Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Сэтгэх эрх чөлөөг түүнд үлдээ



By  Khulan Jugder     11:38 PM    Labels:,, 
    Одоогоос хэдэн сарын өмнө блогтоо Нийгмийн рекламны тухай бичлэг оруулж байсан. Энэ сэдэв сонирхлыг минь татдаг бөгөөд дипломын ажлын минь сэдэв л дээ. Тиймээс энэ талаар мэдээлэл цуглуулж, олон бүтээл үзэж, харахыг хичээдэг юм. Харин энэ сард Монголын реклам бүтээгчдийн холбооноос "Бидэнд ойрхон ирээдүй" нийгмийн сэдэвт рекламны фестивалийг хоёр дахь удаагаа зохион байгуулахад нь оролцож үзэхээр шийдсэн юм. Ангийнхаа найзуудтай ярилцаад  бид хүүхэдтэй холбоотой, тэдэнд тулгамддаг асуудалд олны анхаарлыг хандуулах видео хийхээр боллоо.
   Ингээд миний бодолд хамгийн түрүүнд санаа нь, тэгээд бүр шууд уриа үг маань орж ирсэн. "Сэтгэх эрх чөлөөг түүнд үлдээ" гэж. Бид нийгмийн гишүүдээ бүр багаас нь, хүүхэд байхаас нь "нэг хэвэнд цутгах" гэж хичээдэг юм шиг надад санагддаг юм. Уг нь хүн бүр өөрийн үзэл бодолтой, аливааг харахдаа өөр өөрийн өнцгөөс дүгнэн боддог. Тэр дундаа хүүхдийн сэтгэхүй гэнэн цагаан, бас хамгийн үнэн. Тиймээс тэдний сэтгэлгээнд ямар нэг хориг хязгаар, хүлээс үгүй байдаг. Тэд бодохдоо нар шар өнгөтэй, заримдаа улаан болж харагддаг, тэнгэр уудам цэнхэр ч, заримдаа яагаад хаяа нь улаан байдаг юм бол? гээд олон, олон яагаадыг биднээс асууж заримдаа "Нээрэн юу билээ?" гээд дүүтэйгээ хамт бодох үе надад байдаг. Харин заримдаа томчууд, тэд бүгдийн цагаан "цаасыг" нэг өнгөөр будаад, өөр өнгийн цаастай нэгнийг гадуурхаж, бусдаас онцгойлохчихдог. Тиймээс энэ байдлыг үгүйсгэж, бяцхан хүүхдэд чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг олгооч гэсэн үүднээс энэ видеог хийлээ.
  Гэхдээ маш богино хэмжээний энэ дүрс бичлэгийг хийхэд цаг зав, хөдөлмөр хэр их зарцуулдгыг зарим хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Бид 60 орчим минутын дүрс авч, түүнийгээ эхлээд монтажилахад 1 мин 50 секунд болж байв. Харин уралдааны шаардлагын дагуу 30 секундэд багтаах гэж хичнээн хичээсэн ч, арай л бололгүй 50 секунд болчихлоо. Мөн найруулга, зураг авалт, эвлүүлэг гэхчлэн олон зүйлийг хийхэд мэргэжлийн хүмүүс шаардлагатай байсан ч, сэтгүүл зүйн ангийн оюутнууд бид хэрэндээ л хичээсэн юм.
   Бидний зорилго дээрх уралдаанаас ямар нэг шагнал хүлээх байсангүй. Угаас энд ихэвчлэн мэргэжлийн студи, продакшнууд олонд хүрч байсан бүтээлээрээ өрсөлддөг. Харин бид ямар ч гэсэн рекламны сонгоны ангийн оюутнууд, тэр дундаа миний хувьд энэ чиглэлээр дипломын ажил хийж байгаа тул гараас гарсан бүтээлтэй байхыг хүссэн юм. Юутай ч энэ зорилгодоо хүрсэндээ сэтгэл хангалуун байна.
    Найзууддаа баярлалаа. Оюу, Сувдаа, Сүнжээ, Бүрнээ, Нарка, Хулан.Д, Хашаа.
    Бас мэдээж багш нартаа болон дүүдээ. :-)  

Хулан Жүгдэр

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

4 comments:

  1. Эхлэл хэсгийн нь хасаад хүүхэд шууд зураад эхэлсэн бол богино болж болох байсан юм уу? Хүү өрөөндөө баахан цаасан дээр эрээччихсэн, ээж нь хараад гайхаад, аавд үзүүлээд гэдэг ч юм уу...

    ReplyDelete
  2. Саналаа хуваалцаж байгаад баярлалаа. Тэр гэр бүлийн хэсэг байсан юмаа, харамсалтай нь уртдаад байхаар нь хасчихсан юм. :D

    ReplyDelete
  3. өөхх дажгүй шүү амжилт

    ReplyDelete