Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
     Бүсгүй нүдээ нээлээ. Түүний харц ер бусын тайван хэрнээ гунигтай. Эдлэн газар хийгээд эртний дүр зураг. Огторгуйд эх дэлхий амгалан орших авч, алсаас бас нэгэн аугаа эрхэс ойртон, дөхсөөр. Хүүгээ тэврэн юунаас ч юм зугтан туйлдаж буй эх...
    Рихард Вагнерын гайхалтай хөгжмөөр дэвсгэрлэн "Меланколиа" киноны эхлэл энэ мэт дүрслэлээр цааш үргэлжилнэ. Хоёр хэсэг уг бүтээлийн эхний хэсгийг "Жастин" гэх бөгөөд гол дүрийн бүсгүйн нэр аж. Дөнгөж хуримлаж буй Майкл, Жастин нар өөрсдийн баяртаа хожимдож ирлээ. Бүгд дотогш яарах зуурт Жастин тэртээд нэгэн одыг анзаарсан нь "Антарес" гэх од байв. Баяр хөгжилтэй, жаргалтай үргэлжлэх ч, сүйт бүсгүйн үл мэдэг, итгэлгүй байдал улмаар тэдний гэрлэлтийг төгсгөжээ. Үүний зэрэгцээ "Антарес" ч үл харагдах аж. Учир нь, Меланколиа гариг тэр одыг хиртүүлсэн бөгөөд эх дэлхийн зүг сүйрэл дагуулан айсуй. Огторгуйн тойрог зам дахь түүний "аяллын" хэсгийг "Үхлийн бүжиг" гэнэ.
   Киноны эхний хэсэгт Жастины сэтгэл зүй тогтворгүй, учиг нь үйл ойлгогдох мэт үйл явдлуудаар дүүрэн. Ганцаар угаалгын өрөөнд онгоцонд хэвтэнэ, эдлэнгийн эзгүй талд ганцаар бодолхийлэх зэргээр гэнэт алга болж, энэ бүхэнд эгдүүцсэн эгч Клейр нь "Би чамайг заримдаа үзэн ядах юм" хэмээн үгээ барна.
   Хурим дуусч бүгд явлаа. Удалгүй Жастин өвдсөн байх бөгөөд эгч Клейр дээрээ ирж түүний нөхөр Жон болон хүү Леотой нь хамт амьдрах болов. Энэ зуур одон орон судлаач Жон хүүтэйгээ хамт сонирхолтой судалгаа явуулах ч тэд нэг л өдөр Меланколиа манай гаригтай мөргөлдөх нь тодорхойг мэднэ. Клейр ч үүнээс хоцорсонгүй. Ингээд киноны хоёрдугаар хэсэг "Клейр" эхэлнэ.
   Гагцхүү энэ цэгт л гол санаа гарах мэт. Бүгд нэгэн цагт, нэгэн орчинд үхэлтэй нүүр тулах ч үүнийг хүн бүр өөрийнхөөр хүлээн авна. Жон ирэх үнэнийг зөвшөөрч чадалгүй амиа хорлож, сандарч мэгдсэн Клейр хүүгээ элгэндээ тэврээд хаачихаа мэдэхгүй цөхөрнө. Энэ үед Жастин л дэндүү тайван байх аж. Нэгэнт ирэх үнэн, байгаль дэлхийн хуулийн эсрэг яагаад ч нэмэргүйг тэр магад ойлгосон ч байж мэдэх.
  Үхэл амьдралыг утга учиртай болгодог гэх санааг цөөнгүй хүнээс сонсч байв. Харин энд нэгэнт ирэх үхэл бүгдийг утгагүй болгочихов. Эх дэлхийдээ хорогдон уйлан, дуулаад ч нэмэргүй. Эргэн тойронд байх хэн бүхнийгээ ханатал хайрлаад ч ялгаагүй. Учир нь, энэ нөхцөлд хэн ч үлдэхгүй, бүгд л үхнэ, мөхнө.
