Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Эмэгтэй сэтгүүлчид “давхар цохилт”-од ордог



By  Khulan Jugder     3:08 AM    Labels:,, 
Сэтгүүлчдийг хэвлэн нийтэлсний төлөө заналхийлэх, айлган сүрдүүлэх зэрэг олон янзаар дарамтлах нь түгээмэл. Хэдэн жилийн өмнө Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс явуулсан судалгаагаар энэ төрлийн дарамт нь эмэгтэй сэтгүүлчдэд илүүтэй тохиолддог ба, тэр дундаа тэдний гэр бүл, ойр дотнын хүмүүстэй холбоотой дарамт үзүүлэхэд хөндөж байсан сэдэв, асуудлаасаа хөндийрөх нь бий гэсэн дүгнэлт гарч байв.
Харин өнгөрсөн сард Twitter-т онлайн орчинд эмэгтэй сэтгүүлчдэд учирдаг дарамт, сүрдүүлгийн тухай хэлэлцүүлэг явагдсан бол өнөөдөр энэ тухай мэдээлэл The Guardian сонинд нийтлэгджээ.
Эмэгтэй сэтгүүлч, блогчдыг сүүлийн үед цахимаар дарамтлах, амь насанд нь халдана гэж сүрдүүлэх, хүчирхийлэх байдал түгээмэл болсныг хэлэлцүүлгийн удирдагч, “Organisation for Security and Co-operation in Europe”-ийн тэргүүн Dunja Mijatović бичжээ.
Хэдийгээр эрэгтэй сэтгүүлчдийг ч ялгаагүй үг хэлээр доромжилж, цахимаар сүрдүүлдэг боловч эмэгтэйчүүд рүү хүйсээр хамаатуулан илүүтэй “дайрдаг” болох нь тогтоогджээ.
Mijatović-ийн дэвшүүлсэнчлэн хүн тэсвэрлэхэд бэрх хичнээн сэтгэгдэл, шүүмжлэл, заналхийлэл хүлээн авснаар энэ нь хэвийн хэмжээнээс ихэд тооцогдох вэ?
Тухайлбал, эмэгтэй сэтгүүлчдийн утасны дугаарыг секс вэб хуудсанд байршуулах, и-мейл болон бусад хэрэглээний хуудсуудыг нь хакдах төдийгүй Skype-аар амь насанд нь халдана гэсэн сүрдүүлэг ч ирдэг байна. Цаашлаад өөрт нь төдийгүй гэр бүлд нь хандсан байдал илт байгааг дурьджээ.
Гэхдээ энэ бол ердөө цөөн жишээ бөгөөд UNESCO-гийн захирал Ирина Бокова үүнийг “давхар цохилт” буюу сэтгүүлч бас эмэгтэй байсныхаа төлөө ингэж доромжлуулж байна гэж тодорхойлсон байна.
Dunja Mijatović-ийн хэлснээр энэ мэт зүйлс нь эмэгтэй сэтгүүлчид сурвалжлах, хөндөх сэдвийнхээ тухай дахин нэг бодоход хүргэдэг гэжээ. Өргөн утгаараа энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдал ба нийгмийн эрүүл оршихуйд аюул авчирч байгаа юм.Тиймээс Засгийн Газрууд хүйсэд суурилсан энэ мэт хандлагаас сэтгүүлчдийг хамгаалах тухайд анхаарахыг санал болгожээ. “Хууль, эрх зүйн байгууллагууд энэ асуудалд нухацтай хандаж цахим заналхийлэл, халдлагын эрэн сурвалжлах, илрүүлэх ажлыг үр дүнтэй болгох шаардлагатай” гэв.
Есдүгээр сарын 17-нд “Organisation for Security and Co-operation in Europe” нь “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тулгарч буй шинэ сорилт: Эмэгтэй сэтгүүлчдийг цахимаар доромжлохын эсрэг” хурал зохион байгуулах юм байна.
Үйл ажиллагааг osce.org. хуудсаар шууд үзэж болно.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment