Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
Домогт Битлзийн гайхалтай аялгууг залуус бидэнд таниулж, ах эгчийг минь гэгээн дуртгалаар нь аялуулдаг Ганхүү ахад /ахаа гэж дуудахаар харилцаагүй ч, ахмад, бас хүндэлдэг хүнээ ах гэж авгайхалаахаас өөрөөр яах билээ... :o) / би баярладаг. Түүний эрч хүчтэй хоолой, цоглог хэмнэлтэй хөгжмийн аялгуутай гайхалтай зохицож хурсан олны сэтгэлийг хөөргөдөг нь юу юунаас сайхан...
Хэрвээ тэр УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол, Irish-т, The Lemons-ийн тоглолтонд гэхчлэн бидний дунд дуулаад явахаа больдоггүй юм аа гэхэд, ямар ч гэсэн ховордох байсан байх. Тийм болохоор түүний төлөө сонгуульд саналаа өгөөгүй хүмүүст би энэ удаа талархая.
Цаашид дуугаа дуулаад, залуус биднийг олон сайхан зүйлд хөглөн, уриалаарай. УИХ-ын гишүүн болоогүй дээ харамсах хэрэггүй ээ.. Тэртээ, тэргүй хэдэн жилийн дараа монгол метротой болох байх. ;-)
"Оскар"-ын шагналд энэ жил 10 кино шилдэгийн төлөө өрсөлдсөнөөрөө онцлог болсон. Тэдний нэг "An Education" киног үзлээ. 1960-аад оны Англид киноны үйл явдал өрнөнө. Гол дүрийн охин Жэнни Меллор сургуулийнхаа хамгийн онц сурлагатан бөгөөд цаашлаад "Оксфорд"-ын Их Сургуульд элсэн суралцах зорилготой байв. Түүнийг мөрөөдөлдөө хүрнэ гэдэгт анд найзууд, багш нар нь итгэлтэй төдийгүй аав нь ч үүнийг нь "тулган шаардах" мэт дэмждэг байв. Гэхдээ үнэндээ тэр нь дэмжлэг биш жинхэнэ тулган шаардалт байжээ. Учир нь Жэнни нэгэн өдөр Девид гэх өөрөөсөө ахимаг залуутай танилцсанаар тэр амьдралыг өөрөөр харах болно. Үнэтэй, тансаг зоогийн газарт хооллож, сонгодог тоглолт үзэж, клубт эгшиглэх жазз хөгжим түүний амьдралын хэмнэлийг нэгэнт өөрчилжээ. Улмаар охин үргэлж хийдэг байсан хичээлээ орхиж, сурлагын дүн нь ч тааруухан болж эхэлнэ. Энэ үед түүний багш Жэннид алдааг нь ойлгуулахыг хичээсэн ч үл тоомсорлов. Түүнчлэн сургуулийн захирал хатагтай ч түүнтэй уулзав. Захирал "...Сургуульд сурах хүнд, уйтгартай ч" гэхэд Жэнни "Тийм ээ. Маш хүнд бас уйтгартай" гээд эмэгтэй хүн яагаад заавал сургуульд сурч эрдмийн зэрэг хүртэх ёстой гэж хэмээн тайлбарлав. Энэ үед тэр аль хэдийнэ сургуулиа орхихоор шийдсэн байлаа. Тэр Девидтэй гэрлэж, хэн ч ярьдаггүй латин хэлний хичээлд дахиж суухгүй гэхээс баярлаж байсан юм. Харамсалтай нь тэр удалгүй ирээдүйн нөхөр нь гэр бүлтэй, тэр ч бүү хэл хүүхэдтэйг мэднэ. Бүх зүйл иймдээ тулсан үед л тэр алдаагаа ухаарав. Эргээд сургуульдаа сурахыг хүссэн ч захирал нь татгалзав. Харин тэр багшийнхаа тусламжтай хичээлээ үргэлжлүүлж, "Оксфорд"-ын Их Сургуулиас Жэнни Меллор таныг хүлээж авахад бид бэлэн байна гэсэн захидлыг хүлээж авна.
Нуршуу ч гэмээр эсвэл асар олон хүний хөдөлмөр, бүтээллийг баллачихав уу ч гэмээр биччихлээ. Уучлаарай.
Ингээд үндсэн санаандаа оръё. Жэнни охин сургуулийн хамгийн шилдэг нь байсан. Тэр бүх л хичээлд "А" авдаг, гайхалтай сурагч байсан. Гэхдээ тэр гайхалтай том алдаа гаргасан. Яагаад? Сургууль түүнд бүхнийг зааж, тэр бүхнийг сурсан шүү дээ. Гэхдээ юуг үлдээчихэж вэ?
Хүмүүс "Амьдралын их сургууль" гэж ярьдаг. Харин Жэнни түүнд сурч чадаагүй байж. Тэр бодит амьдралаас, нийгмээс ангид амьдарч гэртээ, өрөөндөө франц дууны үгээр амьдралыг төсөөлж байжээ. "Оксфорд"-од сурах зорилгоо ч ухамсарлаагүй байж. Хүн сайхан амьдрахын тулд зорилго тавьж түүнийхээ төлөө аливаа үйлийг хийдэг байх. Харин тэр аавынхаа өөрт нь босгосон зорилгын төлөө амьдралаа үрж байж. Энэ л түүний алдаа. Үүнтэй адил залуусын дунд тэвэртэй багтахгүй номноосоо илүүг харж чадахгүй хүмүүс олширчихжээ. Дунд сургуулиа төгсөөд яагаадыг мэдэхгүй бусдын л адил их сургуульд орно гэж бодох, орсон хойноо яагаад сурж байгаагаа ч мэдэхгүй яваад байдаг хүмүүс олон. Тэгвэл нэг удаа ч болов гудамжинд гараад ирээдүйд яаж амьдрах тухайгаа бодоод үзээсэй. Тэгээд түүний төлөө юу хийвэл зохилтойг тунгаавал дээрсэн. Учир нь үүнийг бидэнд сургууль заадаггүй юм.

Энэ жилийн өвөл яагаад ч юм урьд урьдынхаас удаан болоод байгаа юм шиг санагдаад байх юм. Эсвэл би урьд урьдынхаас илүү урин цагийг хүлээгээд байгаа юм болов уу. Ямар ч гэсэн гадаа дулаарвал, ганцаараа ч хамаагүй сурсан зангаараа элдэвийг бодоод л алхах юмсан. Бас хөнгөн, нимгэн хувцасаа ч өмсмөөр юм шиг.

Энэ өвөл урт болоод байгаагийн учир нь дэлхийн дулаарлаас болж хойд мөсөн далайн мөс нь хайлаад түүний хүйтэн агаар хойноос урагшилж байна гэж хаа нэгтээгээс уншсан санагдаж байна. Үүнд бас л бид буруутай байх даа.. Байгаль эхээ хайрлаж харилцаагүйн улмаас, тэр биднээс нүүр буруулжээ. Уг нь хүн эх дэлхийгээ ийм аймшигтай болгох хүчтэй юм чинь, эргээгээд сэргээх хүч баймаар л юм. Гагцхүү тэр хүч нь ганц, нэг эсвэл хэсэг бүлэг биш дэлхий нийтийн бүх хүмүүсийн хүчин чармайлтын л нэгдэл байна байх. Бүгд дор бүртээ хичээх аваас хүсэл, сэтгэлийн минь нэгдэл байгаль эхийг минь анагааж чаднаа.

Би энэ удаад хэн нэгнийг ингэ, тэг гэж ятгахгүй ээ. Учир нь хүн бүр хогоо хаяхгүй байх... тухай мэдэж байгаа. Харин зүгээр л зүрхнийхээ гүн дэхь далай шиг сэтгэлийнхээ өчүүхнийг байгаль эхэд өгөөчээ л гэх байна. Хэрвээ тийм сэтгэл байх л юм бол аяндаа тэр таныг буруу үйл хийх үед тань чөдөрлөх болно.

"This is it" киног үзээд сэтгэл хөдлөв. "Ах"-ыг таалал төгсөхөд ийн бичиж байлаа.

Майкл Жексон. Бидний аав ээжийн үед түүний дууг сонсдоггүй хүн “хүн” биш гэх нь холгүй байсан тухай дурсдаг. Харин одоо Майклыг мэдэхгүй хүнийг бас л “хүн” биш гэх дөхдөг. Тавин нэгэн жилийн өмнө эгэл ажилчин Катерина болон Жозеф Уолтер Жексоны гэр бүлд бяцхан хүү мэндэлж дуу хадаасан нь хожим дэлхий нийтийн чих тавин сонсох гайхамшигт хоолой байсан юм.

Аавынхаа хатуу чанга гар дор өссөн Майкл багаасаа л урлагт дуртай байжээ. Сургууль дээрээ төдийгүй найз нөхдийнхөө дунд үргэлж дуулж, бүжиглэн “Зул сарын баяр”-ын тоглолтод оролцдог байв. Харин 1964 онд ах Жеки, Тито, Мэрлон, Жермейн нарын хамт “Жексоны ахан дүүс” хамтлагаа байгуулснаар 11 настайдаа урлагийн ертөнцөд жинхэнэ ёсоор хөл тавьсан юм. Эхэн үедээ Майкл хамтлагт зөвхөн хөгжим тоглох төдий л үүрэгтэй байв. Гэвч удалгүй Жермейнтэй хамт хамтлагийн гоцлол дуучин болж хамтлагийн нэр ч “Жексон-5” болжээ.

1966 онд ахан дүүс “Motown” нэртэй орон нутгийн уралдаанд оролцов. Хөгжмийн R&B, Soul урсгалын эцэг гэгддэг алдарт дуучин Жеймс Брауны “I Got You” дууг Майкл гоцлон дуулснаар тэд уралдаанд тэргүүлэв. Цаашлаад “Motown” дуу бичлэгийн студитэй хамтран ажиллах болж “I want you back”, “ABC”, “The Love You Save”, “I’ll Be There” зэрэг хит дуугаа гарган Их Британийн “Billboard” жагсаалтад дээд амжилтуудыг тогтоох болжээ. Мөн “Rolling Stones” сэтгүүл түүний тухай нийтлэх болж “Майкл хэдий бяцхан хүүхдийн гонгиносон хоолойтой ч, тайзан дээр алдарт Стиви Уэндор, Рей Чарльз, Жеймс Браунаас дутахааргүй биеэ авч явдаг” хэмээн дүгнэсэн байдаг.

Майкл ганцаарчилсан уран бүтээлээ 1972 оноос туурвиж эхэлжээ. Хамтлагийнхаа бүх дууны үгийг бичдэг байсан түүний “Beat it”, “Billie Jean”, “Scream” дуу MTV хөгжмийн сувгаар цацагдаж африк-америк гаралтай өнгөт арьст залуу дэлхий нийтийг шуугиулах болов. Түүнчлэн дууныхаа клипний бүжгийг өөрөө дэглэж робот болон алдарт “сарны алхаа” нэртэй хөдөлгөөнийг нь залуус дуурайн бүжих болжээ. Тэрбээр 1983 оны гуравдугаар сарын 25-нд “Motown 25: Yesterday, Today, Forever” нэртэй тоглолтонд “Billie Jean” дуугаа дуулж, алдарт бүжгийн хөдөлгөөнөө хийснийг 47 сая хүн үзэв.

Тэр цагаас хойш хөгжим судлаачид Майклыг Элвис Пресли болон Ливерпулын дөрвөл “Битлз”-тэй харьцуулах болсон юм. Үүнээс зургаан жилийн дараа АНУ-ын шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын үеэр нэрт жүжигчин Элизабет Тейлор түүнийг “Попын хаан” хэмээн зарласан нь Майклын хамгаас эрхэм алдар билээ.

Тэрбээр уран бүтээлээ туурвихын зэрэгцээ буяны ажилд ихэд оролцдог байв. 1984 онд түүний эл үйлийг тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган ихэд үнэлэн Цагаан ордонд урьж шагнал гардуулсан удаатай. Түүнчлэн энэ зууны эхэнд Майкл Жексоныг “Хамгийн их буяны ажил хийсэн алдартан”-аар “Гиннес”-ийн номонд мөнхөлжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх дээд амжилтыг бүртгэдэг эл номонд Майкл “Бүх цаг үеийн хамгийн алдартай эрэгтэй дуучин” гэдгээрээ ч багтсан. Мөн 35 дахь “Грэмми”-ийн шагнал гардуулах ёсолоос “Амьд домог” шагналыг “өвөрлөсөн” юм.

Майкл 1993 онд “Опра Уинфригийн телевизийн нэвтрүүлэгт оролцож бага насныхаа тухай дэлгэрэнгүй ярьсан байдаг. Эцгийнхээ чанга хатуу дэглэмд өссөн тэрбээр “Аав бүсээ барьж сандал дээр суугаад л хүүхдүүдээ хардаг байлаа. Биднийг аливаа зүйлийг зөв хийхгүй л бол уйлуулна гэдэг байсан” хэмээжээ. Түүний энэ ярилцлагыг Америк даяар 90 сая гаруй хүн үзсэн бөгөөд телевизийн түүхэнд хамгийн олон хүн үзсэн спортын бус нэвтрүүлэгт тооцогддог.

Харин Майкл хувийн амьдралынхаа талаар тэр бүр ярьдаггүй байжээ. Гэвч “Рок-н-роллын алдрын танхим”-д хоёронтоо нэрээ сийлсэн түүний амьдрал олны нүднээс далд байна гэж үгүй. Тэрбээр алдарт Элвис Преслийн охин Лиза Мэри Преслитэй 1995 онд хуримлажээ. Олон жилийн турш бие биенээ мэддэг байсан ч хоёр жилийн өмнөөс л утсаар харилцах болсон тэд гэрлэх шийдвэрээ ч харилцуурын цаанаас гаргаж байв.

Лиза “Майкл над руу утасдаад хэрвээ би чамайг надтай гэрлээч гэвэл чи зөвшөөрөх үү гэж асуусан” хэмээн дурссан байдаг. Гэвч тэдний гэрлэлт хоёр жилийн л настай байв. Удалгүй “History” хос цомгоороо сонсогчдыг байлдан дагуулж байсан тэрбээр сувилагч бүсгүй Дебора Жеан Роутай гэрлэжээ. Тэд Майкл Жозеф, Парис Майкл Катерина Жексон нэртэй хүү, охинтой болсон ч мөн л богино хугацааны дараа хоёр тийш болов. Гэхдээ Майкл гэрлэж байсан бүсгүйчүүлтэйгээ дотно найз хэвээр үлддэг байжээ.

“Попын хаан” Майкл Жексон 21 настайдаа бүжгийн бэлтгэл хийхдээ санамсаргүй хамраа хугалснаас хойш дөрвөн удаа биедээ мэс хүргэсэн. Үүнээс төрөлхийн хар арьсаа цагаан өнгөтэй болгосон нь хэн бүхний анхаарлыг татаж байв. Түүнийг нэгэн жарныг элээж чадаагүйд нь тэрхүү олон удаагийн хагалгаа нөлөөлсөн байх гэж судлаачид дүгнэж буй. Юутай ч ирэх сараас Англид тоглолтоо хийхээр шаргуу бэлдэж байсан тэрбээр зуурдаар нас барж олон хүний сэтгэлд гуниг төрүүлэв. Түүний ах Жермейн пүрэв гаригийн шөнө Лос Анжелес хотноо орон нутгийн цагаар хоёр цаг 26 минутад “Майкл Жексон таалал төгслөө” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.

Төд удалгүй Майклын мянга мянган шүтэн бишрэгчид эмнэлэг, гудамж талбайд цуглан эмгэнэн гашуудаж эхэлжээ. Долоо настай бяцхан жаал гэрийнх нь үүдэнд цэцэг өргөж буй болон далан настай өвөө хөргийг нь барин алхаж яваа зургийг интернэт хуудсуудад байрлуулжээ. Мөн түүний байгуулсан “Neverland Ranch” хүрээлэнгийн орчимд ч хөл хөдөлгөөн ихтэй буй. Хэ­зээд хүүхдээрээ байдаг үлгэрийн баатар Питер Пэний диваажинг байгуулсан тэрбээр “Би сэтгэлдээ өөрийгөө Питер Пэн гэж төсөөлдөг” хэмээсэн удаатай. Харин одоо тэрбээр тэрхүү үлгэрийн ертөнцдөө тайван амгалан нойрсох буй за.

“Би зургаан настайгаасаа хойш урлагийн ертөнцөд өөрийн чадлаар хүчин зүтгэж явна. Харин хүмүүс надад санаатайгаар муу зүйл хийж, зүрхийг минь шархлуулах гэдэг. Гэвч миний ертөнцөд надад хайртай гэр бүл минь, хэзээд намайг дэмждэг шүтэн бишрэгчид минь бий” -Майкл Жексон /”USA Today” сонин, 2007 он/