Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
     Найруулагч Нури Билгэ Жейланы шинэ уран бүтээл "Анатолияд нэгэн удаа" киног "Харгислалын театр" энэ сарын 31-нд толилуулна.
    Найруулагчийн нэгэн шинэхэн ярилцлагыг хүргэе.


НУРИ: АНАТОЛИЯД НЭГЭН УДАА

Нури Билгэ Жейлан бол өнөөгийн Туркийн төдийгүй Каннын кино ертөнцийн сэтгэл татам нэгэн дүр маргаангүй мөн билээ. Тэрбээр 1959 онд Истанбул хотод төрж Босфорын их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгсөн улмаар амьдралын хүсэлдээ хөтлөгдөн Лондон, Катмандуг зорьжээ. 


“Тосгон” /1997/, “Тавдугаар сарын гуниг” /1999/, “Алс” /2002/ зэрэг гурвалсан бүтээлдээ өөрийн хүүхэд насыг төрөл төрөгсөд, дотнын андуудынхаа дүрээр тэр “амилуулсан” юм. Түүнчлэн 2006 онд өөрийн амьдралын түүхийг эхнэртэйгээ хамтран “Цаг агаар” кинондоо үзүүлснээр Нури олон улсад нэр хүндээ тунхагласан. 


Түүний шинэ уран бүтээл “Анатолияд нэгэн удаа” нь Францын кино наадмаас “Grand Prix” хүртсэн бөгөөд энэ сард Их Британийн кино наадамд уг амжилтаа бататгах нь гарцаагүй. Сербийн баруун өмнөдөд Эмир Кустурицагийн “Кустэндорф” наадамд оролцож буй түүнтэй уулзсан минь гайхалтай хэрэг байлаа. Дрвенград тосгонд цайран харагдах сүрлэг уулсын нөмөрт нэрт найруулагч “алгуурхан бүтээлүүд”-ийнхээ тухай ийн ярьлаа. 

-Та кинондоо мэргэжлийн жүжигчидтэй хамтран ажилладаггүйг мэднэ. Бас сүүлийн үед таны кино гэмт хэрэг, триллер ангилалд багтахуйц болсон санагдлаа. 
-Магадгүй би өөртөө илүү ихээр итгэж эхэлснийх байх. Одоо би шинэ зүйлсийг оролдоод үзэх зоригтой болсон, нөгөөтэйгүүр кино ертөнцийг тэс өөрөөр таньж, ойлгож байна. Мэргэжлийн жүжигчдийн бүтээх натурализм миний сонирхлыг татдаггүй, би тийм хандлагад дуртай биш. Харин өөрийн уран бүтээлийн замналын энэ шатанд би кино урлагт үнэн сэтгэлээсээ шунан дурласан жүжигчидтэй хамтран ажиллахыг илүүд үзэж байна. Гэхдээ үүний нэг сул тал нь тэд аль хэдийнэ хэрхэн тоглох тухайгаа төсөөлчихсөн, арга замаа бодчихсон байдаг. Гэтэл би үүнийг зураг авалтын өмнө шийдэж, тогтохыг л хүсдэг.
-Таны кинонууд ерөнхийдөө туулж, өнгөрүүлсэн амьдралын тань тухай байдаг. Энэ туршлагаас гадна өөр юу таныг хөглөдөг вэ? 
-Оросын уран зохиол. Мэдээж миний амьдрал хамгийн нэгдүгээрт л дээ. Ялангуяа, эхэн үедээ хүүхэд насныхаа тухай их өгүүлсэн. Би дүрүүдээ хамгийн үзэн яддаг бүлгээсээ олж гаргадаг. Энэ нь өөрийгөө тайвшруулах нэг хэлбэр байсан юм уу даа. Харин уран зохиол бидэнд амьдралыг хэрхэн харахад сургадаг. Бодит амьдралтай нүүр тулахад туслах хамгийн сайн зүйл шүү. Тухайлбал, “Анатолияд нэгэн удаа”-д бодит түүхийг өгүүлнэ. Гэхдээ илүү цогц болгохын тулд би Чеховын хэсэг, хэв маягийг шигтгэсэн.
-Таны кинонууд өнөөгийн үйлдвэрлэлд ноёлж буй 3D технологи зэргийн эсрэг илүү бодит зураглалд тулгуурласан юм шиг. 
-Найруулагч бүр бүтээлдээ өөрийн үнэнийг шингээхийг оролддог. Миний ихэнх шийдвэр санаандгүй байдаг. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, би зохиолчид, кино театрууд, хийсвэр Холливудынхны хоорондын тэмцэлд дуртай. Харин уран бүтээлчийн шударга шинж чанар нь найруулагчийн хүчин чармайлтад оршихоос биш техникийн чадалд биш шүү дээ. Кино театрт үзэгчийг хуурах ямар амархан гээч. Тусгай эффект ашиглаагүй ч, тэднээс үнэнийг далдалж болно.
-Та яг хэзээ найруулагч болъё гэж шийдсэн бэ?
-30 хүрээд. Миний хүүхэд насаа өнгөрүүлсэн газарт телевиз бүү хэл цахилгаан ч үгүй байсан. Төсөөллийг минь харанхуй л тэтгэсэн юм шүү дээ. Ток, цахилгаангүй тэр өдрүүдэд сүнсний тухай үлгэрүүд л бидний хувьд кино байлаа. Тэгээд кино үзэх боломжтой болоход, би бодит байдлаас тасарчих шиг болсон. Үнэхээр дурласан. 16 настайдаа л кино театр гэдэг гайхамшиг юм гэдгийг ухаарлаа. Тэр дундаа Истанбулд Ингмар Бергманы “Аниргүй”-г үзээд. Тэр миний урьд нь үзэж байсан киноноос нэг л өөр байсан юм. Миний сэтэлд хоногшсон гэхэд болно. Учир нь би хүчирхэг эмэгтэйгээр толгойлуулсан айлын хүүхэд байсан, тэгээд л дүрүүд нь их ойр санагдсан байх.
-Киногоо гарсны дараа ямар сэтгэгдэл төрдөг вэ? 
-Нэгэнт дууссан бол дургүй болчихдог юм. Яагаад гэвэл бүр уйдчихдаг. Эвлүүлгийн үйл явц маш удаан үргэлжилдэг, залхмаар ажил шүү дээ. Тэгэхээр киногоо зуун удаа үзсэний дараа үнэхээр өөр юу ч хийх хүсэл төрдөггүй. Бодол санаанд цаашдын талаарх эргэцүүлэл үгүй болдог. Өөрийнхөө кинонд хараагүй, сонсголгүй хүн шиг л хандана. Тиймээс зорилгодоо хүрсэн эсэхээ хэлж чаддаггүй. Харин хэсэгхэн хугацааны дараа дотнын андууд минь санал, сэтгэгдлээ хуваалцсанаар эргэн хэвийн байдалдаа ордог юм.

Хектор Ланос Мартинез

       "Нью-Йорк Таймс" сонинд хагас жилийн өмнө гарсан, сэтгүүлч Шейла Мелвиний нийтлэлийг хөрвүүллээ. 

     Монгол Услын Дуурь Бүжгийн Эрдмийн театр гэх ягаан баганаар тулсан, неоклассик загварын барилга нь эзэн Чингис хааны сүрлэг хөшөө бүхий Засгийн Газрын ордны дэргэд, Хөрөнгийн биржтэйгээ хөршлөн байрладаг. Морин хуур, хөөмийн эгшигээрээ танигдсан тэд нийслэл хотынхоо зүрхэнд, улс төр-эдийн засгийн төв бүсэд оршихдоо өрнийн сонгодог урлагийн өнгө төрхийг ч цогцлоожээ.
     “Монгол улс нь дагуул орон байсан бөгөөд үүнийхээ хүрээнд сонгодог урлагийг хөгжүүлэх нэгэн чухал үүргийг хүлээж байсан” хэмээн ЗХУ-д суралцаж төгссөн балетчин, ДБЭТ-ийн захирал Б.Сэргэлэн гэх эрч хүчтэй бүсгүй өгүүлсэн. 1950-иад оноос олон арван монгол залуус ЗХУ-ыг зорьж хөгжимчин, хөгжмийн зохиолч, дуучин, бүжигчин, хөгжим судлаач мэргэжлээр суралцаж эхэлсэн түүхтэй. Түүнчлэн Зөвлөлтийн хөгжимчид Монголд очиж консерватур, театрийн урлаг бий болоход ихээхэн тусалж, хувь нэмэр оруулсан юм.
      Тухайн үед ЗХУ нь БНХАУ, БНАСАУ болон бусад Азийн коммунист орнуудад барууны хөгжим, соёлыг сурталчлахдаа Монголын хөрсөнд ч энэ урлагийн үрээс тарьсан билээ.
Монголын Урлагийн Зөвлөлийн гишүүн, Киевт боловсрол эзэмшсэн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлэхдээ “Манай улсад 1950-иад оны үед Моцартын тухай мэдэх хүн байгаагүй гэхэд хилсдэхгүй. Коммунизм бидэнд сонгодог хөгжмийг хүргэсэн. Өнөөгийн бидний амжилт ЗХУ-тай салшгүй холбоотой” гэлээ.
     Түүний хэлсэн өнөөгийн амжилт нь аравдугаар сараас долдугаар сар хүртэл 14 дуурь, 14 баллетийн тоглолт толиуулж, долоо хоног бүр үзэгчээр дүүрэн танхимтай ДБЭТ юм. Тэнд Россини, Моцарт, Пуччини, Вердийн хөгжим уянгалж, орос, францын нэртэй баллет  тайзнаа “амилдаг” аж.
     Театрын бүрэлдэхүүнд найрал хөгжимчид, бүжигчид, загвар зохион бүтээгчид, найруулагчид, гар урчууд гээд олон хүн бий. Тэдний дийлэнх нь ЗХУ-д суралцсан бөгөөд хатагтай Б.Сэргэлэн хэлэхдээ театрын нэгэн зорилго нь их тал дахь сонгодог урлагийн урын сангийн цайз, хэрэм байх гэв.
     Түүнчлэн “Бид хуучин маягаа алдалгүй уламжлалаа өвлөн, хадгалахыг хүсдэг. Хүмүүс надаас яагаад илүү орчин үеийн байж болдоггүй юм бэ гэж асуудаг. Гэхдээ миний бодлоор энд хоёр хэв маягийн тухай ярих болдог. Нэг төрлийн театр нь бүхнээ хадгалж үлддэг бол нөгөө нь бүгдийг өөрчилж байдаг. Миний менежмент бол хадгалах” гэсэн юм. Магадгүй энэ хуучинсаг хандлагын илрэл нь тэд 30 жилийн турш нэг ижил “Кармен” тоглосоор буй нь биз ээ.
     Тэд “Францаас төдийгүй өөр олон орноос зочид ирж манай “Кармен”-ийг үзээд нулимс унагадаг. Энэ гайхалтай биш гэж үү? Бид хүүхдэд зориулсан хувилбарыг нь ч тоглож байсан. Гэхдээ хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй” гэж байв.
Барууны урын санд төвлөрөхийн зэрэгцээ энэ театрынхан монголынхоо хөгжмийн зохиолчидтой ч холбоотой ажиллаж, тэдний гайхамшигт бүтээлийг толилуулдаг. Монголын анхны дуурь “Учиртай гурван толгой”-г жилд цөөнгүй тоглодог бөгөөд ихэвчлэн улирлын нээлт, хаалтын үед тохиох нь бий. Цомнолыг монголын уран зохиолын эцэг гэгддэг зохиолч Ц.Нацагдорж бичиж, хөгжмийг нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн туурвижээ.
Х.Билэгжаргалын "Ламбагуайн нулимс"
    Мөн Б.Шаравын “Чингис хаан дуурь”, Х.Билэгжаргалын “Ламбагуайн нулимс” гээд олон бүтээлийг дурьдаж болно. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров одоогоор 17-р зууны үеийн нэрт хүмүүн Занабазарын тухай дуурийн ажилд шамдсан ба тэрбээр буддын шашины онцлогтой уг хөгжим нь христийн шашины давуу нөлөөг бага ч гэсэн тэнцвэржүүлнэ гэдэгт найдаж буй.
    Цаашлаад үндэсний урлагийн бахархал Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой”, Ж.Чулууны “Уран хас” баллетыг орхиж болохгүй. Театрын уран бүтээлчид одоо “Атилла” баллетыг тоглохоор бэлдэж байгаа гэнэ. Уг бүтээлийн гол эзэн А.Батдэлгэрийн хэлснээр энэ нь “Атилла” дууриас нэлээд өөр аж. “Атилла зүгээр нэг цус асгаруулсан тулаанч байгаагүй. Түүхэн баримтаас үзвэл тэрбээр ухаалаг, эрэмгий хүн байсан бөгөөд бид энэ талыг түлхүү харуулна” гэв. Баллетийн үйл явдал 453 оны тэртээд өрнөж, Атиллын амьдралыг үзүүлэх юм. Түүний үхлийг хүмүүс хоёр янзаар ярьдаг. Нэг хэсэг нь хуримынхаа шөнө орондоо хамраасаа цус алдан таалал төгссөн гэдэг бол нөгөө нь эхнэр нь түүнээс өшөө авахаар хорлосон гэдэг. “Тэр үхэлтэй тулалддаг. Харин Атилла эсвэл үхэл ялсан эсэх нь үл мэдэгдэнэ” хэмээн А.Батдэлгэр өгүүлсэн юм.
     Үзэгчиддээ жил бүр шинэ бүтээл толилуулахыг хүсдэг ч ДБЭТ-ийн төсөв нь дэлхийн жишигт байж болох хамгийн бага хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Хувцас хэрэглэл, тайзны чимэглэлээ Хятадад үйлдвэрлэсэн материалаар хийдэг гэнэ. Хэдийгээр театрын төсвийн ихэнхийг Засгийн Газраас олгодог ч санхүүгийн өөр эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. МУ-ын БСШУЯ-ы Сайд Ё.Отгонбаяр “Сонгодог урлагт дэмжлэгт хэрэгтэй нь үнэн. Гэхдээ дэмжлэг авах тусам бид тэжээвэр амьтан мэт болох вий” гэлээ.
Театрын 256 ажилтнаа цалинжуулахын тулд хатагтай Б.Сэргэлэн бизнесийн байгууллагууд болон гадаадын Элчин Сайдуудтай ч холбоо тогтоожээ. Тайзан дээр уран гоёор дүүлэх бүжигчид, хөгжмийн удирдагчид гээд олон уран бүтээлчид шинэ цагийн их хотод урлагийн амтыг мэдрүүлдэг ч монгол гэрт ил гал дээр хоолоо хийж, худгаас ус зөөн амьдрах нь байдаг гэнэ.
     Мөн тэрбээр Милан дахь Ла Скала академи болон Вэрди Консерватуртай холбоо тогтоосон бөгөөд одоогоор ОХУ-д баллетын бүжигчин бэлдэхээр явуулж эхлээд байна.
Шинэ цагийн үзэгчдийг бэлдэхийн тулд тэд сургууль, боловсролын газруудад хүрч ажиллахын зэрэгцээ “поп опера” зэрэг тоглолтуудыг хийж буй.
     Монголын уул уурхайн хөгжил нь эдийн засагт тэсрэлт авчирж урлагийг дэмжих сонирхлыг ч бий болгож байгаа.  Энэ бүхэн нь хатагтай Б.Сэргэлэнд ажилчдынхаа цалинг нэмэхэд тус болох биз ээ. Эцэст нь тэрбээр “Манай уран бүтээлчид хөгжимд шимтэн дурлаж, энэ театраа хайрладаг юм. Монгол орон уул уурхай, эдийн засгийн хувьд гээд олон талаар дэлхийн тавцанд танигдаж байна. Бид ч бас энэ боломжийг алдмааргүй байна” гэсэн юм.
    Би яг үнэндээ уран зураг, сонгодог хөгжим сонсоод зүйргүй таашаал амсч, эсвэл гүн гүнзгий ойлгон бахдах чадвар, мэдлэггүй хүн. Гэхдээ эдгээрийг сонирхож, өөрийн хэмжээнд тайлан уншиж, бодох дуртай.
    Үүндээ хөтлөгдөөд зураач, барималч Ж.Мөнхцэцэгийн хэд хоногийн өмнө нээлтээ хийсэн "Зүрхнээсээ..." үзэсгэлэнг зорьсон юм.
    Танхим дахь түүний бүтээлүүдийг ерөнхийд нь харвал эмэгтэй хүний тухай болоод цөөнгүй зурагтаа эмэгтэй хүн, түүний гэзгийг харуулжээ. "Чөлөөлөлт", "Увидас", "Түүний үс" зэрэг бүтээлийг үзээд "Эмэгтэй хүний үс, сэтгэл хоёр холбоотой юу?" гэсэн асуулт төрөв. Бүсгүйчүүд "Үсээ тайруулахаар шинэхэн мэдрэмжид автдаг" гэхчлэн ярих нь бий. Үнэн болов уу? Яг ингэж бодох зуурт ард минь нэг эмэгтэй байхыг харсан минь зураач Ж.Мөнхцэцэг байсан юм. Бодсоноо түүнээс асуумаар санагдаад хэлтэл тэрбээр "Үс маш чухал шүү дээ. Үс, оюун санаа хоёр холбоотойд би итгэдэг. Хүний генийн шинжилгээг үснээс авдаг, үсэнд хэн нэгний тухай мэдээлэл хамгийн ихээр агууллагддаг" гэв. Зургуудийг ажиглахад түүний "амилуулсан" эмэгтэйчүүд илэрхий баяр жаргал, инээд хөөргүй ч нэг л тайван, басхүү нэг ижил гэмээр нүднүүд нь магадгүй дүнсгэр, гунигийн тухай өгүүлэх шиг санагдсан. Гэхдээ энэ муу хэрэг биш байх. Миний бодлоор үнэн сэтгэлийн, чин сэтгэлийн яриа бүхэн гунигийн тухай байдаг юм шиг. Энэ тухайд тэрбээр "Гуниг гэдэг зовлон биш. Хүний сэтгэлд гуниг хамгийн их тордог байх. Тийм ч учраас хүмүүс тэр тухай ярьдаг юм болов уу."
     Зураач хүн авьяасдаа хөтлөгдөөд туурвидаг юм уу, эсвэл үнэхээр түүний өөрийгөө илэрхийлэх аргад гагцхүү дүрслэл хамгийн их тохирдог юм уу гэж бодогдох нь бий. Магадгүй зурах биш зохиол, эсвэл хөгжим бичиж болох л байж. Гэхдээ... "Би ном, зохиол уншаад хүмүүс яаж ингэж бичдэг юм бол оо. Яаж ингэж илэрхийлдэг байна аа гэж боддог. Хөгжмийн тухайд бол сайн сонсогч төдий шүү дээ" гэлээ.
    Өчигдөрхөн би "Нэг голын усанд хоёр орж болдоггүй" гэх Гераклитийн үгийг дахин нэг харсан юм. Энэ тухай түүнд хэлээд мөнх оршихуйн тухай асуусан. Хүмүүс уран бүтээл мөнх гэдэг. Гэвч цаг үе бүрт хүмүүсийн харах өнцөг өөрчлөгдөж хэдэн зуун жилийн дараа бүтээлийг тэс өөрөөр тайлан уншиж, ярилцахыг үгүйсгэхгүй. Да Винчи "Жоконда"-г яг юу бодож бүтээснийг түүнээс өөр хэн мэдэх вэ? Тэгэхээр түүний өгүүлэмж мөнхөд үнэн байх уу? "Гэвч уран бүтээлч нэгэн амьдралдаа, тэр агшиндаа уран бүтээлээ туурвидаг. Хэрхэн тайлах, хэрхэн ойлгохыг мэдэхгүй ч түүнд зориулсан миний оюун санаа мөнхөд үлдэх нь гарцаагүй".
     Ийнхүү үзэсгэлэнгийн танхимыг зориод азаар ч юм уу зураачтай таарч цөөн хором ярилцсан юм. Санамсаргүй утсаа гаргахад минь тэр "Яриаг минь хурааж байгаа юм уу?" гэсэн. Тэгээгүй л дээ. Гэхдээ хэсэгхэн зуурын тэр яриа толгойд минь тод үлдэх шиг болсноо энд тэмдэглэлээ.
     "Зүрхнээсээ..."
"Увидас"

"Орооцолдсон үс"

"Чөлөөлөлт"
  Сүүлийн үед сэтгүүлчид, блогчид кино тойм, шүүмж, сэтгэгдлийг цөөнгүй бичих болсон. Энд нэг анзаарагдсан зүйл нь монгол кино төдийгүй дэлгэцийн бүхий л бүтээлд дүрүүд ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах болон түүнийг тодоор дүрслэн харуулах нь олон. Тэр бүрийг бичигчид “далд реклам” хэмээн буруу нэрлэж, цохон тэмдэглэж байна. Харин үүнийг реклам судлаачид “бүтээгдэхүүн байршуулах сурталчилгаа” буюу “product placement” гэж нэрлэдэг бөгөөд энэ тухай дэлгэрэнгүйг урьд нь нийтэлж байсан. Тиймээс энэ удаад дээрх буруу ойлголтыг бага ч гэсэн залруулахын тулд “далд реклам” гэж юу болох талаар багахан мэдээллээ хуваалцаж байна.
  Одоогийн бидний ярьж заншаад буй “Далд реклам” гэх ойлголтын талаар Америкийн сэтгүүлч, судлаач Ванс Пэкард 1957 онд “The Hidden Persuaders” номдоо бичиж байжээ. Уг бүтээлдээ тэрбээр “далд реклам” гэх нэршлийг ашиглаагүй ч хэрэглэгчийг худалдан авалт хийхэд хүргэх сэтгэл зүйн нөлөөллийн талаар олон санааг тайлбарласан байна. Тэр үед буюу дайны дараах америкийн нийгэмд зар сурталчилгаа бүтээгчдийн нэг зорилго нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ тухайн хүнд шаардлагагүй байсан ч тэдний итгэл үнэмшил, айдас, сексийн мэдрэмж зэрэгт тулгуурлан хэрэглэгчээ болгох байжээ.
  Далд реклам нь ерөнхийдөө сурталчилгааны үг, зураг, хэлбэр дүрсэнд давхар илэрч байдаг агуулга юм. Үүнийг хэлбэрийн хувьд дөрөв ангилдаг. /Эдгээрийг манайд хараахан албан ёсоор орчуулж, нэршлийг тодорхой болгоогүй байгаа тул англи эхээр нь бичлээ. Цааш судлахаар сонирхсон хүнд ч хэрэгтэй болов уу. /

1.Subthreshold stimuli – Жишээ нь, дуу явах хооронд түргэн хугацаанд өөр үг сонсогдох, дэлгэцэнд ямар нэг дүрс эгшин зуурт үзэгдэх.
2.Masked
3.Unattended – Зургийг эргүүлж харах эсвэл сайн ажиглавал үндсэн дүрсээс гадна өөр зүйл харагдах
4.Figurally transformed stimuli – Текст болон зургийг бүдгэрүүлэх /blur/, шууд танигдахааргүй болгосон байх зэрэг олон арга бий.

Хэдийгээр рекламны агентлагууд бүтээлд нь далд реклам байгааг санаандгүй хэрэг гэж тайлбарладаг ч тэдний 75-80% нь үүнийг зориуд ашигласан байдаг аж. Мэргэжлийн уран бүтээлийн баг аливаа лого, сурталчилгааны хуудсыг бүтээхээр ажилладаг бөгөөд үүнд компаниуд мөнгө харамгүй зарцуулдаг. Нөгөө талаас далд реклам нь ихэвчлэн секс агуулгатай байдаг тул ёс зүйн асуудал ихээр хөндөгддөг байна.
Бүсгүйн хөлөө өргөсөн хэсгийг сайн харвал Австралийн газрын зургийн хэлбэр үүснэ.

Лого нь ердийн уул мэт боловч ажиглавал баавгайн дүрс үзэгдэнэ. "Toblerone" шоколадын үйлдвэрлэл нь  Швейцарийн  Берн хотоос эхтэй гэдэг бөгөөд энэ нь "Баавгайнуудын хот" хэмээн алдаршжээ.
Баруун доод буланд "explosion" гэсэн үг байгаа. Үүний урд  мөн S үсэгтэй үрэл байгаа нь "Sexplosion" гэсэн үг үүсгэнэ.
Кофений уур нь эмэгтэй хүнийг дүрсэлж байна.


Ундааны мөс нь хэвтэж буй эмэгтэй хүний хэлбэртэй

SEX гэсэн үг үүсчээ




Эмэгтэй хүний биеийн галбирыг дүрсэлсэн.

Сурталчилгааны хуудсанд бие угаагч шингэн 2 ширхэг байгаагаас гадна, бүсгүйн биеийн наад хэсэгт илүү бадриун эрэгтэй хүний гар байгаа.

Онлайн рекламын үүсэл болоод онолын товчийг хуваалцаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байсан ч, тоо баримт зэрэг нь онлайн ертөнцийн эрчмийг дагаад хурдацтай өөрчлөгдөж байгаа тул энэ удаад цаашид хоцрогдохгүй гэж тооцоод суурь мэдээллүүдийг багтаалаа. 
     Ойрд сонсох болсон дуунуудаасаа хуваалцахаар шийдлээ. Гэхдээ энд шинэ дуу ерөөс байхгүй шүү. Гурав, дөрвөн жилийн өмнөх бүтээлүүд байгаа. Гэлээ ч миний жагсаалтад байдаг дуртай дуунууд.

    1. Bon Iver - Skinny Love. Энэ жилийн "Грэмми"-ийн наадмаас "Шилдэг шинэ уран бүтээлч"-ээр шалгарсан "Bon Iver"-ийн тухай өрнийн хэвлэлийнхэн "шуугиж" байгаа. 2007 оноос эхлэн уран бүтээлээ туурвисан тэд 5 жилийн дараа "шинэков"-уудтай өрсөлдөж шалгарсан гээд л яриа дуусахгүй. Гэхдээ энэ "хов жив"-ийг түр орхиод, тэдний 2008 онд гаргасан "For Emma, Forever Ago" цомгийн "Skinny Love" дууг сонсоод үзээрэй. Тухайн үедээ /миний дуртай/ "Chuck" цуврал болон дэлгэцийн олон бүтээлд энэ дууг ашиглаж байсан юм билээ. 

    2. Birdy - Skinny Love.

Хэдхэн сарын өмнө анхны цомгоо өлгийдсөн 15 настай энэ охин хичнээн уянгалаг, хичнээн авъяаслаг гээч. Гурван жилийн өмнө Их Британийн "Open Mic UK"-д тэргүүлсэн тэрбээр дуучин гэхээсээ илүү хөгжимчний алдраар олонд хүндлэгдсэн билээ. Дээр дурдсан "Bon Iver" хамтлагийн "Skinny Love"-ийг дахин эгшиглүүлэхдээ тэр гитарын хөнгөн аялгууг төгөлдөр хуурын намуухан хэмнэлээр өөрчилжээ. Сайхан. 

    3. Ron Pope - А Drop in the Ocean. 
2009 онд "Universal Republic"-тай хамтран ажиллах гэрээ хийснээр түүний уг дуу "мэндэлж" Америк төдийгүй олон улсад танигджээ. Энэ онд "Atlanta" гэх шинэ цомгоо гаргахаар ажиллаж буй гэнэ. 

    4. Charlotte Gainsbourg - In the End. "Сержийн сахиусан тэнгэр" энэ бүсгүй 2009 онд "Антихрист" кинонд тоглож шуугиан тарьж байсныг бид мэднэ. Тэгвэл үүний зэрэгцээ 2007 онд тархины гэмтлээ эмчлүүлж байхдаа хөгжмийн тухай бодож байснаа хэргэжүүлж 2009 оны арванхоёрдугаар сард "IRM" цомгоо гаргажээ. Энэ дууны найруулга ер бусын ертөнцөөр аялуулах мэт. "In the End"


    5. Charlotte Gainsbourg - Le Chat Du Cafe Des Artistes. Мөн л дээрх цомгийн дуу. Канадын нэрт уран бүтээлч Жон Ферланд эл дууг бичжээ. 
"...Бид үхэхийн цагт үгүйрэхийн нэр
Бид инээмсэглэхээ болихын цагт цаашдын амьдрал ч үгүй..." 

    6. Jane Birkin - Lolito Go Home. Таньж байна уу? Шарлоттийн ээж Жейн Биркин 1975 онд "Lolita Go Home" цомгоо гаргажээ. Энд багтсан 11 дууны тэн хагасыг тухайн үеийн түүний дурлалт залуу Серж Гейнсбур зохиосон юм.



  7. Florence and the Machine - Dog Days Are Over. Энэ хамтлаг өнгөрсөн онд "Грэмми"-ийн шагналын "Шилдэг шинэ уран бүтээлч" төрөлд нэр дэвшсэн ч "эгшигт хайрцаг" гардаж чадаагүй билээ. Гэхдээ тэдний сонсогчдын хүрээ улам бүр тэлсээр байна. "Dog Days Are Over" тэдний анхны цомгийн, эхний дуу. "Slumdog Millionaire", "Eat, Pray, Love" киноны трейлэр болон "Gossip Girl" цувралд энэ дууг ашиглаж байв. Түүнчлэн 2010 онд Нобелийн шагнал гардуулах ёслолд Florence + the Machine эл дуугаараа оролцсон юм.

   8. Mumford and Sons - The Cave. "Sigh No More" гэх цор ганц цомогтой хамтлаг байх. 2010 онд мөн л "Грэмми"-ийн "Шилдэг шинэ уран бүтээлч" болон "Шилдэг рок дуу" төрөлд "Little Lion Man" дуугаараа нэр дэвшиж байв. Үүнээс хойш Billboard, BRIT Award, American Music Awards гээд олон наадамд оролцсон ч бараг л хоосон хэвээр. Гэхдээ шагнал аваагүй гэдэг нь тэдний бүтээл муу гэсэн үг биш шүү дээ. Энэ дууг сонирхоод үзээрэй, цомгийг нь бүтнээр нь сонсоход ч бас дажгүй шүү. Ерөнхийдөө английн folk rock хамтлаг.

   9. Beirut - Santa Fe. Миний хамгийн дуртай дуу болоод байгаа. Эдний "The Rip Tide" цомог өнгөрсөн зун гарсныг сонсоод "Beirut"-тэй танилцсан юм. Урьд нь хоёр ч цомог гаргасан юм билээ.


   10. Mayer Hawthorne - Shine & New. Энэ залууд урлагийн бүх авьяас бүрдээ юү гэлтэй. Дуулна, дуу зохионо, продьюсэр, дижей хийнэ, хөгжим тоглоно гээд л. Нийт гурван цомог гаргаж, хэд хэдэн дуу нь тухайн цаг үедээ хит болсон юм билээ. 2009 онд гаргасан анхны альбомынх нь энэ дуу их таалагддаг юм.



/Нэг зүйл сануулахад, миний сонгосон энэ дуунууд эргэн тойрны хүмүүст харамсалтай нь тийм ч таатай санагддаггүй юм. Гэхдээ л юмыг яаж мэдэхэв, таашаах нэгэн байх ч юм билүү гээд хуваалцаж байгаа юм. :D /

Татах