Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
"Гялбаа" сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарт хөрвүүлсэн нийтлэл. 

            Ёоко Оногийн нэрийг дуулаагүй хүн үгүй биз. Жон Леннон, тэдний учрал, тэдний гэрлэлт. Ёоко Оно. 
            Ингэхэд тэр яг хэн юм бэ? Өнгөрсөн хагас зууны хамгийн дуулиантай хосын нэг гэдгээс өөр таны мэдэх зүйл юу вэ? Өдгөө 79 настай энэ эмэгтэйн эрч хүч чухам хааш чиглэн оргилдог юм бол? 
            Хүчирхэг хэн нэгэнд тэр сул, дорой мэт санагдаж болох. Алган дээрээ тавьж байгаад үлээчихмээр ч юм шиг. Тэр эрэгтэй загварын мэт дотуур хувцас өмсч, хөлөө ил гарган зураг авахуулахдаа бага зэрэг бие барьж буйг анзаарлаа. Арьс нь суларсан шинжгүй, целлулит гэх үг ч толгойд орохооргүй, залуухан охиных мэт гайхалтай хөл. Басхүү бумбагар хөх нь харагдана. 79 настай эмэгтэйн бие яаж ийм сайхнаараа байдаг юм бэ? Гайхалтай! Зөвхөн би ч биш, олон арван жилийн турш тэр олон хүнийг ийн дуу алдахад хүргэж буй.
            “Та яаж ингэж чаддаг байна аа?” гэж асуухад тэрбээр камер луу дур булаам харснаа “Би бол уран бүтээлч. Би хийх зүйлээ л хийж байна” гэв. Тэгэлгүй яахав, би мартах дөхөж. Би үүнийг Ёоко Оногийн хөрөг гэж бодож байсан ч, үнэндээ энэ бол Ёоко Оногийн бүтээсэн нэгэн хүмүүний хөрөг билээ. Түүний уран бүтээлч шинж чанар, хувь хүний оршихуйтай нь нягт холбогдож өөрийн бүтээсэн “Онотопиа” нь дүр байдал, амьдрал ахуй, уран бүтээл гээд бүхий л салбарт цуу алдар хийгээд давтагдашгүй нэгэн орон зайг бий болгосон нь бахдам. Тэр бол энх тайвныг эрхэмлэгч, кино бүтээлч, шинэ давалгаа болон олон янзын аялгуу сүлэлдсэн хөгжим туурвигч, ер бусын намтраа өгүүлэгч, мөн шүлэгч гээд юм бүхэн түүнд хамаатай. Тэр юу хүссэнээ л хийдэг, 60 жилийн турш ингэж л явна. Жон Ленноны залуу насны тухай “Nowhere Boy киног хийсэн Сэм Тейлор Вуд “Ёокогийн бүтээлүүд орчин үеийн шинжтэй байдаг. Хэрэв залуу бүтээлчид харвал түүнийг цаг үеэ хэрхэн гайхалтай мэдэрдгийг ойлгох болно” гэжээ. “Нью-Йорк Таймс”-ын кино, хөгжим шүүмжлэгч нэгэн дүгнэлтдээ “Ёоко Оно бидэнд зориулсан бүтээлдээ өөрийн бүхнээ зориулдаг” гэсэн удаатай.
            Ёоко Оно камерын өмнө гарахаараа дуугаа хурааж, хэтэрхий нууцлаг, зожиг гэмээр болох аж. Тэгснээ жижиг хар хүрмээ өмсмөгц эргээд эрч хүчтэй болох ч шиг. Тэрбээр өөрийн бие болон хэрхэн харагдаж буйдаа сэтгэл хангалуун байдаг нь онцгой энэ эмэгтэйн чанарыг улам тодруулна. “Эхэндээ, би ийм байсан” гээд тэр гараараа нүүрээ дарна. “Харин одоо бол...” гэхдээ хоёр гараа сүрлэгээр холдуулав. Толгой дээрх бүрх малгай нь түүнийг үл ялиг үлгэрийн баатар мэт харагдуулна, Отто Дикс шиг ч юм уу. Тийм болоод ч тэр үү, Ник Найт энэ малгайгаа өмсөхгүй байхыг хүсчээ. Гэхдээ тэр үгэнд нь орсонгүй. “Ингэхгүй бол би яг өвчтөн шиг харагдаад байдаг юм” гэв. Бид хоёулаа инээлдлээ. Хүмүүс түүнийг хошин шогийн мэдрэмжгүй гэдэг ч, эсрэгээрээ тэр үргэлж л наргиан хийх аж.  Цаашлаад “Grapefriut дэх түүний зөвлөгөө, зурганд мөн алдартай ном, бүтээлд нь хөгжилтэй байдал илэрхий байдгийг нь саналаа. Тэдгээр нь бид яаж амьдарвал зохилтойг зөвлөх мэт санагддаг юм. Нөгөө талаас өөрийгөө тайзан дээрх жүжигчин, бас үзэгч гэдгийг сануулдаг гэхэд болно. “Газрын зураг” хэсэгт, жишээ нь “Төөрөлдөх газрын зургаа бүтээ” гэсэн бол “1953 оны Намар” хэсэгт “Сарны үнэрийг илгээ” гэж тэр бичжээ. Одоо тэр өөрийн үгсээ түгээхийн тулд Твиттерийг маш идэхвтэй ашиглаж байгаа. “Олж авахыг хичээж буй эрч хүчээ өгөх болгон хувирга. Хэр ихийг хүсч байна, тэр хэрээрээ өг. Тэгж чадвал сэтгэл хангалуун байх болно.” Дэлхий дахин дахь энх тайвны асуудал бол түүний философийн гол хэсэг юм. Мөн мэдээллийн технологийг өөрт нь хамгийн сайхан санагдсан зүйл хэмээн онцолдог.
            Ёоко бид 2 өнгөрснийг эргэн санагалзлаа. Би Жонн, тэр хоёртой уулзаж ярилцлага хийхээр Аскотын гүн дэх тэдний байшин руу 1971 онд очиж байсан юм. Тэдэнд мод үржүүлгийн газар бүхий 400 мянга гаруй м2 талбайг эзлэх тэрхүү том, цагаан, тансаг харшаас өөр тохилог зүйл юу байх билээ. Намайг очсон эхний өдөр Жон, Ёоко хоёр ямар нэг зүйл зөөж байх шиг бололтой байсан, би юуг нь мэдээгүй л дээ. Тэгвэл бидний дараачийн уулзалт Нью-Йоркт тохиож байв. “St Regis” зочид буудал дахь өрөөнд нь дуу бичлэгийн болон кино техникийн хэрэгслүүд дүүрэн байсан юмдаг. Өөр хэдэн өрөөнд тэр хоёрын хувцаснаас өөр зүйл харагдаагүй. Надад мэдээж тэр бүхэн сонирхолтой санагдаж байсан ч, тэдний хувьд энгийн гэдэг нь илхэн. Миний санаж байгаагаар лав нэг ширээн дээр цагаан хүзүүний зүүлт овоолсон байж билээ.

Ёокотой ярилцах зуур Жон хүүхдийг нь гэмтээхээс айж, сэргийлж буй асрагч шиг түүгээр эргэлдэж байв. Ёоко түүний бүхий л хүсэл байсан юм. Үгүй ээ, хүсэл гэх үг тохирохгүй юм байна. Магадгүй, түүнд бүхий л бие сэтгэлээрээ “олзлогдчихсон” гэвэл илүү дөхнө. Жон надад нэг л итгэж өгөхгүй байлаа. Хэвлэлийнхэн тэднийг ёстой л “тарчлаасаар” хэнд ч итгэхээ больж дээ. “Ёоко бол дэлхийд хамгийн алдартай хэрнээ үл мэдэг уран бүтээлч. Хүн бүр түүний нэрийг мэддэг хэрнээ, юу хийдгийг нь мэддэггүй” гэж тэр хурцаар өгүүлэв. Хэдхэн хоногийн дараа Ёоко Нью-Йоркийн “Эверсон” музейн танхимд болох шоугаа толилуулж олон тооны сэтгүүлчид дээр нэмээд “Битлз”-ийн бишрэгчдийн “бүслэлтэд” орох нь гарцаагүй байсан. Бид нэг зочид буудалд байрлахад уур амьсгал ерөнхийдөө ширүүхэн гэмээр байв. Ядаж л өглөө сэрэхэд цонхны тавцанг цас хуччих нь. Бүгд л урин цагаас өмнө жаргалтай гэгч ууж суухыг бодно. Тэгээд мэдээж тооцоо нь Жон, Ёоко хоёрынх дээр гардаг байлаа. Тиймээс гадаа тачигнах жавар, дотор юу ч биш мэт. Би уусангүй, харин шоколадтай бялуу сонголоо. Шоу надад маш их таалагдаж, дуусаа ч үгүй байхад нь Ёокотой учирсан Жоныг үнэхээр азтай эр юм гэсэн дүгнэлтэд хүрэв. /Энэ дүгнэлт тийм ч түгээмэл биш байх./ Намайг явахад тэд Ёокогийн “Box of Smile”-ийг дурсгасан юм. Үүнийг харсан хэн бүхний царайд гэгээ тодрох нь ойлгомжтой.
Харин энэ удаад ойролцоо насны хоёр эмэгтэй арван жил тэртээх Лондоны институт дэх “Ёоко Оно: Гэрэлд тэмүүлэх нь” гэх шинэ бүтээлийн шоуны инээмсэглэлийн талаар ярилцан сууна. Тэр үеийн гол инстолляци нь дэлхийн олон орны гэрэл зурагчдын авсан инээмсэглэн буй хүмүүсийн хөрөг байсан юм. “Инээмсэглэл гэдэг бол хамгийн чухал зүйл. Үүнийг би 50 жил хүлээсэн” гэхдээ тэр жаргалтайгаар мишээж, хацрынх нь хонхорхой улам тодорно. Тэр дэгсдүүлсэнгүй. 1964 онд гаргасан “Grapefruit”-дээ “Кино хийх гэсэн эцсийн зорилго минь ертөнцийн хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодрон буйг харуулах” гэж бичжээ. Жефф Кунс, Жорж Кондо, Феликс Бакстон, Руфус Уайэнврайт гээд олон уран бүтээлчтэй Ёокогийн тухай ярилцахад түүний нөлөөлөл, хариуцлагатай байдал ба чин сэтгэлийг онцолж байв. Энэ бүхэн мэдээж удаан жилийн туршлагын үр дүн биз ээ.  1950-иад оны үед Нью-Йоркт авангард бүтээлчдийн “Fluxus хөдөлгөөн өрнөж Жон Кейжийн санаанаас хөгжлийн замаа олсныг хүмүүс тэр бүр санадаггүй. Тэрхүү уран бүтээлчдийн ер бусын нэгэн үе нь урлаг, уран сайхан дахь гоо зүйн хатуу хил хязгаарыг аймшиггүйгээр зөрчсөн нь сэтгэл дундуур болох шалтгаан байж болох ч, “болох зүйл болдгоороо” гэх үзэл санаагаар “сэлүүр” хийсэн тэд урлагийн нэгэн төрлийг хөгжүүлж, бий болгосон билээ.
Ёоко Оно Кейжтэй найзууд байсан бөгөөд “Fluxus”-ийн үзэл санаагаар хөглөгдөж байв. Энэ бүхэн түүний тайз болж, мөнгөний асуудал ч санааг нь зовоодоггүй байсан. Хэрэв чи мөнгөтэй бол амьдралдаа шинэ нээлтүүд хийх боломжтойн дээр тэдгээр нь оргон зугтах эсвэл амьдралын мөчлөгөө өөрчлөх гээд юу ч байж болно. Тэр үүнийгээ хийж, Леннон галлерейд зочлон амьдралыг нь өөрчилсөн билээ.
Тэр цаг үед Лондонд байсан хэн бүхний адилаар би түүний бүх ажлыг жинхэнэ гэж итгэж байсан. /Жон Леннон ч тэр./ Гэхдээ Бэрри Хамфрис тэгсэнгүй. 1966 онд “Indica галлерейд “Black Bag Piece”-ийн тухай шуугих үед тэрбээр “Жинхэн биш. Бас тийм ч сайхан биш юм” гэв. Харин “Cut Piece”, “Grapefruit” ч бас намайг уулга алдуулж, нүдийг минь нээсэн гэхэд болно. “Grapefruit” 1964 онд хэвлэгдсэн буюу тэр нь Нью-Йоркт Ла Монте Ян зэрэг хүмүүс түүнтэй нэгэн чиглэлээр туурвиж эхлэхээс хэдэн жилийн өмнө юм. Үүнийг классик гэхээс ч яах билээ. Ханс Улрих Обрист түүний тэргүүлэгч шинж чанарт дуртай хийгээд “Ёоко Оногийн нөлөөлөл улам л өсч байна, өнгөрсөн жилүүдэд дэлхий ертөнц үүнд нь автчихлаа” гэсэн.
Тэр үргэлж л хов живийн гол бай болж цаашлаад түүнд өс санасан гэлтэй хүмүүс ч байдаг. Энэ тухайд харамсалтай нь гэсэн шиг толгойгоо сэгсэрнээ “Хүмүүс үргэлж л амныхаа зоргоор ярьж байдаг. Хааяа нэг ч биш, өдөр бүр, дандаа. Тэгсэн хэрнээ миний эргэн тойронд, дотно байх гэж хичээнэ. Хэдий дотно харилцаатай байлаа ч болгоомжтой байх хэрэгтэй” гэлээ.
Хов жив гэдэг бол түүний уран бүтээл, хөгжим, амьдрах хэв маяг, хайртай хүмүүс, бас хувцаснуудын дэргэд юу ч биш. Жишээ нь, “Central Park West” дэх түүний байшингийн хэдэн өрөө тэр чигээрээ хувцасны өрөө ба өмсөх, зүүх нь барагдашгүй их гэж ярих нь бий. Олон тооны хувцас, гутал, малгай үргэлж авч явж “Vogue”-ийн загварын мэргэжилтнүүд ч суугаад ажлаа хийхэд болохоор. Мөн түүний нэг найз нь хэлэхдээ “Ёоког би айхавтар дэлгүүр хэсэгч гэж хэлж мэдэхгүй нь. Гэхдээ Бергдорфоор олон жилийн турш үнэнчээр үйлчлүүлж байгаа” гэлээ. Харин тэр үргэлж албаны, бас үнэтэй хувцас өмссөн харагддаг. Хар эсвэл цагаан хүрэм, богино өмд, туяатай шил.
Жон түүнийг өндөр өсгийт өмсөхөд дуртай байсандаа тоо тоомшгүй олныг авч өгдөг байж. Харин Ёоко хэзээ ч өмсөлгүй, шүүгэндээ байлгасаар. Түүнийг магадгүй цуглуулагч гэж болмоор. Хувцас, гутал, орон сууц, байшин, нарны шил, урлагийн бүтээл бас тэгээд ховор номоор арвин гайхалтай номын сантай юм билээ. Вэрнэр Мүэнстэрбергийн “Цуглуулга: Сонирхолтой хүсэл” номонд цуглуулах хобби гэдэг нь анхаарал, асран хамгаалал дутсантай холбоотой гэдэг. Ёоког бага зэрэг мэдэхийн хувьд дээрх дүгнэлт үнэн ч юм шиг. Ёоко Японы удам дамжсан баян гэр бүлээс гаралтай бөгөөд Исоко Оно гэх эмэгтэйн хамгийн том хүүхэд билээ. Ёоко гэдэг нь “дайлан хүүхэд” гэсэн утгатай нэр аж. “Би ээжийгээ хайрладаг байсан ч, тэр ажлаа хийгээд маш завгүй байдаг. Тэр мэдрэмтгий биш ч зөөлөн, дулаан хүн байсан. Гэхдээ тийм гэр бүлд бол надтай байсан зүйл нь асрагч болоод ёс заншил л байв.” Түүний аав нь хожим банкир болсон төгөлдөр хуурч хүн. Ингээд харахаар гэр бүл нь их барууны хэв маягтай. Ёоког төрөхөөс хоёр сарын өмнө аав нь Сан Франциско руу явснаар тэр хоёр ой өнгөрч байж аавтайгаа уулзаж, хамт амьдрахаар болжээ. Ийн нүүхэд ээжийнхээ хэлснийг тэр сайн санадаг. “Чамайг юу ч хийсэн, хүмүүс Ёоког биш Япон хүмүүс үүнийг хийлээ гэж бодох болно. Чи бол удам угсааныхаа нэгэн төлөөлөгч”. Тэрбээр “Би энэ үгийг сургууль дээр “Чи цагаан арьстан биш” гэх үгсийг сонсохдоо, илүү санагдаг байсан” гэв.
Түүнийг насан туршид нь арьс өнгөний үзлээр гадуурхаж байлаа. “Esquire сэтгүүл нэгэнтээ түүний тухай “Жон Ленноны хэрмэл тоор” гэсэн гарчигтай материал нийтэлж, сармагчин шиг царайтай гэхчлэн бичиж байв. “Маш олон нэр, хочуудаас болоод магадгүй хүлээх, юу болохыг харзнах гэсэн дархлаа надад суусан биз. Би одоо байгаа насандаа сэтгэл хангалуун байдаг. 70 хүрээд би олон зүйлийг сурч, ойлгож авсан. Хэрэв 10 жилийн өмнө талийсан бол тэнэгээрээ л хорвоог орхих байж шүү дээ.”
Гэхдээ тэр хэзээ ч тэнэг байгаагүй ээ. Хүүхэд насных нь тухай асуухад зөөлөн, намуун хоолойгоор ярьж эхлэв. Дөрвөн настай байхад нь тэднийх Токио руу эргэн очжээ. Харамсалтай нь, тэнд ч бас гадаад гэж дуудуулах болов. Ёоко “Гакушүин” гэх Токиогийн ууган сургуульд элсч, хожмын Эзэн хаантай нэг ангид сурч байж. Гэвч 1942 онд бөмбөгөдөлтөөс сэргийлэхийн тулд ээж нь 9 настай түүнийг, дүүгийнх нь хамт хөдөө явуулжээ. “Тэндэхийн хүмүүс ээж рүү минь сүү, тахиа, зөгийн бал гээд бүх зүйл байгаа тухай бичнэ. Гэхдээ бидэнд юу ч байсангүй. Биднийг эрх дураараа өссөн учраас “чангалах” цаг нь болсон гэж бодсон юм болов уу. Бас гэрийн үйлчлэгч нь өвчтэй учраас би хоёр дүүгээсээ гадна түүнийг асрах хэрэгтэй болсон. Мөн үргэлж л өлсгөлөн өдрүүдийг өнгөрүүлнэ. Хэдийгээр энэ бүхэн жаргалын өмнөх зовлон байж болох ч, хүүхэд нас биш шүү дээ.”
Дайны дараа тэр Америк явж аав, ээжтэйгээ амьдрах болжээ. Тэд хүсэл сонирхлыг нь дэмжиж Sarah Lawrence-ийн коллежид оруулсан ч Ёокод таалагдсангүй. Тэр илүү бүтээлч байхыг хүсчээ. Тиймээс гуравдугаар курстээ сургуулиа орхиж, амьдрах бас студи болгоод уран бүтээл хийж болохуйц дээврийн хөндий олжээ.
Ёоко Оно яг л шидтэн шиг. Сургууль, бага нас, гэр бүл нь түүнийг өөрийн хүссэн уран бүтээлийн замд нь аваачсан. Тэр Chambers гудамжин дахь байрандаа үзэсгэлэн  тайлбарлаж, үйл ажиллагаа зохион байгуулдаг байв. Хүмүүс их ирдэг ч, яг үнэндээ зүгээр л юу болж байгааг сонирхох дуртай байсан юм. 1956 онд Ёоко анхны нөхөр Тоши Ичияанагитайгаа уулзжээ. Тэр Кейжтэй хамт сурдаг байв. Удалгүй тэд Токио руу явсан ч, орхиж одсон нутагтаа эргэн очиход сэтгэл санаа нь тийм ч сайн байсангүй.
Бичигч би бээр нэгэн удаа Венецид Пегги Гуггенхаймтай ярилцаж байгаад зочдын дэвтрээс Ёоко Оно гэсэн нэр харж байв. Тэгсэн 1956 онд Кейж, Пегги нар Токио явж Ёоко тэдэнд орчуулагч, хөтөч болохын зэрэгцээ Кейжийн зарим үзүүлбэрт оролцож байж. Ёоко заримдаа зочид буудалд Пеггигийн өрөөнд хонох болов. Энэ үед тэрбээр залуу америк эр Тони Кокстой учир ургуулсан байсан юм. Пегги үүнийг нь мэддэг байсан бөгөөд надад бичсэн захидалдаа “Би Ёоког хүндэлдэг, тэр миний найз. Тийм биш бол юу гэж би түүнийг өрөөндөө өөр эртэй хонуулах вэ дээ” гэсэн удаатай. Тони Кокс Ёокогийн хоёр дахь нөхөр бөгөөд тэд Кёоко гэх охинтой. Леннонтой гэрлэсэн ч Ёоко охиндоо анхаарал, халамж тавьдаг байв. Гэтэл 8 нас хүрэхэд нь Кокс охиноо авч нэрийг нь Рөүзмэри болгон, 31 нас хүртэл нь уулзахыг хоригложээ. Энэ бол Ёокогийн амьдралд тохиолдсон хамгийн том эмгэнэлт явдал билээ. Харин азаар тэд одоо найзууд болсон.
1966 онд гайхалтай хос болох Ёоко, Жон нар Лондон дахь “Indica галлерейд учирчээ. Ёокод түүний стиль таалагдсан ч, барууны ертөнцөд мэдэхгүй хүн үгүй түүнтэй дараа уулзахад тэд хоёул ичиж, сандарч байсан гэдэг. Ленноны анхны эхнэрийн хүү Жулиан Леннон энэ тухайд нэгэнтээ илэн далангүй ярьсан байдаг. “Ёоко их айхавтар эмэгтэй. Юу ч мэдээгүй юм шиг хэрнээ, бүгдийг дотроо төлөвлөчихсөн байдаг. Тэр эхний өдрөөсөө л юу хийж байснаа мэдэж байсан.”
Ёоко хэлэхдээ “Би Жоныг хараад алмайрч орхисон. Би номын дэлгүүрт Ленноны “In His Own Write номыг үзэхэд, бараг л миний номын хажууд байрлаж байв. Эндээс би ер бусын холбоог мэдэрсэн” гэв. “Эбби Роүд дэх нэгэн үдэшлэгт очиход Жон Леннон надтай тийм ч сайхан харилцаагүй. Харин сүүлд намай Кэнвуд дэх байшиндаа урьсан юм. Заримдаа эхнэр Синтиа нь байдаг ч, заримдаа эзгүй. /Энэ тухайд бараг л домог шиг яриа бий. Синтиа амралтаасаа ирэхэд гал тогооны өрөөнд нь түүний усны алчуурыг Ёоко нөмөрчихсөн Леннон тэр хоёр ширтэлцээд сууж байсан гэдэг. Харин Леннон эргэж хараад “Сайн уу” гэсэн./
Би Ёокогоос ичимхий, бүрэг байдлын тухайд асуув. “Би өөрөөсөө ичдэггүй ээ, харин уран бүтээлчийн хувьд бол магадгүй. Ленноныг өнгөрснөөс хойш л би бүрэг байдлаа гээж байна даа. Надад хариуцлага ирсэн. Би түүнийг мартагдуулахгүйн тулд хичээх болно гэж амласан. Ядаж 10 жил хичээнэ, гэхдээ би одоог хүртэл хичээж, бүхий л зүйлсийг хийж явна.”
Хэдэн арваны өмнө бичсэн түүний дуунууд одоо бүгд л ремикс болжээ. Руфус Уайэнврайт, Ленноны хүү Шон, Бейсмэнт Жакс гээд олон хүнтэй тэр хамтран ажилласан байна. Феликс Бакстон “Залуусын чиглүүлж буй өнөөгийн соёлт нийгэмд, тэр юм бүхнийг маш сайн ойлгож, мэдэрч чаддаг. Хамтран ажиллаж эхлэх үед би Ёоког ямар нэг шаардлага тавьж, захирах гээд байх болов уу гэж бодсон. Гэтэл тэр “Чи надаар юу хийлгэмээр байна?” гэсэн шүү. Хамтарч ажиллах гэдгийг тэр уран бүтээлчийн хувьд гайхалтай хэрэгжүүлдэг хүн” гэжээ. Видео бичлэгийн үед түүний хөл, гар гээд л тэр яг залуу эмэгтэй мэт. “Уян налархай байна гэдэг чухал зүйл” гэж тэр хэлэх дуртай. “Scream, Voice Piece for Soprano болон “Wish Tree дэх Ёоког харвал түүнийг зүгээр гайхамшиг гээд зогсохгүй бишрэм гэдгийг нь мэдрэх болно. Түүнчлэн түүний сопрано хоолой эмзэг, туяхан гээч. Энэ нь Жоныг өнгөрдөг өдөр тэдний бичүүлсэн “Walking on Thin Ice дуунаас илт сонсогдоно. “Pet Shop Boys”-той 2003 онд дахин гаргасан энэ дуу нь Мадонна, Жастин Тимберлейк нарыг бут цохиж хитэд тэргүүлэх болсон.
Гэхдээ энэ бүхэн түүнийг бүрэн дүүрэн илэрхийлэхгүй. Тэр маш ихийг, үргэлж, хэзээд хийж, бүтээсээр л явдаг. Бразил, Барселона дахь инстолляци бүтээлүүд, дэлхий даяарх үзэсгэлэн, жижиг хотуудаарх аялал... Тэр Ленноны дурсгалын төлөө дуусашгүй ажил хийж, шүтэн бишрэгчдийг нь хүндэтгэж, хүмүүнлэгийн үйлст өөрийгөө зориулсаар.

         Шинэ юм бүхэн сонирхолтой байдаг нь гарцаагүй. Өөрчлөгдөн буй өнөөгийн нийгэмд бүхий л салбарт шинэчлэл явагдаж тэр дундаа боловсролын салбар, магадгүй цаашлаад шинжлэх ухааны ойлголтууд ч өөрчлөгдөж байх шиг. Энэ тухай ярихад миний бяцхан бодол багадах ч гэлээ, өөрийнхөө хэмжээнд мэдээлэлтэй байхыг хичээж буй. 
        Сэтгүүл зүйн хувьд бид арай хоцроогүй байгаа? Ямартай ч, өнгөрсөн зун "Reuters"-той ажиллаж багахан зүйл мэдсэнээ хуваалцаж байсан. Үүнээс хойш шинэ чиглэл, шинэ хандлагын тухай бодож, мэдээлэл эрэлхийлсээр байв. Улмаар есдүгээр сард "Newsweek" сэтгүүлд гарсан Азийн их, дээд сургуулийн тухай нийтлэлийг уншлаа. Мөн саяхан "Time" сэтгүүлээс шар тивийн боловсролын салбар хурдацтай ахиж, Иелийн Их Сургууль Сингапурт салбараа нээж буйг харлаа. Энэ бүгдээс үүдэн тэдгээр сургуультай танилцаж, орчинг нь нүдээр үзэхийг хүсч байсан юм. Азаар энэ бодол минь биелж Хонг Конгийн Их Сургуулийг зорьлоо. 
        Юун түрүүнд анх уншсан нийтлэлээ дор хөрвүүллээ. Мөн HKU дэх монгол оюутнуудтай ярилцсанаа хүргэж байна. Бичиж дуусаад харахад HKU-н тухай сурвалжлага мэт санагдах вий гэж эмээлээ. Гэвч эрхэм уншигч Та тэр бүхнийг тодорхой жишээ гэдгийг болгоон, үлгэрлэж буй санааг минь анхаарах биз ээ. 


