Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах


Монголд анх удаа Америкийн телевизийн цувралыг албан ёсны эрхтэйгээр, Их Британийн телевизийн нэвтрүүлгийг зохих журмын дагуу, солонгос олон ангитыг төлбөрийг нь төлөөд гаргаж байгаа зэрэг “бахдам” мэдээлэл ойрдоо ихэд гарлаа. Тэр бүхнийг сэтгэл догдлон, тухлан үзэх зууртаа бид хааяа пицца захиалж, хүйтэн кола залгиад буйдан дээрээ суухыг хамгийн их таашаалд үзэх нь бий. 

Гэвч энэ хэв маяг хэдийнээс монголчуудын амьдралд дэлгэрч, залуусын үзэл бодол яагаад нэгдмэл хийгээд тогтвортой биш болчихов? Энэ асуултыг эрэхээр сүүлийн үед монголчуудын үнэт чанар, хэв шинжийг эрэлхийлсэн нийтлэл хэдэнтээ гарч, англи хэлний “identity гэх ойлголтыг үндэстний “өөрийнсөл”, “ижилсэл” гэхчлэн хэд, хэдэн хувилбараар нэрлэснийг бид төөрөлгүй ойлгох болжээ. 

Даяарчлалын энэ үед үндэстний ижилслээ тодорхойлох, түүнийг хамгаалах зайлшгүй шаардлага хөгжиж буй орнуудад нэн тэргүүнд тавигддаг. Үүнд, хамгийн чухал нөлөөтэй нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа айл бүрийн хойморт залардаг телевиз бөгөөд түүгээр нэвтрэх агуулга гэдгийг өмнөх үеийн олон жишээ нотолно. Тухайлбал, 1970-1980 оноос хүчээ авсан Америк соёлын нөлөөнөөс хамгаалахаар барууны орнууд нэгдэж Европ ижилслээ тодорхойлсон нь “Христийн шашин, уламжлалтай, шинжлэх ухаанд тулгуурласан нийтлэг оюуны соёлтой... барууны орнууд” гэжээ. Үүнийгээ нийтэд түгээж, басхүү хамгаалахаар хамгийн түрүүнд хийсэн алхам нь Европыг хамарсан телевизийн суваг байгуулах байв. Эхлээд “Eurikon, “Europa TV” суваг нээх хоёр алхам нь бүтэлгүйтсэн ч, 1993 онд “Euronews телевизийг Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос байгуулсан нь 10 гаруй хэлээр дэлхий дахинд хүрч буй. Холбоонд улс бүрийн олон нийтийн телевизүүд нэгдсэн байдаг тул иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчлэх, соёл уламжлалаа таниулан сурталчлахаас гадна мэдээллийг эдийн засаг, улс төрийн ашиг, сонирхлоос ангид тэнцвэртэй хүргэхэд анхаарахыг чухалчилжээ.  
Эндээс харвал манайд хамгийн чухал суваг нь МҮОНТ болж байна. Олон нийтийн гэх статусаас гадна Монголын үндэсний гэх үгийг нэрэнд нь зүгээр нэг хавчуулчихаагүй нь илэрхий. Гэвч хэвлэл, мэдээллийн байгууллагын тоо зах зээлтэй харьцуулахад хэвийн хэмжээг хэдийнэ давсан үед ганцхан телевизэд бүх үүргийг тохож, хариуцлага нэхэх нь өрөөсгөл. Тийм ч учраас хууль, эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж хэвлэл, мэдээллээр нийтэд нь дамжуулан үндэстний “дархлаа”-г хамгаалж болно. Олон улсад гадаад агуулгын эзлэх хувийг квот тогтоож шийдсэн байдгаас Францт телевизийн нэвтрүүлгийн 40%-ийг үндэсний, талаас илүүг европын агуулга эзлэх ёстой бол Австральд өглөөний 6 цагаас шөнийн 12 хүртэлх эфирт гадаад нэвтрүүлэг 45%-иас хэтэрч болохгүй. Цаашлаад хөтөлбөрийн найруулагч, зураач нь австраль хүн байх ёстой гэсэн нарийвчлал ч бий. 

Өдгөө манай залуусын үлгэр дууриал болоод буй солонгосчуудын хувьд япон соёлын нөлөөллөөс хүчтэй хамгаалдаг. Японы уран бүтээлчдийн тоглолтыг хориглодог байснаа 1999 оноос 2000 хүртэлх суудалтай танхимд тоглохыг зөвшөөрчээ. Гадаад киноны хувьд олон улсын наадмаас дор хаяж нэг шагнал авсан тохиолдолд цацах эрх олгодог ба нийт гадаад нэвтрүүлгийг импортыг 20%-д хязгаарладаг. 

Энэ мэт жишгийг анзаарч дотоод, гадаад мэдээллийн агуулгыг тэнцвэржүүлээгүй хэрнээ орой бүрийн мэдээний араас савангийн дуурь эрээлжлүүлж, Холливуд амьдралаар бүүвэйлэн бойжуулчихаад маргааш нь залуусаа солонгос хэв маягаар хувцаслаж, “hi-bye” төдийгөөр харилцлаа гэж асуудал дэвшүүлэн телевизээр нэвтрүүлэх нь утгагүй юм. Аль арван жилийн өмнө дэлхийн 44 орны иргэдийг хамарсан судалгаа явуулахад хөгжлийн түвшин үл хамааран 42 нь амьдралын уламжлалт хэв маягаа алдсанаа хүлээн зөвшөөрч, гаднын нөлөөллөөс хамгаалах шаардлагатай гэжээ. Энэ судалгааг монголд явуулахад хол зөрүү гарахгүйг бид илхнээ харж байна. Зөвхөн амьдралын хэв маяг төдийгүй болгоомжгүй нэвтрүүлсэн орчуулгын гадаад мэдээ буюу их гүрнүүдийн суртал ухуулга агуулсан эсвээс аль нэг улсын нэг талыг барьсан мэдээ нь бидний үзэл бодлын төлөвшилд ч нөлөөлж байна. Үүний жишээ нь, америк ноёрхсон мэдээллийн урсгалаас улбаалаад Ирак гэх нэр бидний төсөөлөлд аймшиг гэсэнтэй дүйх нь холгүй болсон. Тиймээс дэлхий дахинтай хөл нийлүүлэх, тэдний соёлоос суралцах нь чухал гэдгийг бүгд мэдэх ч монгол монголоороо үлдэхэд үндэсний уламжлал, мөн чанараа хадгалах нь түүнээс дутуугүйг мартаж болохгүй.