Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
         Шинэ юм бүхэн сонирхолтой байдаг нь гарцаагүй. Өөрчлөгдөн буй өнөөгийн нийгэмд бүхий л салбарт шинэчлэл явагдаж тэр дундаа боловсролын салбар, магадгүй цаашлаад шинжлэх ухааны ойлголтууд ч өөрчлөгдөж байх шиг. Энэ тухай ярихад миний бяцхан бодол багадах ч гэлээ, өөрийнхөө хэмжээнд мэдээлэлтэй байхыг хичээж буй. 
        Сэтгүүл зүйн хувьд бид арай хоцроогүй байгаа? Ямартай ч, өнгөрсөн зун "Reuters"-той ажиллаж багахан зүйл мэдсэнээ хуваалцаж байсан. Үүнээс хойш шинэ чиглэл, шинэ хандлагын тухай бодож, мэдээлэл эрэлхийлсээр байв. Улмаар есдүгээр сард "Newsweek" сэтгүүлд гарсан Азийн их, дээд сургуулийн тухай нийтлэлийг уншлаа. Мөн саяхан "Time" сэтгүүлээс шар тивийн боловсролын салбар хурдацтай ахиж, Иелийн Их Сургууль Сингапурт салбараа нээж буйг харлаа. Энэ бүгдээс үүдэн тэдгээр сургуультай танилцаж, орчинг нь нүдээр үзэхийг хүсч байсан юм. Азаар энэ бодол минь биелж Хонг Конгийн Их Сургуулийг зорьлоо. 
        Юун түрүүнд анх уншсан нийтлэлээ дор хөрвүүллээ. Мөн HKU дэх монгол оюутнуудтай ярилцсанаа хүргэж байна. Бичиж дуусаад харахад HKU-н тухай сурвалжлага мэт санагдах вий гэж эмээлээ. Гэвч эрхэм уншигч Та тэр бүхнийг тодорхой жишээ гэдгийг болгоон, үлгэрлэж буй санааг минь анхаарах биз ээ. 


Ази тив дэх боловсролын салхи 
/”Newsweek” сэтгүүл/

      Азийн их, дээд сургуулийг зорих нь дэлхийн үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн эрч хүч, идэвхтэй бүст олон талт соёлын  хүрээллийн дунд боловсрол эзэмших боломжийг олгож буй. Ялангуяа, сүүлийн үед дэлхий даяар энэ зүгт анхаарал хандуулж, жил дараалан тохиолдсон барууны хямралыг ажралгүй худалдаа, бизнесийн үйл ажиллагаа нь амжилттай явж байгааг анхааралтай харж байна. 
      Тэд хамгийн шилдэг, үр дүнтэй бизнесийн арга, хэлбэрийг эрэлхийлж судалгаанд тулгуурласан шинэчлэлийг хэрэгжүүлсээр байгаа юм. Энэ бүхэн нь тус тивийг сурч, боловсрох тохиромжтой цэг болгохын зэрэгцээ дэвшилтэт хэв маяг нь хэн бүхний анхаарлыг татаж байна. Тэр дундаа сурах чин хүсэлтэй оюутнуудыг нэртэй корпорациудад дадлагажуулах болсноор зогсолтгүй өсөн нэмэгдэж буй эдийн засаг, үйлдвэрлэлийн бодит орчинд мэдлэгээ үнэлэх, ашиглах боломжоор ханган Англи, Америкийн уламжлалт дэг сургуулиас эрс ялгарах болов. Энэ нь шинэ үеийн сурагчдад хамгийн чухал гэдэг нь илэрхий. 
       Тухайлбал, Сингапурт суралцагч оюутан Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв цэгт мэдээлэл хүлээн авч, мэдлэг олж авч байна. Сингапурын нийгмийн бүтэц, эдийн засгийн хөгжил нь бизнесийн чиглэлээр сургалт явуулахад тохиромжтой орчныг бий болгожээ. Олон улсын оюутнууд чанартай боловсрол эзэмшихийн хажуугаар Малайз, Тайланд, Индонези зэрэг Зүүн Азийн бусад орноос арай илүү ялгаатай амьдралын хэв маягаас суралцаж байгаа нь сонирхлыг нь татах аж. 
       Энэтхэгийг авч үзвэл, дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтайн дээр тэрбум хүний өлгий болсон газар. Суралцах таатай орчныг бүрдүүлсэн нь олон улсын шаардлагад нийцэж, их сургуулиуд нь дэлхийн чансаанд дээгүүр бичигдэх болсныг гайхах зүйлгүй. 
Хятадын тухай ярихад ямар нэг оршил хэлэх нь илүүц биз ээ. Хүн амын тоо, худалдаа, бизнесийн ер бусын орчин нь хэн бүхнийг дэлхий, ертөнцийн талаарх бодлоо дахин нэг эргэцүүлэхэд хүргэж байна. 
        Дээд  боловсролын салбарт тэргүүлэх болсон бас нэгэн улсын тухай дурьдахгүй байхын аргагүй. Энэ бол Хонг Конг. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Азийн “QS” чансааг жил дараалан тэргүүлээд байна. Хорьхон жилийн түүхтэй тус сургууль технологийн салбарт дэлхийд тэргүүлэх болж Кэмбриж, Оксфорд, Харвард, Иеэлтэй эн зэрэгцэн дэлхийн Топ5-д багтжээ. 
        Гэхдээ энэ нь Азийн хуучны сургуулиуд муу гэсэн үг хараахан биш. Хонг Конгийн Их Сургууль, Сингапурын Үндэсний Их Сургууль гэхчлэн удаан жилийн түүхт сургуулиуд шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтна. 
       Энэ жилийн чансааг тэргүүлэгчдийн дунд 13 орны их сургууль байгаагаас Пакистан, Бангладешийн дээд боловсролын байгууллагаас багтсан нь Ази тив даяар боловсролын чанарын өсөлт эрчимтэй явагдаж буйг харуулжээ.Тэр дундаа, Японы 5 их сургууль багтсан нь олон жилийн турш энэ салбартаа хөрөнгө оруулж ирсэн Засгийн Газрын алхмын үр дүнг илтгэж байна. Түүнчлэн Хонг Конг, БНСУ тус бүр 4 сургуультайгаар удаалсан бол БНХАУ-ын 14 их сургууль шилдэг 100-д оржээ. Мөн анагаах ухаан, технологийн салбарт ноёлж буй Тайванийн их сургуулиуд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орно. 
      Хэдийгээр их сургуулиудын чансааг гаргахад олон жилийн настай нь тэргүүлдэг гэх шүүмжлэл гардаг ч энэ байдал жилээс жилд өөрчлөгдөж байна. Тив, бүс нутгийн хөгжил нь шилдэг багш, судлаачдыг “бий болгож”, суралцагчид мэргэжлийн салбарт нь өрсөлдөөн, үйл явдал өрнөж байдаг нийгмээс илүү их мэдлэг, туршлага хуримтуулахыг зорьдог болжээ. 


Боловсролын чанар, рейтингийг хэрхэн тогтоодог вэ? 

  Дээрх нийтлэлд дурьдсан олон улсын чансааг “QS World University Ranking”-ээс авчээ. “QS” нь Лондон, Нью-Йорк, Сингапур гээд олон оронд салбартай бөгөөд боловсрол болон гадаадад суралцах талаар судалгаа явуулдаг байгууллага юм. Тэд 2009 он хүртэл боловсролын салбарт тэргүүлэгч английн TIMES Higher Eduication сэтгүүлтэй хамтран уг жагсаалтыг гаргаж байв. Харин одоогоор уг үнэлгээг бие даан хийж буй. “QS”-ийн тухайд олон дүгнэлт бий; 

- “Хэдийгээр дийлэнх судалгаа маргаан, шүүмжлэл дагуулдаг ч эднийх салбартаа хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн нь билээ.” - “Huffington Post” цахим сонин
- “Энэ төрлийн жагсаалтууд дундаас хамгийн итгэж болохуйц, хүлээн зөвшөөрөгдсөн нь” - Английн “University of Leicester” их сургуулийн цахим хуудас
- “Бид энэ жагсаалтад дуртай байх эсэх нь хамаагүй, “QS”-ийг дэлхий нийтээрээ хамгийн бодитой судалгаа хийдэг гэж үздэг юм.” - Малайзын тэргүүлэгч сонин “New Straits Times


Хонг Конгийг зорьсон нь 

  Дээр хөрвүүлсэн нийтлэлийг уншсаны дараа Хонг Конгийн Их Сургууль эрхгүй сонирхол татлаа. Урьд нь, Лхагвын блогоос “Азийн шилдэг их сургууль ба түүний монгол оюутнууд” гэсэн нийтлэлийг уншиж байсан минь ч санаанд буусан юм. Сургуулийн вэб сайтыг сонирхож, Фейсбүүк дэх Сэтгүүл зүй, сургалт судалгааны төвийн хуудаст нь нэгдэв. Цаашлаад сургагч багштай нь холбогдож, хэд хэдэн мейл бичсэн. Миний өөрийн сонирхдог онлайн сэтгүүл зүй, мультмедиа чиглэлийн агуулга сургалтын хөтөлбөрт их байх бөгөөд богино хугацааны сургалтууд ч зохион байгуулдаг аж. Харамсалтай нь, энэ хичээлийн жилийн хуваарь хараахан гараагүй байлаа. 
  Гэлээ ч бодсоныхоо дагуу аравдугаар сарын 5-нд Хонг Конгт газардав. Дулаан, чийглэг агаар угтаж гэрэлт хотын гудамжаар давхисаар байрлах газартаа хүрлээ. Газрын зурагтай л бол энд бүх зүйл ойлгомжтой. Орой буусан хэдий ч Цим Шай Цүй дүүрэгт байсан тул шөнийн зах гэхчлэн ойр хавийн газруудтай танилцаж амжив. 


Хонг Конгийн Их Сургууль

  Даваа гаригийн өглөө эртлэн босч сургууль явахаар гарлаа. Өмнөх өдрүүдэд гадуур явахдаа Хонг Конгийн соёлын төв гэх том байгууламжийн дэргэдүүр олонтаа өнгөрсөн ч амралтын өдөр, шөнө оройн цаг гээд хаалттай байсан тул замдаа энд саатсан юм. /Энэ тухай дараачийн нийтлэлдээ бичнэ./ Үдийн алдад Ковлунаас Хонг Конг арлыг зорин метронд сууж, автобусаар нарийн гудам дагуу эгц өөд нэлээд удаан өгсөв. Бараг л уулын оройд гарав уу гэлтэй. 
 Хонг Конгийн Их Сургууль. Төв байр нь тэр гэх тэмдэггүй олон өндөр байшин угтав. Газрын зураг авах уу гэхэд нь кампус дотор төөрөхгүй байлгүй гэж бодоод орлоо. Гэтэл тус бүр өөрийн нэртэй барилгуудаас хотхон бүрдэх аж. Алинд нь юу байгааг анх очсон би мэдэх аргагүй. Юутай ч, хамгийн түрүүнд номын дэлгүүр олсондоо баярлан орсон юм. Тийм ч том биш, гэхдээ бүхий л салбарын сурах бичиг болон уран зохиолын, чөлөөт цагт зориулсан номнууд. Сэтгүүл зүйтэй холбоотой материал цөөн хийгээд “Privacy is Dead” гэх этикийн тухай, мөн англи хэлээр мэдээ хэрхэн сайн бичих талаарх гадны оюутнуудад зориулсан ном авлаа. Харин сурах бичгүүдээ нэг, нэгийг байрлуулаад ямар хичээлд ашиглах, хаанаас хувилж авах тухай хаягийг нь бичжээ. 
  Эндээс гарахад сургуулийн театрт ямар кино ирсэн тухай зарлал хаджээ. Мөн эргэн тойронд хүүхдүүд ширээ, сандал байрлуулж зарим нь хуучин ном хямдралтай зарж, орлогоо буяны үйлст зориулахаа мэдэгдэж байх. Нөгөө талд хэсэг залуус гитар бариад бэлтгэл хийнэ. Сургуулийн өргөн гудмаар нааш, цааш холхих оюутны их урсгал. /Зургийг доор слайдаар байрлуулсан/
Ингээд Хонг Конгийн Их Сургууль дахь монгол оюутан Э.Лхагва, Б.Анар нартай товлосон цаг маань болжээ. Кампус дахь “Глобаль Лоунж”-д уулзахаар тохирсон ч, ололгүй баахан будилав. Сүүлдээ зөрж өнгөрөх оюутнаас асууж, хүргүүллээ. 


Э.Лхагва
Б.Анар
 Э.Лхагва – 2007 онд MIU-г Бизнесийн Удирдлагын мэргэжлээр төгссөн. “UBS Music”-т хөтлөгч, “Хас” банкинд ПиАр мэргэжилтэн, Сангийн Яаманд ажиллаж, Дэд сайд Ч.Ганхуягийн туслахаар ажиллаж байсан. ХК Их Сургуульд Сэтгүүл зүйн магистрт сурдаг.

Б.Анар – “Орчлон” сургуулийг төгссөн. ХК Их Сургуульд Боловсрол судлалын чиглэлээр хоёрдугаар курст суралцаж буй. 


            Б.Анарын хувьд тус сургуульд элссэн анхны монгол оюутан юм. Намайг бүртгүүлж байхад элсэгчдийн жагсаалтад монгол гэсэн сонголт байгаагүй. Ямартай ч, эх орноо төлөөлөн Азидаа дээгүүрт орох энэ сургуулийн анхны оюутан болсон. 10 жилийн боловсрол эзэмшээд ирэхэд эндэхийн оюутнуудаас насны зөрүүнээс эхлээд олон ялгаа гарч байсан. Хонг Конгт хүүхдүүд дунд сургуульд биднээс илүү олон жил сурдаг бөгөөд дахин 2 жилийг их сургуульд орох бэлтэл байдлаар суралцаж өнгөрүүлдэг. Тэр хугацаанд цаашид сурах чиглэлийнхээ дагуу хичээл сонгож үздэг тул элсэгчид нь чанартай байдаг. Мөн жил бүр эх газрын хятадаас хамгийн шилдэг 200 хүүхдийг шалгаруулж авдаг нь маш их өрсөлдөөнтэй орчныг бий болгодог. 
           Өрнө, дорнын уулзвар болсон энэ оронд суралцахын давуу тал нь хятад, англи гээд хоёр хэл сурах боломжтой. Хичээлээ англиар үзээд, бусад цагт олон улсын оюутнуудад зориулсан хятад хэлний дамжаанд хамрагдаж болох юм. Бас нэг онцлох зүйл нь өөрийгөө илэрхийлэхэд суралцах. Хичээлийн дүн гарахад 20-30 хувийг илтгэл хэрхэн тавьснаар үнэлдэг юм. Нэгдүгээр курст илтгэл тавихад юу анхаарах, юу ярих, хэрхэн биеэ авч явах гээд тусдаа хичээл ордог нь маш их хэрэг болдог. 
           Дөнгөж сургууль төгссөн “шинэков”-уудыг ажилд авдаггүйн “зовлон”-г бид сайн мэднэ. 2-3 жилийн туршлага шаардаж, баримт бичигтэй ажиллаж сурсан байхаас эхлээд олон талын нэмэлт чадвар шаардана. Диплом дээрх дүн юу ч биш гэх хандлага сүүлийн жилүүдэд их илрэх болсон. Тэгвэл гадны оронд үүнийг нөхдөг зүйл нь олон нийтийн ажил болов уу. Энэ тухайд “Оюутны хичээлээс гадуур юу хийснийг маш их анхаардаг. Ямар клубт хамрагдаж байсан, ямар бүтээлч зүйл хийсэн гээд. Миний хувьд, монголд байхдаа ЮНИСЕФ-т сайн дураар ажиллаж байлаа. Энд ч мөн цөөн цагаар ажиллаж байсан. Бас олон улсын хүмүүнлэгийн сайн дурын ажилд хамрагддаг. Өнөгрсөн зун Африк явсан, энэ өвөл ч дахин ажиллахаар төлөвлөсөн.” 
  Тэтгэлэг авах олон талын боломж бий. Э.Лхагва “Ротари” клубын идэвхтэй гишүүн бөгөөд жил бүр олгодог 27 мянган доллараар хүссэн сургуульдаа суралцах тэтгэлгийг хүртсэн юм. Эхлээд барууны орнуудыг сонирхож байгаад дэлхий нийтийн чиг хандлага Ази руу чиглэснийг анзаарч Хонг Конгийн Их Сургуулийг сонгожээ. 

  Сэтгүүл зүйн чиглэлээр магистрт сурч буй оюутнууд нь маш сайн байдаг. Сургуулиас сонгохдоо ихэвчлэн одоо ажиллаж байгаа хүмүүсийг авсан юм билээ. Манай анги гэхэд 19 орны 66 оюутантай. Тэдний 40% нь сэтгүүлчээрээ ажилладаг, 30% нь бакалаврын зэргээ аваад үргэлжлүүлэн сурч байгаа бол үлдсэн нь өөр мэргэжлээр ажиллаж байсан  хүмүүс. 
  Багш нарын хувьд цөөнгүй нь Bloomberg, CNN, Reuters-д ажилладаг, ихэвчлэн редактор хүмүүс. Мэдээж энгийн сэтгүүлчээс эхэлсэн түүхтэй. Оюутнууд нь ч мөн ажиллаж байсан хүмүүс тул хооронд нь ярилцуулж, бие биенээс нь сургах байдлаар хичээлээ явуулдаг нь сонирхолтой. 
        Хамгийн хэцүү хичээл нь “жинхэнэ” мэдээ бичих байна. Лидээ хэрхэн бичихээс эхлээд өөрийн ямар ч үзэл, баримтлал оруулж болохгүй гэдэг хатуу шаардлагатай. Урьд нь блог бичиж, сошиаль медиа ашиглахдаа өөрийн өнцгөөс, хувь хүн талаасаа мэдээлэл хуваалцдаг байлаа. Гэтэл энд чиний бодол хэнд ч хамаагүй, чамайг хэн ч уншихгүй, үйл явдлын мэдээ бичиж байгаа бол түүнийгээ л бич гэдэг. Нөгөө талаас одоо телевизийн сэтгүүл зүй үзэхээр тайлбарлах шаардлагатай болдог. Эхний хичээлүүд дээр үзсэнээсээ өөр арга барил ашиглах болоод байна. 
        Хэвлэлийн зах зээл ерөнхийдөө суларч байна шүү дээ. Уоррен Баффет гэхэд л “Би ямар ч салбарт хөрөнгө оруулна, гэхдээ хэвлэлийн салбарт биш” гэсэн удаатай. Харин сонинууд энэ байдлаас амь гарахын тулд вэб рүү шилжиж байна. Ингэхдээ, жишээ нь, “Financial Times”-д манай орны тухай бичдэг Leslie Hook гэж сэтгүүлч бий. Ирэхээрээ гар камертаа дүрс аваад, аудио бичээд явдаг. Дараа нь үүнийгээ ямар ч хэлбэрт оруулж мэдээлж чаддаг. Хүмүүс зөвхөн текст уншихаас уйдах боллоо. Подкаст сонсдог, видео үздэг, слайдаар зураг үздэг тэгээд уншдаг. 
       Эндэхийн сэтгүүл зүйн сургалт аль нэг чиглэлээр мэргэшихийг чухалчилдаггүй. Багш нар нь “Та нар хаана ч очсон, юу ч хийж чаддаг байх ёстой” гэсэн зарчимтай. Харин заавал судлах хичээл гэж бий. Юун түрүүнд мэдээ бичих үндсэн арга барил орно. Дараа нь онлайн сэтгүүл зүй буюу мультмедиа. Үүгээр ямар ч хэлбэрээр мэдээлэл бэлтгэж чадах дадал олгодог. 
  Түүнчлэн мөнгө, санхүүгийн чиглэлээр нэмэлт хичээл үзээд Бизнес сэтгүүлч гэсэн давхар дипломтой төгсч болно. Би урьд нь энэ салбарт ажиллаж байсны хувьд үүнийг сонгосон. Манайд санхүүгийн зах зээл ямар байгаа билээ, сэтгүүлчид энэ талаар хангалттай мэдээлж чаддаг билүү зэргийг бодсон. 
  Энд Оюутны Холбоо нь маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тэр хэрээрээ хүчтэй. Тухайлбал, сургуулийн 30 мянган оюутанд үйлчлэх 8 төрлийн зоогийн газрыг шалгаруулах тендерт оролцоно. Мөн Азидаа томоохонд орох сургуулийн номын санд нэг хуудас цаас ямар үнээр хэвлэхийг хүртэл шийднэ. Сургуулийн удирдлагатай сайтар хамтарч ажилладаг юм билээ. Цаашлаад хотын захиргаатай ярилцаад тусгай автобус хүртэл явуулж эхлээд байна. Ерөнхийдөө маш ардчилсан шинжтэй бөгөөд Удирдах зөвлөлөө жил бүр сонгуулиар тодруулдаг уламжлалтай. 
  Сургууль ногоон байхаар ихэд чармайдаг юм. Нөгөө талаас бага зардлаар ажиллахыг хичээдэг. Багш ангид орж, карт уншуулснаар гэрэл асна. Хичээл дуусахаас 10 минутын өмнө дохио дуугарч сануулна. Хогоо хэрхэн хаядаг, яаж ангилдгаа мэдүүлэхийн тулд бүр оюутнуудыг дадлага хийлгэнэ гээч. Сургуулийн барилгуудаар ороход энэ сард хэдий хэмжээний цахилгаан хэмнэснээ бахархалтайгаар бичсэн байгаа. Кампусаа “ногоон” байлгахыг зорьдог юм билээ. 
Хонг Конгийн Их Сургуулийг санхүүгийн чиглэлээр төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ орон өөрөө банк, санхүүгийн томоохон төв болоод байна. Энэ утгаараа эндэхийн байгууллагууд оюутнаа энэ сургуулиас авах болж байна. Тэгэхдээ одоо II курсын оюутнуудтай ярилцлага хийж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2 жилийн дараах теллерээ өнөөдөр бэлдэж байна гэсэн үг. Бүх зүйл цаг хугацаа, зарчмын хүрээнд, таньдаг хүнээ ажилд авна гэсэн ойлголтгүй, өрсөлдөөн дээр л тулгуурлаж байна.  
IMG_8143IMG_8635IMG_8390IMG_838720062012441IMG_8380
IMG_8372IMG_8368IMG_8367IMG_821319062012429IMG_8203
P1030924P1030983P1030960IMG_0058IMG_0055IMG_0054
IMG_0052IMG_0036IMG_00033IMG_0030IMG_0027IMG_00023
 Фликр профайл үүсгээд удаж байгаа ч ашигладаггүй байсан юм. Гэрэл зураг сайн дарахгүй ч, үзэж харсан зүйлсээ бусадтай хуваалцах үүднээс одоо идэвхитэй хөтөлнө өө.

Урьд нь авч байсан зургуудаасаа бага, багаар оруулж байна.  
KhulanJ's photostream on Flickr.