Ази тив дэх боловсролын салхи 
/”Newsweek” сэтгүүл/

      Азийн их, дээд сургуулийг зорих нь дэлхийн үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн эрч хүч, идэвхтэй бүст олон талт соёлын  хүрээллийн дунд боловсрол эзэмших боломжийг олгож буй. Ялангуяа, сүүлийн үед дэлхий даяар энэ зүгт анхаарал хандуулж, жил дараалан тохиолдсон барууны хямралыг ажралгүй худалдаа, бизнесийн үйл ажиллагаа нь амжилттай явж байгааг анхааралтай харж байна. 
      Тэд хамгийн шилдэг, үр дүнтэй бизнесийн арга, хэлбэрийг эрэлхийлж судалгаанд тулгуурласан шинэчлэлийг хэрэгжүүлсээр байгаа юм. Энэ бүхэн нь тус тивийг сурч, боловсрох тохиромжтой цэг болгохын зэрэгцээ дэвшилтэт хэв маяг нь хэн бүхний анхаарлыг татаж байна. Тэр дундаа сурах чин хүсэлтэй оюутнуудыг нэртэй корпорациудад дадлагажуулах болсноор зогсолтгүй өсөн нэмэгдэж буй эдийн засаг, үйлдвэрлэлийн бодит орчинд мэдлэгээ үнэлэх, ашиглах боломжоор ханган Англи, Америкийн уламжлалт дэг сургуулиас эрс ялгарах болов. Энэ нь шинэ үеийн сурагчдад хамгийн чухал гэдэг нь илэрхий. 
       Тухайлбал, Сингапурт суралцагч оюутан Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв цэгт мэдээлэл хүлээн авч, мэдлэг олж авч байна. Сингапурын нийгмийн бүтэц, эдийн засгийн хөгжил нь бизнесийн чиглэлээр сургалт явуулахад тохиромжтой орчныг бий болгожээ. Олон улсын оюутнууд чанартай боловсрол эзэмшихийн хажуугаар Малайз, Тайланд, Индонези зэрэг Зүүн Азийн бусад орноос арай илүү ялгаатай амьдралын хэв маягаас суралцаж байгаа нь сонирхлыг нь татах аж. 
       Энэтхэгийг авч үзвэл, дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтайн дээр тэрбум хүний өлгий болсон газар. Суралцах таатай орчныг бүрдүүлсэн нь олон улсын шаардлагад нийцэж, их сургуулиуд нь дэлхийн чансаанд дээгүүр бичигдэх болсныг гайхах зүйлгүй. 
Хятадын тухай ярихад ямар нэг оршил хэлэх нь илүүц биз ээ. Хүн амын тоо, худалдаа, бизнесийн ер бусын орчин нь хэн бүхнийг дэлхий, ертөнцийн талаарх бодлоо дахин нэг эргэцүүлэхэд хүргэж байна. 
        Дээд  боловсролын салбарт тэргүүлэх болсон бас нэгэн улсын тухай дурьдахгүй байхын аргагүй. Энэ бол Хонг Конг. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Азийн “QS” чансааг жил дараалан тэргүүлээд байна. Хорьхон жилийн түүхтэй тус сургууль технологийн салбарт дэлхийд тэргүүлэх болж Кэмбриж, Оксфорд, Харвард, Иеэлтэй эн зэрэгцэн дэлхийн Топ5-д багтжээ. 
        Гэхдээ энэ нь Азийн хуучны сургуулиуд муу гэсэн үг хараахан биш. Хонг Конгийн Их Сургууль, Сингапурын Үндэсний Их Сургууль гэхчлэн удаан жилийн түүхт сургуулиуд шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтна. 
       Энэ жилийн чансааг тэргүүлэгчдийн дунд 13 орны их сургууль байгаагаас Пакистан, Бангладешийн дээд боловсролын байгууллагаас багтсан нь Ази тив даяар боловсролын чанарын өсөлт эрчимтэй явагдаж буйг харуулжээ.Тэр дундаа, Японы 5 их сургууль багтсан нь олон жилийн турш энэ салбартаа хөрөнгө оруулж ирсэн Засгийн Газрын алхмын үр дүнг илтгэж байна. Түүнчлэн Хонг Конг, БНСУ тус бүр 4 сургуультайгаар удаалсан бол БНХАУ-ын 14 их сургууль шилдэг 100-д оржээ. Мөн анагаах ухаан, технологийн салбарт ноёлж буй Тайванийн их сургуулиуд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орно. 
      Хэдийгээр их сургуулиудын чансааг гаргахад олон жилийн настай нь тэргүүлдэг гэх шүүмжлэл гардаг ч энэ байдал жилээс жилд өөрчлөгдөж байна. Тив, бүс нутгийн хөгжил нь шилдэг багш, судлаачдыг “бий болгож”, суралцагчид мэргэжлийн салбарт нь өрсөлдөөн, үйл явдал өрнөж байдаг нийгмээс илүү их мэдлэг, туршлага хуримтуулахыг зорьдог болжээ. 


Боловсролын чанар, рейтингийг хэрхэн тогтоодог вэ? 

  Дээрх нийтлэлд дурьдсан олон улсын чансааг “QS World University Ranking”-ээс авчээ. “QS” нь Лондон, Нью-Йорк, Сингапур гээд олон оронд салбартай бөгөөд боловсрол болон гадаадад суралцах талаар судалгаа явуулдаг байгууллага юм. Тэд 2009 он хүртэл боловсролын салбарт тэргүүлэгч английн TIMES Higher Eduication сэтгүүлтэй хамтран уг жагсаалтыг гаргаж байв. Харин одоогоор уг үнэлгээг бие даан хийж буй. “QS”-ийн тухайд олон дүгнэлт бий; 

- “Хэдийгээр дийлэнх судалгаа маргаан, шүүмжлэл дагуулдаг ч эднийх салбартаа хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн нь билээ.” - “Huffington Post” цахим сонин
- “Энэ төрлийн жагсаалтууд дундаас хамгийн итгэж болохуйц, хүлээн зөвшөөрөгдсөн нь” - Английн “University of Leicester” их сургуулийн цахим хуудас
- “Бид энэ жагсаалтад дуртай байх эсэх нь хамаагүй, “QS”-ийг дэлхий нийтээрээ хамгийн бодитой судалгаа хийдэг гэж үздэг юм.” - Малайзын тэргүүлэгч сонин “New Straits Times


Хонг Конгийг зорьсон нь 

  Дээр хөрвүүлсэн нийтлэлийг уншсаны дараа Хонг Конгийн Их Сургууль эрхгүй сонирхол татлаа. Урьд нь, Лхагвын блогоос “Азийн шилдэг их сургууль ба түүний монгол оюутнууд” гэсэн нийтлэлийг уншиж байсан минь ч санаанд буусан юм. Сургуулийн вэб сайтыг сонирхож, Фейсбүүк дэх Сэтгүүл зүй, сургалт судалгааны төвийн хуудаст нь нэгдэв. Цаашлаад сургагч багштай нь холбогдож, хэд хэдэн мейл бичсэн. Миний өөрийн сонирхдог онлайн сэтгүүл зүй, мультмедиа чиглэлийн агуулга сургалтын хөтөлбөрт их байх бөгөөд богино хугацааны сургалтууд ч зохион байгуулдаг аж. Харамсалтай нь, энэ хичээлийн жилийн хуваарь хараахан гараагүй байлаа. 
  Гэлээ ч бодсоныхоо дагуу аравдугаар сарын 5-нд Хонг Конгт газардав. Дулаан, чийглэг агаар угтаж гэрэлт хотын гудамжаар давхисаар байрлах газартаа хүрлээ. Газрын зурагтай л бол энд бүх зүйл ойлгомжтой. Орой буусан хэдий ч Цим Шай Цүй дүүрэгт байсан тул шөнийн зах гэхчлэн ойр хавийн газруудтай танилцаж амжив. 


Хонг Конгийн Их Сургууль

  Даваа гаригийн өглөө эртлэн босч сургууль явахаар гарлаа. Өмнөх өдрүүдэд гадуур явахдаа Хонг Конгийн соёлын төв гэх том байгууламжийн дэргэдүүр олонтаа өнгөрсөн ч амралтын өдөр, шөнө оройн цаг гээд хаалттай байсан тул замдаа энд саатсан юм. /Энэ тухай дараачийн нийтлэлдээ бичнэ./ Үдийн алдад Ковлунаас Хонг Конг арлыг зорин метронд сууж, автобусаар нарийн гудам дагуу эгц өөд нэлээд удаан өгсөв. Бараг л уулын оройд гарав уу гэлтэй. 
 Хонг Конгийн Их Сургууль. Төв байр нь тэр гэх тэмдэггүй олон өндөр байшин угтав. Газрын зураг авах уу гэхэд нь кампус дотор төөрөхгүй байлгүй гэж бодоод орлоо. Гэтэл тус бүр өөрийн нэртэй барилгуудаас хотхон бүрдэх аж. Алинд нь юу байгааг анх очсон би мэдэх аргагүй. Юутай ч, хамгийн түрүүнд номын дэлгүүр олсондоо баярлан орсон юм. Тийм ч том биш, гэхдээ бүхий л салбарын сурах бичиг болон уран зохиолын, чөлөөт цагт зориулсан номнууд. Сэтгүүл зүйтэй холбоотой материал цөөн хийгээд “Privacy is Dead” гэх этикийн тухай, мөн англи хэлээр мэдээ хэрхэн сайн бичих талаарх гадны оюутнуудад зориулсан ном авлаа. Харин сурах бичгүүдээ нэг, нэгийг байрлуулаад ямар хичээлд ашиглах, хаанаас хувилж авах тухай хаягийг нь бичжээ. 
  Эндээс гарахад сургуулийн театрт ямар кино ирсэн тухай зарлал хаджээ. Мөн эргэн тойронд хүүхдүүд ширээ, сандал байрлуулж зарим нь хуучин ном хямдралтай зарж, орлогоо буяны үйлст зориулахаа мэдэгдэж байх. Нөгөө талд хэсэг залуус гитар бариад бэлтгэл хийнэ. Сургуулийн өргөн гудмаар нааш, цааш холхих оюутны их урсгал. /Зургийг доор слайдаар байрлуулсан/
Ингээд Хонг Конгийн Их Сургууль дахь монгол оюутан Э.Лхагва, Б.Анар нартай товлосон цаг маань болжээ. Кампус дахь “Глобаль Лоунж”-д уулзахаар тохирсон ч, ололгүй баахан будилав. Сүүлдээ зөрж өнгөрөх оюутнаас асууж, хүргүүллээ. 


Э.Лхагва
Б.Анар
 Э.Лхагва – 2007 онд MIU-г Бизнесийн Удирдлагын мэргэжлээр төгссөн. “UBS Music”-т хөтлөгч, “Хас” банкинд ПиАр мэргэжилтэн, Сангийн Яаманд ажиллаж, Дэд сайд Ч.Ганхуягийн туслахаар ажиллаж байсан. ХК Их Сургуульд Сэтгүүл зүйн магистрт сурдаг.

Б.Анар – “Орчлон” сургуулийг төгссөн. ХК Их Сургуульд Боловсрол судлалын чиглэлээр хоёрдугаар курст суралцаж буй. 


            Б.Анарын хувьд тус сургуульд элссэн анхны монгол оюутан юм. Намайг бүртгүүлж байхад элсэгчдийн жагсаалтад монгол гэсэн сонголт байгаагүй. Ямартай ч, эх орноо төлөөлөн Азидаа дээгүүрт орох энэ сургуулийн анхны оюутан болсон. 10 жилийн боловсрол эзэмшээд ирэхэд эндэхийн оюутнуудаас насны зөрүүнээс эхлээд олон ялгаа гарч байсан. Хонг Конгт хүүхдүүд дунд сургуульд биднээс илүү олон жил сурдаг бөгөөд дахин 2 жилийг их сургуульд орох бэлтэл байдлаар суралцаж өнгөрүүлдэг. Тэр хугацаанд цаашид сурах чиглэлийнхээ дагуу хичээл сонгож үздэг тул элсэгчид нь чанартай байдаг. Мөн жил бүр эх газрын хятадаас хамгийн шилдэг 200 хүүхдийг шалгаруулж авдаг нь маш их өрсөлдөөнтэй орчныг бий болгодог. 
           Өрнө, дорнын уулзвар болсон энэ оронд суралцахын давуу тал нь хятад, англи гээд хоёр хэл сурах боломжтой. Хичээлээ англиар үзээд, бусад цагт олон улсын оюутнуудад зориулсан хятад хэлний дамжаанд хамрагдаж болох юм. Бас нэг онцлох зүйл нь өөрийгөө илэрхийлэхэд суралцах. Хичээлийн дүн гарахад 20-30 хувийг илтгэл хэрхэн тавьснаар үнэлдэг юм. Нэгдүгээр курст илтгэл тавихад юу анхаарах, юу ярих, хэрхэн биеэ авч явах гээд тусдаа хичээл ордог нь маш их хэрэг болдог. 
           Дөнгөж сургууль төгссөн “шинэков”-уудыг ажилд авдаггүйн “зовлон”-г бид сайн мэднэ. 2-3 жилийн туршлага шаардаж, баримт бичигтэй ажиллаж сурсан байхаас эхлээд олон талын нэмэлт чадвар шаардана. Диплом дээрх дүн юу ч биш гэх хандлага сүүлийн жилүүдэд их илрэх болсон. Тэгвэл гадны оронд үүнийг нөхдөг зүйл нь олон нийтийн ажил болов уу. Энэ тухайд “Оюутны хичээлээс гадуур юу хийснийг маш их анхаардаг. Ямар клубт хамрагдаж байсан, ямар бүтээлч зүйл хийсэн гээд. Миний хувьд, монголд байхдаа ЮНИСЕФ-т сайн дураар ажиллаж байлаа. Энд ч мөн цөөн цагаар ажиллаж байсан. Бас олон улсын хүмүүнлэгийн сайн дурын ажилд хамрагддаг. Өнөгрсөн зун Африк явсан, энэ өвөл ч дахин ажиллахаар төлөвлөсөн.” 
  Тэтгэлэг авах олон талын боломж бий. Э.Лхагва “Ротари” клубын идэвхтэй гишүүн бөгөөд жил бүр олгодог 27 мянган доллараар хүссэн сургуульдаа суралцах тэтгэлгийг хүртсэн юм. Эхлээд барууны орнуудыг сонирхож байгаад дэлхий нийтийн чиг хандлага Ази руу чиглэснийг анзаарч Хонг Конгийн Их Сургуулийг сонгожээ. 

  Сэтгүүл зүйн чиглэлээр магистрт сурч буй оюутнууд нь маш сайн байдаг. Сургуулиас сонгохдоо ихэвчлэн одоо ажиллаж байгаа хүмүүсийг авсан юм билээ. Манай анги гэхэд 19 орны 66 оюутантай. Тэдний 40% нь сэтгүүлчээрээ ажилладаг, 30% нь бакалаврын зэргээ аваад үргэлжлүүлэн сурч байгаа бол үлдсэн нь өөр мэргэжлээр ажиллаж байсан  хүмүүс. 
  Багш нарын хувьд цөөнгүй нь Bloomberg, CNN, Reuters-д ажилладаг, ихэвчлэн редактор хүмүүс. Мэдээж энгийн сэтгүүлчээс эхэлсэн түүхтэй. Оюутнууд нь ч мөн ажиллаж байсан хүмүүс тул хооронд нь ярилцуулж, бие биенээс нь сургах байдлаар хичээлээ явуулдаг нь сонирхолтой. 
        Хамгийн хэцүү хичээл нь “жинхэнэ” мэдээ бичих байна. Лидээ хэрхэн бичихээс эхлээд өөрийн ямар ч үзэл, баримтлал оруулж болохгүй гэдэг хатуу шаардлагатай. Урьд нь блог бичиж, сошиаль медиа ашиглахдаа өөрийн өнцгөөс, хувь хүн талаасаа мэдээлэл хуваалцдаг байлаа. Гэтэл энд чиний бодол хэнд ч хамаагүй, чамайг хэн ч уншихгүй, үйл явдлын мэдээ бичиж байгаа бол түүнийгээ л бич гэдэг. Нөгөө талаас одоо телевизийн сэтгүүл зүй үзэхээр тайлбарлах шаардлагатай болдог. Эхний хичээлүүд дээр үзсэнээсээ өөр арга барил ашиглах болоод байна. 
        Хэвлэлийн зах зээл ерөнхийдөө суларч байна шүү дээ. Уоррен Баффет гэхэд л “Би ямар ч салбарт хөрөнгө оруулна, гэхдээ хэвлэлийн салбарт биш” гэсэн удаатай. Харин сонинууд энэ байдлаас амь гарахын тулд вэб рүү шилжиж байна. Ингэхдээ, жишээ нь, “Financial Times”-д манай орны тухай бичдэг Leslie Hook гэж сэтгүүлч бий. Ирэхээрээ гар камертаа дүрс аваад, аудио бичээд явдаг. Дараа нь үүнийгээ ямар ч хэлбэрт оруулж мэдээлж чаддаг. Хүмүүс зөвхөн текст уншихаас уйдах боллоо. Подкаст сонсдог, видео үздэг, слайдаар зураг үздэг тэгээд уншдаг. 
       Эндэхийн сэтгүүл зүйн сургалт аль нэг чиглэлээр мэргэшихийг чухалчилдаггүй. Багш нар нь “Та нар хаана ч очсон, юу ч хийж чаддаг байх ёстой” гэсэн зарчимтай. Харин заавал судлах хичээл гэж бий. Юун түрүүнд мэдээ бичих үндсэн арга барил орно. Дараа нь онлайн сэтгүүл зүй буюу мультмедиа. Үүгээр ямар ч хэлбэрээр мэдээлэл бэлтгэж чадах дадал олгодог. 
  Түүнчлэн мөнгө, санхүүгийн чиглэлээр нэмэлт хичээл үзээд Бизнес сэтгүүлч гэсэн давхар дипломтой төгсч болно. Би урьд нь энэ салбарт ажиллаж байсны хувьд үүнийг сонгосон. Манайд санхүүгийн зах зээл ямар байгаа билээ, сэтгүүлчид энэ талаар хангалттай мэдээлж чаддаг билүү зэргийг бодсон. 
  Энд Оюутны Холбоо нь маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тэр хэрээрээ хүчтэй. Тухайлбал, сургуулийн 30 мянган оюутанд үйлчлэх 8 төрлийн зоогийн газрыг шалгаруулах тендерт оролцоно. Мөн Азидаа томоохонд орох сургуулийн номын санд нэг хуудас цаас ямар үнээр хэвлэхийг хүртэл шийднэ. Сургуулийн удирдлагатай сайтар хамтарч ажилладаг юм билээ. Цаашлаад хотын захиргаатай ярилцаад тусгай автобус хүртэл явуулж эхлээд байна. Ерөнхийдөө маш ардчилсан шинжтэй бөгөөд Удирдах зөвлөлөө жил бүр сонгуулиар тодруулдаг уламжлалтай. 
  Сургууль ногоон байхаар ихэд чармайдаг юм. Нөгөө талаас бага зардлаар ажиллахыг хичээдэг. Багш ангид орж, карт уншуулснаар гэрэл асна. Хичээл дуусахаас 10 минутын өмнө дохио дуугарч сануулна. Хогоо хэрхэн хаядаг, яаж ангилдгаа мэдүүлэхийн тулд бүр оюутнуудыг дадлага хийлгэнэ гээч. Сургуулийн барилгуудаар ороход энэ сард хэдий хэмжээний цахилгаан хэмнэснээ бахархалтайгаар бичсэн байгаа. Кампусаа “ногоон” байлгахыг зорьдог юм билээ. 
Хонг Конгийн Их Сургуулийг санхүүгийн чиглэлээр төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ орон өөрөө банк, санхүүгийн томоохон төв болоод байна. Энэ утгаараа эндэхийн байгууллагууд оюутнаа энэ сургуулиас авах болж байна. Тэгэхдээ одоо II курсын оюутнуудтай ярилцлага хийж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2 жилийн дараах теллерээ өнөөдөр бэлдэж байна гэсэн үг. Бүх зүйл цаг хугацаа, зарчмын хүрээнд, таньдаг хүнээ ажилд авна гэсэн ойлголтгүй, өрсөлдөөн дээр л тулгуурлаж байна.  
IMG_8143IMG_8635IMG_8390IMG_838720062012441IMG_8380
IMG_8372IMG_8368IMG_8367IMG_821319062012429IMG_8203
P1030924P1030983P1030960IMG_0058IMG_0055IMG_0054
IMG_0052IMG_0036IMG_00033IMG_0030IMG_0027IMG_00023
 Фликр профайл үүсгээд удаж байгаа ч ашигладаггүй байсан юм. Гэрэл зураг сайн дарахгүй ч, үзэж харсан зүйлсээ бусадтай хуваалцах үүднээс одоо идэвхитэй хөтөлнө өө.

Урьд нь авч байсан зургуудаасаа бага, багаар оруулж байна.  
KhulanJ's photostream on Flickr.


"Гялбаа" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт 
хөрвүүлсэн материалаа орууллаа. 

Стелла Маккартни - Загварын ертөнцөөс мэдрэгдэх анхил үнэр

                Стелла гэх нэрийг дуудмагц амжилт, алдар нэр гэх үгс хамт сонсогдоно. Гэхдээ үүнээс урьтаад түүний хувьд мартаж болшгүй зүйл бол хүүхдүүдийнх нь усанд орох цаг. Нэртэй загвар зохион бүтээгч, амжилттай эмэгтэй, басхүү гэрийн сайн эзэгтэй тэгээд дээр нь Олимпийн багийнхныг “хувцаслагч” хатагтайтай танилцъя.  

                 Стелла Маккартни маш их ядарчээ, бараг л туйлдаж. Уг нь өөрийнх нь хэлдгээр түүнд гал цогтой гэрэлтэх нүд бий. Гэхдээ хоёр хүүхэд нь өвдсөнөөс болоод тэр хоногт таван цаг л амарч байгаа аж. Өнгөрсөн шөнө тэр бяцхан Райлидаа ноосон бүтээлэг оёсон гэв. “Үүнийг оёж байхдаа би хичнээн сайхан зүйл хийж байгаагаа л бодож байлаа. Гэтэл өглөө сэрэхэд охин минь хүндэрчихэж! Хэлэх ч үг олдохгүй, “Өө Райли, оёхоос минь өмнө ингэхгүй яав даа” л гэж бодсон шүү.”
                Ноттин Хиллд сэрүүхэн хэрнээ, нүд гялбам нар тусч дотор дулаацуулах шинэ өглөө. Маккартни Парисын “Opera Garnier”-т 2012 оны хавар, зуны коллекцоо танилцуулаад хоёр долоо хонож буй. Басхүү түүний аав Нэнси Шевелтэй гэрлээд 10 хонож байна. Бид тэндэхийн нэгэн кофе шопт суунгаа яриа өрнүүллээ. Энэ газар түүнд их дурсгалтай. Учир нь, дөрвөн бяцхан хүүхдийнх нь аав, тавилгын бизнес эрхлэгч Эласдхэйр Уиллистай гэрлэхдээ баярын бялуугаа энд хийлгэж байжээ.
                Өнгөрсөн долоо хоногт тэдний гэр бүлийнхэн, бас бяцхан Рэд хаваа дагуулан Вутершир дэх эдлэнгээ зорьсон байна. Тэнд Мадонна, Том Форд, Лив Тайлер зэрэг нөхдөөс нь хуримын бэлгэнд өгсөн зүрхэн хэлбэрт “хуримын мод” байдаг юм. Энэхүү байшингийн ханыг Гэри Хьюм, Трейси Эмин нарын бүтээлээр чимэглэжээ. Мөн энэ нь Эласдхейрын цэцэрлэгт хүрээлэнгийн загварт шимтэх, Стеллагийн морь унах, хоол хийх хүслээ биелүүлэх нэгэн газар билээ. Стелла өөрийгөө амралтын өдрүүдэд өглөө, өдөр, оройн хоол бэлдсээр өнгөрдөг эзэгтэй гэнэ. Түүнчлэн тэрбээр гэр бүлийн Prius ээ унаад, хүнсэнд явдаг хэрнээ тааралдсан бүхнээ аваад хоол руугаа шидчихдэг хүн биш гэдгээ дурьдаж байлаа.
                Энэ жил тэдний гэр бүлд тохиосон нэгэн онцгой үйл явдал нь Стеллагийн 40 насны баяр байв. Мэдээж жинхэнэ “Маккартни ёс”-оор буюу гурваас доошгүй удаа хүндэтгэлийн зоог барих нь зүйн хэрэг. Лондоны “Apsley House”-т түүний дотны найзууд Гвинет, Кейт Хадсон, Кейт Мосс нар ирсэн. “Wolseley” дэх хүлээн авалтанд гайхалтай хатагтай нар уригдаж, Уэльсийн рейрбитээр /хайлсан бяслагтай үндэсний зоог/ дайлуулан, Уэстбурн дэх “Cow”-д ханатлаа бүжжээ. Энэ тухайгаа “Ер нь бол би найзуудтайгаа паб-д суухыг л хүсч байсан юм” хэмээн Стелла үнэнч өнгө, нутгийн аялга хослуулан хэллээ.
                Стелла Маккартнийн дотоод ертөнцөд басхүү амжилтын ертөнцөд зочилъё. Тэрбээр 40 нас хүрч, “Gucci”-тэй хамтран байгуулсан өөрийн нэрийн лейбл нь 10 жилийг амжилттайгаар үдэж буй. Сүүлийн үеийн мэдээгээр хөрөнгийнх нь хэмжээ 34,4% хүртэл өссөн гэжээ. Дэлхий даяар Стелла Маккартнийн 23 дэлгүүр байх бөгөөд энэ онд Brompton Cross дахь 3500 м2 худалдааны төвтэй нийлээд 3 шинэ дэлгүүр үүдээ нээлээ. Үүнээс гадна тэрбээр сургууль төгссөнөөсөө хойш анх удаа Лондоны загварын долоо хоногт дахин давтагдашгүй үдшийн гоёлын загвараар оролцсон юм.
                Стелла ажилдаа аль хэдийнэ гаршсан. Хамгийн хатуу шүүмжлэгчид ч түүний 2012 оны хавар, зуны коллекц дэх “Aertex”-тэй хамтарсан торгомсог, уран хийцтэй торон эмжээртэй хувцаснууд нь спортлог басхүү секси төрхийг загварын ертөнцөд авчирлаа гэж дүгнэв. Гэхдээ шинийг санаачлагч байх нь Маккартнийн брэндийг бүрэн тодорхойлж чадахгүй. Түүний бүтээсэн намирсан цув, усан цэнхэр өнгийн сонголт, полька цэгүүд гээд энэ бүхэн загварын хандлага төдий биш өөрсдөө харин жинхэнэ илэрхийлэл болох юм.
                Стелла Маккартни Изабел Мэрант, Фоэби Фило, Сара Бартон зэрэг өөрийн үеийн эмэгтэй загвар зохион бүтээгчдээс хэдэн алхмын өмнө яваа. Энэ тухайгаа тэрбээр мөрөө хавчаад “Тэгэхээр... Би бол тэмцэгч эмэгтэй. Ийм байх нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Ер нь эмэгтэй хүн байхуй гэдэг сонирхолтой аялал л гэсэн үг. Би энэ аялалд ганцаараа яваа нэгэн” гэлээ.
                Тэгэхээр түүний аялалд сонирхол татах зүйл олон бий. Энэ олон ажлын хажуугаар тэр өнгөрсөн жилийн хугацаанд “Adidas”-тай хамтран хэзээд олны анхаарлыг татаж байдаг Олимпийг зохион байгуулагч багийнхны хувцасыг урласан билээ. Энэ ажлынхаа хүрээнд Стелла Маккартни 2012 оны Олимпийг зохион байгуулахад гар бие оролцож буй хүн бүрийн өмсч, зүүх том, жижиг бүхий л хэрэглэлд анхаарсан буюу нийт 650 орчим туялзуур сэлэм, гимнастикчдын тоглолтын төдийгүй Олимпийн хотхонд өмсөх өдөр тутмын хувцасны загварыг дэглэжээ. Ингэснээр Олимп болон Паралимпийн багийнхны бүх хэрэглэлийг хариуцан ажилласан анхны дизайнер болоод байна. “Дизайны ийм шийдэлд бүх хүчээ дайчлан ажиллах болсондоо би маш их баяртай байсан” гээд тэр үсээ оролдох аж. Цаашлаад “Гэхдээ хамгийн хөгжилтэй нь юу гээч? Эрчүүдэд зориулсан загвар гаргах. Энэ чинь миний хийдэг зүйл биш шүү дээ. Тэр үед “Би хаашаа хардаг бил ээ? Юу хийх вэ?” гэж маш их бодсон шүү”.
                Бариу жинсэн өмдийг нөхөр Эласдхейрийнхээ дуртай сул цамцны хамт яаж тогтдог бол гэмээр өндөр өсгийттэй хослуулж, үл мэдэгдэм нүүр будалт хийсэн нь Стеллагийн ихэмсэг төрхийг улам тодотгох мэт. Үзэсгэлэнт бүсгүй, дэгжин залуу эр гээд тэд үнэхээр гайхалтай хосууд санагдана. Гэхдээ Стелла “Нөхөр минь тун мэдрэмжтэй хувцасладаг ч, энэ нь миний хувьд түүнд татагдах, түүнийг магтах тийм ч том шалтгаан биш” гэж байв.
                Тэд анх “Browns Hotel”-д ажил хэргийн шугамаар уулзжээ. Стелла “Chloe”-г орхиж өөрийн нэрийн лейблээ эхлүүлж байсан бол Эласдхейр Уиллис түүнд “Wink Media гэх шинэхэн компанийнхээ үйлчилгээг санал болгож байлаа. “Яг үнэндээ тэр өдрөөс хойш бид хоёр холдоогүй  гэхэд болно” хэмээн Уиллис чин сэтгэлээсээ өгүүлсэн юм. Тэд 2003 онд Бьютын аралд католик заншлаар гэр бүл болсон. Бүх зүйл тодорхой, эргэлзсэж тээнэглэзэх зүйлгүй байсан бөгөөд Стелла шийдсэн л бол эргэж буцах зүйлгүй хүн аж. “Би хүүхэдтэй болохыг хүссэн л бол “Тиймээ, цаг нь болсон” гэж өөртөө хэлдэг. Харин үгүй бол “За, зүгээр дээ” л гээд орхино” гэв.
                Стелла ээж Линдагийнхаа адилаар тийм ч сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн биш. Аливааг хүндээр хүлээж авна ч гэж үгүй. Ядаж л тэр үсээ хэзээ ч буддаггүй. “Нэг зүйлийг насаараа хийх нь уйтгартай шүү дээ. Яахав, давуу тал нь гэвэл...” гээд хэсэг бодолхийлснээ тэр ямартай ч үсээ будахгүй гэдгээ хэлээд дуусгалаа. Үүнийг нь батлах мэт, түүний гоо сайхны цүнхэнд хэдэн пагдгар хар хараандаанаас өөр зүйл алга. “Харандаан дээрх бичиг нь бүр арилчихаж. Ээж минь нүүрээ будах бүү хэл нүдний харандаа ч барагтаа хэрэглэдэггүй байсан юм. Нас нэмэх тоолонгоор би түүнтэй улам л адил болоод байгаа” гэв.
                Стеллагийн дотны найз Сэм Тейлор-Вуд ч бас түүнийг тийм ч эмэгтэйлэг биш гэдгийг зөвшөөрч байна. “Өчигдөр бид нэгэн үдэшлэгт очиход, Стелла бүх охид түүний бэлэглэсэн цүнхний талаар шивнэлдээд байгааг гайхаад л таарсан. Бас нэг удаа Стеллагийн төрсөн өдрөөр би хэдэн цайвар өнгийн хумсны будаг бэлэглэсэн юм. Хэд хоногийн дараа тэр над руу залгаад “Эд нар уг нь их гоё юм. Гэхдээ би эднийг хэрэглэх хүн мөн гэж үү?” гэсэн дээ.
                Маккартни хүүхэд төрүүлэхээс өмнө ямар байсан түүнээсээ ч гуалиг харагдах юм. Үүнийг би Гвинетийн нөлөө гэж түүнд хэлэхийг хүсч байв. Учир нь тэд хоёул дасгалжуулагч Трейси Андерсоны “шавь” нар билээ. Гэсэн ч тийм биш аж. “Жингийн асуудал их хэцүү шүү. Ялангуяа стресстэй үед. Гэхдээ би дугуй унаж, бас бүжиглэх дуртай. Өчигдөр би гүйхээр парк орсон юм. Бас хүүхдүүдтэйгээ хөлбөмбөг тоглохдоо тийм ч их амьсгааддаггүй” гэж байлаа.
