Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"Үхэл л дайны төгсгөлийг үздэг"



By  Khulan Jugder     12:04 AM    Labels: 
"Borthers" буюу "Ах, дүүс" кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийж олны хүртээл болсон билээ. Киног эхлээд үзэхдээ нэрэнд нь хөтлөгдөөд ч юм уу ах, дүүсийн харилцаа, гэр бүлийн сэдвийг тусгаж дээ гэж бодсон. Ер нь ах, дүүс гэдэг утгаар нь л ойлгож байлаа.
Харин хэд хоногийн өмнө ангидаа ярилцаж байгаад энэ кино дайны тухай, түүний хор хохирол хувь хүмүүст, түүнд оролцсон цэргүүдэд хэрхэн мэдрэгдэж буй тухай юм байна гэж бодоод гэртээ ирээд дахин үзлээ. "Хүн аалз" киногоороо үзэгч бидэнд танил болсон жүжигчин Тоби Магуайр уг кинонд ах Сэмийн дүрийг бүтээжээ. Тэр бол аавынхаа төдийгүй гэр бүлийнхээ бахархал, жинхэнэ цэрэг эр. Харин түүний дүү Томми гэмт хэрэг үйлдэж "аав"-ын хаалгыг татааж гарч ирсэн залуу аж. Ах, дүүс олон жилийн дараа уулзаж, гэр бүл ч элэг бүтэн болов. Харин удалгүй Сэм Афганистан руу энхийг сахиулах ажиллагаанд явах зуураа барьцаалагдана. Гэвч холбоо тасарч, ор сураггүй болсон түүнийг нас барсан гэх мэдээг гэр бүлийнхэн нь сонсов. Тэд хичнээн цочирдсон ч "бодит үнэн"-тэй эвлэрч эх орон нь, гэр бүл нь эрэлхэг хүүгээ "оршуулав". Энэ хугацаанд Сэм газар доорх ертөнцөд өдөр хоногийг өнгөрүүлж, хүнд хэцүү эрүү, шүүлтийг давж байв. Цаашлаад хамт барьцаалагдсан нутаг нэгтнээ аргагүйн эрхэнд өөрийн гараар хөнөөжээ. Хатуу, бэрх бүхнийг үзсэн түүнийг нэг л өдөр аварна гэдэгт тэр итгэж байв. Найдвар нь биелж Сэм гэртээ ирлээ. Эхнэрээ, хоёр бяцхан охиноо, ээж, аавыгаа болон ганц дүү Томмигоо тэврээд тэр харив. Гэвч хүйтэн, хөндий болсон түүнийг цаг, хором бүрт эхнэрээ дүү Томмитой хардах бодол төдийгүй, нутаг нэгт Жоег өөрийн гараар хөнөөсөн тухай бодол тарчлааж байв. Энэ бодол нь сүүлдээ түүнийг сэтгэцийн өвчтэй болоход хүргэв.
Киноны төгсгөлд Сэм "Зөвхөн үхэл л дайны төгсгөлийг хардаг байх. Би тэр төгсгөлийг үзсэн. Гэхдээ би дахиад "амьдарч" чадах болов уу?" гэв. Энэ бол дайны үр дүн. Мянга, мянган цэрэг "эх орныхоо төлөө" дайнд оролцоод эсэн мэнд эргэж ирлээ ч тэдний сэтгэлд тэр аймшигт өдрүүд үүрд үргэлжилсээр байдаг аж. Хэдийгээр АНУ дайнд оролцсон цэргүүдээ сэтгэл зүйн эмчилгээнд хамруулдаг ч, 14 хоногийн энэ эмчилгээ буун дуу, бөмбөг дэлбэрэх чичиргээн, цус урсгасан тулаан, анд нөхдөө алдах сэтгэлийн шархыг тэдний зүрхнээс авч чаддаггүй нь тодорхой...

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

1 comment:

  1. Сэтгэл шимширтэл бичжээ, энэ киног үзээд уйлах дөхсөн шүү

    ReplyDelete