Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Дорнын их тал дахь сонгодог урлагийн цайз



By  Khulan Jugder     9:50 PM    Labels:,, 
       "Нью-Йорк Таймс" сонинд хагас жилийн өмнө гарсан, сэтгүүлч Шейла Мелвиний нийтлэлийг хөрвүүллээ. 

     Монгол Услын Дуурь Бүжгийн Эрдмийн театр гэх ягаан баганаар тулсан, неоклассик загварын барилга нь эзэн Чингис хааны сүрлэг хөшөө бүхий Засгийн Газрын ордны дэргэд, Хөрөнгийн биржтэйгээ хөршлөн байрладаг. Морин хуур, хөөмийн эгшигээрээ танигдсан тэд нийслэл хотынхоо зүрхэнд, улс төр-эдийн засгийн төв бүсэд оршихдоо өрнийн сонгодог урлагийн өнгө төрхийг ч цогцлоожээ.
     “Монгол улс нь дагуул орон байсан бөгөөд үүнийхээ хүрээнд сонгодог урлагийг хөгжүүлэх нэгэн чухал үүргийг хүлээж байсан” хэмээн ЗХУ-д суралцаж төгссөн балетчин, ДБЭТ-ийн захирал Б.Сэргэлэн гэх эрч хүчтэй бүсгүй өгүүлсэн. 1950-иад оноос олон арван монгол залуус ЗХУ-ыг зорьж хөгжимчин, хөгжмийн зохиолч, дуучин, бүжигчин, хөгжим судлаач мэргэжлээр суралцаж эхэлсэн түүхтэй. Түүнчлэн Зөвлөлтийн хөгжимчид Монголд очиж консерватур, театрийн урлаг бий болоход ихээхэн тусалж, хувь нэмэр оруулсан юм.
      Тухайн үед ЗХУ нь БНХАУ, БНАСАУ болон бусад Азийн коммунист орнуудад барууны хөгжим, соёлыг сурталчлахдаа Монголын хөрсөнд ч энэ урлагийн үрээс тарьсан билээ.
Монголын Урлагийн Зөвлөлийн гишүүн, Киевт боловсрол эзэмшсэн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлэхдээ “Манай улсад 1950-иад оны үед Моцартын тухай мэдэх хүн байгаагүй гэхэд хилсдэхгүй. Коммунизм бидэнд сонгодог хөгжмийг хүргэсэн. Өнөөгийн бидний амжилт ЗХУ-тай салшгүй холбоотой” гэлээ.
     Түүний хэлсэн өнөөгийн амжилт нь аравдугаар сараас долдугаар сар хүртэл 14 дуурь, 14 баллетийн тоглолт толиуулж, долоо хоног бүр үзэгчээр дүүрэн танхимтай ДБЭТ юм. Тэнд Россини, Моцарт, Пуччини, Вердийн хөгжим уянгалж, орос, францын нэртэй баллет  тайзнаа “амилдаг” аж.
     Театрын бүрэлдэхүүнд найрал хөгжимчид, бүжигчид, загвар зохион бүтээгчид, найруулагчид, гар урчууд гээд олон хүн бий. Тэдний дийлэнх нь ЗХУ-д суралцсан бөгөөд хатагтай Б.Сэргэлэн хэлэхдээ театрын нэгэн зорилго нь их тал дахь сонгодог урлагийн урын сангийн цайз, хэрэм байх гэв.
     Түүнчлэн “Бид хуучин маягаа алдалгүй уламжлалаа өвлөн, хадгалахыг хүсдэг. Хүмүүс надаас яагаад илүү орчин үеийн байж болдоггүй юм бэ гэж асуудаг. Гэхдээ миний бодлоор энд хоёр хэв маягийн тухай ярих болдог. Нэг төрлийн театр нь бүхнээ хадгалж үлддэг бол нөгөө нь бүгдийг өөрчилж байдаг. Миний менежмент бол хадгалах” гэсэн юм. Магадгүй энэ хуучинсаг хандлагын илрэл нь тэд 30 жилийн турш нэг ижил “Кармен” тоглосоор буй нь биз ээ.
     Тэд “Францаас төдийгүй өөр олон орноос зочид ирж манай “Кармен”-ийг үзээд нулимс унагадаг. Энэ гайхалтай биш гэж үү? Бид хүүхдэд зориулсан хувилбарыг нь ч тоглож байсан. Гэхдээ хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй” гэж байв.
Барууны урын санд төвлөрөхийн зэрэгцээ энэ театрынхан монголынхоо хөгжмийн зохиолчидтой ч холбоотой ажиллаж, тэдний гайхамшигт бүтээлийг толилуулдаг. Монголын анхны дуурь “Учиртай гурван толгой”-г жилд цөөнгүй тоглодог бөгөөд ихэвчлэн улирлын нээлт, хаалтын үед тохиох нь бий. Цомнолыг монголын уран зохиолын эцэг гэгддэг зохиолч Ц.Нацагдорж бичиж, хөгжмийг нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн туурвижээ.
Х.Билэгжаргалын "Ламбагуайн нулимс"
    Мөн Б.Шаравын “Чингис хаан дуурь”, Х.Билэгжаргалын “Ламбагуайн нулимс” гээд олон бүтээлийг дурьдаж болно. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров одоогоор 17-р зууны үеийн нэрт хүмүүн Занабазарын тухай дуурийн ажилд шамдсан ба тэрбээр буддын шашины онцлогтой уг хөгжим нь христийн шашины давуу нөлөөг бага ч гэсэн тэнцвэржүүлнэ гэдэгт найдаж буй.
    Цаашлаад үндэсний урлагийн бахархал Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой”, Ж.Чулууны “Уран хас” баллетыг орхиж болохгүй. Театрын уран бүтээлчид одоо “Атилла” баллетыг тоглохоор бэлдэж байгаа гэнэ. Уг бүтээлийн гол эзэн А.Батдэлгэрийн хэлснээр энэ нь “Атилла” дууриас нэлээд өөр аж. “Атилла зүгээр нэг цус асгаруулсан тулаанч байгаагүй. Түүхэн баримтаас үзвэл тэрбээр ухаалаг, эрэмгий хүн байсан бөгөөд бид энэ талыг түлхүү харуулна” гэв. Баллетийн үйл явдал 453 оны тэртээд өрнөж, Атиллын амьдралыг үзүүлэх юм. Түүний үхлийг хүмүүс хоёр янзаар ярьдаг. Нэг хэсэг нь хуримынхаа шөнө орондоо хамраасаа цус алдан таалал төгссөн гэдэг бол нөгөө нь эхнэр нь түүнээс өшөө авахаар хорлосон гэдэг. “Тэр үхэлтэй тулалддаг. Харин Атилла эсвэл үхэл ялсан эсэх нь үл мэдэгдэнэ” хэмээн А.Батдэлгэр өгүүлсэн юм.
     Үзэгчиддээ жил бүр шинэ бүтээл толилуулахыг хүсдэг ч ДБЭТ-ийн төсөв нь дэлхийн жишигт байж болох хамгийн бага хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Хувцас хэрэглэл, тайзны чимэглэлээ Хятадад үйлдвэрлэсэн материалаар хийдэг гэнэ. Хэдийгээр театрын төсвийн ихэнхийг Засгийн Газраас олгодог ч санхүүгийн өөр эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. МУ-ын БСШУЯ-ы Сайд Ё.Отгонбаяр “Сонгодог урлагт дэмжлэгт хэрэгтэй нь үнэн. Гэхдээ дэмжлэг авах тусам бид тэжээвэр амьтан мэт болох вий” гэлээ.
Театрын 256 ажилтнаа цалинжуулахын тулд хатагтай Б.Сэргэлэн бизнесийн байгууллагууд болон гадаадын Элчин Сайдуудтай ч холбоо тогтоожээ. Тайзан дээр уран гоёор дүүлэх бүжигчид, хөгжмийн удирдагчид гээд олон уран бүтээлчид шинэ цагийн их хотод урлагийн амтыг мэдрүүлдэг ч монгол гэрт ил гал дээр хоолоо хийж, худгаас ус зөөн амьдрах нь байдаг гэнэ.
     Мөн тэрбээр Милан дахь Ла Скала академи болон Вэрди Консерватуртай холбоо тогтоосон бөгөөд одоогоор ОХУ-д баллетын бүжигчин бэлдэхээр явуулж эхлээд байна.
Шинэ цагийн үзэгчдийг бэлдэхийн тулд тэд сургууль, боловсролын газруудад хүрч ажиллахын зэрэгцээ “поп опера” зэрэг тоглолтуудыг хийж буй.
     Монголын уул уурхайн хөгжил нь эдийн засагт тэсрэлт авчирж урлагийг дэмжих сонирхлыг ч бий болгож байгаа.  Энэ бүхэн нь хатагтай Б.Сэргэлэнд ажилчдынхаа цалинг нэмэхэд тус болох биз ээ. Эцэст нь тэрбээр “Манай уран бүтээлчид хөгжимд шимтэн дурлаж, энэ театраа хайрладаг юм. Монгол орон уул уурхай, эдийн засгийн хувьд гээд олон талаар дэлхийн тавцанд танигдаж байна. Бид ч бас энэ боломжийг алдмааргүй байна” гэсэн юм.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

2 comments:

  1. Маш сонирхолтой... Ямар азаар бид нээрээ энэ сонгодог урлагийн хэдэн газартай болсон юм билээдээ... СОЦ нийгэмдээ баярламаар ч юм шиг хэхэ...

    ReplyDelete
  2. Sergelen zahiral ch ih yum hiij bga shuu uneheer

    ReplyDelete