                Гэрлэлт, ээж болох, 40 настай золгох бас хосгүй амжилт. Тэр үнэхээр гайхалтай. Ухаалаг, бие даасан, эрхэмсэг. Өсвөр насны гэнэн охин байсан дүртэй нь харьцуулахын аргагүй. Гэхдээ тэр цаг үеэс одоо гарцаагүй үлдсэн нэг зүйл нь хувийн амьдрал руу нь хэт халдсан асуулт тавихад өөдөөс ширтэх цэнхэр нүд.
                Удам дамжсан алдар нэр гэдэг хоёр иртэй сэлэм гэдгийг тэр хэн хүнээс илүү мэднэ. 1995 онд “Central St Marins”-ын төгсөлтийн шоуны үеэр Кейт Мосс, Наоми Кэмпбэлл нарыг алхуулсны дараа Маккартни овог, нэрээ дуудуулна гэхээс бие нь чичирч байв. “Ийм зүйлийн учрыг олох амаргүй. Энэ бүхэн шинэ хаалга нээх мэт боловч, түүгээр алхан ороход бодлыг минь хязгаарладаг” гэлээ. 
                 Пол Маккартни Стеллагийн ээжийг Lily буюу Линда, би чамд хайртай /Linda, I Love You/ гэсэн нэрээр дууддаг бөгөөд гэр бүлийн модонд ийнхүү бичигдэн үлджээ. Тиймдээ ч Стеллагийн хуримын цэцгийн сонголт “Lily буюу хөндийн сараана цэцэг байсан юм. Тэр Сассекс дэх хөдөөгийн байшиндаа маш их дуртай. Мэри, Жеймс, Хитер гээд халуун бүлээрээ ердөө хоёр унтлагын өрөө, нэг угаалгын өрөөтэй тэр байшинд тоглож өссөн нь сайхан санагддаг аж. Бас галын өрөөнийх нь гадна ч, дотор ч хэсүүчлэх ямаануудыг тод гэгч санадаг. Гэхдээ түүний өссөн орчин эгэл биш шүү дээ. Девид Баови, Аллен Гинсберг, Стиви Уондэр нарын алдартнууд дурсамжийнх нь хэсэг болохын зэрэгцээ “Tommy Nutter”-ын хослол “Chloe”-гийн даашинз өмсөөд “Universal”-ийн студи руу явдаг үе. Мөн хамаатнуудындаа зочлохоор “East Hampton”-ий эдлэнд очдог байсан нь одоо ч хэвээр.
                Тэр хийхийг хүссэн зүйлдээ эргэлзэж байсан удаагүй. Түүнтэй адил дөрвөн хүүхдийн ээж, 42 настай Мэри “Стелла багаасаа л сэтгүүл эргүүлж, загвар зохион бүтээгч болох тухайгаа төсөөлдөг байсан. Тэр 10 нас хүрээд л энэ мөрөөдлийнхөө төлөө бүхнийг хийж эхэлсэн. Шийдэмгий байсан шүү” хэмээн өгүүлсэн. Түүнчлэн Пол болон Линдагийн гэр бүлийн дотны найз Куинси Жонс Стеллаг 11 настайд уулзаж байснаа дурслаа. “Тэр яг л одоогийнх шигээ байсан гэхэд болно. Дур булаам “цоохор” нүүр нь ч хэвээр, бас маш чанга, хатуу төрхтэйн дээр ямар ухаалаг үгтэй байсан гээч. Түүний Парисаас улаан өнгийн бэхээр бичсэн захидлыг нь санаж байна. Тэр Том Фордтой хамтран бизнес эхлүүлж байгаагаа хэлээд “Юу гээч, Куинси, би одоо 11-тэй бяцхан охин биш!” гэсэн байсан. Тэр цагаас хойш бид холбоотой байж, Стелла яг л миний охиноос ялгаагүй санагдах болсон.” Мөн Лаура Бейлигийн хэлсэнчлэн “Түүнийг яаж ийм байдгийг нь мэдэхгүй юм. Тэр хамгийн чанга, бас гайхалтай ээж. Юу ч болж байсан “барьц алддаггүй” чанар нь бурхны илгээсэн бэлэг гэлтэй.”
                Харин Тейлор Вуд түүнийг бага зэрэг зожиг гэдгийг мэддэг аж. “Тэр угаалгын өрөөндөө онгоцонд тухалж эсвэл орондоо орсон л бол утсаа авна гэж үгүй. Гэхдээ зочилж ирэхдээ хэзээд ялдам бөгөөд эелдэг байж чаддаг. Нөгөөтэйгүүр их чанга эмэгтэй. Тийм байдлыг нь хараад угаас  хэнд ч түүнийг үймүүлэх хүсэл төрөхгүй л болов уу.” Тэгвэл “PPR группын гүйцэтгэх захирал Франсуа Хэнри Пино гэргий Салма Хаейкийн хамт хавар зуны коллекц танилцуулах шоуны эхний эгнээнд сууж байхдаа над руу и-мейл илгээлээ. “Би түүнийг үргэлж л орчин үеийн эмэгтэй гэж хардаг. Загвар зохион бүтээнэ, гэр бүлээ авч явна, бас ажил хэргээ амжилттай амжуулна. Миний бодлоор, энэ брэндийн гол ноён нуруу нь Стеллагийн хосгүй зан чанар л байх. Тэр шинэлэг, чамин, ёс суртахуунлаг гээд бүхий л шинж чанарыг нэгэн нэрийн дор хослуулж чаджээ. Үүнээс гадна, бидэнд байгаа бас нэг ижил тал бол бид хоёул алдартай эцгээр овоглож, өөр өөрийн замаар амьдарч буй нь билээ.”
                Тийм ээ, алдар нэр. Шоуны үеэр ноён Пол камерын өөдөөс баяртайгаар харахад Алекса Чун, Твигги болон Криссигийн урдуур папарацциуд дайран Пол болон түүний ирээдүйн гэргийн зургийг авахыг юу гэлтэй вэ. Стелла Нэнситэй холбоотой асуудлуудад хичнээн дүргүйлхэвч, би түүнээс шаргуу асуулаа. Гэвч тэр энэ талаар юу ч ярихыг хүсэхгүй байгаагаа хэлээд шинэ хойд ээжийнх нь нэрийг хэлэхэд л илт дургүйцэх юм. Тэгснээ гэнэт, “Сонсооч, алдартнуудтай холбоотой зүйлс надад утгагүй санагдаад байдаг юм. Уг нь миний амьдралыг хүрээлж байдаг зүйл л дээ. Би ойлгоно, хүмүүсийг ч хэвлэлийнхэн “бүтээчихдэгийг” мэднэ. Гэхдээ л үнэхээр юу гэж хэлэх учраа олдоггүй юм. Яг үнэндээ миний ажилдаа шингээхийг хүсдэг нэг зүйл бол урласан хувцасыг минь авсан эмэгтэй өөрийгөө “од” гэж мэдрээсэй гэх бодол. Яагаад гэвэл олны танил хүмүүсийг “од” гэвэл бусад нь ч бас “од” мөн. Ерөөс хүн төрөлхтөн бүгд л ялгаагүй шүү дээ. Бүгдээрээ л “од!” Бас нэг зүйл нь тэдгээр алдартнууд бусдыг татах энергигүй байсан бол өдий зэрэгт хүрч чадахгүй. Гэхдээ миний бодлоор, хүн бүрт тийм энерги бий шүү. Гол нь түүнийгээ мэдэрч, гаргаж чаддаггүй байх.”
                Стелла ажилдаа өөрийгөө шингээдэг гэхэд хилсдэхгүй. Түүний хувцасыг өмсвөл танд ч бас тэр мэдрэгдэх болно. Түүний найз Лив Тайлерийн өмссөнөөр олны харааг булаах болсон ид шидийн гэмээр Октавиа даашинз, Кейт Уинслетын полька цэгүүдтэй загвар, Рианнагийн “Met Ball”-ийн хувцас гээд бүгдийг тэр өөрийнхөө дотоодоос урлажээ. Яг л үнэр шиг. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүний бүтээсэн хувцасыг улаан хивсэн дээгүүр итгэлтэйгээр өмсөн алхдаг ч, зарим тохиолдолд алдаа байсан гэгдэх нь бий. Кейт Хадсон “Оскар”-ын шагналд нэр дэвших үедээ Стеллагийн даашинзыг өмссөн ч маргааш нь хамгийн зохимжгүй хувцасласан зочноор шалгарсан байжээ. Гэхдээ тэр өөртөө маш сэтгэл хангалуун байсан гэв. Учир нь тэдний нөхөрлөлийн үнэ цэнэ нь ирэх шүүмжлэл, аливаа дутагдлаа хүлээж аваад инээгээд л өнгөрөх сэтгэлд орших аж. Тэрчлэн Кейт “Энэ үгсийг минь тэмдэглээд аваарай. Намайг дахиад харахад чинь би яг хэвээрээ, гэхдээ инээмсэглэл дүүрэн алхаж байх болно” гэлээ. 
                 Хоёр долоо хоногийн дараа Стелла бид хоёр анх уулзсан кофе шопдоо дахин болзов. Өнгөрсөн өдрүүдэд тэр нөхөртэйгээ Нью-Йоркийг зорьж, аавынхаа гэрлэлтийн бас нэгэн ёсолд оролцоод иржээ. Энэ тухай дэлгэрэнгүй яриагүй бөгөөд, хүүхдүүдээ авч яваагүй гэдгээ л хэлэв.
                Буцах замд Стелла гар утаснаасаа хувиараа шалгаж, өдрийн үлдсэн хагасыг хэрхэн өнгөрүүлэхээ харав. Уулзалт, бас дэлгүүрийн төлөвлөлтийн хурал, дотуур хувцасны загварын уулзалт, Нэтали Водиановагийн тоглох дараачийн сурталчилгааны кампанит ажлын тухай гэрэл зурагчидтай ярилцах, тэгээд завсарлагагүйгээр шууд 2012 оны намар, өвлийн коллекцоо гаргахаар студи руу явна. Тэгээд маргааш өглөө гүйчихээд, Британийн Олимпийн Хорооны тэргүүлэгчдэд сүүлийн үеийн ажлуудаа танилцуулна. Өнөө орой тэр гадуур хооллох аж. Уг нь орой хооллодоггүй ч, хааяа нэг ийм тохиолдол байдаг гэнэ. “Заримдаа, хэн нэгэн текила ууж суухыг санал болгоно. Хэсэг суугаад цаг харахад 11 болчихсон байдаг. Тэгээд л маргааш хүүхдүүдээ хүргэж өгөхийн тулд эрт босно гэдгээ санана. Төвөгтэй юм шиг санагдаж, хааяа ч атугай бага зэрэг тэнэг байхыг хүсдэг л дээ. Гэхдээ 50 хүрээд дураараа амьдарч эхлэхэд болохгүй гэх зүйлгүй...”
                Төсөөл дөө, 50 настай Стелла. Түүний хаана байхыг, хэр их шинэ загвар бүтээхийг, эсвэл хэдэн Олимпийнхныг хувцасласан байхыг, хичнээн бүсгүйгээс тэр анхилахыг хэн ч мэдэхгүй. Харин нэг зүйлд итгэлтэй байна. Сургуулийн гүйлтээс буцаж явахад нь уулзсан, сүлжмэл алчууртай, толгой өндийх зуургүй, бусад ээжүүдийн адил завгүй ажиллах эмэгтэй хэвээр байна гэдэгт.