Холливуд гэх дэлхийн кино урлагийн оргил төвд жил бүр уран бүтээлчид шилдгээ шалгаруулан "Алтан бөмбөрцөг" цом гардуулдаг билээ. 1944 оноос эхтэй уг үйл ажиллагаа өдгөө 68 дахь удаагаа Калифорнийн Беверли Хиллст боллоо. Хэдийгээр алс Америкт энэ явдал болсон ч, цахим ертөнцийн ачаар та бид энэ тухай мэдээллийг нүдээр үзсэн мэт хүлээн авч буй нь таатай.
Энэ жил шилдэг киноны төрөлд өрсөлдөөн ширүүхэн байсан болов уу. Black Swan, The Fighter, Inception, The King's Speech, The Social Network гээд кино сонирхогчдыг байлдан дагуулсан эдгээр уран бүтээлээс дэлхийг хэрсэн олон нийтийн сүлжээ хуудас Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергийн тухай "The Social Network" кино тэргүүлжээ. Энэ кино нийт 6 төрөлд нэр дэвшсэнээс "Шилдэг киноны дуу", "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зохиол"-ын шагналыг хүртсэн юм.
Шилдэг мюзикл болон инээдмийн киногоор "The Kids Are All Right" шалгарав. Ижил хүйстэн хос бүсгүйн гэр бүлийн амьдралын тухай харуулсан энэ киноны санаа гайхалтай байсан. Түүнчлэн үйл явдлын сонирхолтой өрнөлөөр энгийн үзэгчдэд ижил хүйстнүүдийн талаар зөв ойлголт өгөхөөр бүтээл болсон. Мөн киноны гол дүр Никийн дүрийг бүтээсэн Аннет Бенинг "Мюзикл, инээдмийн киноны шилдэг жүжигчин"-ээр тодорсон юм.
Тэгвэл бидний мэдэхээр тайзнаа уран гоёор дүүлэн, бүждэг хунгийн дүрийг дэлгэцэнд амилуулсан жүжигчин Натали Портман шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарчээ. Тэрбээр "Black Swan" (Хар хун) сэтгэл зүйн триллер бүтээлд тоглосноор өөрийн уран бүтээлийн замналдаа нэгэн шат ахиулсныг судлаач, шүүмжлэгчид хэлж буй. "Хар хун" нийт 4 төрөлд нэр дэвшсэнээс, уран бүтээлчид Натали Портманы цомоор хоосон хоцрох аюулаас аврагджээ. Гэсэн ч эл киног "Оскар"-т хүчтэй өрсөлдөх болно гэлцэж байгаа билээ.
Английн нэрт зохиолч Жейн Остины зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Pride and Prejudice" киноны ноён Дарси болон Брижет Жонсын дурлалт залуугийн дүрээр бидэнд танил болсон английн жүжигчин Колин Фёрт "The King's Speech" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй жүжигчин" болов. Нээлтээ хийгээд сар гаруй болж буй энэ кино хамгийн олон буюу нийт 7 төрөлд өрсөлдсөн юм.
Шилдэг гадаад киногоор данийн уран бүтээлчдийн "In A Better World" шалгарчээ. Энэ бүтээлийн найруулагч Томас Иенсен 1998 онд "Оскар"-ын шагнал хүртэж байсан бол, зохиолч Сусанне Биер нь "After the Wedding" киногоор 2006 онд Академийн шагналд өрсөлдөж байжээ. Шилдэг хүүхэлдэйн киногоор Диснейн бүтээл "Toy Story 3" шалгарсан. Өгүүлэмжийн хувьд сонирхолтой бөгөөд, 3D технологиор бүтээсэн хүүхэлдэйн кино шүүмжлэгчдээс ч 8,8 гэсэн өндөр үнэлгээ авсан билээ.
"Алтан бөмбөрцөг" наадмын онцлог нь зөвхөн уран сайхны киноны шилдгүүд бус телевизийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулах юм. Телевизийн шилдэг цувралаар "HBO"-ийн "Broadwalk Empire" шалгарсан бол шилдэг мюзикл инээдмийн цувралаар бидний сайн мэдэх "Glee" шагналын эзэн болжээ. Тэдний cover хийж дуулсан олон тракууд цахим ертөнцөөр сонсогчдыг татаж буй.
Аливаа шагнал гардуулах ёслол, арга хэмжээг хов жив дагахгүй байна гэж үгүй. Энэ жилийн хувьд Жони Депп, Анжелина Жоли нарын тоглосон "The Tourist" гурван төрөлд өрсөлдсөн. Гэвч кино шүүмжлэгчдээс таагүй үнэлгээ аваад буй энэ бүтээл триллер ангиллаар нээлтээ хийсэн ч, "Алтан бөмбөрцөг"-т "Шилдэг мюзикл, инээдмийн кино" төрөлд нэр дэвшсэнд олон нийт дургүйлхэж байв. Мөн шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд "Alice in Wonderland", "The Tourist" гээд хоёр киногоор өрсөлдсөн Жони Депп шагналгүй хоцорсон нь харамсалтай.
Saihan medeelel bna! Bayarlalaa =)
ReplyDeleteЦаг зав гарган уншаад, бас сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. :-)
ReplyDeleteсүүлийн жлээ гийн дуу ямар гоёийн. Чиний блог гоё юма
ReplyDeleteБаярлалаа. :-)
ReplyDelete