Монголын кино сонирхогч залуусаар дүүрэн байсан юм. Дотор, гадаагүй үйл ажиллагаа эхлэхийг хүлээн анд, нөхдөөрөө хөөрөлдөн зогссон тэдэнд хамгийн түрүүнд баярласнаа илэрхийлэх хэргтэй байх.
  Удалгүй кино театрын нэгдүгээр давхарт хөгжмийн цоглог хэмнэл сонсдож, R&B чөлөөт бүжгийн "Soul in Beatz", тектоник бүжгийн "TeckBros"-ийн залуус цугласан олны сэтгэлийг хөөргөөд авсан.


   Цаашлаад театрын гаднах тайзнаа хөтлөгч Х.Болорбатын мэндчилгээгээр "Step Up" кино үдэшлэг албан ёсоор эхэллээ. Залуу уран бүтээлчид шинэ дуугаа сонордуулан, тэдэнтэй хамт дээр дурдсан хамтлагууд бүжиглэж багагүй хугацааг хөгжилтэй өнгөрүүлсэн. Үзэгчидийн дунд Монгол кино сонирхогчид клубын гишүүд төдийгүй "Өргөө" кино театраар үйлчлүүлж байсан иргэд болон бидний нэрлэдгээр гудамжны хүүхэд, хөгшид ч цөөнгүй харагдаж байв. Тэд ч мөн залуусын хөгжмийн хэмнэлд шавиагаа ханатал бүжиглэж авсан байх.
 

    Ингээд нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, үзэгчид танхимд суудлаа эзэллээ. Гэрэл бүдгэрч, хөгжим аажмаар чангаран "Step Up 3" дэлгэцэнд гарч эхэллээ. Киноны тухай энд дэлгэрэнгүй өгүүлэх нь илүүц биз. Юутай ч үзсэн бүхний сэтгэлийг хөдөлгөж, суудалдаа зүгээр сууж тэсэхээргүй кино байсан. Бүжгийн тулаантай хэсгүүдэд үзэгчид үйл явдалд өөрсдөө оролцож байгаа мэт алга ташин, орилж, гайхалтай бүжгийн хөдөлгөөнийг хармагц уулга алдах нь сонсогдож байв. Гэртээ суугаад үзэх, театрт үзэхийн ялгаа энд л жинхэнэ утгаар мэдрэгдэж байлаа.
   Харин манай кино сонирхогчид одоог хүртэл киноны төгсгөлийн "Cast" хэсгийг үзэж дадаагүй байгаа бололтой. Сонирхуулж хэлэхэд "cast" гэсэн үг эртний англи хэлэнд "эргэцүүлэх, төсөөлөх" гэсэн утгатай аж. Угтаа энэ нь үзэгчид тухайн кино юун тухай өгүүлэв, бидэнд ямар санаа өгөхийг зорьж вэ гэдгийг тунгааж бодох цаг юм. Цаашлаад кино театрт "Cast" хэсгийг үзэх нь бас нэг төрлийн соёл гэдэг юм билээ.
   Энэ удаагийн үйл ажиллагаа зохион байгуулалтын хувьд өмнөхөөсөө шат ахисан санагдсан. Залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс хэмээн гомдоллох болсон цагт Монголын кино сонирхогчидын клубын залуус үе тэнгийхэндээ зориулан ийм ажиллагаа санаачилсанд талархаж байна. Харин тэдний хичээл, зүтгэлийг талаар болгож, үйл ажиллагааны зарлалд оролцоно гэж мэдэгдээд ирээгүй хүмүүст дахиж битгий ийм байдал гаргаарай гэж хүсэх байна.
Эх нутагт ирээд төрсөн сэтгэгдэл 

    Арав гаруй хоног аялсны эцэст нутгийн зүг буцах өдөр боллоо. Нисэх онгоцны буудлын хаалгаар ороход онгоцонд суухын дайтай шалгалтаар нэвтэрнэ. Бүртгүүлээд Gate-дээ очих дугаараа харвал Gate №222 гэж байв. Ингээд бодохоор Стамбулын онгоцны буудал нэлээдгүй том нь мэдэгдэнэ. Орох хаалганыхаа дэргэд ирээд нэг монгол өвөөтэй таарсан минь Урчуудын Эвлэлийн Хорооны барималч хүн байсан юм. Хоёул элдвийг хөөрөлдсөөр ортол нисэхийн ажилтнууд өвөөгийн цүнхийг заагаад шалгана гэлээ. Бээлий өмсч, маск зүүсэн тэр хүн ухаж, ухаж цүнхнээс нь эвхдэг хутга оллоо. Өвөө гар тээшиндээ хутга байсныг мартаад хураалгах нь тэр. Олон жил надтай хамт явсан юмсан гээд арай л "хагацах" цаг болж дээ гэсэнгүй. Онгоц нисэхэд цонхоор харвал хязгааргүй далай дээгүүр нисч байлаа. Ирэхэд шөнө, харанхуй байсан тул харж чадаагүй аж. Мармарагийн далайн гүн цэнхэрлэхийг ширтэн, элдэв зүйлийг төсөөлөн бодсоор хэсэг дугхийжээ. Нэг мэдэхэд Москвад ирсэн байв. Шерметевд тал бүрээс яваа монголчууд цуглаж, амар мэндээ мэдэн онгоцоо хүлээхэд хоёр цаг гаруйн хугацаа хурдан өнгөрөх шиг болсон. Улаанбаатар хүртэлх хугацааг дэргэдээ суусан Франц охинтой ярилцаж өнгөрөөлөө. Тэрбээр монголд сайн дураараа ажиллахаар ирж байгаа аж. Англиар ярьж байгаад хааяа үгээ мартаад, дүрсэлж тайлбарлаж үзүүлэхээр нь янз бүрийн хувилбар хэлээд л "Та, таа, тунгаа" шиг юм болов. Улаанбаатарт ирэхэд салхинд өвс найгаж, бүрхэг тэнгэрээс бороо шивэрч байв. Хурдан гарч чийгийн үнэр мэдэрнэ гэхээс дотроо яаран зогслоо.


   Онгоцноос буумагц эх орондоо ирлээ гэсэн дотно сэтгэл минь ширүүн харцтай харчуул, ярвайн зогсох бүсгүйчүүлийг хараад нэг л хачин болчихов. Гадаадын онгоцонд сууж, буухад тавтай морил, сайн яваарай гээд инээмсэглэн зогсдог. Харин манайхан хэл амгүй хүмүүс шиг хүний өөдөөс инээх нь бүү хэл, үл тоосон шинжтэй дээгүүр харан хялам хийнэ. Гэхдээ тэд чийгийн үнэрт яарах хүслийг минь няцааж чадаагүй юм. Ингээд бодохоор гадаадад байгаа хүмүүсийн зарим нь эх орондоо ирэхийг хүсдэг байхад, зарим нь Монголд очихгүй гэдэг нь тэд эх оронч үгүйтэй төдийлөн холбоогүй мэт. Харин нэг хэсэг нь хүйтэн харцнаас эхлээд ямар ч ажлын амжилтын үндэс болсон харилцааны соёл бүрэн төлөвшөөгүй нийгмийг тэвчиж чадахгүй тул Монголд ирэхгүй гэжээ. Тэд хүн хүнээ хүндэлдэг, хүнийг мөнгөтэй, ганганыг үл хайхран хүнийг хүн гэж хүлээж авдаг нийгэмд амьдрахыг хүсч байна. Харин нөгөө хэсэг нь хүсэл, сэтгэлээ болоод өөрөө өөрийгөөө хүндлэн, энэ нийгэмд биш эх орныхоо байгальд шүтэн, ижий аавынхаа элгийг дэвтээхээр эргэж ирдэг аж. 
    Гэхдээ энэ байдал өөрчлөгдөнө гэж итгэж байна. Орчин үеийн залуус талархсан сэтгэлээ илэрхийлж, таагүй хандсан нэгнээсээ уучлал эрж, нэг нэгэндээ урам хайрлан мишээж чаддаг болсон. Энэ бүхэн байхад тэд, бид ойлголцоно, нэгдэнэ, хамтдаа хийж бүтээнэ.

