Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"Элсэн хот"-оос "аварга гүрвэл"-ийн нутагт хүрэх зуур



By  Khulan Jugder     2:19 AM    Labels: 
Байгаль эхээ халамжлаагүйгээс, бидэнд хатуурхаад байна уу гэлтэй эх орны минь нэлээдгүй хэсэг цөлжиж, хүн ам ундны усаар гачигдаж буй тухай сонсдох болсоор уджээ. Энэ байдлыг энгийн олонд хүргэж, сануулж, сэрээх нь сэтгүүлчдийн үүрэг. Тийм ч учраас жил бүр ирж яваа цагийн уринд, ХИС-ийн Сэтгүүл зүйн III ангийнхан экологийн аялалд явдаг уламжлалтай. Аяллаар Экологийн сэтгүүл зүйн хичээлийн хүрээнд олж авсан мэдлэгээ баталгаажуулахаас гадна ерөөс онолын мэдлэгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжийг олгодог юм. Жил бүрийн оюутнууд бичсэн нийтлэлээрээ өдөр тутмын томоохон сонины уншигчидтай оюутан ахуй цагтаа “уулздаг” нь үүнийг гэрчилнэ. Мөн энэ нь доод курсын бидэндээ урам өгч, бахархах сэтгэгдэл төрүүлж байсан нь саяхан.
Салхи хөлөглөн тунарах “элсэн хотын” байдлыг нүдээр үзэхээр Сэтгүүл зүйн ангийн 10 гаруй оюутнууд бид үзэг, цаасаар “зэвсэглэн”, камераа үүрээд баасан гаригийн галт тэргэнд суусан юм. Зам зуур очоод хийх ажлаа төлөвлөн, элдэвийг хөөрөлдсөөр дараа өдөр нь Замын-Үүд суманд хүрэв. Амралтын өдөр сумын байдал эл, хуль байх аж. Төв гудамжаар ганц, нэг хүн холхин үдийн амгаланд хот налайж байлаа. Иймд бид энд хийх ажлаа хойшлуулж, Эрээн хотыг зорихоор боллоо. Замын-Үүдийн боомт руу очиход зовох юм алга. Бидний ярьж заншсанаар 69 машин өнгө өнгөөр жагсаж, том оврын автобус зорчигчоо хүлээн ярайна. Жолооч нар тал талаас чангаан, эгээ л чирээд, бүр болохгүй бол өргөж аваачаад суулгах нь холгүй. Тэдний “довтолгоон” дунд төөрөлдсөөр өндөр, бор жолоочийг даган 69-д нь суулаа. Хязгаар нь үгүй элсэн талыг гайхан нүдээ хэд эргэлдүүлэх зуур боомтод очив. Хилийн шалган нэвтрүүлэх газар гэхэд хэтэрхий энгийн, магадгүй хоцрогдсон тэр байшинд ёстой л бум бужигнаж, түм түжигнэнэ. Эгээ л сүмогийн дэвжээ адил хэзээний наймаа хийж дадсан эгч нар ёкозүна зангаар бөөрөлхөн, шинэхэн маэгашира оюутнууддаа аялж сурсан багш маань озэки цолтон мэт байв.
Ийнхүү нааш цааш түлхэлдсээр хил давж, “аварга гүрвэл”-ийн нутаг Эрээн хотод хүрлээ. Хагас зууны түүхтэй, зүүн хойноо орших Эрээн нуураар овоглосон энэ хотын хаанаас ч үлэг гүрвэлийн дүрст хөшөө, дурсгалыг харж болно. Төв талбайгаа ч тийн тохижуулсан нь учиртай. Олон улсын амьд бодисын номд хамгийн анх тэмдэглэгдсэн чулуужсан аварга гүрвэлийг эндээс олж нээсэн аж.
Хотын өргөн гудамжийг орчин үеийн загвар, шийдэлтэй өнгөлөг байшингаар эмжжээ. Энэ нь нүүр талхлах өнгөн үзмэр бөгөөд тэдний араар олон оны тоосонд элэгдсэн намхан тагз эрийнэ. Ойр хавиас нь урд зүгийн хоолны эвгүй үнэр ханхийж, хамар цоргих нь жихүүцэм. Түүнчлэн эндээс холдолгүй сүүлийн үеийн загварын “төмөр хүлэг” замаар хурдалж, зогсоолд байх нь үзэгдэнэ. Харин дөхөж очоод үзвэл, бүхнийг дуурайгч хөршүүд маань автомашиныг ч алсаас ялгах аргагүйгээр хийчихэж. Мөд ижий, аавыг минь дуурайлгаад хийх вий.
Эрээний хүүхнүүдэд мода хуучирдаггүй бололтой. Өнгөрсөн жил аялалд явсан ангийнхан таван эмэгтэй тутмын дөрөв нь үсэндээ буржгар химитэй гэлцэж байв. Энэ жил биднийг очиход ч тэр байдал хэвээр, харин ч бүр шинэлэг болж уу гэлтэй буржгар үсээ бүгд шар өнгөөр буджээ. Харин гудамжинд тоглох жаалууд нь шинэ хэлбэрийн скит “хөлөглөн” наадна. Арай балчир нь нэг гартаа угжаа, нөгөө гартаа живхээ барин алхаж байхыг ч харав. Багаасаа бие даана гэдэг л тэр байх.
Нэг өдрийг өнгөрүүлэхэд хотын дотор зүг, чигээ олохтой болж, ерөнхийд нь хаана, юу байгааг мэдэв. Цаасан шувуу тэнгэрт дүүлэх зүгт харвал хотын төв талбай үзэгдэнэ. Хавар болохоор өнгө муутай ч, бут, сөөг олныг тарьсан нь зуны дэлгэр цагт ногоороод гэгээ нэмэх байхдаа гэсэн төсөөлөл буув. Ер нь хотын өргөн гудмын хажуугаар мод, цэцэг тарьж цэцэрлэгжүүлэлт хийсэн нь харагдаж байлаа.
Харин нойтон цасаар үдүүлж, чийгийн үнэрт бороо орсон мэт баярлан Эрээнийг орхиж Замын-Үүдэд иртэл байдал эрс өөр. Галт тэрэгнээс буумагц элсэн ингэсэг нүүрэндээ тавиулж, салхины “хээ” төөрөлдөн, зөрөөд задгайлсан үс дороо сэгсийчихэв. Газар зүй, уур амьсгалын нэг бүсэд хаяа дэрлэн аж төрөх хоёр хотын байдлыг харьцуулах арга ч үгүй. Чухам л энэ байдлыг үзэж, ундных нь усны элсийг мэдэрч, орчных нь байдалтай танилцах бидний зорилго.
Замын-Үүд гэж чулуун хөшөөн дээр бахдалтайгаар сийлэн, хаягласан цэцэрлэгт сургуулийн багачуул тоглож харагдана. Байсхийгээд салхи шууран, шороо босох ч тэд үл ажран наадна. Очоод асуувал Замын-Үүд сумын II сургуулийн сурагчид гэв. Тэд анги, хамт олноороо жил бүр сумандаа мод тарьдаг ч, арчилгаа дутсанаас тэр үү олигтой ургадаггүй аж.
Эндэхийн төв зам дээр машин давхихаас илүүтэй салхи хөлөглөсөн элс л “хурдална”. Хааяа нэг үзэгдэх машинуудын дунд баллонтой ус ачсан тэрэг цөөнгүй байв. Замын-Үүдийн усыг унданд хэрэглэхэд шаардлага хангадаггүй тул иргэд цэвэршүүлсэн ус байнга хэрэглэдэг гэнэ. Ус цэвэршүүлэх үйлдвэр нь хувийн компаниуд бөгөөд бидний албан тасалгаанд хэрэглэдэг 19 литрийн баллонтой усыг бараг л айл бүр өдөрт нэгийг авдаг аж. Уг нь Замын-Үүдэд ус цэвэршүүлэх үйлдвэр барихаар олон жил ярьж буй. Төсөл, хөтөлбөрийн талаар ч сонсогдох нь их ч, тэр бүгд нь цаасан дээр “хэрэгжээд”, албан өрөөнд үр дүнг нь “тооцоод” дуусдаг тухай иргэд хэлж байсан юм. Ер нь энэ ажлыг түргэвчлэхгүй бол шаардлага хангахгүй ус хэрэглэсээр Замын-Үүдийнхэн бүг д элэг, цөсний өвчтэй боллоо гэсэн тэдний саналыг ч бид хальсандаа буулгаж авсан.
Энэ мэтчилэн бид иргэдтэй уулзаж, үйлдвэрийн газруудаар орсоор оройн галт тэрэг хөдлөх болоход гэрээс гарах бүртээ ундууцан алхдаг Улаанбаатарынхаа гудамжийг эрхгүй үгүйлж байв.
Галт тэргэнд суумагц нааш, цааш болоход нь бүүвэйлэгдэн, гурав хоногийн аялалдаа алжаавуу гэлтэй нэг мэдэхэд “давсанд явсан” байлаа. Өглөөний нар нүүрэнд тусч, нүдээ нээмэгц гялбахад аяллын сониноо бид ам уралдан ярилцаж олонд хэрхэн хүргэх тухайгаа бодсоор гэрийн зүг явцгаалаа.
Хэдийгээр чанарын шаардлагыг төгс хангаагүй ч, “Элсэн хот”-оос “аварга гүрвэл”-ийн нутагт хүрэх зуурт авсан дүрс, олсон мэдээллээрээ бид бяцхан сурвалжлага бэлтгэж “C1” телевизийн “Экологийн элч” нэвтрүүлэгт хүргүүлсэн юм. Төд удалгүй, аяны сониноо нөхөддөө ярихаас урьтан эл нэвтрүүлэг эфирт цацагдсанд, явсны үр дүн гарлаа гээд бид ихэд урамшсан. Цаашид ч сургуулийн зүгээс шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, оюутнууд хийх ажлаа сайтар төлөвлөөд явахад “супер” нэвтрүүлэг биш юмаа гэхэд танилын нүүр харсан биднээс хавьгүй илүү чанартай, чансаатай бүтээл төрөх байх гэсэн бодол төрснийг нуух юун.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment