Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Өнгөрсөн жилийн сонгуулиар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн бичлэг задарсан нь манай нийгэмд бид ямар эринд ирснийг хурцаар сануулсан хэрэг болсон болов уу. Түүнээс хойш олны танил хүмүүс, улс төрчидтэй холбоотой аудио, видео элдэв бичлэг, зураг тарах нь элбэгшээд байна.

Бид үнэндээ энэ зууныг Мэдээллийн нийгэм гэж бахдаж ярих бүртээ түүний авчирч буй давуу талыг ч тэр, эрсдлийг ч тэр үл хайхран гоё үгэнд л автаад байх шиг. Орон зай, цаг хугацааг үл хамааран мэдээллийн нээлттэй урсгалыг бий болгосон цахим хэрэглээ өнөөдөр олон нийтийн дунд харилцааны хэрэгсэл төдийхнөөр хязгаарлагдаж, мэдээлэл харилцааны дэвшилтэт технологи нь даяар ертөнцтэй биднийг холбож өдөр тутмын амьдралыг минь тэр бүр хөнгөвчилж байна уу гэвэл эргэлзээтэй. Гоё чиптэй цахим үнэмлэхтэй болсон ч, “ид шид” нь бүрэн бус, НӨАТ-ын баримтаа кодоор уншуулдаг болсон ч хэвлэмэл цаасыг нь хадгалахгүй бол сугалаанд хожиж болдоггүй, ТҮЦ машинтай хэрнээ авсан лавлагааг нь банкинд хүлээн зөвшөөрдөггүй “мэдээллийн нийгэм” манайд бий.


Үр шимийг нь үл ялиг мэдрэхтэй зэрэгцээд нээлттэй энэ урсгал дунд бид хувь хүнийхээ асар их мэдээллийг тавиад туучихаж байгаа. Үгүй ядаж л, банкны картын нууц үгийг минь жишим ч үгүй асуудаг үйлчлэгчид байна. Орцонд байрлуулсан камер намайг хамгаалах гээд байгаа юм шиг хэрнээ хөршийн хүн СӨХ-д хандахад надад хэлэлгүйгээр миний орж, гарахыг шүүчихдэг. Чухамдаа гар утасны компанид ажилладаг найздаа хэлээд хүний текст мессеж уншсан тохиолдлыг ч сонсч л байлаа.

Энэ бүхнийг Мэдээллийн нийгмийг цогцлоох явцдаа гадны орнуудад “Surveillance Society” буюу Цагдан хяналт дахь нийгэм бий боллоо гэж халаглаж, халширч байжээ.

Гудамжны хяналтын камер, цахим хэрэглээ гээд бидний үйл хөдлөл бүр ямар нэг төхөөрөмжид хадгалагдаж, цуглуулсан датагаар нийгмийг яаж ч “хөдөлгөж” болох нь үнэндээ аюул болоод байгаа хэрэг. Эндээс л “Uncle Sam биднийг харж байгаа” гэх хэлц үүсч, иргэд олон нийт өөрийг нь “хамгаалах” гэсэн Засгийн Газраасаа нууцлал, итгэлтэй байдлыг шаардах болсон. Үүнд нь итгээгүй Эдуард Сноудэн, Брэдли Мэннинг зэрэг “нууцад халдагч”-ид хүртэл бий болж тэмцэлдэж байна.

Харин Монголд энэ талаарх ойлголт нийтийн дунд түгээмэл биш байна. Бид цахим мэдээлэл бүү хэл, уламжлалт мэдээлэлтэй харьцахдаа ч тааруу байгаагийн илрэл нь мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлд нягтлал, шүүн тунгаалтгүйгээр автан, итгэж байгаагаас харагдана. Өнөөг хүртэл монгол хэлэнд “Media literacy” буюу мэдээллийн хэрэгсэлд бичиг үсэг тайлагдах гэж дүйцүүлэн тайлбарлахуйц үгийг нэршиж дадаагүй байна. Гэтэл мэдээлэл гэх ойлголт өргөжиж Digital literacy, Information literacy гэхчлэн бидний тайлагдах ёстой мэдлэг асар их болжээ.

Тэгтэл энгийн иргэн бүү хэл улс орныг удирдахын төлөө өрсч буй бүлгүүд энэ тал дээр ямар сул, дорой байгааг бид сүүлийн хоёр сонгуулиар харж байна. Тэд азгүйдээ, эсвэл биднээс дор болоод тийм үйлдэл гаргадаггүй байх. Гагцхүү мэдээлэл, нууцын аюулгүй байдал ямар байна вэ? Биднээс өөр улсад Засгийн Газар нь олон нийтээ хамгаалах нэрийдлээр цагдлаа гэж асуудал үүсдэг атал манайд улс орныг жолоодох хүмүүс нь үл, ялиг үйлдэл дундаа энэ мэтчилэн мэдээллээ алдчихдаг.

Угтаа Засгийн Газар энэ талаар бодлого боловсруулж, ядаж миний дүүд Information literacy-гийн талаар ойлголт өгөх болов уу гэж би итгэдэг юм. Хүн төрөлхтөн 2000 оноос хойш мэндэлсэн хүүхдүүдийг “Digital Nation” буюу төрөхөөсөө л цахим хэрэглээнд дадаж, дижитал нийгэмд торниж буй гэж тодорхойлоод тэдэнд зориулсан нийгмийн харилцаа, орчин нөхцөлийг бүрдүүлж буй. Гэтэл бодлогын төлөөх өрсөлдөөний явцаас л тэр цаг хол байгааг харлаа.

Миний энэ мэт сийрүүлж суугааг манай Засгийн Газар — хэрэгжүүлэгч агентлаг нь I.P хаягаар хөөгөөд хаанаас товшиж вэ гээд мэдчих байх. Гэхдээ, уучлаарай, миний мэдээллийг хэрхэн олж авч, датаг нь хэрхэн хадгалж, бас намайг яаж хамгаалдаг юм болоо?

Би дөнгөж өнөө орой, хэдхэн цагийн өмнө Их Британийн Соёл урлаг, Медиа, Спортын яам чиг үүрэгтээ Дижитал орчны харилцаанд анхаарах үйл ажиллагааг нэмж яамны нэрээ Дижитал, Соёл, Медиа, Спортын Яам болгосон тухай уншиж байлаа. Үндэслэл, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сайтдаа нэн дэлгэрэнгүй тайлбарлажээ. Нэгэнт бид даяар ертөнцөд урагш тэмүүлж л байгаа бол энэ мэт алсыг харсан бодлоготой байхгүй бол хотынхоо булан бүрийг интернэт холболттой болгоод асуудал шийдэгдэхгүй гэдгийг л харж авлаа.