Панз үсэргэсэн нь 

Ногоон Бурсаг үзээд Авша арал дээр эргээд ирлээ. Гэрээсээ яваад эргээд ирж байгаа хүн шиг сэтгэлд дотно сайхан мэдрэмж төрж байв. Энэ арал дээр тавхан хоносон боловч сонирхолтой, зугаатай олон дурсамжтай хоцорч, басхүү Турк иргэдийн эгэл, жирийн амьдралтай бага ч гэсэн танилцсан.
Ингээд сүүлчийн үдэш зугаалаад хөл ихтэй Стамбулд ирлээ. Усан онгоцоор далайг гэтэлж, ирээд "Лалэли" гэх өнөөх алдарт худалдааны гудамжинд байрлах зочид буудлаа зүглэв. Их хотын өргөн замд бөглөрөл үгүй боловч "Лалэли"-ийн нарийн гудамжинд яг л Улаанбаатр шиг бөглөрч, шуугина. Гэхдээ манайхан шиг хэрэлдэж, маргалдаад зогсоод байхгүй. Учраа олоод хөдөлцгөөнө. Харин дайны хажуугаар дажин гэж төмөр түрдэг тэрэгтэй нөхдүүд наймаачдын барааг ачин машинаас илүү хөдөлгөөн үүсгэнэ. Бөглөрч гацсан машиныг дайраад гарах нь холгүй. Чиний машин зурагдахаас миний төмөр тэрэг яах ч үгүй гэсэн янзтай. Мөн гудамжинд холхих наймаачид хүний олноор түрий барин хөдөлгөөнд оролцож байгаа машиныг өргөөд холдуулах нь ээ. "Лалэли"-ийн ажлын өдрийн оргил цагийн дүр зураг нэг иймэрхүү. Эдний дундаар чемоданаа чирсээр "Эмуш" буудалдаа ирж амарлаа.
Маргааш өглөө нь панз үсэргэхээр гарав. Дэлгүүр бүрийн үүдэнд нэг хүн зогсоод "пожалуйста" гэж чангаагаад алхуулахгүй. Хаалгаар ормогц худалдагчид нь энийг үз, тэрийг хар, суугаад үз, бариад, өмсөөд үз гээд л мөнгө салгах гэж элдвээр оролдоно. Бас болоогүй кофе, жимсний шүүсээр дайлаад ойр зуурын зүйлс ярьж хөгжилдөхөө ч мэднэ. Ялангуяа залуу охидыг "очень красывой" гэж хөөргөөд овоо юм зарчих санаатай. Худалдагч нь залуу бол өөрөө танилцъя, хөгшин бол хүүтэйгээ танилцуулна гээд л хөгжилтэй яриа их өрнөнө. "Лалэли"-д явахад Орост байгаагаас ялгаа үгүй. Оросын наймаачид их ирдэг тул хүн бүр Оросоор маш сайн ярина. Харин англиар ярих нь өдрийн од шиг юм билээ.
Барааны чанарын хувьд бол маш сайн санагдсан. Бөс барааны даавууг Туркт гаргаж авдаг гэж урьд нь сонсч байсан болоод тэр үү материал сайтай. Түүнчлэн дэлхийд алдартай брэндийн загварын хувцас гудамж, дэлгүүрт дүүрэн. Урд хөршийнхөөс арай үнэтэй бөгөөд хавьгүй илүү чанартай. Тиймээс Туркт дунд зэргийн орлоготой л бол муухай хувцаслах арга алга.
Манайхан Турк мөнгөн эдлэлийг сайн мэднэ. Энд мөнгөн эдлэл бараг л "хог дээр гарсан" гэхэд хилсдэхгүй. Хаа сайгүй алт, мөнгөний дэлгүүр. Том гэгч тасалгаанд хана дагасан шалнаас хана хүртэл өндөр шургуулга бий. Нүд бүрийг татахад өөр загвартай бөгөөд бүгдийг үзнэ гэвэл нэг өдөр хүрэлцэхгүй. Сав барьж явсаар гарахдаа жигнүүлээд тухайн өдрийн ханшаар нэг грамм алт, мөнгөний үнийг тооцож худалдаана. Гэхдээ миний аяллын үед дэлхийн зах зээлд үнэт металлын үнэ өссөн үе байсан юм.
Үдэш нь Стамбулын гудамж дэлгүүр болон хувирах нь сонирхолтой. Хаа, сайгүй хүмүүс дэвсгэр дээр цүнх, гутал, оймс гаргаж тавиад, гудамжаар орилон зарлаж, хуурамч брэндийн бараагаа борлуулна. Харин энэ үеэр "Жандарма" буюу цагдаа ах нар дөхөж ирвэл бүгд юмаа эвхээд тал тал тийшээ гүйлдэн одно. Хаа газар л ийм тохиолдол байх юм даа гэж бодлоо.
Энэ их өдрийн дараа Стамбулын "Таксим" гудамжаар алхаллаа. Москвагийн Арбат, Сөүлийн Мёндонтой адил энэ хотын нүүр царай болсон энэ гудамж бас л хөл ихтэй, бужигнана. Үнэтэй брэндийн дэлгүүр хаяа дэрлэн мөн л зуны хямдрал зарлаж бүгд үүдэндээ "Индирим" гэсэн бичиг хаджээ. Мөн Starbuck's, McDonald's, Friday's гээд дэлхийд алдартай хэл, ходоод баясгах газрууд байх нь таатай.



Таксимаас буцахдаа автобусаар явлаа. Буудал дээр билет таслах автомат шалгагч байх ч, хянагч ажилтан хажуунаас нь давхар шалгана. Харин Таксим явах автобусанд суусан хойноо 1,5 лир төлнө. Та санаж байгаа бол нэлээд хэдэн жилийн өмнө Туркт бүх зүйлийн үнэ саяар тоологддог байсан. Харин энэ байдлыг өөрчилж тухайн үеийн 1 сая лир одоо 1 лир болжээ. Гэхдээ задгай мөнгө хэлэхдээ хүмүүс саяар хэлнэ. Ялангуяа тэгж жуулчдаар нааддаг бололтой. Автобусны үнэ асуухад 2 сая 500 мянга гэв. Хаа очиж энэ тухай мэдэж байсан тул цочирдох бус инээгээд мөнгөө төлсөн юм.



Стамбулаар панз үсэргэсэн тухай гэвэл иймэрхүү. Ер нь эндээс худалдаа, наймаа хийхэд урамтай бөгөөд сайн чанарын бараа боломжийн үнээр авах нь сайхан.
   Ногоон Бурсад нэг өдөр

       За ойрын хэд хоног блогоороо шагайлгүй нам гүм байлаа. Арал дээр яг ингээд л хэд хоног амьдралаас тасарсан юм шүү дээ. Өдөр нь эрэг дээр хэвтээд, орой нь жижиг арлынхаа ганц гудмаар зугаалаад л.

Авша арал үнэхээр зугаа цэнгэлийн газар байсан. Гудамжинд нь тоолж үл барам шөнийн клуб, зоогийн газрууд хаяа дэрлэнэ. Үүдээр нь явахад бас л чангаана. Хөгжилтэй нь, намайг биш ээжийг дуудаад ороё гээд л. Ээжийгээ таныг надаас залуу гэж хараад дуудаад байна гээд "хөөргөх" гэтэл "Үгүй ээ. Чамайг дуудахад би үгүй гэвэл тэгээд дуусаа. Харин би орчихвол чи орохоос өөр аргагүй шүү дээ" гэдэг байгаа. :-)

Орой буудалдаа орохдоо хоёулаа Турк шар айраг амсч үзлээ. Энд Efes-ийн Pilson-оос өөр шар айраг үгүй. Арга ч үгүй биз, дэлхийд шар айраг үйлдвэрлэлээрээ Efes 12 дугаарт, Европт тавдугаарт ордог бөгөөд Туркийн зах зээлийг "атгасан" үйлдвэр юм билээ. Нэрний хувьд эртний Грекийн нийслэл Ephesus хотыг Туркчууд Эфес гэдэг байж. Дэлгүүрээс шар айраг авахад бидэн шиг ил бариад явах хүн ховор. Учир нь мусульман шашинтнууд "уг номондоо" бол согтууруулах ундаа хэрэглэх хориотой. Гэхдээ энэ хүмүүс "Раки" гэх архиараа алдартай. Усан үзмийн хаягдлаас гаргаж авсан энэ архиа усаар шингэлж, сүүн цагаан өнгөтэй болгоод ууна. Тийм ч учраас үүнийг "Арслангийн сүү" гэдэг юм билээ. Сонирхолтой нь, туркээр арсланг аслан гэнэ. Ер нь турк хэлэнд цэцгийг чичэг гэхчлэн монголтой төстэй үг олон сонсогдсон.
   Шинэ өдрийг үүрийн таван цагт угтлаа. Учир нь энэ өдөр зургаан цагаас Туркийн дөрөв дэхь том хот Бурсаг зорих байсан юм. Түм бужигнаж байдаг арал эзгүй бөгөөд намуухан ахуйд усан онгоцонд сууж одлоо. =D Эцсийн зогсоол маань Эрдек гэх арал боловч усан онгоц замаараа хоёр, гурван арлаар дайрч зорчигч аваад, буулгаад л автобус шиг явж байсан юм. Ингээд үдийн алдад Эрдек аралд ирээд, дахиад хот хоорондын автобусаар Бурса руу явлаа. Замдаа цонхоор харахад байгаль нь монголтой төстэй ч юм шиг санагдав.

Замдаа дайрсан арал :-)

Хот хоорондын автобус
Эрдект буугаад Бурса орох замд
   Бурсад ирэхэд тайван, амгалан сайхан мэдрэмж төрж байв. Танил харагдсан хаяг гэвэл Hyundai автомашины үзэсгэлэн, худалдааны төв байсан юм. Энд Hyundai-Accent-ийн шинэ загварын такси монголын "золби шар"-тай адилхан хурдална. Сүлжээд л, гишгээд л. Орой нь Бурса хотын шинэ шилэн барилгатай нэр нь үл мэдэгдэх Плазагаар орлоо. Бараг бүх дэлгүүрийн үүдэнд Indirim гэсэн бичиг байсан нь хямдрал гэсэн үг аж. Европын жишгээр дэлгүүрүүд намар цагийг угтаж зуны бараандаа хямдрал зарласан нь энэ. Гэхдээ манайх шиг 10-50 хувь биш 60-70 хувь байсан юм.
  Маргааш нь бас л өглөө эртлэн босоод Улудага ууланд гарахаар явлаа. Урьд нь ийм нэртэй олон төрлийн цэвэр ус харж байснаа бодвол энэ уул Туркт их алдартай бололтой. Харамсалтай алдартай энэ ууланд дүүжингээр гарах бөгөөд нэг удаад 10 гаруйхан хүн багтаах энэ дүүжинд суухын тулд 2 цаг гаруй дугаарласан юм.
Байшин дотор дахиад дүүрэн хүн дугаарласан байлаа.
Харин дүүжинд суугаад доош харвал хотын байдал гайхалтай харагдаж байлаа.

Үүлтэй тэнгэрийн доор, үлэмж уулын оройд гарч ирмэгц дахиад бяцхан хот угтав уу гэлтэй. Зочид буудал, морь унах газар, дэлгүүр, хоолны газар гээд бас л бүх төрлийн үйлчилгээ байв. Хамгийн содон нь махаа сонгоод, гадаа шарж идэх байсан юм. Ингээд нэг таваг дүүрэн мах 50 лир / бараг 50 мянган төгрөг/-ээр аваад ширээндээ суулаа. Бүх хачир нь дагалдаад ирж байна. Махаа шарах зуур маш их даарлаа. 30 хэмийн халуунаас хэдэн хэмтэй уулын оройд гарч ирснээ ч мэдсэнгүй. Ядаж халуун цай уух гэтэл байхгүй хэрнээ, халуунд хайгаад олдоггүй цэв хүйтэн ундаа төрөл бүрээрээ байсанд хэлэх ч үггүй боллоо.

Бурсагийн тоор Туркт хамгийн амттай нь
    Үдийн хоол амттай байсан ч даарсандаа болоод төд удалгүй Уладагаас уруудсан юм. Гайхалтай нь буухдаа дүүжинд суухын тулд ирснээсээ удаан хугацаагаар дугаарлав. Өдрийн талыг дугаарлаж өнгөрүүлээд, уулын орой дээр мах шарж идсэн тэмдэглүүштэй үйл явдлаар энэ өдрийг үдлээ. Мэдээж орой нь Бурса хотын төвөөр үдшийн зугаалга хийсэн. Монголын хүн амаас ч олон оршин суугчтай энэ хот Туркийн аж, үйлдвэрийн төв гэгддэг. Түүнчлэн Османы үеэс олон тооны цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаараа алдартай байсан тул Туркчууд "Ногоон Бурса" гэдэг юм билээ. Улудага уулын энгэрт орших энэ хотын иргэд боловсролын түвшинээрээ улсдаа тэргүүлдэг бөгөөд Улудага их сургууль анагаах ухааны чиглэлээр сургалт сайтад тооцогддог.