Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Нора Дагва: Модель хүний гол чадвар нь мэдрэмжтэй байх



By  Khulan Jugder     1:34 AM    Labels:,, 
      Alpha.mn -ий найзууддаа тусалж загвар өмсөгч Д.Оюунномин буюу Nora Dagva-тай ярилцсан юм. Сэтгэлээсээ хийгээд ухаалаг ярих Норатай уулзсаны дараа түүнээс ирэх эрчимд автах шиг болж бидэнд ямар ч саад, бэрхшээл тохиолдсон даваад гарах чадвар дотор минь бий гэж итгэх болов. Тэр тийм л эрч хүчээр барууны өрсөлдөөнт, тулаант ертөнцийг цойлж "Chanel", "Hermes"-ийн гээд бүхий л алдартай шоуны тайзнаа алхжээ. Гэхдээ түүний амжилтыг алдартны урласан хувцасыг өмсч, олны урдуур алхсанаар биш тэр бүгдээс олж авсан туршлагаас эрэх нь зүйтэй болов уу. 

-Дөнгөж оролцоод ирсэн зураг авалтынхаа тухай сонирхуулаач?
-Хөвсгөл аймагт очиж, хадан дээр, усан дотор гээд мэргэжлийн ур чадвар их шаардсан зураг авалтуудад оролцлоо.
-Урьд нь байгалийн  зураг авалтад оролцож байсан уу?
-Тийм ээ, гэхдээ эх орондоо, монгол нутагтаа бол авахуулж байсангүй. Гадаадад бол бүх зүйл бэлэн, машин тэрэг нь тоноглогдчихсон байдаг. Харин энд бол маш том сорилт байлаа гэхэд ч болно. Энэ нь зураг авалтын багийнханд ч, миний хувьд ч гээд аль аль талдаа сургамжтай, туршлагатай зүйл боллоо.
-Зураг авалтын хажуугаар мэдээж байгалийн сайханд аялсан байх.
-Тэгэлгүй яахав. (Дуу алдав) Хөвсгөл далай ямар гоё цэнгэг, агаар нь хүртэл амьсгалахад хичнээн сайхан гээч. Далайд зураг авахуулахад бага зэрэг салхитай, хүйтэн байсан. Гэхдээ энэ аялал үнэхэр гайхалтай байлаа.
-Монголд энэ зураг авалтанд оролцохоор ирсэн үү? Өөр ажил байв уу?
-Миний ирсэн гол зорилго бол Хөвсгөл явах л байлаа. Яг одоогийн байдлаар нэгэн шинэ каталогийн зураг авалтад орох гээд бэлдээд сууж байна. Долдугаар сарын 10-нд эх орондоо ирсэн, 10 гаруй хоноод л буцаж байна даа.
-Энэ сард таныг Хонг Конгийн загварын шоунд оролцно гэж сонссон юм байна.
-Би тавдугаар сард Миланаас Сингапурт ирсэн юм. Тэнд нэг шоунд оролцоод ирсэн. Дараа нь Хонг Конг дахь “Elle сэтгүүлийн зураг авалтанд орсон. Мөн “Vidal салоны загварын шоунд оролцсон. Сонирхолтой нь, энэ үеэр урт үсээ тайруулж богиносгосон. Миний үс ширхэг нь нарийн учраас янзлахад тохиромжтой гээд надад санал тавьсан юм. Гэхдээ үнийн тал дээр нэлээд зөрөлдсөний эцэст, тохиролцоод тайруулсан даа. Хүн үсээ засуулах гэж үсчинд мөнгө төлдөг бол, би мөнгө авч үсээ тайруулсан. (инээв)
-Нууц биш бол тохиролцоо хэд байв?
-Таван мянган доллар байсан.
-Үсээ гэнэт өөрчлөөд ямар санагдаж байна?
-Зохихгүй байгаа юм шиг эвгүй байсан шүү. Мөн үсний засалтаа дагаад хүний хувцаслах хэв маяг өөрчлөгдөнө. Эхэндээ яах учраа олохгүй байсан, одоо бол тоохоо ч болилоо.
-Монголд загвар өмсч байсан тухайгаа яриач.
-Би Дархан хотод анх “Үнсгэлжин” наадамд оролцож байсан юм. Мөн сүүлд “Гоёл” наадамд оролцох болсон. Гэхдээ яг модель болоод байнга загвар өмсч байгаагүй. Жилдээ нэг “Гоёл” наадамд оролцоод явдаг байсан.
-Тэгэхээр олон жилийн дараа эргээд энэ ертөнцөд ирэхэд ямар санагдаж байна?
-Намайг явах үед буюу 2004 оны үед олон агентлаг байгаагүй, зураг авалт өнөөдрийнх шиг хөгжөөгүй байсан. Харин одоо бол шинэ зүйл хийх гэсэн, хүсэл тэмүүлэлтэй залуус маш их байна. Сая Хөвсгөл явахад бүр их мэдэрлээ. Дизайнерууд гоё хувцас хийсэн, зурагчид нь ажлаа сайн мэддэг. Мөн сүүлийн үед олон сэтгүүлүүд гардаг болсноор, ковер зурганд ач холбогдол өгдөг, моделиудаа үнэлдэг болсон санагдлаа. Ер нь энэ жил арваннэгдүгээр сар хүртэл Монголдоо ирэн, очин байхаар төлөвлөсөн.
-Тэр хугацаанд юу хийх вэ?
-Удахгүй “Алтай Кашмер” компанийн шоу болно. Түүний зохион байгуулалтын талд ажиллана байх. Итали загвар зохион бүтээгч, гадаад загвар өмсөгчид оролцсон манайдаа шинэлэг шоу хийхээр зорьж байгаа.
-Ер нь гадаад, монгол загвар өмсөгчдийн ялгаа хэр байдаг вэ? Мэдээж өөр, өөрийн төрөлх шинж чанараар ялгагдах нь гарцаагүй. Үүнээс гадна ур чадвар гэхчлэн тодорхой зүйлсээр давуу болон сул талууд бий байх.
-Тийм ээ. Жишээ нь, манайд гудамжаар явж байхад ямар нэг агентлагийн хүн ирээд өөрийг тань модель болгоё гээд санал тавих, сарын дараа Парист ч юм уу өөр улст загвар өмсүүлэх гэхчлэн боломж байхгүй шүү дээ. Бид үнэхээр өөрсдөө дуртай даа, өөрөөр хэлбэл “бор зүрхээрээ” гэдэгчлэн ажилладаг. Тэгвэл гаднын орнуудад залуу охидыг маш их сонирхож, шинээр нээж илрүүлдэг. Учир нь, загвар өмсөгч гэдэг ойлголт тэнд утгаараа, өндөр хэмжээнд хөгжсөн. Бидний хувьд ч ур чадвараа дээшлүүлэх бололцоо ихтэй. Шинээр гарч ирээд л туршлагатай моделиудтай өрсөлдөж эхэлдэг. Залуу тусмаа шинэ дүр төрх гээд хүчтэй, үнэ цэнэтэй байдаг. Харин манайд энэ байдал эсрэгээрээ шүү дээ. Заавал нэг туршлагатай, “гуншин”-тай болсноор өрсөлдөөнд ордог.
-Модель хүний ур чадвар гэж яг юу вэ?
-Модель, түүний ур чадвар гэдэг бол мэдрэмж шүү дээ. Хүний хүссэнийг өгнө гэдэг хэцүү. Дизайнер хүн хувцасаараа юу илэрхийлэхийг зорьсон, түүнийг гаргана гэдэг мэдрэмжийн асуудал. Мөн моделийн амьдрал үргэлж өрсөлдөөн дунд байдаг. Эндээс хүн маш их зүйлд суралцна. Ямар нэг шоуны шалгаруулалт болоход 50 модель ирээд хоёр нь шалгардаг. Нүүрэн дээр жижиг өө бий болох, багахан таргалсны төлөө хасах гэхчлэн хэцүү. Хүн эндээс нэг удаа, хоёр удаа хасагдлаа ч, гурав дахь удаагаа хасагдахгүй хүсэхгүй.
-Таны хувьд ямар чиглэлээр загвар өмсдөг вэ?
-Моделиудын type буюу төрөл гэж бий. Би өндөр, туранхай учраас high fashion талдаа тохиромжтой гэгддэг. Мөн бэлэн хувцас түлхүү өмсдөг, учир нь би жишээ нь, бикини модель биш шүү дээ.
-Монголд загвар өмсөөд амьдрахад хэр гэж бодож байна?
-Манайд үнэлэмж бага учраас хэцүү. Өөрийнхөө хувьд бол, зөвхөн загвар өмсөөд амьдарна гэж бодож ёстой чадахгүй. Харин үүний зэрэгцээ стилист хийх сонирхолтой. Мөн гадаадад мэргэжлийн шоунд оролцож олон жил ажилласан, энэ хугацаанд багагүй зүйлийг анзаарч, сурч авсан. Тийм болохоор шоуны зохион байгуулалт, мэргэжлийн талаас нь санаа, оноо гаргах талаар ажиллах бодол байна.
-Монголд ирээд гудамжаар явахад залуусын хувцаслалтын талаар ажиглав уу?
-Тийм ээ. Манайхан үнэхээр мэдрэмжтэй хувцасладаг санагддаг шүү. Гаднын ямар ч хүмүүсээс илүү зохицуулаад, өөрийн гэсэн илэрхийлэлтэй сонгодог юм шиг. Бас манайд том брэндүүдийн дэлгүүр, тансаг плаза байхгүй ч, залуус заримдаа хаанаас авдаг юм болоо гэмээр гоё хувцасыг, донжтой гэгч өмссөн байдаг. Тэгэхээр ерөөсөө сайхан хувцаслана гэдэг үнэтэй, чамин хувцас өмсөхөд биш юуг, юутай хэрхэн тохируулж өмсөх вэ гэдгийг л хэлээд байгаа юм.

Д.Оюунномин

Өндөр: 180 см
Үсний өнгө: Бор
Байгалийн үзэсгэлэнг юунаас мэдэрдэг вэ? –Сайхан үнэрээс. Уул, ус, агаарын сайханд гараад амьсгалахад гайхалтай
Дэлхийн орнуудаар явахад юуг нь заавал үзэх юмсан гэж боддог вэ? –Энгийн амьдралын орчин хамгийн сонирхолтой гэж боддог. Хүмүүс хойч үедээ юм үлдээх гэж л амьдардаг юм уу даа. Сая Грект очлоо, 4000 жилийн түүхтэй эд зүйлс, соёл байна. Өнөө, маргаашийн гоёл зүүсгэлээс илүү нэр, утга, соёл үлдсэн нь бахдам. 
Хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач. – Бага байхад гэр бүлээрээ үргэлж хамт, ширээгээ тойрч суугаад гурилтай шөлөө идээд суух үеэ дурсдаг. Одоо эгч нар маань бүгд өөр, өөрийн ажилтай халуун ам бүлээрээ цуглах нь ховор болж дээ.
Хамгийн их шүүмжлүүлдэг зүйл юу вэ? –Нуруун дээрээ их том шивээстэй. Сингапурт эгчийгээ хийлгэхэд сэтгэл хөдлөөд, ямар нэг зүйл заавал шивүүлмээр санагдсан юм. Одоо түүнээсээ болж дизайнеруудаас шүүмж сонсох нь их шүү.
Үргэлж боддог сайхан үг юу вэ? – Олон хүн янз бүрийн л зүйл хэлнэ. Тэр бүрээс ээжийн минь үгс дотно санагдана, надаар бахархаж байдаг нь сайхан. Мөн Фейсбүкээр хүмүүс их гоё зүйлс бичдэг. Байнга ийш, тийшээ явах үед ганцаардана, монголоор удаан ярихгүй эвгүй. Хэдийгээр бүгдэд нь хариулж чадахгүй ч, тийм урмын үгс уншаад сэргэх шиг болдог. 


/Зурагтай нэмэлт хэсгийг Alpha.mn-ээс үзэж болно./

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment