Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
           Лондонгийн их сургуулийн кампуст тухлаад анзаарбал нүдний шилтэй, зангиатай, цувтай, бэлтгэлийн хувцастай, өндөр, нам, ази, европ гээд янз бүрийн төрхтэй оюутны цуваа үүднээс тасрахгүй. Тэдний цүнхэнд өөр, өөр мэргэжлийн ном байгаа ч оюутны амьдралд нь өөрийгөө нээх, хорвоог таних гэсэн хүсэл дүүрэн өдрүүд бий гэж итгэнэ. Энэ удаагийн зочноосоо асуухад ч “Маш том хаалгыг нээж өгөөд цааш хэрхэн алхах, хааш тэмүүлэхээ өөрөө л олж мэдэх сонирхолтой нээлт гэж болно” хэмээн коллежийн амьдралаа дүрсэллээ.

            “Бага байхаас гэрийхэн маань ажил ихтэй, би хамаатнуудтайгаа цагийг өнгөрөөж өөрийгөө аваад явдаг байсан тул шинэ газар ирээд нэг их цочирдолгүй, хурдан дассан. Харин англи хэл мэдэхгүй болохоор сургуульд шилжээд эхний хоёр сар ямар ч шалгалтанд муу л авдаг байлаа” хэмээн Өмнөговиос Шотландын Эдинбург хүртэлх нүүдлээ инээмсэглэн дурсах залууг Харперын Улсболд гэдэг. Тухайн үед зургадугаар ангийн хүү ээжийнхээ гараас хөтлөөд Их Британьд хөл тавьж байсан бол өнөөдөр тэр гэр бүлийнхээ өмнө хүн яагаад хариуцлагатай байх ёстой тухай нухацтай ярих болжээ. Цаашлаад “Хаана ч бай хүн ердөө л амьдралынхаа төлөө юм шиг хэрнээ өргөн утгаараа улс, орныхоо төлөө хөдөлмөрлөж байдаг. Тэгж бодохын хэрээр би ердийнхөөс ч илүүг хиймээр санагддаг” гэх тэмүүлэл дүүрэн яриа бидний дунд өрнөсөн.
            Лондонгийн төв, хамгийн хөл ихтэй гудамж Оксфорд Сиркусын ойролцоо бид цаг тохирсон юм. Хэдийгээр шинэ ажилтан, хийх зүйл бишгүй ч гэлээ тэр ажлаас нь холгүй кафед цаг гарган ирлээ. Түүний тухай Лондонгийн Их Сургуулийн төгсөгч, Британь-Монголын оюутан холбооны тэргүүн гэдгээс өөрийг би төдийлөн мэдэхгүй ч, цахим хуудсыг нь үзэж байсан тул төвөггүй танин мэндлэв. Ялангуяа, LinkedIn-д ажил хэргийн мэдээлэл, албаны хослолтой зургаа оруулсан олныхоос арай өөр, энгийн хэрнээ хариуцлагатай төрх бүрдүүлсэн профайлаас нь түүнтэй “танилцах” гэж хэдэнтээ оролдсоны хувьд нүүр тулан уулзахад жинсэн өмд, оксфорд гутлаар дэгжирхэн албаны цамцаа цэнхэр ноосон хүрмээр давхарласан нь бидний дунд хөндий ярианаас илүү нээлттэй уур амьсгал бүрдэхэд нөлөөлсөн биз ээ.
            Улсаа Эдинбургт дунд сургуулиа төгсөөд бусдын адил их сургуульд элсэх, мэргэжил сонгох тухай бодож эхэлжээ. Их Британьд бакалаврын зэргийн сургалтад элсэх бол мэргэжлээсээ шалтгаалж арван жилийн хичээлүүддээ дор хаяж “B+”, “A” авсан байх гэхчлэн үндсэн шалгуурууд бий. Дараа нь мэдээж сургуульд өргөдлөө явуулна, эсээ бичиж ярилцлагад орно гээд багагүй хугацаа шаарддаг. Энэ бүхний дараа тэрбээр Шотландын өмнөд хэсгээс нүүж зүүн тийш Хойд далайн эрэгт Дандийн их сургуульд нягтлан бодогчоор сурахаар болсон аж. Эхний сарууд тал бүрээс ирсэн хүүхдүүд танилцах, найз нөхдөө олох түүнд туслах гэсэн сургууль, клубуудын парти дунд өнгөрнө. Яваандаа ганцаараа бие даан амьдрахад суралцах, өөрийгөө дайчлах, цагаа зөв хуваарилах гээд олон зүйлд суралцсанаа тэр ярьж байв.
            Оюутан байхад өөрт оногдох цаг их тул юунд дуртайгаа мэдэх, сонирхлоо олж, хөгжүүлэх хамгийн сайхан үе гэдгийг Улсаа давтаж хэллээ. “Би сайн мэдэхгүй ч, монголд байгаа үеэлүүдтэйгээ ярихад хичээлдээ л яваад, чөлөөт цагаа өнгөрүүлэх дугуйлан, клубт хамрагдах боломж нь бага санагдсан” гэж байна. Түүний хувьд эхний жилүүдэд спорт клубт хамрагдаж байсны дараа “Дайныг зогсоох нийгэмлэг” гэсэн их, сургуулиуд хоорондын хиппи маягийн клубт элссэн нь сонирхолтой байсан гэв. Жил хүрэхгүй хугацаанд байхдаа Эдинбургт 100 гаруй мянган хүн оролцсон ядуурлыг бууруулахын төлөөх жагсаалд бичигтэй цамцыг нь өмсөн нэгдэж BBC-ээр гарсан нь дурсамж болжээ.
            Их сургуулийн өдрүүд мэдээж дуу, хөгжимгүй өнгөрөхгүй хойно найзуудтайгаа гитар тоглож, дуулж тэр ч бүү хэл гудамжинд хүртэл дуулсан бичлэгээ одоо үзэхээр хөгжилтэй байдгаа тэр хэллээ. Хэрэв тухайн үед санаа нийлсэн найзуудтай таарсан бол хамтлаг байгуулна гээд өдийд бичлэгийн студитэй хийх гэрээ хайгаад явж байж мэднэ. Барууны нийгэмд цоо шинэ үзэгдэл болж, цаг үедээ асар их үүрэг гүйцэтгэсэн The Beatles, Pink Floyd өнөөдөр ч олон залуусын мэдрэмж, оюунд нөлөөтэй. Ялангуяа харьцангуй уламжлалт хандлагатай байсан английн нийгэмд тэд чөлөөт байдлыг тунхагласан гээд хөгжмөөр нь дамжуулж үүх, түүхийг нь сонирхдогоо тэр байн байн ярина.
            “Өглөө юу ч бодолгүй босоод, баранд дуулж мөнгө олоод, өнгөрүүлж байгаа цагаа мэдрээд л амьдарч чадах юм шиг санагддаг ч багаасаа би завгүй байх дуртай, бас мөрөөдөмтгий тал минь намайг зүгээр суулгадаггүй” гэсэн ч харамсалтай нь тэр сургуулиа төгсөөд дөрвөн сарын турш ажил хайжээ. Гурван жилийн өмнө болсон эдийн засгийн хямралын сүүдэрт Их Британь ч өртөж, асар олон ажлын байр хасагдаж байснаас дөнгөж сургууль төгссөн залууг авах газар олоход хэцүү байж. Тийм ч учраас Лондонд ирсэн тэрбээр Лондонгийн их сургуулийн Биркбек коллежид магистрын ангид элсэх өргөдлөө өгч, тэнцсэн байна. Хэрэв цаашид томоохон компанид ажиллахыг хүсч байгаа бол бидний ярьдгаар анкет буюу CV-гээ маш сайн бэлтгэх ёстойн дээр ажил хийгээгүй, эсвэл ямар нэг байдлаар зүгээр суусан байвал тэр нь оноо алдах хамгийн том шалтгаан болдог аж. Тиймээс зүгээр суулгүй, бас мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн хажуугаар сайн ажил хайх хугацаа өөртөө гаргасан нь энэ сонголт байжээ.
            Тэр хугацаа Х.Улсболдод түүнээс ч илүүг өгсөн нь Британь-Монголын оюутны холбоог тэргүүлэн ажиллах боломж юм. Лийдсийн Их Сургуулийн оюутан Г.Цэцэгмаа Брайтон дахь Э.Санчир, Лондон дахь Ч.Жавхаа нар цахим хуудсаар харилцаж мэдээлэл солилцдог байж. Заримдаа хэн нь ч мэдэхгүй асуулт тулгарахад энд оюутны холбоо байсан бол бид холбогдоод асуудлаа шийдвэрлэж чадах байлаа гэсэн харамсал нь харин ч түлхэц болсноор BMSA /British Mongolian Student Association/ мэндэлжээ. Тэд анхнаасаа зохион байгуулалт сайтай ажилласан нь арав хүрэхгүй гишүүнтэй эхлэхдээ зар тарааж, олон албан тушаалд сайн дурын оюутан шалгаруулж авснаас харагдана. Тэргүүн буюу Ерөнхийлөгч болохын тулд Улсаа материалаа илгээж, ярилцлага хийснээр өнгөрсөн оны хоёрдугаар сард ажлаа эхэлсэн байна.
            Юун түрүүнд, хүмүүст танигдах нь гол зорилго байсан тул монголчуудтай холбоотой бүхий л арга хэмжээг хамтран зохион байгуулах, дэмжих байдлаар оролцохын хажуугаар өөрсдөө ч шинэ оюутны баяр, шинэ жил гээд уламжлалт тэмдэглэлт өдрөөс гадна Британь-Монголын бизнес форум, “Монгол орноо хөгжүүлье” чуулга уулзалт гээд албан ёсны арга хэмжээнд ч идэвхтэй оролцжээ. Түүнчлэн Марко Пологийн монгол дахь аяллын тухай киног орчуулах ажилд тусалснаар хандив хүлээн авч санхүүгийн талаа нөхжээ. Одоогоор энэ мэтчилэн Британь, Монгол төдийгүй Европын орнууд дахь 20 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байгаа ба цаашид дэлхий даяарх монгол оюутны нэгдлүүдтэй холбогдохоор төлөвлөснөө Х.Улсболд бахархан өгүүлж байлаа.
            Харин дээрх ажлыг үргэлжлүүлэх нь одоо түүнд арай ачаалалтай болсон тул тэрбээр холбооны зөвлөх гишүүн болсон байна. Магистраа хамгаалсны дараа монгол руу буцахаар зэхсэн ч энд хүлээж байсанчлан маш ирээдүйтэй ажил гарч ирсэн нь “Asia Pacific Investment Partners” компаньд нэг ёсондоо монголд хөрөнгө босгох ажилд зүтгэх аж. “Монголд аль нэг компаньд ажилласнаас илүү Хонг Конг, Америк, Англид оффистой газар ажиллах нь олон улсын туршлагаас нэг зэрэг суралцах маш том боломж юм. Мөн тухайн орны талаар бүх талын мэдлэгтэй болж, үйл явдалд нь оролцоод бараг л сонин унших шаардлагагүй болчихдог.”

            Оюутан байхаас л нийгмийн идэвхтэй байж өөрийн хүрээлэлдээ олон нийтийг нэгтгэж ирсэн түүнд одоо нэг санаа бий нь гадаад орнуудад ажилладаг монголчуудаа нэгтгэх гэдгийг найзуудтайгаа ярьж эхэлжээ. “Монголчууд гадагшаа явахаараа хар, бор ажил хийдэг гэсэн нийтлэг ойлголт байдаг ч Их Британийн дээд боловсролын статистикийн газрын судалгаанаас харахад жилд энд л гэхэд 200 оюутан сургалтын виз хүсдэг юм билээ. Одоо бид гадаад оронд сайн боловсрол эзэмшиж, нэлээд нь мэргэжлээрээ тухайн орондоо үнэлэгдээд байна” гэлээ. Монголд очилгүй хоёр жил болоод өнгөрсөн намар очиход олон мундаг залуус байсан, үндэстний хувьд ч бид харьцангуй залуу иргэдтэй тул замын хүзүү урт гэдэгт тэрбээр итгэлтэй байна. 
"Үндэстний тойм" сэтгүүл, / №6 (209)/

            Хоёр жил гаруйн өмнө Олимпийн наадмыг угтан Лондон хотод түүхэн хөшөө, баримлыг байрлуулж хотоо “гоёх”-оор шийджээ. Хэдийгээр хотын захиргааны цөөнгүй гишүүн “Олон хүний цус урсгасан, орчин цагийнхаар бол террорист” хэмээн Чингис хааны хөшөөг байрлуулахыг эрс эсэргүүцсэн ч, эл төслийг баталж Лондоны төв, Марбл Арчийн дэргэд Даши Намдаковын бүтээлийг байрлуулсан билээ. Тэндээ өнгөрсөн намар хүртэл л байлгана гэсэн ч хөшөө өнөөдрийг хүртэл хэвээр буй нь дэргэдүүр нь өнгөрөх монголчуудад бахдалтай санагдах нь гарцаагүй.
            Гэхдээ энэ удаад хойноос ирээд тухалсан хөшөөнөөс илүүтэй нүүж ирээд суурьшсан Лондон дахь монголчуудынхаа амьдралаас дуулгах гэсэн юм. Юу юуны түрүүнд, энд сайн эсвэл муу байна гэсэн аль нэг туйлын дүгнэлт хийхээс илүүтэй өдөр тутамд аж, амьдрал хэрхэн өрнөж, өвөл зун, өглөө оройгүй шаагих бороон шүхэр дор элэг нэгтнүүд минь юунд зорин алхдагийг сонирхлоо.
            Байшин бүр нь үүх, түүхийн гэрч болж, хаа нэгтээд нь тэртээх он, тооллыг хэн нэгэн алдартны нэртэй сийлсэн жигд намхан байшингууд нарийн гудам даган эрийнэ. Яг л үүн шиг ганган гэж гял, цал биш хэрнээ чамгүй дэгжин хүмүүс түүгээр холхиж, хотын бэлгэ тэмдэг болсон хоёр давхар автобус хуучны чанараа гайхуулахтай зэрэгцэн байгальд ээлтэй гэх шошго зүүсэн шинэ автобус ч зөрөлдөнө. Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотын нэгээр удаа дараа шалгарч, энэ жил жагсаалтыг тэргүүлсэн ч гэлээ жилээс жилд энд суурьших хүмүүсийн тоо өснө үү гэхээс буурсангүй. Өдгөө 8 сая гаруй хүн оршин сууж байх ч тэдний бараг тал нь гадаад гэвэл хилсдэхгүй. Тиймдээ ч гудамжаар зөрөхөд энэтхэг, хятад, эсвэл африк, европ гээд таван хүн тутмын нэг нь л англи байх болов уу. Тэд энд л өөр, өөрийн бизнесээ эхэлж жижгэвтэр нь нутаг нэгтнүүддээ, арай өргөжсөн нь олон нийтдээ ажлын байр олгоно.
            Энэ л жишгээр Лондонг зорьсон монголчуудын цуваа өдрөөс өдөрт үргэлжлэхийн зэрэгцээ тэндээ төвхнөх хүмүүсийн тоо ч өссөөр байна. Хэдэн жилийн өмнө АНУ-д уран бүтээлээ туурвиж буй хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхээс эх орондоо ирэлгүй удсаны учрыг асуухад “Монголоос гадаадыг зорьсон хүн чингэлэг ачуулдаггүй л хойно тэнд шинээр амьдрал эхэлж, үрээ тариалж, цэцэглэж, нахиалахыг нь хүлээхээс аргагүй” гэснийг энд ирээд гурван сар гаруй болоход бодож байв. Монголдоо байхад л ажлаа солих, эсвэл байрнаасаа нүүхэд шинэ хамт олон, хөршүүдтэйгээ дасахад хэсэгтээ хэцүү байдагчлан эх нутгаа орхиод тэс өөр газар, хэнийг ч танихгүй нийгэм, хүрээлэлд бүхнийг эхэлнэ гэдэг мэдээж амаргүй даваа. Гэлээ ч энэ бүхнийг дайрч гарсаар өнөөдөр Их Британьд манай улсын 6000 гаруй иргэн бийг ЭСЯ-ны зөвлөх С.Ганхуяг хэлж байв. Харин Их Британь дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат албан ёсны судалгаа, баримт үгүй ч нэг үе 10 мянга дөхөж байсан манайхны дийлэнх нь буцсанаар тоо нь арай цөөрснөөс гадна нэлээдгүй нь албан бусаар буюу бидний ярьдгаар “хар”-аар оршин сууж байгааг сэрэмжлэн өгүүлэв.  
            Дээр хэлсэнчлэн Лондон дэлхийд хамгийн өндөр өртөгтэй, тэр дундаа автомашины түлш, үл хөдлөх хөрөнгийн үнэ, байрны түрээс зэрэг үзүүлэлтийг тооцож дүгнэснийг “Time” сэтгүүл өнгөрсөн дугаартаа дурьдсан байна. Байр түрээслэх зар интернэтээр дүүрэн ч байр үзэх цаг авна, байраа үзнэ, орох эсэхээ хариу мэдэгдэнэ, нэг сарын мэдэгдэл өгнө, хөрөнгийн баталгаа үзүүлнэ, гурван сарын урьдчилгаа төлнө гээд шат, дамжлага мундахгүй. Харин “UK-iin mongol zar” гэх хамгийн идэвхтэй Фейсбүк бүлгээс хажуу өрөөгөө түрээслүүлэх монгол айл, эсвэл хамт амьдрах хүн олох нь илүү хялбар. Дээр нь түрээс нь арай хямд бөгөөд монгол хүнтэйгээ харилцахад ядаж л ойр, дотно байх нь амар. Гэхдээ хэдэн мянган монгол бүгд л айлсч амьдрахгүй хойно би л гэхэд гурван давхар жижиг байшинд шотланд, ирланд, польш хүнтэй төвхнөв. Ганц хүний өрөө дундажаар сард 400-500 паунд бол хоёр хүний өрөө 600-800 паунд гэх юм билээ.
            Эртний өв, соёлоо баялаг хэвээр уламжлан хадгалсан ч орчин цагийн их хотын жишгээр Лондонгийн хэмнэл хурдлан шаагина. Өглөө ажилд явах замдаа сонин уншиж амжаагүй бол хойш тавиад хадгална гэх зүйлгүй, учир нь орой буцахад тань дахиад 70 нүүр сонин хэвлэгдээд хүлээж байна. Өдөр бүр хэдэн арван сонин, өчнөөн мянгаар тараагдаад зогсохгүй англи, орос, герман, хятад хэлээр метроны буудал дээр эрээлжлэх нь үйл явдал энд зогсоо, зайгүй өрнөдгийн илрэл биз ээ. Харин баярын үеэр нэг л өдөр үй түмэн хүн урсгал татарч, хот эзгүйрэх нь Лондон үнэндээ хэний ч гэр биш, газар газрын олны бууц юм уу даа гэлтэй.
            Энд ирсэн хүмүүс дийлэнхдээ кафе, дэлгүүр, ресторан гээд үйлчилгээний ажлаас гараагаа эхэлнэ. Долоо хоногт 20 цаг ажиллаад амьдрах зардлаа олохгүй ч, илүү ажиллабал хичээлээ хийх цаг ч гарахгүй тул оюутнууд ойр зуурын хэрэглээний мөнгөө олоход асуудалгүй. Миний хувьд төрөл бүрийн түүхий загас идэх нь бүү хэл толь бичгээс монгол нэрийг нь хайгаад ч олоогүй элдэв загасны нэрийг англи, японгүй цээжлэх даалгавартайгаар Лондонгийн төв, хамгийн хөл ихтэй газруудаар 4, 5 салбартай “Чисо” ресторанд ажилд оров. Италь, франц, япон, солонгос, вьетнам гээд энд олон орны хүн байх ч шинэ жилийн баяраар бүх салбарт нийлээд 10 гаруй монгол хүн ажилладгийг мэдээд монголчуудын баярт ирэв үү гэж гайхах шиг болов. Тэднээс хоёр нь салбар рестораны зохион байгуулагч хийдэг бол гурав нь сүши тогооч, үлдсэн нь ахлах ба зөөгч хийдэг юм байна. Монгол иргэдийнхээ бүхий л мэдээллийг ЭСЯ-д бүртгэдгийн хувьд С.Ганхуяг “Монголчууд хоол хийхдээ сайн юм уу, ямартай ч маш олон хүн тогооч хийдгийг мэднэ” гэж байлаа. Харин “Монгол хүмүүс их хүчтэй зан чанартай ч, ажилдаа сайн байдагт нь би дуртай” хэмээн “Чисо” рестораны менежер Ясүхиро Комацуг хэлж дуусаагүй байтал монгол тогооч ах яриа таслан орж ирэхэд тэрбээр инээвхийлээд “Тээр, ийм хүчтэй хүмүүс” гэж батлав. Ер нь азиуд хэлснийг хийгээд л явах хандлагатайн дээр удирдлага ба ажилтныг харилцааг ихэд анхаардаг хүмүүс аж. Тэгвэл манайхан тэднээс өөр, дундаа орно, үг сөрнө, хэлснийг өөрийнхөөрөө хийх гэнэ, болохгүй бол заргалдана гээд ёстой л “үзэж, тардаг” ч, ямар ч ажилд өөриймсөг, сэтгэлээсээ ханддаг нь давуу тал гэдгийг рестораны зохион байгуулагч А.Пагамдулам онцолж байлаа.
            Ахлах сургуульд байхдаа энд ирсэн түүнийг Пээгий (Peggy) гэж дуудаад хэдийнэ дассан бөгөөд пасспортыг нь харахаас нааш жинхэнэ нэрийг нь мэдэх хүн үгүй бололтой. Мөн 18 насандаа Их Британийн иргэн болж, шинэ пасспорт өвөрлөсөн нь ээжийгээ дагаж ирсэн охинд ер бусын санагджээ. Нутгаасаа гараад, шинэ газар иргэн болон төлөвших гээд бүх зүйл нь сонирхолтой байсан бөгөөд сүүлийн үед манай улс давхар иргэншлийн асуудлыг шийдэхийг дуулаад найдвар тавин хүлээж байгаагаа тэр дурьдав. Уг нь боловсрол эзэмших, олон улстай харилцах гээд тал бүрээр энэ нь давуу гэж үздэгээ тэр нуусангүй. Ядаж л европын орнууд руу чөлөөтэй зорчихын дээр монголоо төлөөлөж Францад алба хааж буй найз залуу руугаа цаг гаруйхан нисээд очих нь хүртэл хялбар гэлээ. Ялангуяа, билетийн үнэ нь Улаанбаатараас Хөвсгөл нисэхээс ч хямд тул сардаа хэд явчихдаг аж.
            “Энэ ондоо жил орж 25-н нас хүрч байгаа, санаа зовох зүйлгүй” гэх Пээгийгийн яриа хөөрөө байгаа байдал нь хэдэн жил болоод аялга оруулан хольж ярих хүмүүсээс хамаагүй өөр. Хотын хоёрдугаар бүст амьдардаг түүний гэр монгол дахь орос маягийн гурван өрөө байрнаас зохион байгуулалтын хувьд ямар ч ялгаагүйн дээр зочны өрөөндөө “Чингис” хивс хадаж, урд нь бурхан тахилаа залан монгол дрож дэвссэн нь гэртээ орох мэт дотно санагдсаныг яана. Тэрбээр ажиллах, сурахынхаа заваар зундаа монголдоо амардаг бөгөөд гаднаас нутгаа эргээд буцдаг олон хүний адил юмны үнэ эндэхээс өндрийг гайхаж байлаа. Ялангуяа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлгүй бид бүх л хоолоо гаднаас зөөдөг хойно үнэтэй байх нь аргагүй биз. Харин түүнийг хамгийн их гайхишруулсан зүйл нь толийтол гангалсан хэрнээ, дүүрэн завтай монгол залуус гэдгийг ахин дахин хэлж байлаа. Барууны хүмүүжил нь хүүхэд насанд хүрээд гэрээс гарч, ажил хийж, өөрийгөө тэжээдэг бол монголд ээж, аавын нөмөрт амьдарсаар гэрлэхдээ хоёр талаас байр, машинаа бэлдүүлдэгтэй санал нийлдэггүй гэв. Тэрбээр коллежид байхаасаа кафед ажиллаж халаасны мөнгөө олж эхэлсэн бол одоо өөрөөсөө гадна ээждээ дэм болохтой болжээ.
            Пээгийг нутагтаа очих уу гээд асуувал юу хийхээ шийдэж байж болно доо гээд бодлогоширов. Өсвөр наснаасаа энд ирээд бас ч гэж байр сууриа олсны хувьд нэг л өдөр шийдээд буцахад тийм ч амаргүй. Цаашид энэ ажилдаа тогтвортой ажиллаж туршлагажаад менежер болох улмаар зочид буудал, рестораны салбарт амжилттай алхахыг бодож байгаа аж. Гэхдээ нарлаг, дулаан Австралийн дэргэд үргэлжийн бороо шаагиж, нийтийн тээвэрт зарцуулах мөнгөөрөө Америкт машин хөлөглөн давхиж болох атал Лондонгийн юу нь Пээгийг бариад байгааг асуухад хэсэг амсхийгээд амьдрах орчин ба нийгэм юм уу даа гэв. “Уг нь хаа газар л хүнээ эн тэргүүнд тавьдаг л даа, гэхдээ Англид иргэнээ дээдлэх утга илүү хөгжсөн санагддаг. Гараад алхахад том цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүмүүс гүйж, өглөөний дасгалаа хийнэ. Цахилгааны мөнгө гарсан бол гэнэт тасалчихгүй, их мөнгийг нэг өдөр төл гэж дарамтлахгүй. Хэд хоногийн дотор ингэж хуваагаад төлөөрэй гэх жишээтэй” гээд давуу тал олныг дурьдав. “Гэхдээ энэ орчноос илүү монголд намайг хэн бэ гэдгийг чухалчилж харилцдаг бол энд хэн байх нь хамаагүй хүн л бол хүн гэж харилцдаг нь хамгийн сайхан” гэдгийг төвөггүйхэн нэмж хэллээ. “Монголдоо зун очоод харахаар нүдэнд үзэгдэх гоё, сайхан нь нэмэгдээд хөгжөөд байна уу гэтэл олны дунд орохоор арай л болоогүй санагддаг гэвэл хатуудах болов уу” гээд тэр багахан зовнив. “Хүмүүс эд зүйлд анхаараад байгаа хэрнээ түүнийг яаж олж авах, үнэ цэнийг нь төдийлөн мэдэрдэггүй нь харамсалтай.”
            Гэхдээ энэ бүхэн аажимдаа цэгцэрнэ гэдэгт итгэж явдгаа хэлээд нэг л өдөр монголдоо очиж дуулсан, сурсныхаа хэргийг гаргана гээд зөөлөн мишээх нь маргааш гээд яруулаагүй ч түүний дотор өөр олон гэгээн мөрөөдөл буйг илтгэх шиг. Эх баригчийн мэргэжлээр суралцаж, долоо хоногийн гурван өдөр хичээлдээ явдаг түүнээс оюутны амьдралынх нь тухай болоод нөхдийнх нь тухай асуувал “Британь-Монголын оюутны холбоо”-г тун идэвхтэй ажилладгаар нь санал болгосон юм.  


Үргэлжлэл бий. 
     Өчигдөр зүв зүгээр хичээлээ хийгээд л орондоо орсон юм. Өглөө босоод Фейсбүк ээ нээж, инстаграм аа харвал монголд үдээс хойш болоод хүмүүс Валентины бэлгээ ч оруулаад, болзоонд яарсан төрхөө ч оруулжээ. Бид цөөхүүлээ, хот жижиг болоод тэгдэг юм уу, нээрэн л баярын өдрүүдээр цэцэг тэвэрсэн, догдолсон хүмүүсээр гудамж дүүрдэгсэн. Харин энд дэлгүүрийн үүдээр шоколад өрж, цэцэг үнэгүй хүргэнэ гэсэн зар төдийхөн л байх юм. Мэдээж үйлчилгээний газрууд баярын онцгой меню, гоёмсог зарлал нэмсэн нь харагдсан. Монголд бол хүйтэн, зэврүүн өвлийн өдрүүдэд нэг ч гэсэн өдөр бүгдээрээ "дулаан" алхаж байгаа нь гоё санагддаг юм. Энд харин салхи шуурга, бороотой Лондон хэвээрээ ч шүхрээ бариад хотын төв орж хэсэг алхаж, тэр зууртаа дүрс буулгаснаа эвлүүллээ. Хөл ч ашигласангүй, ядаж камераа хөдөлгөхгүй гэхдээ гараараа олигтой ч тулсангүй. Бас учиргүй хүнд үзүүлэх сайхан юм ч үгүй байх. Гэхдээ яах вэ, кино, нэвтрүүлэг юу ч биш, зүгээр л Лондонгийн гудмаар 5 минут хамт алхъя гэсэн дээ.

     Хүн төрөлхтөн хэзээнээс хөдөлмөрөө хөнгөвчлөх зорилгоор автомат машин, цахилгаан хэрэгсэл гээд элдвийг бүтээхээр оролдсоор ирж. Тэр дундаа робот бүтээхэд ихэд анхаарч түүгээр ажлаа хийлгээд зогсохгүй одоо бүр хүн шиг сэтгэдэг байлгахаар чадлаараа чармайж байна. Харин робот хүний уураг, тархи мэт сэтгэхүйтэй болбол, тэр тантай инээж, гуньж чаддаг байвал та түүнд дурлах уу?
            Найруулагч Спайк Жонсын шинэ бүтээл “Her /Тэр эмэгтэй/ кино Валентины баярыг угтан барууны олон оронд гарахаар театрын хананд зарлалаа өлгөжээ. Уг кинонд гол дүрийн залуу Тео, өөрийгөө Саманта хэмээн нэрлэсэн компьютерийн үйлдлийн системдээ дурлаж байгааг харуулна. Саманта түүний файлыг зохицуулахаас гадна ажлын төлөвлөгөөг нь гаргаж, хувийн туслахын үүрэг гүйцэтгэнэ. Тэр ухаалаг, уриалгахан, халамжтай бас хөгжилтэй. Тийм ч учраас Теогийн амьдралд тун хурдан байраа эзэлж өдөр, шөнийн хэзээд ч чихэвч, камер, дэлгэцээр үргэлж дэргэд нь байж чаддаг. Тэр ч бүү хэл эротик яриаг утасны цаанаас жинхэнэ эмэгтэйгээс илүү өрнүүлдэг нь үүн дээр нэмэгдэнэ.
            Самантагийн хоолойг (кинонд түүний ямар ч дүрслэл байхгүй) Их Британийн жүжигчин Саманта Мортон оруулсан ч, уран бүтээлийн ажил дууссаны дараа найруулагч гэнэт шийдвэрээ өөрчилж дур булаам, хөгжилтэй Скарлет Йоханссоны хоолойг бичүүлжээ. Энэ нь гол дүрийн жүжигчин Хакин Феникстэй гайхалтай зохицсоныг олон хэвлэлд онцолсон байна.
            “Her”-ийн үйл явдал ирээдүйд өрнөж буйг кинон дахь технологийн дүрслэлүүд болон дүрүүдийн хувцасны хурц, тод загварлаг байдал илтгэнэ. Нөгөөтэйгүүр өнгөний сонголт, засал чимэглэлээс ретро тусгалуудыг харж болно.
            Харин найруулагч Жонс кино зохиолоо “Apple”-ийн “Siri”-гээс ч өмнө төлөвлөж байснаа мэдэгдсэн боловч “Her”-ийг үзсэн ямар ч хүнд өөрийн эрхгүй харьцуулах бодол төрнө. Гэхдээ сайтар анзаарбал 1951 онд гарсан Исак Асимовын “Satisfaction Guaranteed зохиолын дүр болох ганцаардмал гэрийн эзэгтэй болон түүний тэжээвэр робот Тони нарын харилцааг санагдуулна. Мөн 1995 онд хэвлэгдсэн Ричард Пауэрсийн “Galatea 2.2 романд профессор эр ба хиймэл оюун ухаант Хэлен нарын тухайг санахад ч илүүдэхгүйг “London Evening Standard сонинд дурьджээ.
            Тэгвэл энэ бүхнээс “Her-ийн хувьд технологийн хувьд боломжтой зүйл нь юу вэ? “Samsung”-ийн “S-Voice” болон “Siri”-д ашиглагддаг дуу, хоолойн технологи ба ухаалаг системийн хөгжүүлэлтийг хариуцдаг “Nuance Communications компанийн мэргэжилтэн Жон Вэст кинонд гарах үзэгдлийг ойрхон ирсэн ч, хараахан болоогүйг дуулгав. “Бид тэнд хүрэх болоогүй, ойрын хэдэн жилдээ ч хүрч чадахгүй байх. Гэхдээ технологи үсрэнгүй хөгжиж, манай байгууллагын 1000 гаруй ажилтан байгалийн хэл ба хиймэл оюун ухааныг харьцуулан судалж байна” гэжээ.
            Хувийн туслахын зориулалттай технологийн ололтууд нэг л өдөр бодож, сэтгэдэг болоод зогсохгүй шийдвэр гаргахад оролцохуйц хувийн зөвлөх болбол ямар вэ? Үүнд, “Дуу, хоолойн технологи энэ түвшинд маш ойрхон ирсэн, бид өөрсдөө л мэдэрч чадахгүй байна. Хүсч, хүлээж байгаа ирээдүй мөдхөн” хэмээн Лондонгийн метро шугамын инженер хариулж байна. Тухайлбал, Лондонгийн төвд орших “King’s Cross буудалд хүмүүст аль зам руу явахыг зааж уншдаг хоолойг зорчигчид хиймэл эсэхийг ялгаж чаддаггүй аж. Цаашлаад хиймэл оюун ухааны эрэл, хайгуул эрчимтэй явагдаж байгаагийн жишээ нь, өнгөрсөн долоо хоногт “Google” компани “Deep Mind Technologies компанийн машиныг хүний тархи мэт ажиллуулах судалгааг 500 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болсноос харж болно.
            Мэргэжилтэн Вэстийн ярилцлагадаа дурьдсанаар энэ бүхэн биеллээ олохын цагт одоо явагдаж буй асуулт-хариулт гэсэн нэг чиглэлтэй харилцаа илүү харилцан яриа хэлбэртэй болж, сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Энэ үүднээс тэдний компани системийг хүншүүлэх судалгаа идэвхтэй хийж байгаа ч, програмчлалын хувьд хангалтгүй байгаа гэнэ.
“Her”-ийг үзсэний дараа Вэстэд холын холд санагдаж байсан технологийн хөгжил хэзээ мөдгүй ирсэн мэт санагдаж байна гэв. “Siri”-д дурлахад хэцүү гэдгийг “Чи юу вэ, Siri” гэж асуухад “Би жирийн л дижитал туслах” гэх хариултаас нь мэдэж болно. Түүнчлэн “Хакин Феникс гэж хэн бэ?” гэж асуувал “Би АНУ-ын Феникс мужид 15 европ хоолны газар оллоо” гэхэд нь бидний төсөөлж буй романтик харилцаанаас тэр доогуур түвшинд байгааг баталж тайвширлаа.
            Хүн төрөлхтөн ба робот хоорондын харилцааны түвшинг Данийн Ёс зүйн Хорооноос гаргасан “Олон нийтийн робот харилцааны зөвлөмж” гэх сонирхолтой гарын авлагад зохицуулжээ. Тэнд өгүүлснээр “Роботууд хүмүүсийн харилцаанд дэмжигч болохоос илүүтэй, шууд харилцагчийн хэмжээнд ажиллаж буй нь санаа зовоосон хэрэг болоод байна” гэжээ. Мөн “Хүн, роботын харилцаа нь хэдийнэ ёс зүйн төвөгтэй асуудлыг үүсгэх болсон” гэдгийг тэмдэглээд, ялангуяа, харилцааны эмзэг бүлэг буюу хүүхэд, сэтгэцийн эмгэгээр шаналж буй хүмүүст элбэг тохиолдох болсныг дурьдсан байна.
            Тэгвэл зарим эрдэмтэн дээрх эмзэг бүлэгт сэтгэлийг нь юу татаж байгааг тэр бүр нарийн мэдэрч чаддаггүйгээрээ эрчүүд бүгд багтана гэж үзжээ. “Оюун ухаан хэрхэн ажилладаг вэ” сэтгүүлд сэтгэл зүйч Стивен Пинкерийн бичсэнээр хүн судлалын үүднээс авч үзвэл роботод дурлах, татагдах байдал нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд түрүүлж тохиолдоно гэсэн юм.
            Гэхдээ “The New York Times сонинд 2007 онд “Robo Love гэх нийтлэл гарч хүн, роботын харилцааг маш ойрын түвшинд өгүүлснээс хойш эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэхээс илүүтэй хүмүүс бид роботод дурлахад бэлэн үү гэх асуулт л хамгийн түгээмэл болжээ. Үүний хариултыг ямар ч шинжлэх ухааны таамгаас илүүтэй бид өөрөө л нотлох нь гарцаагүй бөгөөд дахиад асуухад, та Валентиныг роботтой өнгөөрүүлэхдээ бэлэн үү?