Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Хэвлэлийн эрх чөлөө хаанаас эхэлдэг вэ?



By  Khulan Jugder     12:19 AM    Labels:, 

      Өнөөдөр "Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд" гэсэн үгтэй мессежээр өглөөг угтлаа. Цааш олон хүн мэнд хүргэснээр, энэ тухай бодол толгойд хэсэг эргэлдэв. "Эрх чөлөө" гэх сүржин үг эгэл надад чухам хэрхэн нөлөөлж байгаа бол гээд л. Тэгээд хэвлэлийн эрх чөлөө хаанаас эхэлдэг вэ? гэдэгт хариулт олох гэж жаал бэдэрснээ сэтгэгдэл төдий хуваалцаж байна. 

  Миний хувьд, сэтгүүлч Лунтангийн Болормаагийн "Эрх чөлөө гэдэг нь мэдээллийн хязгааргүй орон зайд чөлөөтэй ажиллаж чадах сэтгүүлчийн өндөр чадамж юм" гэсэн үг их зөв санагддаг. Өөрсдөө чадваргүй, мэдээлэл олж аваад түүнийгээ боловсруулж, зөв задлан шинжилж чадалгүй алдаа гаргах тохиолдол байдаг нь саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн адил мэт. Мэдээллийн технологийн хөгжил асар хурдтай болсон энэ үед сэтгүүлч зөвхөн үзэг цаас, микрофоноор “зэвсэглэхийн” зэрэгцээ олон талын чадвартай, өөрийгөө хөгжүүлж байхыг шаардаж байна. Ялангуяа, иргэний сэтгүүл зүй эрчээ авч хүн бүр хүссэн газраа, боломжит бүх хэлбэрээр мэдээлэл түгээх боломжтой болсон тул мэргэжлийн сэтгүүлчийн бүтээл илүү өгөөжтэй, чанартай байх хэрэгтэй болжээ. Олон нийт Твиттер, Фейсбүүк зэргийг ашиглан мэдээллийг шуурхай түгээж буйгаа сэтгүүлчийн үйл ажиллагаа ирээдүйд хэрэггүй болно гэхчлэн ярих болсон. Тэгвэл сэтгүүлч бидний мэдээлэл үйл явдал “боллоо” төдий биш 5W, 1H-ийн дагуу буюу юу, хэзээ, хаана, хэн гэдгээс гадна хэрхэн, яаж гэсэн асуултуудад хариулт өгсөн байдгаараа онцлог билээ. Энэ нь сэтгүүлчийн мэдээлэл энгийн иргэдийнхээс боловсруулсан байдлаараа ялгаатай байхыг хэлж байгаа юм. Цаашлаад түүнийгээ хурдан, ойлгомжтой хүргэхэд суралцах нь өнөөгийн нийгмийн гол шаардлага болоод буй.
       Мөн сэтгүүлчдийн ёс зүйн талаар ярьсаар ирсэн, энэ өдөр болдог олон хурал, цуглааны чухал сэдвийн нэг байсаар буй. Мэдээлэл олж авах үйл ажиллагааг харилцаагүйгээр төсөөлөх аргагүй. Эрх чөлөө шаардахаас өмнө бид харилцааны явцад бусдын эрхэнд бас халдаж байгаагаа мэддэггүй нь харамсалтай. Ёс зүй, хэм хэмжээ нийгмийн харилцааны гол түлхүүр нь байх. Саяхан “Гоодаль” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ц.Амгалантай уулзахад “Манай сэтгүүлчид өөрсдийгөө нийгмийг эрүүлжүүлэгч, идээ бээрийг нь шахагч гэдэг. Гэтэл идээг нь шахсан бол түүнийг эдгээхийн тулд цаашид ч анхаарч эмчлэх хэрэгтэй байдаг бол сэтгүүлчид шахаж орхичихоод яваад өгдөг. Энэ нь эрүүлжүүлэх биш, улам өвчлүүлчихдэг” гэсэнтэй санал нэг байна. Нэг ёсондоо өнөөгийн хэвлэл, мэдээлэлд ихээхэн дутагддаг аливаа асуудлыг хөндөөд эргэн сурвалжлахыг хэлж буй. Хэн нэгний бузар, булхайг гайхан дэлгэчихээд цааш хэрхэхийг хэнд үлдээж орхидог нь үл мэдэг. Хэдийгээр түүнийг шийдэх нь бидний үүрэг биш ч, сэтгүүл зүйн сайн нийтлэл аливаа асуудлыг ул суурьтайгаар авч үзэн, учир шалтгааныг тайлж, гарах арга замыг заах юм гэж сургасаар ирсэн. Ийм байдал  өнөөгийн нөхцөлд хамгийн их үгүйлэгдэж байна.
     Нөгөө талаас эмч хүн өвчтөнөө аль болох бага өвтгөхийг хичээдэг байлгүй. Харин сэтгүүлч бид илчлэн, шүүмжилж байна гээд эрээ, цээргүй асууж, хэм хэмжээгүй гутаан, доромжилчихдог тал бий. Гаднын сэтгүүл зүйн түүхэнд хууль зөрчин байж эрэн сурвалжлага хийгээд амжилт олсон тохиолдол бий. Гэхдээ тийм “агуу үйл”-ийг өдөр тутмын үйл ажиллагааныхаа мөрдлөг болгоод дуртай хүнээ дайрч давшлаад, хувь хүний нууцыг ярилцлага нэрээр ухаад байх нь зохисгүй санагддаг юм.
      Ямартай ч, хэвлэлийн эрх чөлөө гэж бусдаас нэхэхээс урьтаад бид өөрсдөө сэтгүүлч гэдэг нэрээ баталгаажуулж, мэргэжлийнхээ үнэ цэнийг хамгаалахгүй бол бидний эрхийн төлөө санаа зовних олон нийтийн хандлага улам бүр буураад байх шиг. Тийм болохоор хамгийн түрүүнд өөрийгөө хөгжүүлэх, хувь хүний хувьд боловсрохоос эхлэн, цаашлаад сэтгүүлчийн, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай ярих нь зүйтэй байх.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment