Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
За хөл бөмбөгийн дараахнаас л Twilight:Eclipse-ээр "амьсгалчихсан" чинь...
Киноны саундтракуудыг сонсч байхад хамгийн таалагдсан нь энэ уран бүтээл байлаа. "My Love by Sia"
Сонирхуулахад Sia Furler нь Австралийн жазз, поп урсгалаар уран бүтээл туурвидаг дуучин бүсгүй юм байна.

Америкийн зохиолч Стефани Майерын бүтээл Twilight буюу "Харуй бүрий" зохиол 2005 оноос дэлхий нийтийг шуугиулж, залуусын унших дуртай номын нэг болсон билээ. Үүнээс хойш номын 3 цуврал хэвлэгдсэн бөгөөд 2008 онд эхний цувралыг дэлгэцийн бүтээл болгосон нь кино сонирхогчдын хувьд гайхалтай үйл явдал байсан юм. Түүнчлэн "Харуй бүрий:Шинэ сар" гэх киноны хоёрдугаар анги 2009 онд нээлтээ хийж, харин гуравдугаар анги "Хиртэлт"-ийн монгол дахь албан ёсны нээлт өнөөдөр болж буй.
Гэхдээ олон нийтийн сүлжээ сайт "Фейсбүк"-ийн ачаар цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгчид, тэдний дундаас "Монголын кино сонирхогчид" бүлгийн зохион байгуулагчдын ачаар 300 гаруй гишүүд өчигдөр буюу, киноны нээлтээс нэг хоногийн өмнө "Хиртэлт"-ийн анхны үзэгчид болсон юм. Энэ бол гайхалтай, зохион байгуулагчдад талархсанаа илэрхийлье.
"Өргөө" кино театрт 20,00 цагаас эхлэх нээлтэнд 19,00 цагаас л олны хөлийн чимээ сонсогдож эхэлсэн. "Харуй бүрий" киноны анхны үзэгч болохоор яарсан, тэсэн ядсан сэтгэлийн хөдлөл зочдод байсан нь лавтай. Биечлэн уулзаж байгаагүй ч, цахим ертөнцөд аль хэдий нь танил болсон олон залуус гар барин мэндэлж, сонирхолтой яриа дэлгэж цагийг өнгөрүүлж байсан юм. Удалгүй "Монголын кино сонирхогчид" бүлгийнхэнд зориулсан нээлтийн ажиллагаа эхлэв. Гишүүд нэрээ шүүлгэж, хөнгөлөлттэй үнээр тасалбараа аван амтат коктейлээр дайлууллаа. Энэ үед "Өргөө" кино театрын менежер Аюур /уучлаарай, нэрийг нь сайн санахгүй байна./ зочдод нэгэн баярт мэдээг дуулгасан нь манай бүлгийн гишүүд хойшид "Өргөө" кино театрт шинээр гарах дэлхийн шилдэг киноны байнгын АНХНЫ ҮЗЭГЧИД байх болно гэсэн гайхалтай санаа байсан юм.
Ингээд зарласан ёсоор "Харуй бүрий" киноны фанатуудын дунд асуулт, хариултын уралдаан явуулж 6 оролцогчдоос киноны тухай мэдлэгээрээ илүүрхсэн нэгэн охин "Харуй бүрий" номын монгол хувилбараар шагнуулсан. Түүнчлэн "Twilight" цувралыг бүрэн эхээр нь болон уг зохиолын тэмдэгтэй дурсгалын аягаа авчирсан бас нэгэн бяцхан охин цуглуулгандаа монгол эхийг нь ч нэмж хийхээр болов.
Цагийн зүү 21,15 болоход үзэгчид танхимд суудлаа эзлэн, 21,30-аас удаан хүлээсэн киногоо үзэх мөч тохиов. "Харуй бүрий"-н эхлэлийг үзэгчид алга ташилтаар угтан, 2 цагийн турш баярлаж, гуньж, тулалдаж, өрөвдөн, хайрлах гээд бүхий л сэтгэл хөдлөлийг амссан нь лавтай.
Жинхэнэ кино сонирхогчид, "Twilight"-ийн фанатуудтай энэ хормыг өнгөрүүлэх гайхалтай байлаа. Цаашид ч энэ төрлийн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад, гараа өргөөд, гүйгээд очих хүн олон бий гэдэгт итгэлтэй байна.
Харин киноны тухай дэлгэрэнгүйг "Өргөө" кино театрт үзэж, тэр бүх сэтгэл хөдлөлийг өөрийн биеэр мэдрээрэй. Бүр тэсэхгүй бол Ууганаа блогтоо бичсэн байгаа, театр явахын өмнө уншаад үзээрэй.