Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Лондонгийн тэмдэглэл #1



By  Khulan Jugder     3:13 PM    Labels:,, 
"Үндэстний тойм" сэтгүүл, / №6 (209)/

            Хоёр жил гаруйн өмнө Олимпийн наадмыг угтан Лондон хотод түүхэн хөшөө, баримлыг байрлуулж хотоо “гоёх”-оор шийджээ. Хэдийгээр хотын захиргааны цөөнгүй гишүүн “Олон хүний цус урсгасан, орчин цагийнхаар бол террорист” хэмээн Чингис хааны хөшөөг байрлуулахыг эрс эсэргүүцсэн ч, эл төслийг баталж Лондоны төв, Марбл Арчийн дэргэд Даши Намдаковын бүтээлийг байрлуулсан билээ. Тэндээ өнгөрсөн намар хүртэл л байлгана гэсэн ч хөшөө өнөөдрийг хүртэл хэвээр буй нь дэргэдүүр нь өнгөрөх монголчуудад бахдалтай санагдах нь гарцаагүй.
            Гэхдээ энэ удаад хойноос ирээд тухалсан хөшөөнөөс илүүтэй нүүж ирээд суурьшсан Лондон дахь монголчуудынхаа амьдралаас дуулгах гэсэн юм. Юу юуны түрүүнд, энд сайн эсвэл муу байна гэсэн аль нэг туйлын дүгнэлт хийхээс илүүтэй өдөр тутамд аж, амьдрал хэрхэн өрнөж, өвөл зун, өглөө оройгүй шаагих бороон шүхэр дор элэг нэгтнүүд минь юунд зорин алхдагийг сонирхлоо.
            Байшин бүр нь үүх, түүхийн гэрч болж, хаа нэгтээд нь тэртээх он, тооллыг хэн нэгэн алдартны нэртэй сийлсэн жигд намхан байшингууд нарийн гудам даган эрийнэ. Яг л үүн шиг ганган гэж гял, цал биш хэрнээ чамгүй дэгжин хүмүүс түүгээр холхиж, хотын бэлгэ тэмдэг болсон хоёр давхар автобус хуучны чанараа гайхуулахтай зэрэгцэн байгальд ээлтэй гэх шошго зүүсэн шинэ автобус ч зөрөлдөнө. Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотын нэгээр удаа дараа шалгарч, энэ жил жагсаалтыг тэргүүлсэн ч гэлээ жилээс жилд энд суурьших хүмүүсийн тоо өснө үү гэхээс буурсангүй. Өдгөө 8 сая гаруй хүн оршин сууж байх ч тэдний бараг тал нь гадаад гэвэл хилсдэхгүй. Тиймдээ ч гудамжаар зөрөхөд энэтхэг, хятад, эсвэл африк, европ гээд таван хүн тутмын нэг нь л англи байх болов уу. Тэд энд л өөр, өөрийн бизнесээ эхэлж жижгэвтэр нь нутаг нэгтнүүддээ, арай өргөжсөн нь олон нийтдээ ажлын байр олгоно.
            Энэ л жишгээр Лондонг зорьсон монголчуудын цуваа өдрөөс өдөрт үргэлжлэхийн зэрэгцээ тэндээ төвхнөх хүмүүсийн тоо ч өссөөр байна. Хэдэн жилийн өмнө АНУ-д уран бүтээлээ туурвиж буй хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхээс эх орондоо ирэлгүй удсаны учрыг асуухад “Монголоос гадаадыг зорьсон хүн чингэлэг ачуулдаггүй л хойно тэнд шинээр амьдрал эхэлж, үрээ тариалж, цэцэглэж, нахиалахыг нь хүлээхээс аргагүй” гэснийг энд ирээд гурван сар гаруй болоход бодож байв. Монголдоо байхад л ажлаа солих, эсвэл байрнаасаа нүүхэд шинэ хамт олон, хөршүүдтэйгээ дасахад хэсэгтээ хэцүү байдагчлан эх нутгаа орхиод тэс өөр газар, хэнийг ч танихгүй нийгэм, хүрээлэлд бүхнийг эхэлнэ гэдэг мэдээж амаргүй даваа. Гэлээ ч энэ бүхнийг дайрч гарсаар өнөөдөр Их Британьд манай улсын 6000 гаруй иргэн бийг ЭСЯ-ны зөвлөх С.Ганхуяг хэлж байв. Харин Их Британь дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат албан ёсны судалгаа, баримт үгүй ч нэг үе 10 мянга дөхөж байсан манайхны дийлэнх нь буцсанаар тоо нь арай цөөрснөөс гадна нэлээдгүй нь албан бусаар буюу бидний ярьдгаар “хар”-аар оршин сууж байгааг сэрэмжлэн өгүүлэв.  
            Дээр хэлсэнчлэн Лондон дэлхийд хамгийн өндөр өртөгтэй, тэр дундаа автомашины түлш, үл хөдлөх хөрөнгийн үнэ, байрны түрээс зэрэг үзүүлэлтийг тооцож дүгнэснийг “Time” сэтгүүл өнгөрсөн дугаартаа дурьдсан байна. Байр түрээслэх зар интернэтээр дүүрэн ч байр үзэх цаг авна, байраа үзнэ, орох эсэхээ хариу мэдэгдэнэ, нэг сарын мэдэгдэл өгнө, хөрөнгийн баталгаа үзүүлнэ, гурван сарын урьдчилгаа төлнө гээд шат, дамжлага мундахгүй. Харин “UK-iin mongol zar” гэх хамгийн идэвхтэй Фейсбүк бүлгээс хажуу өрөөгөө түрээслүүлэх монгол айл, эсвэл хамт амьдрах хүн олох нь илүү хялбар. Дээр нь түрээс нь арай хямд бөгөөд монгол хүнтэйгээ харилцахад ядаж л ойр, дотно байх нь амар. Гэхдээ хэдэн мянган монгол бүгд л айлсч амьдрахгүй хойно би л гэхэд гурван давхар жижиг байшинд шотланд, ирланд, польш хүнтэй төвхнөв. Ганц хүний өрөө дундажаар сард 400-500 паунд бол хоёр хүний өрөө 600-800 паунд гэх юм билээ.
            Эртний өв, соёлоо баялаг хэвээр уламжлан хадгалсан ч орчин цагийн их хотын жишгээр Лондонгийн хэмнэл хурдлан шаагина. Өглөө ажилд явах замдаа сонин уншиж амжаагүй бол хойш тавиад хадгална гэх зүйлгүй, учир нь орой буцахад тань дахиад 70 нүүр сонин хэвлэгдээд хүлээж байна. Өдөр бүр хэдэн арван сонин, өчнөөн мянгаар тараагдаад зогсохгүй англи, орос, герман, хятад хэлээр метроны буудал дээр эрээлжлэх нь үйл явдал энд зогсоо, зайгүй өрнөдгийн илрэл биз ээ. Харин баярын үеэр нэг л өдөр үй түмэн хүн урсгал татарч, хот эзгүйрэх нь Лондон үнэндээ хэний ч гэр биш, газар газрын олны бууц юм уу даа гэлтэй.
            Энд ирсэн хүмүүс дийлэнхдээ кафе, дэлгүүр, ресторан гээд үйлчилгээний ажлаас гараагаа эхэлнэ. Долоо хоногт 20 цаг ажиллаад амьдрах зардлаа олохгүй ч, илүү ажиллабал хичээлээ хийх цаг ч гарахгүй тул оюутнууд ойр зуурын хэрэглээний мөнгөө олоход асуудалгүй. Миний хувьд төрөл бүрийн түүхий загас идэх нь бүү хэл толь бичгээс монгол нэрийг нь хайгаад ч олоогүй элдэв загасны нэрийг англи, японгүй цээжлэх даалгавартайгаар Лондонгийн төв, хамгийн хөл ихтэй газруудаар 4, 5 салбартай “Чисо” ресторанд ажилд оров. Италь, франц, япон, солонгос, вьетнам гээд энд олон орны хүн байх ч шинэ жилийн баяраар бүх салбарт нийлээд 10 гаруй монгол хүн ажилладгийг мэдээд монголчуудын баярт ирэв үү гэж гайхах шиг болов. Тэднээс хоёр нь салбар рестораны зохион байгуулагч хийдэг бол гурав нь сүши тогооч, үлдсэн нь ахлах ба зөөгч хийдэг юм байна. Монгол иргэдийнхээ бүхий л мэдээллийг ЭСЯ-д бүртгэдгийн хувьд С.Ганхуяг “Монголчууд хоол хийхдээ сайн юм уу, ямартай ч маш олон хүн тогооч хийдгийг мэднэ” гэж байлаа. Харин “Монгол хүмүүс их хүчтэй зан чанартай ч, ажилдаа сайн байдагт нь би дуртай” хэмээн “Чисо” рестораны менежер Ясүхиро Комацуг хэлж дуусаагүй байтал монгол тогооч ах яриа таслан орж ирэхэд тэрбээр инээвхийлээд “Тээр, ийм хүчтэй хүмүүс” гэж батлав. Ер нь азиуд хэлснийг хийгээд л явах хандлагатайн дээр удирдлага ба ажилтныг харилцааг ихэд анхаардаг хүмүүс аж. Тэгвэл манайхан тэднээс өөр, дундаа орно, үг сөрнө, хэлснийг өөрийнхөөрөө хийх гэнэ, болохгүй бол заргалдана гээд ёстой л “үзэж, тардаг” ч, ямар ч ажилд өөриймсөг, сэтгэлээсээ ханддаг нь давуу тал гэдгийг рестораны зохион байгуулагч А.Пагамдулам онцолж байлаа.
            Ахлах сургуульд байхдаа энд ирсэн түүнийг Пээгий (Peggy) гэж дуудаад хэдийнэ дассан бөгөөд пасспортыг нь харахаас нааш жинхэнэ нэрийг нь мэдэх хүн үгүй бололтой. Мөн 18 насандаа Их Британийн иргэн болж, шинэ пасспорт өвөрлөсөн нь ээжийгээ дагаж ирсэн охинд ер бусын санагджээ. Нутгаасаа гараад, шинэ газар иргэн болон төлөвших гээд бүх зүйл нь сонирхолтой байсан бөгөөд сүүлийн үед манай улс давхар иргэншлийн асуудлыг шийдэхийг дуулаад найдвар тавин хүлээж байгаагаа тэр дурьдав. Уг нь боловсрол эзэмших, олон улстай харилцах гээд тал бүрээр энэ нь давуу гэж үздэгээ тэр нуусангүй. Ядаж л европын орнууд руу чөлөөтэй зорчихын дээр монголоо төлөөлөж Францад алба хааж буй найз залуу руугаа цаг гаруйхан нисээд очих нь хүртэл хялбар гэлээ. Ялангуяа, билетийн үнэ нь Улаанбаатараас Хөвсгөл нисэхээс ч хямд тул сардаа хэд явчихдаг аж.
            “Энэ ондоо жил орж 25-н нас хүрч байгаа, санаа зовох зүйлгүй” гэх Пээгийгийн яриа хөөрөө байгаа байдал нь хэдэн жил болоод аялга оруулан хольж ярих хүмүүсээс хамаагүй өөр. Хотын хоёрдугаар бүст амьдардаг түүний гэр монгол дахь орос маягийн гурван өрөө байрнаас зохион байгуулалтын хувьд ямар ч ялгаагүйн дээр зочны өрөөндөө “Чингис” хивс хадаж, урд нь бурхан тахилаа залан монгол дрож дэвссэн нь гэртээ орох мэт дотно санагдсаныг яана. Тэрбээр ажиллах, сурахынхаа заваар зундаа монголдоо амардаг бөгөөд гаднаас нутгаа эргээд буцдаг олон хүний адил юмны үнэ эндэхээс өндрийг гайхаж байлаа. Ялангуяа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлгүй бид бүх л хоолоо гаднаас зөөдөг хойно үнэтэй байх нь аргагүй биз. Харин түүнийг хамгийн их гайхишруулсан зүйл нь толийтол гангалсан хэрнээ, дүүрэн завтай монгол залуус гэдгийг ахин дахин хэлж байлаа. Барууны хүмүүжил нь хүүхэд насанд хүрээд гэрээс гарч, ажил хийж, өөрийгөө тэжээдэг бол монголд ээж, аавын нөмөрт амьдарсаар гэрлэхдээ хоёр талаас байр, машинаа бэлдүүлдэгтэй санал нийлдэггүй гэв. Тэрбээр коллежид байхаасаа кафед ажиллаж халаасны мөнгөө олж эхэлсэн бол одоо өөрөөсөө гадна ээждээ дэм болохтой болжээ.
            Пээгийг нутагтаа очих уу гээд асуувал юу хийхээ шийдэж байж болно доо гээд бодлогоширов. Өсвөр наснаасаа энд ирээд бас ч гэж байр сууриа олсны хувьд нэг л өдөр шийдээд буцахад тийм ч амаргүй. Цаашид энэ ажилдаа тогтвортой ажиллаж туршлагажаад менежер болох улмаар зочид буудал, рестораны салбарт амжилттай алхахыг бодож байгаа аж. Гэхдээ нарлаг, дулаан Австралийн дэргэд үргэлжийн бороо шаагиж, нийтийн тээвэрт зарцуулах мөнгөөрөө Америкт машин хөлөглөн давхиж болох атал Лондонгийн юу нь Пээгийг бариад байгааг асуухад хэсэг амсхийгээд амьдрах орчин ба нийгэм юм уу даа гэв. “Уг нь хаа газар л хүнээ эн тэргүүнд тавьдаг л даа, гэхдээ Англид иргэнээ дээдлэх утга илүү хөгжсөн санагддаг. Гараад алхахад том цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүмүүс гүйж, өглөөний дасгалаа хийнэ. Цахилгааны мөнгө гарсан бол гэнэт тасалчихгүй, их мөнгийг нэг өдөр төл гэж дарамтлахгүй. Хэд хоногийн дотор ингэж хуваагаад төлөөрэй гэх жишээтэй” гээд давуу тал олныг дурьдав. “Гэхдээ энэ орчноос илүү монголд намайг хэн бэ гэдгийг чухалчилж харилцдаг бол энд хэн байх нь хамаагүй хүн л бол хүн гэж харилцдаг нь хамгийн сайхан” гэдгийг төвөггүйхэн нэмж хэллээ. “Монголдоо зун очоод харахаар нүдэнд үзэгдэх гоё, сайхан нь нэмэгдээд хөгжөөд байна уу гэтэл олны дунд орохоор арай л болоогүй санагддаг гэвэл хатуудах болов уу” гээд тэр багахан зовнив. “Хүмүүс эд зүйлд анхаараад байгаа хэрнээ түүнийг яаж олж авах, үнэ цэнийг нь төдийлөн мэдэрдэггүй нь харамсалтай.”
            Гэхдээ энэ бүхэн аажимдаа цэгцэрнэ гэдэгт итгэж явдгаа хэлээд нэг л өдөр монголдоо очиж дуулсан, сурсныхаа хэргийг гаргана гээд зөөлөн мишээх нь маргааш гээд яруулаагүй ч түүний дотор өөр олон гэгээн мөрөөдөл буйг илтгэх шиг. Эх баригчийн мэргэжлээр суралцаж, долоо хоногийн гурван өдөр хичээлдээ явдаг түүнээс оюутны амьдралынх нь тухай болоод нөхдийнх нь тухай асуувал “Британь-Монголын оюутны холбоо”-г тун идэвхтэй ажилладгаар нь санал болгосон юм.  


Үргэлжлэл бий. 

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment