Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Сургууль бидэнд юуг заадаггүй вэ?



By  Khulan Jugder     12:04 AM    Labels:, 
"Оскар"-ын шагналд энэ жил 10 кино шилдэгийн төлөө өрсөлдсөнөөрөө онцлог болсон. Тэдний нэг "An Education" киног үзлээ. 1960-аад оны Англид киноны үйл явдал өрнөнө. Гол дүрийн охин Жэнни Меллор сургуулийнхаа хамгийн онц сурлагатан бөгөөд цаашлаад "Оксфорд"-ын Их Сургуульд элсэн суралцах зорилготой байв. Түүнийг мөрөөдөлдөө хүрнэ гэдэгт анд найзууд, багш нар нь итгэлтэй төдийгүй аав нь ч үүнийг нь "тулган шаардах" мэт дэмждэг байв. Гэхдээ үнэндээ тэр нь дэмжлэг биш жинхэнэ тулган шаардалт байжээ. Учир нь Жэнни нэгэн өдөр Девид гэх өөрөөсөө ахимаг залуутай танилцсанаар тэр амьдралыг өөрөөр харах болно. Үнэтэй, тансаг зоогийн газарт хооллож, сонгодог тоглолт үзэж, клубт эгшиглэх жазз хөгжим түүний амьдралын хэмнэлийг нэгэнт өөрчилжээ. Улмаар охин үргэлж хийдэг байсан хичээлээ орхиж, сурлагын дүн нь ч тааруухан болж эхэлнэ. Энэ үед түүний багш Жэннид алдааг нь ойлгуулахыг хичээсэн ч үл тоомсорлов. Түүнчлэн сургуулийн захирал хатагтай ч түүнтэй уулзав. Захирал "...Сургуульд сурах хүнд, уйтгартай ч" гэхэд Жэнни "Тийм ээ. Маш хүнд бас уйтгартай" гээд эмэгтэй хүн яагаад заавал сургуульд сурч эрдмийн зэрэг хүртэх ёстой гэж хэмээн тайлбарлав. Энэ үед тэр аль хэдийнэ сургуулиа орхихоор шийдсэн байлаа. Тэр Девидтэй гэрлэж, хэн ч ярьдаггүй латин хэлний хичээлд дахиж суухгүй гэхээс баярлаж байсан юм. Харамсалтай нь тэр удалгүй ирээдүйн нөхөр нь гэр бүлтэй, тэр ч бүү хэл хүүхэдтэйг мэднэ. Бүх зүйл иймдээ тулсан үед л тэр алдаагаа ухаарав. Эргээд сургуульдаа сурахыг хүссэн ч захирал нь татгалзав. Харин тэр багшийнхаа тусламжтай хичээлээ үргэлжлүүлж, "Оксфорд"-ын Их Сургуулиас Жэнни Меллор таныг хүлээж авахад бид бэлэн байна гэсэн захидлыг хүлээж авна.
Нуршуу ч гэмээр эсвэл асар олон хүний хөдөлмөр, бүтээллийг баллачихав уу ч гэмээр биччихлээ. Уучлаарай.
Ингээд үндсэн санаандаа оръё. Жэнни охин сургуулийн хамгийн шилдэг нь байсан. Тэр бүх л хичээлд "А" авдаг, гайхалтай сурагч байсан. Гэхдээ тэр гайхалтай том алдаа гаргасан. Яагаад? Сургууль түүнд бүхнийг зааж, тэр бүхнийг сурсан шүү дээ. Гэхдээ юуг үлдээчихэж вэ?
Хүмүүс "Амьдралын их сургууль" гэж ярьдаг. Харин Жэнни түүнд сурч чадаагүй байж. Тэр бодит амьдралаас, нийгмээс ангид амьдарч гэртээ, өрөөндөө франц дууны үгээр амьдралыг төсөөлж байжээ. "Оксфорд"-од сурах зорилгоо ч ухамсарлаагүй байж. Хүн сайхан амьдрахын тулд зорилго тавьж түүнийхээ төлөө аливаа үйлийг хийдэг байх. Харин тэр аавынхаа өөрт нь босгосон зорилгын төлөө амьдралаа үрж байж. Энэ л түүний алдаа. Үүнтэй адил залуусын дунд тэвэртэй багтахгүй номноосоо илүүг харж чадахгүй хүмүүс олширчихжээ. Дунд сургуулиа төгсөөд яагаадыг мэдэхгүй бусдын л адил их сургуульд орно гэж бодох, орсон хойноо яагаад сурж байгаагаа ч мэдэхгүй яваад байдаг хүмүүс олон. Тэгвэл нэг удаа ч болов гудамжинд гараад ирээдүйд яаж амьдрах тухайгаа бодоод үзээсэй. Тэгээд түүний төлөө юу хийвэл зохилтойг тунгаавал дээрсэн. Учир нь үүнийг бидэнд сургууль заадаггүй юм.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

1 comment:

  1. Worth watching movie. Nice review. Good luck!

    ReplyDelete