Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
   Холливуд гэх дэлхийн кино урлагийн оргил төвд жил бүр уран бүтээлчид шилдгээ шалгаруулан "Алтан бөмбөрцөг" цом гардуулдаг билээ. 1944 оноос эхтэй уг үйл ажиллагаа өдгөө 68 дахь удаагаа Калифорнийн Беверли Хиллст боллоо. Хэдийгээр алс Америкт энэ явдал болсон ч, цахим ертөнцийн ачаар та бид энэ тухай мэдээллийг нүдээр үзсэн мэт хүлээн авч буй нь таатай.

Энэ жил шилдэг киноны төрөлд өрсөлдөөн ширүүхэн байсан болов уу. Black Swan, The Fighter, Inception, The King's Speech, The Social Network гээд кино сонирхогчдыг байлдан дагуулсан эдгээр уран бүтээлээс дэлхийг хэрсэн олон нийтийн сүлжээ хуудас Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергийн тухай "The Social Network" кино тэргүүлжээ. Энэ кино нийт 6 төрөлд нэр дэвшсэнээс "Шилдэг киноны дуу", "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зохиол"-ын шагналыг хүртсэн юм.

Шилдэг мюзикл болон инээдмийн киногоор "The Kids Are All Right" шалгарав. Ижил хүйстэн хос бүсгүйн гэр бүлийн амьдралын тухай харуулсан энэ киноны санаа гайхалтай байсан. Түүнчлэн үйл явдлын сонирхолтой өрнөлөөр энгийн үзэгчдэд ижил хүйстнүүдийн талаар зөв ойлголт өгөхөөр бүтээл болсон. Мөн киноны гол дүр Никийн дүрийг бүтээсэн Аннет Бенинг "Мюзикл, инээдмийн киноны шилдэг жүжигчин"-ээр тодорсон юм.

Тэгвэл бидний мэдэхээр тайзнаа уран гоёор дүүлэн, бүждэг хунгийн дүрийг дэлгэцэнд амилуулсан жүжигчин Натали Портман шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарчээ. Тэрбээр "Black Swan" (Хар хун) сэтгэл зүйн триллер бүтээлд тоглосноор өөрийн уран бүтээлийн замналдаа нэгэн шат ахиулсныг судлаач, шүүмжлэгчид хэлж буй. "Хар хун" нийт 4 төрөлд нэр дэвшсэнээс, уран бүтээлчид Натали Портманы цомоор хоосон хоцрох аюулаас аврагджээ. Гэсэн ч эл киног "Оскар"-т хүчтэй өрсөлдөх болно гэлцэж байгаа билээ.
   Английн нэрт зохиолч Жейн Остины зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Pride and Prejudice" киноны ноён Дарси болон Брижет Жонсын дурлалт залуугийн дүрээр бидэнд танил болсон английн жүжигчин Колин Фёрт "The King's Speech" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй жүжигчин" болов. Нээлтээ хийгээд сар гаруй болж буй энэ кино хамгийн олон буюу нийт 7 төрөлд өрсөлдсөн юм.

   Шилдэг гадаад киногоор данийн уран бүтээлчдийн "In A Better World" шалгарчээ. Энэ бүтээлийн найруулагч Томас Иенсен 1998 онд "Оскар"-ын шагнал хүртэж байсан бол, зохиолч Сусанне Биер нь "After the Wedding" киногоор 2006 онд Академийн шагналд өрсөлдөж байжээ. Шилдэг хүүхэлдэйн киногоор Диснейн бүтээл "Toy Story 3" шалгарсан. Өгүүлэмжийн хувьд сонирхолтой бөгөөд, 3D технологиор бүтээсэн хүүхэлдэйн кино шүүмжлэгчдээс ч 8,8 гэсэн өндөр үнэлгээ авсан билээ.
  "Алтан бөмбөрцөг" наадмын онцлог нь зөвхөн уран сайхны киноны шилдгүүд бус телевизийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулах юм. Телевизийн шилдэг цувралаар "HBO"-ийн "Broadwalk Empire" шалгарсан бол шилдэг мюзикл инээдмийн цувралаар бидний сайн мэдэх "Glee" шагналын эзэн болжээ. Тэдний cover хийж дуулсан олон тракууд цахим ертөнцөөр сонсогчдыг татаж буй.




   Аливаа шагнал гардуулах ёслол, арга хэмжээг хов жив дагахгүй байна гэж үгүй. Энэ жилийн хувьд Жони Депп, Анжелина Жоли нарын тоглосон "The Tourist" гурван төрөлд өрсөлдсөн. Гэвч кино шүүмжлэгчдээс таагүй үнэлгээ аваад буй энэ бүтээл триллер ангиллаар нээлтээ хийсэн ч, "Алтан бөмбөрцөг"-т "Шилдэг мюзикл, инээдмийн кино" төрөлд нэр дэвшсэнд олон нийт дургүйлхэж байв. Мөн шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд "Alice in Wonderland", "The Tourist" гээд хоёр киногоор өрсөлдсөн Жони Депп шагналгүй хоцорсон нь харамсалтай.
  