   Дэндүү гунигт басхүү гутранги төгсгөл.
Найруулагч Ларс Вон Триерийн бас нэгэн учир битүүлэг хэрнээ сонирхолтой бүтээл. Хоёр жилийн өмнө тэрбээр "Антихрист"-д "дэлхийг чөтгөр бүтээснийг" тунхаглан шуугиан тарьж байв. Харин энэ удаад Меланколиагийн хүчинд дэлхийг автууллаа. "Хүн аалз"-ын цувралаас шалиагүй гэхэд хилсдэхгүй Кристэн Данст энд гол дүрийн бүсгүй Жастины дүрд тоглож "Канн"-ын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан юм. "Холливуд"-ын эрх охин "Меланколиа"-д үнэхээр ур чадвараа гаргаж чадсаныг олон хүн найруулагчийн тус гэж байв. Энэ тухайд Данст "Ларсыг надтай анх холбогдоход гайхалтай санагдсан. Ямар хүн бол, ярилцахад хэр байх бол гээд олон зүйл бодсон. Харин уулзаад үзэхэд тэр найруулагч төдийгүй хувь хүнийхээ хувьд ч тун энгийн, харилцагчаа гайхалтай ойлгодог нэгэн болох нь мэдрэгдсэн" гэжээ. Түүнчлэн шөнийн сарны гэрэлд нүцгэлдэг хэсэг ямар байсныг асуухад "Миний хувьд энэ хэсэг сайн болсон. Би ийм зүйлийг кино бүрт, найруулагч бүрт хийхгүй нь тодорхой. Ларс бол итгэж болох, гайхалтай уран бүтээлч байсан учраас би энэ хэсгийг зөвшөөрсөн" хэмээсэн юм.
   Тэгвэл өмнөх бүтээл "Антихрист"-ийн гол дүрд тоглож "Канн"-ын кино наадмын мөн л шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан Шарлотте Гейнсбур "Меланколиа"-д эгч Клейрийн дүрийг амилуулжээ.Сайн ээж, сайн эзэгтэй, сайн хань гээд эгэл бүсгүйн энгийн амьдрал нэг л өдөр үгүй болж, хорвоо ертөнц сөнөхийг мэдсэн тэр яах ч учраа олохгүй гэнэтийн цохилтонд оржээ. Ийм нэгэн сэтгэл зүйн тогтворгүй, эмзэг байдлыг тэр хоёр дахь удаагаа дэлгэцэнд бүтээв.
   Сонирхолтой нь, дараачийн удаад найруулагч Шарлотте, Кристен хоёртой дахин хамтрах ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд порнограф байхыг ч үгүйсгээгүй тухай яриа гарчээ. Үүнд өгсөн Шарлоттийн хариулт нь "Тийм ээ. Тэр надад зохиолын эх хувилбар илгээсэн. Гэхдээ яг ямар кино байх тухай эцсийн шийдвэр гараагүй л байгаа. Миний мэдэж байгаа зүйл бол Ларстай хамтран ажиллахдаа би хэзээд баяртай байх болно. Бидний бүтээл илүү сайн болохыг таашгүй ч, нэгэнт хүндэлсэн хүнтэйгээ хамтран ажиллах нь л сайхан шүү дээ" гэжээ.
    Ларс Вон Триер, Кристен Данст, Шарлотте Гейнсбур. Хоёр цаг гаруй хугацаанд тэд "Үхлийн бүжиг"-т оролцно. Бүжгийн хөдөлгөөнийг /кино зургийг/ тогвторгүй, тэнцвэргүй байдлаар авах нь найруулагчийн санаа аж. Энэ нь үзэгчийг үйл явдлын гүнд яах аргагүй хөтөлнө. Түүнчлэн бүжгийн хөгжмийг Рихард Вагнерын "Тристан ба Изольда" дууриас авсан нь зураглалтай нарийн зохицжээ.
    Одоо таны "бүжих" ээлж. Та хэрхэн хүлээн авах вэ?