Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"Алтан шонхор"-т алтан хошуу хүргэвэл



By  Khulan Jugder     2:33 AM    Labels:, 
   Монголын телевизүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Алтан шонхор" наадам баярын өдрүүдэд суваг бүрээр гарав. Өмнөх жилүүдэд уг үйл ажиллагааг 12 дугаар сарын 31-нд бүх сувгаар зэрэг цацаж, үзэгчдийг хүчирхийлдэг байсан тэд энэ жил арай томоожиж оргил цагаас холуур тойрсонд баярлах нь зүйтэй байх.
   "Алтан шонхор" цом энэ удаад өнгө, зүсээ засч 17 шилдгүүдийн гарт хүрсэн юм. Шагнал хүртсэн хүмүүсийн өмнөөс баяртай байх ч, зарим нэгд нь эргэлзэх сэтгэгдэл төрж байв. Ер нь энэ шагналыг "эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйн" зарчмаар гишүүддээ хуваагаад өгчихдөг юм шиг санагдсан. Тухайлбал, ТВ8 телевизийн "Монстер" реалити шоу энэ төрөлд тэргүүлсэнд гайхаж байна. Уг нь "UBS" телевизийн "Universe Best Songs" нэвтрүүлэг яах аргагүй манайд явуулж буй хамгийн шилдэг реалити шоу шүү дээ. Харин тэд "Шилдэг хөгжмийн хөтөлбөр"-өөр шалгарсан байналээ. Миний бодлоор, дээрх төрөлд шилдэг хөгмийн мэдээллийн хөтөлбөрийг шалгаруулах нь зөв болов уу. Ийм хөтөлбөрийн хамгийн шилдгээр "M-Galaxy" студи бэлтгэн С1 телевизээр хүрдэг хөтлөгч Өөдөөгийн "Music9"-ийг нэрлэж болно. Тэд манай хөгжмийн ертөнцөд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэж, уран бүтээлчидтэй уулзуулдгаас гадна нэвтрүүлгийн хийц нь тун сонирхолтой байдаг.

   Шилдэг спортын нэвтрүүлгийг шалгаруулахдаа ч мөн мэдээллийн багтаамжийг биш, хэн, ямар уралдаан, тэмцээн дамжуулсныг голчлон харсан мэт. Олон улсын аливаа уралдааныг үзэгчдэд дамжуулан хүргэж байгаа нь сайн ч, манайхан сэтгүүлч илгээж, сурвалжлага хүргэхдээ хангалттай биш. Мөн тэмцээн тайлбарлахдаа тун ч маруухан. Ярьж байгаа зүйлс нь дэлгэцэн дээрх дүрстэй огт авцалддаггүй. Нэгэнтээ усанд сэлэлтийн тэмцээн үзэж байтал тайлбарлагч манай монголын тамирчин сайн сэлж байна, тэргүүллээ гээд л байсан. Удалгүй дэлгэцэнд түрүүлсэн тамирчныг харуултал өөр улсын туг, далбаа намираад манай тамирчин сүүл мушгиж байсан юм. Харин тайлбарлагч уучлаарай ч гэлгүй "Өө манай тамирчин биш байсан байна" гээд хэнэг ч үгүй яриагаа үргэлжлүүлсэн удаатай.
  Түүнчлэн шилдэг мэдээллийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг зарласан юм. Тэгтэл шагналын эзэд болох 25 дугаар суваг телевизийн мэдээний албаныхан тайзанд гарч ирэн, редактор нь "Өнөөдөр ажлаа хийгээд явж байгаа энгийн сэтгүүлчийг төр, засаг нь дуудаад шагнал өгдөг сайхан нийгэмд бид амьдарч байна" (*Зарим нэг үгийг нь буруу бичсэн байж магадгүй) гэв. Энд нэг зүйл гайхал төрүүлсэн нь, тэд энэ шагналыг хэн олгож байгааг мэдэхгүй байна уу даа. Миний ойлгодгоор, монголын телевизүүдийн холбоо "Алтан шонхор" наадмыг зохион байгуулдгаас, төр засаг энд ямар ч хамааралгүй байлтай. Гэтэл тэд Ч.Сайханбилэгийн гараас шонхор авмагцаа ингээд бодчихов уу?
  Харин шилдэг хөтлөгчөөр НТВ-гийн Нандиа шалгарсан байналээ. Түүний шоуг хааяа үзэхэд сонирхолтой байдаг юм. Тайз засал, найруулга, нэвтрүүлгийн агуулга нь тун дажгүй. Мэдээж гаднын ток шоу нэвтрүүлэгтэй харьцуулахад арай эрт ч, манайдаа энэ төрөлд үлгэрлэдэг гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа энэ намар ЛГБТ хүмүүсийн талаар хийсэн нэвтрүүлэг нь маш сайн болсон. Үзэгчдэд энэ хүмүүсийн талаар зөв ойлголт өгч, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж чадсныг үзэгчдийн хариу захидлаас харж болно.
  "Алтан шонхор" наадмын талаар үзэгчийн зүгээс үг нэмэрлэж, үзэл бодлоо хуваалцвал нэг иймэрхүү.. Аа тийм, бас нэг зүйл нь манайхан аливаа ёслолд оролцохдоо шагналтныг хүндэтгэх соёлд маруухан санагдсан. Хэдий өрсөлдөгчид, бөгөөд санал нийлэхгүй байсан ч алга ташихад юу унахав дээ. Телевизээр харж байхад тайзан дээр шагнал авч байгаа хүнд хамт ажиллагсдаас нь өөр хүн хүндэтгэл үзүүлж байгаа харагдсангүй. Уг нь энэ наадам телевизийнхэн нэгдээд, нэгэн хамт олон болж, шилдгүүддээ урам хайрлаж байгаа хэлбэр гэж бодтол хэн нэгний өмнөөс баярлан, алга таших нь бүү хэл нүүрэндээ мишээл тодруулан угтах хүнийг харсангүй. Эсвэл тэд камерт өртөөгүй юм болов уу?

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

2 comments:

  1. Бүгдийг нь сайхан хуваагаад өгчихсөн дөө

    ReplyDelete
  2. Эх нь эцээгүй, тугал нь тураагүй.

    ReplyDelete