     Удаж, удаж өнөөдөр л "Burlesque" гэх мюзиклийг үзлээ. Оройтсон ч гэсэн сэтгэгдлээ нийтлэхээр шинэ бичлэг эхлүүлж буй минь энэ. Юутай ч, поп хөгжмийн амьд домог Шер, болон дуучин Кристина Агилера нарын тоглосон мюзикл дуу, хөгжмийн хувьд чамлахааргүй болсонд итгэж байв. Үнэхээр кино эхлэхээс дуустал дуу бүрийн үг, ая нь гайхалтай байлаа. Мюзикл кино үзэхээр юу юугүй дуулж, бүжиглээд заримдаа залхмаар ч юм шиг мэдрэмж төрдөг. Харин "Burlesque"-ийн зураг авалт, найруулга нь уйдахааргүй юм. Түүнчлэн хөнгөн, арилжааны шоу уран бүтээл харуулж байгаа тул өнгө, будгийн зохицлоор энгийн үзэгчийн нүд, сэтгэлийг баясгах шийдлийг олжээ. Гэрэлтүүлэг, тайз засал, түүнийг эзэгнэн уран тансгаар хөдлөх бүжигчид гээд тун сайхан. Магадгүй ийм шоу үзүүлбэртэй баранд орж үзэх хүсэл ч төрөв. (Сүүлдээ манайд "Драгон" кабаре театр ийм зүйл хийх гээд бүтэлгүйтсэн билүү ч гэж бодов :D)
    Үйл явдлын хувьд алс, жижиг хотын Али охин бяцхан зүрхэндээ ахадсан гэмээр "том" хүсэл тээгээд их хот Лос Анжелест мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн тухай. Эхэндээ хөдөөний охин хөлөө олоход амаргүй байх бөгөөд "Burlesque" нэртэй клубт сайн дураар зөөгч хийж эхэлнэ. Тэнд охидын дуулж, бүжиглэхийг харж, сураад нэг л өдөр тэр тайзан дээр итгэл дүүрэн гарч клубын эзэн Тесст (Шер) шалгуулах болов. Мэдээж уран сайхны кино учраас Али түүнээс хойш тайзанд бүжиглэх эрх авлаа. Гэвч түүнд хуучин бүжигчид тийм ч амар байраа тавьж өгөхгүй. Тэр дундаа Никки түүнд дургүйлхэн, тайзан дээр ам барин дуулж байхад нь хөгжим таслан "хорлох" боловч, үнэндээ энэ нь сайн хэрэг болон хувирна. Али өөрийн хүчтэй, гайхалтай хоолойгоор дууг амилуулж, Тесс төдийгүй үйлчлүүлэгчдийг гайхишруулах нь тэр. Ийнхүү тэр олонд авъяасаа таниулахаас гадна, киноны үйл явдал романсгүй бол нэг л дутуу санагддаг шүү дээ. Тийм ч учраас клубын бартендер Жек болон Алигийн дурлалын түүхээр үйл явдал улам баяжина.
     Энэ бүх түүх хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантралгүй, шаргуу тэмцэх юм бол биелэх өдөр ирнэ гэдгийг харуулжээ. Өрөөндөө дуулж, толины өмнө ганцаар бүжиглэж залхсан тэр охин өөрийгөө нээж, олныг алмайруулахыг мөрөөдөн барны тек түшин зогсдог. Улмаар өөртөө итгэлтэй байдал, хөдөлгөөн бүрийг алдалгүй тогтоож, гудамжинд алхахдаа ч олны дунд ганцаар бүжих түүний цуцашгүй хөдөлмөр амжилтынх нь суурь болдог билээ.
    "Burlesque"-г үзээд Алигийн дүрийг харахад Кристинагийн төрхтэй ижил ч юм шиг мэдрэмж төрсөн. Анх "Genie in a bottle", "Come on over" дуугаараа гарч ирэхдээ Кристина Агилера яг л тийм шаргал үст, бяцхан төрхтэй охин байсан. Харин тод улаан уруулын будаг, ягаан даашинз, Louis Vuitton-ий гоёмсог гуталтай Али Рөүз, "Bionic"-ийн дуунуудад гардаг төрхийг нь санагдуулам. Тессийн дүрийг бүтээсэн Шер ч мөн адил. Леди Гага, Опра Уинфри тэр ч бүү хэл Мерил Стрип ч түүнийг үлгэр дуурайл болгож ирснээ дурьдсан байдаг. Яг л үүн шиг тэр "Burlesque"-д авъяаслаг, хэзээ ч бууж өгөхгүй, хүчирхэг эмэгтэйг амьдруулжээ. Үүний илрэл гэлтэй түүний "You Haven't Seen The Last Of Me" дуу нь "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг киноны дуу төрөлд нэр дэвшээд буй. Мөн Кристинагийн дуулсан "Bound To You" ч энэ төрөлд өрсөлдөж байгаа.
   Туршлагатай дуучдын чадварлаг хоолой, барууны ертөнцийнхний гаршсан шоу үзүүлбэрээр энэ кино хөнгөхөн шиг "босоод" иржээ. "Burlesque" клубт үзэгчдийг зочлуулаад уйдаагаагүй нь үнэн. Гэхдээ дээрх дуучдыг ашиглаад үүнээс илүү зохиолоор, бүр ч ихийг харуулах боломжтой гэж бодож байна. "Оскар", "Алтан бөмбөрцөг", "Канн"-ийн кино наадмын шагнал гээд Шерт бүгд бий. Тэр үүнээс илүүг үзүүлж чадна. Кристина ч багаасаа "Микки Маус" клубт байсан түүхийг нь бид мэднэ. Тиймээс дараачийн удаад үзэгчид бүр илүүг хүлээх болов уу.

  P.S: Нэг зүйлийг тэмдэглэхгүй бол бас л болохгүй нь. "Өргөө" кино театр орчуулгын алдаа цөөнгүй гаргасныг урьд нь дурьдаж байсан. Энэ кинон дээр ч, "Hey, sweetie" гэснийг "Алив, амттан минь" гэж орчуулаад Iowa (Айова) мужийн нэрний I үсгийг Л болгоод "Лова", Sean (Шон) гэх нэрийг Син гэж бичсэн харагдсан. Жижиг зүйл мэт боловч анхааралтай байх нь зүйтэй санагдсан.
    Өнөөдөр өглөө мэдээллийн вэб сайтуудаар "Ерөнхийлөгч утаатай танилцлаа" гэсэн мэдээ хөврөөд, сая телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр ярилцлага өгөх зууртаа хотынхоо утаанд ханиалгасан Ерөнхийлөгч болон түүний дагуулууд гарч байна. Гайхалтай нь, тэд энэ олон жил хотын утааг мэдрэхгүй хаагуур явж байсан хүмүүс вэ? Уг нь бид гэрээс гараад л ханиаж, эвгүйцэх нь энүүхэнд. Хотын төвд ч, захад ч ялгаагүй болсон цаг баймаар. Гэтэл тэд заавал гэр хороолол дунд очиж, уул хаданд авиран байж угаар мэдрэх юм. Бүр нисдэг тэргээр цагаан дагинынхаа цайран харагдахыг үзэх байсан юм байх. Азаар уу, эзээр ч юм уу цаг агаарын байдлаас болоод хойшлуулж гэнэ ээ.
   Бас болоогүй, зурагтаар үзүүлэх дүрс лавтай цагаан хөшигтэй, суунаглан харагдаад л байсан. Харин сэтгүүлч нь "Өнөөдөр хамгийн утаагүй өдөр байлаа" гээд л яриад байв. Ямартай ч, төрийн тэргүүн маань утаатай нийслэлийнхээ иргэдэд ихэд санаа зовнин, үүнийг шийдэх ажил хэргийг эхлүүлэхээр болсонд нь баярланам. Хэдийгээр олон жил ийм яриа сонсоод дөжирсөн ч, мэдээ үзэж байхад нэг л итгэл төрөөд "Энэ ажлууд нь хэргэжээд, хэзээ гэхэд би утаагүй өвлийн үдэш зугаалж алхах бол?" гэсэн бодол толгойд орж ирсэн шүү. Итгэл дүүрэн хүлээе дээ.
     Амарч байхад л амьдрал сайхан.. /Галсансүх/
Тиловало блогтоо ингэж бичсэн нь санаанд оров. Тийм ээ, амралт сайхан байна. Тэр дундаа Л.Өлзийтөгсийн ертөнцөөр аялах. Ээлжит аяллынхаа сониноос хуваалцъя.

Итгэл
Чи намайг ариун гэж хэлсэн
Чи хэлсэн учраас би ариун
Чи намайг яруу гэж хэлсэн
Чи хэлсэн учраас би яруу
Чи намайг үзэсгэлэнтэй гэсэн
Чи хэлсэн учраас би үзэсгэлэнтэй
Чи намайг төгс гэж хэлсэн
Чи л хэлсэн учраас би төгс

Хамгаас илүү,
хамгаас онцгойдоо би одоо итгэнэ
Хавраас илүү,
намраас илүү төрсөндөө ч итгэнэ
Үзэсгэлэнтэй, яруу, ариун, төгс
бүхий л сайн сайхныг орхиод гэвч
Үүрд яваад өгсөнд чинь л
                         харин итгэхгүй


***
Чи бол миний зовлон
Зовлондоо би яасан их хайртай юм
Чи бол миний зогсоол
Зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм
Чи бол миний төөрөгдөл
Төөрөгдөлдөө би хичнээн их автчихсан юм
Чи бол миний сүйрэл
Сүйрэлдээ би хичнээн их дасчихсан юм
Чи бол миний нүцгэрэл
Нүцгэрэл минь чи миний төгсгөл
Чи бол миний ялалт
Ялсны дараах их хоосрол
     Улс орон бүрийн дуу хөгжмийн эгшиг, хөг бүр нь өөрийн онцлогийг шингээсэн гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас, би янз бүрийн дуу сонсож тэдний соёлтой бага ч атугай танилцах дуртай. Харин найзууд минь намайг Непал дуу сонслоо гэж шоолоод, "Чи нэг л өдөр Афганистан дуу сонсч байна гэх вий, харамсалтай нь тэд дайн, байлдаан аа хийгээд юун дуулах" гэж цаашлуулсан удаатай. Гэтэл андууд минь үгүй байна аа. Афганистан залуус нэгдэж, урам зоригтойгоор "Kabul Dreams" гэсэн амьд хөгжмийн хамтлаг байгуулжээ. Бүр инди рок урсгалынх шүү. Их Британи, Америк биш Афганистанууд инди дуулж байна.
   Тэд BBC-д өгсөн ярилцлагадаа "Афганистанд олон төрлийн үндэстэн, харилцан адилгүй хэлээр харилцаж, өөр өөр соёлтойгоор аж төрдөг. Гэсэн ч бид нэг улс. Тиймээс дэлхий дахинд бид хамтдаа бүхнийг хийж чадна гэсэн санааг хүргэхийг зорьсон" гэв. "Кабул Дримс" хамтлагийн гишүүд ч узбек, пуштун, тажик гаралтай залуус юм байна. Тэд өөр, өөр хэлээр ярьдаг тул уран бүтээлээ англи хэлээр туурвихаар шийджээ. Мөн энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлээр дэлхий нийтэд өөрсдийгөө таниулах нэгэн алхам гэдгийг ч онцолж байв. Саяхан өмнөд азийн орнуудын хөгжмийн наадамд амжилттай оролцсон тэд улсынхаа анхны амьд хөгжмийн хамтлагаар түүхийн хуудсанд бичигдэх болсон аж.
    Ингээд "Кабул Дримс"-ийн уран бүтээл "Sound of Peace and Love". Тэдний анхны цомог удахгүй гарах юм билээ. Надад "Take me away" дуу нь илүү таалагдсан.

   Монголын телевизүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Алтан шонхор" наадам баярын өдрүүдэд суваг бүрээр гарав. Өмнөх жилүүдэд уг үйл ажиллагааг 12 дугаар сарын 31-нд бүх сувгаар зэрэг цацаж, үзэгчдийг хүчирхийлдэг байсан тэд энэ жил арай томоожиж оргил цагаас холуур тойрсонд баярлах нь зүйтэй байх.
   "Алтан шонхор" цом энэ удаад өнгө, зүсээ засч 17 шилдгүүдийн гарт хүрсэн юм. Шагнал хүртсэн хүмүүсийн өмнөөс баяртай байх ч, зарим нэгд нь эргэлзэх сэтгэгдэл төрж байв. Ер нь энэ шагналыг "эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйн" зарчмаар гишүүддээ хуваагаад өгчихдөг юм шиг санагдсан. Тухайлбал, ТВ8 телевизийн "Монстер" реалити шоу энэ төрөлд тэргүүлсэнд гайхаж байна. Уг нь "UBS" телевизийн "Universe Best Songs" нэвтрүүлэг яах аргагүй манайд явуулж буй хамгийн шилдэг реалити шоу шүү дээ. Харин тэд "Шилдэг хөгжмийн хөтөлбөр"-өөр шалгарсан байналээ. Миний бодлоор, дээрх төрөлд шилдэг хөгмийн мэдээллийн хөтөлбөрийг шалгаруулах нь зөв болов уу. Ийм хөтөлбөрийн хамгийн шилдгээр "M-Galaxy" студи бэлтгэн С1 телевизээр хүрдэг хөтлөгч Өөдөөгийн "Music9"-ийг нэрлэж болно. Тэд манай хөгжмийн ертөнцөд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэж, уран бүтээлчидтэй уулзуулдгаас гадна нэвтрүүлгийн хийц нь тун сонирхолтой байдаг.