Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

“Лондонгоос Брайтон хүртэл"



By  Khulan Jugder     4:47 PM    Labels:,,,, 
           “Далайг хараад гуниг төрөхгүй бол чамд найдвар алга даа” гэсэн үгийг санаж, дотроо далайн тухай бодол төсөөллөө эргэцүүлсээр галт тэргэнд суув. Нар гарах нь ховор Лондонд хэдэн өдөр цэлмэж, тун ч сайхан байсан боловч энэ өглөө л тэнгэр муухайраад бороо шивэрч эхлэх. Замын туршид ч бүрхэг үүлс нөмрөн бороо аажмаар ширүүсэх агаад цонхоор харвал бүүдгэр манантайд алс ногоон тал, эсвээс уудам эдлэн газрын дүр зураг ээлжлэн эрийнэ. Түм түжигнэж, зэрэгцээ жирийсэн олон намхан байшинтай нийслэлээс гараад энэ бүхнийг харахад цаанаа л тайван.
            Ингээд цаг гаруйхан яваад Брайтоны галт тэрэгний буудалд ирчихэв. Энэ хотын тухай огтхон ч төсөөлөлгүй би өмнөх өдөр нь “Лондоноос Брайтон хүртэл” гэх адал явдалт, триллер кино үзсэн юм. Гэхдээ мэдээж энд эсрэгээр ер бусын намуухан, налгар байдал угтах агаад бодол сарниулах зүйл гэвэл өнөөх л бороо. Гэсэн ч цаг эртийг хэлэх үү, нэгэнтээ л шинэ өглөө гэдэг эрчимлэг санагдах аж. Зам дагаад алхвал гудамжны цаах нь л далайн эрэг харагдах тул шууд л тийш чиглэхэд ойртох тусам салхи ширүүсч, шүхэргүй алхаж явсан би гар дахиа арай ядан дэлгэтэл тэр дороо л эвдэрчихэв. Хэврэг ч эд байж.
            Урьд нь далайд амрахаар, зугаалахаар үдийн наранд, зуны халуунд очиж байсан бол энэ удаад өвлийн хүйтэн, арванхоёрдугаар сарын дунд үед ингээд ирлээ. Эрэг дагуу алхангаа алс, хязгаар нь үл мэдэгдэх зүгт хараа чилээхэд, давалгаалах их усан өлмийд тулан ирэх аж. Чимээ нь ч ер бусын сүрлэг агаад, огтоос гуниг биш харин хүч, эрчим л мэдрэгдэх шиг. Нэгэнтээ энэ их сүр, хүчийн дэргэд хүмүүн бид ямархан өчүүхэн юм дээ гэсэн бодол төрөөд давалгаан дунд завьтай гарлаа гэхэд хэрхэн дайвалзаж, ганхах бол гэж эрхгүй төсөөлөв. Ингээд бодохоор байгаль, дэлхийн омог, сүртэй харьцуулахад хүмүүн бид өөрсдийн бүтээсэн нийгэм гэх бөөгнөрлөөсөө утга учрыг эрэн, тэмцэлддэг нь юутай жижигхэн хийгээд хэврэгхэн юм дээ гээд цааш алхлаа.
            Эрэг дагуу жижигхэн байшингууд уртаас урт гудамж хэлхэн байх нь нэг хэсэгтээ элдвийн кафе, бар аж. Бороонд явсаар хэдийнэ хамаг хувцас норсон тул далай тийш цонхтой нэгэн кафед орсон юм. Модон шал, ширээ, сандлаар тохижуулаад шинэ жилийн мэт өнгийн гэрэл алаглуулсан нь дотно, дулаан санагдав. Үүдээр ормогц алимны дарс санал болгох ч, даарсан би эхлээд халуун кофе барин хоёр давхарт гарлаа. Гэрээс гарахдаа яаран ямар ном цүнхэлснээ ч анзаараагүй тул гаргаад хартал Памукын “Цас”-ыг авчээ. Цасны тухай, цасны аниргүй сайхны тухайгаар өртөөлөх энэ номыг бариад бороотой, далайн хүчирхэг чимээтэй Брайтонд суух. Догь биш гэж үү? Уур амьсгалыг улам чимэглэх нь мөнөөх л инди рок буюу Британи хөгжим. Хааяа нэг Capital Cities, Kings of Convenience явахыг мэдэхээс бусдыг нь хэзээ ч сонсоогүй хэрнээ инди хөгжмийн танил хэмнэл эгшиглэнэ. Нэг их оргилсон хэсэг, эсвэл юу ч үгүй намуухан зүйл үгүй атлаа нэг л хэмнэлээр гитар, бөмбөрийн дуун вокалтай хоршин яваад л байдаг энэ хөгжим нэг л таатай. Ер нь The Kooks-ээс эхлээд Брайтоноос олон хамтлаг төрөн гарсан гэх юм билээ. Басхүү жил бүрийн тавдугаар сард амьд хөгжмийн наадам зохион байгуулдаг нь Эдинбургийн дараа орох Английн хамгийн том фестиваль гэдэг.
            Хэсэг сууж дулаацаад гарч гудамжны нөгөө хэсэгт ирэхэд жижигхэн хаалга бүрийн цаана галлерей ба урлагийн дэлгүүр байх аж. Том биш цөөн хэдэн бүтээл дэлгэсэн бөгөөд зарим нь хэсэг найзууд багын мөрөөдөлдөө хөтлөгдөн галлерей нээснээ бичжээ. Уран бүтээлчид нь нэр алдартай, эсвэл олонд тэгтэл танигдсан нь үгүй хэрнээ энд байгаа зургууд овоо үнэтэй байсныг анзаарсан юм. Энэхэн хооронд манайд л бүтээл тийм хямдаас биш угтаа энэ байгаа үнэ бол ердийн л болохыг харьцуулж үзээд санав. Мөн энд багахан урлангууд хааяа залган оршино. Туурвих хүсэл л байвал урланд ирээд бусадтайгаа хамтраад эсвэл ерөөс тийм нэг бүтээлч орчинд ажиллахад тэр хаалгууд нээлттэй гэжээ.
            Брайтоны эргээс аажмаар алсарсаар бага ч гэлээ энэ хотын төв хэсэгт хэдийнэ ирэв. Томхон цэцэрлэгт театр, сүм, танхим музей гээд бүгд бий. Эндээс хоёр зууны түүхтэй Брайтоны музей ба Уран зургийн галлерей нь хэд, хэдэн танхимтай. Эхлээд ормогц Бирм, Тайландын булан угтаж тэдний талаарх баримтат кино гарч, хувцас хэрэглэлийг өмсөөд үз гэхэд нь Их Британий түүх л үзэх болов уу гэсэн төсөөллийг минь эргүүлэв. Цаашлаад Америк, Европын орнуудын түүхийг өгүүлэх шил, үнэт эдлэлийн үзмэрүүд болоод хүн төрөлхтөний хөсөг, дугуйн, индэр тавцан, тавилгын гээд олон сонирхолтой үзмэр цуглуулжээ. Шалнаас тааз хүртэл, өрөө дагуу олон багана өрж тавьсан гүцийг харвал цайны эх орон гэдгийг нь эрхгүй сануулах агаад хувцас, загварын түүхэн танхимаас поп, рок хөгжмийн нөлөөлөл ба Британи маягийн дэгжирхлийг илхэн харж болно.

            Музейн бэлэг дурсгалын дэлгүүрээс чамин аяга, даавуун цүнх зэргийг сонирхоод гарвал мөсөн гулгуурын талбай угтна. Гэрэлт чимэглэл бүхий моддын цаах нь том, бага гэлтгүй олны шуугиан сонсогдох нь хөгжилтэй. 
            Бөмбөрцгийн нөгөөтэйд өвлийн улиралд өдөр арай л богино, ялангуяа, Англид үргэлжид бүрхэг байдагт ч тэр үү, юу юугүй л гэнэт харуй нөмөрчихдөг нь харамсалтай. Үдээс хойш дөрвөн цаг гэхэд хэдийнэ тас харанхуйд ахин далай тийш чиглэж эрэг дээрх усан онгоцны зогсоолыг зорьсон юм. Мэдээж арванхоёрдугаар сар хэдийнэ гарсан тул “Brighton Pier” үүдэндээ гацуур модоо засаад гэрэлтэнэ. Зогсоол дээрх том талбайг төрөл бүрийн автомат тоглоомын төв эзэлж, гэрэл гэгээ, дуу чимээ болох нь ялахад нэн бэрх тоглоом руу яаж ийгээд татах аж. Харин эндээс холдоод цааш хэсэг явахад шөнийн Брайтоны наах нь алсыг харагч эргэлдэх нь үзэсгэлэнтэй. Тэндээс нэг тал руу хотыг тэр аяар тольдвол сонирхолтой, сэтгэл татам бол нөгөө талд хязгааргүй далай эрчлэн үзэгдэх бөгөөд шөнийн уудамд чимээ нь улам хүчтэй сонсогдох юм билээ.
            Далайг зорьсон өдрийн аялал маань эндээс аяга кофе барин галт тэрэгний буудал зүглэснээр дуусах болов. Амралтын өдөр, оройн цагаар Лондон явах галт тэрэг хүн багатай зорчсоор харь санагдах хотдоо зуурхан хүрээд ирсэн санагдана. Газар газраас ирсэн хэдэн сая хүн үнэндээ хэний ч бууц, хэний ч гэр биш энэхэн орон зайд инээмсэглэл тодруулан алхдаг ч хөндий, хиймэл царайнх нь цаана ямар сэтгэл, ямархан бодрол оршдгийг тааж ядан дунд нь алхсаар. Далай хараад гуниг төрөх биш ер бусын хүчийг мэдэрч, дотроо хэрэндээ баясан өөрийгөө “цэнэглэхийг” хичээн зогссон бол эргээд Лондонд ирэхэд урьдынхаас илүү уйтай санагдаж, маргааш ч үргэлжлэн орох бороотой тэнгэр дор гэр рүүгээ явлаа.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment